Categories
мэдээ нийгэм

Э.Анхбаяр: Би хоёр том дуурийн ари дуулна

ДБЭТ-ын гоцлол дуучид ОХУ-ын Москвагийн Их театрын тайзнаа “Монголын алтан хоолойтнууд” тоглолт хийх гэж байна. Дэлхийн сонгодог хөгжмийн тэргүүлэх театруудын нэг “Большой театр”-т анх 1960-аад онд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж хөл тавьж, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрийг бүтээж байв. Түүний дараа Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан 1983-1984 онд уригдан очиж “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрүүдийг бүтээс­нээс хойш манай дуурийн урлагийнхан энэ театрт дахин дуулаагүй билээ. Ирэх арван нэгдүгээр сарын 20-нд хийх “Монголын алтан хоолойтнууд” тоглолт нь сонгодог дуурийн өндөр жишиг болох “Большой театр”-т Монголын дуурийн дуу хоолойг сонсгож буй гурав дахь үеболж байна.

ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгээр хийж буй уг тоглол­тод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, СТА Ө.Уянга, Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямба­жав, Б.Батжаргал нар орол­цохоор болжээ. Монголын алтан хоолойтнуудын нэг СТА Э.Анхбаяртай ярилц­лаа. Тэрбээр 2010 онд “Их Монгол” дээд сургуулийн дуу­рийн дуулаачийн ангийг төгссөн. 2007 онд оюутан байхдаа ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр, 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохиогдсон “Байкаль” олон улсын уралдаанд тусгай байр, ОХУ-ын Улан-Үдэ хотноо зохиогдсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэм­жит X урал­даанд “Лучший голос” шагнал болон Гран-при шагнал, 2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач­дын XXIV уралдаанд хоёр­дугаар байр, 2014 онд ОХУ-ын Курск хотноо бол­сон Г.Свиридовын нэрэм­жит ОУ-ын дуурийн дууч­дын уралдаанд II байр эзэлсэн. ДБЭТ-ын урын сангийн Ж.Вердийн “Травиата”, Ж.Пуччинийн “Богема”, П.И.Чайковскийн”Евгений Онегин”, Б.Дамдин­сүрэн­гийн “Учиртай гурван тол­гой”, Б.Шаравын “Чингис хаан”, Ж.Бизегийн “Кармен”, А.Моцартын “Дон Жуан” зэрэг томоохон дууриудад дуулж байгаа өнөө цагийн алтан баритонуудын нэг юм.

Сонгодог хөгжмийн тэргүүлэх театр “Большой театр”-ын тайзнаа Монго­лын­хоо дуурийн урлагийн өнгө төрх болж, дуулах болсонд танд баяр хүргэе?

-Большой театр бол дэлхийн тоотой хэдхэн том театрын нэг. Энэ театрын тайзан дээр дуулах болсон­доо их баярлаж байна. Манай­­хаас хоёр сопрано, нэг меццосопрано, хоёр баритон,хоёр басс хоолойтой дуучид явж байна.

Та энэ жил Орост болсон олон улсын уралдаанаас хоёрдугаар байрын шагнал хүртсэн. Свиридовын нэрэмжит уралдаан байх. Дахин очиж дуулах нь ээ?

-Тэгсэн. Өнгөрсөн хавар тавдугаар сард Курск хотод болсон Г.Свиридовын нэрэм­жит олон улсын дуурийн дуулаач­дын уралдаанд оролцож хоёрдугаар байрыг нь авсан. Дараа нь наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр Францын Тулуз хотод болсон тавь дахь удаагийн уралдаанд очиж финалист буюу сүүлийн шатанд долоон дуучинтай үлдсэн. Шагнал авч чадаагүй.

Тулузын уралдаанд сүүлийн шат хүртэл та ямар бүтээлээс дуулав. Тэр тэмцээний оролцогчдын талаар ер нь ямар сэтгэгдэлтэй ирэв?

-Эхний шатанд нь Ж.Вердийн “Дон Карлос” дуурийн Родригогийн ари, хоёр­­дугаар шатанд П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ариг дуулсан. Тэгээд Фран­цын хөгжмийн зохиолч Дебюссийн “Чудесный вечер” гэдэг роман­сыг, гуравдугаар шатанд Умбер­то Жордано гэж Италийн хөгжмийн зохиолчийн “Андре Шенье” дуурийн Жерарийн ари, мөн С.Рахманиновын нэг романс дуулсан. Тулузын тэмцээн бол том уралдаан юм билээ. Гучин хоёр улс орны зуун тавиад дуучин оролцсон. Монголоос хоёр дуучин оролцсон. Надтай хамт манай театрын гоцлол дуучин Батжаргал. Солонгосын дуучид олноор оролцсон. Гуч гаруй хүн байсан байх. Францаас зургаа, Оросоос дөрөв, Америкаас гурав гэхчлэн. Цар хүрээ маш өргөн том уралдаан болсон. Эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүйгээр нийтдээ гурван байртай. Сүүлийн шатанд арван хоёр дуучин үлдсэний долоо нь эрэгтэй дуучид бай­сан. Долоон эрэгтэй дуучны дөрөв нь тенор, нэг баритон, хоёр басс байлаа. Анх тэмцээнд орохдоо хорин дөрвөн тенор, хорин таван баритон, арван долоон басс орсон. Баритонуудаас би ганцаараа финалд үлдсэн л дээ. Ерөнхийдөө нэлээн гайгүй дуулчихлаа гэсэн бодолтой л байсан.

Ер нь хараад байхад теноруудыг илүү онцолж үздэг тал байх шиг байдаг. Гэхдээ уралдаануудадтийм тал байна уу?

-Европын уралдаануудад би явж үзээгүй л дээ. Тулузын уралдаан миний анхных байсан. Европт бол үнэхээр сайхан дуугарах юм бол тенор хоолойг илүү авч үзэх тал байдаг. Ер нь тенор хоолой өөрөө ховор хоолой л доо. Тулузын уралдаанд эхний гурван байрыг тенор дуучид авсан.

Тэр гоё гоё теноруудыг сонсоод явж байхад хамт нэг тайзан дээр дуулж байгаа өөрийн орны теноруудаа хэрхэн мэдрэх юм?

-Манай залуучууд сайн шүү дээ. Манайд бол сонгодог урлаг, ялангуяа энэ дуурийн урлагийг улсаас дэм­жих бодлого үнэндээ нойль заачихсан байна. Улс үүнийг мэддэггүй юм уу эсвэл хүсдэггүй юм уу гэдгийг би сайн мэдэхгүй. Тийм болохоор энэ урлагаа харж үзээсэй. Спорт, урлаг хоёроор л манай улс дэлхийд танигдаж яваа шүү дээ. Түүнээс биш далан зургаан гишүүнийг дэлхийд хэн ч танихгүй. Чингэс хааныг мэднэ. Өнөөдөр олимпийн аварга Түвшинбаярыг танина, манай Амартүвшин баритоныг танина. Дэлхийн том том урал­даан үзэж суугаа хүмүүсМонголын Амартүвшин гэж бүгд танина. Гэх жишээтэй Монголыг ер нь тэгж л таньдаг. Тийм болохоор энэ дуурийн урлагаа маш сайн анхаарч үзээсэй гэж боддог. Жүдо өнөөдөр ийм өндөр түвшинд хөгжиж байгаагийн цаана Х.Баттулга гишүүн л байна шүү дээ. Тэрэн шиг манай дуулаачдыг дэмжвэл манайхан үнэхээр дэлхийн түвшинд дуулах цаг нь ирчихсэн юм байна гэж би хувьдаа харж байна.

Москва руу ямар хөтөл­бөртэй явах гэж байна вэ?

-Манайх бүтэн том сонго­дог концертын хоёр хэсэг бүхий хөтөлбөртэй явж байна. Дэлхийн сонгодог дууриудын ари, дуэтууд гэхчлэн. Миний хувьд бол Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ари, “Дон Карлос” дуурийн Родригогийн ариг дуулна.

Дон Карлос дуурь их том дуурь. Зөвхөн Вердийн дууриуд дотроо төдийгүй дуурь дотор нэлээн хүндэд ордог гэдэг. Найруулагч нарын мөрөөдлийн жүжгүү­дийн нэг. Манайд тавиагүй болохоор манай үзэгчид сайн мэдрэхгүй байгаа байх л даа. Таны дуулах дүр ямар вэ?

-Манайд энийг тавих боломж гардаг юм бол дуулах юм сан гэж боддог. Родриго гэж дон Карлогийн туслах залуугийн дүр юм. Ер нь Родригогийн ари бол центральный баритон дуулахад маш тохиромжтой ари.Дуурь нь өөрөө маш хүнд дуурь. Гурван цаг гаруйн дуурь.

Таны хөтөлбөрт орсон “Гилбэрийн хатан” дуурийг манайх ерэн хэдэн онд кон­цер­тын хэлбэрээр тавьсан санагдана. Дахиад тоглоогүй?

-Намайг хүүхэд байхад тавьсан юм билээ. Ёстой л ерэн дөрөв таван он байх. Манай багш дуулсан байдаг. Тэгэхээр чинь би тэр үед долоон настай жаал гүйж явж.

Дуурийг та анх хэрхэн сонгож байсан бэ?

-Хүүхэд байхаасаа л дуулдаг байсан. Бас багадаа зураг зурах сонирхолтой бай­лаа. Манайхан ер нь удам­даа зураачидтай гэр бүл. Гэхдээ ээж намайг эмч болгох сонирхолтой байсан. Арваа төгсөөд би дуучин болохоор СУИС-д шалгалт өгөөд тэнцсэнгүй. Муу л дуулдаг байсан юм байлгүй дээ. Шалгалт авсан багш нарын дунд ардын жүжигчин Г.Банди багш байсан. Банди багш л намайг нэлээн сонирхож байсан. Хоёр дахь шалгалт нь бүжиг бүжиглэдэг юм байна, хөгжим тоглодог юм байна, шүлэг уншдаг юм байна. Тэд­нийг нь би мэддэггүй. Тэгээд Жавзандулам багшийнхаа сургуульд очсон. Нэг жил бэлдээд оръё гэсэн бодолтой. СУИС-д лмундаг дуучин бэлддэг юм байх гэж тэр үед ойлгодог байлаа. Нэг жил багш маань намайг бэлдлээ. Хоолой маань ч сайхан жигдрээд ирсэн. Багш маань анх надад 2007 оны намар нэгдүгээр курст байхад олон улсын урал­даанд оролцох санал тавьж байсан. Тэр уралдаанд яваад хоёрдугаар байрын шагнал аваад ирсэн.

Ямар уралдаан байсан бэ?

-ОХУ-д болсон дуурийн залуу дуулаачдын олон улсын тавдугаар уралдаан байсан. Тэрнээсээ маш их урам аваад ерөөсөө энэ мэргэжлээрээ явъя гэж бодож дуурийг сонгосон доо.

Танд ховор тохиох боломж гарч л дээ, тэр үед. Ардын жүжигчин Б.Жавзан­дулам гуай бол агуу сопрано. Чадал чансаагаараа хол тасарсан дуучны гар дээр очсон тань тэр хүн театраас гарч, сургууль байгуулсан үетэй таарсан юм шиг байна, тийм үү?

-Хүний хувь зохиол л гэж боддог. Хэрвээ би СУИС-д тэнцээд орчихсон бол ингэж бэлтгэгдээ ч үү, үгүй ч үү. Ер нь л хувь зохиолоороо л би багштайгаа учирсан байх. Өдий зэрэгтэй яваа маань багшийн маань л ач шүү дээ.

Тэгээд та тэр сургуулиа л төгссөн үү?

-Тэгсэн.

Б.Жавзандулам гуайн сургууль “Их Монгол” гэдэг дээд сургуулийн дэргэд тэнхим гэж явдаг юм байна лээ. Насаараа дуурьт ажил­ласан хүн сургуулиа бие дааж босгох их хэцүү байх л даа, тийм ээ. Яг яасан юм бэ?

-Манай ангийнхан ер нь жигдхэн сайн хүүхдүүд байсан. Бараг бүгд л хөдөө мал маллаж байгаад ирсэн хүүхдүүд л дээ. Багш анх ийм сургууль байгуулъя гээд явсан. Бичиг баримтаас өгсүүлээд хэцүү л байдаг юм байна л даа. Яг өөрийн гэсэн байргүй. Тэр бүхэнд тулгамдаад багш мааньямар ч байсан сургуулиа авч үлдэхийн тулд Их Монгол сургуулийн харьяанд орсон юм билээ. Тэр үед нь бид нар хоёрдугаар курст байсан. Би маш их боддог юм. Багшийн маань байгуулсан тэр сургууль том оперын сургууль болж босоосой гэж. Багшийнхаа сургууль дээр очоод багшлаад суух юмсан, багшийнхаа зааж өгсөн юмыг хүүхдүүдэд цааш нь заагаад сууж байх юм сан гэж мөрөөддөг.

Таны анхны жүжиг ямар жүжиг байв. Ер нь анх бүрэн хэмжээний дуурьт гарах ямар байдаг вэ?

-“Евгений Онегин” байсан. Хоёр мянга арван нэгэн онд би сургуулиа төгслөө. Ажилгүй байлаа. Намайг ч Дуурийн театрт авахгүй байх гэсэн бодолтой. Дөнгөж төгссөн болохоор өөртөө жаахан итгэлгүй. Тэгээд би Глинкийн уралдаан, Линховойн уралдаанд яваад, тэрнээсээ бас жаахан шагнал аваад. Глинкийн уралдаанд гэхэд ямар ч мэдээлэлгүй очоод дуулсан. Нэг мэдэхэд тэнцээд дээшээ яваад өгсөн. Тэгж хоёрдугаар байрыг нь авсан. Баярлаж урам ороод, ирээд Дуурийн театрт танайд ажилламаар байна гэлээ. Тэр үед Сэргэлэн захирал байсан. Чи төгсөөд шууд ирэхгүй хаагуур явж байсан хүүхэд вэ гээд авч байсан.Тэгж анх театрт хоёрдугаар сард орж ирсэн л дээ. Тавдугаар сард нь “Евгений Онегин”-д дуулсан. Онегиныг би хоёрдугаар курст байхдаа бүтэн партаар нь сурчихсан байсан юм.

Танайх Л.Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурийг сэргээн тавьж, ирэх амралтын өдрүүдэд тоглох гэж байна. Та ямар дүр бүтээж байна вэ. Ямархуу байна?

-Тоглоход одоо бэлэн болчихсон. Би Галдан гэж ноёны удам залгах агьд тоглож байна. Мөрдорж гуайн хөгжим, хөгжим талаасаа мэдээж сайхан. Монголчууд морин хуураа дээдэлдэг ард түмэн. Тэр утгаараа манай урын санд зайлшгүй байх ёстой дуурь гэж үзэж сэргээж байгаа. Морин хуурын түүхийг өгүүлсэн, таван үзэгдэлтэй, нэг цаг гаруйн жүжиг. Хүүхэд залуучууд үзэхэд сайхан дуурь л даа.

Н.ПАГМА

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн дээд шагналыг “Буянт ухаа-1” хороолол хүртэв

Нийслэлийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг өнгөрсөн жилээс хотын удирдлагууд шалгаруулж эхэлсэн билээ.

Энэ удаагийн “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д дөрвөн төрөлд 57 бүтээн байгуулалтаар 60 гаруй аж ахуй нэгж, компани нэр дэвшин өрсөлдсөн байна. Үүнээс барилга байгууламжийн бүтээн байгуулалтын төрөлд иргэдийг тохилог чанартай орон сууцаар хангаж, орчны тохижилтыг бүрэн шийдсэн “Буянт Ухаа-1” хороолол шалгарчээ. Мөн авто зам бүтээн байгуулалтын төрөлд Баянзүрхийн товчооноос Богд уулын араар дамжин Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто замын ажил шалгарсан байна. Түүнчлэн дэд бүтэц, инженерийн бүтээн байгуулалтын төрөлд Нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийг ундны усаар хангах чиглэлээр ажиллаж байгаа “Жайка” олон улсын байгууллага, Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачуурт эх үүсвэрийн ажил” тус тус шалгарч нийслэлийн дээд шагналын эздээр тодорсон байна.

Өнгөрсөн жил бүтээн байгуулалтын дээд шагналын төлөө 21 бүтээн байгуулалт нэр дэвшиж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийн хүүхдүүд хордлого тусчээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 25 хүүхэд хоолны хордлого авсан байна. Аравдугаар сарын 29-нд буюу өчигдөр 23.00 цагийн байдлаар хордлого авсан хүүхдийн тоо 39 хүрчээ. Эдгээр хүүхдүүдийн биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа гэнэ.

Эмч, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөлөл бүхий сумын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж.

Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн зургаадугаар сургуулийн дотуур байрны 99 хүүхэд хоолны хордлого авсан юм. Эдгээр хүүхэд юунаас болж хордсоныг холбогдох байгууллагаас шинжилгээ хийхэд хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодисонд хордсон нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины 11 холбогдогчтой дөрвөн гэмт хэрэг илрүүлжээ

Цагдаагийн байгууллага энэ оны аравдугаар сарын 13-аас 27-ны хооронд гэхэд хар тамхины 11 холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Аравдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах “Playback” интернет тоглоомын газарт иргэн Ч, М, Б, А, Г, Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалж, хэрэглэсэн байна.
Мөн аравдугаар сарын 15-ны өдөр 15-р хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм Канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж иргэн С нь иргэн М,А нартай бүлэглэн мансууруулах төрлийн канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэдээс 1 кг 629 грамм канабисыг хураан авчээ.
Аравдугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л,М,нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлсэн аж. Аравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух иргэн Ч гэгч нь найман кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамлын хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ICE буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдаж байна. Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуус үйлдэж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Эрчүүд яагаад жаахан зовж болохгүй гэж…

“Танайх үрийн суваг боох мэс засал хийдэг үү” гэж хэдэн газраас асууж үзвэл “Үгүй” гэсэн хариу сонслоо. Бэлгэвч хэрэглэхийг эс тооцвол эрчүүдийн хувьд үрийн суваг боох мэс засал гэдэг жирэмслэлтээс хамгаалахад оруулж буй эрчүүдийн ганц хувь нэмэр. “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч З.Цэгмид нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “Ер нь жирэмслэлтээс хамгаалах эрчүүдийн үрийн суваг боох хагалгаа гэж байдаг. Эмэгтэйчүүд өөрсдөө жирэмслэлтээс хамгаалаад явж чадаж байгаа үед энэ хагалгааг хийх шаардлагагүй гэж үздэг. Надад ийм саналыг үйлчлүүлэгчид маань тавьж байсан. Тэр бүхэнд учрыг тайлбарлаж ойлгуулаад явуулдаг” гэж ярьсан байна. Тэр өөрөө эр хүн болохоор “ашиг сонирхлын зөрчилтэй” хариулсан байж магадгүй. Түүнээс биш үрийн суваг боох нь үр тогтоохгүй л болгож байгаа болохоос биш бэлгийн чадварт нь нөлөөлөхгүй л дээ. Харин үүний оронд эмэгтэйчүүдийг “зовоох” өч төчнөөн арга, эмчилгээ, үйлчилгээ хөвөрнө. Эмэгтэй хүний үр дамжуулах хоолойг боох асуудлыг хэн ч эр хүний үрийн суваг боохын дайтай хүнд хүлээж авахгүй. Жирэмслэлтээс хамгаалахын тулд эмэгтэй хүн элдэв даавар уухаас авахуулаад эрүүл мэндэд гаж нөлөө ихтэй өч төчнөөн арга замыг туулдаг. Үрийн суваг боох мэс заслыг өргөн дэлгэр хийж болохгүй шалтгаан байдаг л даа. Ахиж хүүхэдтэй болохгүй гэсэн үедээ л эрчүүд ийм аргыг сонгох болдог. Нэгэнт ийм арга сонгосон бол буцаах арга байхгүй нь үнэн. Тийм ч учраас нэгээс, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг Хятадад энэ аргыг ихээр хэрэглэдэг. Бас мөнгөтэй эрчүүд, хууль бус хүүхэд, өв залгамжлагчийн зөрчлөөс сэргийлж энэ аргыг сонгох талтай. Гэсэн ч эхнэрээ бодож ийм сонголт хийж байгаа эрчүүдэд сонголт олгох хэрэгтэй шүү дээ.

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

Иракд дэлбэрэлтийн улмаас 34 хүн амиа алджээ

Иракийн нийслэл Багдад хотноо дэлбэрэлт болж хэдэн арван хүн шархдаж 34 хүн амиа алджээ.Албаны хүмүүсийн мэдээлснээр эхний дэлбэрэлт Багдадын өмнөд хэсэг Журф-ал-Сахар хотын ойролцоо болж 24 хүн амиа алдсан байна.Тэдний таамаглаж байгаагаар тус халдлагыг Исламын улсын босогчид үйлдсэн гэж үзэж байгаа юм байна. Харин хоёр дахь халдлага хотын төвд Каррада дүүрэгт болж 10 хүн амиа алдсан бөгөөд хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Иракд сүүлийн хэдэн сарын турш тэсрэх бөмбөгтэй халдлага болж хэдэн зуун хүн амь насаа алдаад байгаа юм.

Б.Анужин

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эзэд тодорчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн орлогч дарга нар, Нийслэлийн ЗДТГ болон хэрэгжүүлэгч агенлагууд, Нийслэлийн дүүргүүд, Яамдууд, Гадаадаас уригдсан зочид төлөөлөгчид, Олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.

а Нийслэлийн Засаг Дарга энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Нийслэийн 375 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил нийт 21 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бол энэ жил 4 төрлөөр 57 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлж цар хүрээ тэлж, өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил дэвшил бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид Та бүхэн баялаг бүтээгчид юм. Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүнгээр Нийслэлийн өнгө үзэмж өдрөөс өдөрт нэмэгдэж, хөгжил цэцэглэлт улам дэлгэрэн хөгжиж байна” Тийм ч учраас Та бүхнийг “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-аар урамшуулах ёстой” гэдгийг тодотгон хэллээ.

“Барилга байгууламжийн бүтээн байгуулалт”-ын төрөлд “Энконта хотхон”, “Дөрвөн улирлын цэцэрлэг”, “Гэгээнтэн цогцолбор”, “Буянт Ухаа – 1 хороолол”, “Интернет эмнэлэг”, “Улаанбаатар уран баримал”, “Монгол-Германы уул уурхай технологийн их сургууль”, “Bloomberg Tower” нэр дэвшсэнээс иргэдийг тохилог чанартай орон сууцаар хангаж, орчны тохижилтыг бүрэн шийдсэн “Буянт Ухаа – 1 хороолол

“Авто зам бүтээн байгуулалт”-ын төрөлд “Эсто” ХХК “Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам”, “Жи Би энд Өү Эн” ХХК “Түр Гүүр”, “Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл”, “Эйч Кей Би Интерейшнл холдинг” ХХК “Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил”, “Экспресс зам” ХХК ” Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто зам”, “Хансуун зам” ХХК “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх 6 км авто зам”-ын ажлууд нэр дэвшсэнээс авто замын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан “Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам”-ын ажил шалгарлаа.

Харин “Дэд бүтэц, инженерийн бүтээн байгуулалт”-ын төрөлд “Баганат Өргөө” ХХК “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Жайка” олон улсын байгууллага “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх – Гачуурт эх үүсвэр, “Худалдаа хөгжлийн банк” “Ухаалаг автобус буудал, “Бридж констракшин” ХХК “Туул-1 коллектор”, “Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл”, “Хера Пропертийз” ХХК “Гэр хороолын дахин төлөвлөлт”-ийн ажлууд нэр дэвшсэнээс Нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийг ундны усаар хангахаар ажиллаж байгаа “Жайка” олон улсын байгууллага “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх – Гачуурт эх үүсвэр

“Дэвшилтэт техник, технологийн бүтээн байгуулалт” төрөлд Тарилгын шингэний технологи “Айвико” ХХК, Сайн сүүний үйлдвэр “АПУ” ХХК, Гялгар уут, сав савлагаа боодлын үйлдвэрлэл “Мултипак” ХХК, Шинэ үйлдвэрийн цогцолбор “Монос групп”, Тавилгын үйлдвэр “Megawood” ХХК, Европ стандартын тавилгын үйлдвэр “Долоон болдог” ХХК, Баян шувуу төсөл “НВЦ” ХХК, Бетон ханын хавтан, хийц эдлэлийн үйлдвэр “Гранд байшин” ХХК үйлдвэрүүд нэр дэвшсэнээс шинэ техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Өндөг, тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл “НВЦ” ХХК – ууд

“НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эздээр тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цомыг гардан авлаа. Тусгай байрын шагналыг “Авто замын бүтээн байгуулалт”-ын төрөлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн Бээжингийн гудамжны өргөтгөл-шинэчлэлтийн ажил /0.9 км авто зам, 74 у/м төмөр бетон гүүр/ “Бээжин констракшн инженеринг” групп, Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил “Эйч Кей Би Интернэшнэл холдинг” ХХК, Туул, сэлбэ гол дээрх ган-төмөр гүүрийн угсралтын ажил “Жи Би энд Өү Эн” ХХК, Хувьсгалчдын гудамж, зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4.6 км авто замын өргөтгөл-шинэчлэлтийн ажил “Экспресс зам” ХХК, “Барилга байгууламж” төрөлд “Энканто хотхон” “Камдер” ХХК, “Гэгээнтэн цогцолбор” “Жигүүр Гранд” групп, “Дэд бүтэц-Инженерийн байгууламж” төрөлд 200 цэгт олон улсын стандартыг хангасан автобусны буудал “Худалдаа Хөгжлийн Банк”, Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүргийн 8,16-р хорооны дэд бүтцийн байгууламж “Баганат Өргөө” ХХК, “Дэвшилтэт техник, шинэ технологи” нэвтрүүлсэн үйлдвэрээр Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр “Мултипак” ХХК, Weiler Герман технологи бетон зуурмагийн үйлдвэр “Гранд байшин” ХХК гардан авлаа. Мөн өөрийн санаачлага, хөрөнгөөр “Дэнжийн – 1000”-ын “Ногоон нуур”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгож, Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн С.Өлзийтогтохыг шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингэсийн талбайд зад хямдрал үргэлжилж байна

Нийслэлийн 375 жилийн ойн өдөрт тохиолдуулан Чингэсийн талбайд “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдааг 13.30 минутаас эхэллээ. Тус үзэсгэлэнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат- Үүл мэндчилгээ дэвшүүлж нээсэн юм. Үзэсгэлэнд хүнсний болон бараа бүтээгдэгдэхүүн борлуулдаг олон аж ахуй нэгжүүд оролцож байна. Тухайлбал, өндөг нэг ширхэг нь 180 төгрөг бөгөөд 30 ширхэг нь 5400 төгрөг гэж байна. Хямдрал зарлаагүй энгийн үед өндөг нэг ширхэг нь 280-450 төгрөгийн үнэтэй байдаг билээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, хиам болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр зарагдаж байна. “Миш маш” компанийн чавга, ананас, интоорийн шилтэй компот ширхэг нь 2000-3600 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. “Гоёо”, “Дархан нэхий” зэрэг олон компани хямдрал зарлаад байна. Иргэдийн хувьд өндөг, сүүн дээр урт дараалал үүсгэж байгаа бөгөөд талбай дүүрэн хүн одоо ч бужигнаж зад хямдралыг сонирхож байна.

Гэрэд зургуудыг

Г.Лхагвадорж, Ц.Мягмарсүрэн

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын бодлогын анхдугаар форумд оролцож байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2014 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо болж буй Дэлхийн залуучуудын бодлогын асуудлаарх анхдугаар Форумд оролцож байна.

Форумын гол зорилго нь нийгмийн түлхэгч хүч болсон залуучуудын хөгжлийг хангахад улс орнуудын олсон ололт амжилт, тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, туршлага солилцож, залуучуудын бодлогын асуудлаарх бодлогын хүрээг бий болгохын ач холбогдол, уг бодлогын үндсэн зарчмуудын талаар санал солилцож, зөвшилцөөнд хүрэхэд оршиж байгаа юм. Уг Форумыг Азербайжаны Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын Зөвлөл, ЮНЕСКО зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөл болсон нийт 700 гаруй залуус, бодлого боловсруулагч, шийдвэр гаргах түвшний зэрэг төлөөлөгчид хуран цугласан байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусын эмийг бүртгэхэд бэлэн гэв

АНУ-ын Gilead Sciences компани нь “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад худалдах зорилгоор уг эмийг бүртгүүлэх хүсэлтийг 2014 оны 07 дугаар сард ЭМЯ-нд ирүүлсэн байна.

Уг хүсэлтийг яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцсэн бөгөөд бүртгэлийн журмын зарим заалтыг хангаагүй учраас бүртгэлийг түр хойшлуулжээ. Үүнд:

1. Бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн нэр нь “Совалди” гэж байхад АНУ-ын Эм, хүнсний зохицуулалтын агентлаг (FDA)-аас олгосон эмийн бүтээгдэхүүний гэрчилгээнд уг эмийн нэрийг “Солвалди” гэсэн байна. Ийнхүү нэрийн зөрүүтэй байгааг тодруулах шаардлагатай.

2. Монгол улсад бүртгүүлэх “Access” буюу “Хүртээмж” гэсэн сав баглаа , хаяг шошго бүхий эмийн дээжийг ирүүлээгүй бөгөөд харин АНУ-ын зах зээлд худалдаалагдаж байгаа эмийн загвар дээжийг явуулсан байна. Энэ нь тухайн эмийн гарал, үүсэл тодорхой бус байгааг харуулж байна.

3. Бүртгүүлэх импортын эм нь тухайн үйлдвэрлэсэн орондоо 3-аас доошгүй жил хэрэглэсэн байх заалтыг хангаагүй болно /Sovaldi (софосбувир)-г 2013 оны 11-р сард Европын холбооны эмийн агентлаг, 2013 оны 12-р сард АНУ, 2014 оны 1-р сард Канад улсад тус тус бүртгэсэн байна/.

Хүний эмийн зөвлөлийн дээрхи шийдвэрийг АНУ-ын Gilead Sciences компаны төлөөлөгчид болон түүний Монголд дахь албан ёсны гэрээт борлуулагч Омбол ХХК –д 2014 оны есдүгээр сард танилцуулсан ба тус компаны төлөөлөгчид дээрх шаардлагыг хүлээн авч, бүртгүүлэхээр өгсөн бүх материалаа буцаан авчээ. Тэгвэл холбогдох материал бүрдсэн үед уг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэх боломжтой тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.