Categories
мэдээ нийгэм

Үндэсний бахаралт “бэр” цэцэг

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарлалаа.

Үндэсний бахархалт цэцгийг зарлуулах ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын А/336 тоот тушаалаар байгуулж, иргэд, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан хоёр сарын турш судалгаа явуулжээ. Алтанхундага, Бэр цэцэг, Шүүдэрцэцэг, Вансэмбэрүү, Алтангагнуур, Цагаан цээнэ, Говийн хялгана зэрэг 9 цэцэгнээс Бэр цэцэг хамгийн олон санал авчээ.

Та бүхэнд Бэр цэцэг “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөгдөх болсон талаарх танилцуулгыг хүргэж байна.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ “БЭР ЦЭЦЭГ”

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх” тухай тусгасны дагуу Их эзэн Чингис хааны буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Үндэсний бахархлуудыг нэрлэж ирсэн билээ.

Шувуу ажиглах аялал, уулын аялал тэдгээртэй холбоотой байгаль хамгаалал, ногоон бизнес, бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор 2012 онд шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу”, 2013 онд Бурхан Халдун хайрханыг “Үндэсний бахархалт хайрхан” хэмээн зарлаж Засгийн газрын тогтоол гаргасан билээ.

Энэ жил тус өдөрт Үндэсний бахархалт цэцгийг зарлуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан нийт хоёр сарын турш олон нийт, төрийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан судалгаа явууллаа. Санал асуулгад (Монгол Алтанхундага, Бэр цэцэг Шүүдэрцэцэг, Вансэмбрүү, Алтангагнуур, Цагаан цээнэ, Говийн хялгана, Монгол Потанин, Монгол Догар) гэж есөн цэцэг оролцсоноос Бэр цэцэг хамгийн олон саналтайгаар дэмжигдлээ. Ургамал судлаачид, багш, оюутнууд (МУИС, ХААИС), ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор ахмад судлаач доктор, профессорууд цэцэг ажиглах аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын тур оператор, жуулчид зэрэг нийт 1000 гаруй хүмүүс хамрагдсан.

Бэр цэцгийг эрт дээр үеэс Монголчууд эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж, түүнийг “Тахилын цэцэг” хэмээн нэрлэж ирсэн. Орон нутгийн нэр нь Баавар цэцэг, бэр цэцэг, тосон тором. Шинжлэх ухааны нэр нь ( Scabiosa). Цэцгийн гадаад төрх нь монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааварыг санагдуулам гоёмсог. Монгол орны бүх нутгаар тархсан байдгийн дээр зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй цэцэг байдаг юм. Бэр цэцгийг таримлаар ургуулж болдгийн дээр, арчилгаа бага шаардаж, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, гени сайтай, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхтай цэцэг юм.

Энэхүү цэцэг нь хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, элэгний галаас болж толгой өвдөх, уушигны халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай. Анхилуун үнэртэй. Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэй татах чадвар маш сайн тул “Эрвээхэйн цэнхэр” хэмээн ганган нэрээр алдартай. Нарлаг орчинд байх дуртай. “Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ” гэсэн домогтой.

Үндэсний бахархалт цэцгийн олон улсын нэгэн шалгуур болох ард түмний сайн мэддэг, нутаг орныхоо хэмжээнд өргөн тархсан байх шаардлагыг Бэр цэцэг хангаж байна. Одоогоор 153 улс орон Үндэсний бахархалт цэцэгтэй бөгөөд Бэр цэцгийг үндэсний цэцгээр зарласан орон байхгүй байна.

“Үндэсний бахархалт цэцэг”-г сонгосноор “Цэцгийн баяр” аялал жуулчлалын эвент арга хэмжээ, цэцэг ажиглах аялал цэцгийн үрсэлгээ, худалдаа, цэцэгтэй холбоотой бусад бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх юм.

Мөн хүүхэд залуучуудад байгаль дэлхийгээ хамгаалах, газар дэлхийтэйгээ ухаалгаар зохицон амьдрах, цэцэгт ургамал ногоон орчноо хайрлах хүмүүжлийг төлөвшүүлэх ихээхэн ач холбогдолтой.

Б.РИНЧЕН “БЭР ЦЭЦЭГ”

Уудам сайхан манай нутгийн

Уул талаар өнгийн цэцэг олон.

Онц л түүний дундаас бэр цэцэг

Олны сэтгэлд хайртай сайхан.

Өрлүүд овгийн өвгөд настангаас

Өндөр эртний домог сонсвол

Эрт дээр цагт юм гэнэ лээ

Эзэн Чингисийн үед юм гэнэ лээ

Дайн хөл ихтийн цагт юм гэнэ лээ

Дайч Чингисийн үед юм гэнэ лээ

Сартуул түмэнтэй эвдрэлцээд

Сайн муугаа үзэлцэн тулах гэж

Арын их хэнгэрэг дэлдэнхэн,

Ай түмэн цэргээ хөдөлгөж

Өврийн их хэнгэрэг дэлдэнхэн,

Үй түмэн цэргээ хөдөлгөж гэнэ.

Харийн гүрнийг дайлах гэж

Хаандаа нэр, өөртөө олз

Эрэн хайх гэж дайчин эрс

Эрээн майхнаар талыг бүрхээж

Харчин, Хорчин, Өрлүүд мордов.

Хатагин, Юншөөб, Татаар мордов.

Хэрэйд, Жалайр, Найман мордов.

Хээрийн олон аймаг хөдлөв.

Сүрт эзний сүрхий цааз дагаж

Сүлд болсон догшин тугын дор

Ган сахилгаар гагнагдаж

Ганц хүн шиг дуулвартай мордоход

Үүрд бат журмыг сахина гэж,

Үнэн голынхоо үг хэлэлцэж,

Халуун янаг хоёр залуус

Хагацалдан салсан юм гэнэлээ.

Нутаг голомтоо сахиачин,

Нуган үрээ мордуулаачин,

Ах дүүгээ хүлээгээчин,

Амраг хайртнаа хүсээчин,

Сарын олныг саатан хүлээж,

Өдрийн олныг өнжин хүлээж,

Алсын мэдээ чимээ сураглан,

Аян дайны чимээ дуулбал,

Дайны хатуу замыг замнаж,

Дайлаар мордсон түмэн цэрэг

Самуун хөлийн шалтаг болсон,

Сартуул гүрнийг байлдан дагуулж,

Жал мэсийн эзэн болсон,

Жалалдын Султааныг зайлуулж,

Хүчирхэг, эзэрхэг ноёд

Хүний цусанд ханаад,

Хүлгийн жолоог нутгийн зүг залаад,

Хүний, харийн газраас айсуй гэнэ.

Янагаа угтах гэж өнөөх бэр

Ялсан цэргийг тосов гэнэ.

Өдрийн газраас цувсан

Үй түмэн цэргийг ширтэж,

Өглөөний мандах нарнаас

Үдшийн шингэх нар хүртэл

Замын овоон дээр зогсов гэнэ.

Залуу, хөгшин дайчин цуван

Хөвчин бие нь ширмээр ширэгдсэн

Шөвгөөр хатгах чөлөөгүй,

Хамаг бие нь төмрөөр давтсан

Тэвнэ хатгах чөлөөгүй,

Элгэндээ сөстөн,

Эрхийдээ ончтон,

Уушиг дүүрэн зүрхтэн,

Ам дүүрэн ууртан,

Эр дайчин гавьяатай,

Эзэн Чингисийн торгон цэрэг

Эрэлхэг баатар хишигтэн.

Сүлд болсон тугаа дэлгэж

Сүрт жагсаалаар өнгөрөв.

Олзонд ханасан омогт цэрэг

Отог отгоор цуван өнгөрөхөд

Алаг нүдээ чилтэл ширтээд

Амрагын бараа эс үзэгдэв.

Гайхан ядахдаа хөөрхий хүүхэн

Газрын холоос туулган цувсан

Буман түмэн сартуулыг,

Бухаар тахаар олныг,

Гар хөл гав тушаатай

Гаслан зовлон болсон

Гайд гарсан олзныхныг,

Гайгүй нягтлан үзэв гэнэ.

Сарын олныг санан хүсэж,

Өдрийн олныг мөрөөдөн гуниж,

Онцлон хүссэн амрагаа

Олны дотроос олсонгүй.

Алтан нарны шингэж байгаа зүг

Андгаар тангаргаа тавин очиж,

Ариунаа шингэж байгаа алтан нар минь

Амрагийг минь харахыг яалаа даа

Хараацай болон нисдэг ч болоосой би,

Харийн хүйтэн газар өнчрөн хаягдсан,

Хайртынхаа ясан дээр хүрч очихсон.

Хүний газрын хүйтэн хар тоосыг нь

Жигүүрээрээ арчин дэвэхсэн,

Жиргэн жиргэн донгодоход минь

Дуулаад босохсон билүү хонгор минь.

Сэрүүнээ сэвшин дэвэх хонгор салхи минь,

Сэтгэлийн минь янагыг харахыг ч яалаа даа

Хүүрзгэнэ болон нисдэг ч болоосой би

Хүний газар хаягдсан хөөрийгөө

Хүсэлт сэтгэлийн хүчээр олохсон би.

Халуун нулимсаараа

Хайртынхаа шархыг

Угаан гашуудаж

Уйлан донгодох сон

Уяраад ч сэрэхсэн билүү дээ хонгор минь.

Хөх мөнх тэнгэр өндөр эцэг минь

Хөрст этүгэн дэлхий өргөн эх минь.

Нарт сайхан энэ ертөнцөд

Над шиг зовлонтой амьтан

Үеийн үед бүү гараасай.

Халуун амраг сэтгэлтэнг

Хагацан салахыг бүү үзээсэй

Дайн гэдэг муу үгийг үеийн үед

Даян дэлхийн түмэн улс мартаасай гэж

Тэнгэр газар алтан нарны зүг

Тэсгэлгүй гашуудан дуудаж

Уярсан хонгор сэтгэлийнхээ

Уянгат сайхан ерөөл дэвшүүлж

Алаг хоёр нүдний нулимсыг

Хэлхээ тасарсан гэрэлт сувд шиг

Хээрийн тэр дов дээр бөмбөрүүлэв гэнэ.

Ариун тэр нулимс унасан газар нь

Анхилуун сайхан цэцэг ургасныг

Хөөрхий тэр бэрийн дурсгал болгож

Хөгшид бэр цэцэг гэж нэрлэсэн гэдэг.

Халуун сайхан сэтгэлтэн хагацахдаа,

Харийн хол газар мордон явахдаа,

Эртний ариун сэтгэлтэй

Эрхэм тэр бэрийн ерөөлөөр

Амраг бидний биес

Алтан нарны гэрэлд

Энх сайхан жаргал эдлэж

Энэ насны эцэс болтол

Салахын зовлон үзэлгүй,

Саарын нэр сонсолгүй

Сайн сайхан яваасай гэж

Билэгт сайхан үгээ хэлэлцэж

Бэр цэцэг бие биедээ барьдаг,

Эртний дээд өвгөдөөс уламжилсан

Эрхэм сайхан заншил нэгэн бий.

Categories
мэдээ нийгэм

Зураач Д.Болд метрогоор явж байгаад төөрсөн бололтой

АНУ-ын Нью-Йорк хотноо зургийн үзэсгэлэнд оролцохоор очоод сураг тасраад байсан төрийн соёрхолт, зураач Д.Болд охинтойгоо холбоо барьсан тухай түүний дүү өөрийн фейсбүүктээ мэдээлсэн.

Энэ талаар түүний дүү /Zorigt Dolgorjav/ :

-“Ах минь олдож байгаа бололтой, баяртай мэдээ Америкаас ирлээ. Ямар ч байсан охинтойгоо холбогдсон байна. Ахын минь төлөө сэтгэл санаа гарган хөөцөлдөж, санаа зовж байсан таних, танихгүй бүх хүмүүст гүн талархал илэрхийлж буйгаа гэр бүл, ах дүү, ээж, үр садангийнх нь өмнөөс илэрхийлж байна. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Зураач Д.Болд аравдугаар сарын 27-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ холбоо тасарчээ. Тэрээр зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор Нью-Йорк хотыг зорьсон бөгөөд очсон өдрөө төөрч, сураггүй болсон юм. Ингээд түүний эхнэр Я.Оюунчимэг аравдугаар 27-ны оройн 22:00 цагийн орчимд Нью-Йорк хотод байрлах Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газарт хандаж, тусламж хүссэнээр хотын цагдаагийн газрынхан эрлийн ажлыг эхэлсэн.

Харин түүний шавь Sambuu TamirСайхан мэдээ ! АНУ д уран бүтээлийнхээ үзэсгэлэнгээ гаргаж явсан багш маань олдлоо . Сэтгэл түгшиж байсан бидний сэтгэл амарлаа” хэмээн бичжээ. Юутай ч зураачийн дүү Zorigt Dolgorjav ахыгаа “Метроноос буруу зүгт гараад төөрсөн байна гэж фэйсбүүктээ бичсэн байна лээ.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх андуудтайгаа дуулав

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх өчигдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд “Андууд” нэртэй хамтлагийнхаа анхны тоглолтыг хийлээ. Тэрбээр эхнэрээ эмчлүүлэх гэж УИХ-ын гишүүний албаа өгснөөс хойш гадаадад нэг хэсэг байж байгаад Монголдоо ирж, улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, “Зүүний хүчний холбоо” гэх төрийн бус байгууллагаа хуралдуулаад авсан. Түүний холбоо МАН-ын нөлөө бүхий гишүүдээр бүл нэмж, нэгэн баг болж зүтгэхээр шулуудсан гэлцсэн билээ.

Тэгвэл У.Хүрэлсүх чөлөөт цагаараа ангийн найзууд, урлаг уран сайхны авьяастай залуустай нийлж “Андууд” хэмээх хамтлаг байгуулжээ. Монголын хамгийн отгонд тооцогдох “Андууд” хамтлагийн басс гитарчин Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Г.Ариунбаяр, бөмбөрчин Цөмийн инергийн газрын дарга асан Г.Манлайжав нарын гишүүд багтсан аж.

Тэд энэ үеэр 80-90-ээд оны үеийн залуусын сэтгэлд хоногшиж, одоо ч дуулагдаж байгаа дуунуудыг дуулж, үзэгчдийн талархалыг хүлээж байлаа. Тэрбээр хамтлагийнхаа анхны тоглолтын билетийг намынхандаа, тэр дундаа холбооныхондоо үнэгүй тарааж өгсөн аж. Түүний үзэгчдийн дотор, С.Баяр, Сү.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, О.Содбилаг, Нийслэлийн Засаг дарга асан Б.Мөнхбаяр тэргүүтэй намын гишүүд, анд нөхөд, ахан дүүс, гар бүлийн гишүүд нь уг тоглолтыг үзэж сонирхсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Өргөө”-г өнгөтөөр зурсан анхны зургийг Хотын захиргаанд бэлэглэлээ

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Өргөө хотын түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бэлэглэлээ. Түүхэн зургийг Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардуулав. Энэхүү зургийг 1805-1806 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу аялж явсан Оросын аялагч Ж.Рехмани “Өргөө” хотоор дамжин өнгөрөх замдаа зурсан бөгөөд Хан уулын ард “Өргөө” хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг юм. Зургийн эх ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд байдаг. Зургийг хүлээлгэн өгөх үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн нийслэлийн 375 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг уламжиллаа. Нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч Т.Дорж нарыг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хагас сард 11 кг мансууруулах төрлийн ургамал хураажээ

СОГТУУГААР МАШИН ЖОЛООДОЖ ЯВААД АМИА АЛДАВ

Өнгөрсөн ням гаригт дашням, балжиннямтай сайн өдөр тохиож багагүй хурим, найр болсон билээ. Найр, хуримд оролцсон иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цөөнгүй осол гаргажээ. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригийн үүрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн талбайн өмнөх замд Сoната-7 маркийн автомашины жолооч хурд хэтрүүлж зам дагуух гэрлийн шонг мөргөж, хоёр хүн амиа алдсан. Тухайн үед машинд зургаан хүн явсан бөгөөд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

ТЕНДЕР АВЧ ӨГНӨ ГЭЖ 30 ГАРУЙ БАЙГУУЛЛАГЫГ ЗАЛИЛЖЭЭ

“Тендер авч өгнө” гэсэн зарын дагуу зуучлагч гэх эт­гээдтэй холбогдож зали­луулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Сэжигтнүүд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хүнийг таньдаг гэх юм уу, тус байгууллагын нэрийг барьж тендер авч өгнө, зуучилсны хөлсөнд арван хувийг нь урьдчилж авна гэж тохирдог байснаа хүлээжээ. Ийм байдлаар 30 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг залилсан аж. Энэ тухай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас цагдаагийн бай­гуул­лагад мэдээлэл өгч, шалгуулж эхэлсэн байна. Тиймээс тендерт зуучилна гэсэн зар тараасан хү­мүүст хандахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ 123 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА ГЭВ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх гэмт хэргийн тоо өсч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Өнгөрсөн сарын 13-27-ны хооронд 11 холбогдогчтой, дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал, өн­­­гөрсөн сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн XVI хорооны нутагт байрлах “Playback” интернет тоглоомын газарт Ч,М, Б,А,Г,Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй каннабис төр­лийн ургамлыг хууль бу­саар олж авч, хадгалж байгаад баригджээ. Мөн тэд уг мансууруулах ургамлыг хэрэглэж байсан байна. Үүнээс хоёр хоногийн дараа А гэгч нь 23 грамм каннабисыг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж байгаад баригджээ. Тэднээс нэг кг 629 грамм каннабисыг хурааж авсан аж. Мөн өнгөрсөн сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд ор­шин суух иргэн Л,М нар нь хар тамхи мансууруулах төр­лийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан хадгалсан үйлдлийг цагдаагийн бай­гууллага илрүүлэн шалгаж байгаа гэв. Өнгөрсөн даваа гаригт Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух ир­гэн Ч гэгч нь найман кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт сэжигтнээр шалгагдаж эхэлжээ. Цагдаагийн бай­гууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ICE буюу мөсийг хураан авсан байна. Он гарсаар энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд холбогдогчид нь 20-35 насны залуучууд аж.

БНХАУ-ААС ТАВИЛГА АВАХДАА ГЭРЭЭ ХИЙХИЙГ САНУУЛЛАА

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас иргэдэд хандаж анхааруулга гаргалаа. Тодруулбал, манай улсын иргэд БНХАУ руу явах­даа гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг лабораторид шалгуулалгүй, цөөн тоогоор авч яваад хураалгах нь их байгаа аж. Бараагаа ху­раалгаад зогсохгүй их хэмжээний торгууль төлөхөөс аргагүй болж байгаа гэнэ. Тиймээс БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж гарал үүс­лийн болон БНХАУ-ын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авахыг анхаарууллаа. Мөн иргэд БНХАУ-ын Эрээн хотын “Шэнтун” болон бусад тавилгын захаас бараа авахдаа мөнгийг нь төлчихдөг. Үйлчлэгч байгууллага барааг араас нь явуулахаар аман тохироо хийдэг. Гэтэл эд бараа нь Монголд ирсний дараа дутах, хагарч гэмтдэг, бүр ирэхгүй байх тохиолдол их гарах болжээ. Тиймээс бараа авахдаа бичгээр гэрээ хэлцэл хийж байхыг анхаарууллаа.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Цонхоор унах гэж байсан хүүхдийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ Монгол хотхоны зүүн талд 19 дүгээр байранд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиж 5 настай, Т гэх хүү цонхоор унах гэж байсныг аварч ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.
Уг аврах ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийн албан хаагчид гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хадгаламжийн даатгалын корпораци шилдэг байгууллагаар шалгарлаа

Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци Банкийг өөрчлөн байгуулах, нөхөн төлбөрт гаргасан амжилтаараа Олон улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо/IADI/-ны 2014 оны Шилдэг байгууллагаар шалгарлаа. Тус Корпораци нь Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэсэнтэй холбогдуулан Төрийн банкинд нийт 204,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажилласан үр дүнгээрээ нийт 77 орны хадгаламжийн даатгалын корпорациудаас шалгарсан байна. Энэхүү шагналыг хүртсэнээр Монгол Улсыг олон улсын санхүүгийн салбарт таниулахаас гадна хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх аж.

5.Түүнчлэн Хадгаламжийн Даатгалын Корпораци нь дэлхийн “Хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Банкны Холбоо, арилжааны банкуудтай хамтран анх удаа нэгдсэн “Санхүүгийн Нээлттэй Өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөг 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 12:00 цагт “Блю Скай” цамхагт зохион байгуулагдаж сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлэгч, авьяас чадвартай хагас болон бүтэн өнчин хорин хүүхдийг сонгон авч тэдгээр хүүхдүүдэд 50,000 төгрөгийн ваучерийг гардуулав. Өдөрлөгийн хүндэт зочноор ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч уригдан оролцож хүрэлцэн ирсэн хүмүүст өөрийн зохиолын дээжисээр бэлэг барьлаа. Мөн эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун хуримтлалын талаар олон нийтэд зориулсан илтгэл тавьсан зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохиогдон ирсэн зочид бүр гарын бэлэгтэй буцлаа. Өдөрлөгийн ач холбогдол нь ард иргэдэд хуримтлалтай байхын давуу тал, түүнийг хэрхэн үүсгэх талаар мэдлэг өгөхөд оршиж байв.
5.

Categories
мэдээ нийгэм

Нярай хүүхдээ хаясан ээж 19-тэй охин байжээ

Энэ хорвоод мэндлээд удаагүй хүүхдээ гудамжинд орхин явсан хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан талаар мэдээлж байсан. Гудамж хаягдсан нярай нас барсан бөгөөд СХД-гийн 19-р хороонд түр оршин суугч Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан эмэгтэй болох нь тогтоогджээ. Эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг хуультай юм.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгүүдийн тарах цагийг өөрчлөхийг шаарджээ

“Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан албан бичиг хүргүүлснийг нь цахим ертөнцөд ихээхэн дэмжлэг аваад байна. Агуулга нь цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулбал олон мянган эцэг эхчүүдийн асуудал шийдэгдэх тухай аж.

Тус албан бичигт “Бид цэцэрлэгт сурч байгаа 75 мянга гаруй хүүхдүүдийн эцэг эхийн нэрийн өмнөөс дараах хүсэлтийг танд хүргэж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17.00 цагаас тардаг нь ажил албатай аав ээжүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгээс нь цагтаа амжиж авах эсвэл ажлаа таслах сонголтод хүргэж байна.

Үүнээс болж гэр бүлийн гишүүд болон ажилтан ажил олгогчдын дунд үл ойлголцол үүсэх зэрэг таагүй хүндрэлүүд үүсгэсээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү асуудлыг “18.00 цагт цэцэрлэг тардаг” болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ. Дээрх шийдвэрийг гаргахад төсөвт ямар нэг хүндрэл гарахгүй.

Цэцэрлэгийн ангийн багш нар ээлжлэн өглөөд нэг цагаар хойш ирж, оройд нэг цагаар хойш ажиллахад шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн аж. Тус холбооныхон энэхүү уриалгаа Нийслэлийн боловсролын газарт мөн хүргүүлсэн бөгөөд “боломжгүй” гэх товчхон хариулт аваад буй аж. Харин сайд Л.Гантөмөрт хаягласан хүсэлтийн хариу одоогоор гараагүй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарыг 16 настнуудын сар болгов

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр, уламжлал болгон Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дахь удаагийн “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан арваннэгдүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарласан байна. Монгол улсад 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол улсын иргэн боллоо гэж үздэг.

Нийгмийн амьдралд оролцох оролцоо боломж нь нэмэгдэж хариуцлага үүргээ илүү ухамсарлах хүний амьдралын хамгийн сайхан үе хэмээн ирэх сарыг 16 настнуудын сар болгон орон даяар аян өрнүүлж, олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.

Тухайлбал, 16 настнууддаа “Миний мөрөөдөл-Миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд, “Спортлог залуу нас” спортын арга хэмжээ, “Эрүүл идэвхтэй амьдрал” 16 настнуудын явган аялал, “Эдийн засгийн харилцаа”-нд мэдээлэл сургалт, 16 настнуудад санхүүгийн хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Иргэний андгай өргөх ёслол” зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна. Энэхүү аян маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нд эхлэх бөгөөд албан ёсны нээлт нь Багахангай дүүрэгт болох аж.