Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад салбарууд уялдаатай ажиллана

ЭМЯ-нд болсон үндэсний зөвлөгөөнийг ЗТБХБЯ, ЭМЯ, Хууль сахиулах их сургууль хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЭМЯ-ны дарга Я.Буянжаргал, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн захирал Г.Бадарч, НЗЦГ-ын мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэг, ЗТБХБ-ын яамны мэргэжилтэн А.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Т.Энхжаргал, Нийслэлийн авто замын газрын мэргэжилтэн Болор-Эрдэнэ болон холбогдох албаны нийт 60 гаруй хүн оролцов.

Зөвлөгөөнөөр “Дэлхийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 3 дахь илтгэлд Монгол улсаас өгч байгаа үзүүлэлт, түүний хэлэлцүүлэг”, “Осол, гэмтлийн өвчлөл, нас баралтын тоон мэдээ”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, салбар хоорондын уялдаа холбоо, эрхзүйн орчин”, “Мотоциклоос үүдэлтэй осол гэмтлийн судалгааны дүн” сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1,2 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн бэртэж байна. Зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож байгааг Цагдаагийн хурандаа Г.Бадарч илтгэлдээ онцоллоо. 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” гэж зарласан. Монгол улсын Засгийн газар “Осол, гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2009 онд, “Хүүхдийн осол, гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги”-ийг (2014-2016) баталсан. Гэвч зам тээврийн ослын улмаас амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдол жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол улсад бүртгэгдсэн осол гэмтлийн тоо баримтаас харахад осол, гэмтэл нь өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны 5 дугаарт, нас баралтын 3 дугаарт орж байна. Зөвхөн хүүхдийн осол гэмтлийг авч үзвэл 2008 онд 10000 хүн амд 311,4 байсан бол 2013 онд 313,6 болж өссөн байна. Иймд зам тээврийн ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Өнөөдрийн зөвлөгөөн ч энэхүү учирч буй бэрхшээлийг шийдэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэж оролцогчид үзэж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Томуугаас сэргийлье

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72,854 хүн хандсаны 5524 (7.6%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.1 хувиар нэмэгджээ.

Хүүхдийн түргэн тусламжид 1825 дуудлага ирсний 764 тохиолдол буюу 41.9 хувийг томуу, томуу төс төвчин эзэлсэн байна. Энэ оны 10 дугаар сараас эхлэн вирусын гаралтай /респиратор синцитиал вирус, аденовирус, риновирус/ томуу, томуу төст өвчин гарч байна. Ялангуяа респиратор синцитиал вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдэг хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс анхааруулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ:

1. Дааруулахгүй, дулаан хувцаслах,

2. Ханиад хүрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, сайтар асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,

3. Гараа сайтар савандаж угаах, бохирдсон гараа нүдэнд хүргэхгүй байх,

4. Гэр орноо дулаан байлгах, чийгтэй цэвэрлэгээг хийж, хоёр цаг тутам өрөө тасалгааг агааржуулах,

5. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, буцалсан бүлээн шингэн уулгах,

6. Цэгэн иллэг хийж хэвших,

7. Дур мэдэж антибиотик хэрэглэхгүйгээр эмчид хандах,

8. Хүүхдийг амрааж, тайван байлгах зэргээр анхаарал тавихыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

14 компанид 12.3 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл олгожээ

mahГаалийн холбооны орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх хүссэн найман компани шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлаа арилгаж эхэлсэн талаар Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 12 үйлдвэр хамрагдсан байна. Үүнээс “Эрдмийт”, “Преком” компаниуд ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан бол хоёр компанид татгалзсан хариу өгчээ.

Харин үлдсэн найман компанид махаа шулах, савлах орчны ариун цэврийг сайжруулах шаардлага тавьжээ. ҮХААЯ-наас мэдээлснээр ОХУ-ын Хяналтын байгууллага үйлдвэрүүдийн мал төхөөрөх орчин шаардлага хангасан талаар онцолсон байна. Монгол Улс ОХУ, БНХАУ, Вьетнам болон Кувейт улсуудад малын мах экспортолж байгаа юм. Түүнчлэн Япон улсад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ байгуулсан. Энэ оны II улирлын байдлаар нийт 14 компанид 12.3 мянган тонн мах экспортлох зөвшөөрлийг салбарын яамнаас нь олгосон байна. Харин III улирлын хувьд компаниудаас 37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт ирсэн гэж ҮХААЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарыг хянах ухаалаг систем нээгдлээ

Орчных нь агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд хийж буй ажлаа нэгдсэн мэдээллийн сангаас харж дүгнэх нөхцөл бүрдүүлсэн “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг өчигдөр нээлээ.

Agaar.mn вэб сайт, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэнэ. Агаар.мн сайтад хандсанаар, эсвэл ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар иргэн та цаг агаарын мэдээ, амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянаж чадна.

Мөн эндээс дараах мэдээллүүдийг авч болно.

  • Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг өдөр, сар, жилээр харуулсан график;
  • Бүрэн шаталтат зуухны тархалтыг айл өрхийн хаяг байршлаар харуулсан бүртгэл;
  • Засгийн газраас айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа хийн зуухыг хэрэглэх заавар, борлуулалтын цэгүүдийн байршил, хамрагдах зааварчилгаа;
  • Төрөөс үзүүлж байгаа цахилгааны үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, хөнгөлөлтөд хамрагдах зааварчилгаа;
  • Тээврийн хэрэгслийн оношилгооны дүн мэдээлэл, экологид ээлтэй хэрэглээг дэмжсэн бодлого зохицуулалт;
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түүний хэрэгжилтийн үр дүн, тайлан;
  • Зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын тайлан;
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглээлээрх бодлого, шийдвэр, эрх зүйн баримч бичгүүд, цаг үеийн үйл ажиллагааны мэдээлэл;
  • Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хамгаалах эрүүл мэндийн зөвлөгөө;
  • Бүх төрлийн статистик, баримт судалгаа зэрэг холбогдох бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

    Мэргэжлийн энэ системийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа болгон ашиглаж болно. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын бүрэн эрхэд шилжиж ажилласнаас хойш агаарын чанарын мэдээг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд чиглэсэн олон ажил хэрэгжүүлсний нэг үр дүн энэхүү ухаалаг систем юм.

Categories
мэдээ нийгэм

Хуучин сэлбэгийг дахин боловсруулах талаар ярилцана

ШИТУС-ийн, Монголын автомашины ресайклийн нийгэмлэг хамтран Азийн автомашины ресайкл эрхлэгчдийн VII форумыг зохион байгуулж байна. Өнөөдөр ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод эхэлж буй уг форумд автомашины ресайкл хөгжсөн Азийн улс орнууд болон Австрали, Америк, Герман зэрэг улсуудын ресайклийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, форум зохиогдож байгаа улсын эрх бүхий байгууллагын албан тушаалтнууп оролцох аж.

Энэ удаагийн форумд Япон, Солонгос, Хятад зэрэг улсын Автомашины ресайкл эрхлэгч төрийн болон төрийн бус байглага болон хувийн хэвшлийхэн автомашины ресайклийн талаар тухайн улсад хийгдсэн ажлын тайлан, энэ чиглэлд шинээр бий болсон технологийг сурталчилах бусдад түгээх зорилготойгоор оролцож байна. Уг форумын үр дүнд хэрэглээнээс гарсан автомашины сэлбэг хэрэгсэл, эд ангиуд, ашиглалтын шингэн зэргийг хүн, байгальд хоргүй байдлаар саармагжуулах, дахин боловсруулах (ресайкл) технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой юм байна. Форум маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-т Д.Самбуугийн нэрэмжит танхим нээгдлээ


ШУТИС-ийн БАС-ийн 55 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС-ийн төв номын санд болж байна. Тус хуралд эрдэм шинжилгээний 50 гаруй өгүүлэл ирүүлснээс 26 илтгэлийг хэлэлцжээ. Илтгэлүүд нь Барилга, Архитектурын сургуулийн сургалтын бодлого, үйл ажиллагааны уламжлал, шинэчлэлийн асуудлууд, 2. Барилга байгууламжийн бүтээцийн судалгааны үр дүн, 3.Хүрээлэн буй орчны инженерийн судалгаа, үр дүн, 4.Архитектур хот байгуулалтын асуудлууд гэсэн чиглэлээр явагдаж буй юм байна.

Д.Самбуугийн нэрэмжит магистр, доктор оюутны сургалт, судалгааны танхимыг нээв

ШУТИС-БАС-ийн 55-жилийн ойн баярыг тохиолдуулан магистр, доктор оюутнуудад зориулсан Д.Самбуу багшийн нэрэмжит доктор, магистр оюутны сургалт судалгааны танхимыг нээх ёслолын ажиллагааг 2014.11.21-ний өдөр зохион байгууллаа.

Д.Самбуу нь тэр үеийн ЗХУлсад бэлтгэгдсэн Монголын анхны барилгын инженерүүдийн нэг бөгөөд барилгын үйлдвэрлэл болон (30 ба 40 мянгатыг барих үеийн Монголын талын ерөнхий инженер, Завхан аймгийн барилга трестийн дарга, эрдэм шинжилгээний БҮЭШИнститутын захирал, ПДС-ийн БАФ-ийн захирал гэх мэт ажлуудыг хийж байсан манай тэргүүний сэхээтний нэг юм. Өөрийн 3 хүүхдийн 2-ыг нь барилгын салбартай холбосон байна. Том хүү Цахиур нь УБ хотын барилгын зураг төслийн хүрээлэнгийн захирал, удаах хүү Чулуунбаатар нь барилгын материалын технологи мэргэжилтэй ба “Нийслэл орд” компаний захирлаар ажилладаг.

Тус танхим нь магистр, доктор оюутны сургалт, судалгаа явуулахад зориулагдсан “Нийслэл орд” компаний хөрөнгө оруулалтаар тоноглогдсон болно. Танхимыг шилэн ханаар 2 тасалсан бөгөөд нэг хэсэгт нь оюутнууд, багш нар харилцан ярилцах боломжтой хурлын дугуй ширээ, нөгөө хэсэгт лекц орох зориулалт бүхий урт ширээтэй ба видео хэрэгслэлээр бүрэн хангагдсан. Халаалт, агааржуулалтгүй, бетонон шалтай байсан өрөөнд халаалт, агааржуулалт оруулж, шалыг нь паркетлан сургалтын үйл ажиллагаанд бодитой хувь нэмрийг оруулсан.

“Аварга зам” ХХК-ийн нэрэмжит 2-611 тоот хичээлийн танхимын нээлт болов

ШУТИС-БАС-ийн 55-жилийн ойн баярыг тохиолдуулан “Авто замын барилгын инженер”-ийн оюутнуудад зориулсан орчин үеийн ухаалаг самбараар тоноглосон мэргэжлийн хичээлийн танхимыг нээх ёслолын ажиллагааг 2014.11.21-ний өдөр зохион явууллаа. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагын төлөөлөл Сургалтын проректор доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал, ЭШИ-ийн проректор доктор (Ph.D), дэд профессор Ч.Баасандаш, Тамгын газрын дарга доктор (Ph.D), профессор Л.Пүрэв, БАС-ийн захирал (Ph.D.,дэд профессор) Э.Нинжгарав болон профессор багш нар , оюутнууд оролцлоо.

Уг тэнхимийг авто замын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “Аварга зам” ХХК-ний нэрэмжит танхим болгосноор сургалтын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм. Энэхүү тоног төхөөрөмж нь тусгай электрон үзэг болон хуруугаараа бичих, нэг дор гурван хүн зэрэг ашиглаж болдгоороо давуу талтай. Мөн дөрвөн өөр өнгөөр бичих сонголттой ба самбарт суулгагдсан Panaboard программ хангамжийн тусламжтайгаар аудио бичлэг сонсох, самбар дээр бичсэн зүйлийг Word, Excel, PowerPoint-ын файлаар хадгалах боломжтой юм.

ШУТИС-ийн болон БАС-ийн удирдлага, багш хамт олны зүгээс орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тохилог танхимтай болгож өгсөн “Аварга зам” ХХК, С.Цахиур захиралтай УБ хотын барилгын зураг төслийн хүрээлэн, С.Чулуунбаатар захиралтай “Нийслэл орд” ХХК-ийн нийт хамт олондоо талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөснийг Барилга, Архитектурын Сургуулийн Захиргааны ажилтан З.Түвшинжаргал мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хээрийн түймэр гарч 11 айлын гэр шатжээ

tuimerСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас нэг хүний амь эрсдэж, нэг хүн түлэгдэж, 11 айлын гэр шатсан байна.

Одоогоор аймгийн цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын газар хамтран галын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

“Монгол бахархлын өдөр”-ийн хөтөлбөр

Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 852 жилийн ой буюу Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан. Энэ жилийн хувьд тус өдөр нь энэ сарын 23-ны өдөр тохиож байгаа юм.

Энэхүү ойн хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд өчигдөр 10:30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны “А” танхимд эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншсан байна.

Харин маргааш буюу 23-ны өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулъя.

-10.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол,

-10.40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол,

-11.40 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд гардуулах ёслол,

-13.00 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд болно.

-14.00 цагт Бөхийн өргөөнд хүчит 128 бөхийн барилдаан эхэлнэ.

Дашрамд дуулгахад, Монгол бахархлын өдөр амралтын өдөр тохиож байгаа хэдий ч нөхөж амрахгүй гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Гомбын ДАШРЭНЦЭН /1953-2014/

Бидний эрхэм дотнын нөхөр, Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Дашрэнцэн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр өвчний улмаас таалал төгслөө.

Г.Дашрэнцэн нь 1953 онд Төв аймгийн Баян сумын нутаг Бэлхийн цагаан хөтөл гэдэг газар төржээ. Тэрбээр Сүхбаатарын нэрэмжит цэргийн сургуулийг дүүргэж, Худалдааны техникумын бараа судлалын ангийг 1971 онд төгссөн байна. МУИС-ийн сэтгүүлчийн болон Удирдлагын академийн улс төр судлаачийн ангийг дүүргэжээ.

Төв аймгийн сонинд 1978 оноос эхлэн сурвалжлагч, нарийн бичгийн дарга, аймгийн захиргааны хэвлэл мэдээллийн албаны даргаар тус тус ажилласан байна. 1990-1996 онд Төв аймгийн Ардчилсан намын даргаар, 1996-2000 онд Төв аймгийн Засаг даргын орлогчоор ажиллажээ. Г.Дашрэнцэн нь Монголын ардчиллын төлөөх тэмцлийг орон нутагт өрнүүлж байсан анхдагчдын нэг юм. Тэрээр Төв аймгийн бүх сумдад хүрч ажиллан, Монголын Ардчилсан холбоо, Монголын Ардчилсан нам, Шинэ дэвшилт холбоо, МҮАН-ыг үүсгэн байгуулалцсан билээ. 2000 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы тоймч, “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байв.

Г.Дашрэнцэн нь 2000-2004 онд ардчиллын мухардлын үед Ардчилсан хувьсгалыг үзэгнийхээ үзүүрээр үргэлжлүүлж, Монголын ардчилалд үнэлж баршгүй гавьяа байгуулсан “Өдрийн сонин”-ы топ сэтгүүлчдийн нэгэн байлаа. Түүний туурвисан “Манай сумын намууд”, “Тэнэг төр тэмдгэнд дуртай”, “Хамуудаа Энхбаярдъя”, “Баячуудын зэрлэг цэнгэл, хар тамхиар тарьсан адгуусны хөлөөс хүүхдээ салгаж авах цаг”, “Ленин ба Сото”, “Муу ч гэсэн парламент маань, муухай ч гэсэн Монгол минь”, “Кремльдэх Кремльдүүлэх” зэрэг улс төрийн даацтай олон нийтлэлүүд нь Монголын сэтгүүл зүйд шинэлэг зүйлийг авчирсан юм.

Нэрт нийтлэлч Г.Дашрэнцэнгийн авьяас зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Тусгаар тогтнолын одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр тус тус шагнажээ. Түүнчлэн сэтгүүл зүйн салбарын дээд шагнал болох “Өдрийн сонин”-ы тэргүүн бичлэгийн шилдэг шагнал, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 2002 оны шилдэг сэтгүүлч, 2003 оны “Алтан үзэг” шагнал хүртэж, 2014 онд Нийслэлийн хүндэт иргэнээр шалгарч байсан юм.

Талийгаачийн ажилч хичээнгүй, эгэл даруу зан чанар, нөхөрсөг мэргэн зөвлөмж нь сэтгүүл зүйн салбарт үеийн үед дурсагдах болно.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт галын улмаас нэг хүн амиа алдаж, 11 айл шатжээ

Энэ 19-өөс 20-нд шилжих шөнө буюу уржигдар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийн улмаас нэг хүн нас барж, нэг хүн түлэгдэж, 11 айл шатсан харамсалтай хэрэг гарсан байна. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн хэлтэс болон онцгой байдлын алба хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаар тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт фэйсбүүк болон твиттер хуудастаа бичлээ.