Categories
мэдээ нийгэм

Б.Ганзориг нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ

“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр эхэлсэн. Гэвч шүүх хурлыг энэ сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. Учир нь шүүгчдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй тул шүүх бүрэлдэхүүн ийм шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзориг нарын хэргийг шүүж байна

“Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр болж байна. Б.Ганзориг нарыг Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг барих тендерт шалгарч 30 барилга барих төсвөөр 19 барилга барьсан хэрэгт буруутгаж байгаа юм. Мөн Хүн ам нийгмийн хамгааллын яамны харьяа “Үндэсний цахим архив”-ын барилга, IV амаржих газрын барилгыг барих мөнгийг төсвөөс авсан ч барилгыг ашиглалтад оруулахгүйгээр мөнгийг хувьдаа завшсан гэж сэжиглэж буй. Тус барилгыг барих нэрээр “Нийслэл өргөө” компани нь батлагдсан төсвөөс 7.7 тэрбум төгрөг авсан ч, барилгыг ашиглалтад оруулалгүй гацааж, мөнгийг хувьдаа завшсан гэгдэж байгаа. Тиймээс тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс гурван хүний амь эрсдэхэд хүргэсэн, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутган шүүж байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл “Нэхмэлийн шар байр”-ны оршин суугчидтай уулзана

Хан-Уул дүүрэгт байрлах “Нэхмэлийн шар”-ын байрнуудыг дахин төлөвлөлтөд оруулж, оронд нь орчин үеийн шийдэлтэй орон сууц барих шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан билээ. Гэвч дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн эсэргүүцэлтэй тулгарсан тул иргэд шинэ байраа бариулж чадахгүйд хүрэн, маргаан үүсгээд байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн II, III хороон дахь “Нэхмэлийн шар”-ын байрнуудын иргэдэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Барилга бариулах компаниа сонгоод ирвэл бид албажуулаад өгье” гэж амласан. Энэ дагуу иргэд орон сууцыг шинээр барилгажуулах компанийг судлан сонгож, нийт иргэдийн 80 гаруй хувь нь гэрээ хэлэлцээр байгуулж, мөн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах журам” батлагдаж, сонгон шалгаруулалтыг зарласан. Тус сонгон шалгаруулалтаар тодорсон “Фүжи холдинг” компани “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгох, улмаар барилгын ажил дуусмагц өрх бүрт найман метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөөр болжээ.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг эрх мэдлээрээ далайлган Үнэлгээний хороог хуралдуулахгүй, элдэв шалтаг тоочсоор өдийг хүрчээ. Тэрбээр сонгон шалгаруулалтаас төслийн материалаа хоцроосон “Орчлон констракшн” ХХК-ийг дахин оролцуулахын тулд хууль бус шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтыг дахин зарлуулахаар хөөцөлдөж эхэлжээ. Үүний улмаас тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн оршин суугчид өнгөрсөн аравдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулсан юм.

Тэгвэл эл хэргийн улмаас Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг нар өнөөдөр түс байрны оршин суугчидтай уулзаж, санал бодлоо солилцон, нүүр тулж ярихаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Кириллица” сургууль 15 нас хүрлээ

ЕВГЕНИЙ ГЕОРГИЕВИЧ МИХАЙЛОВ: ХҮМҮҮС ОРОС ХЭЛИЙГ СОНИРХОХОО БАЙСАН ҮЕД “КИРИЛЛИЦА” НЭЭГДЭЖ БАЙЛАА

“Кириллица” сургуулийн үүсгэн байгуулагч, доктор, профессор Ц.Магсар

“Кириллица” орос бага сургууль байгуулагдаад 15 жил болж байна. Манай сургуулийн сургалтын онц­лог нь Оросын боловс­ролын уламж­­лалт стандартад тулгуурлахаас гадна эх хэлний боловсрол, Монголын утга соёл, уламжлалт ёс заншлыг үндэсний боловсролын стандарт агуулгын түвшинд нэгэн ижил эзэмшүүлэх зорилт бүхий хөтөлбөртэй билээ. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийнхөө зорилтыг чанд хэрэгжүүлж, энэ чиглэлээр агуулга, арга зүйгээ улам боловсронгуй болгохын төлөө ажиллаж багагүй амжилтанд хүрлээ. Манай хүүхдүүд бага сургууль төгсөхдөө эх хэлтэйгээ гурван ч хэлний мэдлэгтэй болж үүнийхээ дагуу орос, монгол, англи хэв шинжийн сургууль сонгох боломжтой болж байна. “Кириллица” сургуульд эрдэм мэдлэг өндөртэй, мэргэжлээрээ дээд зэрэгтэй дотоод, гадаадын багш нар ажилласаар ирсэн, одоо ч ажиллаж байгаа. Багш, сурган хүмүүжүүлэгчид хамтарч бүх асуудлаа хэлэлцдэг, хамтарч бүтээж туурвидаг, нэг баг болж ямагт шинийг эрэлхийлж байдаг нь багшийн өөрсдийн болоод сургуулийн хөгжилд үргэлж эерэгээр нөлөөлж байдаг юм.

Сургалтын бодлогыг хэрэгжүүлэхэд сайнаар нөлөөлдөг нөгөө нэг хүчин зүйл нь “Кириллица” сургууль Оросын шинжлэх ухаан, соёлын төвд байрладаг учраас сургалт хүмүүжлийн ажил явуулах материаллаг орчин нөхцөл сайтай. Манайх цөөхөн сурагчтай мөртлөө том номын сан, кино танхим, урлагийн танхим гээд хүүхдэд хүртээлтэй олон сайхан үйлчилгээг байнга авч байдаг, ОШУСТөвийн удирдлага ч энэ талаар тогтмол дэмжиж тусалж ирсэн. Ийм орчинд сургалтаа явуулдаг учраас бидний хөтөлбөр, ялангуяа хөгжүүлэх хөтөлбөрийн нэг онцлог нь хүүхдэд аль болох багаас нь гоо зүйн хүмүүжил таашаал төлөвшүүлэх, тэдний авьяас чадварыг нь нээж идэвхтэй харилцаанд сургах зорилтуудыг урьдаа тавьж явдаг. Эдгээр зорилт амжилттай хэрэгжиж эцэг эх, олон нийтийн талархлыг хүлээж ирлээ.

“Кириллица” сургууль байгуулагдсаны 15 жилийн ой болж байгаа энэ мөчид сургуулийн хамт олны хүрсэн ололт амжилтыг бахархалтайгаар тэмдэглэхийн ялдамд манай сургуультай хамтран ажиллаж ирсэн байгууллага, хүмүүс, эцэг эх, төгсөгчдөдөө талархал дэвшүүлэн баярын мэнд хүргэж,ажил амьдрал, сурлагад нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сургалтын менежер, Боловс­ролын тэргүүний ажилтан Б.Чулуунзагд

Бага сургууль бол хүүхдийн авьяас чадварыг таних, танигдсан авьяасыг нь хөгжүүлэх хамгийн таатай үе юм. Ийм учраас манай сургуулийн сургалтын нэг онцлог эх хэлээрээ болон орос, дараа нь бас англи хэлээр сайн ярьж сурахын зэрэгцээ хөгжүүлэх хөтөлбөрийн хэд хэдэн төрлөөр өөрийгөө сорих боломжийг хүүхдэд аль болох олгохыг зорьдог. Үүнд эцэг эх нь дэмжиж туслаад, багш нартайгаа хамтарч ажиллаад явбал хүүхдийн хандлагыг таньж мэдэх, улмаар цаашдын хөгжил төлөвшилд нь нөлөөлөх боломжтой. Энэ нь мэдээж хүүхдийн ирээдүйд их хэрэгтэй. Ганц нэг жишээ хэлэхэд өнгөрсөн жил манай сургуулийн төгсөгч Н.Индранил Эрхүү хотод болсон олон улсын англи хэлний олимпиадад түрүүлсэн, 2012 онд 5-р ангийн сурагч Т.Хүслэн Хобби сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадад 3-р байр эзэлсэн, 3-р ангийн сурагч Б.Мичидмаа Франц улсад болсон төгөлдөр хуурын хүүхдийн уралдаанд 3-р байр эзэлсэн, өмнөх жил нь 4-р ангийн сурагч Энхжин монгол хэлний хотын олимпиадад 3-р байр эзэлсэн, Ц.Нармандах дунд сургууль төгсөгчдийн ерөнхий эрдмийн шалгалтын үзүүлэлтээр улсад 13-т жагссан гэх мэт амжилтуудаас дурдаж болно.

Монгол хэл, соёлын боловсролд бид ихээхэн анхаардаг. Ирээдүйн монгол иргэн болж төлөвшихөд эх хэлээрээ дутуу боловсролтой, монгол уламжлал, түүх, ёс заншлаа мэдэхгүй байж болохгүй. Эх хэлний мэдлэг чадвар, эх соёл бол хүүхдийн төлөвшилд маш чухал нөлөөтэй хүчин зүйл шүү дээ. Энэ нь манай сургуулийн хөтөлбөрийн нэг давуу тал юм. Эх хэлний хичээлээ бид аль болох орос хэлний хичээлтэй уялдуулж төлөвлөдөг. Хоёр хэл хоёулаа кирилл үсгээр суурилдаг тул ийм боломж бий. Ер нь манай сургуулийн багш нар их бүтээлч, эвсэг, ажилсаг хамт олон. Сургуулийнхаа ойгоор тэднийхээ ажлын амжилтаар бахархаж байгаагаа тэмдэглэхэд таатай байна.

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгиевич Михайловтой ярилцлаа.

-Оросын шинжлэх ухаан соёлын төв дэх (РЦНК) “Кириллица” сургуулийн 15 жилийн ой тохиож байна. Монгол хүүхдүүдэд орос хэл, соёлыг түгээж байгаа энэ сургуулийн хамт олны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Юуны өмнө “Кириллица” сургуулийн хамт олон, нийт сурагчдадаа 15 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Одоогоос 15 жилийн өмнө энэ сургууль маань үүдээ нээж байлаа. Тэр үед хүмүүс орос хэлийг сурахаасаа илүүтэй англи хэлийг сонирхож, хүмүүс хүүхдээ орос хэлний биш англи хэлний сургалттай сургуульд оруулж байлаа. Яг ийм үед орос хэлний сургалттай сургууль нээсэн нь ихээхэн эр зориг гаргасан, эрсдэл дагуулсан шийдвэр байсан юм. Гэхдээ энэ шийдвэрийг гаргаж чадсан хүмүүс алсын хараатай шийдвэр гаргаж чаджээ гэдэг нь одоо батлагдаж байна. Орос хэлийг сонирхохгүй байх явдал хэсэгхэн зуурын явдал байлаа. Монгол, Орос хоёр мөнхийн хөршүүд. Эртний уламжлалт найрамдалт харилцаатай гүрнүүд. Тиймээс орос хэлийг сонирхох, судлах байдал үргэлжид байх болно. Одоо хүмүүс эргээд орос хэлийг сонирхож судлах болсон нь үүнийг батална. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Кириллица” сургуулийнхан маань амаргүй замыг туулж ирсэн. Бид ч төвийнхөө зүгээс боломжоороо дэмжиж, хамтарч ажиллаж ирснийг хэлэхэд таатай байна. Сургууль маань манай төвд байрладаг учраас хүүхдүүд үргэлж суралцаж байгаа хэлнийхээ орчинд байж чаддаг. Бас манай төвөөс зохион байгуулж байгаа ажил бүрт идэвхтэй оролцож, өөрсдийгөө хөгжүүлдэг. “Кириллица” сургуулийнхан ОХУ-аас өндөр ур чадвартай, мэргэжлийн багш нар урьж ажиллуулдаг. Энэ нь хүүхдүүддээ орос хэлийг өндөр түвшинд сурах боломжийг өгсөн. Энэ сургуулийн хүүхдүүд бусад орос хэлний сургалттай сургуулийн хүүхдүүдээс оросоор илүү цэвэрхэн ярьдаг. Сургуулийн захирал Ц.Магсар багш бол мэргэжилдээ дуртай, хүүхдүүдийнхээ төлөө чин сэтгэлээ зориулан ажиллаж чаддаг хүн. Тэр сургуулийнхаа сургалтын бодлогоо эхнээс нь тун зөв тавьж чадсан. “Кириллица” бага сургуулийг төгссөн хүүхдүүд Орос гурав, ОХУ-ын элчингийн орос сургууль, Плехановын нэрэмжит лицей сургуульд үргэлжлүүлэн сурдаг. Тэдгээр сургуулийн удирдлагууд “Кириллица” сургуулийн хүүхдүүдийг орос хэл, монгол хэлний түвшин, ерөнхий эрдмийн чадвар өндөр байгааг нь онцолдог юм.

-Бүгд л орос хэлтэй шахам, орос школтой байсан манайхан нэг хэсэг энэ хэлийг сонирхохоо больсон талаар та хэлсэн. Харин сүүлийн жилүүдэд Орост суралцагчдын тоо нэмэгдэж, манайхан ч орос хэлийг ихээр сонирхож байх шиг…

-Би Монголд ирээд дөрвөн жил болж байна. Энэ богино хугацаанд гэхэд л орос хэл судлах явц, түгээн дэлгэрэх байдалд ихээхэн өөрчлөлт гарсан нь над анзаарагдаж байна.Сүүлийн үед ОХУ-ын зүгээс боловсролын салбарт хамтрах тал дээр ихээхэн анхаарч байгаа. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Орост суралцах оюутны тоог нэмсээр байна. Өнгөрсөн жил 227 оюутан Орост суралцаж байсан бол өнөө жил 383 боллоо. Ирэх жилээс 500 болох байх, цаашдаа 1000 хүрэх ч төлөвтэй байна. Залуучууд орос хэл сонирхож байгаа нь манай төв дээр хичээллэдэг орос хэлний курсын төгсөгчдийн тооноос харагдаж байна. Орос хэлийг сайн сурвал үргэлжүүлж ОХУ-д суралцах боломж өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. ОХУ-д суралцаж өндөр боловсрол олж нутагтаа ирэх мундаг залуучуудын дунд манай “Кириллица”-гийн хүүхдүүд олноор байна гэдэгт би эргэлздэггүй юм.

БАГШ О.А.БЕЛОКОПЫТОВА: БИД ХҮҮХДИЙН ЛОГИК СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭЭР

АНХААРЧ АЖИЛЛАДАГ

-Та энэ сургуулийг нээгдсэн цагаас нь эхлэн ажиллаж байгаа багш юм байна. Монгол хүүхдүүдэд орос хэл сургахдаа та ямар арга барилыг баримтлан ажилладаг вэ?

-Би “Кириллица” бага сургуулийг байгуулагдсан цагаас нь буюу 1999 оноос эхлэн 15 дахь жил­дээ ажиллаж байна. Энэ хугацаанд монгол хүүхэд­тэй ажиллах өөрийн гэсэн арга зүйтэй, бас богино хугацааны дотор тэдэнд орос хэлийг зааж сургах ихээхэн туршлагатай бол­лоо. Би хэлний мэд­лэг чадварыг түрүүлж сайжруулсны үндсэн дээр хөтөлбөрийн агуулгыг эзэм­шүүлэх, дараа нь хэрэг­лээ болгоход ихээхэн анхаардаг. Ялангуяа, хүүхдийн нөөц болол­цоог аль болох бүрэн дайчилж, эцэг эхтэй нь ойр дотно хамтарч ажиллавал сурагчдын хичээлийн хоцрогдол бага, бие даан гүйцэтгэх ажлын үр өгөөж сайн байдаг. Ингэхийн тулд хяналт тооцоо сайтай байх хэрэгтэй. Сурагчдын мэдлэг чадварыг тухайн тодорхой сэдэв бүрээр нь хянаж, гүйцэтгэлийн түвшинг нь бүртгэн тоо­цоо­лоход ихээхэн анхаа­рах хэрэгтэй болдог. Сургалтын явцыг төлөвлөхдөө явцын, сэдэвчилсэн, үр дүнгийн хяналтыг сурагч, багшийн үйл ажиллагааны чиглэ­лүүдээр тус тусд нь төлөвлөж гарсан доголдол, хоцрогдлыг хэрхэн арилгах ажлын хэлбэрүүдийг урьдаас тооцоолдог. Ийм ажил үр дүнгээ маш сайн өгч сурагчдын ахиц амжилтад эерэгээр нөлөөлдөг юм.

-Хүүхдүүдэд хэл, бусад хичээлүүдийг заахаас гадна сэтгэл­гээг нь хөгжүүлэх дээр танайхан анхаарч ажилладаг санагдлаа…

-Миний баримталдаг арга зүйн өөр нэг чиглэл бол математик болон логик сэтгэлгээг хөгжүүлэх, үүний тулд үндсэн хөтөлбөрөөс гадна хүүхдийн сонир­хол татсан нэмэлт мате­риал ашиглах, шинэ соргог сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлагын сан бүрдүүлэх талд байнга эрэл хайгуул хийж байдаг. Үүнээс заримыг нь нийтийн хүртээл болгох, бусад багш нартай туршлагаа хуваалцахын тулд сургуулийн хэмжээний нэгдсэн сан бүрдүүлэх талаар тодорхой ажлууд хийж байгаа. Би болоод манай сургуулийн багш нар орос хэлийг гадаад хүнд заах арга зүйн чиглэлээр курс семинарт сууж, зайны болон янз бүрийн төсөл сургалтанд хамрагдаж ирсэн. Ингэсний үр дүнд бид сургалтын технологийн шинэлэг элементээр арга зүйгээ баяжуулж, өөрийн гэсэн дидактикийн чиг­лэлтэй болсон. Жишээ нь, сурагчид шийдэх асууд­лаа өөрсдөө дэвшүүлэх, түүндээ цогц шинжилгээ (комплексный анализ) хийх, бие даан хамтарч асуудал шийдвэрлэх, хамтарч эрэл хайгуул хийх, эрэгцүүлж бодох, харьцуулах, эцэст нь дүгнэлт гаргах гэх мэт. Харин багш энэ үед юмсыг янз бүрийн шинж чанараар нь ангилах, нэгтгэх, харьцуулах, анализ, синтез хийх зэрэг сурагчдын сэтгэхүйн идэвхтэй хэлбэрүүдийг нь аль болох дэмжиж өгнө. Үр дүнд нь сурагчид сургалтын агуулгыг ухамсар­лан ойлгож авна Үүнд логик сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн стандарт бус бодлого, дасгал ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ чиглэлээр бид 2005 оноос эхлэн сургалтын идэвхтэй үйлийн аргаар хичээллэж, үүндээ Оросын томоо­хон эрдэмтэд, сурган хүмүү­жүүлэгчид, сэтгэл­зүйчдийн хөгжүүлэх үзэл баримтлал бүхий нийлэгжсэн технологийн элементүүдийг аль болох өргөн хэрэглэж ирсэн, үр дүнд нь сурагчдын танин мэдэхүйн сонирхол нэмэгдэж, олон хувилбарт сэтгэлгээ болон харил­цаа­ны эерэг шинж чана­рууд идэвхжсэн хандлага ажиглагддаг. Жишээ нь миний даасан ангийн олон сурагч хот, улс, олон улсын конкурс, олим­пиад, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож тэргүүн болон шагналт байруудад шалгарч ирсэн. Түрүүч нь төгсөөд гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиудад амжилттай сурч байна. Энэ дашрамд “Кириллица” сургуулийн төгсөгчдөдөө ойн баярын мэнд хүргэе.

БАГШ М.А.АФАНАСЬЕВА: МОНГОЛ ХҮҮХДҮҮД ИХ АВЬЯАСЛАГ

-Та сургуулийнхаа талаар бидэнтэй сэт­гэгд­­лээ хуваалцана уу?

-Манай “Кириллица” сургууль их сайхан сур­гууль шүү. Олон ч давуу талтай. Хамгийн гол нь хүүхэд бүрт хүртээлтэй сургалт явуулах өргөн боломж­той. Бас хүүхдийн чөлөөт сэтгэлгээг дэмжих, эрт хөгжлийн болоод бие дааж сурах таатай нөхцлийг сэтгэл зүйн талаас нь бүрдүүлэх гэх мэт эрэл хайгуул, боломжууд бидэнд их ойрхон байдаг. Монгол хүүхдүүд их авьяслаг учраас би үүнийг зориуд онцлон хэлмээр байна. Ер нь хөгжлийн ойрын зайн зарчимд тулгуурласан сургалтын арга зүй бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогтой тун нарийн уялддаг шүү дээ. Ийм ч учраас бага сургууль хаа газар өөрийн гэсэн давуу талтай. Жишээ нь, тог­лоомын болон дүрт илэрхийллийн аргыг бага сургуульд л түлхүү хэрэглэж болно. Бага сургуульд уншиж сурах зорилго маш чухал учраас унших хичээлийн сэдвээр жүжигчилсэн тоглолт хийлгэх, тэр бүү хэл хяналтын ажил, шал­галтыг мөн ийм хэлбэрээр зохион байгуулах зэрэг ажил үнэхээр хэрэгтэй. Ингэс­нээр хүүхэд бие даах чадварыг харьцангуй эрт эзэмшиж, аливаа нөх­цөлд нээлттэй, харил­цаанд чөлөөтэй, бүтээлч, сониуч шинж нь давамгайлсан зан төлөвшилтэй болдог.

-Та монгол хүүхдүү­дэд гадаад заах өөрийн гэсэн арга барилаасаа хуваалцана уу?

-Би ажилдаа хэдэн чухал зарчим барим­талдаг, үүнийгээ нийтийн хүртээл болгох санаатай багш нарын онол-практи­кийн хуралд илтгэл хүр­тэл тавьж байлаа. Жишээ нь, монгол хүүхдүүдэд харь хэл заах сургалтыг амжилттай болгох үндсэн нөхцөл нь багшийн сай­хан сэтгэл. Миний зааж байгаа орос хэл монгол хүүх­дэд мэдэхгүй ч байсан эерэг сэтгэгдэл төрүүлдэг, тэр хэлийг сурч түүгээр ярих хүсэл эрмэлзлийг бий болгодог, баяр хөөр, бэрхшээл зов­лон­гоо хуваалцах хэрэг­цээг үүсгэдэг байх хэрэг­тэй. Үүнийгээ дагаад тухайн хэлийг заагч би ч мөн таньж мэдэхийн баяр баясгаланг тээгч байх ёстой.

Хоёрт, материалын агуулга хүүхдэд ойр дөт, амьдралтай нь холбоотой байх хэрэгтэй. Энэ бол дидактикийн маш чухал зарчим. Би орос хэл дээрх материалыг гадаад хэл гэдэг утгаар нь хүүхдэд аль болох хялбар дөхөм байлгаж, мөн тийм ном, сурах бичиг сонгож ажиллахыг чухалчилдаг. Жишээ нь, Цагаан толгой гэхэд үеэр таслан унших материалтай, зураг ихтэй байх ёстой. Цулгай эх биш, “сүүл”, “толгой” дагуулсан зурагтай ном хүүхдэд сонирхолтой. В.Драгунский, Н.Носов, К.Чуковский нарын баат­рууд хүүхдэд их ойрхон, иймд тэдний зохиолыг хүүх­дүүд амтархан уншиж, бас жүжигчлэн наадах дуртай. Хүүхдүүд их мэд­рэмжтэй шүү дээ. Тэд инээдтэй, хор­жоонтой сэдвийг сайн ойл­гож, түүнийгээ жүжиг­лэхдээ ч гаргаж харуулж чаддаг. Үүнээс гадна би хичээлдээ дуу их ашигладаг. Ялан­гуяа хүүхдийн дуртай хүүхэлдэйн киноны дуу, шүлэг бол их сайхан материал болно. Үүнийг хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, дуудлагыг зүгшрүүлэх, мөн сэтгэл хөдлөлийг нь зөв жолоо­дох талаас нь ашиглахыг эрмэлздэг.

Дараагийн нэг тэм­дэг­лүүштэй зүйл нь сургал­тын зохион байгуулалттай бөгөөд тасралтгүй яваг­дах ёстой гол ажил бол ангиас гадуурх ажил бай­даг. Янз бүрийн уралдаан тэмцээн, аялал экскурс, баяр ёслол тэм­дэг­лэх, мөн “Хэн үлгэр сайн мэдэх вэ”, “Хэн хамгийн ухаантай”, “Алив хөвгүүдээ” гэх мэт тэмцээн хүүхдийн танин мэдэхүйн идэвхийг өрнүүлэх, логик сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туслах, хамтран ажиллах зэрэг үйлд хэвшүүлж хамт олонд эерэг эрчим бүрдүүлж байдаг.

Эцэст нь, аливаа хичээ­лийн үүрэг зорил­гыг баяжуу­лах нь их чухал. Жишээ нь, биеийн тамирын хичээл, хөдөл­гөөнт тоглоом зэрэг нь олон янзын хөдөлгөөний үйл үг хэрэглэж сурах, ингэснээр хүүхдийн хэл яриаг давхар хөгжүүлэх сайхан боломжийг олго­дог. Тэр бүү хэл өөр өөр төрлөөр хариуц­лага хүлээл­гээд эхлэхэд хичээ­лийг хүүхдүүд өөрс­дөө зохион байгуу­ла­хыг эрмэлздэг. Олим­пийн түүх, спортын төрлүүдийн талаар ярьж өгвөл биеийн тамирын хичээл танин мэдэхүйн ач холбогдолтой болно.

Манай сургууль 15 жилийн ойгоо тэмдэглэж байна. “Кириллица” сургууль одоо өөрийн гэсэн имижтэй болжээ. Би энэ сургуульд ес дэх жилдээ ажиллаж байна. Монгол, орос, япон, солонгос олон шавьтай болсон байна. Тэд миний хувьд маш эрхэм хүмүүс. Тэднээрээ би бахархаж явдаг юм. Багшийн ажлын учир утга ийм юм даа. Энэ сониноор дамжуулан шавь нартаа хамгийн сайн сайхныг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Б.Билэгтийн нэхэмжлэлийг хэлэлцэнэ

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Түүний нэхэмжлэлийг өнөөдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэнэ. Өнгөрөгч сарын 27-ны өдөр хэлэлцэхээр товлосон байсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгтэй нягтлан танилцах хүсэлтийн дагуу 15 хоногоор хойшлуулсан байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Зэргэлдээх айлынхаа хотыг харлуулсан мянгат малчинд 6.3 жилийн хорих ял оноолоо

Төв аймгийн Угтаалцайдам сумын Сум дундын 23 дугаар шүүхэд сумынхаа малчны малыг хулгайлж нядалсан хэргийг өнгөрсөн пүрэв гаригт шүүжээ.

Шүүгдэгчид нь сумынхаа малчны 142 богийг нядалсан юм байна. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц, М, Б нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасныг үндэслэн чанга дэглэмтэй хорих ангид 6.3 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн тэдний портер машиныг улсын орлого болгож, шүүгдэгч тус бүрээс хоёр сая төгрөг гаргуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүйтэрч, цас орно

12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 14-нд төв, говийн нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13,14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай тээврийн хэрэгсэл жолоодно

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолоо барих эрх хаалттай байдаг байсан билээ. Гэхдээ тэд хууль бусаар жолоо барин хөдөлгөөнд оролцдог нь нууц биш. Тэгвэл энэ хавраас хойш Цагдаагийн байгууллага ХБИ-ийг тусгайлан жолооны сургалтанд хамруулж үнэмлэх олгож, тусгай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн.

Ингэхдээ эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн жолооны сургуульд сургах бөгөөд үнэмлэх олгох ажээ. Гэхдээ бусад жолоочийн адил ангилал хамаарч тээврийн хэрэгслийг жолоодох бус автомат ажиллагаатай, буруу талдаа үрүүлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй юм. Түүнчлэн жолооны үнэмлэх нь “ХБИ” гэсэн тэмдэглэгээтэй байх ажээ. Одоогоор эдгээр иргэдэд чиглэсэн тусгай жолооны сургууль Улаанбаатар хотод нэг, Дархан, Сэлэнгэ аймгуудад тус бүр нэг байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Алслагдсан хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын дагуух талд “Цасангоо” нэртэй шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Цэцэрлэгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү цэцэрлэг нь хотын төвөөс 18 км-ын зайд орших бөгөөд 232 хүүхдийн багтаамжтай юм. Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хувийн хэвшлийг дэмжин ажилласнаар тус хорооны 400 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдийн тодорхой хувь нь ийнхүү цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Тус цэцэрлэг нь тоглоомын талбай, спорт заал, танхим, унтлагын өрөө, гал зуух, угаалгын өрөө зэргээс цогцлон бүрдсэн бөгөөд хүүхдүүдийн хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх бүжиг, дуу хөгжмийн хичээлийг явуулах, оюуны боловсролд нь анхаарах бүрэн боломжтой юм. Тус цэцэрлэгийг барихдаа эрүүл ахуйн болон олон улсын стандартыг хангасан байхаар шинэ технологит суурилж барьсан байна. Мөн хорооныхоо ажлын албатай хамтран амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 4 өрхийн хүүхдийг үнэ төлбөргүй сургахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүдлийн рентген машин ажиллаж байна

ДЭМБ, “Глобал” сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй сүрьеэгийн тандалт судалгааны нээлт Дархан-Уул аймгийн “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Эхний ээлжинд Дархан сумын II, IV, X багийн зорилтот бүлгийн 2000 гаруй хүнийг судалгаанд хамруулсан байна. ХӨСҮТ-өөс есөн хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж байгаа юм. Энэ үеэр “Нүүдлийн рентген” машиныг ажиллуулж байна.