Categories
мэдээ нийгэм

“Цэрэг-спортын цогцолбор” тэмцээн боллоо

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан цэргийн дүйцүүлэх алба хаагчдын дунд зохион байгуулсан “Цэрэг-спортын цогцолбор” тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Хан-Уул дүүргийн Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер /хошууч/ П.Энхбаатар ахлагчтай “Ялалт” баг авхаалж, самбаа гарган амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн “Тэргүүний өрх-гэр” –үүдийг шалгарууллаа

Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн ахмадын хорооноос “Нийслэлийн тэргүүний өрх-гэр” –ийг шалгаруулж, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тэргүүний өрхүүдэд гэрчилгээ гардууллаа. Тус шалгаруулалтыг жил бүр явуулдаг бөгөөд олон жил ханилсан, үр хүүхдүүд нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, сайн сайхан амьдарч байгаа есөн өрхөд “Нийслэийн тэргүүний өрх гэрийн гэрчилгээ”-г олгодог байна. Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр 2014 оны тэргүүний өрхөөр Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ц.Батбаяр, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Дамдинжав, Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны иргэн Д.Жаргал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Х.Адилбиш, Н.Оюунхүү, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн М.Чанцалсүрэн, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Очирсүрэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Дамиран, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ө.Агийваанчигнар шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгуулна гэв

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн талаар тус бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хувьд одоо өргөн баригдсан төсвийн зардлыг 20 хүртэл хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнээс гадна удирдлагууд нь авлига авсан хэл ам дагуулаад буй Цэвэр агаар сангийн хөрөнгө оруулалтыг 48.8 хувиар буюу 30.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасныг дэмжихгүй байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жил тасралтгүй буурч, 2015 оны төсөвт бүр ямар санхүүжилт тусгаагүй байна гэдгийг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол онцолсон. Түүнчлэн ирэх оны төсвийн төслийг дагалдуулан Засгийн газрын үнэт цаас гаргах буюу өрийг санхүүжүүлэхээр орж ирсэн аливаа төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Мөн АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний хавсралт гээчийг МАН-аас үйлдсэн гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэнтэй холбоотойгоор “ТЕГ хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй, харин улстөрчдийг, улс төрийн хүчнийг хянаж, шалгадаг боллоо” хэмээн дэд дарга Д.Оюунхорол тэмдэглэсэн. Үүнтэй холбоотойгоор тус байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа, эсэхийг шалгуулахаар УИХ-ын дарга болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандахаар болсноо мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Вьетнамын эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин бүтээнэ

Монгол, Вьетнамын эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Манай улсад анх 1960-аад онд хонины цэцэг өвчин гарсан бөгөөд эрдэмтэд идэвхгүйжүүлсэн вакцин боловсруулсанаар өвчний тархалтыг намжааж байсан байна. Үүнээс хойш 50 гаруй жил “чимээгүй” байсан энэ өвчин 2008 онд Сүхбаатар, 2010 онд Дорнод аймагт гарсан бөгөөд монгол эрдэмтдийн гаргасан вакцин өвчний тархалтаас урьдчилан сэргийлж чаджээ.

Харин одоо хоёр орны эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс зэрэг сэргийлэх боломжтой амьд вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна. Учир нь энэ өвчнөөр өвчилсөн ямаанаас хонинд халдварладаггүй ч үүсгэгч нь төстэй учир нэг төрлийн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтойг эрдэмтэд онцлов. Монгол орны мал сүрэгт тохиолддог ихэнхи өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх вакцин, эм биобэлдмэлийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Одоогоор зөвхөн шүлхийн вакцинийг гаднаас импортолж байгаа. Гэвч үүнийг ч бас дотооддоо үйлдвэрлэх боломж бүрэн бий гэцгээв.

Мөн хоёр орны эрдэмтэд зөвхөн вакцины чиглэлээр ч бус Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах ямар боломж байгаа талаар харилцан ярилцсан юм. ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгээс саяхан зохион байгуулсан семинарт Вьетнамын Үндэсний хөдөө аж ахуйн сургуулийн захирал болон эрдэмтдийн төлөөлөл, Монголын ХААИС-ийн захирал, салбар хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нээлтээ хийлээ

Улаанбаатар хотын хэмжээнд ус, дулаан, цахилгаан хангамж, нийтийн тээвэр, хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээг нэгтгэн хариуцах нэгдсэн диспечерийн алба буюу Шуурхай удирдлага, зохицуулалтын төв” байгууллаа.

24 цагийн үйл ажиллагаатай тус төв нь “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийтийн үйлчилгээг иргэдэд чанартай, тасралтгүй хүргэхэд анхаарч, хяналтын механизмыг бүрдүүлэн,эрсдэлээс урьдчилан сэргийлж, болзошгүй тохиолдолд шуурхай зохицуулалт хийх юм.
Ингэснээр хотын гудамж талбайн тодорхой хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа камерийн тусламжтайгаар нэгэн зэрэг харж, ажлын гүйцэтгэлийг гаргана. Мөн хотын ус, дулаан хангамжийн шугам сүлжээний ажиллагааг тодорхой цэгүүдэд суурилуулсан мэдээлэгчүүдийн тусламжтайгаар шууд хүлээн авч үйлчилгээний чанарыг нь тогтоосон өгөгдөлтэй харьцуулан шаардлагатай зохицуулалтуудыг хийх юм. Хамгийн чухал нь осол, саатал гарахаас урьдчилан сэргийлж, эрсдэл учирсан үед холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг хангахад тус төвийн оролцоо чухал юм.
Нийслэлийн хэмжээнд онцгой байдал үүссэн үед төв штаб цуглан ямар арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэхийг шуурхай шийдэх боломжтой. Хотын нийтийн үйлчилгээний бүх байгууллагын диспетчер, жижүүр, шуурхай үйлчилгээний баг, бригадын ажлыг удирдан зохицуулах, гарсан, гарч болзошгүй зөрчил доголдлыг шуурхай арилгуулах, иргэдийн гомдолд хяналт тавих,бүртгэх, шаардлагатай тохиолдолд нөөцийг дайчлах, шилжүүлэх шийдвэр гаргана. Хотын удирдлага, байгууллага, иргэдийг бодит мэдээлээр ханган Улаанбаатар хотын байгаль экологийн экосистем, хөрс, ус, агаарын чанарт ч хяналт мониторинг хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэний үүргээ биелүүлсэн оюутанг “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагналаа

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5-д заасныг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын хуулийн 31-р зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын кодод заасныг баримтлан иргэний үүргээ биелүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллан, олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэхэд тусласан оюутан Л.Түдэвдагвыг ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржавын тушаалаар “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагналаа.

Мөн бусдын амь насыг ноцтой хохироосон этгээдийн гарт хохирч болзошгүй иргэдийн аюулгүй байдлыг ханган хамгаалалтын ажиллагаа зохион байгуулж, хүн хүч, техник хэрэгслээр ханган олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэн цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажилласан ахмад С.Дамдинжав захирагчтай Зэвсэгт хүчний 325-р ангийн 103-р тусгай салбарыг энэхүү медалиар шагнасныг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, туслах комиссар Д.Батжаргал гардуулж өгөв.

Categories
мэдээ нийгэм

Онлайн эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын уулзалт болов

Онлайн эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын төлөөлөгчид Үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж, дэмжих асуудлаарх НҮБ-ын тусгай элч Дэвид Кайе-тэй Нью-Йорк хотноо аравдугаар сарын 23-ны өдөр НҮБ-ын төв байранд уулзалт-ярилцлага хийв.

Онлайн эрх чөлөө эвслийн 2013-2014 оны даргын хувьд Монгол Улс санаачилж тус эвслийн өмнөх дарга Эстони Улстай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд гишүүн орнуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, экспертүүд идэвхтэй оролцов.

Хүний эрхийн асуудал цахим ертөнц рүү өргөжсөн өндөр технологийн энэ эрин үед санаа нэгт орнууд нэгдэж эвсэл байгуулан эрх ашгаа хамгаалах яриа хэлэлцээ өрнүүлж байгааг Тусгай илтгэгч Дэвид Кайе сайшаагаад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх илтгэлийнхээ дүгнэлт саналаас хуваалцав.

Тухайлбал, интернет орчинд зохицуулалт хэрэгтэй, төр засгийн бус холбогдох талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох, интернет орчинд хүний нууц ба үзэл бодлоо илэрхийлэх эрхийг сахин хамгаалах нь чухал байгааг цохон тэмдэглэж байлаа.

Мөн уулзалт-ярилцлагын үеэр Эстони Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Маргус Колга өнгөрсөн онд болсон Онлайн эрх чөлөө эвслийн дөрөвдүгээр бага хурлаас баталсан Таллины төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлсан бол Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч уулзалт-ярилцлагыг удирдан явуулахын зэрэгцээ Онлайн эрх чөлөө эвслийн даргын хувьд манай улсаас төлөвлөн хэрэгжүүлж буй ажлууд, 2015 оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох эвслийн тавдугаар хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа.

Онлайн эрх чөлөө эвслийн гишүүд цаашид Тусгай илтгэгчтэй нягт холбоотой ажиллахаар тохирсон ба эвслийн тавдугаар бага хурал болон холбогдох бусад яриа хэлэлцүүлэгт оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын уран бүтээлчид Венецийн олон улсын урлагийн Биенналд оролцоно

1895 оноос хойш хоёр жил тутамд зохиогдож ирсэн, дэлхийн урлагийн салбарт өндөр нэр хүндтэй, олон улсын ААА зэрэглэлийн чанартай анхдагч уралдаан болох Венецийн олон улсын урлагийн 56 дугаар Биенналд Монголын уран бүтээлчид анх удаа оролцохоор бэлтгэж байна.

Италийн Венец хотод 2015 оны тавдугаар сараас 11 дүгээр сарыг дуустал долоон сарын турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний зохион байгуулалтын нээлтийн нэгдсэн хуралд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар, Биенналд оролцох бэлтгэл ажлыг хангах Монголын багийн гишүүд оролцов.

Венецийн Биенналын Ерөнхийлөгч Паоло Баратта, урлагийн захирал Оквүй Энвезор нар хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд оролцож буй 80 гаруй орны төлөөлөгч бэлтгэл ажлынхаа явцын талаар мэдээлэл хийв.

Categories
мэдээ нийгэм

Энэ өдөр: Мэгжид Жанрайсэг шүтээнийг дахин залсан өдөр

ЭНЭ ӨДӨР: Мэгжид Жанрайсэг шүтээнийг дахин залсан өдөр. Мэгжид Жанрайсэг шүтээнийг 1996 оны аравдугаар сарын 27-нд сэргээн залж, аравнай өргөж байжээ. 1991 онд Ерөнхийлөгч П.Очирбат “Мэгжид Жанрайсэг шүтээнийг бүтээн залах тухай” 33 дугаар зарлигийг гаргаснаас хойш таван жилийн дотор бурханыг бүтээж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд залсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөр

10 дугаар сарын 27. Даваа гараг

10:30 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа
Хаана: Хангарьд ордонд

10:30 Нийслэлийн түүхэнд холбогдох архивын нэн үнэт болон гэрэл зургийн баримтаар гаргасан “Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнгийн нээлт
Хаана: Үндэсний түүхийн музейд 11 дүгээр сарын 05-ний өдрийг хүртэл гарна

11:00 Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
Хаана: НЗДТГ-ын 2 давхарт

11:00 “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг
Хаана: Нийслэлийн иргэний танхимд

17:00 “Хороо сайхан бол хот сайхан” Хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ
Хаана: Нийслэлийн Иргэний танхимд

19:00 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглоно
Хаана: Улаанбаатар чуулгын байранд

10 дугаар сарын 28. Мягмар гараг

10:00 “Нийслэлийн хүндэт иргэн” цолоор шагнах, Ихэр хүүхдүүдтэй гэр бүлд байр олгох
Хаана: НЗДТГ-ын Б зааланд

11:00 Нийслэлийн иргэд, тэргүүний ажилтнуудад Төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын А зааланд

12:00 Нийслэлийн иргэд, тэргүүний ажилтнуудад Нийслэлийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын Б зааланд

14:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан
Хаана: Монгол бөхийн өргөөнд

19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: Баянгол ресторанд

10 дугаар сарын 29. Лхагва гараг

08:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл оруулах
Хаана: Ерөнхий боловсролын сургуулиудад

09:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан НИТХ-ын хүндэтгэлийн чуулган чуулна
Хаана: Чуулганы хуралдааны танхимд

10:00 Улаанбаатар хот гэрэл зурагт “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа
Хаана: Улаанбаатар хотын төв цэцэрлэгт

11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
Хаана: Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд

11:40 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа
Хаана: Их эзэн Чингисийн талбайд

12:00-22.10 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан иргэдийн баярын ажиллагаа, Парад шоу, урлагийн тоглолтууд /гадаадын зочид, төлөөлөгчид оролцоно/
/Тусгай хөтөлбөрөөр/
Хаана: Их эзэн Чингисийн талбайд

13:30 “Их хотын хямдрал 375” хямдралтай, урамшуулалтай үзэсгэлэн худалдаа,
хоолны фестиваль зохион байгуулах
Хаана: Их эзэн Чингисийн талбайд, бусад дэлгүүр худалдаагаар

13:30 Нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх
Хаана: Хангарьд ордонд

15:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан баярын хурал, “Хүүхдийн найрал дууны наадам” гала концерт
Хаана: Соёлын төв өргөөнд

19:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Эх орны Эх орон” концерт
Хаана: Соёлын төв өргөөнд

20:00-20:00 Их хотын үдэш – Рок, поп хамтлаг дуучдын тоглолт
Хаана: Их эзэн Чингисийн талбайд

22.00 Баярын ёслолын буудлага
Хаана: Төв цэцэрлэгээс