Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл 3G сүлжээнд холбогдсон байна

Монгол орны урд хилээс хойд хил хүртэл буюу Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх Олон улсын болон улсын чанартай А зэрэглэлийн зам дагуу 1007км тасралтгүй 3G сүлжээ нэвтэрлээ. Уг төслийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр “Юнител” групп хэрэгжүүлж өчигдөр Төв аймгийн Баянчандмань сумын Хар модотын даваанд нээлтээ хийжээ.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хүн амын байршил амьжиргааны түвшнээс үл хамааран хүргэхээр ажиллаж байна. Энэ төслийн үр дүнд Замын-Үүд – Улаанбаатар – Алтанбулаг гэсэн 1007 км үргэлжлэх авто замын уртад 15 газарт сайтын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж 93.47 хувийг 3G сүлжээгээр хангасан байна. 3G сүлжээг нэвтрүүлснээр А зэрэглэлийн авто замын дагуу хаана ч явсан гар утсаараа ярих, интернэт ашиглах гээд байнгын харилцаа холбоотой байх боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хуульчийн мэргэжлийн шалгалтад 312 хүн тэнцжээ

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ сарын 12, 13, 14-нд зохион байгуулж өчигдөр олон нийтэд дүнг танилцууллаа. Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн хоёр үе шаттай явагдсан бөгөөд нийт 1698 эрх зүйч бүртгүүлснээс 1506 хүн сорилгын шалгалтад оролцож түүнээс 747 нь тэнцэн, бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон байна. Үүнээс бодлогын шалгалтын дүнг нэгтгэсэн байдлаар гаргахад 312 хүн шалгалтын босго 70 оноонд хүрч тэнцжээ. Энэ нь нийт шалгалтад оролцогчдын 20 орчим хувь нь тэнцсэн үзүүлэлт юм. Шалгалтад тэнцсэнээр эдгээр хүмүүс цаашид шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр болжээ. Энэ удаагийн хуульчийн мэргэжлийн шалгалт нь Монгол Улсад анх удаа ийм олон тооны оролцогчтойгоор нэгэн зэрэг цахим хэлбэрээр явагдсан юм. Ингэснээр хүний нөлөөлөл орох бололцоог хязгаарлан, түргэн шуурхай, шударгаар дүгнэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шалгалтын үеэр “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн гишүүн төрийн бус байгууллагын төлөөлөл хянагчаар ажиллаж иргэний хяналтыг хэрэгжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ням гаригт “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ арваннэгдүгээр сарын 23-ны ням гаригт тохиож байгаа юм. Ойд зориулан өнөөдөр 10.30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны “А” танхимд эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншина. Мөн шагайн харвааны тэмцээн, хүчит бөхийн барилдаан зэрэг арга хэмжээ Монгол бахархлын өдрийг тэмдэглэх хүрээнд болно. Дор “Монгол бахархлын өдөр”-ийнхөтөлбөрийг хүргэж байна.

“Монгол бахархлын өдөр”-ийн хөтөлбөр:

Их эзэн Чингис хааны талбайд/11 дүгээр сарын 23-нд/

10.00 цагт Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол

10.40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол

13.00 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа тус тус болно.

Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд /11 дүгээр сарын 23-нд/

11.40 цагт Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд гардуулах ёслол болно.

“Монгол бөхийн өргөө”-нд /11 дүгээр сарын 23-нд/

14.00 цагт Хүчит 128 бөхийн барилдаантай

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд хүйтэрч, цасан шуурга шуурна

Маргаашнаас эхлэн Завхан, Говь-Алтай аймаг, төвийн бүсийн зарим нутгаар, 23-нд зүүн гурван аймгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Эдгээр өдрүүдэд манай орны ихэнх нутгаар салхи 12-14 м/с, зарим газраар 16 м/с хүрч шуурах аж. Ойрын тав хоногийн урьдчилсан байдлаар Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг аймгуудад өдөртөө 1-6 хэм, шөнөдөө 15-20 хэмийн хүйтэнтэй бол Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Орхон зэрэг Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 6-11 градус, шөнөдөө 23-28 градус, Говь-Алтай, Баянхонгор зэрэг Алтайн өвөр говийн нутгаар өдөртөө 0-5 градус, шөнөдөө 7-12 градусын хүйтэнтэй байна. Харин зүүн аймгийн нутгаар эдгээр хугацаанд өдөртөө 5-10 хэм, шөнөдөө 15-25 хэм хүрч хүйтрэх ажээ. Төвийн бүсийн ихэнх нутгаар өдөртөө 1-6 градус, 18-23 градус хүйтэн бол Дундговь, Өмнөговь, Дорноговь зэрэг говийн аймгуудад өдөртөө 1-4 хэм хүйтэн, шөнөдөө 9-19 хэмийн хүйтрэх юм байна. Иймээс ард иргэд та бүхэн хүүхдээ дулаан хувцаслаж, ханиад томуу хүрэхээс сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын их, дээд сургуулиудын талаарх зөвлөгөө мэдээллийг төлбөргүй өгч байна

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс арванхоёр дахь удаагийн олон улсын боловсролын өдөрлөгийг энэ долоо хоногт зохион байгуулж байгаа билээ. Америкийн соёл мэдээллийн төвд болж буй энэ удаагийн өдөрлөгөөр Америк, Канад, Япон зэрэг улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй залууст үнэ төлбөргүй зөвлөгөө тусламж үзүүлж байгаагаараа онцлог аж. Өөрөөр хэлбэл оюутан залуус өөрийн сонирхсон мэргэжил болон мэргэшлээр Америкт ямар их дээд сургуулиуд элсэлт авдаг, хэдэн төгрөгийн төлбөртэй, ямар тэтгэлэгт хөтөлбөр зарласан, материалаа хэрхэн бүрдүүлэх зэрэг хэрэгцээт бүх мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгөх юм байна. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн USAP хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй залуус бакалаврын түвшинд Америкт тэтгэлгээр суралцжээ. Зарим оюутнууд нь сургуулиа төгсч ирээд, эх орондоо ажиллаж байна юм байна.

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Д.Саямаа “АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын хэлтсийн дэмжлэгтэйгээр дэлхийн 170 гаруй оронд 450 гаруй боловсролын зөвлөгөө мэдээллийн төвүүд байгуулагдсаны нэг нь манайх юм. Өөрөөр хэлбэл Монголд зөвхөн манай төв л Америкийн төрийн Департаментийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай төвийн гол зорилго нь Монголын залууст гадаадад боловсрол эзэмших боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм. Манай төв үйлчилгээний хөлсөнд ямар ч төлбөр авдаггүй. Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод, Өмнөговь зэрэг аймгуудад салбартай. Америкт суралцахын тулд эхлээд дөрвөн мянга гаруй их дээд сургуулиас сонгох хэрэгтэй болдог учраас чамгүй хугацаа зарцуулдаг. Хэрэв манай төвд хандвал таны суралцахыг хүссэн чиглэлээр аль мужид ямар их дээд сургууль байгаагаас гадна сургалтын зардал, амьдрах нөхцөл, хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөр зэргээс нь хамаарч 10-15 сургуулийг манай зүгээс санал болгоно. Мэдээж сонгосон сургуулийнхаа элсэлтийн мэдээллийг вэб сайтаар нь орж баталгажуулахаас гадна материал хүлээн авах эцсийн хугацаа, тэтгэлэгт хамрагдахад шаардагдах нэмэлт материал зэргийг сайн судлах хэрэгтэй. Гэхдээ сургуулиудынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авсныхаа дараа дөрвөөс зургаан сургуулийг сонгож, өргөдлөө нэмэлт материалын хамтаар цахимаар эсвэл шуудангаар илгээнэ. Үүний дараагаар мэдээж шалгалтандаа бэлтгэх ёстой. “Тофель”, “Жи эм эй ти”, “Жи ар и”, “Сат” зэрэг аль шалгалт өгөх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Ийнхүү эцэст нь тухайн сургууль таны таны илгээсэн материалт болон шалгалтын дүнд үндэслэн элсүүлэх эсэхээ шийднэ. Хэрэв тухайн сургуульд элсэн суралцах шаардлагыг хангасан бол таньд урилга ирнэ. Америкт суралцахыг хүссэн оюутан залуус нэн тэргүүнд англи хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл, нэмэлт тоноглолыг бүртгэн авна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 627 сая 570 мянган төгрөгийн үнэ бүхий 3 тээврийн хэрэгсэл болон нэмэлт тоноглолыг Монгол наадам цогцолбор НӨҮГ- т, 48 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-т, Бүгд найрамдах Солонгос улсын Өмнөд Генгсан мужийн Хаман сумаас хандивласан 69 сая төгрөгийн үнэ бүхий 3 тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эзэмшилд олгохоор боллоо. Эдгээр хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Арван хүүхдийн бүртгэл давхардсан байжээ

Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хугацаанд салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж, “Мэдээллийн нэгдсэн цахим систем”-ийг бий болгожээ. Энэ нь их сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, явц зэргийг дэлхийн хаанаас ч цаг тухайд нь мэдэж болох шинэ программ юм байна. Боловсролын салбарын мэдээллийн систем ирэх хавар бүрэн ашиглалтад орсноор сурагч, багш, сургууль, шалгалттай холбоотой бүртгэл, мэдээллийг бичгээр авч цаг алддаг, мэдээлэл давхарддаг байдал арилж байгаа юм. Хамгийн түрүүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүрийн мэдээллийг нэгтгэхэд өнгөрсөн жил 516,000 хүүхэд ЕБС-д элссэнээс 10,000 хүүхдийн мэдээлэл давхардсан байна. Учир нь хүүхдүүд хот, хөдөөгийн сургууль хооронд шилжхэд хуучин сургууль нь хасалт хийдэггүйгээс хүүхдийн мэдээлэл ийн давхарддаг байна. Зөвхөн энэ бүртгэлийн давхардлыг арилгахад л сургуулиудад олгодог хувьсах зардлаас 5-6 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Үүнээс гадна оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлэг хэзээ, хаашаа, хэний дансанд орж байгаа нь хүртэл ил болно. Ингэснээр өмнөх жилүүдэд гардаг байсан оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлуудад цэг тавьж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сургалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран 29 дүгээр тусгай дунд сургууль дээр “Гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” танхимын сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалтад Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд болон 154 сурагч, багш ажилчид оролцож, гал түймэр, газар хөдлөлт, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон нөхрийгөө хэрхэн аврах, амь гарах талаар зохих мэдлэгтэй боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Эгийн голын түүх соёлын дурсгалууд” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Эгийн голын түүх дурсгалууд” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ. Эгийн голын усан царилгаан станц төслийн хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат сумын нутаг Эг, Хужирын голын сав газарт хийсэн археологийн авран хамгаалах судалгааны үр дүнг энэхүү үзэсгэлэнээр толилуулж байгаа аж.

Тус үзэсгэлэнд 2014 онд малтаж судласан 304 олдвор, 1991-2002 оны малтлагаас илэрсэн 47 олдворыг дэлгэн үзүүлжээ. Эдгээр нь Чулууны үе, Хүрлийн үе, Хүннүгийн үе, Монголын эзэнт гүрний үе болон 19-21-р зуунд тус тус холбогдоно. Эгийн голын савд 1991-2002 онд дотоод, гадаадын олон археологч мөр зэрэгцэн ажиллаж, станцын усан сангийн талбайд орсон хэдэн зуун дурсгалт газрыг илрүүлсэн. Эдгээрээс түүх, соёлын маш чухал ач холболдолтой дурсгалуудыг авран хамгаалах малтлага судалгаа хийсээр байна.

“Эгийн голын түүх дурсгалууд” үзэсгэлэнд багтсан олдворуудаас уншигч таны мэлмийд хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 аймаг, 123 суманд ажиллах үеэр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлаар 54 албан бичгийг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэв.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 24 албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар хариу мэдэгдсэн байх бөгөөд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон боловч төрийн захиргааны албан тушаал хашиж байсан 10 албан тушаалтныг давхар эрхэлж байсан ажил үүргээс нь чөлөөлжээ.

Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн 7 захирамж, тушаал болон хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулах арга хэмжээг авлаа.