Categories
мэдээ нийгэм

Ч.Гансүх нарын хэргийг шүүж байна

Татварын ерөнхий газрын Хяналт шал­галт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэж байна.

Тэдэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард таван өдөр хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас хахууль авахыг завдсан, хууль бусаар хөрөнгөжсөн, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруу­тайд тооцож, татварын улсын байцаагчаар ажиллах эрхийг нь найман жилээр хасч, найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин шүүгдэгч Д.Энхбатад мөн найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Т.Галмандах, О.Бямбасүрэн, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Б.Жаргал нарыг албан тушаалаа урвуулан ашигласанд тооцож, гурван жил хорих ял оноосон билээ.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг өнгөрөгч тавдугаар сард Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хэлэлцээд Ч.Гансүхийн хууль бусаар олсон 2.8 тэрбум төгрөг гэсэн үнийн дүнд давхардал гарсныг засч, 1.4 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор болж, бусад холбогдогчид оногдуулсан ялыг хэвээр баталсан юм.

Тэдний хяналтын шатанд гаргасан гомдлыг Дээд шүүхэд яг одоо хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн соёрхолт зураач До.Болд Нью-Йоркт сураггүй болжээ

АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 27-нд жуулчилж явсан 62 настай Монголын иргэн сураггүй болсон талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Алга болсон жуулчин Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Долгоржавын Болд ажээ. Тэрээр алга болохоосоо өмнө Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн наймдугаар өргөн чөлөөний 31-р гудамжинд явж байсан нь камерын бичлэгт үлджээ. Тухайн үед саарал өнгийн хантааз, улаан ноосон цамц, хар өмдтэй явсан байна.

Зураач До.Болд жуулчилж байх хугацаандаа Лонг Айланд хотын “Fairfield” зочид буудалд байрлаж байсан гэнэ. Нью-Йоркийн цагдаагийн газраас түүнийг төөрсөн, эсвэл ямар нэгэн золгүй явдал тохиолдсон хэмээн таамаглаж буй юм.

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач До.Болд нь И.Репиний нэрэмжит Уран зургийн академийг 1977 онд дүүргэсэн. Түүнийг Монголын дүрслэх урлагийн салбарт “Ардчилал”-ын салхийг анх зоригтойгоор оруулж ирсэн уран бүтээлч гэж тодорхойлох нь бий. Дэлхийн 20 гаруй оронд, 30 орчим үзэсгэлэн гаргаж, олон улсын шагнал удаа дараа хүртсэн түүнийг зөвхөн Монголын бус, дэлхийн уран бүтээлч гэдэг. Тухайлбал, түүний дүрслэх урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Англи дахь олон Улсын намтрын төвөөс 2012 онд шилдэг 100 мэргэжилтний нэгээр шалгаруулж байсан билээ.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Хятад иргэн чонын арьс хил давуулахыг завджээ

ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн ажилтнууд энэ сарын 28-ны өдөр БНХАУ-ын иргэн хууль бусаар чонын арьс хил давуулах гэж байсныг илрүүлжээ.

Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан уг иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17 ширхэг чонын арьс илэрсэн байна. БНХАУ-ын иргэн нь чонын арьсыг гаальд мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүй, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан учир саатуулан шалгажээ.

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гадаадын иргэдийн ачаа тээшинд эрсдэл тооцон ажилласнаар цөөнгүй зөрчлийг илрүүлэн ажиллаж байгаа билээ

Categories
мэдээ нийгэм

“Иргэн 2014” програмыг ашиглана

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем “Иргэн 2014” програмыг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Улрикэ Эбэлинг нар оролцов.

“Иргэн 2014” програм нэвтэрснээр хэргийн хөдөлгөөнийг богино хугацаанд шуурхай, амжилттай зохион байгуулах технологийн боломж бүрдэж байгаа юм. Энэ нь нэг талаас хэргийн оролцогчдын шүүхэд мэдүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг бүрэн дүүрэн хангах боломжтой ба нөгөө талаас шүүх нь төрийн байгууллага болохын хувьд үр ашиггүй төсвийн зардлыг хэмнэх аж. Мөн хэргийн шийдвэрлэлтийн явцыг цогцоор нь харах, хэрэг хянан шийдвэрлэх техник ажиллагаа хөнгөвчлөгдөж, цаг хугацааны хэмнэлт бий болох давуу талтай. Шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийн давхардал, хийдэгдэл арилах бөгөөд статистик тайлан мэдээг шууд харах, гаргах, хэсэгчлэн гаргах, судалгаанд хэрэглэх боломжтой гэнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүхийн ажилтнууд өөрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгохын зэрэгцээ шүүхийн ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч хэргийн талаарх мэдээлэл хайж олох ажиллагаа шуурхай, хялбар болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусанд мөнгө төлөхийг эсэргүүцэв

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжийг цаашид хэвээр хадгалах талаар мэдэгдэж, УИХ, ЗГ, НИТХ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, болон бусад холбогдох байгууллагуудад хандсан.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 23-нд мэдээлэл хийж, нийтийн тээврээр үнэ, төлбөргүй зорчдог иргэдийн асуудлыг хөндөж, нөхөн олговроос татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэдний зүгээс 30 хувиар бууруулан нийслэлд баталсан төсөвт тааруулан хүн тээвэрлэх эсвэл батлагдсан төсвөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутанд олгож тэдгээр нь нийтийн тээврээр зорчих бүртээ төлбөрөө төлж зорчих гэсэн хувилбарыг дэвшүүлсэн.

Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад 115.000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 33934 нь нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлагатай ба тэдний нөхөн олговорт 10.6 тэрбум төгрөгийг төсөвлөснийг 30 хувиар бууруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хилчид орон сууцтай боллоо

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор НАХЯ-ны системийн байгууллагын барилга байгууламжийг барих, засварын ажил хийж гүйцэтгэх үүрэгтэйгээр 1964 онд байгуулагдсан Хилийн 0119 дүгээр ангийн 50 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Хилийн 0119 дүгээр ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян Цэргийн гавьяаны улаан тугийн одонг ангийн байлдааны туганд зүүж, ангийн бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв. Мөн ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав үе үеийн хилчин барилгачид, одоо ажиллаж буй хамт олонд хандаж баяр хүргэн, ажлын амжилт хүслээ

Хил хамгаалах байгууллага хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц бодлогын хүрээнд эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчдээ орон сууцаар хангах тал дээр сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгаа аж. Энэ онд нийслэлийн БЗД-ийн нутаг дэвсгэрт “Харуул-Алтай” хотхоны 280 айлын орон сууцыг барьж бэлэн болгосноо мөн энэ өдөр ашиглалтад орууллаа. Тус барилгын ажлыг хурдан шуурхай хугацаанд хурандаа Х.Лхагвасүрэн захирагчтай Хилийн 0119 дүгээр ангийн хамт олон гардан гүйцэтгэсэн юм байна.

Хилчин барилгачид ийнхүү 50 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн угтан авч байгаа нь энэ аж. Тус анги хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд санаачилга гарган 2010-2014 онд Улаанбаатар хотод “Хилчин”, “Харуул-Алтай” иж бүрэн цогцолбор хотхон барьж байгуулан 1500 гаруй айл өрхийн ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагынхан найман кг хар тамхи илрүүлжээ

Цагдаагийн байгууллагууд хар тамхи, мансууруулах бодисын хадгалалт, хэрэглээтэй холбоотой асуудлаар дараахь хэргүүдийг шалгаж байгаа ажээ.

Тухайлбал, өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 27-нд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух иргэн Ч гэгч нь найман кг канабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж авч хадгалж байсныг илрүүлэн, уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байна.

Цагдаагийн байгууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд 11 кг канабис буюу мансууруулах төрлийн ургамал, 34 грамм ICE буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Тодруулбал, Цагдаагийн байгууллага энэ сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах “Playback” интернэт тоглоомын газарт зургаан иргэн 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хэрэглэснийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Мөн энэ сарын 15-ны өдөр иргэн А гэгч нь 23 грамм канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж, иргэн С нь иргэн М, А нартай бүлэглэн мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэдээс нэг кг 629 грамм канабисыг хураан аваад байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л, М,нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэллээ.

2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлджээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн 0119 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хилийн 0119 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр тус ангид болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян одонг тус ангийн байлдааны туганд зүүж, ангийн бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид аа!

Үе үеийн хилчин барилгачид аа!

Та бид өнөөдөр хилийн 0119 дүгээр ангийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан тус ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасан түүхэн тэмдэглэлт үйл явдалд оролцож байна.

Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан хагас зуун жилийн түүхийн хугацаанд төр, засгийн болон цэргийн онц чухал обьект, тусгай зориулалтын барилга байгууламж, хүүхдийн сургууль, цэцэрлэг, зуслангийн олон зуун бүтээн босголтын ажлыг хийж, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэхэд болон улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бахдам сайхан амжилтаа үнэлүүлэн ангийн байлдааны аранзал улаан тугаа төрийн одонгоор мялааж байгаа үе үеийн хилчин барилгачид та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 87 дугаар тогтоолоор аж ахуйн тооцоонд шилжсэнээс хойш улс орны аюулгүй байдлыг хангах, төрийн нууцын зэрэглэлд хамаарах хил хамгаалалтын барилга байгууламж, их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих, засварлах ажлыг амжилттай гүйцэтгэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд санаачилга гарган 2010-2014 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Хилчин”, Баянзүрх дүүрэгт “Харуул Алтай” иж бүрэн цогцолбор хотхон байгуулж, 1500 гаруй хилчин гэр бүлийг гал, голомтоо бадраан ая тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлсэн өрнүүн их ажлыг бүтээснийг цохон тэмдэглэхэд таатай байна.

Хилчин барилгачдын эгнээнээс Монгол Улсын гавьяат барилгачин, ахлах ахлагч Р.Эрдэнэбат, П.Мэндбаяр нарын төр, ард түмэндээ үнэлэгдсэн олон арван алдартан төрөн гарсны зэрэгцээ, энэ хамт олны дунд бэлтгэгдсэн барилгын төрөл мэргэжлийн мянга, мянган боловсон хүчин улс орны өнөөдрийн барилгын салбарын хөгжлийг тодорхойлолцож байгаад баяртай байна.

Танай хамт олны бүтээсэн барилга байгууламж, өнөөдрийн Монгол Улсын бүтээн байгуулалтад зохих байр суурийг эзлэн, нэгээхэн хэсэг болж байдагт талархал илэрхийлэхийн ялдамд та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Асрамжийн газрын 1000 хүүхдэд хүндэтгэл үзүүлжээ

Нийслэлийн 32 асрамжийн газарт 900 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан хотын удирдлагууд асрамжийн газар, сэргээн засах үндэсний төв, зарим ТББ-ын 1000 гаруй хүүхдэд хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн тэдэнд зориулж Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг зохион байгуулжээ.

Нийслэлийн өдрөөр ийнхүү асрамжийн газрын хүүхдүүд хотын удирдлагуудаасаа хүндэтгэл хүлээж, нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.

Манай улсын асрамжийн газруудаас хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв нь нэлээд олон хүүхэдтэй буюу 210 хүүхэдтэй аж. Тус төв нь хүүхдүүддээ асран халамжлах, гэр бүлд нь эргэн нэтгэх үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн тэдний авьяасыг хөгжүүлэх зорилгоор дугуйлан хичээлүүлдэг ажээ.

Мөн манай улсын асрамжийн газруудаас гуравт нь төрөөс санхүүжилт олгодог байна. Харин бусад төвүүд нь дотоод болон гадаадын санхүүжилт, хувь хүмүүсийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Categories
мэдээ нийгэм

“Номоор нээе” төсөл хэрэгжинэ

ШШГЕГ-ын харьяа хорих анги, албанд ял эдэлж буй хоригдогсдыг нийгэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор МЗХ-ны санаачилгаар “Номоор нээе” төслийг хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Төслийн хүрээнд “Залуу хүний заавал унших ёстой 100 номын жагсаалт”-ыг батлан гаргах бөгөөд эдгээр номыг худалдан авч, хорих ангиудын номын санд хандивлах зэргээр ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэн, эхний ээлжинд хоёр хорих ангид ирэх 12 дугаар сараас эхлэн туршин хэрэгжүүлэх аж.

Хуульд заасны дагуу ял эдлэгсдэд олгож буй урамшууллын нэг хэлбэр нь шагналын хоног олгох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хорих ангийн дотоод журамд зааснаар ямар нэгэн зөрчил гаргалгүй, хорих ангийн дотоод дэг, журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлсэн, мэдлэг боловсролоо бие даан дээшлүүлсэн тохиолдолд урамшуулал олгодог байна. Уг төсөл нь гадаадын зарим орны хорих ангид хэрэгждэг байна.