Categories
мэдээ нийгэм

Монголд Унгарын загвар ферм байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Австри, Унгар улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид оролцон эдгээр улстай үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж холбогдох уулзалтыг хийжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Унгар Улсын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзан хоёр орны хөдөө аж ахуйн салбарын уламжлалт хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, хамтын ажиллагааны боломжтой чиглэлүүдийн талаар санал солилцсон байна.
Уулзалтын үр дүнд Монгол Улсад эрчимжсэн үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор загвар фермийн аж ахуй байгуулах, явуулын мах нядалгааны цех нийлүүлэх, махны боловсруулах үйлдвэрийн салбарт евро стандартыг нутагшуулах, Био үйлдвэрт технологийн шинэчлэл хийх боллоо. Мөн монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Унгарт дадлагажуулах, сургахад хамтран ажиллах боломжтой гэдэгт хоёр тал санал нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Бизнес форумд “Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хамтын ажиллагаа, нөөц боломж” сэдвээр илтгэл тавьсан нь Австри, Унгарын бизнес төлөөлөгчдийн сонирхлыг татсан аж.

Categories
мэдээ нийгэм

“2015 оноос хойших хөгжлийн зорилтууд ба хоршооллын асуудал” арга хэмжээг зохион байгуулав

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хоршооллын олон улсын холбоотой хамтран “2015 оноос хойших хөгжлийн зорилтууд ба хоршооллын асуудал” арга хэмжээг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нью Йорк хотноо зохион байгуулав.

Хоршооллын асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Бразил, Финланд, Канад, Израйл, Итали, Кени, Этиоп, Өмнөд Африк, Япон, Малайз, Швед, Швейцарь, Итали зэрэг хорь гаруй орон болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон уг уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч удирдан явуулав.

Хамгийн хүн төвтэй, ардчилсан зарчмаар ажилладаг аж ахуй эрхлэлтийн хэлбэр гэж тооцогддог хоршоололд өдгөө дэлхийн 250 сая хүн хамрагдаж ажил амьдралаа залгуулдаг ажээ.

Хоршоолол нь Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд их хувь нэмэр оруулсан ба 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн зорилгуудад ч тусгалаа олох ёстой гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэгдэж байв. Ялангуяа ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал ба хоол тэжээл, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хэсгүүд, эсвэл хөгжлийн санхүүжилтын асуудалтай уяж хоршооллын асуудлыг тусгах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтлоо.

Дашрамд дурдахад манай улсын санаачлан авч явдаг Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэж өнгөрүүлсэн ба энэ 2014 оныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Гэр бүлийн ферм эрхлэлтийн олон улсын жил болгон ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Дондог нарт холбогдох хэргийг шүүнэ

УИХ гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Давж заалдах шатны аравдугаар шүүх дээр хянан хэлэлцэхээр болжээ.

Тэдний хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнгөрөгч наймдугаар сард хянан шийдвэрлэсэн бөгөөд Д.Дондог нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр өнөөдөр ийнхүү шүүх хурал зарлагдсан байна.

Дашрамд дурдахад, Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж 500 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь хурааж, 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээ шийдвэрлэсэн бол “Сумбар” компанийн захирал асан А.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэж үзэж, нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнө илэрч байгаагүй шавар бурхад олджээ


Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Сарьдагийн хийд”-ийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг энэ оны наймдугаар сараас есдүгээр сард хийж гүйцэтгэсэн.

“Сарьдагийн хийд” гэж алдаршсан боловч энэ нь анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын өөрийн барьж байгуулсан “Рибо гэжайлин” хэмээх хийд юм.

Өндөр Гэгээн энэ ордонд 20 наснаас эхлэн 30 жил амьдарсан юм. Энэ судалгааны үр дүнд тус хийдийн тууриас урьд өмнө илэрч байгаагүй нарийн хийцтэй шавар бурхадын хэсэг зэрэг сонирхолтой олдворууд олноороо гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өмчийн харилцааны газар учир дутагдалтай ажиллаж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар нийслэл, дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг хэлэлцлээ. Өнгөрсөн долдугаар сард хийсэн шалтгалтын дүнг одоо ийнхүү тайлагнаж,цаашид хэрхэх талаараа хэлэлцэж байгаа юм.

Нийслэлийн өмч харилцааны газраас илэрсэн зөрчлүүдийгНМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан. Шалгалтаар дээрх байгууллага нь газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олгож хэвшээгүй, газар эзэмших эрх олгохдоо эзэмших хугацааг хуулинд зааснаас багаар тогтоосон, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгодоггүй, газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бусад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд материалыг бүрэн бүрдүүлж хүлээн авдаггүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй, Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг таван жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгаанд хамруулдаггүй гэх мэт зөрчлүүдийг илрүүлжээ.

Энэ талаар тэрээр”Нийслэл, дүүргийн өмч, харилцааны газар нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж өгдөггүй, төлөвлөгөөнд ороогүй хэсэгт газар олгосон, шаардлагатай дотоод хяналт хангалттай хийдэггүй юм байна. Үүссэн асуудалд газрын удирдлага, албан хаагчдаас асуулт асуухаар тодорхой хариу хэлэхгүй байгаа нь ажлаа мэдэхгүй байгаагийн шинж” гэж байв.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг Сүхбаатар, Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн гэдгийг албаныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Гэрт биш, Төрийн ордонд суултаа үргэлжлүүлнэ гэв

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, МАН-ын Шинэчлэлийн хорооноос өчигдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. Төрийн ордны баруун талд гэр барьж, улс төрийн суулт хийж байсан залуус тэмцлээ гадаа биш, Төрийн ордонд үргэлжлүүлээр шийдсэн гэдгээ дуулгалаа. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүдтэй нэгбүрчлэн тулж харилцах гэнэ. Хэвлэлийн хурлын эхэнд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан “Улс төрийн суулт хийсэн энэ хугацаанд бид 11270 иргэний гарын үсгийг цуглуулсан. Нийгмийг хамарсан гурван удаагийн цуглаан хийсэн, мөн тооны хэвлэлийн бага хурал хийсэн. Улмаар олон нийт, иргэдийн санал асуулгын үр дүнд тулгуурлаж, Нэгдсэн хөдөлгөөн, Шинэчлэлийн хорооны зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар бидний шаардлагыг дэмжсэнээр УИХ-д энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүн” гэж ярилаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой гэдэг байр сууриндаа тэд хатуу зогсож буйгаа хэлж, цаашид тэмцлээ үргэлжлүүлэн гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

100 жилийн өмнөх ба дараахь Гадаад яам

1914 он.

1914 оны 9-р сарын 8-ны өдөр Хиагт хотноо эхэлсэн Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээр шинэ тулгар тусгаар тогтносон Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэж түүхэнд Хиагтын хэлэлцээр нэрээр тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Есөн сар гаруй хугацааанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд хөрш хоёр гүрэн урьдчилан тохиролцсон ёсоороо Ар, Өвөр Монголыг салгаж Ар Монгол нь Бүгд Найрамдах Хятад Улсын автономит улс бөгөөд Оросын эдийн засгийн онцгой эрх ашгийг хангасан статустай хэмээн тулган хүлээлгэжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол ололт ийнхүү алдагдсан ч манай төлөөлөгчдийн эх оронч байр суурь, хууль эрх зүйн мэдлэг, дипломат ур чадварын үр дүнд Монгол Улс бие даасан байдлаа хадгалан үлдэх онцгой нөхцлүүдийг олж авч бас чадсан юм. Тухайлбал, Монгол нь эзэн хаан, үндэсний засгийн газар, нутаг дэвсгэр, хил хязгаар, үндэсний цэрэгтэй байж дотоод бүх асуудлаа бие даан шийдэх, худалдаа үйлдвэрийн асуудлаар олон улсын гэрээ хийх эрхтэй бөгөөд өөрийн нутагт бусад улсын цэргийн хүчнийг оруулахгүй байхаар гэрээнд тусгаж бусад талуудаар зөвшөөрүүлжээ.

Эдгээрийн дотор бүрэн эрхт тусгаар улсад байж болох нэг л эрхийг гэрээний бусад талууд зөвшөөрөөгүй аж. Тэр нь улс төрийн гадаад харилцаа юм.

Хэлэлцээрийн эхэнд Хятадын талаас оруулсан төслийн наймдугаар зүйлд “Гадаад улстай харилцан шийтгэх хэрэг явдлыг Дундад газрын засгийн яам эсхүл Дундад газрын засгийн яамны томилсон түшмэл эдэлж шийтгэмүй. Гадаад Монголын өөртөө засах эл яам шууд хүлээн шийтгэж болохгүй. Гэгээнд /Богд хаан/ гадаад улсын түшмэлийг хүлээн авах хийгээд гадаад явдлын түшмэл томилон гадаад улсад явуулах эрх үл байна. Улс хоорондын болзоо зүйлийг тогтоон байгуулах бүх эрхийг бүхлээр Дундад газрын яам хамаармуй.” гэсэн нь Хятадын талаас Монгол Улсын гадаад харилцааны аливаа эрхийг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн эрс хатуу байр суурьтай байсны нотолгоо.

Богд хаант Монгол Улсын анхны таван яамдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам нь 1911-1914 оны хооронд маш идэвхитэй гадаад бодлого хэрэгжүүлжбайсан боловч Хиагтын хэлэлцээрээс хойш улс төрийн гадаад харилцааны аливаа үйл ажиллагаа явуулах эрхгүй зөвхөн эдийн засаг худалдааны асуудлаар зарим эрх мэдэл бүхий нэр төдий байсаар 1919 онд автономийг устгахад татан буугдсан байдаг.

2014 он.

2014 оны 8-9 дүгээр сард БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд Улаанбаатарт хоёр долоо хоногийн зайтай айлчилж, үүнээс мөн хэдхэн хоногийн дараа Душанбе хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт болов. Эдгээр үйл явдлын агуулга, хэлэлцсэн асуудлууд төдийгүй үзэгдэх хэлбэр нь 100 жилийн өмнөх Монголын эх орончдын мөрөөдлийн биелэл байлаа. Нөгөөтэйгөөр гадаад харилцааны салбарт ажиллаж ирсэн үе үеийн дипломатчдын хувьд нөр их хөдөлмөрийн дараах баяр бахдал нь байсан гэхэд хэтрүүлэг болохгүй бизээ.

Харамсалтай нь, энэ явдлаас сар хүрэхгүйн дараа Монголын эрх баригчид 100 жилийн туршид бий болгосон ололтоосоо ухрах шийдвэр гаргав. Гадаад харилцааны яамны нэрийг “Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам” болгон өөрчилсөн явдал нь улс төр, эдийн засаг, бусад чиглэлийн гадаад харилцааг нийтэд нь төлөөлдөг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог утгаас, хазайж аж ахуйн харилцааг тодотгосноороо ийм ноцтой үр дагаварт хөтөлж байна.

Учир нь Гадаад харилцааны яам бол тусгаар тогтнолын яам. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.2-т “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна” гэж тов тодорхой заасан байгаа. Тэрхүү улс төрийн гадаад харилцаа, дипломатын үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллага нь гэдэг утгаараа Гадаад харилцааны яам тусгаар тогтнолын яам юм.

Мөн Монгол Улсын гадаад харилцааны үзэл баримтлалын 1.9-д “Монгол Улсын гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого, гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Улс төрийн гадаад харилцааны бодлого тодорхойлогч шинжтэй байна.” гэж тодорхойлжээ.

Гэтэл үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй Гадаад харилцааны яам маань нэрэндээ дээрх зургаан чиглэлээс нэгийг нь онцлон хавчуулснаар зөвхөн эдийн засгийн талын яам ч юм шиг, эсвэл үзэл баримтлал нь өөрчлөгдөж улс төрийн гадаад харилцаагаа голчлохоо больсон ч юм шиг ойлгомжгүй байдалд хүрч байна.

Олон улсын нийтлэг ойлголтоор бол Гадаад харилцаа /Foreign affairs/ гэсэн тодорхойлолтын цаана бусад салбараас гадна гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж гэх мэт эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал ч бас багтдаг тул нэр өөрчлөгдсөнөөр наанадаж давхардал үүсгэх, цаанадаж манай гадаад яамны гадагшаа харагдах байдалд сөргөөр нөлөөлөхөөc өөр шинэ зүйл нэмэгдэхгүй.

Үүнийг нотлохын тулд НҮБ-ын гишүүн улсуудын Гадаад яамдын албан ёсны нэрийг англи хэл дээр харьцуулж харж болох юм. Тэдгээр 193 орны 90 хувь нь Гадаад харилцааны яам буюу Ministry of Foreign Affairs гэсэн сонгодог нэрийг ашиглаж байна. Европын холбооны зарим улс Гадаад харилцаа ба Европын холбоо гэснийг тооцвол 90 хувиасилүү гарна.

Үлдсэн бусад нэрийн дотор АНУ-ын Төрийн департмент, Британийн Гадаад ба хамтын нөхөрлөлийн алба/яам/ гэх мэт зарим онцгой нэр байхын зэрэгцээ 10 шахам улсад ашиглаж буй “Гадаад харилцаа, Олон улсын хамтын ажиллагааны Яам” гэсэн нэр түгээмэл байна. Манай гадаад яамны шинэ нэрийг англиар үгчилэн орчуулбал Ministry of Foreign affairs and Economic cooperation гэж буух бөгөөд үүнтэй ижил нэг ч нэр гадаад улсуудад алга. Хамгийн дөхөж очих нь Барбадос улсын “Гадаад харилцаа, Худалдаа, Олон улсын бизнесийн Яам” л болов уу.

Нэгэнт ийм занганд орсон дипломат албаныхан маань яамныхаа гадаад руу хандах нэрийг үгчилэн орчуулахын оронд Гадаад харилцаа, Худалдааны Яам буюу Ministry of Foreign Affairs and Trade гэж байх талаар ярилцаж байна.

Энэ нэрний цаана ч бас анхаарах ёстой зарим нюанс бий. Өнөөдөр ийм нэрийг гадаад харилцааны албандаа ашигладаг Австрали, Канад, Шинэ Зеланд, Ирланд, Бруней, Ямайка, Самоа гэсэн долоон улс байна. /зарим нь Ministry зарим нь Department гэсэн буй/ Эдгээр нь бүгд Британийн эзэнт улсын колони байсан, ихэнх нь Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн бөгөөд одоо ч Британийн хатан хааныг төрийн тэргүүнээрээ өргөмжилсөн байдаг.

Жишээлбэл, Канадын гадаад яам 1909 онд байгуулагдахдаа улс төрийн гадаад харилцаа нь Британиас хамааралтай хэвээр байсан тул Foreign биш External гэдэг үгийг сонгосон нь 1993 он хүртэл ашиглагджээ. Өнөөдөр эдгээр орон бүгд бүрэн тусгаар тогтносон улс нь эргэлзээгүй боловч хатан хаанд үнэнч байх уламжлалт сэтгэлгээ төр, нийгэмд нь оршсоор буйг тэмдэглэх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр Австрали, Канадын Гадаад харилцаа, Худалдааны Яам нь уламжлалт гадаад харилцаа болон худалдаа, хөрөнгө оруулалт гэсэн бие даасан хоёр салбарыг хамаарсан хоёр тусдаа сайдтай байдгийг ч бодолцох нь зүйтэй болов уу.

Нэрнээс илүү чухал зүйл

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд хийсэн саяхны өөрчлөлт нь ийнхүү Гадаад яамны хувьд огтхон ч хүсээгүй сөрөг үр дагавартай болсноос үзэхэд ажлын төлөө бус зөвхөн улс төрийн санаа сэдлээр хийгдсэн гэдэг дүгнэлт ортой мэт. Гэхдээ энэ нийтлэлд улс төрийн аливаа үйл явцад үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн зорилго огтоос байхгүй болохыг онцлон тэмдэглэе. Хамгийн гол нь нэрийн хувьд алдсан алдаагаа засахыг сануулахын ялдамд нэгэнт яамны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж буйэнэ том боломжийг хэрхэн ашиглах талаар зарим санал дэвшүүлмээр санагдлаа.

Өнөөдөр Монголын гадаад яамыг бодлого төлөвлөлт, судалгааны чадавхи муутай ёслол, консулын үйлчилгээний алба болсон гэж шүүмжлэх нь элбэг. Энэ нь зарим талаар үнэний ортой бөгөөд гүнзгий мэдээлэл, дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргадаг, бодлого хэрэгжүүлдэг болохын тулд энэхүү тусгай албыг хүний нөөцийн хувьд бэхжүүлэх, бүтэц, үйл ажиллагааны эрэмбэ дарааг тодорхойлж өгөх шаардлагатай.

Мөн төрийн байгууллагууд төдийгүй орон нутаг, олон нийтийн байгууллагууд гээд олон түвшинд идэвхитэй гадаад харилцаа явуулж буй энэ цаг үед Монгол Улсын гадаад харилцааны нэгдмэл байдлыг хадгалж нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх бүтцийн нэгж бий болгох нь чухал байна.

Гуравдугаарт, нэрийн хувьд алдсан ч гэлээ эдийн засгийн гадаад харилцааны зарим эрх мэдлийг Гадаад яаманд буцаан авчирсан нь зөв зүйтэй шийдвэр болсон билээ. Гэхдээ нэгэнт ингэж шийдэж буй бол бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл болсон Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг, гадаад мэдээлэл сурталчилгааны агентлаг зэргийг ч тус яамны харьяанд өгч байж үр дүн гарах болов уу.

Дээр дурдсан чиглэлүүдээр нь тус яаманд өнгөрсөн хоёр жилд ажилласан сайд тодорхой ажлуудыг хийж эхний үр дүнгүүд гарч байгаа бөгөөд шинээр томилогдох сайд ололтыг нь бататган алдааг засч үргэлжлүүлэн ажиллах биз ээ.

А.БАТПҮРЭВ

Гадаад харилцааны сайдын зөвлөх

Categories
мэдээ нийгэм

Ургах наран хорооллын бохирын шугамын асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/877 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугамын ашиглалтад орох хугацаа хойшилсноос үүдэн бий болсон Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын оршин суугчдын 2010 оны 08 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны бохир усны тээвэрлэлтийн зардлын өр болох 433 669 050 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Ургах наран хорооллын бохир усны шугамыг 2014 оны 11 дүгээр сарын 01–ний дотор Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугаманд холбох ажлыг гүйцэтгүүлж, дуусгахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. Ургах наран хорооллын бохир усны тээвэрлэлтийн зардлын өрийг бохир ус тээвэрлэгч компанид гүйцэтгэл, үр дүнг тооцож олгож, энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хувийн цэцэрлэгүүдэд төрөөс олгодог зардлыг хасахгүй гэв

Эдийн засгийн хямрал төсвийг танахтай холбоотойгоор “Хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгөхгүй”, “Хүүхдийн хоолны мөнгө хасагдана” гэх мэт яриа гараад байгаа.Харин Боловсрол, шинжлэх ухааны яам мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье.

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон дундаж нормативыг үндэслэн бүрэн олгож байгаа. Тодруулбал, төрийн бус өмчийн нийт 302 цэцэрлэгийн 26826 хүүхдийн 17.2 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг бүрэн (100%) тусгаж санхүүжүүлэхээр 2015 оны төсвийн төсөлд тусгаад байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн төлбөртэй нь уялдуулан сургалтын нормативт зардлыг бууруулах байр суурь огт баримтлаагүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтын ажил дуусчээ

Энэ намрын ургац хураалтын ажил дуусчээ. Өнөө жилийн ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72.4 мянга га-г цайруулж, 237.7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа хураан авсан байна. Үүнээс 465 мянган тонн буудай, 13.3 мянган га-гаас 161.0 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 102.5 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Шинэ ургацаас урьдчилсан байдлаар тариаланчид дараа оны тариалалтандаа зориулан 42.3 мянган тонн үр нөөцөлсөнөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Энэ жилийн ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна