Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссартай уулзав

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж шинээр томилогдсон НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн-тай 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Женев хотноо Хүний эрхийн дээд комиссарын алба (ХЭДКА)-ны төв байранд уулзав.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж ноён Заед Ра Ад Аль Хуссейнд Хүний эрхийн Дээд комиссарын албан тушаалд томилогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд Монгол Улсын гадаад бодлогын гол чиглэлүүдийн нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн болохыг нотлоод Монгол Улс 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг дээдлэх, хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрээ нэмэгдүүлэх талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгааг мэдэгдэв.

Тэрээр мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний анхдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр гишүүн орнуудаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажиллаж, дунд хугацааны тайлан гарган ХЭДКА-нд хүргүүлсэн нь бусад гишүүн орнуудад үлгэр дууриал болсныг дурдав.

Дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 9 дүгээр сард Нью Йорк хотноо НҮБ-ын 69 дүгээр Ерөнхий ассамблейн үеэр зохиогдсон Цаазаар авах ялыг халах тухай өндөр хэмжээний хэлэлцүүлэгт хүндэт зочноор оролцож, үг хэлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг дээдлэх, хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг олон улсын болон бүс нутгийн түвшинд оруулж ирснийг онцлон тэмдэглээд НҮБ-ын ХЭДКА-ны үйл ажиллагааг дэмжиж сайн дурын хандив өгөхөөр болсныг сайшаан тэмдэглэв.

Цаашид ХЭДКА-наас Монгол Улстай хүний эрхийг дэмжих, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Эмэнд хордсон хүүхдүүдтэй холбоотой хэрэг шүүхэд шилжжээ

Өнгөрсөн наймдугаар сард “Монос” эмийн сангийн жор баригчийн болгоомжгүй үйлдлээс үүдэн 14 нярай хордлогод орж байв. Энэ хэрэг шүүхэд шилжсэн байна.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь 2014 оны наймдугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд тус эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж Г.Маралмаа, Н.Анунгоо, М.Сайн-Алдар, Г.Төгөлдөр, П.Баасандорж, Б.Тамир, Э.Мандах, П.Нандин-Эрдэнэ, А.Хувьтөгөлдөр, А.Энэрэл, Г.Цэгээн, М.Мэргэн, Н.Онжил, Т.Анужин нарын 14-н нярай хүүхдэд фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, хоёр нярай болох Э.Хулан, Т.Оюунцацрал нар фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргээр хордсон юм.

Categories
мэдээ нийгэм

185 орчим сая төгрөг хулгайлжээ

Сүүлийн үед хулгайч нарын арга барил улам нарийсах болсон талаар албаны хүмүүс анхааруулж буй. Арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө орон байрны томоохон хулгайн хэрэг гарчээ. Тухайлбал, “Хос гарьд” компанийн хиамны цехийн санхүүгийн өрөөний цонхийг хагалан, 185 орчим сая төгрөг хулгайлсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХТГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлжээ. Гэмт этгээд болох 24 настай Х гэгч нь хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд 40-ийн бидонд хийгээд газарт булсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар янгир агнажээ

Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Хашаат гэх газарт тус сумын 20-30 орчим насны иргэд болох Х, С нар бүлэглэн галт зэвсэг ашиглан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хууль бусаар янгир агнасан гэмт хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Угсармал орон сууцнуудыг дулаалснаар эрчим хүчээ 30 хувиар хэмнэнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр”-ийг танилцуулж, хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдардаг байна. Эдгээр барилгууд нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй байгаа тооцоо гарчээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж гадна хашлага хийцийг дулаалснаар дулааны алдагдалгүй болохоос гадна эрчим хүч 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувийн хэмнэлттэй.

Мөн барилгын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Харин хөтөлбөрийн санхүүжилтын тооцоог хийсэн “Хас банк”-ны зүгээс “Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Эдгээр орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний хөрөнгийг гаргах хэрэгтэй. Санхүүжилтийг нийслэл дангаараа хариуцахад хүндрэлтэй” гэдгийг хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2014”-ийн бүртгэл явагдаж байна

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг билээ. Энэ жил “Улаанбаатарт үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон талаар тус холбооны төлөөлөл өчигдөр мэдээллээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байхаас гадна ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнсний, ахуйн хэрэглээний, гэр ахуйн болон дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, алт мөнгө, үнэт эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн хийдэг байх хэрэгтэй юм байна. Мөн үзэсгэлэн худалдаагаар шилдгийн шилдэг есөн бүтээгдэхүүнийг шалгаруулан Улаанбаатар хотын бэлэгдэл бүхий “Хангарьд” өргөмжлөлийг гардуулах аж. Эдгээр шалгарсан бүтээгдэхүүнийг “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”-ноос бүтэн жилийн хугацаанд зохион байгуулж буй бүх үйл ажиллагаандаа давуу эрхтэй оролцуулах юм байна. Тухайлбал, “Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл” сэтгүүлд жилийн хугацаанд баннер байршуулах, вэб сайт дээр үнэгүй сурталчилгйй болон худалдаа явуулах гэх мэт эрх олгох гэнэ.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2014” үзэсгэлэнгийн бүртгэл энэ сарын 3-12-ны хооронд үргэлжлэх бөгөөд Улаанбаатар шилэн банкны нэг давхар, 101 тоотод бүртгэж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдаанд дээр дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж бүгд оролцох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Дондогдулам хатан мэндэлсний 140 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Эрх Цагаан дарь Дондогдуламын мэндэлсэний 140 жилийн ой тохиож байна. Тэртээ 1874 он буюу намрын адаг сарын 15-ны өдөр Халхын Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд нэгэн охин мэндэлсэн нь хожмын Монгол Улсын төрийн хатан болох хувь ерөөлтэй байжээ.

Тус өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, түүхч О.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс, музейн албан хаагчид өнөөдөр Дондогдулам хатны сэнтийд хүндэтгэл үзүүллээ.
Цэндийн Дондогдулам нь Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хатны шадар албат, аягач явсан бөгөөд 1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад анх учирсан хэмээдэг. Энэ бүсгүй зургаан мэдэрхүй төгс, эрдэм чадал өндөр, ёслол журамтай хийгээд далдийн мэдэл гүнзгийн учир “увшинз” сахил хүртээж VIII Богд түүнийг өөрийн шадар болгосон түүхтэй.

1902 онд Богдоос Ачлалт ялгуусан дагина, эрх цагаан дара цол өргөмжилсөн бөгөөд мөн онд Бээжингийн Монгол журганаас Эрдэнэ сэцэн цол шагнаж, тэмдэгт бичиг олгон хадгалуулжээ. 1903 он буюу XV жарны харагчин туулай жил Их хүрээний 30 аймгийн нэг болох Эх дагины аймгийг Дондогдуламд зориулан үүсгэн байгуулсан юм.

1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж VIII Богдыг хаан өргөмжлөн Дондогдуламыг хатан хааны сэнтийд залсан түүхтэй. Тухайн үед жил бүрийн намрын адаг сарын шинийн 15-нд сүм хийдүүд эх дагины мэндэлсэн өдөрт зориулан хурал хурал ном хурдаг уламжлалтай байжээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхээ ажлын тав хоногт гаргуулах боломжтой

Жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, хуучирч муудсан тохиолдолд ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж ажлын тав хоног дотор гаргуулан авах боломжтой аж.

Ингэхдээ иргэд иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт, 4 х6 хэмжээтэй нэг хувь цээж зургаа авч очих юм байна. Мөн солиулах болон гэмтсэн, хуучин үнэмлэхийг авч ирэх, харъяа дүүргийн эмнэлгийн үзлэгт хамрагдсан эрүүл мэндийн хуудас зэргийг бүрдүүлж, 12500 төгрөгийг тусгай дансанд тушааснаар түргэн шуурхай үнэмлэхээ гаргуулах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Москва хотноо бурханы шашны сүм баригдаж байна

ОХУ-ын Москва хотын Мөргөлийн уулан дээрх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдах Бурханы сүмийн шав тавих ёслол 2014 оны арваннэгдүгээр сарын 4-нд (Ард түмний эв нэгдлийн өдөр) болов.

Сүмийн ивээн тэтгэгч Зөвлөлийн шийдвэрээр Их ялалтын 70 жилийн ой ойртож буйтай холбогдуулан уг төслийг яаравчлуулах болсон юм.

Арга хэмжээнд ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Дум, Ерөнхийлөгчийн тамгын газар, Москва хотын Засгийн газрын гишүүд болон Тува, Буриад, Халимагийн шашны тэргүүнүүд, Өвөр Байгалын хязгаар, Эрхүү мужийн бүрэн эрхт төлөөлөгчид оролцов.

Бурханы шашны сүмийн шав тавих ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл тэргүүтэй элчин сайдын яамны хамт олон, “УБТЗ”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монросцветмет” зэрэг компаниудийн төлөөлөгчийн газар, Москва дахь монголчуудын “Мөнх тэнгэрийн дор” нутгийн зөвлөл, оюутан, сонсогчдын төлөөлөл оролцов.

“ЗХУ-ын Эх орны их дайны анхны тулалдаан 1939 онд Халх гол дээр болсон гэж ярьдаг. Тэгвэл сүүлчийнх нь 1945 онд Хянганы нурууг давж Манжуурыг чөлөөлөхөд болсон гэж хэлж болно. Монгол цэргүүд эдгээр хоёр тулаанд хоёуланд нь оролцсон. Мөн монголын ард түмэн дайны жилүүдэд эдийн засгийнхаа бүхий л боломжийг дайчлан хөрш улсаа дэмжиж ирсэн. Монгол Улс бурханы шашинтай орон. Дайны баатарлаг дурсгалд зориулж буй эдгээр сүм нь манай хоёр ард түмний баатарлаг нөхөрлөлийн дурсгал болно гэдэгт итгэлтэй байна” гэж Элчин сайд Ш.Алтангэрэл хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

XIII зууны үеийн хаадын булш байж магадгүй хэрэгсүүр олджээ

Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нутаг дахь Онон голын ойролцоо замын ажил гүйцэтгэж байсан ажилчид олон тооны хүмүүсийг хамтад нь оршуулсан томоохон хиргэсүүр олжээ. Гадны зарим сайтуудаар үүнийг Эзэн Чингис хаан онгон байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад байна.

Бээжингийн их сургуультай хамтарсан Монгол археологич болон шүүх эмнэлгийнхэн хиргэсүүр олдсон газар очсон бөгөөд хиргэсүүрийн дээд хэсгээс 68 шарил, 12 морины яс олдоод байгаа гэнэ. Түүнчлэн бунхнаас нэг эрэгтэй хүний шарилыг дагалдуулсан алт, мөнгөн зоос, эд өлгийн зүйл болон 16 эмэгтэй хүний шарил олдсон нь 13-р зууны үеийн Монголын хаадын онгон байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргээд байгаа аж.

Судалгааны явцад хиргэсүүрээс олдсон эрэгтэй хүний шарил нь 1215-1235 оны хооронд нас барсан 60-75 насны хүн байсан гэх дүгнэлтийг шинжээчид хийгээд байна. Харин манай холбогдох байгууллагуудаас энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна