Categories
мэдээ нийгэм

Хээрийн түймэр гарч, нэг хүний амь эрсэджээ

Энэ жил өвс их ургасан, түүнчлэн цас бага орж газрын хөрс хуурай байгаа тал хээрийн түймэр гарах нь их байгаа аж. Сүхбаатар аймагт л гэхэд өнгөрсөн баасан гаригаас хойш гурван ч удаа хээрийн түймэр гарсан байна. Энэ сарын 19-20-нд шилжих шөна тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарч 12 айл өртөн, нэг хүн амиа алджээ. Хэргийн талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч, хошууч Ж.Бадараас тодруулахад “Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 12 айл өртсөнөөс дөрвөн гэр нь “Эрдэнэ овоо” уурхайн компанийн гэр байсан. Мөн 72 настай өвгөн түймэрт өртөж амиа алдлаа. Түймрийн гарсан шалтгаан болоод хор, хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж байгаа тул дэлэгрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Нэгэн уурхайн ажилтны болгоомжгүйн улмаас паяалнакаас гал алдсан гэх мэдээлэл ирсэн ч одоогоор нарийн тогтоогоогүй. Мөн өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймгийн Баян-Овоо болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын зааг дээр хээрийн түймэр гарсан бол өчигдөрхөн /уржигдар/ мөн хээрийн түймэр гарсныг унтраахаар ажиллаж байна. Баян-Овоо, Түмэнцогт сумын зааг дээр гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар нэг айлын хоёр гэр шатсан мэдээлэл байна” хэмээн мэдээллээ. Тэрбээр цас ороогүй газрын хөрс хуурай байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байж ил задгай үнс нурам асгалгүй битүү саванд хийж, галын анхан шатны хор, унтраагүй машиндаа авч яван, аливаа техник төхөөрөмжтэй болгоомжтой харьцаж, тамхины иш, шүдэнзээ бүрээн унтрааж хаяхыг анхааруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудаар дугуйгаар аялсан залуу өнөөдөр ирнэ

Хөгжлийн бэрхшээлтэй ч зориг, тэвчээр гарган баруун аймгуудаар дугуйгаар аялсан Ч.Мөнгөндалай өнөөдөр Улаанбаатарт ирэх гэж байна. Түүнийг хүлээн үйл ажиллагаа 13:00 цагт Монголын Залуучуудын Холбооны байранд болох юм. Тэрээр хагас жилийн аялалдаа нийт 5900 гаруй км замыг туулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Их хотын гудамж” зураг төслийн уралдаан зарлалаа

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулатын ажилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа, үзэл бодлыг бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор Архетиктур, дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Их хотын гудамж” зураг төслийн уралдааныг зарлалаа.

Уралдаанд оролцогчид өгөгдсөн гудамжны автозам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хашаа хайс, сандал, сүүдрэвч, хогийн сав зэрэг архитектурын жижиг хэлбэрүүд, байгууллагуудын хаяг реклам, усан оргилуур, усан толио, барилга байгууламжийн фасадыг тухайн орон зай, орчны байдалтай уялдуулан төлөвлөж хотын дизайны төгс шийдлийг бий болгох юм.

Уралдааныг арваннэгдүгээр сарын 19-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн хооронд нэг үе шаттайгаар зохион байгуулж, шилдэг гурван төслийг сонгон шалгаруулах бөгөөд I байр Өргөмжлөл нэг сая төгрөг, II байр Өргөмжлөл 700 мянган төгрөг, III байр Өргөмжлөл 500 мянган төгрөгийн урамшуулалтай.

Categories
мэдээ нийгэм

Чанаргүй барилга барьсан “Нийслэл өргөө”-ийн захиралд хорих ял оноожээ

Албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт “Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарыг хэргийг шүүхэд хянаж, ял оноожээ. Тодруулбал, “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт зургаан жил хорих ял, Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5.1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнсжээ. Мөн Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын зураг төслийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай” А/978 дугаар захирамж гаргаж, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний зардлыг шийдвэрлэлээ. Тус ажлыг хийхэд шаардлагатай 6.0 тэрбум төгрөгийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Харин хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/977 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байр, Баянгол дүүргийн II хорооны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр, Баянгол дүүргийн III хорооны 21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр , Баянгол дүүргийн IV хорооны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр байр , Баянгол дүүргийн XX хорооны БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар боллоо.

Дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлж, энэхүү захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрөн бүрэн хөлдөөгүйг анхааруулав

Зарим голын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-15 см-ээр нимгэн байгааг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна. Тус газраас гаргасан сэрэмжлүүлэгт:

“Хүйтний эрч чангарч зарим гол, мөрөн мөстсөн хэдий ч зарим хэсгээрээ зузаан мөсөн бүрхүүл үүсээгүй учир мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг нийт иргэдэд сэрэмжлүүлж байна. Арваннэгдүгээр сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байга. Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн тойм

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Уламжлалт “Танайд өнжье” булангийнхан түүхч Д.Өлзийбаатарынд өнжжээ. Энэ эрхэм Монголын түүхийг хүмүүст хүргэхээр “Монголчууд” хэмээх сонсдог ном гаргасан байна. Энэхүү бүтээлийг нь Жак Уэтерфордын сангаас 2014 оны онцлох бүтээлээр шалгаруулсан гэнэ. Монголчууд олуулаа болж, хүчирхэгжин мандах үе удахгүй ирнэ” гэж түүхч хэлсэн байна лээ.

“Улстөрчдийн зан араншин улс орны хувь тавилан юм” нийтлэлийг III нүүрээс уншаарай.

“Улс төр” нүүрт Монгол бахархлын өдрөөр академич Х.Намсрайд Чингэс хааны одон хүртээсэн тухай мэдээлжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бадарчин баярлах болоогүй” гэжээ. Энэ тухай хоёрдугаар нүүрээс уншаарай.

Хэдхэн хоногийн өмнө баталсан төсөвт өөрчлөлт оруулах гэнэ. Энэ тухай шинэ Ерөнхий сайдтай, хуучин сайд нартай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна лээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг осолд орж, БНСУ-ыг зорьсон тухай мэдээлжээ. Ерөнхий сайдын зөвлөх байсан нэгэн ярихдаа Н.Алтанхуягийн биеийн байдал гайгүй байгаа. Зарим хэвлэлд гараад байгаа шиг нуруу, нугасны гэмтэл байхгүй. Эгэмнийх нь хоёр яс хугарсан” гэж тайлбарлажээ.

“Вояж” зочид буудалд хэн хэн мөрийтэй тоглосныг долдугаар нүүрт илрүүлсэн байна лээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт Хойд Солонгост хүний эрх зөрчиж байгаа гэж НҮБ тогтоол гаргах юм бол хатуухан хариу барина гэж эрх баригчид нь анхааруулсан тухай онцолжээ. “Нью-Йорк үерт автаж магадгүй”. “Японд газар хөдөлсөн” гэнэ.

“Улс төрчийн хөрөг” нүүрт гурав дахь Буш Ерөнхийлөгчид нэр дэвшвэл ахин Клинтон, Бушийн хооронд өрсөлдөөн өрнөх тухай өгүүлжээ. Учир нь нөгөө намаас нь Хиллари Клинтон нэр дэвших магадлалтай байгаа юм.

“ДОХ-ын халдвартай 774 хүн хаана явна вэ” нийтлэлийг 17 дугаар нүүрээс уншаарай. 2014 онд ДОХ-ын халдвартай 774 хүн байх магадлалтай гэсэн тооцоог судлаачид хийсэн. Харин халдвар оношлогдсон тохиолдол нийтдээ 179 бий. Үлдсэн нь хаана юу хийж байгаа бол…

“Уран бүтээлч” нүүрт дуучин Б.Батмэнд “Норовбанзад багшдаа хэлэлгүй бөхийн секцэнд явж байгаад баригдаж айхавтар зэмлүүлж билээ” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүд дэлхийн хаанаас ч хүүхдээ хянана

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүхэнд анх удаа шинээр нэвтрүүлж байгаа “Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем”-ийн ачаар эцэг эхчүүд хүүхдээ дэлхийн хаанаас ч хянаж байх боломж бүрдлээ.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг ашиглаад л ямар хичээл дээр ямар дүн авсан, улирлынхаа шалгалтуудыг хэрхэн өгсөн, сургуульд ирсэн, явсан цаг, хичээлдээ суусан эсэх зэрэг бүх л мэдээллийг цаг алдалгүй авах юм байна. Үүгээр дамжуулан хүүхдийнхээ аюулгүй байдлыг ч бүрэн хангах боломжтой гэдгийг хариуцсан мэргэжилтнүүд нь хэллээ. Мөн хүүхдийнхээ багшийн тухай мэдээллийг харах, багштай харилцах боломжтой юм. Энэ систем зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна дүн шинжилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл сурагчийн сурлагын түвшний өсөлтийг графикаар харуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Академич Х.Намсрайг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав

“Гайхамшигт Монгол орондоо эв эеийг хичээн, их хэргийг бүтээхээр зориг шулуудан зүтгэцгээе

ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛД АКАДЕМИЧ Х.НАМСРАЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,
Хүндэт зочид оо,

Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр улсынхаа Ерөнхийлөгчөөс төр улсын эрхэм дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэндээ миний бие туйлын их баяртай байна.

Энэхүү нэр хүндтэй шагнал бол эх орны хөгжил, дэвшлийн гол хөдлөгч хүч зүтгүүр нь шинжлэх ухаан болохыг онцгойлон үзэж, зохион бүтээх сэтгэлгээ, судалгаа шинжилгээг орчин үеийн түвшинд хүргэхэд Монголын эрдэмтэд, авъяаслаг залуу судлаачид, боловсрол, шинжлэх ухааны ажилтнууд, нийт бүтээлч ард түмэндээ судлаач миний биеэо төлөөлүүлэн урам хайрлаж байгаа монгол төрийн минь гүн хүндэтгэл гэж үзэж байна.

Шинжлэх ухаан нь байгаль, нийгмийн үзэгдэл, хөгжил хөдөлгөөний зүй тогтлыг бодит үнэнд тулгуурлан бичдэг бөгөөд бодит үнэн нь хязгааргүй олон давхар хальсны цаана маш нуугдмал хэлбэрээр орших учир судлаачдаас нөр их хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, тэвчээр хатуужлыг шаардана. Энэ нь монгол хүний хувьд, эх дэлхийтэйгээ өдөр бүр харилцаж, байгалийн хатуу ширүүнтэй цаг мөч уралдан, хоёр нарны хооронд чөлөө завгүй ажилладаг малчдын маань амьдралын хэв маягтай адил төстэй бөгөөд хүйн холбоотой гэж үзэж болно. Иймээс ч өвөг дээдэс маань аливаа асуудалд ул суурьтай, холч мэргэн, уужуу тайвуу хандаж, эрдэм номыг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.

Олон мянган жилийн турш үе үеийн төр улс маань эв эеийг хичээн, хамтын мэргэн ухаанаар улс орноо жолоодон хөтөлж , өнөөдрийн амжилтад хүрсэн арвин баялаг түүхтэй. Их эзэн Чингис хаан “Дөрөөгөө мулталж, газарт бууж, их гүрнийг төвхнүүлэхэд” одоогийн хэллэгээр шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандахыг эрхэмлэн захисан байдаг.

ХХ зууны дунд үеэс эхлэн манай оронд орчин үеийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдан МУИС, ШУА болон хүрээлэн, төвүүд байгуулагдаж, залуучууд маань “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм номыг өвөртлөн ирж, тэр үеийн олон улсын төв, ялангуяа ОХУ–ын ШУА–ийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, номын арвин их туршлагатай эрдэмтэд болсноор өнөөдрийн монголын шинжлэх ухааны тулгуур багана болсон билээ.

Эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Базарын Ширэндэв, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Шадавын Лувсанвандан, Намсрайн Содном зэрэг нэрт эрдэмтэд онцгой гавьяа байгуулсан юм.

Судалгааны маань салбар бол физик юм. Физик 14 тэрбум жилийн өмнө их гэрэл туяа цацруулан үүссэн тэр мөчөөс өнөөдрийн бидний бахархлын өдөр хүртэлх ертөнцийн хөгжлийн замын зургийг гаргаж, түүний бүтцийг бүрэлдүүлэгч од эрхсээс авахуулаад атом, цөм, эгэл бөөмсийн нэгдмэл, зүй тогтол, нууцыг тайлах гол гол томьёолол, зарчмуудыг боловсруулдаг билээ. Нөгөө талаас физик нь орчин үеийн техникжсэн нийгмийн амьдралын бүхий л хэрэгцээг хангадаг машин техник, багаж хэрэгсэл, эд юмсыг зохион бүтээж үйлдвэрлэх нөр их ажлын онолын тооцооны үндэс нь болдогоороо шинжлэх ухааны хамгийн гайхамшигтай салбар мөн.

Миний бие бусад онолын физикч эрдэмтдийн нэгэн адилаар ертөнцийн бүтцийн тулгын чулуунууд болох эгэл бөөмсийн хоорондох харилцан үйлчлэлийг түүний дөрвөн багана нь болох хүндийн буюу таталцлал, цахилгаан соронзон, сул ба хүчтэй гэсэн хүчнүүдийн тусламжтайгаар бичих судлагаанд оролцдог. Бичлэгийн явцад математик аргын хувьд хэт ягаан туяаны салалт хэмээх шийдэж боломгүй мэт зарчмын хүндрэлтэй тулгардаг юм. Энэ хүндрэл нь Исаак Ньютоны үеэс эгэл бөөмсийг дотоод бүтэцгүй цэгэн биет гэж үзсэнээс үүдэн гарсан юм. Туршлагаар хэмжиж болдог аливаа физик хэмжигдэхүүний онолын тооцоо хязгааргүй утга авдаггүй тийм төгслөг онолыг боловсруулах гэж эрдэмтэд сүүлийн 70 жилийн турш янз бүрийн санаа бодол, таамаглалыг дэвшүүлэн ажиллаж байна. Тэдгээрээс миний судалгааны ажилтай холбоотой зарим үр дүнг дурдвал, хэрэв эгэл бөөмсийг утсан бүтэцтэй, эсвэл бөмбөлгөн бүтэцтэй гэж үзвэл түүний хэмжээ нэг сантиметрийг зуун мянган их наяд тоонд хуваасантай дүйцэх тийм өчүүхэн бага болно.

Эгэл бөөмсийн хөдөлгөөн дотор нь явагддаг бичил огторгуй бидний ердийн амьдралын дөрвөн зүг найман зовхист чөлөөтэй хөдөлж болдог гурван хэмжээст орон зайнаас шинж чанараараа тэс өөр юм. Жишээ нь гурваас их олон хэмжээстэй эсвэл аалзны шүлсний торон буюу метро шиг нүхэлсэн хоолойнууд, эсвэл дов сондуултай газраар давхиж яваа машины донслогоо шиг тийм санамсаргүй хөдөлгөөн өгдөг бүтэцтэй байж болох таамаглалуудыг гарган тавьдаг билээ.

Онолын физикийн судалгаа хэтэрхий нарийн төвөгтэй бөгөөд судлаач эрдэмтдээс дээд зэргийн хүчин чармайлт, өргөн мэдлэг, их хичээл хөдөлмөрийг шаардана. Физикчид заримдаа судалгааны явцад санаанд оромгүй шинэ шийдэл, шинэ чиглэлийг шинжлэх ухааны бусад салбарт санамсаргүй олох нь их. Жишээ нь, биднийг хүрээлэн буй ердийн бодистой нийлэх л юм бол гэрэл туяа болон алга болдог эсрэг буюу антибодисыг цаасан дээр нээсэн Английн их эрдэмтэн, Нобелийн шагналт Поль Дирак математикийн цоо шинэ салбар болох өргөтгөсөн функц буюу Диракийн дельта функцийг олсон юм. Миний бие 2012 онд цэвэр тохиолдлоор интеграл дифференциал тооллын зарим бодлогыг хүүхэд бүрийн сайн мэдэх геометрийн гурвалжны Пифагорын теорем шиг түгээмэл томьёогоор боддог арга олсон нь эрдэмтдийн санаа бодолд нийцэн АНУ–д хэвлэгдэж, Сингапурт хэвлэлд шилжээд байна.

Орчин үед физикчид байгалийн нууцыг бараг нээж дууссан гэмээр гайхамшигтай үр дүнгүүдийг гарган авсан. Жишээ нь, биднийг хүрээлэн буй үй түмэн бодис 20–иодхон эгэл хэсгээс тогтох ба ертөнцийн үүслийн анхны гэрлээс бидний мах бодийг бүтээдэг бодислог буюу жин татдаг масс бий болдог механизмыг 2012 оны 7 дугаар сарын 6–нд нээсэн юм. Дээр дурдсан байгалийн дөрвөн багана болох дөрвөн хүч маань нэг хүчний дөрвөн тал болж, бодисын нэгдсэн онол, супер буюу дээд нэгдлийг физикчид томьёолон гаргаад байна.

Ертөнц маань 100 тэрбум одны аймгаас тогтох ба нэг аймаг нь 100 тэрбум одыг өөртөө багтаасан байдаг. Тэгвэл тэдгээрийн нэг нь болох сүүн зам буюу тэнгэрийн заадас хэмээх манай аймаг дотор бидний амьдралыг тэтгэгч нар маань гэрэлтэж, түүнийг түшсэн хөх цэнхэр гаригийн хоймрыг эзэгнэнхэн байршсан эцэг өвгөдийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн энэхүү гайхамшигтай Монгол орондоо бид эв эеийг хичээн, гар гараасаа хөтлөлцөж, бүдэрсэн заримыгаа татан босгож, залуучууд ахмадаа хүндэтгэн, ахмадууд залуучуудаа хөтлөн их хэргийг бүтээхээр зориг шулуудан зүтгэцгээе.

Мөнх хөх тэнгэр минь ивээг.
Төр улс, түмний заяа өөдөө байг.
Та бүхэндээ маш их баярлалаа