Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 19-нд болно

Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээг үүсгэн байгуулсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2021 оны 12 дугаар сарын 19-ний 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд 10-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны дотоод журам Баяр наадмын тухай хуультай нийцсэн байх шаардлагатай. Үүнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах байх

Улсын арслан Э.Оюунболд допинг давтан хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Улмаар МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор УИХын Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.БатЭрдэнэ байр сууриа илэрхийлснийг хүргэе.


“МҮБХ-ы Цэцдийн зөвлөл гэж 67 гишүүнтэй байгууллага байдаг. 2021 оны хавар гуравдугаар сард Цэцдийн зөвлөлийн хурлаараа допингтой хатуу тэмцэх өөрчлөлт оруулсан. Допинг давтан хэрэглэсэн тохиолдолд барилдах эрхийг нь найман жилээр хасах тухай заалт оруулсан юм билээ. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Биеийн тамир спортын тухай хууль, Баяр наадмын тухай хуулиудад нийцүүлж авч үзэх шаардлагатай гэж хувьдаа үзэж байна. Гэхдээ допингтой хатуу тэмцэх ёстой. Нөгөө талдаа хууль зүйн шинжлэх ухаан талаас нь аваад үзэх юм бол ял шийтгэлийг давхардуулан олгож болохгүй. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм бол хүний нөхцөлийг дордуулах шийтгэлийг оногдуулж болохгүй гэх мэтчилэн хэд хэдэн зарчим бий. Энэ бүхнийг авч үзэх ёстой.

Э.Оюунболд хэдэн онд ч билээ дээ, Улсын баяр наадамд түрүүлэхэд допинг илэрсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, цолыг нь хураасан. Өнгөрсөн зун болсон барилдааны үеэр мөн допинг илэрсэн бололтой. Үүнд зохих шийтгэлийг нь оногдуулах нь зүйн асуудал. Гэхдээ нэгэнт өмнө гаргасан зөрчилд нь зохих шийтгэл оногдуулсан бол дахин шийтгэл оногдуулж байгаа нь чухам ямар учиртай юм бол. Энэ бүхнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах болов уу.

Багшийн зүгээс хэлэхэд, өөрийнх нь бяр хүч, барилдааны мэдрэмж заяасан, ямар ч нэмэгдэл хэрэггүй байгалиас өгөгдөлтэй хүн гэж Э.Оюунболдыг ойлгодог юм. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд юу хэлэх вэ. МҮБХ, холбогдох байгууллага энэ үйлдлийг хууль зүйн үүднээс авч үзэж анхаарах болов уу гэж үзэж байна. Би жирийн монгол бөх хүн. Хүний нуруунд тохож болох бүх муу муухайг миний нуруунд тохож байлаа. Гэхдээ олон хүн биш, цөөхөн хэдэн хүн бий. Миний ард түмэн намайг хайрлаж, хүндэлдэг. Үүнийг цаг хугацаа харуулах байх. Би монгол ахуйдаа сайхан аав ээжийн хүү болж, сайхан ахан дүүсийн дунд зөв явах юмсан гэж хичээж 57 нас хүртлээ амьдарч явна” гэх байр суурийг дархан аварга илэрхийлсэн юм.

Ёс зүйн байнгын хороон дарга, дархан аварга Б.Бат-Эрдэнийн зүгээс МҮБХ-ы Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан дотоод журам Баяр наадмын тухай хууль болоод БТСУ-ын хуультай нийцэж байх шаардлагатай, хууль зүйн шинжлэх ухаан талаасаа ял шийтгэлийг давхардуулж болохгүй гэх байр суурийг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан дүрэм, журам байж болохгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультайгаа нийцэж байх ёстой гэх байр суурь илэрхийлж байгаа юм. Харин улсын арслан Э.Оюунболдыг багаас нь бэлдсэн багш болох гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс дараах байр суурийг илэрхийлэв.

“Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа. Ямартаа ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна.

Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээд л багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил нь “Аварга” дээд сургуулийг 2014 онд төгсөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Г.Эрхэмбаяр аваргатай “Төр хурх”-ын амралтад бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн. Тэр жилээ доогуур даваанд унасан. 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн. 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй. Долоо хоногийн дараа “Баянмонгол” орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж, нөгөө нь араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм. Яахав, чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны зургадугаар сард нэг юм аваад гарсан. Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар долдугаар сарын 2-нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон ч Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн. Нуугаад яахав, баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007 оноос 2015 он хүртэл “Аварга” сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ. Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.

За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л Бөхийн өргөөнд авчирсан юмдаг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч болж олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Өөрөө ч залхсан байх, надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Дашрамд хэлэхэд, залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан. Тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд л гэнэ. Допинг санал болгож байсан удаа надад байхгүй.

Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон. 2019 оны наадмаар бараа бараандаа нэг сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гар ч билээ. Миний бие 2018 оноос “Аварга” сургуулиас гадна “Даян” дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Б.Гончигдамба гарьд, Оюунболд арслан хоёрыг олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юмдаг. Гэвч санаснаар арай болоогүй. Б.Гончигдамба гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа би Завхан аймаг руу, залуу аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан. Наймдугаар сарын 10-ны үеэр сэргээшийн хариу ирж тэнгэр ниргэх шиг цочирдож билээ. Хүй долоо худагт болсон барилдаан дээр уулзаад л салсан. Үүнээс хойш хоёр жил дөрвөн сарын хугацаанд гурван удаа л тааралдсан. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Д.Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай, миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” гэсэн юм.

Гавьяат багш Б.Адьяахүүгийн зүгээс буруу замаар орсон шавийгаа татаж авахаар оролдоод дийлээгүй. Өөр багшийн гар дээр очсоноор асуудалд холбогдсон гэх байр суурийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг сүүлийн жилүүдэд гардаж бэлтгэсэн багш нар луу чихэх хандлага цухалзуулсан аж.

Сонирхуулахад, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан Б.Гончигтавхай гээд гавьяат багш Б.Адьяахүүгийн гардаж бэлтгэсэн шавь нар допингийн шинжилгээнд бүдэрсэн зүй тогтол харагддаг.

Э.Оюунболдыг сүүлийн жилүүдэд чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Батням гардаж бэлдсэн байдаг. Д.Батням дасгалжуулагчийн ойр орчмоос улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нарын бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрээд байгаа юм. Д.Цэрэнтогтохын тухайд дасгалжуулагч Д.Батнямаас сая орчим төгрөгөөр цагаан тариа худалдаж авсан баримтаа ил болгосон. Д.Батнямын тухайд өмнө нь чөлөөт бөхийн “Цастын барс” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд үндэсний шигшээ багийн тамирчин эмэгтэйд допинг хэрэглүүлсэн гэх хэл аманд өртөж чөлөөт бөхийн спортоос зайгаа авч Э.Оюунболдтой холбогдсон байдаг.

Үүсээд буй асуудалд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын зүгээс “Барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж, өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс, гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал” гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд Ховдын У.Батцоож түрүүлэв

Сумын цолтон залуу бөхчүүдийн 93 дахь удаагийн барилдаан боллоо. Уг барилдаанд 608 бөх зодоглосноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат, сумын зэаан Уламбаярын Батцоож 10 даван түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, сумын заан Хүүхэнсүрэнгийн Нямдорж үзүүрлэлээ. Их шөвөгт түрүүчийн барилдааны түрүү бөх, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан М.Буяндэлгэр шалгарав. Шөвгийн тавд сумын манлай заануудын нэг Баянхонгорын Б.Совджамц, Говь-Алтайн сумын заан Э.Дашдэмбэрэл нар үлдэв.

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааныг шимтэн үзэчдийн зүгээс уламжлал болгон олгох “Дайчин барилдаан”-ы анхны шагналыг Өвөрхангай аймгийн сумын заан Б.Сундуйжадамбад гардууллаа.

Дараагийн барилдаан 12-р сарын 19-нд Хантайшир дэвжээний 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Допингийн эсрэг сургалт болно

Монголын үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаaс хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд “Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг арванхоёрдугаар сарын сарын 11-ний 11:00 цагт Бөхийн өргөөнд зохион байгуулна.

Сургалтын дараа сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааныг шууд эхлүүлнэ гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ц.Магалжав: Надад Э.Оюунболд юмуу, хэн нэгнийг хэлмэгдүүлж, хохироох эрх, бас шаардлага байхгүй

Э.ОЮУНБОЛДЫН ДЭМЖИГЧИД, МӨН НАМАЙГ ШҮҮМЖЛЭГЧИД ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ХАРДААД БАЙГАА 38 БӨХИЙН НЭРИЙГ ПРОКУРОРООС ГАРГУУЛААД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬЧИХ Л ДАА-

МҮБХны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж гаргав уу. Үндэслэл нь юу байв?

-Тийм. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн тав болон зургадугаар сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил эрх хасна гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Үндэслэл нь энэ.

-Улсын арслан Э.Оюунболдыг хэлмэгдүүлж байна, МҮБХ-ны зүгээс захиалгаар ийм шийтгэл оногдууллаа гэх шүүмжлэл их явж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё. Ер нь Ц.Магалжав Э.Оюунболдыг хэлмэгдүүллээ гэх байр суурийг олон хүн илэрхийлж байна шүү дээ.

-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж. Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Харин монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй.

Энэ нь аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл ихтэй, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй. Сарын 20 сая төгрөгийн цалин байтугай хольцгүй талх идээд, бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр хийгээд, хотын захын гэр хороололд амьдраад бөхөөр хичээллэж байгаа мянга, мянган залуучууд байна. Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой. Тохиолдлоор нэг хүн хоёр удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу? Надад ч, бусад олон бөхөд ч энэ дөрвөн залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож, бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргалаа. Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж, бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, “Хан Хэнтий” аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш, ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв байх.

-Э.Оюунболд улсын аварга цолоо хураалгаж, барилдах эрхээ найман жилээр хасууллаа. Нөгөө талд ижил асуудалд холбогдсон Н.Батсуурь барилдах эрхээ 11 сараар хасуулж, нөхөж даян аварга цол хүртсэн. Хүмүүс үүнд эгдүүцэж, бухимдаад байх шиг…

-Бухимдаад байгаа нөхөд нь бичиг үсэг мэдэх бол бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсоныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр газар болсон. 11 сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү, буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуух хэрэгтэй. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод янз бүрийн шийдвэр гаргаад харин бухимдагсдыг бий болгоод байгаа нь эргээд төрийн болон өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай. Өөр хийх ажил их байгаа байх даа.

-АТГ-ын зүгээс 2009-2019 оны хооронд 38 бөх допингийн зөрчил гаргасан. өөрөөр хэлбэл, авлига өгч нуун дарагдуулж байсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Эмч, албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийг нийтэд ил болгохыг МҮБХ-ноос шаардсан байна лээ.

-Шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар зургаан удаа хандсан. Тэд нэг хариултаа гурван удаа хуулбарлаж өгсөөр 2021 оны тавдугаар сард иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан, эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн. Одоо Э.Оюунболдын дэмжигчид мөн намайг шүүмжлэгч хэсэг нь надаас бас холбооноос биш, Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол гаргуулж аваад хоорондоо мэдээлэл, хов яриа, таамгаа хөөрөлддөг олон нийтийн сүлжээндээ гаргаад тавьчих. Энэ дашрамд хэлэхэд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал. Угаас монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын дийлэнх нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрд таарсан хэмжээндээ байгаа. Түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлбөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэнэ.

-Энэ удаа Э.Оюунболд нарын дөрвөн хүний эрхийг хассанаар допингийн асуудал цэгцэрнэ гэдэгт эргэлзэж байна. Явцын шинжилгээ тогтмол авах талаар МҮБХ-ны зүгээс мэдэгдсэн байна лээ. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал хариуцлага тооцдог журамтай. МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авсан байсан. Үүнээс долоон бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авснаас үндэсний бөхийн хоёр бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ хоёр жилээр, чөлөөт бөхийн холбоо нэг жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.

-Допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүдийн шинжилгээний хариуг удаадаг асуудал бий. Үүнд мөн л МҮБХ, Ц.Магалжавыг буруутгадаг.

-Допингийн эсрэг байгууллага допингтой тэмцэх, сургалт семинар таниулга хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдаанд улсаас, бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг. Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна аа л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсдыг олон шалгасан байх. Тэд яаж шалгадаг, хоорондоо ямар харилцаа үүсгэдгийг даан ч мэдэх аргагүй. Шалгалтын үр дүнг манай холбоонд мэдээж тэд өгөхгүй. Харин одоо арванхоёрдугаар сарын 11-ний өдөр 11:00 цагаас МҮБХ, БТСУХ, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон зүйлд энэ уулзалтаар мэдээлэл авч болох байх гэж бодож байна.

-Допингийн асуудалд хариуцлага тооцохдоо цолыг хураагаад барилдуулдаг жишиг байж болох уу. Сумо бөхөд озеки цолтой бөх л хамгийн доод зиндаа хүртэл унаад л дээшээ гараад ирдэг жишиг байдаг шүү дээ. Тод жишээ нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байна.

-Яг одоо энэ талаар тодорхой зүйл хэлж мэдэхгүй юм. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд л шийдсэн асуудал.

-Үндэсний бөхийн барилдааны дүрмээс барьц сонгоог халаад хагас жил орчмын хугацаа өнгөрлөө. Ямар үр дүн гарав?

-Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин хоёр бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг нэг талдаа хүчээр ч гэх юмуу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй.

-Сүүлд нь нэг зүйл тодруулахад Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөлд онцгой цаг үед наадам хэрхэн зохион байгуулах талаар заалт орсон байна лээ. Энэ төсөл батлагдвал МЗХ-ны 100 жилийн ойд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэг олгох боломж бий юү?

-Хуулийн төсөлд тавдугаар сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул ХЗДХЯ руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Заал, танхимын барилдааны үеэр 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авна

Монголын үндэсний бөхийн холбоо заал, танхимын барилдааны үеэр 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авахаар болжээ. Энэ тухай мэдэгдэл гаргасан байна.

Бөхийн дэвжээдийн тэргүүн, удирдлагуудад

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

МҮБХ нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна.

МҮБХ-ны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “… Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал, танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилалтын үеэр явцын шинжилгээг авах бөгөөд дэвжээд тус бүр 2-оос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (Нэг шинжилгээ -1.8 сая төгрөг) МҮБХ-ны допингийн эсрэг сангийн Төрийн банкны 240108298407 тоот дансанд 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.

Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг “Монгол бөхийн өргөө”-нд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно хэмээн МҮБХ мэдээллэв.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр /202112.06/ боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.

Мөн Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа.

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:

  • Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,
  • Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,
  • Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.

Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо

Categories
мэдээ үндэсний-бөx

Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв


Говьсүмбэр аймгийн Ардын хувьсгалын 100 жилийн ой, Чойр хот байгуулагдсаны 30, Сүмбэр сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын цол олгох барилдаан энэ оны 11 дүгээр сарын 30-нд аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд боллоо.

Барилдаанд 128 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Сүмбэр сумын харьяат “Мана баганат констракшн” ХХК-ийн бөх, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлж аймгийн хурц арслан” болжээ. Харин Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн нэмэх начин О.Жавхланбаяр үзүүрлэж аймгийн заан цол тус тус хүртсэн байна.

Шөвгийн дөрөвт Сүмбэр сумын харьяат, Хилчин спорт хороо, “Тэс Сүмбэр” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Сүмбэр сумын харьяат, “Чойр хайрхан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Б.Гончигтавхай нар шалгарч чимэг нэмсэн аж.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил Говьсүмбэр аймаг баяр наадмаа зохион байгуулаагүй бөгөөд зөвхөн цол олгох барилдааныг л зохион байгуулсан нь энэ юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ

Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосон.

Тэгвэл энэхүү барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын Д.Анар түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ. Харин Их шөвөгт Улсын харцага Д.Бат Эрдэнэ, улсын заан Ц. Одбаяр нар үлдлээ

Дашрамд дурдахад, маргааш Монгол бөхийн өргөөнд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол Улсын начин Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтон болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

​Дараалсан барилдаан болно

– Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаан 2021 оны 12-р сарын 04-ний бямба гаригт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
Шагналын сан:
Түрүү бөх -5.000.000 төг
Үзүүр бөх -3.000.000 төг
Их шөвөг – 1.000.000 төг
Барилдах бөхчүүдийг 12-р сарын 02, 03-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
– Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол улсын начин Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтон болон залуу 256 бөхийн барилдаан 2021 оны 12-р сарын 05-ны 12 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүд 05-ны өглөө 10 цагаас өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Төр засгаас тавьж буй шаардлагын дагуу бөхчүүд болон үзэгчид вакцины 3-р тунд хамрагдсан байх эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатайг анхаарна уу!
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО