Categories
мэдээ нийгэм

Барилга хооронд барьсан хашааг буулгах ажил үргэлжилж байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг, шалгалт”-ын талаар хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/715 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар хотын орон сууц болон зарим гэр хорооллын орох гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хэсэг нь нийслэлийн Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Онцгой байдлын газар, Захирагчийн гэр хорооллын ажлын албадаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үзлэг шалгалтыг явуулжээ. Хамтарсан багийн ажлын хэсгийн гишүүд 5 хэсэгт хуваагдан Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нийт 155 байршилд шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад орц гарц хааж бетон суурь тавьсан, автомашин орох боломжгүй мухар гудамжтай, нийтийн эзэмшлийн газарт граж барьсан, өөрийн эзэмшил газраа зөвшөөрөлгүй сунгаснаас автомашин явах боломжгүй болсон зэрэг 151 зөрчил илэрчээ. Ажлын хэсгээс албан шаардлага хүргүүлсэний дагуу өнөөдрийн байдлаар 24 зөрчлийг арилгаад байна. Харин нийт зөрчлийн дийлэнх нь буюу 102 гудамж мухарлан хашаа хайс байрлуулсан зөрчлийг арилгахаар холбогдох газрууд ажиллаж байна.

Ажлын хэсгийн дээрх мэдээллийн дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дүүрэгт бүрт асуудлыг шийдвэрлэхээр үүрэг өгөх нь зүйтэй гэж үзэн холбогдох шийдвэрийг гаргахоор боллоо. Мөн зөвшөөрөлгүй газар граж барьсан асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцан шийдвэрлэж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэлээ

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангасан тухайгаа мэдээллээ. Тодруулбал, цас орсон үед бодис цацах “Камаз” долоо, “Бонго” тав, “Зил-130” гурав, цас мөс хусах, түрэх “Ковш” хоёр, “Автогрейдер” нэг, “Универсиал трактор”, “Bobcat” тус бүр хоёр зэрэг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон хүн хүч бүхий 23 бригад ажиллуулахад бэлэн болсон байна.
Эдгээр бригадууд нь төвийн гудамж талбайгаас гадна их хэмжээний цас, хунгар тогтож, хөдөлгөөнд саад учруулдаг хотын гаднах Айц, Морин, Баруун турууны даваа, 22-ын, Баянзүрхийн, Яармагийн товчоо, Найрамдал зуслан, Дамбадаржаа, Бэлх, Сэлх болон Санзай хүртэлх зуслангийн авто замуудыг хариуцан ажиллах юм байна.
Тус нэгтгэл 400 м3 элс, 560.3 тонн бодисын нөөцтэй байгаагаас гадна явган замын цас үлээх шинэ тоног төхөөрөмж 11, мөн цас мөсний цохиур зэргийг бэлтгээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хулгайн эд зүйлсийг удаа дараа авдаг ломбардууд илэрчээ

Хүний эрхийн үндэсний комисс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Ломбард” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

Нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа 532 аж ахуйн нэгж, байгууллагын байршлыг тогтоож, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 482, зөвшөөрөлгүй 50 аж ахуйн нэгж байгааг тогтоосон байна. Тэднээс 37 барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагааг явуулах зөвшөөрөлгүй, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф байхгүй, хяналтын камергүй, иргэдээс эд зүйлийг барьцаанд авахдаа гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг бүртгээгүй зэрэг нийтлэл зөрчилтэй байжээ. Шалгалтын хэсэг зөрчлийг арилгуулах талаар тухайн барьцаалан зээлдүүлэх газрын удирдлагад албан мэдэгдэл өгч ажиллажээ. Мөн барьцаанд тавьсан эд зүйлийг гадна талаас нь харагдахгүй битүү уут саванд хийж, битүүмжилсэн тул шалгуулах боломжгүй байх зөрчил ч илэрсэн аж. Ялангуяа хулгайн эд зүйл удаа дараа авч байгаа болон гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад бүртгүүлэхгүй, өөрсдийн ашгийг бодон хурдан зарж борлуулах явдал ломбардны эздэд байна гэж мэдээллээ.

Шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх газарт байгаа эд зүйлээс 664 эд зүйлийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2612 эд зүйлийг эрэн сурвалжлагдаж байгаа эд зүйлүүдтэй тулгалт хийсэн байна. Энэ нь таны хулгайд алдсан эд зүйлс ломбарданд байж болзошгүй байна гэсэн үг юм.

Ломбард иргэдэд мөнгө хэрэгтэй үед тус болдог ч үүнийг дагасан олон хор уршиг байгаад иргэд анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сайхан хүн амьдралыг өнгө оруулдаг

Хүний амьдрал жаргал зовлон, уйтгар гуниг, баяр баясал гээд хар, цагаанаар тогтохгүй түмэн өнгөтэй. Бурхнаас заяасан аж төрлийн гайхамшигт бэлгийг алтан титэм шиг зүлгээд өнгөлөх үү, гуулин зоос шиг зэврүүлж гээх үү гэдэг харин хувь хүний сонголт. Тэнгэрлиг гэгээн хувь тавиланд ивээгдэх, тэнэмэл нохойн гутранги нүдээр орчлонг бүүдийлгэх хоёрын шалгуур нь яах аргагүй хүний төрөлх ааль араншин, хүн чанар хоёр. Ахас ихсээ үл хүндэлж алуурчин талаачин адил загнагчаас хүн бүхэн нүүр буруулж хүрэл зүрхнийх нь хүйтэн цэвдэгт цэцэгс хүртэл өнгөө гундаана. Хүн бол сэтгэлийн амьтан. Дэргэдийн нэгнээ нохойноос дорд үзэгч өчүүхэн үзэлтэн дээд тэнгэрийн нарыг хүртэл зүхэн, олдсон биеийн эрх чөлөөндөө дайсагнана. Тийм ёс бус үзэл, ёр гажийн үйлдэлтнээс хүний нийгэм хууль цаазаар хана цайз босгож харанхуйн ангалд араатан шиг ганцаардуулдаг жамтай. Ийм ааш араншинтнуудыг монголчууд хогийн дэвсгэртэй зүйрлэж “адсага шиг ааштай” хэмээн зайгаа авцгаадаг. Хэлсэн үгэндээ эзэн, хийх үйлдээ итгэлтэй гэгээн нинжин сэтгэлт, авьяас ялгуун билэгтнийг харин бурхдын зиндаанд өргөж үеийн үед дурсан санадаг буюу. Тийм сайхан хүмүүн амьдралын ямар ч гуниг зовлонг сэтгэл оюуны хатамжаар туулж, сэтгэл зүрхээ тэнгэрийн уяхан шат болгодог билээ. Амьдралыг хараар будах дорд үзэлтэн бишгүй ч гунигийг нэвт гэгээлэх сайхан хүмүүс тэднээс ч олон учраас алсын уулын гэрэлт оргилд өлмийлөх чин сэтгэлтэн ойрын довонд бүдэрч өвдөг шорооддоггүй байнам.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаагийн давж заалдах гомдлыг хүлээж авчээ

Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсоод буй “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хүлээн авсан байна. Ингэснээр шүүгчид түүний гомдолтой танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Ц.Алдармаа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Билетийн касс хайх шаардлагагүй болжээ

Ма­най улс билет захиалгын ши­нэ системийг нэвтрүүлэгч улс болжээ. Тодруулбал, өчиг­­дөр “Z24” би­лет захиалгын ши­нэ системийг хэрэглэгчдээ хүр­гэж буйгаа дуулгалаа. “Airbоок” ХХК нь www.Z24.mn аялал жуулчлалын ухаалаг вэбсайтыг ажиллуулж эхэлжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус компани дэлхий нийтэд аль хэдийнэ нэвтрээд байгаа аялал жуулчлалын салбарын салшгүй нэгэн хэсэг болсон монголын долоо, гадаадын 150 гаруй авиа компанийн нислэгийн тийзийн онлайн захиалга, гадаадын 44 мянган зочид буудал болон аяллын захиалгын системийг мон­голдоо бүрэн утгаар нь нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, монголдоо анхдагч онлайн захиалгын нэгдсэн системийг нэвтрүүлсэн гэсэн үг. “Z24” брэнд нь онгоцны тийз, аялал, зочид буудал, үзвэр тасалбарын онлайн захиалгын систем юм байна. Энэхүү онлайн захиалгын систем нь гадаадад зорчих хэрэглэгчдэд онлайн хэлбэрээр маш хямд үнээр өргөн сонголт хийх, хялбар аргаар онгоцны билет, үзвэр үйлчилгээний тасалбарыг захиалан худалдан авахад туслах зорилготой ажээ. Нэг үгээр хэлбэл, эх орондоо болон гадаадад ажиллаж, амьдарч бай­гаа монголчууддаа хамгийн хямд, өргөн сонголттой он­гоц­ны билет болон аяллын бү­тээгдэхүүн, зочид буудлын за­хиалга хийх цахим үйлчилгээг хүр­гэж буй юм байна. Энэ системийн давуу тал нь захиалга хийх хуучирсан хэв маягийг халж өөрийн хүссэнээр билет болон зочид буудал, аялал, мон­голд болон олон улсад болж буй үзвэр, үйлчилгээ шоу хө­төлбөрийн билетийг хэрэглэгч өөрөө сонгох боломжтой болж буй юм. Онлайн хайлтын сис­тем нь авиа компаниудын нис­лэгийн цагийн хуваарийг ха­рахаас гадна таны дотны хүн олон улсын нислэгээр зорчиж байгаа тохиолдолд онгоц нь хэзээ хөөрсөн хэзээ буух зэрэг мэдээллийг авах боломжтой ажээ. Сүүлийн үед цахимаар ир­гэд ихээр онлайн худалдааг хийх болсон ч эсэргээрээ сэтгэл дун­дуур байх тал ажиглагдах болсон. Тэгвэл тус компанийн хувьд энэ байдлыг халж, олон улсын стандартад нийцсэн, шинэ системийг нэвтрүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч та аль нэг авиа компанийн би­летийн касс хайж гадуур явах­гүйгээр гэрээсээ, ажил, хаа бай­гаа газраасаа онлайнаар өөрийн зорчих улсын онгоцны би­летийг захиалах боломж бүр­дээд байна.

Categories
мэдээ нийгэм

Замын түгжрэлийг шийдвэрлэхээр эрдэмтэн судлаачид хэлэлцэнэ

JCI Монгол байгууллага жил бүр олон нийтийн өмнө тулгарч байгаа асуудлуудаас онцолж, тухайн асуудлыг шийдвэрлэхийг зорьдог. Энэ зорилтын хүрээнд нийслэлийн автомашинтай иргэдэд тулгамдаж буй замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа юм. 2014 онд нийслэлд баригдаж буй автозам бүтээн байгуулалтын ажлын хурд 2,5 дахин нэмэгдэж, 40,94 км автозамыг шинээр барьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байна.

Тиймээс энэ асуудалд шийдэл, гарцыг тодорхойлохоор JCI Монгол байгууллага Хотын захиргаатай хамтарч “Хотын шийдэл” форумыг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хамтарсан форумд төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцож бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос харилцан визгүй зорчдог болно

Оросын холбооны улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан хоёр улсын иргэдийн харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр энэ сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн есдүгээр сарын 03-нд байгуулсан уг хэлэлцээрийн дагуу дипломат, албаны, энгийн гадаад паспорттай ОХУ-ын иргэд болон Монгол улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногийн хугацаатайгаар зорчих, орох, гарах, транзитээр нөгөө улсынхаа нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх эрхтэй болж байна. Ингэхдээ иргэдийн визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Энэхүү визийн журам хэрэгжиж эхэлснээр хоёр орны хооронд аялал жуулчлалын болон хувийн зорилгоор зорчигчид нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд хамтран “ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” ажил хэргийн уулзалтыг маргааш нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт хурлын танхимд 10 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтаар Оросын жуулчдыг хүлээн авах сонирхолтой тур оператор, зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний төв, эмчилгээ,сувиллын газрууд, соёл урлаг, үзвэрийн газрууд оролцох уг уулзалтаар ОХУ-ын жуулчдын онцлог, үйлчилгээний сонголт,мөнгөн зарцуулалт зэрэг зах зээлийн дэлгэрэнгүй судалгааг танилцуулж, ОХУ-ын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлууд, анхаарах асуудлуудын талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө өгнө. Нийслэлийн зүгээс оросын жуулчдад зориулсан цахим хуудас, аяллын хөтөлбөр бүхий товхимол, үйлчилгээний ажилтнуудад зориулсан орос-монгол ярианы дэвтэр гаргаж, орос хэлтэй хөтчүүдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх ажлуудыг эхлээд байна. Мөн ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан танилцах аялал, Улаанбаатар хотын онцлогийг харуулсан цуврал нэвтрүүлгийг бэлтгэж ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Читын телевизүүдээр цацахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт болно

Эрүүл мэндийн хөгжлийн төв, МЯТХН, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлөөс “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт”-ыг энэ сард зохион байгуулах гэж байна. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, мөн яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах ажээ.

Аймаг, дүүрэг тус бүрээс яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нарыг, төв эмнэлгүүдээс чанарын албаны дарга, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нар хамрагдах бөгөөд тухайн байгууллагууд мэргэжилтнүүдээ идэвхитэй хамруулах хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байна.

Тус чуулган зохион байгуулагдсанаар Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор “Түргэн тусламжийн үндэсний сүлжээ хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар “БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн үлгэрчилсэн журам”, мөн 2013 оны 469 дугаар тушаалаар батлагдсан “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болох юм.

Энэхүү “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт” 2014 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Эрүүл мэндийн Яамнаа зохион байгуулагдна.


Categories
мэдээ нийгэм

Гэмтлийн эмнэлэг ослын бүртгэлтэй болно

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхэнд осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын эзлэх хувь өсөн нэмэгдсээр байна.

Тиймээс Гэмтэл, согог судалын үндэсний төв гэмтэл ослын бүртгэл тандалтын албыг байгуулахаар болжээ.

Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай болон анхны тусламжийн чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хангалтыг аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдийн түвшинд цогцоор нь шинэчлэх, сайжруулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал сануулж, уг албыг байгуулах тушаал гаргажээ.