Categories
мэдээ нийгэм

Урт цагааны замыг түр хаана

Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014.11.15-наас эхлэн 2014.12.20-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Чулуун зам барих ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Иймд дээрх хугацаанд Урт цагааны урдуур нэвт зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн 16 дугаар хороонд байрлах авто гараашийг актална

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/951 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар шинээр спорт, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга барихтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн балансад бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах автогражийн нийт 12 сая 169 мянган төгрөгийн үнэ бүхий байрыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.

Акталж, данс бүртгэлээс хасч буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

д/д

Хөрөнгийн нэр

Хаяг байршил

Ашиглалтад орсонон

Балансын үнэ /төгрөг/

Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/

Үлдэгдэл үнэ /төгрөг/

1

Автограж

Баянзүрх дүүрэг 16 хороо

1979

12 169 500

12 169 500

0,0

Нийт дүн

12 169 500

12 169 500

0,0

Categories
мэдээ нийгэм

“Хотын шийдэл” форумаар “дугуйтай Улаанбаатар” төслийн талаар хэлэлцэнэ

JCI Монгол байгууллага Нийслэлийн ЗДТГ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Хотын шийдэл” форум маргааш буюу 11 дүгээр сарын 14-нд “Корпорайт” зочид буудлын Улаанбаатар танхимд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Уг форумд Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцоно. Энэхүү форумаар Түгжрэлийн эсрэг авч байгаа арга хэмжээ, Цахим тасалбар төсөл, Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлт, Е- засаглал- ухаалаг аппликэйшн, Гудамж төсөл, Дугаарын хязгаарлалт болон авто замын осол, Хөдөлгөөн буюу Олон төрлийн тээврийн сүлжээ, Дугуйтай Улаанбаатар төсөл, Машины хэрэглээг бууруулах бодлого, Дагуул хот байгуулж, төвлөрлийг сааруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба соёлын үндэс зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хорт хавдартай тэмцэх аян үргэлжилж байна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 14 хоногийг “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян” болгон тэмдэглэдэг. Энэ жил тус аян Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Элэгний хорт хавдраас сэргийлье” уриан дор үргэлжилж байна.

Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг бөгөөд 40-өөс дээш насны иргэдийн таван хүн тутмын нэг нь хорт хавдартай ажээ.

Эрэгтэйчүүдэд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолддог бол эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, улаанхоолой, хөхний хорт хавдар зонхилдог юм байна. 2003 онд улсын хэмжээнд хорт хавдрын 3511 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2729 хүн нас барсан бол 2013 онд 5255 шинэ тохиолдолд бүртгэгдэж, 3660 хүн нас барсан байна. Ингэснээр хорт хавдар Монгол Улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж зүрх судасны өвчнөөс үүдэлтэй нас баралтын дараагаар бичигдэх болжээ. Хорт хавдрыг дэлхий нийтэд урьдчилан сэргийлэх боломжтой өвчин гэж үздэг бөгөөд хүний хууч өвчин дээр үндэслэж бий болдог 40-өөс дээш насныханы өвчин гэдэг юм байна. Гэвч иргэдийн 75-80 хувь өвчний хожуу үедээ буюу гурав, дөрөвдүгээр шатандаа эмнэлэгт ханддаг аж.

Тиймээс иргэд амьдралын зөв хэвшлийг баримталж, эрүүл чанартай хоол хүнс хэрэглэн, суурь өвчтэй бол тогтмол эмнэлгийн байгууллагад хандаж, хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлсээс татгалзаж байхыг ДЭМБ болон ЭМЯ-наас зөвлөж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ОХУ руу визгүй зорчино

Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны есдүгээр сард байгуулсан билээ. Хэлэлцээрийн дагуу энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00.00 цагаас эхлэн хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчино.

Монгол, Оросын Холбооны Улсын иргэд харилцан визгүй зорчих болсонтой холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга В.В.Горячив, ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.Батаа нар ОХУ-ын ЭСЯ-нд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров нар гарын үсэг зурж баталгаажуулсан хэлэлцээрээр Монгол, Оросын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заажээ. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих журмын дагуу виз авах юм байна.

Сонирхуулахад 1995 онд Монголын талын хүсэлтээр 2 орны иргэд визтэй зорчих болсон байна. 1998 онд Монголын талаас ОХУ-ын талд дахин визгүй зорчих хүсэлт тавьсан байна. Ийнхүү 19 жилийн дараа ОХУ руу дахин визгүй зорчих нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн багш нар сургалтад хамрагдав

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв “Багшийн хөгжлийн ордон”-той хамтран орон нутгийн багш нарт экологийн боловсрол олгох хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. Энэ удаагийн сургалтад 21 аймгийн физик, математик, газар зүйн хичээлээр сургалт явуулдаг 150 гаруй багш хамрагджээ. Дээрх багш нарт тус төвийн байгаль орчны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Сарантуяа болон “Жайка” олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Хироки Ёкояама нар “Орон нутагт хэрхэн нөхөрлөл байгуулж хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилах, дахин боловсруулах” талаар лекцийн болон хөгжөөнт тоглоомын хэлбэрээр сургалт явуулж, гарын авлага, мэдээлэл авч болох цахим хуудсуудын талаар зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол эм ОХУ-д борлуулагдаж эхэлжээ

Манай улсын экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин үлдсэн цөөхөн хувь нь монгол хүний гараар, оюун сэтгэхүйгээр бүтээгдсэн байдаг. Экспортын барааны тоо нэмэгдэнэ гэдэг монголчуудын хувьд том баяр. Тэр тусмаа шинэ төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргана гэдэг маш чухал зүйл юм. Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон бөөр хамгаалах 100 хувь байгалийн гаралтай “Нефромон” бэлдмэл энэ сараас эхэлж албан ёсны эрхтэйгээр ОХУ-д борлуулагдаж эхэлжээ.

-ГАДАГШАА ЭКСПОРТЛОГДОЖ БУЙ ЭМИЙН ТӨРЛИЙН АНХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН-

2011 оноос эхэлж “Монос фарм” эмийн үйлдвэр нь “Нефромон” бэлдмэлийг Оросын Холбооны улсад бүртгүүлж, хамтарсан үйлдвэр байгуулахаар болжээ. Ийнхүү 2014 оны 11 дүгээр сараас албан ёсны эрхтэйгээр ОХУ-д борлуулагдаж эхэлсэн байна. “Монос фарм”-ын эмийн үйлдвэр нь 20 гаруй төрлийн ургамлын гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэдгээс дархлаа сайжруулах “Салимон”, бөөр хамгаалах “Нефромон” бүтээгдэхүүнүүд нь олон улсад бүртгэлтэй. “Нефромон” нь гадны оронд борлуулагдаж буй анхны бэлдмэл аж.

-“НЕФРОМОН” БЭЛДМЭЛ БӨӨР ХАМГААЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ-

“Нефромон” бэлдмэл нь Монголын хөрс шороонд ургасан ургамлаар хийгдсэн 100 хувь байгалийн гаралтай. Нарийн навчит цахилдгийн үндэс, үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд юм. Уг бэлдмэл нь бөөрний түүдгэнцэр сувганцрын хучуур эсийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, азотын хортой нэгдлүүдийг бие махбодиос зайлуулах, хордлого тайлах, бөөрний гаралтай цусны даралт ихсэлтийг багасгах нөлөөтэй аж.

-“ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН”-ГИЙН БАГ ХАМТ ОЛОН ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ-

“Монос фарм”-ын дэргэд байрлах “Эм судлалын хүрээлэн” нь 1996 онд профессор Л.Хүрэлбаатарын санаачилгаар анх “Зохион бүтээх тасаг” нэртэй байгуулагдаж байжээ. 1998 онд “Эрдэм шинжилгээний төв” болж, 2008 онд “Эм судлалын хүрээлэн” болон хөгжиж, орчин цагийн эм зүйн шинжлэх ухааны ололтод тулгуурлан эрдэм судлал, инноваци, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Тэдний хамт олон 1993 оноос судалгаа хийж 2000 оноос эхлэн “Нефромон” бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сагсчдыг их, дээд сургуульд төлбөргүй сургана

Улс төрд шинэ манлайлагч төсөлд оролцогч залуус “Тэтгэлэгтэй тамирчин” зорилтот төслийг эхлүүлээд байна. Энэхүү төслийн зорилго нь сагсан бөмбөг сонирхогч залуучуудыг их дээд сургуулиудад 4 жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулахад чиглэгдэж байна. Одоогийн байдлаар ХААИС, “Мандах Бүртгэл”,” Идэр”, Сан”, “Сэрүүлэг”,” Рояал академи” зэрэг сургуульд нийт 20 сагсан бөмбөг сонирхогч залуусыг хүссэн мэргэжлээр нь үнэ төлбөргүй сургахаар боллоо. Материал бүрдүүлж ирүүлсэн тамирчдын дундаас сургуулиуд өөрсдөө сонголтоо хийж тамирчдыг сонгож авах бөгөөд сонгогдсон тамирчин нь тухайн сургуульд үнэ төлбөргүй суралцахаас гадна тухайн сургуулийг төлөөлж тэмцээн уралдаануудад оролцох юм байна. Энэхүү төсөл үргэлжилж байгаа бөгөөд хамрагдах хүсэлтэй залуусын материалыг энэ сарын 30-ны өдрийг хүртэл авч байна. Хамрагдахыг хүссэн залуус дараах шаардлагыг хангасан байх юм. Үүнд:

  • Бүрэн дунд боловсролтой байх
  • Цаашид сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэж, амжилт гаргах сонирхолтой байх
  • Сагсан бөмбөгийн тодорхой техник, ур чадварыг эзэмшсэн байх
  • Энэ жил 12 дугаар анги төгсөх ЕБС-ийн сурагч байж болно.
Categories
мэдээ нийгэм

Барилгын ослоор хүн бэртжээ

Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж байгаа таван давхар орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж гэмтжээ. Тухайн хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Осол гарсан барилгын ган татлагатай дүүжинт өргүүрийн өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагыг хангаагүйгээс тулгуурын өнхрүүлэг мултарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Тиймээс шаардлагыг хангах хүртэл улсын байцаагчийн акт гарган барилгын ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн барилгыг актлахаар боллоо

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/950 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах дунд сургуулийн нийт 69 сая 515 мянган төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах юм. Данс бүртгэлээс хасагдаж байгаа хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.