Categories
мэдээ үндэсний-бөx

​ Допинг хэрэглэсэн бөх, сурын харваачдад олон улсын дүрмийн дагуу хариуцлага оногдуулна DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.05.04) Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орсон байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дараах зохицуулалтыг оруулжээ. Үүнд:

  • Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн нэр томьёотой нийцүүлж, хууль хоорондын болон хуулийн зүйл, хэсэг, заалт хоорондын зөрчил, хийдлийг арилгаж, уялдаа холбоог хангах;
  • Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан, тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгасан;
  • Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоохоос гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав; Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд тусгасан.
  • Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгав;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй нарийвчилсан харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах субъектийг тодорхойлж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны үйл ажиллагаанд гомдол гаргах, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр оруулав; Өөрөөр хэлбэл дээрх дүрэм, журмыг бөх, сур, шагай, хурдан морины холбогдох мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох зохицуулалтыг тусгасан болно.
  • Монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах, үүнтэй холбоотой дүрмийг Засгийн газар батлан мөрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгалаа; Түүнчлэн улсын баяр наадамд түрүүлсэн үзүүрлэсэн үндэсний шагайн харваач нарт бусад үндэсний спортын нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол олгохоор тусгасан болно.
  • Бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг тус тус Засгийн газар батлахаар тусгалаа;
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг тухайн үндэсний спортын төрлийн мэргэжлийн холбоодод олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүллээ;
  • Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар уг хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Хоёр бөхөөс допинг илэрчээ DNN.mn

Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан. Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон улсын допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээо сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.

МҮДЭБ мөн өдөр Монголын үндэсний бөхийн холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан.

Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн ээлжит хурлаар танилцуулсан болно.

Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ирэх сард бөхийн өргөөнд есөн барилдаан зохиогдоно DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2022 оны 5 дугаар сард Монгол бөхийн өргөөнд 9 барилдаан зохион байгуулахаар товложээ.

Тодруулбал, 5 дугаар сарын 07-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Сарын 08-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн барилдаан

Сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан

Сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан

Сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан

Сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан

Сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Батсуурийг спорт хорооны даргаас чөлөөлнө гэв DNN.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Тус хуулийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.

Уг заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асуув.

Тэрбээр “Тамирчин, урлаг соёлын хамтлаг байлгахын хориглож байна гэж ойлгож болох уу. Шууд асуухад энэ заалт батлагдсан тохиолдолд яамдын дэргэд спорт хороод татан буугдах уу. Цагдаагийн “Хүч” нийгэмлэг, Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар” спорт хороо, ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” спорт хороо байдаг. Эдгээр хороог татан буулгаж байна гэж ойлгож байна. Мөн Цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн чуулга, ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулга татан буугдах уу” гэв.

Түүний асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд нэлээд ярьсан. Спортын хороодыг тусгай хүчний байгууллагуудын бэлтгэлд зориулан байгуулсан. Үндсэн алба хаагч биш бол тамирчдыг энд байлгах нь буруу юм. Тиймээс спорт хороодыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэх зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Мөн чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулна. Эдгээр асуудлыг 2023 оны төсөвт авч үзнэ. Тамирчид хүчний байгууллагын орон тоонд орж ажиллаад байдаг. Гэтэл тэр тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу үгүй юу гэдэг асуудал бий.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дээрх байгууллагуудыг татан буулгах уу, нэгтгэх үү гэдэгт тодорхой хариулт өгөөч. Цагдаагийн “Сүлд” чуулга, “Алдар” спорт хороо татан буугдах уу. Н.Батсуурь аварга “Сүлд” спорт хорооны дарга юм байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар аварга ажлаа өгөх үү гэдгийг асууя.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Сүлд” чуулга бүгд Соёлын яамны харьяанд очно. “Алдар” спорт хорооны тамирчид Биеийн тамир спортын хороонд шилжинэ.

Н.Батсуурь аваргын хувьд Биеийн тамир спортын хороо руу шилжиж таарна. Спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Сонгинохайрхан уулын хишиг” барилдаанд Б.Орхонбаяр харцага түрүүллээ DNN.mn


Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан “Сонгинохайрхан уулын хишиг” улс, аймгийн алдар цолтой эрэмбэ, чансаатай хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” СХ, “Хос түрүү” ХХК, “Атар трейд” ХХК, Таван-Хан дэвжээний бөх, улсын харцага Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” СХ, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Нью Майнд” групп, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” СХ, “Заамар өгөөж хайрхан” ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, аймгийн арслан Л.Цээсүрэн, аймгийн заан М.Даваасүрэн, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар үлдэв.

Уран барилдааны шагналыг аймгийн харцага Д.Пүрэвдоржид гардуулав. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-ны ням гарагийн 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Л.Эрдэнэбат: Допингийн хэрэглээнд цэг тавихгүй бол бөхчүүд маань дэвжээн дээрээ эндэх аюул энүүхэнд байна шүү DNN.mn

Спортын анагаах ухааны эмч Л.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Өнөөдөр тантай тамирчдын эрүүл мэнд, тэр дундаа үндэсний бөхийн спортоор хичээллэж буй залуусын эрүүл мэндийн талаар ярилцах гэсэн юм. Допингийн хэрэглээтэй холбоотойгоор тэдний эрүүл мэнд эрсдэлд ороод байх шиг…

-Бөхчүүдийн эрүүл мэнд эрсдэлд орсон гэдэг үнэн. Онцлоод хэлэхэд, залуу бөхчүүдийн дунд допингийн төрлийн бодисын хэрэглээ хавтгайрсан байна. 20-25 насны залуу бөхчүүд л эмнэлгийн үүдээр эргэлдээд салахаа больчихсон. Шалтгаан нь элэг, ходоодны өвчлөл. Зүрхний үйл ажиллагаа доголдсон нь ч бий. Энэ нь тэдний хэрэглэж буй эм бэлдмэлүүдтэй шууд хамааралтай байна.

-Бөхчүүдийн хэрэглэж буй бэлдмэлүүдийн талаар тодруулахгүй юу. Бөхчүүд ямар бодис хэрэглээд эрүүл мэндээ эрсдэлд оруулаад байна вэ?

-Строидын төрлийн бодисын хэрэглээ түгээмэл болжээ. Энгийнээр тайлбарлавал масс авахын тулд янз бүрийн хортой бодис хэрэглээд байна л даа, манайхан. Масс авснаар бяр чадал нэмэгдэнэ. Стеройдын хэрэглээг зөвшөөрдөг спортын төрлүүд бий. Зарим төрлийн бодибилдингийн холбоодод зөвшөөрдөг. Энд анхааруулаад байгаа нь стеройдыг хэрэглээгээ болгосон тамирчид богино насалдаг. Ойролцоогоор 40 гараад л нас бардаг судалгаа гарсан байдаг. Зарим тохиолдолд цэл залуугаараа ч нас барах нь бий. Үндэсний бөхөд ийм аюул ойрхон ирээд байна гэдгийг л онцолъё. Допингийн хор уршиг ийм аюултай учраас л дэлхий нийтээрээ хориглодог.

-Асуудал ингэж хурцадсан хэрэг үү?

-Өнөөдөр үндэсний бөхөөр 30 орчим мянган хүн хичээллэдэг гэх судалгаа байдаг. Энэ том салбарт допингийн хэрэглээ хавтгайраад байгаа нь аюул. Монгол эр хүний үлгэр дуурайл болсон бөхчүүд тэр дундаа залуучууд нь допинг руу хошуурч байгаад нь сэтгэл эмзэглэх юм. Хамгийн харамсалтай нь хөдөлмөрийн насны залуус допинг хэрэглэж биеэ хордуулж байгаад нь гол харлаж байна. Одоогоос гурван жилийн өмнө Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах барилдааны үеэр 20 гаруйхан настай залуугийн бие огцом муудаж, тэр дороо эмнэлэгт хүргэгдээд нас барсан тохиолдол гарсан. Энд онцлоод буй янз бүрийн бодисын хэрэглээний гор нь энэ л дээ. Спортын талбарт ийм зүйлийн хэрэглээ хавтгайрахаар тамирчдын эрүүл мэндэд хор хохирол учирдаг бэлэн жишээ бий. Олон улсад уралдааны замд эндсэн ч гашуун туршлагууд байдаг. Хэрэв үндэсний бөхийн талбарт допингийн хэрэглээ хавтгайрсан хэвээр үргэлжилбэл эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь халтай нөхцөл байдал тулж ирээд байна. Бөхчүүд маань өөрсдөө ч үүнийг ухамсарлаж допингийн хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Спортын түүхийг судлаад харахад л допингийг хэрэглээгээ болгосон тамирчид, тухайн спорт ч мөхөл рүү дөхсөн байдаг шүү дээ.

-Ийм хор хөнөөлтэй допингийн төрлийн бодисын худалдаа, наймаа манайд чөлөөтэй байдаг юм уу?

-Манайд допинг хэрэглэсэн бөхчүүдийг л нийгмээрээ зүхээд байна л даа. Гол шалтгааныг нь ухаад судлаад үзэх хэрэгтэй юм шиг. Энэ төрлийн бодисыг хэн худалдаалж бөхчүүдийн эрүүл мэндэд заналхийлээд байна ч гэх юм уу. Асуудлын шалтгааныг нь судлаад шаардлагатай арга хэмжээг нь аваад явах хэрэгтэй. Өнөөдөр хүчний багш дасгалжуулагч гэх хүмүүс хэдхэн халтар төгрөгийн төлөө залуу бөхчүүдийн тархийг угааж допинг нийлүүлээд байгаа нь нууц биш болсон. Допинг хэрэглэсэн тамирчинг адлахаас илүү энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийг нь олж тогтоогоод тэмцвэл илүү үр дүнтэй санагдах юм.

-Допинг хавтгайрсан спорт мөхөл рүү явдаг гэж та онцоллоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үндэсний бөх дээр л жишээ аваад хэлье л дээ. Допингийн төрлийн бодис элэг, ходоод, зүрх гэх амин чухал эрхтнүүдэд маш хортой. Үүнээс гадна бэлгийн сулрал, цаашлаад үргүйдэлд хүргэдэг. “Допинг хэрэглэсэн бөх засуулсан төлөг шиг болно” гэж доктор Д.Данзан гуай голыг нь олж бичсэн байдаг. Өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдийн олонх нь удам залгаж барилдаж байгаа. Түүх харахад аав нь ч юмуу, өвөө нь бөх улс л энэ өв соёлыг тээж яваа. Өнөөдөр барилдаж буй бөхчүүдийн үр хүүхэд л цаашид авч явах учиртай. Гэтэл өнөөдөр допингийн хэрэглээ хавтгайрчихлаа. Үр үндсээ үлдээхэд тун асуудалтай болж байна шүү дээ. Ингээд л допинг хавтгайрсан спортын төрөл мөхдөг жишиг бий. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал байхгүй юу. Хүмүүс нэг их ач холбогдол өгөхгүй юм л даа.

-Үндэсний бөхөд допингийн хэрэглээ хавтгайрахад юу нөлөөлөв. Үүнийг та яаж харж байна вэ?

-Олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Үндэсний бөхийн бай шагнал өндөр болсон. Улсын цол авахад нь л нутгийн зөвлөлөөс нь унаа аваад өгчихөж байна. Өөр нэг компани байрны асуудлыг нь шийдчихнэ. Манайхан ч бөх, бөх гээд л дээшээ зална. Алдар сууг нь бишрээд л тэнгэрт гаргачихна. Ийм байхад бөхчүүд маань хялбар, дөт замаар нэр алдарт хүрэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна л даа. Энэ хүсэл эрмэлзэл дээр нь штангны багш гэх нөхдүүд тоглолт хийж ашиг хонжоо хайж байна. Өнөөдөр захын фитнесс заал руу шагайхад л “Тийм ч бяртай болгоно, ийм ч булчинтай болгоно” гэсэн багш нар дүүрэн байгаа. Залуу бөхчүүдийг ядартал нь төмөр өргүүлж байгаад л бэлтгэл нь унаад ирэхээр өнөөх эм бэлдмэлээ санал болгодог ийм муухай тогтолцоотой болчихсон байна. Допинг гэдэг зүйл өөрөө хар тамхи шиг хүнийг донтуулдаг. Допинг хэрэглэж бяр суусан залуу гялалзтал барилдана. Бусдынхаа хаа, гуяыг ханз татчих гээд л таахалзаж өгнө. Өнөөх допингийнх нь үйлчилгээ саармагжихаар хий нь гарсан шаар шиг болчихно. Ингээд өнөөхөө хэрэглэхгүй бол байж суухын аргагүй болно шүү дээ. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглээд ирэхээр сөрөг үр дагавар нь гарч эмнэлгийн үүдээр эргэлдэнэ дээ.

-Допингийн шинжилгээнд бөхчүүд тогтмол хамрагддаг шүү дээ. Хавтгайрчихсан гэдэг нь арай өрөөсгөл юм шиг.

-Допингийн шинжилгээ гэдэг үндсэндээ мөнгө угаах хэрэгсэл болсон. Тэнд ажилладаг эмч нар нь бөхчүүдтэй хуйвалдаж, шинжилгээний хариуг нь янз бүр болгодог жишиг тогтоод байгаа. Бөхчүүдээс мөнгө авч шинжилгээний хариу аргалдаг эмч нарыг АТГ-аас шалгаж байгаа шүү дээ. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав ч тодорхой хэлсэн. МҮБХ-ны зүгээс допингийн асуудалд хатуу байр суурьтай байдаг ч допингийн шинжилгээнд гардаж ажилладаг албан тушаалтнуудын янз бүрийн үйлдэл энэ ажлыг үр дүнгүйдүүлдэг нь нууц биш. Сүүлд нь онцлоход, бөхчүүд өөрийн эрүүл мэндээ золиосолж алдар нэрийн төлөө дөт замыг сонгохгүй байхыг уриалж байна. Нэгдүгээрт, бөхийн спортын тамирчдыг бэлтгэж буй багш нар ч эхлээд эрүүл мэнд чухал гэдгийг шавь нарынхаа тархинд нь кодолж өгөх шаардлагатай байна. Хоёрдугаарт, бөхчүүдийн тархийг угааж допинг зарж ашиг хонжоо хайдаг нөхдүүдтэй тэмцэх цаг нь болсон. Хил гаалиар ч допингийн төрлийн бодис оруулж гаргадаг асуудалд хяналт шаардлагатай байгаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, О.Хангай үзүүрлэв DNN.mn

Ардчиллын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Монтед” констракшн, Империал Кастли ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аврагч спорт хороо, Од групп, “ЭМ ЖИ ӨҮ транс” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, Их Богд дэвжээний бөх, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, “Пирамид орд” ХХК, Хур харцага дэвжээний бөх, улсын начин Эрдэнэбатын Даш нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд даян аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

АН даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хуралд зориулсан барилдаан маргааш болно DNN.mn

Ардчилсан намын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус их хуралд зориулсан улс аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдаан маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn


МҮБХ-ноос IV сард хийх үндэсний
бөхийн барилдааныг хуваарийг гаргажээ.

-Дөрөвдүгээр сарын 07-нд 14:00 цагаас Ардчиллын баярт зориулсан
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, /Барилдах бөхчүүдийг маргааш
буюу 04-р сарын 06-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ/

-Дөрөвдүгээр сарын 09-нд МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурал

-Дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат,
улсын начин Ш.Зоригтын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

-Дөрөвдүгээр сарын 15-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн
ээлжит барилдаан, /бөхийн тоо хязгаарлахгүй/

-Дөрөвдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын
харьяат, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн
барилдаан

-Дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан
“Сонгинохайрханы хишиг” Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн
барилдаан,

-Дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат,
улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан

-Дөрөвдүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын
харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын
Сундуйгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ-ны ээлжит их эеийн хурал болно || DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит их эеийн хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-нд болохоор болжээ. МҮБХ-ны дүрэмд зааснаар хуралд 256 төлөөлөгч оролцох юм байна. Улсын аварга, арслан, гарди, заан цолтнууд болон сонгуульт хугацааны тэргүүлэгчид шууд оролцох аж. Тус хуралд улсын аварга 11, улсын арслан 11, гарди 11, улсын заан 28, сонгуульт хугацааны тэргүүлэгч 9 оролцох юм.