Categories
мэдээ нийгэм

“Цэвэр уушги” уриан дор оюутан, залуучууд нэгдэв

Нийслэлчүүд өвлийн улиралд хотын утаанаас холдож, цэвэр агаар амьсгалан хамт олон, найз нөхдөөрөө алхаж, уушигаа цэвэрлэхийг иргэд хамгийн ихээр хүсдэг болсон. Иймд МЗХ-ны дэргэдэх Аялал жуулчлалын төв амралтын өдөр бүр “Цэвэр уушги” уриан дор явган аяллыг зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрийн явган аялалд л гэхэд МУИС-ийн 600 гаруй оюутан залуус нэгдэж Богд хан уулын Жаргалантын амнаас Өвөр зайсан гэсэн замналаар 15 км явган аялжээ.

Энэ үеэр явган аяллын ач тус, багийн болон хувийн бэлтгэл хэрхэн хангах, аяллын үеийн зохион байгуулалт, анхны тусламжийн хайрцаг, үүргэвчний зохион байгуулалт, өмсөх хувцас, байгаль орчиндоо ээлтэй байх, хэрхэн баг болж аялах \баг нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн уриатай байх\ аяллын дэг журам зэргийг зааж сургасан байна. багуудын дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж амралтын өдрийг цэвэр агаарт үр дүнтэй өнгөрүүлжээ. Цаашид энэхүү аялал долоо хоног бүр зохион байгуулагдах бөгөөд оюутан залуучууд, албан байгууллага, хувь хүмүүс оролцоход нээлттэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаагийн гомдлыг пүрэв гарагт хэлэлцэнэ

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард Эрүүгийн хэргийн II шүүхэд болж, анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /1.344.000/ төгрөгөөр торгох ял оноосон юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Алдармаа болон түүний өмгөөлөгчид үл зөвшөөрөн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ. Тэгвэл энэ сарын 20-нд буюу пүрэв гарагт яллагдагч Ц.Алдармаагийн гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэлэлцэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нийслэлийн эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан явцтай танилцлаа. Өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчийн хувьцаат компани,”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Дулааны цахилгаан станц 3-ТӨХК-ийн ажлын явцтай танилцсан. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хэрэглэгчдээс гомдол санал хүлээн авах Call center төв, диспечерийн алба, ДЦС 3-ын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцаа газар дээр нь үзүүлсэн юм. Эдгээр байгууллагууд өвлийн их ачааллыг давах бэлтгэлээ 100 % хангасан талаараа танилцуулж байлаа.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК http://my.tog.mn/ веб сайтаар хэрэглэгч зочилж хэрэглэгчийн кодоо ашиглан нэвтэрч онлайнаар төлбөрөө төлөх, төлбөрийн мэдээллээ харах, ажлын захиалга болон дуудлага өгөх, тоолуур болон гэрээтэй холбоотой мэдээлэл авах, санал гомдол илгээх зэрэг боломжтой болгосон.

http://www.ubedn.mn/ веб сайтад хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл болох техникийн нөхцөл http://tno.ubedn.mn/ , төлбөрт үйлчилгээ, ЦЭХ-ний үнэ тариф, засварын хуваарь болон бусад зөвлөмжүүдийг байрлуулсанаас гадна санал гомдол хүлээн авах боломжийг бүрдүүлжээ. Мөн 2013-2014 онд хйисэн ажлын үр дүнд 43474 айл өрхийн цахилгаан хангамж сайжирсан. Гэхдээ нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийн тоо жилд 30 мянгаар өсөж байгаа тул хотын төвд дэд станц барих шаардлагатай байгааг онцолсон.

ДЦС 3-ын өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл 100%-тай, мазутын 861 тн, нүүрсний 87763 тн нөөцтэй байлаа.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний удирдлагууд “Авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний ажлуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг хэлсэн. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба техникийн нөхцлийг олгохдоо авто зам, тохижилтын ажлын уялдаа холбоог хангах талд анхаарч ажиллана” гэдгээ хэлсэн юм. Мөн эрчим хүчний байгууллагууд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвтэй хамтарч ажиллан мэдээ мэдээлэл солилцох заавраа яаралтай гаргаарай” гэсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Иргэний андгай өргөх ёслол” болно

Амьдралын алтан босго 16 нас гэдэг үг зүгээр ч нэг үг биш. Хүн бүрийн хувьд 16 нас гэдэг хамгийн хариуцлагатай, бие даан шийдвэр гаргах, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх, юмыг тоглоом гэж харахаас илүүтэй бодит зүйл болгох тийм л нас. Тэгвэл нийтэнэ сарын23-ндбуюуу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр 16 настнууд Төрийн ордны Их танхимд “Иргэний андгай өргөх ёслол” хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван сая дахь иргэн оны сүүлээр мэндлэх төлөвтэй гэнэ

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх өдрийг жирэмсэнгэлтгүй иргэд хүсэн хүлээж буй. Учир нь Засгийн газраас гурван сая дахь иргэндээ орон сууц болон гурван сая төгрөг олгохоор амалсан билээ. Харин өнөө өглөөснөөс гурван сая дахь иргэн мэндэллээ гэсэн шуугиан дэгдээд байна. Энэ талаар Үндэсний статистакийн хорооноос тодруулахад “Гурван сая дахь иргэн хараахан мэндлээгүй. Бид судалгаа хийхээр Үндэсний статистакийн хорооны хүн амын цагаа түр хугацаагаар хаагаад байна. Гурван сая дахь иргэн 12 дугаар сарын сүүлч юм уу, нэгдүгээр сарын дундуур төрөх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Монгол Улсын иргэн 2 сая 985 мянга орчим байгаа” хэмээн мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Ховордсон цоохор ирвэс Монгол Улсад 1200 орчим байна

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубын төлөөлөл, “Англо-Американ” ХК-ийн Монгол дахь төлөөлөгч болон “Ирвэс” сан хамтран мэдээлэл хийлээ. Цоохор ирвэс Монгол болон Төв Азийн 11 улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн дэлхийд нэн ховор амьтан юм. Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт буюу БНХАУ-ын дараа ордог. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 улсад нийт 3900-6400 цоохор ирвэс бий гэсэн тоо баримт бий. Үүнээс 1200 орчим цоохор ирвэс Монгол орны говь, хээрийн нутгаар тархсан байдаг аж. Уулын систем эрүүл, онгон байгаа эсэхийг шалгах, хянах шалгуур нь цоохор ирвэс болдог байна. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байгаа нутагт байгалийн тэнцвэр хадгалагдаж байгааг илтгэдэг гэнэ. Зах зээлийн нийгэмд шилжихэд Монголд 700-900 цоохор ирвэс байна гэсэн тооцоо судалгаанаас үзвэл, цоохор ирвэсийн тоо толгой өсөх хандлагатай байгаа аж. Нэг үеэ бодвол хулгайгаар агнаж устгах нь багассан хэмээн мэргэжилтнүүд онцлож байна. Гэхдээ хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьдрах орчин нь хомсдох, идэш бологч амьтдыг нь хууль бусаар агнах зэрэг үйлдэл нь цоохор ирвэст сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Налайх, Багануур дүүрэгт Хотын дүрмийн хэлэлцүүлэг болно

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тусгасаны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулах ажлыг өнгөрсөн онд эхэлсэн. Шат дараатайгаар хийгдэх уг ажилд нийслэлийн иргэдийн саналыг тусгаж байгаа бөгөөд эхний ээлжинд Налайх, Багануур дүүргийн иргэдээс санал авах “Хотын үндсэн дүрэм”-ийн хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, дүрэм боловсруулах ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж болон дүүргүүдийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгээр Налайх, Багануур дүүргүүдийн хөгжлийн төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлага, “Хотын Үндсэн дүрэм”-ийн төслийн танилцуулга, Хотын дүрэм боловсруулах ажлын явц болон дүрмийг баталж, хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, иргэдээс санал авна. Хэлэлцүүлэг Налайх дүүрэгт 11 дүгээр сарын 18-ны 10 цагт Соёл, урлагийн ордонд, Багануур дүүрэгт 11 дүгээр сарын 19-ний 10 цагт “Өргөө” соёлын ордонд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эбола вируст халдварын тархалт зарим улсад нэмэгдсэн хэвээр байна

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус вируст халдвар дэлхийн 9 улсад бүртгэгдэж, 14479 хүн өвчилж, 5226(36%) хүн нас барсан байна. 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна.

Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байсаар байна.

Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш 4 шинэ тохиолдол нэмэгджээ.

Мали улсад шинээр 4 тохиолдол бүртгэгдэж, 3 нь нас барсан бөгөөд сүүлийн 3 шинэ тохиолдол нь 10 дугаар сарын 24-нд нас барсан эхний тохиолдолтой ямар нэгэн тархвар судлалын холбоогүй байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 216 хүнийг илрүүлэн эрүүл мэндийн хяналтад байлгаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт малын галзуу өвчин бүртгэгдлээ

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар багийн нутаг “Өлзийт гол” гэдэг газар нэг үхэр малын галзуу өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдлээ. 11 дүгээр сарын 07-ны өдрөөс тус нутагт хорио цээрийн дэглэмийг тогтоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Монголчууд хэл шигээ сэтгэлгээ, сэтгэлгээ шигээ хэлний өвөрмөц хэв маягийг бүтээжээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ч.Өнөрбаяр, А.Ганбаатар, эрдэмтэн мэргэд, монгол бичгийн мэргэжилтнүүд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Уран бичлэгийн үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ танхимд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхий дахины соёлын их давалгаан дунд монгол хэмээх үелзээ давал үзэгдэхийн үндэс нь бидний хэл соёл, зан заншил болоод түүнийг илэрхийлэх бичиг үсэг буюу.

Монголчууд уйгаржин бичиг, дөрвөлжин бичиг, Тод үсэг, Соёмбо үсэг зэрэг арав гаруй бичиг үсгийн тогтолцоог зуун зууны туршид бүтээж, бодол оюунаа илэрхийлэн дэвтэрлэж, басхүү хэл шигээ сэтгэлгээ, сэтгэлгээ шигээ хэлний өвөрмөц хэв маягийг бүтээжээ. Энэ бол Монголчуудын оюуны бахархал яах аргагүй мөн билээ.

Тэдгээрийн дундаас Монгол бичиг бол олон монгол хэл аялгуутныг бичиг үсгээрээ нэгтгэн нийт дунд өргөн хэрэглэгдсээр ирсэн бичиг учраас “олуулаа” байхын үндэс болдог юм. Эл бичиг нь Монгол хүний хэл, сэтгэхүйн хөгжлийн хувиралд зохицох чанараараа гоц сайнаар тогтохгүй монгол бичгээр дэлхийн аль ч хэлний үг хэллэгийг бүрэн дүүрэн тэмдэглэж болдогоороо онцлогтой. Тиймээс дэлхийн монголчууд маань даяар монгол бичгээ сэргээн хэрэглэвээс өөр хоорондоо чөлөөтөй харилцахаас гадна даяаршилд монгол бичиг соёл өвөрмөц гойд төрх, өв соёлын баялагаараа гайхагдан, монгол хэлний амин амьсгал үл тасарч, монгол угсаатан дэлхийн цээжнээ тодорч vлдэнэ хэмээн би хувьдаа бодож байна.

Хүмүүн төрөлхтөнийг бие биеэс нь ялгах гол шалгуур бол хэл, соёл, зан заншил юм. Үүнийг судлаачдын хэлээр бол “соёлын хээ угалз” гэдэг. Тодруулбал, бөс даавуу, торгон дээр ч юм уу, нэгэн адилхан хээ тодорхой зай, хэмжээнд олонтаа давтагдаж байдагтай аливаа соёлын мөн чанарыг адилтган үзсэн хэрэг. Монгол бичиг бол монгол соёлын хээ угалз мөн.

Хүмүүн бид энэ хорвоод мэндлэхдээ эхийн цагаан сүүг амлан ирдэгтэй адил монгол хүн эхлээд үндэсний монгол бичгээ сурч оюуны мэлмийгээ нээх нь монгол үндэстний оршин байхын бас нэг баталгаа юм. Бид монгол бичгийн гайхамшгийг сэтгэлд өгүүлэх үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж олон түмэнд толилуулдаг боллоо. “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх энэ тэнгэрлэг үзэсгэлэнг өдгөө тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Монгол бахархалын өдөр энэ долоо хоногт болно.

Эзэн хаан маань эртний согд, уйгар бичгийн үндсэн дээр монгол бичгээ зохиолгож, улмаар төрийн бичиг болгох зарлиг гаргасан билээ. Эзэн хаан билиг оюуныг, мөнх тэнгэрийг дээдэлдэг байсан. Өөрийн билиг оюун хийгээд мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг байжээ. “Бие хэврэг, билиг мөнх” хэмээн эзэн Чингис бидэнд сургасан.

Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цаг дор сайн цаг оршино гэдэгт би итгэдэг. Монгол хэл бичиг, соёлыг сонирхдог, судалдаг, дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хувь хүмүүс, нийгэмлэг, байгууллагын цар хүрээ ихэд өсөн тэлж буйд миний бие туйлын баяртай байна.

Монгол хэл, бичгээ дээдлэн хүндэтгэж, сурч мэдэж, суу билгийн рашаанаас нь оюун билгийнхээ саванд утган авч чадваас сайны гэрэл гэгээ бүрэн хурах болно. Би энэ үгийг монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна” гэлээ.

Үүний дараа уран бичлэгийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч батламж гардууллаа.