Categories
мэдээ нийгэм

“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзориг нарын шүүх хурал хойшиллоо

“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарын 11 хүний хэргийг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд эхэлсэн ч энэ сарын 19-ныг хүртэл хойшлуулсан байна. Шүүгчдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй тул ийнхүү хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа.

Д.Ганзориг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэн шүүж байгаа юм. Тодруулбал, Д.Ганзориг нарыг Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг барих тендерт шалгарч 30 барилга барих төсвөөр 19 барилга барьсан. Мөн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харъяа “Үндэсний цахим архив”-ын барилга, IV амаржих газрын барилгыг барих мөнгийг төсвөөс авсан ч барилгыг ашиглалтад оруулахгүйгээр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

800 ажлын байр нээлттэй байна

Өнгөрсөн долоо хоногт МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан байнгын ажлын байранд 25 залуу, цагийн ажилд 149 оюутан залуучууд зуучлагдсан байна. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хөдөлмөр зуучлалын шинэ системийг нэвтрүүлж, залуучуудыг ажилтай орлоготой болгох тал дээр маш олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Цагийн ажил хөдөлмөрийн яармагийг монголд анх удаа зохион байгуулсан, мөн явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж ажил хайж ирдэг байсан залуучууд дээр очиж ажлын байрыг нь санал болгодог болсон юм. Одоогоор залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр 4000 оюутан залуучууд цагийн ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн байгаа бөгөөд нээлттэй ажлын байрууд эрх зүйч, эдийн засагч, архитектор, барилгын ерөнхий инженер, марктингийн менежер, гадаад аялал жуулчлалын менежер, цахилгааны хяналтын инженер, Үйлдвэрийн менежер, нярав, борлуулалтын менежер, зөөгч, барилгын туслах ажилтан, үйлчлэгч, борлуулагч, худалдагч гэх мэт ажлын байрууд элбэг байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг удаагийн тариурыг дахин ашигладаг байжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод шүдний өвчний эмчилгээ оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 241 эмнэлгээс 84 хувийн эмнэлэгт шалгалт хийжээ. Шалгалтаар ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн тариур, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаг гэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Мөн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад хийгдэх үйл ажиллагаануудыг зохих журам, зааврын дагуу хэрэгжүүлдэггүй нь илэрчээ. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлийг бий болгож байгаа аж.

Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгалтын явцад илэрсэн зарим зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авсан бөгөөд ноцтой зөрчил гаргасан зарим эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоож ,тусгай зөвшөөрөлийг цуцлахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд 86 орон тоо нэмлээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10-р сарын 08-ны өдрийн № 643 тоот тушаалаар Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор орон тоог нь 86-н алба хаагчаар нэмэгдүүллээ. Энэ ажлын хүрээнд 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилогдсон алба хаагчдад албан тушаалын цагдаагийн “ДЭСЛЭГЧ” цол олголоо. Хууль зүйн сайдын тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтэц орон тоог цөөлж, ийнхүү дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд нийт 86 орон тоог нэмэгдүүлснээр иргэдэд хүрч үйлчлэх хүртээмж сайжрах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Морьтон залуусын аялал баасан гаригт өндөрлөнө

“Морьтон Монгол залуус” ТББ-аас санаачлан өнгөрөгч тавдугаар сарын 9-нд “Цонжин болдог” цогцолбороос Монгол орноо мориор тойрон аялах төслөө эхлүүлж байсан юм. Аялалынхаа гарааг Өмнөговь аймгийн Шивээ-хүрэнгийн боомтоос эхлүүлсэн МУБИС-ийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахүү, “ETV” телевизийн зураглаач Б.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар нийт 8538 км аялахаар төлөвлөсөн байжээ.

Тэд Монгол хүн, монгол адуу хоёрын тэсвэр хатуужил, залууст эх орноо хайрлах, эх түүхээрээ бахархах сэтгэлгээг төрүүлэх, монгол уламжлал, зан заншил, ахуй амьдрал, өв соёл зэрэг монгол хэмээх тодотголтой бүгдийг https://www.facebook.com/MoritonMGL цахим хуудсандаа байруулж ирсэн. Аялагч залуус өдгөө 10 мянга орчим км зам туулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт ирээд байгаа бөгөөд ирэх баасан гарагт албан ёсоор аялалын хаалтаа хийх аж.

Сонирхуулахад, тэд аялалынхаа талаар танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж телевизээр цацаж эхэлсэн бөгөөд гэрэл зургийн цомог гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Авто худалдааны цогцолбор”-ын ажлын явц 85 хувьтай байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот тогтоолоор “Авто Худалдааны Цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар болж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр сарын 1-нээс ажлаа эхэлсэн.

Уг цогцолбор нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх бөгөөд нийслэл дахь авто машин, техник болон тэдгээрийн дагалдах хэрэгслийг худалдаалдаг 9 томоохон зах, 34 цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэн үйл ажиллагаагаа явуулах юм.

“Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, нийт 14000 авто машины зогсоолтой байх аж. Эхний ээлжинд 4 блокоос бүрдсэн 6300 автомашины зогсоолыг ашиглалтад оруулах бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьтай явж байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндрэхгүй бол “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Уг цогцолборын ажлыг “Тэгшт плант” ХХК, “Эко тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК гэсэн 4 компани гүйцэтгэж байна. Одоогоор нийт 20.4 га талбайд далангийн дүүргэлт хийж, асфальтаар хучжээ. Мөн автомашины зогсоол, хэрэглэгчдийн зогсоол, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, банк, даатгал, цайны газар, нийтийн бие засах газрын хэмжээг нэмээд 30 га талбайг ашиглалтад оруулна гэдгийг гүйцэтгэгч компанийхан хэлж байна.

Цаашид тус цогцолборт авто машины сэлбэг хэрэгслийн худалдаа, техникийн хяналтын үзлэг, оношлогооны төв, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн 11 дүгээр сарын 12-ныг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байна.

Монгол улсад хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог. Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа хатгалгаа өвчнөөс сэргийлэх, хатгалгаанаас үүдэлтэй эндэгдлийг бүрэн таслан зогсооход төр засаг, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, энэ ажилд уриалахад чиглэдэг ажээ.

“Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурлыг өчигдөр/2014.11.11/ ЭМЯ-наа зохион байгууллаа. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Ньюнт-У, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнес, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэвлэлийн бага хурлыг нээж үг хэлэхдээ хатгалгаа өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой, эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлж, 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын зонхилох шалтгаан болоод буй хатгалгаанаас сэргийлэх, таслан зогсооход бүх нийтийг хамтран ажиллахыг уриаллаа.

Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгч мэдээлэхдээ, “Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэхээр бид зэхэж байна. ДЭМБ нь Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцааг үзүүлсээр ирсэн. Өнөөдөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх вакциныг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор харуулдан тандалтыг явуулж байна. Вакцинжуулалтыг нэвтрүүлэхдээ нотолгоонд суурилсан байх ёстой” гэв.

Ноён Роберто Бэнес тус үйл ажиллагаанд нэгдэж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дуу хоолойг хүргэх болсондоо таатай байгаагаа илэрхийлээд, хатгалгаанаас үүдэлтэй хүүхдийн эндэгдлийг 2025 он гэхэд бүр мөсөн таслан зогсоох зорилтод хүрэхийн төлөө холбогдогч бүхий л талуудтай хамтарч ажиллахыг эрмэлзэнэ. Энэхүү зорилтыг Монгол улсад бодитой хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Хүүхдийн сан нь бүх талаар хичээж ажиллана гэдгээ хэллээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндий үндэсний төвөөс санаачлан маргааш буюу 2014 оны 11 дүгээр сарын 12-ны лхагва гарагт “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт зохион байгуулахаар болжээ. Тэдний зүгээс эцэг эхчүүд, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан 6 зөвлөмжийг бэлтгэн олон нийтэд хүргэх юм. Хатгалгаа өвчний талаархи эцэг эхчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламжийг хайх чадамжийг бий болгох шаардлагатай байгаа гэдгийг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлж байв. Мөн тэрээр хүүхдийг 6 сар хүртэл, цаашлаад 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хоолловол зөвхөн хатгалгаа өвчнөөс сэргийлээд зогсохгүй хүүхдийн өвчлөлийн олон шалтгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болохыг онцолж санууллаа. Эцэг, эхчүүдийн ердөө 10 хувь нь хатгалгаа өвчний шинж тэмдгийг мэддэг, улмаар ихэнх тохиолдолд цаг алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хожуу ханддаг байна.

Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрөөр энэ жил хүүхэд бүрт хүрч, хатгалгаа ба бусад өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлснээр хүүхдийн сэргийлэх боломжтой нас баралтыг дэлхий дахинаа таслан зогсооход уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эсрэг цаг”, “Дуулах ур зүй”, “Бүх цаг үеийн сонгодог жүжгүүд” номын нээлт болно

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн нэрийн хуудас болсон сонгодог жүжиг, кино, жүжгийн зохиол, жүжигчний уран чадвар, театрын талаарх ном, дууны шүлэг гээд түүний уран бүтээл ар араасаа үргэлжилнэ.

Тэрбээр Германы гүн ухаантан, яруу найрагч, жүжгийн зохиолч Фридрих Шиллерийн бичсэн “Хар санаа, хайр сэтгэл” эмгэнэлт жүжгийг 2004 онд найруулан, XIX зууны сонгодог зохиолыг XXI зууны үзэгчдэд сонирхолтойгоор хүргэхийг зорьж, өнөөгийн нийгмийн уур амьсгал, амьдралтай холбож тавьсан нь тухайн үедээ шуугиулж байсан билээ.

Мөн УДЭТ-аас хэрэгжүүлж буй “Бэсрэг жүжиг” төслийн хоёр дахь уран бүтээл болох “Бүүвэй” жүжиг найруулан өнгөрсөн хавар толилуулсан. Тэрбээр “Сонгодог жүжигт давж болдоггүй хана, халдаж болдоггүй хил гэж бий” хэмээн хэлсэн удаатай. Дэлхийн томоохон театруудын урын санг баяжуулан, үе үеийн найруулагчийн, жүжигчдийн ур чадварыг шалгасан жүжгүүдийг сонгож, тайзнаа тавьдаг найруулагч урлаг судлалын ухааны доктор, профессор урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн эмхтгэсэн “Бүх цаг үеийн сонгодог жүжгүүд” гурван боть ном мөн урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Ц.Батцэрэнгийн “Дуулах ур зүй”, утга зохиолын шүүмжлэл судлаач П.Батхуягийн “Эсрэг цаг” номын нээлт өнөөдөр 15:00 цагаас “Интерном” дэлгүүрт болох юм.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн цагийн хуваариар 74403 нислэгт зөвшөөрөл олгожээ

Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс өвлийн цагийн нислэгийн хуваарийг шинэчлэн гаргалаа. 2014 оны аравдугаар сарын 26-наас 2015 оны гуравдугаар сарын 28-ныг дуустал Монгол Улсын агаарын зайд тогтмол нислэг үйлдэх гадаад, дотоодын 48 гаруй агаарын тээвэрлэгчдийн нийт 74403 нислэгийн хүсэлтийг хүлээн авч, нислэгийн аюулгүй байдал түүнд тавигдах шаардлагыг харгалзан холбогдох зөвшөөрлүүдийг олгожээ.

Олон улсын өнгөрөлтийн нийт 70264 нислэгээс 61853 нь үндсэн, 8411 нь нөөц нислэг байгаа бол буулт хөөрөлтийн нийт 4139 нислэгийн 2423 нь олон улсын, 1716 нь орон нутгийн нислэг байхаар төлөвлөгджээ. Энэхүү төлөвлөгдсөн нислэгүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өнгөрөлтийн нислэг найм гаруй хувиар, олон улсын буулт хөөрөлт тав, орон нутгийн буулт хөөрөлт таван хувиар тус тус өсөх хандлагатай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол толгойг дэмжих сан байгуулах санал гаргалаа

“Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-ы гуравдугаар үеийн 1-р хуралдаан “Төрийн мэдээллийн технологийн удирдлагын алба” сэдэв дор боллоо. “Төрийн мэдээллийн технологийн удирдлагын алба байх хэрэгцээ шаардлага, үр ашиг” сэдвээр Үндэсний дата төв УТҮГ-ын захирал З.Энхболд, “Монгол дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин” сэдвээр Г.Содбаяр (Ахлах мэргэжилтэн, хуучнаар ЭЗХЯ) нар илтгэл тавьж, хурлыг МОСА-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Дөлмандах удирдан явууллаа. Чуулганы гуравдугаар үеийн 2-р хуралдаан Старт Ап – Хөрөнгө оруулалтын эко систем сэдвийн дор явагдаж, “Crowdfunding буюу олон нийтийн санхүүжилтийг Монголд хөгжүүлэх нь” сэдвээр С.Баярсайхан /Олуулаа хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал/, “Технологийн гарааны бизнес” сэдвээр Д.Бат-Октябрь / “Startup Mongolia” ТББ-ын Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга/, “Старт Ап бизнесийн хөрөнгө оруулалт” Ц.Чулуунзагд (“Хийморь медиа” ХХК-ний захирал) нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөлөө. Хурлыг Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Б.Мягмарнаран удирдан явуулсан. Чуулганаас өргөх бичгийг төрийн өндөрлөгүүдэд хүргэж, Монгол толгойг дэмжих сан байгуулах зэрэг олон санал гаргалаа. Энэхүү саналуудыг тусган чуулганаас зөвлөмж гаргах юм.