Categories
мэдээ нийгэм

Машинаа ачуулсан иргэд 55 мянган төгрөгний торгууль төлнө

Зогсох зогсоолын журам зөрчиж, зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг ачиж түр саатуулах байранд тээвэрлэн хүргэдэг. Чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг маргаашнаас эхлэн 55000 төгрөг болгож журамд өөрчлөлт оруулсан шийдвэр гарсан байна. 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км 1700 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцох аж.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн захад Монголд үйлдвэрлэсэн бараа л зарна

“Сандэй плаза”-гийн хажууд байдаг Шөнийн зах ирэх сараас эхлэн ҮХААЯ-ны санаачлагаар Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв нэртэйгээр үйл ажиллагаагаа өөрчлөх гэж байна. Худалдааны төвийг нээх ажлын бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа гэнэ. Үйлдвэрлэгчид эхнээсээ талбай, лангуугаа хуваарилан авч эхэлсэн байна. Худалдааны төвийнхөн үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс ам.метр нь 65 мянган төгрөгөөр түрээслүүлдэг талбайгаа 45 мянга болгож бууруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Физик, математикийн цахим лаборатори нээгдлээ

БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүд танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл цахим лаборатори бий болж байгаа гэсэн үг юм.

Багш, сурагч, эцэг эхчүүд болон суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хичээлийг БШУЯ-ны http://www.meds.gov.mn/post1411242 сайт руу орж үзэх боломжтой бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригийн 14,00 цагт хичээл тогтмол шинэчлэгдэж байх юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийн гомдлыг нөгөөдөр хэлэлцэнэ

Хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоригдож буй Г.Сарангэрэлийн гомдлыг нөгөөдөр буюу энэ сарын 26-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнд хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон хэдий ч тэрбээр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдэд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт өнгөрсөн 21 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 4, захиргааны зөрчлийн шинжтэй 9 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 1, захиргааны шинжтэй гомдол мэдээлэл 1 нэгжээр өссөн байна. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 13 хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 11 хүнийг 111,000 төгрөгөөр торгож, 2 хүнийг дүүргийн шүүхээр 14-20 хоног баривчлуулж захиргааны арга хэмжээ авчээ. Тус дүүрэгт боловсрол хариуцсан албаны хүн байхгүй байгааг яаралтай шийдвэрлэх, Хангай цогцолбор сургуулийн халаалтын асуудлыг шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр хэллээ. Харин Багануур дүүрэг гэмт хэрэг захиргааны зөрчлийн шинжтэй нийт 232 дуудлага хүлээн авснаас нэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 64 байсныг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 23 нэгж буюу 35,9 хувиар өссөн.Захиргааны зөрчлийн шинжтэй мэдээлэл 168 бүртгэгдсэн нь 16 нэгжээр буюу 9,5 хувиар өсчээ. Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 2672 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 499 дуудлага бүртгэгдсэн байна. Дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа тус дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчин цаг хэтрүүлж ажиллаж байгаа баар, цэнгээний 27 газрын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хуулиас дээгүүр ажиллаж байгаа газруудыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 оны 10 сарын сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3665 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос 1051 нэгжээр буюу 28,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 10 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг авч үзвэл: 10 хэргийн 7 нь буюу 70 хувь нь өвчний улмаас, 1 буюу 10 хувь нь боомилж, 2 буюу 20 хувь нь биед ил харагдах шарх сорвигүй /насны доройтол/нас барчээ.
Харин Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдэх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хэллээ. Гэмт хэрэг үйлдэгдэж буй зам талбай нь гэрэлтүүлэг, хяналтын камергүй байх тохиолдол их байгаа тул ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд энэ асуудлыг оруулах шаардлагатай гэлээ.
Хан-Уул дүүрэгт нийт гомдол, мэдээллийн 723 дуудлагаар ирснээс 107 нь гэмт хэргийн шинжтэй, 616 нь захиргааны зөрчлийн шинжтэй байна. Захиргааны шинжтэй 616 зөрчлийг шалгаж нийт 5.929.000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин гал түймрийн нийт 14 дуудлага ирснээс объектын түймэр 5, гал түймрийн зөрчил 9 гарч хугацаа алдалгүй унтраах ажиллагааг явуулсан байна. Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг Өлзийт, Биогийн чиглэлд зорчиж буй ахмад настнууд тээврийн хэрэгслийн хөнгөлөлтөд 100 хувь хамрагдаж чадахгүй байгаагаа нийслэлийн Засаг даргад уламжилсан. Энэ талаар албан ёсны хариу ирээгүй байгаа гэлээ. Мөн Хан-Уул дүүргийн 10-р хороо 63-р байрны тоглоомын талбайн газар дээр барилга барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхийг хүслээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нараас шийдвэрлүүлэх шаардлагатай гэж танилцуулсан асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албаныханд үүрэг өглөө. Тухайлбал Багахангай дүүргийн боловсрол хариуцсан ажилтныг 2015 оны 1 дүгээр сарын 01 гэхэд шийдвэрлэхийг Нийслэлийн Боловсролын газарт, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбайд газар олгосон асуудлыг судлан хариу мэдээлэл өгөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, Хот орчмын чиглэлд зорчиж буй өндөр настнуудын нийтийн хэрэгслээр 100 хувь хөнгөлөлттэй зорчих боломжтой эсэх талаар албан бичгийг хариу тайлбартайгаар хүргүүлэхийг Нийслэлийн Тээврийн газарт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль зөрчин ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан хаагчдыг хар тамхиар мэргэшүүлэв

Хууль зүйн яамнаас ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны мэргэжлийн гурван сургагч багшийг урьж Монгол Улсын Хууль зүйн салбарын албан хаагчидад зориулсан мэргэшил дээшлүүлэх 10 хоногийн сургалтыг зохион байгуулж, өнөөдөр суралцагсдад сургалтын гэрчилгээг гардуулжээ.

Сургалтыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр явуулсан. Сургалтад ЦЕГ, ХХЕГ, ШШҮХ, ХСИС гэсэн байгууллагуудаас нийт 88 албан хаагч хамрагдсан байна. Сургалтыг ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Галкин Алексей Алексеевич, Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Воробей Денис Александрович, Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа Зарубин Антон Анатольевич нар хөтлөн явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Түгээмэл хэрэглэдэг гадаад үгсийн монгол оноолтыг гаргажээ

1990 оноос хойш монгол хэлэнд хүч түрэн орж ирсэн гадаад үгсийн монгол оноолтыг Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албанаас гаргажээ. Монгол хэлний оноолтыг зөвхөн өөрсдийн саналаар гаргах бус ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нараар ариутган шүүлгүүлж, энэ оны 6, 7, 8 дугаар саруудад “Өдрийн сонин”-д хэд хэдэн дугаар дамжуулан уншигчдын саналыг авсан тухайгаа Төрийн хэлний зөвлөлийнхөн онцолж байна. Энэхүү оноолтыг тун удахгүй болох Төрийн хэлний зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ

Энэ жил улсын хэмжээнд 142.5 мянган малчин өрхөд 50 шахам сая буюу хонин толгойд шилжүүлснээр 80 сая толгой мал өвөлжүүлэх бэлтгэл хангаад байгааг ҮХАА-н сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76 хувьд бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн нутгийн малчид, малыг өөр аймагт отор нүүдэл хийлгэхээр зохион байгуулсан байна. Бэлчээр усны хүрэлцээ хангамж, хадлан тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл, малын тарга хүчний үзлэг зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 90 хувьтай хангагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутны тэтгэлэгийг нэмэх асуудал яригдаж эхэлжээ

Энэ сараас оюутны тэтгэлэг 70200 төгрөгөөс 96200 төгрөг болох талаар яригдаж эхэлсэн. Албаны эх сурвалжаас тодруулахад энэ асуудал эцэслэн батлагдаагүй байна. Үндэсний тэтгэлэг олгох журамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгө олгоно гэж заасан байдаг учраас тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа аж. Яг хэд болгох талаар яриагүй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарыг хянах ухаалаг системийг нээлээ

Орчных нь агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд хийж буй ажлаа нэгдсэн мэдээллийн нэгдсэн сангаас харж дүгнэх нөхцөл бүрдүүлсэн “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийн нээлт боллоо.

www.agaar.mn цахим хуудас, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем бөгөөд 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэх юм байна.

Тус цахим хуудсанд хандсан, ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар иргэн та цаг агаарын мэдээ, амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянах боломжтой болох аж.

  • – Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг өдөр, сар, жилээр харуулсан график;
  • – Бүрэн шаталтат зуухны тархалтыг айл өрхийн хаяг байршлаар харуулсан бүртгэл;
  • – Засгийн газраас айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа хийн зуухыг хэрэглэх заавар, борлуулалтын цэгүүдийн байршил, хамрагдах зааварчилгаа;
  • – Төрөөс үзүүлж байгаа цахилгааны үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, хөнгөлөлтөд хамрагдах зааварчилгаа;
  • – Тээврийн хэрэгслийн оношилгооны дүн мэдээлэл, экологид ээлтэй хэрэглээг дэмжсэн бодлого зохицуулалт;
  • – Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түүний хэрэгжилтийн үр дүн, тайлан;
  • – Зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын тайлан;
  • – Агаарын бохирдлыг бууруулах чиглээлээрх бодлого, шийдвэр, эрх зүйн баримч бичгүүд, цаг үеийн үйл ажиллагааны мэдээлэл;
  • – Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хамгаалах эрүүл мэндийн зөвлөгөө;
  • – Бүх төрлийн статистик, баримт судалгаа зэрэг холбогдох бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

Мөн мtргэжлийн энэ системийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа болгон ашиглаж болох ажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын бүрэн эрхэд шилжиж ажилласнаас хойш агаарын чанарын мэдээг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд чиглэсэн олон ажил хэрэгжүүлсний нэг үр дүн энэхүү ухаалаг систем юм.