Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн оюутнууд Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой болжээ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургууль Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эдийн засгийн танхим, Дюмонс Ферм ХХК-тай гурван талт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн 10-15 оюутан хөдөө аж ахуй өндөр хөгжсөн Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Өнгөрсөн долооддугаар сард Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэр манай оронд айлчилсан бөгөөд энэ үеэрээ фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ ажлынхаа хүрээнд дээрх байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, эхний ээлжинд Төв аймгийн Сүмбэр болон хэд хэдэн сумдад Голланд загварын ферм байгуулахаар төлөвлөжээ.

Уг төслийн хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллахаар манай сургуультай дээрх санамж бичгийг үзэглэсэн юм. Тодорхой шаардлагын дагуу дадлага хийх оюутныг сонгон шалгаруулж, хоёр долоо хоног Монголд, зургаан долоо хоног Голландад мэргэшүүлсэн дадлага хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд эболагаас сэргийлэх сургалт боллоо

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах нь иргэн таны заавал хэвшүүлэх дадал” сэдэвт зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ, нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулав. Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд сумын ЗДТГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран эбола вируст халдварын болзошгүй аюулаас сэргийлэх, бэлэн байдлын үзүүлэх сургуулилтыг зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд эрүүл мэндийн 12 байгууллагын төлөөлөл болсон 45 оролцогч оролцож, тус сумын НЭМСЗ-ийн халдварт өвчнийг бууруулах чиглэлээр хийж буй үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

”Хүннү Эйр” санхүүгийн хямралаас болж Хонконгийн нислэгээ зогсоолоо

“Хүннү Эйр” компанийн Хонконг-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэг энэ сарын 3-нд саатсан билээ. Үүнээс үүдэж тус компанийг онгоцныхоо түрээсийг олон сараар төлөөгүй, санхүүгийн хүндрэлд орсон гэх мэт мэдээлэл цацагдсан юм. Хонконгоос Улаанбаатар руу явах байсан зорчигчид нисэх онгоцны буудал дээр хүлээлтийн байдалд байгаа талаар сайтууд мэдээлж байсан. Энэ талаар тус компаниас “2014 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Хонконг-Улаанбаатарын чиглэлийн нислэг саатсанд компанийн зүгээс зорчигчдоосоо хүлцэл өчиж байна. Саатсан зорчигчдыг зочид буудалд байрлуулж, арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн МИАТ ХК нислэгээр Улаанбаатар хотод авч ирсэн болно” гэсэн юм. Мөн хүмүүсийн таамаглаад байгаа өр төлбөрийн талаар “Агаарын хөлгийн түрээслүүлэгч, түрээслэгч компанийн хооронд давхар түрээслэх болон бусад асуудлаар үүссэн үл ойлголцол, маргаанаас шалтгаалан агаарын хөлөг саатсан. Агаарын хөлгийн түрээслэгч, түрээслүүлэгч хоёр талын хэлэлцээр явагдаж байгаа тул уг хэлэлцээр дуусмагц дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл тус компани Хонконгийн чиглэлийн нислэгээ зогсоож байгаагаа өчигдөр олон нийтэд мэдэгдлээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах нийлүүлэх компаниудын нэр ирэх долоо хоногт тодорно

Жил жилийн нөөцийн мах ямарваа асуудлыг таталсаар байдаг. Монголчууд угийн махсаг түмэн болохоор ч тэр үү, махаа сайн мэддэг, бэлтгэн боловсруулах, худалдах явцад юу болж байгааг нарийн сайн мэдэхийг хичээдэг. Энэ жилийн хувьд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод нийт 14 мянган тонн нөөцийн махыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Ингээд нөөцийн мах бэлтгэлийн сонгон шалгаруулалтыг есдүгээр сард зохион байгуулах байсан ч маргаан гарч дахин сонгон шалгаруулалт зарлахаар болсон юм. Тэгвэл энэ жил нийслэлд нөөцийн мах бэлтгэх компаниудын сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр нөөцийн мах бэлтгэх компаниуд тодорхой болох юм.

Харин орон нутагт энэ асуудал шийдэгджээ. Тодруулбал Эрдэнэт, Дархан хотуудад “Дархан мийт фүүдс”, “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэх нь тодорхой болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд ханджээ

Дүүргийн Эрүүгийн хэр­гийн II шүүхэд “Шинэ үе” про­дакшны жүжигчин Ц.Ал­дар­маа, Д.Оюунтуул нарт хол­­богдох хэргийн шүүх ху­рал болж, Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюун­туулд хөдөлмөрийн хөлс­­ний доод хэмжээг 10 да­хин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөн­гөн торгууль оноосон.

Жү­жигчин Ц.Алдармаа анхан шат­ны шүүхийн шийдвэрийг эсэр­гүүцэн давж заалдах шат­ны шүүхэд хандаад байгаа аж. Нийслэлийн давж заалдах шат­ны шүүх тун удахгүй жүжигчин бүс­гүй­чүүдэд холбогдох хэр­гийг хянан хэлэлцэх юм. Ц.Ал­дар­маа өмгөөлөгчдөө хэлэхдээ “Нэг хүн хэргийг минь аргална гээд 10 сая төгрөг авсан.

Тэгээд зүгээр л ёс болгоод шүүх хуралд орчих гэсэн юм. Би ч тэр хүнийг аргалчих байх гээд тоохгүй яваад орсон. Шүүх ху­рал удаан үргэлжилсний эцэст Ц.Ал­дармаад долоон жилийн хо­рих ял оноолоо гэсэн. Би сон­с­оод хамаг бие салгалаад цоч­ролд орсон. Үнэндээ яахаа мэд­дэггүй юм билээ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хорооны цогцолбор барих газрыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/936 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг түр суурьшуулах орон сууц, хорооны цогцолборын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт 1629 м2 газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг шинээр баталгаажууллаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгалаа.

Энэ захирамж гарсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 22 дугаар захирамжийн 8 дугаар хороонд хамаарах заалтыг хүчингүй болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол 30-50 мянган төгрөг нэмж төлнө

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хяналтын камераар баталгаажсан болон хөдөлгөөн зохицуулагч нарт бэлэн бусаар торгуулсан жолооч нараас 6 сая орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг болжээ. Гэсэн хэдий ч зөрчил гаргаад бэлэн бус торгуулийн хуудас авсан хэрнээ 14 хоногийн хугацаа нь хэтэрсэн 500 орчим иргэн өдөртөө Авто тээврийн үндэсний төвөөс үйлчилгээ авахаар ханддаг байна. Тодруулбал, дээрх зөрчил гаргасан жолооч нар шилжилт хөдөлгөөн хийлгэх авто машин эзэмшигчийн нэрийг өөрчлөх зэрэг байдлаар ханддаг гэнэ.

Тиймээс энэ мэт хугацаанд нь торгуулиа төлөөгүй иргэдэд хүлээлгэх хариуцлага өндөржиж байгаа аж. Торгуулиа хугацаанд нь буюу 14 хоногт төлөөгүй бол тухайн жолооч 30-50 мянган төгрөг нэмж төлөх юм байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хоногтоо 700 орчим тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд гаргасан зөрчилд торгуулийн мэдэгдэх хуудас илгээж байгаагийн 20 гаруй хувь нь үзлэг оношилгоонд хамрагдах хугацаа нь хэтэрсэн байдаг гэнэ.

Сүүлийн үед нийслэлийн замын цадаагийн газарт бэлэн бус торгуультай холбоотой өргөдөл гомдол их ирэх болсон гэж байна. Өөрөөр хэлбэл торгуулиа төлж барагдуулахгүйгээр машин тэргээ бусдад зарж борлуулах зэрэг гомдлууд тасрахгүй байгааг албаныхан онцоллоо.

Энэ мэт зөрчилтэй жолооч нар хуулийн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хүлээх хариуцлага чангарч байгааг холбогдох албаныхан онцлоод хэрэв зөрчилтэй бол зөрчлөө арилгах боломжтойг сануулж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Сүрчигний өдөрлөг болно

Үнэртэй усанд дурлагсдын өдөр тун удахгүй болох нь ээ. Үнэртэй ус цуглуулагч Н.Орчлон 2013 онд хоббигоо бусадтай хуваалцах зорилгоор фейсбүүк групп байгуулжээ. Мэдээж хүн бүр үнэртэй ус сонгох мэдрэмж өөр өөр шүү дээ. Тийм ч учраас тус групп нэг жилийн хугацаанд 10 мянган гишүүнтэй болж чадсан аж. Үнэртэй усанд дурлагсдын группын гишүүд хамтран эл өдөрлөгийг “Blue moon” арт галерейд арваннэгдүгээр сарын 7-нд 19.00 цагт зохион байгуулах юм байна.

“Сүрчигний өдөр” гэх өдөрлөгийн үеэр үнэртэй ус сонирхогчид хүссэн сүрчигээ худалдан авах боломжтой бөгөөд одоогийн байдлаар үнэ нь тодорхойгүй байгаа аж. Уг өдөрлөгт оролцох хүсэлтэй үнэртэй усанд дурлагсдад анхааруулахад уг өдөрлөгийн тасалбар 10 мянган төгрөг гэнэ.

Сонирхуулахад уг өдөрлөгийн үеэр “Наран” их дэлгүүрийн хамт олон өөрсдийн үнэртэй уснуудаа танилцуулах бөгөөд урамшуулалтай худалдаагаа хүрэлцэн ирсэн зочдын дунд зохион байгуулах аж.

Э.ТЭКҮ

Categories
мэдээ нийгэм

Цас цэвэрлэх 23 бригад ажиллана

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас орсон үед ажиллах бодис цацах Камаз долоон ширхэг, Бонго таван ширхэг, Зил 130 гурван ширхэг зэрэг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон хүн хүч бүхий 23 бригад ажиллуулахад бэлэн болоод байна. Эдгээр бригадууд нь төвийн гудамж талбайгаас гадна их хэмжээний хунгар тогтож, хөдөлгөөнд саад учруулдаг хотын гаднах автозамууд болох Айц, Морин, Баруун турууны даваа, 22, Баянзүрх, Яармагийн товчоо, Найрамдал зуслан, Дамбадаржаа, Бэлх, Сэлх болон Санзай хүртэлх зуслангийн замуудыг хариуцан ажиллана.

Одоогийн байдлаар тус нэгтгэл 400 м3 элс, 560,3 тонн бодисын нөөцтэй байгаагаас гадна явган замын цас үлээх 11 ширхэг шинэ тоног төхөөрөмж, цас мөсний цохиур зэргийг бэлтгээд байна.

Мөн Баруун, Зүүн салбарууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ногоон байгууламжийн цэцэрлэгч, шугам сүлжээний засварчин, шуурхай засварын бригадын 70 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Өндөр ширээт, Ар хустай сумын нутгаас дэрс түүж, шүүр хийх ажлыг зохион байгууллаа. Түүсэн дэрсээ хуучин шүүрний ишинд бэхлэн, нийт 6000 гаруй дэрсэн шүүр үйлдвэрлэж, 2015 оны 06 сар хүртэл ашиглахаар нөөцөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

10 мянган морины жагсаал Гиннесийн амжилтын тусгай номонд бичигдэнэ

Монголд “Адууны яам” байгуулагдсаны 750 жилийн ойг тэмдэглэх, монголчуудын адууг эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, монгол унаач хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд таниулах үүднээс Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос 3000 монгол морийг нэгэн зэрэг гараанаас уралдуулж, 10 мянган морьтон монголчуудын их жагсаалыг зохион байгуулсан юм. Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннест бүртгэж авсан билээ. Тэгвэл энэхүү үйл явдлыг энэ жил тохиож буй Гиннесийн амжилтын түүхт 60 жилийн ойд зориулан хэвлэгдэх тусгай номонд оруулахаар болжээ.