Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын иргэдийг эх оронд нь шилжүүлэв

Монгол Улс, ОХУ-тай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээний хүрээнд Монгол Улсад ял эдэлж байсан гурван иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь шилжүүлэн эдлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Орос улсын холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх ажиллагааг өчигдөр Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан талаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Монголын сайхан бичигтэн” уралдаан зарлалаа

“Хүмүүн бичиг” сониноос уламжлан зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 18 дахь жилдээ болох гэж байна. Тус уралдаанд 1-7 анги, 8-11 дүгээр анги, 12 дугаар ангийн сурагчид болон мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид оролцох боломжтой юм. Мөн уран бичлэг, уран бүтээлийн төрлүүд байгаа аж. Уралдааны материалыг аравдугаар сарын нэгнээс арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм байна.

Уралдааны дүн 2015 оны нэгдүгээр сард гарч, байр эзэлсэн оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд шагналыг гардуулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн гурван оролцогчийг хилийн чанадад аялуулах, төгсөх ангийн дөрвөн сурагчийг Засгийн газрын зуун хувийн тэтгэлэгтэйгээр МУИС, МУБИС-д монгол хэл, эх бичиг судлалын мэргэжлээр суралцуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Аглаг бүтээлийн сүм”-д амралтын өдрөөр аялав

“Аглаг бүтээлийн сүм” нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Далийн аманд байршилтай. Бурханч лам Г.Пүрэвбат шавийн хамт 2008 онд шавыг нь тавьж 2012 оноос ашиглалтанд оруулжээ. Байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц бүхий газарт бүтээн байгуулагдсан шинэ үеийн Монгол сүмийн төлөөлөл аж.

Эргэн тойрон дахь уул ус, мод, хадны тогтоц нь хүний сэтгэл татахуйц, өвөрмөц тогтоцтой. Цэвэр агаар, цэнгэг устай горхи хоржигнож хүн амьтны сэтгэл тэнийсэн сайхан газар.
Нарсан ойн модод нь шулуухан, өндөр. Газрыг амралтын өдрүүдэд зорин ирэх зочдын хөл тасрахгүй. Хад чулуун тогтоц дээр элдэв амьтны дүрс, бурхан шүтээн сийлснээс гадна өвөрмөц үзмэртэй музей бас бий. Тус музейд нь Далийн амны уул усны эзэн савдгийн дүрс бүхий баримлууд, Монгол орноос олдсон ан амьтны содон гоц үзмэрүүд бий. Жишээ нь 5 толгойтой загас, нэг эвэртэй морь, янгир, угалзны толгой, эвэртэй туулайн чихмэл , 4 эвэртэй хонины арьс зэрэг содон сонин үзмэрүүд бий.
Ингээд Аглаг бүтээлийн хийдээс хийсэн гэрэл зургийн сурвалжлагаа хүргэе.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ нийгэм

Массачусетсийн эрдэмтэд Монголд долоо хоног ажиллана

БШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Массачусетсийн технологийн институтийн профессорууд Монголд иржээ. Манай улс дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилт тавьсан. Энэ хүрээнд салбарын сайд Харвард болон Стэнфорд технологийн сургуультай хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Уг бүрэлдэхүүнд Массачусетсийн технологийн институтийн хот төлөвлөлтөөр мэргэшсэн судлаач, механик инженер болон менежментийн шинжлэх ухааны профессор, судлаач, гадаад харилцаа хариуцсан захирал Бернд Виддиг тэргүүтэй хүмүүс багтжээ. Тэд Монголд долоо хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд Монголын их, дээд сургуулийн профессоруудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцана.

Categories
мэдээ нийгэм

Автомашины гаалийн бүрдүүлэлтийг шинэчилжээ

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийг цахимжуулах ажлын хүрээнд импортын автомашины гаалийн бүрдүүлэлтэд шинэчлэл хийжээ. Тодруулбал, суудлын автомашины “Лавлах сан” үүсгэн, барааны бичиглэлийг ижил болгосон байна. Ингэснээр урьд нь импортоор оруулж ирсэн автомашины гаднах үзэмж, маркаар ангилан бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо JX, VX, бензин ба дизель хөдөлгүүртэй, автомат ба механик хроптой, дугуйны хэмжээ ямар байх зэргээр нарийвчлан ялгадаг болжээ.

Мөн импортын автомашины интернэт сүлжээн дэх үнийн судалгааг хийж, 14 мянга 500 орчим автомашины дундаж үнийг тодорхойлон программд оруулсан байна. Ингэснээр импортын автомашины гаалийн бүрдүүлэлт дан ганц цахим системээр буюу импортлогч этгээд автомашиныхаа бүхий л үзүүлэлтийг электрон дэлгэцэн дээр сонгон бүрдүүлэлтээ тайлагнах юм байна.

Categories
мэдээ нийгэм

2.3 кг мансууруулах өвс хураажээ

Залуус мансууруулах төрлийн өвс ургамлыг хууль бусаар худалдах, хадгалах тохиолдол тасрахгүй байна. Цагдаагийнхан уржигдар биедээ болон гэртээ энэ төрлийн ургамал хадгалсан залууг саатуулжээ.

Сүхбаатар дүүргийн харьяат 24 настай Б гэх залуу хурц үнэртэй, ногоон өнгийн мансууруулах төрлийн ургамал биедээ авч явсан байна. Түүний гэрээс 2.3 кг мансууруулах төрлийн ургамал хураан авсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нэн хөөрхийлөлттэй дэрэвгэр жиргэрүү

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон баг, Сант, Орхонтуул гэх сумдуудаар эрэвгэр жирэвгэр гэдэг ургамал ургадаг аж. Түүнийг эм хийхэд ашиглах зориулалтаар БОНХЯ-ны зөвшөөрөлтэйгээр иргэд, аж ахуй нэгж ирж түүдэг болсон талаар нутгийн иргэд бидэнд мэдээлсэн. Хэдийгээр зөвшөөрөлтэй ч гэсэн ингэж их түүх нь тухайн ургамлын нөөц хомсдох, цаашилбал газрын хөрс сийрэгжин доройтолд өртөж, цөлжиж болзошгүй сөрөг үр дагавар үүсгэж, байгаль экологид харшилж байна гэсэн үүднээс малчид, нутгийн ард иргэд эсэргүүцэж, цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавьдаг байна.

Цагдаагийн байгууллагынхан газар дээр нь очиж шалгаж үзэхэд урдаас нь БОНХЯ-ны зөвшөөрлийн бичиг харуулдаг тул яаж ч чадахгүйд хүрдэг аж. БОНХЯ-наас энэ жил эмийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, тарималжуулах зориулалтаар 75 тн дэрэвгэр жиргэрүүг Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаас түүх зөвшөөрөл олгосон юм байна. Уг ургамал нь газар тариалангийн бүсэд түлхүү ургадаг аж. 2012-2013 онд нэг ч аж ахуйн нэгжид уг ургамлын үндсийг түүх зөвшөөрөл олгоогүй юм билээ. Гэвч хууль бусаар түүж байсан 10 гаруй тохиолдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан илрүүлсэн ч прокурорын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ.

-ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭН ТҮҮСЭН БАЙЖЭЭ-

Өнгөрсөн долоо хоногт энэ ургамлын 5.8 тонн үндсийг нийслэл рүү хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. Энэ онд БОНХЯ-наас Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас дэрэвгэр, жиргэрүү бэлтгэн тээвэрлэх зөвшөөрлийг таван байгууллагад өгчээ. Тэд нийт 20 тонн үндэс түүх зөвшөөрөлтэй аж. Харин дээрх таван компанийн нэг нь зөвшөөрсөн хэмжээнээс илүүг хувиараа ачиж яваад ийнхүү баригджээ. Тэд зөвшөөрлийн бичгээрээ халхлан хууль бусаар 5.8 тонн үндэс түүсэн байсан аж.

Энэ талаар МХЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Эрэвгэр жирэвгэр гээд эмийн зарим ургамлыг ихээр түүж байгаа асуудал байна. Үүнд төрийн бодлогоор анхаарах нь зүйн хэрэг. Монголд эрэвгэр жирэвгэрийг эм үйлдвэрлэхэд төдийлөн ашигладаггүй. Гэтэл Байгаль орчны яамнаас энэ ургамлыг түүх зөвшөөрөл өгч байна. Улмаар аж ахуй нэгж, иргэд хэдэн зуун тонноор нь энэ ургамлыг түүж, газрын хөрсийг хуулж байна. Зөвшөөрөлтэй учраас бид түүж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг яаж ч чадахгүй” хэмээсэн юм.

СОЛОНГОС, ЯПОНД ХЭМЖЭЭЛШГҮЙ ҮНЭТЭЙ УРГАМАЛ-

Манайд дэлхийн зах зээлд өндөр үнэ хүрдэг, нэн ховордоод буй 130 гаруй овгийн, 300 орчим төрлийн эмийн ургамал ургадгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон. Дэлхийн зах зээлд байгалийн ургамлаар бэлтгэсэн эмийн түүхий эд өндөр үнэтэй учраас ил, далд хэлбэрээр хил давуулж байна. Зах зээлд өртөж, арилжаа наймааны золиос болж, хомсдож болзошгүй 102 зүйлийн ургамлын жагсаалтыг судлаачид гаргаснаас чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамлыг Монгол орны ховор ургамлын жагсаалтад оруулсан байна.

Тэдний нэг дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) гэх ургамал юм. Монголчууд эрэвгэр жирэвгэр гэж нэрлэж заншсан билээ. Олон наст гоньдын төрлийн үндсэрхэг энэ ургамлыг дээр үед манайхан халуун ногооны оронд хэрэглэж байжээ. Гол нь тамир тэнхээ суларсан, ядарч доройтсон хүмүүс хэрэглэдэг байсан гэдэг. Хэрэглэж байсан нутгийн иргэдийн яриагаар түүн шиг “сэргээш” байдаггүй гэсэн. Энэ л чанараараа өнөөдөр Хятад улсад энэ талын эмчилгээний гол түүхий эд болдог байна. Солонгос, Японд бол хэмжээлшгүй үнэтэйг Швейцарийн эрдэмтэн Елена Менк тогтоожээ.

-АШИГ ХОНЖОО ХАЙСАН ХЯТАДУУД ХУУЛЬ БУСААР ТҮҮЛГЭЖ БАЙНА ГЭВ-

Уг ургамлыг БОНХЯ-наас зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд хувь иргэдийг хөлслөн ажиллуулж, түүлгэдэг аж. Тэд ярихдаа “Энэ ургамлыг түүх зөвшөөрлийг БОНХЯ-нд тодорхой хэмжээний мөнгө төлж авдаг юм билээ. Гэтэл бидэнтэй зэрэгцээд ямар ч зөвшөөрөлгүй хүмүүс шөнө дөлөөр түүж Хятадуудад кг-ыг нь 5000 төгрөгөөр зарж байна. Бид зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүддээ кг-ыг нь 3000-аар тооцож түүж өгч байна. Хятадууд ямар нэг зөвшөөрөл байхгүй, нууцаар хил давуулдаг учраас л өндөр үнээр авч, монголчуудаар түүлгэж байгаа байх” хэмээх тайлбарыг цагдаагийн алба хаагчдад өгчээ.

Ямартаа ч БОНХЯ энэхүү ургамлыг түүж байгаа зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүддээ хяналт тавихаас гадна ар хударгаар ашиг хонжоо хайж, хил, гаалийнхантай хуйвалдсан өмнөд хөршийн наймаачид эх орны минь баялагт “хүйтэн гараа” дүрж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах цаг болжээ.

Б.БУРМАА

Эх сурвалж www.medee.mn

Categories
мэдээ нийгэм

Туулын эргээс түүсэн хогийг дахин боловсруулна

“Жайка”-гийн сургалт төгсөгчдийн холбооноос санаачлан Туул голын сав газрын захиргаа, Туул голын сав газрын зөвлөл, Хатуу хог хаягдлын менежментийн холбооны нийт 40 гаруй хүн Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын эрэг дагуу 3 – 4 км газрыг цэвэрлэжээ. Цэвэрлэгээний явцад гарсан 80 гаруй шуудай хог хаягдлаас 10 гаруй шуудай нь дахин боловсруулах боломжтой тул Хатуу хог хаягдлын менежментийн холбоо дахин боловсруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын гэрэлт хөшөөг босгожээ

“Тунгалаг тамир” роман болон олон шилдэг зохиол бичсэн Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбад зориулсан гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Алтай хотын хоёрдугаар дунд сургуулийн өмнөх талбайд босгожээ. Ч.Лодой- дамбын нэрэмжит уг сургуулийн үүдэнд сүндэрлэн боссон энэ хөшөөг “Шадар туслагч” ХХК-ийн захирал Ж.Дашдаваа санаачлан өөрийн хөрөнгөөр бүтээсэн байна.

Зохиолч Ч.Лодойдамбын энэхүү хөшөөн дээр “Тунгалаг Тамир” романы гол баатрын нэг Хатанбаатар Магсаржавын хэлсэн “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэсэн үгийг товойлгон сийлжээ. Хөшөөний нээлтэд оролцсон зохиолчийн хүү Л.Галбадрах хоёрдугаар сургуулийн хамт олон, Ж.Дашдаваа нарт аавынхаа зохиолын дээжээс гардуулан баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Аргалийн тоо толгой хоёр жилийн дотор 500-гаар өсчээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, “Гулзатын санаачилга” ТББ хамтран, энэ сарын эхнээс аргаль хонины тооллого хийжээ. Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчим, Мандахын аараг, Хүрэмийн нуруунд хийсэн эл тооллогоор 1541 аргаль бүртгэгдсэн байна. Үүний 797 нь хонь, 314 нь угалз, 310 нь хурга байсан аж. Хари 120 аргалийн нь нас, хүйсийг тогтоож чадаагүй байна. Одоогоос хоёр жилийн өмнө хийсэн тооллогоор энэ бүс нутаг 1046 аргальтай байсан бол түүнээс хойш тоо толгой нь ийн 500 гаруй нэмэгдэж өсчээ. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт хар сүүлтийн тооллого явуулахад 119 хар сүүлт бүртгэгдсэн байна.