Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Аймгийн заан Ц.Бямба-Отгон​: Арга эвийг хослуулж барилдахыг хичээдэг


Өнөө цагийг өнгөлөн барилдаж буй хүчтэнүүдийн нэг болох Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгонтой ярилцлаа.Тэрээр заал танхимын барилдаанд уран хурц барилдаанаараа үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй хүчтэн юм.


Саяхан болоод өнгөрсөн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит барилдаанаас ярилцлагаа эхлэе.Сайхан барилдаж үзүүрлэлээ?

-Тийм ээ. Үзүүр түрүүнд Булган аймгийн хурц арслан Ө.Сүхбаттай сайхан барилдаж үзүүрлэлээ. Залуу бөхийн хувьд сургамжтай сайхан барилдаан болсон.Цаашдаа улам их амжилт гарахын тулд хичээж барилдах болно.


– Үзэгчид таныг сэтгэл зүй их өндөртэй бөх гэж дүгнэдэг. Саяхан болсон барилдаан дээр улсын шилдэг харцага, начин хоёрыг дараалуулаад давж харагдсан.Өөрийнхөө барилдааны онцлогийн талаар дэлгэрэнгүй яривал? .

-Дэвжээн дээр барилдаж байгаа тохиолдолд өрсөлдөгч бөхөөсөө сэтгэлзүйгээр дутахгүй гэж боддог. Харин барилдааны хувьд бол аль болох арга эвийг нь олох гэж хичээдэг.Уран барилддаг хүний өөртэйгөө адил талтай хүний бичлэгийг их үзнэ.Түүнийгээ бэлтгэл дээрээ хийж үзээд хүмүүсээс лавшруулж асуудаг. Бэлтгэл дээрээ барилдааны хийж үзнэ. Нэг үгээр хэлбэл тухайн бөхийн барилдааныг сайн судалж өөрийн болтол нь бэлтгэл хийдэг. Ер нь миний хийх ёстой мэх,сурах мэх,хийх шаардлагагүй мэх зэргээ бэлтгэл дээр тодорхойлчихдог. Ихэвчлэн Б. Гончигдамба гарьдийн барилдааныг их үздэг барилдаанаа төстэй болгох гэж их хичээдэг дээ


– Та ямар бөхийн удам вэ?

Манай удамд бөхийн удам байхгүй. Харин их тэнхээтэй хүн байсан.Өвөөгийн маань аав нь тухайн үедээ тэмээгээр жин тээдэг хүн байсан гэсэн.Жин тээж явахдаа хүйтэнд тэмээ нь тогтож өгөхгүй болохоор жингийн даруулгаа босоо тэмээн дээр “хөп” гээд л шидчихдэг хүн байсан гэнэ лээ. . Жингийн даруулга гэдэг нь тэмээнийхээ хоёр талын ачааг холбосон чагтан дээр тавьдаг 50-75 кг-ын шуудайтай зүйлийг хэлдэг. Энэ тухай аав минь бидэнд дурсдаг байлаа.Харин манай аав цэргээс халагдсан жилээ “ Мазар”багийн наадамдаа түрүүлсэн гэдэг.Манай аав барилдахаас илүүтэй эмнэг адуунд илүү их аатай хүн байсан.Түүнийг дууриагаад манай гурван ах хоёр дүү би гээд ер нь адуунд дуртай. Би эхээс долуулаа. Аав минь хожуу 57 насандаа айлын эмнэг нас гүйцсэн морь сургаж байлаа.Манайд эмнэг даага л байна уу гэхээс түүнээс дээш адуу эмнэг байна гэж байхгүй. Бүгдийн бид сургачихдаг юм.

-Адуунд иртэй хүү хэзээнээс барилдах болов?

Хөдөөний хүүхэд бид чинь ах дүүтэйгээ барилдаж ноцолдож өсдөг дөө. .Төгрөг суманд сургуулийнхаа дотуур байранд суудаг байлаа.Манай байрны урд талд нь,зүүн талд нь хүүхэд тоглодог элс байдаг байсан.Тэр л миний анхны дэвжээ юм уу даа.Хэзээ хамаагүй л тэнд чинь тав, зургаан хос бөх барилдаж л байдаг байлаа.З­­ургаа, долоо дугаар ангид ороод л элсэн дээр барилдахаа болиод хувцас хунар тоос болчихвол гөвдөг болсон доо.Тэр цагаас хойш сагсчин болно,хөлбөмбөгчин гэж мөрөөдөж байгаад л хувийн спортоо хөөх болсон доо.Тэр нь үндэсний бөх болж таарсан. Манай сумаас том бага Самдан гэж ах дүү хоёр улсын начин төрөн гарсан байдаг. Харин манайх Төгрөг сумынхаа “Мазар” багийн “Могойн гол”гэдэг газар нутагладаг байсан.Сайхан нутаг бий одоо очихоороо голынхоо уснаас уух дуртай.Яалт ч гүй сайхан мэдрэмж төрж, дурсамж сэргэх шиг болдог.Зундаа Тарагт сумын Чулуут,Арвайн тал,Дайргын гол гээд нутгаар зусдаг байсан.Төрж өссөн нутгийн минь уул ус барилдахад минь үргэлж түшиж байдаг гэдэгт итгэдэг.


-Хэзээ сумын заан цолыг хүртсэн билээ?

2015 онд анх Б.Энхтөр багшийнхаа удирдлаган доор “Арван хүчтэн” дэвжээн бэлтгэлд гарч, 2016 онд сумандаа түрүүлж “сумын заан” цолыг хүртэж байлаа. Анх залуу бөх байхдаа “Нийтийн монгол” бөхийн барилдаанд хоёр даваад гурвын даваанд толгойгоороо унаж ширүүхэн газардаж байлаа. Харин сумын заануудын барилдаанд нэг давдаг,хоёр дээр унадаг,үе их байсан.Анх удаа хоёр давсан нь Хөвсгөл аймгийн одоогийн аймгийн начин Балжинням ахыг хөлийн авч цацаад давж байлаа.Тэр үеэс хойш тогтмол хоёр давдаг,цаашлаад тогтмол гурав, дөрөв давдаг болоод ирсэн.Ингэж барилдсаар сумын заануудын барилдаанд нэг түрүүлж, хоёр удаа зургаа давж,нэг удаа тав давсан амжилттай өндөрлүүлсэн.

-Сумын заан цолтой аймагтаа зодоглож аймгийн харцага цол хүртэж байсан. Энэ тухайгаа дурсвал?

2019 онд аймгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртсэн. Зургаа давж аймгийн харцага цолныхоо болзлыг хангачхаад долоогийн даваанд аймгийн арслан Х.Энхчулуунтай тунаж барилдсан. Тэр жилийн наадмын бэлтгэл дээр Х.Энхчулуун арсланг хоёр гурав давсан байсан болохоор өөртөө их итгэлтэй барилдсан ч үр дүн нь өөр гарч би өвдөг шороодсон. Харин түүний дараахан дархан аварга Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит зохиогдсон.Тухайн барилдаанд би гурвын даваанд аймгийн арслан О.Наранбаатараар давж,дөрвийн даваанд улсын харцага Х.Гантулгыг,тавын даваанд Завханы улсын начин Б.Чимэдвандангаар тавж өөрийн багш улсын арслан Д.Ганхуягтай үлдэж байлаа. Тэр жилийн энэ барилдаан надад маш сайхан дурсамжтай барилдаан санагддаг. Түүнийхээ дараа жилийн аймгийн наадмаар үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн.

-Таны хүрэхийг хүсдэг цол юу вэ?

-Миний хүрэхийг хүсдэг цол аварга.

-Залуу бөхийн хувьд өнөөгийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явна?

Бөхийн хөгжлийн хувьд байж болохуйц арга хэмжээнүүд авагдаад явж байна. Хамгийн зөв шийдвэрүүд нь гэвэл барьц сонгоог халсан, камерын шүүлттэй болсон явдал.Цаашдаа монгол бөх маань улам их хөгжих байх.

А. Доржханд

Categories
мэдээ үндэсний-бөx

Булган аймгийн сар шинийн барилдаанд начин Д.Тамир түрүүллээ

Булган аймагт болсон XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулан хүчит барилдаанд Монгол Улсын начин Д.Тамир түрүүллээ. Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэв.

Сар шинийн барилдаанд Монгол Улсын заан Д.Баасандорж, начин Д.Тамир, Х.Цогтгэрэл, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Э.Сумьяабат тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосон юм.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Хэнтий аймаг дахь Бөхийн салбар хороо Э.Оюунболдод дахин боломж олгохыг хүслээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос удаа дараа допинг илэрсэн тул барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан.

Тэгвэл Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболдод өршөөл үзүүлж, Ардын хувьсгалын 100 жилд барилдах боломж олгох хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд “Допингийн асуудалд ороод байгаа таван аймаг (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс)-ийн долоон бөхөд энэ жил болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадамд барилдуулах нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн талаар нааштай шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Сар шинийн барилдаан хоёр өдөр болно

XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдаануудын хуваарийг Монголын үндэсний бөхийн холбооноос зарлалаа.

Барилдааны хуваарь:

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан.

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан.

Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан.

Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа.

Хоёрдугаар сарын 01-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан үргэлжилж өндөрлөнө.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ

Маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Бөхийн өргөөнд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдах товтой байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Тус мэдэгдэлд “Маргааш буюу 2022 оны 01-р сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байсан Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсаныг мэдэгдэж байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар товлогдсон бөхийн барилдаан мөн цуцлагдсан юм. Учир нь барилдах эрхээ 11 сараар даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар ирсэн ч бөхчүүд эсэргүүцсэн юм. Үүссэн нөхцөл байдлын улмаас барилдааныг зогсоох, цуцлах шийдвэр МҮБХ гаргасан.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно” гэв

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр сар шинийн баярын бөхийн барилдан болох эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Шадар сайд С.Амарсайхан “Сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг иргэддээ уриалж байгаа. Ах, дүү амраг садангаараа айлчилж халдварын эрсдэлд өртөн, нийтээрээ халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүйгээр, цахимаар золголт хийхийг уриалж байна.

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг зохион байгуулна. Гэхдээ вакцинаа хийлгэсэн, шинжилгээ өгсөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдсан, халдвар хамгааллын өндөр түвшинд хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно” гэв.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан цуцлагдав

“Жем групп”-ын нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Энэ барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Гэвч тэднийг барилдахыг эсэргүүцэн бусад бөхчүүд хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд гарч барилдсангүй. Уг хоёр бөхийн хувьд 2019 оны Улсын их баяр наадмын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан юм. Гэхдээ хориглосон хугацаа нь дуусч, тэдний барилдах эрх энэ барилдаанд сэргэсэн аж.

Гэвч бөхчүүд допингийн хариуцлагын шийдвэр өөр өөр байгаад дургүйцлээ илэрхийлэн ийнхүү бойкот зарлажээ.

Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Харин даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нараас допинг илрэхэд 11 сараар хасаж, харилцан адилгүй шийтгэл ноогдуулсан юм.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав тайлбар хийхдээ, “Хоёр бөхийн эрхийг хассан шийдвэрийг бол Баяр наадмыг зохион байгуулах комисс гаргасан. Бөхчүүд үзэгч олон болон ахмад харцага цолтой бөхчүүдээ хүндлэн гарч зодоглох хэрэгтэй. Харин аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва хоёр сайн дураараа энэ барилдаанаас татгалзах шаардлагатай байна” гэсэн уриалгыг хэлсэн юм.

Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн саналаар бөхчүүд, бөх сонирхогч нараа хүндлэн малгайгаа авч ёслон уг барилдаанаас түдгэлзсэн бол аварга Н.Батсуурь шаардлагыг эсэргүүцсээр байв. Бөхийн жаяг дэгийн баг яаралтай хуралдаж, бөхийн олонх дургүйцэж байгаа тул Улсын аварга Н.Батсуурийг хүчээр уг барилдаанаас хасч, нэгийн давааг дахиж барилдуулах шийдвэр гаргаад байна.

Ийнхүү хүчит бөхийн нэгийн давааг дахин барилдуулахаар болсон ч аварга Н.Батсуурь болон түүний аав, харцага Г.Намсрайжав тэргүүтэй Увс аймгийн бөхчүүд талбай дээр гарч зогсон, эсэргүүцэл илэрхийлэн барилдааныг эхлүүлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд Монголын үндэсний бөхийн холбоо тус барилдааныг цуцаллаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг түдгэлзүүлж, барилдааныг дахин эхлүүлэв

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр //2022.01.16/ “Жем интернэшнл” группийн нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж байна.

Уг барилдаанд зодоглохоор Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар бүртгүүлжээ.

Улсын харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд допинг хэрэглэсэн бөхчүүдийг шийтгэхдээ ялгавартай хандсан шударга бус байдлыг эсэргүүцэн өнөөдрийн барилдаанд оролцохгүй гэж тэмцэв. Ингэснээр Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг түдгэлзүүлж, барилдааныг дахин эхлүүлэв

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит барилдаанд хурц арслан Ө.Сүхбат түрүүлэв

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн хурц арслан Батжаргалын Лхагвадорж, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, аймгийн начин Лхамсүрэнгийн Энхтүвшин нар шалгарлаа. Дунд шөвөгт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Б.Тайван, Э.Баасанжав, Ц.Төмөрцоож нар үлдэв.

Сонирхуулахад, С.Лхагва нь 1964 онд дархан аварга Б.Түвдэндорж агснаар улсын начин цолны болзол хангаж, зургаагийн даваанд дархан аварга Д.Дамдин агсанд өвдөг шороодсон түүхтэй. Мөн улсын баяр наадамд найман удаа дөрөв, гурван удаа гурав, хоёр удаа тав давж байсан хүчтэн.

Түүнчлэн нагац эцэг нь Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Өсөхөө гэдэг хүн байжээ. Даншиг наадамд барилддаг, гарьд, тулгат гэдэг цолтой байсныг С.Лхагва начин өөрөө дурсан ярьсан байдаг юм.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

​Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш болно

сонин mn

“Жем интернэшнл” группийн нэрэмжит улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш буюу энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэнэ.