Categories
мэдээ нийгэм

Галч нарыг мэргэшүүлж эхэллээ

Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтын 1300 гаруй зуух нийслэлийн агаарын бохирдлын 20 шахам хувийг үүсгэдэг. Уурын зуухуудыг халж, төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож эхэлсэн ч энэ ажилд цаг хугацаа, хөрөнгө ихээхэн шаардагдах тул жил бүр үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд, нийслэлийн 113-р сургууль, 124-р цэцэрлэг, ЧД-ийн 10-р хорооны байр, 100 айл дахь орон сууцны барилга зэргийг төвлөрсөн дулаанд холбосон. Одоо 39-р сургуулийг төвийн шугамд холбох ажил үргэлжилж байна.

Бохирдол ихээр гаргаж байгаа, тоног төхөөрөмж нь хэт хуучирсан зуухуудыг ийнхүү эхний ээлжинд буулгахын зэрэгцээ Улаанбаатар хотын нам даралтын халаалтын зуухны газруудыг атестатчилж эхлээд байна. Халаалтын зуухуудад ажиллагааны горим стандарт мөрдүүлэх зорилготой энэ ажлын хүрээнд мөн халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлж эхэллээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн хамтран энэ сургалтыг энэ оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ныг дуустал сарын хугацаанд цувралаар зохион байгуулж, Улаанбаатар хотын бүх халаалтын зуухны галч нарыг хамруулна.

Хуучирсан технологитой уурын зуухуудыг зөв галлах нь агаарт ялгарах хорт бодисыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгах ач холбогдолтой. Гэтэл ихэнх байгууллагын галч нар орон нутгаас шилжиж ирсэн, мэргэжил боловсрол багатай иргэд байгаа тул ур чадвар, мэдлэг дутмаг байна. Иймд сургалтаар усан халаалтын зуухны тоног төхөөрөмжийн бүтэц, зориулалт, ажиллагаа, галлах аргачлал зэргийг онол, практик хослуулан зааж тайлбарлана. Тухайлбал, усан халаалтын зуухыг ямар горимоор ажиллуулбал нүүрсний механик болон химийн дутуу шаталт багасан ашигт үйлийн коэффициент дээшилдэг, шаталтаас агаар бохирдуулагч ямар нэгдлүүд ялгардаг, аюулгүйн ямар дүрэм мөрдөж ажилладаг зэрэг эрчим хүчний байгууллагуудад ажиллагсдын эзэмших ёстой анхан шатны мэдлэг олгоно.

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш нар, Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн мэргэшсэн инженер техникийн ажилтнууд хичээл зааж, суралцагсдыг сурах бичиг, гарын авлагаар хангаж байна. Нэг удаагийн сургалт 3 хоногийн хугацаанд үргэлжилж, төгсөгчдөд сертификат олгоно.

Эхний сургалтад нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар болон бусад газрын халаалтын зуухны галч оператор, механик, диспетчер инженерүүдээс бүрдсэн 70 гаруй хүн хамрагдсан бол хоёр дахь ээлжинд сургууль, цэцэрлэг, хорооны байруудын галч, операторууд оролцож байна. Дараагийн сургалтуудад галч, оператор, инженерүүдээ бүрэн хамруулахыг нийслэл дэх халаалтын зуух эзэмшигч, ашиглагч иргэд, байгууллагуудад анхааруулж байна.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО

Categories
мэдээ нийгэм

Эболагийн халдварыг хумхаатай андуурах хэрэггүй гэв

Африкийн оронд эхэлж бүртгэгдсэн эбола вирүс нь хүнээс хүнд шууд хавьтлаар буюу, салст бүрхүүлээр дамждаг. Тэгвэл тус өвчнийг туссан хүнийг эмнэлэгт хэвтүүлэн шаардлагатай эмчилгээг хийх хэрэгтэй байдаг байна. Мөн уг халдвар нь суулгалт, бөөлжилтөөр ч мөн илэрдэг аж. Сүүлийн үед манай улсад эбола вирүсийг гэдэсний балнад, менингит, хумхаа өвчинтэй адилтган ярьж байгаа. Тэгвэл эбола нь тус өвчнүүдээс тэс өөр гэдгийг анагаах ухааны доктор Р.Оюунгэрэл хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн хүүхдүүдэд шүдний өвчлөл их байна

Хөвсгөл аймагт “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд илэрсэн өвчлөлийн 47 хувийг шүд цоорох өвчин эзэлсэн байна. Үүний 68.4 хувь нь хөдөө амьдардаг хүүхдүүдийн дунд бүртгэгджээ. Тус аймгийн Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Түнэл, Цагаан-Үүр, Тариалан, Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг зэрэг 13 суманд хүүхдийн шүдний өвчлөл өндөр байгаа юм байна. Эдгээр сумдад өнгөрсөн онд НҮБ-ын дэмжлэгээр 2011 хүүхдийг үзлэгт хамруулжээ. Харин энэ онд 4005 хүүхдийг үзлэгт хамруулсан байна. 2013 онд үзлэгт хамрагдсан хүүхдийн 90.5 хувь нь шүд цоорох өвчлөлтэй, 27.5 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй илэрч эмчилгээнд хамрагдаж байжээ. Энэ онд өнгөрсөн оноос хоёр дахин их хүүхэд хамрагдсан байна. Хүүхдүүдийн 56.7 хувь нь шүд цоорох, 23.1 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй байжээ. 2014 онд шүдний өвчтэй гэж тогтоогдсон хүүхдээс эмчилгээ шаардлагатай 1292 хүүхдийн 1741 шүдийг бүрэн эмчилж, 400 гаруй хүүхдэд түрхэц түрхжээ.

Categories
мэдээ нийгэм

У.Оргилмааг ТЕГ байцаажээ

АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээний нууц хавсралт гэх зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ бол хуурамч зүйл, ТЕГ-аар шалгуулна” гэж мэдэгдэж байсан юм. ТЕГ-аас сэтгүүлч У.Оргилмааг нууц гэрээ гэх зүйлийг твитертээ “ДЖ” хийсний төлөө байцаасан аж. Энэ талаар хоёрдугаар суваг телевизийн захирал Б.Мөнхбаясгалан зарласан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнтэй өвөл болно

Нийт нутгаар энэ сарын сүүлчээс цас орж, шуурах төлөвтэй байгаа аж. Тодруулбал, энэ сарын 25-наас Зүүн аймгуудаар, 27, 28-нд Баруун болон Төвийн нутгуудаар цас орж, хүйтрэх төлөвтэй байгаа гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Энэ үеэр цасан болон шороон шуурга шуурах нь. Мөн ирэх өвөл олон жилийн дунджаас дулаан байх гэнэ. Нийт нутгаар урьд жилүүдийнхээс цас ахиу орох ч дулаан байх таамгыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр салхины эх одтой луу өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 24. Сугар гариг. Билгийн тооллын 1. Салхины эх одтой, шар луу өдөр. Өдрийн наран 07.48 цагт мандан, 18.04 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо малтахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ нийгэм

ХЦДБЧ-аас ардын жүжигчин Ц.Батчулуунд яаралтай туслах уриалга гаргалаа

Морин хуурын чуулгын удирдаач тус чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун хүндээр өвчилж, яаралтай элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай болсон талаар мэдээлэл цацагдсан. Түүний биеийн байдал тун хүнд, нэг сарын дотор БНСУ-д элгээ солиулах шаардлагатай болсон гэнэ. Урлагийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид, шавь нар нь аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Эгшгэн өргөл” хандивын тоглолтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болж, АНУ-д суралцдаг шавь нар нь Ажиа гэгээний төвийн байранд “Сэтгэлийн дэм” хандивын тоглолт хийх гэж байгаа талаар хэвлэлүүд шуугисаар… Гэвч энэ бүхэн түүний эмчилгээний зардал болох 250-300 сая төгрөгийг бүрдүүлж эс чадах ажээ. Хамгийн харамсалтай нь ийм хагалгааг манай эх оронд хийх боломжгүй юм байна. Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хамт олноос нийт хилийн отряд, ангийн бие бүрэлдэхүүнд хандаж Ардын жүжигчин Ц.Батчулуунд туслах уриалга гаргав. Ардын жүжигчин Ц.Батчулууны хил, хилчдийн сэдэвт уран бүтээлээс “Цэрэг эрийн гэргийн дуу”-г хилчид бид хамгаас сайн мэднэ хэмээн тэд онцолж байна. “Эх орон, уртын дуу, морин хуур гурав хүйн холбоотой. Тиймээс бидэнтэй хамт энэ бүхнийг хайрлан хамгаалж ирсэн, ардын урлагийн эрхэм хилчин Ц.Батчулуун ахдаа амьдрал бэлэглэх дэмжлэг үзүүлцгээе” хэмээн ХЦДБЧ-ынхан уриалж байна.

Хандивын данс. ХААН банк 5031089680 (төгрөгийн), ХХБ 404187482 (валютын) юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цасан болон шороон шуургатай

25-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 25-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын сав, Дорнод, Дарьгангын талаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Дондогийг батлан даалтанд гаргалаа

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас УИХ гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт ЭХТА-ийн 148.3, 148.4, 149.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээр өнгөрөгч наймдугаар сард хянан шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр тэдний давж заалдах шатны шүүх хурал Давж заалдах шатны аравдугаар шүүхэд болж шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс энэхүү хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Д.Дондогийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн, бусдыг нь гадуур байцаахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн түүхийг өгүүлсэн шинэ номын нээлт боллоо

Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан шинэ номын нээлт өнөөдөр Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Дөрвөн боть бүхий нийслэлийн түүхийг агуулсан шинэ номыг МСГЗ, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат ариутган шүүж, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, АУЗ, СГЗ Ш.Дулмаа, АУЗ, СГЗ До.Нямаа тэргүүтэй зохиолчид өмнөтгөл бичижсэн аж. Номын баярын нээлтэнд нийслэлийн удирдлагууд, номын зохиогчид, нийслэлийн болон улсын архив, номын сангийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм. Нийслэлийн хотын түүх, соёл, барилга байгууламж хийгээд өнгөө цагийн өнгө төрхийг илтгэсэн гэрэл зураг, уран бүтээлийн шилдэг түүврийн дөрвөн боть ном хэвлэгдэн гарч уншигчдийн гарт хүрж байгаа аж. Эдгээр бүтээлийг хийж гүйцэтгэсэн уран бүтээлчид хэлэхдээ “Бид хамтран хуучин түүхийг шинэчилж бүтээлээ. Энэ бол маш их хүч хөдөлмөр, ур ухаан, цаг хугацаа, итгэл зүтгэлийн үр дүнд бий боллоо. Оюутан залуус, хүүхэд багачууддаа нийслэлийн түүхийг баринтаглан үлдээж байгаадаа баяртай байна” гэсэн бол Нийслэлийн ИТХ –ын дарга Д.Баттулга “Бид ямар цаг үед, ямар газар амьдарч байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн хэмжээний хот болоход энэхүү бүтээлүүд түүхийн хувьд маш үнэт баталгаа байх болно. Бидний бүтээсэн түүх дурсгалуудустаад байгаа юм бишүү гэдэг үндэслэлээр энэхүү чухал номуудыг бүтээсэн юм. Энэ бол нийслэлийн ард иргэд болон удирдлагуудын зүгээс хотынхоо түүхийг, өв соёлыг байгаагаар нь авч үлдсэний том илэрхийлэл гэж бодож байна” хэмээсэн юм. Ийнхүү номын нээлтийн дараа номынхоо үзэсгэлэнтэй танилцсан билээ.

З.Батхуяг