Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх сургалт болно

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Терроризмтэй тэмцэх газраас “Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалтыг энэ сарын 29, 30-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд 09:00 цагт зохион байгуулна. Уг сургалтад таван орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд цахим ертөнцийг алан хядах үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замууд, сүүлийн үед цахим ертөнцөд гарч байгаа хэргийн аюул заналхийлэл, үндэсний хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд тулгарч буй бэрxшээлүүд, мөн цаxим гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон улсын туршлагууд болон хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш улсын автобусууд 13.30 -17.00 хүртэл 200 төгрөгөөр үйлчилнэ

Маргааш нийслэлийн 375 жилийн ойн өдөр. Энэ өдөр “Их хотын хямдрал” нэртэй нэгдсэн арга хэмжээ болох юм. Энэ хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. Маргааш 13:30-17:00 цагийн хооронд тролейбус үнэгүй, Нэгдүгээр паркийн /хуучнаар автобус-1/ хөх алаг автобус том хүнд 200 төгрөг, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж.

Мөн энэ өдөр үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна. Тухайлбал: “Дархан нэхий” ХК -50 хувь, “Буян” ХХК өөрийн үйлвэрийн 100 нэр төрлийн барааг -50 хувь, “BEST SHOES” ХХК -50 хувь, “Эксклюзив” ХХК бүх бараандаа -50 хувь, “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК-иуд Нийслэлийнхээ төрсөн өдрийн баяраар иргэддээ хямдрал, бэлэгтэй худалдаагаар үйлчлэх юм. Мөн өөрийн байрандаа Боса худалдааны төв 50 хувь, Үсчин,гоо сайхны газрууд хямдралтай тарифаар иргэдэд үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

Сү.Батболд Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлагаар ” Иргэдийн цаг” хэмээх аяныг өрнүүлсэн. Ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэлээр хангах, тэдний санал бодлыг сонсч үйл ажиллагаандаа тусгах зорилго юм.

Аяны үйл ажиллагаа энэ сарын 13-наас Дорноговь, Говьсүмбэр аймгаас эхэлсэн байна. Харин нийслэлд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдийн саналыг сонсч эхэлжээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд гурван багт хуваагдан, Сүхбаатар дүүрэгт ажилласан байна.

Сү.Батболд гишүүнээр ахлуулсан багийнхан Сүхбаатар дүүргийн таван хороонд ажиллаж иргэд, оюутан залуус, худалдаа эрхлэгчидтэй уулзжээ. Тэд тус дүүргийн дөрөвдүгээр дэлгүүрийн хойд талд 22 дугаар байрны иргэдтэй уулзжээ. Энэ хавийн байрууд Улаанбаатарын дахин төлөвлөлтөд орсон хэдий ч одоо хүртэл хэрхэн яаж шийдэгдэх гэж байгаа нь тодорхойгүй байгаа тухай учирласан байна. Сү.Батболд гишүүн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны иргэдтэй уулзалт хийсний дараа оюутнуудтай уулзжээ. Оюутнуудын хувьд аав, ээжийнх нь цалин нэмэгддэггүй хэрнээ сургалтын төлбөр өсөөд байдаг, сургалтын төлбөр өссөн байгаа хэрнээ сургалтын чанарт ахиц гардаггүй гаж тогтолцоо байгааг дурдсан байна.

Гишүүдийг “Жоби” барилгын дэлгүүрийн хойд талд байрлах 10 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийжээ. Тус дүүргийн сул талбайд барилга ихээр баригдаж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж байгаа иргэд бухимдалтай байгаагаа дуулгажээ. Энэ удаагийн “Иргэдийн цаг”-ийн уулзалтаас хэрэглээний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, бухимдал их байгаа нь харагджээ.

Categories
мэдээ нийгэм

Завханд хутагтуудын хөшөөг заллаа

Завхан аймагт Монгол улсын Ерөнхий сайд агсан Жалханз хутагтын 20 дугаар дүр Цэрэнсодномын Дамдинбазар, Дилов хутагтын долоодугаар дүр Баашлуугийн Жамсранжав нарын хөшөөний нээлт болжээ. Тус аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн санаачилга, дэмжлэгээр хутагтуудын гэрэлт дүр, хөшөө дурсгалыг Улиастай хотын төв хойморт сүндэрлүүлжээ. Жалханз хутагт С.Дамдинбазар Дилов хутагт Б.Жамсранжав нарын хөшөөг “Чандмань чулуу” ХХК-ын сийлбэрч, уран барималч О.Мягмарсүрэн 60 хоногийн хугацаанд бүтээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүний биеийн байдал тааруу байна

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн таван метрийн гүн лагийн худгийг цэвэрлэхээр орсон залуу хорт хийнд цохиулж ухаан алдсан. Түүнийг аврахаар орсон өөр нэг ажилтан мөн л хорт хийнд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл гарчээ. Уг мэдээллийн мөрөөр Ус сувгийн удирдах газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоход “Лагийн талбайд осол гарсан. Хоёр хүн гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал тааруу байна” гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Categories
мэдээ нийгэм

“Гурван нүүдлийн 64 бодлого” шатрын ном хэвлэгджээ

“Хос мастер” шатрын академийн захиалгаар бодлого зохиомжийн ОУХМ Орлой Л.Тогоохүүгийн түүвэрлэн эмхтгэсэн “ГУРВАН НҮҮДЛИЙН 64 БОДЛОГО” хэмээх бяцхан товхимол хэвлэгдэн гарчээ.

Энэхүү номонд бодлого зохиомжийн дэлхийн сонгодогууд болон шилдэг мастеруудын шагналт бүтээлээс түүвэрлэн оруулсан байна. Уг ном шатрын бодлого бодогчид, шатрын дугуйлангийн сурагчид, шатар сонирхогчдод зориулсан бүтээл юм.

Номыг бяцхан уншигчиддаа зориулж өнгөтөөр хэвлэсэн бөгөөд номын талаарх мэдээллийг 99187491, 99090169 дугаараас авна уу.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний өгөх өдөр арваннэгдүгээр сарын 1-нд болно

Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг тав дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Хамгийн анх 2010 онд тэд хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн байна. Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж чадсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлэн, бүрэн эдгэрсэн ажээ.
Харин 2011 онд 25-р тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд том оврын автобусыг худалдаж авах аян өрнүүлэн, Hyundai County автобус 20 сая төгрөгөөр худалдан авч өгсөн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульдаа байнга хамрагдах боломжтой болгосон байна.
2012 онд Өгөх Өдрийн хүрээнд АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг албан ёсоор орчуулан, хүүхэд залуучуудын хүртээл болгосон бол өнгөрсөн жил “Өглөгч Мод ба Би” зохион бичлэгийн уралдааныг орон даяар ерөнхий боловсролын сургуулиудын бүх ангийнхны дунд зарласан уралдаанд хот хөдөөгийн 800 гаруй сурагчид оролцжээ.

Харин 2014 он буюу энэ жил “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-өөр дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

  • Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц. Чулуунбат ая хийж, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц. Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар сонор мялаахад бэлэн боллоо.
  • Аравдугаар сарын 26-нд Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх 407-р ангид “Урам Хайрла” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг арга хэмжээнд хувь албан байгууллагуудаас цугларсан хувцас хунар, хүүхдийн хоол тэжээл, хувцас живх зэргийг хүмүүжигчдийн хүүхдүүдэд гардуулан өгч, йогын багш Б. Дэлгэртуяа эмэгтэйчүүдтэй дасгал хийн, дуучин Р. Номин, хуучир хөгжимчин П. Отгонбаатар нар ая дуугаа өргөлөө.
  • “Урам Хайрла Challenge” эхлүүлж, хүн бүр хоёр хүртэл хүнд урам хайрласан, сэтгэлийнхээ үгсийг илэрхийлэхийг уриаллаа. Урам авсан хоёр хүн нь цаашаа тус бүр хоёр хүнд урам хайрлах үгсээ хэлэн, гинжин хэлхээ үүсэх юм. Энэ Challenge-ыг СГЗ, шог зураач С.Цогтбаяр эхлүүлж байна.
  • Өгөх Өдрийн хүрээнд Монгол ТВ-тэй хамтран “Зүрхийг бүлээцүүлэх Зуун захидал” аянг өрнүүлж байна. Тус ТВ-ын “Өнөө Өглөө” продакшнд хаяглан сэтгэлийн захиагаа бичиж болно.
Categories
мэдээ нийгэм

Хуурамч хавсралт хийсэн гэх Н.Дэмбэрэлд эрүүгийн хэрэг үүсгэжээ

МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тагнуулын Ерөнхий газраас мэдээлснээр Н.Дэмбэрэл МАХН,АН-ын дарга нарын байгуулсан гэрээний “нууц” гэх хавсралтыг хуурамчаар үйлсэн гэх. Тагнуулын Ерөнхий газрын тогтоосноор Н.Дэмбэрэл нь дээрх нууц хавсралтыг ажилчиддаа үүрэг өгч мөн өөрөө оролцож хуурамчаар үйлдсэн нь баримтаар нотлогдсон байгаа юм. Тодруулбал, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар энэ сарын 18-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэвч тус гэрээний нууц хавсралт гэх дөрвөн заалт бүхий зүйл цахим ертөнцөөр тарж олныг бухимдуулсан. Тэгвэл үүнийг МАН-ын Хэвлэлийн мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл үйлдсэн гэдгийг ТЕГ-аас мэдээллээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөх уулсын сүүдэр” мэндэлжээ

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Дагмидаа өөрийн шинэ номоо хэвлүүлжээ. Тэрээр энэ удаад “Хөх уулсын сүүдэр” нэртэй романыг уншигчиддаа өргөн барьжээ. Тус ном түүний анхны үргэлжилсэн үгийн ном бөгөөд дархад ястан, бөөгийн амьдралыг гүн гүнзгий илэрхийлсэн ном болсон байна.

Тэрээр өмнө нь “Сарны халуун”/2008/, “Хөл нүцгэн шувууд”/2008/, “Нууранд хоносон сар”/2011/, “Нар ачсан тэмээ”/2011/, “Усны сар”/2013/ зэрэг яруу найргийн номууд хэвлүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн чуулган болно

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” аравдугаар сарын 29-ний 09 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Түүхт ойн баярын хүндэтгэлийн чуулганд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар болон Бүгд найрамдах Турк улсын Анкара хот, Япон улсын Мияаконожо хот, АНУ-ын Денвер хот, БНСУ-ын Тэжон хот, БНХАУ-ын Бээжин, Эрээн хотын удирдлагын төлөөлөл оролцоно. Мөн Улаанбаатар хоттой ах дүү хотын найрамдалт харилцаатай зарим хотуудын дарга нар баярын илгээлтийг уламжилна.