Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологийн “Оны хүн-2014”-ийг тодруулна

“Монголын Хөгжлийн Гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хувь хүнийг сонгон шалгаруулж, Мэдээллийн технологи “Оны хүн”-ээр шалгаруулахаар болжээ. Энэхүү шалгаруулалт нь 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй ба манлайлагч, програм зохийогч, судлаач, инженер, техникч, анхдагч, бизнесмэн дэмжигч, түшээ дэмжигч, гадаад дэмжигч гэсэн есөн номинацийн шилдгүүдийг тодруулах аж.

Оны хүнийг шалгаруулах үйл ажиллагаа нэр дэвшүүлэх, урьдчилсан сонгон шалгаруулалт, төгсгөлийн сонгон шалгаруулалт гэсэн гурван үе шатаар явагдана. Нэр дэвшүүлэх үйл ажиллагааг ирэх 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд нээлттэй явуулах ба www.mongolia-gateway.mn/itprize хаягаар хандаж, нэр дэвшүүлж буй байгууллага хувь хүнийхээ тодорхойлолтыг явуулах ёстой гэж мэдээллээ.

Урьдчилсан сонгон шалгаруулалтыг нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш 5 хоногт багтаан шагнал санаачлагчдын хороо ажлын албанд ирсэн тодорхойлолтыг үндэслэн номинаци тус бүрт 5 хүртэлх нэр дэвшигчийн нэр бүхий жагсаалтыг гаргах юм байна. Ингэхдээ төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн нэр, товч тодорхойлолтыг үндэслэн холбогдох байгууллагуудын мэргэжлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссын саналыг 70 хувь, олон нийтийн саналыг 30хувиар тус тус үнэлэн эцсийн дүнг гаргах бөгөөд номинаци тус бүрт зөвхөн эхний байр эзэлсэн хүнийг шалгаруулах аж.

“Оны хүн”-д цом, гэрчилгээ олгох буюу гагналыг мэдээлэл-холбооны технологийн салбарын шинэ жилийн ёслолын арга хэмжээний үеэр гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ч.Гансүхэд 7 жилийн ял оноолоо

Татварын байгууллагын экс удирдлагуудын хэргийг өчигдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтынн хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж улсын орлого болгох, таван жилийн эрх хасч, долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ял оноолоо.

Мөн Д.Энхбатад 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж улсын орлого болгох, эрхийг таван жилээр хасч, зургаан жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин уг хэрэгт холбоотой н.Жаргалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан боловч урьдчилан хоригдсон 150 хоногийн ялтай дүйцүүлэн тооцсон бол Ч.Даваасүрэнд 3.6 жилийн тэнсэн харгалзах ял оноож шийдвэрлэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд 3-8 жилийн хорих ял оноогоод байсан юм.

Categories
мэдээ нийгэм

”Өргөө”-г өнгөтөөр зурсан анхны зургийг бэлэглэлээ

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Өргөө хотын түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бэлэглэлээ.


Түүхэн зургийг Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардуулав. Энэхүү зургийг 1805-1806 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу аялж явсан Оросын аялагч Ж.Рехмани “Өргөө” хотоор дамжин өнгөрөх замдаа зурсан бөгөөд Хан уулын ард “Өргөө” хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг юм. Зургийн эх ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд байдаг. Зургийг хүлээлгэн өгөх үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн нийслэлийн 375 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг уламжиллаа.

Нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч Т.Дорж нарыг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг цахилгаан машин газрын тосны хаанчлалыг зогсооно

Цахилгаан машин хурд, хүчний үзүүлэлтээр шатахуунаар ажилладаг машиныг гүйцэх хэмжээнд хүрч эхэлсэн нь агаарын бохирдлыг багасгах ач холбогдлоос гадна дэлхийн эдийн засгийн хүндийн төвийг өөрчлөхөд хувьсгал авчирна хэмээн найдаж болохоор харагдана.

Америкийн Тесла Моторс (Tesla Motors) компанийн бүтээ­сэн Тесла Модель Эс (Tesla Model S) нь таван хаал­гатай, том хэмжээ бүхий цахил­гаан машин. 426 км замыг туулах 85 кило­ватт цагийн батерейтай. Худал­даанд гарсан бүх цахилгаан машинуудаас хамгийн хол зайг туулдаг гэдгээрээ онцгойрсон. 62,4 мянган доллараас эхэлж, 87,4 мянга хүртэл үнэлэгдэж байгаа энэ машин 2013 оны эхний улиралд Америкт 4750 хувь борлож, “Шилдэг борлуулалттай, тансаг зэрэглэлийн суудлын машин” болсон юм. Европт мөн борлуулалтын амжилт үзүүлж, Норвегид 2013 оны 9-р сард эхэлсэн худалдааны эхний хоёр долоо хоногт 322 ширхэг зарагджээ. Тесла Модель Эс нь батарейг авто­матаар сольж тавих боломжтой. Ердийн машины шатахууны савыг дүүргэхээс хоёр дахин бага хугацаанд сольдог болсон байна.

2011 оноос Япон, АНУ, Баруун Европт дэлгэрч байгаа цахилгаан машин нь хорт утаа хамгийн бага ялгаруулдаг, түлшний хэмнэлттэй техно­логиороо ирээдүйтэй машин гэж тодорхойлогдох болсон.

1970-аад оны неф­тийн хямра­лын дараа үйлдвэр­лэгчид болон эрдэмтэд эрчим хүчний шинэ төрлийн эх үүсвэрийг автомашинд ашиглах оролдлогуудыг хийж эхэлсэн байдаг. Хосолмол хөдөлгүүртэй автомашинууд ч Монголын гудамжаар гүйж яваа. Хийгээр ажилладаг машинууд ч цөөн боловч бий. Аль аль нь шатахууныг орлуулах оролдлого. Цахил­гаан маши­нуудыг шатахуунаар ажилладаг уламжлалт машинуу­дын загвар дээр тул­гуур­лан бүтээдэг. Өөрөөр хэлбэл шатахуунаар ажил­ладаг хөдөлгүүрийг цахил­гаан хөдөлгүүрээр солих төдий өөрчлөлт нь бас бус дутаг­далтай гэж зарим мэргэжилтнүүд шүүмжилдэг. Энерги дамжуулалтын алдагдал ихтэй гэх мэт өө сэв ийм тохиолдолд яригдаж байна. Зөвхөн цахилгаан машинд зориулсан загвар бий болбол дөрвөн дугуйтай, дөрвөлжин кабинтай гэх маши­ны тухай ойлголтыг эвдэх вий. Зарим цахилгаан машин зургаан дугуйтай хэлбэр хэмжээ нь арай л өөр өөр бүтээгдэж байгаа юм билээ.

Хэрэв олонхи машинууд шатахуунаар ажиллахаа больчихвол газрын тосны нөөцийг эзэгнэхийн төлөөх тэмцэл шаардлагагүй болно. Оросууд нефтийн кранаа хаахаас бид айхаа болино. Цахилгаан машин бий болсноор газрын тос үйлд­вэрлэгчид, үндэстэн дамнасан монополь компаниудын эрх ашиг хөндөгдсөн учраас энэхүү шинэ технологийг хэсэг хугацаанд дарсан гэх мэдээ­лэл ч явдаг. Интернэтээр яваа “Хүн төрөлхтнөөс нуу­сан 10 бүтээл” гэдэгт лав цахилгаан автомашин, Америкийн трамвай нэг, хоёрдугаарт нэрлэгдсэн байна лээ. Гэхдээ л агаарын бохирдлыг бууруулах боломж, байнга өсч байдаг шатахууны үнэ хүмүүсийг цахилгаан машиныг илүүд үзэхэд хүргэж, автомашин үйлдвэрлэгчид ч цахилгаан машин бүтээж түүнийгээ сайжруулахаар ажиллаж байна. Цахилгаанаар цэнэглэгч станц барих нь зардалтай. Тооны хувьд цөөн нь цахилгаан машины бор­луулалтад сөргөөр нөлөөлдөг. Харин Японы “Тоёота” компани электрон машиндаа зориулан утасгүй цэнэглэгч туршиж байгаа гэнэ. Энэхүү утасгүй зай хураагуурыг монголчуудын хэрэг­лээ болсон Пирус маркийн машинуудад туршиж буй. Ийнхүү ухаалаг цахилгаан машинууд тун удахгүй жолоочид ядаргаа багатайгаар цэнэглэгддэг болох нь. Түгжээнд зогсч байхдаа, дэлгүүр хэсэхдээ, гэртээ, ажил дээрээ байхдаа машинаа цэнэглэж амжина.

“Ухаалаг цахилгаан машин Теслагийн моторын оронд багаж байна”. “Наад машин чинь маш үнэтэй, хааяа бас гал гараад байгаа сураг байна лээ. Цэнэглэдэг газар нь цөөхөн” гэх мэт сэтгэгдэл цахим ертөнцөд хөвөрнө. Цахилгаан машины талаар монголчуудын анх­ны сэтгэгдэл ийм. Үнэндээ цахилгаан машин монголчуудын хувьд цоо шинэ зүйл биш. Бидний анзаарахаа байсан цахилгаан машин бол троллейбус шүү дээ. Зах зээлд шилжиж байсан эхний үед мөнөөх тэнгэрээс уяатай хөлөг маань “Тог тасарсан” хэмээх шалтгаанаар үе үе зогсч биднийг гудамжинд явгалдаг байж билээ. Одоо бол ийм шалтгаанаар бидний унаа зогсохоо байсан нь өөртөө цахилгаан хадгалдаг технологийн дэвшлийн буян.

Цахилгаан машин, шатахуу­наар явдаг машины эдийн засгийн үр ашгийн тооцоог холоос хайх хэрэггүй. “Цахилгаан тээврийн” гэх тодотголтой Д.Жаргалсайхан “Троллейбус 100 км-т автобуснаас арав дахин хямд зардал гаргадаг” гэв. Цахил­гаан машины эрин үе эхэлбэл монголчуудын хувьд бас нэг том боломж нээх юм. Учир нь монголчууд газрын тос үйлдвэрлэдэггүй харин цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэдэг. Цахилгаан экс­порт­лох ирээдүйтэй гэгддэг орон. Цахилгаан машин төмөр хөлгийн зах зээлийн 4-5 хувийг эзэлж буй гэнэ. Сүүлийн үед “Экологбус” машины үйлдвэрт цахилгаан машины захиалга ирэх болсон аж. Хотын ойрол­цоох Буяны үйлчилгээ үзүүлдэг компани гэхэд л хоёр цахилгаан машин захиалж хийлгэжээ. Д.Жаргалсайхан “Цахилгаан такси бааз байгуулъя” гэж санал гаргаж байсан удаатай. Нэг км-т 800 төгрөгөөр бус түүнээс хамаагүй хямд үнээр үйлчлэх таксины төлөө ажиллаад үзэх ёстой юм сан.

Уг нь манай хотын удирд­лагууд цахилгаан машиныг аль хэдийнэ анзаарчээ. Э.Бат-Үүл дарга агаарын бохирд­лыг бууруулах ажлын хүрээнд Японы 100 хувь цахил­гаан авто­машин үйлдвэрлэдэг “Митсубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан удаатай. Тус корпорацийнхан хоёр цахилгаан автомашиныг Хотын захиргаанд хандивлаж, туршилтын шугамаар албан хэрэгцээнд ашиглаж буй. Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 000 төгрөгийн цахилгааны зардлын тооцоо гарчээ. Уг авто­машиныг бүтэн цэнэг­лэсэн тохиолдолд 4000 төгрөгөөр 130-150 км зам туулах хүчин чадалтай гэнэ.

Хотын дарга “Сард 60 мянган төгрөгийн зардал гарна гэхээр манайхан огт итгэж өгөхгүй байсан юм. Гэтэл энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицохыг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болбол хамгийн түрүүнд нийслэлийн харьяа агентлагуудыг цахил­гаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ” хэмээн мэдэгдсэн.

“Автотээврийн хууль”-д “Хот доторх болон хот орч­мын нийтийн зорчигч тээвэр­лэлтийн үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахил­гаан эх үүсвэрээр ажил­ладаг автотээврийн хэрэгсэл ашиглана” гэсэн заалт бий. Үнэхээр энэ заалт хэрэгжвэл утаа хаяад, хоолой хорсгоод явдаг автомашинууд хэрэглээнээс гарах цаг ирэх л байх даа.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн байна

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 20-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 174.499 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.875 буюу 5.7 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаа тул хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэнийн шүүс хэрэглэх, гараа тогтмол савандаж угаахыг зөвлөв.

Мөн хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх, томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах, томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Солонгост монгол сургууль барьжээ

БНСУ-д өнөөдрийн байдлаар манай улсын 24175 иргэн албан зөвшөөрөлтэй ажиллаж амьдарч байгаа гэх тоо байдаг аж. Түүнээс гадна цагаач маягаар амьдарч буй олон монгол хүн хүүхдээ дагуулан амьдарч байгаа нь нууц биш. Тэгвэл Монголын цагаач ажилчдын хүүхдүүдийг сургуультай болгох ажлыг Солонгосын нэгэн гэр бүл санаачилсан сурагтай.

Орон орны цагаач иргэдийг дэмжин ажилладаг солонгос гэр бүл Ёо Хэ Гин болон И нар Сөүл хотын зүүн хэсэгт байдаг Кванжин дүүрэгт “Олон улсын Монгол сургууль” байгуулжээ. Тус сургууль нь долоо хоногт хоёр удаа солонгос хэлний хичээл ордог бөгөөд бусад өдрүүдэд монгол сургуулийн адил хөтөлбөрөөр хичээллэх аж.

Categories
мэдээ нийгэм

Консулын газраас анхааруулж байна

Манай улсын зарим иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор хилээр нэвтрэхдээ гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг авч гарах гэж байгаад өндөр торгуульд унах явдал ихээр гарах болжээ. Учир нь тухайн бүтээгдэхүүнийг зохих ёсны лабораторид шалгуулалгүйгээр оруулж байгаа нь БНХАУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа тул ийнхүү ихээр нь хурааж, иргэд хохирч байгаа юм.

Иймд иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг Хятад улсын хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж гарал үүслийн болон БНХАУ-ын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авах шаардлагатайг анхаарна уу.

Түүнчлэн иргэд БНХАУ-ын Эрээн хотын “Шэнтун” болон бусад тавилгын захаас бараа худалдан авахдаа мөнгөө бэлнээр төлөхөөс гадна бичгээр гэрээ хэлцэл үйлдэж байхгүй бол таны эд бараа Монголд ирсний дараа дутах, хагарч гэмтэх болон ирэхгүй байх асуудал гарч, хариуцлагагүй байдлаасаа мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүйг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнг зориорой

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Архивын газраас “Нүүдлийн хотоос-Суурин хот” нэн үнэт баримт болон гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний музейд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь нийслэлийн ард иргэд, хүүхэд багачууд, хойч үеийнхэнд Улаанбаатар хотын түүхэн хөгжил, түүхийг таниулах, судлах, сурталчлах, их хотоо хайрлан хамгаалах хүмүүжил олгох зорилготой аж. Үзэсгэлэнд 1639-2014 он хүртэлх нийслэлийн түүхэнд холбогдох нэн үнэт 20 гаруй уран зураг, газрын зураг, 240 гаруй гэрэл зураг, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар хотын түүхэнд холбогдох 30 гаруй зарлиг, тогтоол, шийдвэр мөн баримтат кино, нийт 40 гаруй, дижитал хэлбэрээр үзүүлэх 50 гаруй үзмэрийг дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 07-ныг хүртэл үнэ төлбөргүй олон нийтэд үзүүлэх нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Төрүүлсэн хүүхдээ хаяжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс төрөөд нэг ч хоноогүй хүүхдийн цогцос олджээ. Энэ сарын 27-28-ны шөнө төрүүлсэн хүүхдээ эх нь хаясан байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Тиймээс жирэмсэн байж байгаад төрөх хугацаа нь дөхсөн, хүүхэд нь яасан нь тодорхойгүй байгаа сэжигтэй иргэний мэдээллийг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдэгдэхийг хүслээ. Мэдээллийг өндөр үнээр худалдаж авах аж. Сэжигтэй иргэний талаарх мэдээллийг 93022480, 99095223 дугаарын утсаар авна гэв.

Categories
мэдээ нийгэм

”Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014” үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэнэ

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, иргэн, аж ахуй нэгжүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 03-07-ны өдрийн хооронд бүртгэнэ. Бүртгэл дээрх өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны IV дүгээр байрны 101 тоотод 08-17 цагийн хооронд явагдана. Улаанбаатарт үйлдвэрлэв 2014 үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 21-23 өдрүүдэд Мишээл экспод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 318547, 99106847, 88099941, 95824323,96024323,89824323 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас мэдээллээ.