Categories
гадаад мэдээ

ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn

ОХУ-ын таван муж бүх нийтийн амралтыг сунгажээ

Орос улс, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний хүрээнд хийгддэг үзлэг шалгалтад цөмийн байгууламжуудаа хамруулахыг түр хугацаагаар зогсоосноо АНУ-д мэдэгджээ. “Америкийн нутаг дэвсгэр дээр мөн ижил үзлэг явуулах Москвагийн эрхийг хангалгүйгээр, Америкийн талд дангаар давуу байдал үүсгэсэн нөхцлөөр энэ үзлэг шалгалтыг сэргээхээр Вашингтон мугуйдлан зүтгэж байгаа нь ОХУ-ыг ийм арга хэмжээ авахаас аргагүй болголоо” гэж Оросын ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Мөн энэ шийдвэрээ, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний нэр бүхий заалтад нийцүүлэн гаргасан гэдгээ Москва мэдэгдэлдээ дурджээ. Вашингтоноос тавьж байгаа шаардлагууд нь цөмийн байгууламжуудад хийгдэх үзлэг шалгалтад эрх тэгш байх зарчмыг хангахгүй байна гэдгийг мэдэгдсэн боловч хариу өгөөгүй болохыг оросын тал мөн тодотгосон байна.

Үүний зэрэгцээ энэ арга хэмжээ нь түр хугацааных гэдгийг оросын Гадаад яам дурдаад, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг гадны түншүүдтэйгээ харилцан зохицсоны дараа нэн даруй цуцлах болно гэдгийг заасан байна.

Харин АНУ Украинтай холбоотойгоор Оросын эсрэг тогтоосон хоригуудын улмаас энэ гэрээний тал дээр хоёр улсын хоорондын нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж мэдэгдэв.

Тухайлбал, АНУ төдийгүй Их Британи, Европын холбооны орнууд зэрэг холбоотнууд нь Оросын нисэх онгоцнуудыг нутаг дээгүүрээ нэвтрүүлэхийг хориглож агаарын орон зайгаа хаасан нь энэ гэрээг ёсчлон биелүүлэхэд саад учруулж байгаа нөхцөл болж байгааг Вашингтон мэдэгдсэн байна.

АНУ, ОХУ хооронд хүйтэн дайнаас хойш мөрдөгдөж байгаа гол ганц гэрээ болох Стратегийн давшилтын зэвсэглэл буюу цөмийн зэвсгийн нөөцийг хорогдуулах, хязгаарлах тухай 3 дахь гэрээний хүчинтэй хугацаа 2026 онд дуусгавар болно. Үүнтэй холбогдуулж Москва, Вашингтон хоёр шинэ гэрээний шалгуур нөхцөлүүдээр зөвшилцөж эхлээд байсан боловч Украины дайны улмаас энэ үйл явц тасарсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяны даваа гарагт дээрх гэрээг орлох шинэ системийн талаар “даруй ярилцаж тохироход өөрийнх нь засаг захиргаа бэлэн байгааг” мэдэгдсэн. Гэхдээ Оросын талаас мөн адил санаа зорилго илэрхийлэх шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлээд байгаа юм.

Үүний зэрэгцээ Орос, Америк хоёрыг энэ гэрээний хүрээний дагуух үзлэг шалгалттай холбоотой бүх асуудлаа шийдвэрлэж, шинжээчдийг нэвтрүүлэхийг НҮБ уриаллаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак Москвагийн дээрх шийдвэрт холбогдуулан ийм уриалга дэвшүүлснийг Риа “Новости” мэдээлсэн байна.

“Орос, Америкийн Цөмийн зэвсэглэлд хяналт тавих тухайд хоёр тал хооронд үйлчилж байгаа цор ганц хэлэлцээр гэдгээрээ энэ гэрээ олон улсын энх тайван, аюулгүй байдал болон цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх дэглэмийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Тиймээс хоёр тал зөрчилдөөнтэй бүх асуудлаа шийдвэрлэж, энэ чухал гэрээний хяналт шалгалтыг хэрэгжүүлэх боломжийг шинжээчдэд олгох ёстой” гэж НҮБ-ын албан ёсны төлөөлөгч мэдэгдэлдээ цохон дурджээ.

Categories
гадаад мэдээ

​Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин БНХАУ-д айлчлав DNN.mn

БНАСАУ-тай холбоотой асуудалд эн тэргүүний ач холбогдол өгөхөөр тохиролцжээ

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин даваа гаригт БНХАУ-ыг зорьсон. Тэрээр Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл Засгийн эрхэнд гарснаас хойш БНХАУ-д айлчилж буй хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Сөүлийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Пак зүүн хэсгийн Чиндао боомт хотод гурав хоног байх бөгөөд энэ үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийнэ гэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Юны Засгийн газар АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй хурцадмал байдлыг үл харгалзан Бээжинтэй харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байна гэж дүгнэжээ.

Тухайлбал, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваний айлчлалаа өндөрлөөд БНСУ-д айлчилсан. Тухайн үед Ерөнхийлөгч Юн Сук Ёл ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар биечлэн уулзаагүй бөгөөд хоёр тал утсаар ярилцсан юм.

Түүний үйлдлийг хууль тогтоогч болон эрх баригч намынхан нь хурцаар шүүмжилсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ DNN.mn

Антонио Гутерреш | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны 04 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.

А.Гутерреш нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ба хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгон ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан.

Categories
гадаад мэдээ

Франц ундны усны хомсдолд оров DNN.mn

Ундны усны хомсдолд орж буй их хотууд – updown.mn

Франц улсад түүхэнд тохиолдож байгаагүй ган гачиг нүүрлээд буй тул засгийн газар хямралтай тэмцэх багийг байгуулжээ. Тус улсын 93 бүс нутагт ундны усны хэрэглээг хязгаарлаад байна. Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр энэ нь Францын түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүнд ган гачиг аж.

Хуурай нөхцөл байдал дор хаяж 14 хоног үргэлжлэх төлөвтэй байна. Эх газрын Францыг тэр аяар нь хамарсан гэхэд болох эл ган гачиг нь тариалангийн ургацыг бууруулж, Украины дайны улмаас үүсээд байсан хүнсний хямралыг улам хурцатгаж болзошгүй. Орос, Украины үр тарианы экспорт хэвийн хэмжээнээс хамаагүй доогуур байгаа тул Европ тив хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй тэмцэж буй.

Хэт халалт зургадугаар сараас хойш үргэлжилж буй тул мод, бутнууд навчаа гөвж, эрт намар айлчилжээ. Долдугаар сард л гэхэд ердөө 9.7 мм бороо орсон нь 1961 оны гуравдугаар сараас хойших хамгийн хуурай сар болсныг Францын үндэсний цаг уурын алба мэдээлэв. Тус улсын баруун хойд болон зүүн өмнөд хэсгийн ихэнх хэсэгт ус хэмнэх үүднээс усалгаа хийхийг хориглосон байна.

Малын тэжээлд голчлон ашигладаг эрдэнэ шишийн ургац энэ жил 2021 оноос 18.5 хувиар бага байх төлөвтэй байна. Эрдэнэ шиш тариалдаг гол бүс нутаг нь зүүн боллон баруун бүс нутгийн Альзас нутаг юм. Энд ургац хураалт хэдийнэ эхэлжээ. Францаар зогсохгүй Унгар, Румын, Болгар зэрэг улсад эрдэнэ шишийн экспорт хэт халалтаас шалтгаалаад мөн л буурах төлөвтэй байна. Экспортын хэмжээ буурснаар үнэ өсөх юм.

Categories
гадаад мэдээ

Тайбэйн нисэх онгоцны буудал 40 орчим нислэгээ цуцалжээ DNN.mn

Дэлхийн хамгийн том нисэх онгоц туршилтын нислэг үйлдэв | News.MN

Хятадын Ардын чөлөөлөх армийн томоохон хэмжээний цэргийн сургуулилалт Тайванийн эргэн тойронд эхэлсэнтэй холбогдуулан Тайбэй хотын Таоюань нисэх онгоцны буудал пүрэв гарагт 40 орчим нислэгээ цуцалжээ.

Энэ тухай лхагва гарагт Тайванийн “Жунши Синьвэньван” сонин агаарын тээврийн салбарын эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилалтууд Тайванийг дайран өнгөрдөг олон улсын маршрутыг хааж, арлын агаарын хөдөлгөөнд ихээхэн нөлөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор нислэгийн хуваарьт зохицуулалт хийжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Сенатын танхим Финланд, Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжлээ DNN.mn

File:Swedish and Finnish flag flying in front of Ikea Raisio, Finland.jpg -  Wikimedia Commons

АНУ-ын Сенатын танхим Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-ийг өргөжүүлэх протоколыг соёрхон батлах тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр Швед, Финланд улсууд цэргийн эвсэлд нэгдэхэд нэг алхам ойртож буй.

Ерөнхийлөгч Жо Байден дээрх тогтоолыг Сенат баталсныг сайшааж, Швед, Финландыг NATO-д элсүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурж, ойрын хугацаанд эвсэл рүү илгээхээ мэдэгдлээ.

Швед, Финланд улсууд 2022 оны 5 дугаар сарын 18-нд эвсэлд нэгдэх хүсэлт гаргасан ч Туркийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хожим 6 дугаар сарын сүүлээр Мадридад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистэ, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон, Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хэлэлцээ хийж, хоёр улсыг NATO-д элсүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ шинэ гишүүн элсүүлэх асуудлыг эвслийн бүх гишүүн орнууд соёрхон батлах ёстой.

Categories
гадаад мэдээ

АНУ: Тайванийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг санал болголоо DNN.mn

Спикер Палаты представителей США Нэнси Пелоси начала турне по Азии. О  Тайване в программе ничего не сказано - BBC News Русская служба

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси аюулгүй байдал, эдийн засаг болон харилцан сонирхсон бусад салбарын асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Тайваньтай парламент хоорондын харилцааг өргөжүүлэх санал тавьжээ.

“Бид парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлцээг өргөжүүлэхийг хүсэж байна” гэж тэрбээр лхагва гарагт Тайванийн хууль тогтоох байгууллагын дэд дарга Цай Цичантай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Хариуд нь Цай Цичан Н.Пелосиг “Тайванийн ард түмний агуу найз” гэж нэрлээд, аралд хийсэн айлчлалыг нь өндрөөр үнэлэв. Товч угтах хэсгийн дараа улс төрчид хэвлэлийнхний хувьд хаалттай горимд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайванийн парламентад хүрэлцэн ирсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. Тэрбээр арлын улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзах төлөвтэй байна. Түүнийг ирэхэд нь зориулан парламентын ордны гол хаалганы орох хэсэгт улаан хивс дэвсжээ.

Н.Пелоси Тайбэйд наймдугаар сарын 2-ны орой хүрэлцэн очсон юм. ОХУ түүний айлчлалыг АНУ-ын зүгээс Хятад улсыг өдөөн хатгасан үйлдэл гэж үзсэн байна. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалтай холбоотойгоор АНУ томоохон хариу арга хэмжээтэй тулгарна гэж Хятадын ГХЯ мэдэгдээд байна.

Categories
гадаад мэдээ

Нэнси Пелоси өнөөдөр Тайванийн Ерөнхийлөгчтэй уулзана DNN.mn

Хятад улс Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийхээ зарлалаа

БНХАУ-ын эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчлал хийхээр өнгөрсөн шөнө буулаа. Түүнийг Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву, АНУ-ын Тайвань дахь төлөөлөгч Сандра Оудкирк нар угтан авсан юм. Лхагва гарагийн өглөө тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзах төлөвтэй байна. Тайваньд буусан даруйдаа хатагтай Пелоси “Дэлхий даяар дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгох цаг мөч тулгараад байгаа өнөө үед Тайванийн 23 сая хүнтэй АНУ эв санааны нэгдэлтэй байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна” хэмээн твиттер хуудсаараа мэдэгджээ.

Түүнийг ирэхтэй зэрэгцэн Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээ зарлаж, Тайванийн зүүн эрэгт пуужингийн туршилт хийн, гол арлыг тойрсон усан хилд цэргийн сургуулилалт явуулахаа зарлалаа.

Нэнси Пелосигийн Тайваньд хийж буй айлчлалыг дэмжиж АНУ-ын Сенатын 25 гишүүн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “АНУ-ын Конгрессын гишүүдийн Тайваньд хийж буй энэ айлчлал нь АНУ-ын Конгрессоос 1979 онд батлан гаргасан Тайваньтай Харилцах харилцааны тухай хууль, АНУ болон БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл, АНУ-ын зүгээс Тайваний асуудлаар баримталж ирсэн бодлого, зарчимтай зөрчилдөөгүй. АНУ-ын зүгээс өнөөгийн тогтсон Тайваний статусийг өөрчлөхийн эсрэг байр суурьтай байна” гэжээ.

Хятадтай найрсаг харилцаа тогтоохыг эрхэмлэдэг Тайванийн сөрөг хүчний Гоминдан нам ч уг айлчлалыг сайшаан хүлээн авчээ.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яам хатагтай Пелосиг Тайваньд буусан даруйд дахин эсэргүүцсэн мэдэгдэл гаргалаа. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин “Хятад улс Тайваний тусгаар тогтнол руу чиглэсэн салан тусгаарлагчдын үйл ажиллагаа, гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна. АНУ Тайванийг улс төрийн хөзөр болгон тоглох оролдлогоо орхих ёстой” хэмээн мэдэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар айлчлалын хугацаанд Хятадаас шууд дайсагнасан цэргийн ажиллагаа явуулах магадлал бага. Гэвч хариу арга хэмжээ нь сүүлийн жилүүдэд ажиглагдсан бусад үйлдлүүдээс давах магадлалтай байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ: Түнш орнуудын хамт хамтарсан сургуулилалт хийнэ DNN.mn

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам Япон, АНУ болон бусад улстай хамтран Умард Солонгосын баллистик пуужинг илрүүлж, мөшгөн тандах хамтарсан сургуулилалтыг Хавайн эрэгт 8 дугаар сарын 14 хүртэл хийхээ мэдэгдлээ.

Сургуулилалтад Австрали, Канад улсууд мөн оролцоно гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Умард Солонгосыг баллистик пуужин хөөргөх нөхцөлд авах арга хэмжээг сургуулилах хамтарсан сургуулилалтыг сэргээхээр Япон, АНУ, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нар өнгөрөгч 6 дугаар сард тохиролцсон. Ийм сургуулилалт 2017 оны 12 дугаар сараас хойш болоогүй байсан юм.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам, Умардын пуужин хөгжүүлэлтийн талаарх тайланг даваа гарагт парламентдаа танилцуулжээ. Тайланд өгүүлснээр, Умард Солонгос шингэн түлшээр ажилладаг “Хвасон-17” нэртэй тив алгасагч шинэ төрлийн баллистик пуужингаа ахин хөөргөхөөр пуужингаа хатуу түлшээр сайжруулж байж болзошгүй байна.

Умард Солонгос ийнхүү цөмийн болон пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаагаас Өмнөдийн засгийн газар Япон болон АНУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлж байгаа бололтой гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарангуйллын гурван голомт DNN.mn

Өнөөдөр дэлхий нийт БНХАУ, Иран, ОХУ-ыг дарангуйллын “гурван голомт”
хэмээн нэрлэж, эдний эсрэг эрчимтэй арга хэмжээ авч байна. Хөгжингүй улсууд
энэ гурвыг ардчилалд аюул учруулж, дэлхийн дарангуйллыг өөгшүүлэн
санхүүжүүлж байна гэж үзэж байна гэсэн үг. Харамсалтай нь энэ гурвын хоёр нь
манай хөрш улс. Жижгийн жижиг манай дэлхийд байтугай энэ ертөнцөд мөнх юм
гэж үгүй болохоор бидний “мөнхийн хөрш” гээд байгаа нь худал бурж буй хэрэг
гэдэг нь аргагүй үнэн зүйл.
Хойд хөршийн хувьд өнөөдрийн байдлаар Украины дайнд оруулсан арван
армийнхаа тал хувийг бүрэн устгуулаад байна. Үлдсэн нь байлдааны чадваргүй
болоход тун ч ойрхон болчихоод байна. Энэ нь ОХУ чадварлаг цэрэг, офицерийн
хомсдолд орж ялангуяа байлдааны өндөр чадвартай нисгэгчидгүй болсон гэсэн үг.
Харамсалтай нь энэ бүхнийг дахин бий болгоход урт хугацаа шаардлагатай.
Харин ийм хугацаа хойд хөршид байхгүй. Олон улсын шинжээчид ОХУ-ын
Украины байлдааны хохирлыг дайны түүхэнд гарч байгаагүй том хохирол гэж
нэгэн дуугаар зөвшөөрч байна. ОХУ-ын төр, засаг ч гадны улсуудад хэн гэдгээ
бүрэн харуулсан учир бослого гаргуулахгүй гэж зөвхөн өөрсдийн иргэдэд
зориулсан хуурамч ухуулга явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна.
Өөрсдийн чанарт бус тоонд найдсан ОХУ-ын арми ялалтын парад хийх
ёслолын хувцастай очсон ч Украины нийслэлийг эзлэж чадалгүй стратегийн
ялагдал хүлээсэн бол одоо тактикийн ялагдал хүлээхэд бэлэн болчихоод байна.
Энэ бүхнийг олон улсад “сүүлчийн цэргийг нь дуустал байлдах дайн” буюу
“туйлдуулан сүйрүүлэх байлдаан” гэдэг.
Ерөөс армийг нь туйлдуулан байлдах
чадваргүй болгон ялагдал хүлээлгэж, удирдлагынх нь нэр хүндийг унаган дотроос
нь бослого гарах гол нөхцөл бүрдүүлдэг нь өөрөө түүхийн хууль болсон зүйл. Энэ
нь хойд хөрш ЗХУ-ын түүхийг давтана гэсэн үг. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас
дайжин гарсан улс төрчид Чехийн нийслэл Прага хотод чуулж дарангуйлагч Орос
улсыг хэрхэн иргэдээ гэсэн, ардчилсан, европын улс болгох арга замыг хэлэлцэн
хамгийн гол нь ОХУ-ыг хэл, соёлоор нь бие даасан 45 улс болгоно гэсэн
тохиролцоонд хүрснээ дэлхий нийтэд зарлав.

Тийрэлтэт сумаар бууддаг наймхан ширхэг АНУ-ын “HIMARS” орос-украины
байлдааны 2000 км фронтын хүчний харьцааг хэрхэн өөрчилж чадаж байгааг
дэлхий нийт харав. Өнөөдөр хувцас, хэрэглэл, эм, хүнс, цэрэг, зэвсгийн хувьд
Украины арми НАТО-гийн стандартанд бүрэн шилжиж байна.

Эцсийн үр дүнд нь
ОХУ мэдээж бут үсэрч бусад улсуудад “гай болох”-оо нэг мөсөн болино гэсэн үг.
Ирэх оны нэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн өмнө Украины
арми Оросын армийг Донбассаас хөөж гаргана. Белоруссийн өөрөө өөрийгөө
сонгосон ерөнхийлөгч орос руу зугатан гарч, Молдав улс оросын нөлөөллөөс
ангижран бүрэн ардчилалд шилжинэ. Жо Байдан “Манай АНУ-ын иргэд Украинд
тусалсны ачаар дэлхийн №1 дарангуйлагчийн армийг яллаа” гэж сонгуульд
оролцох төдийгүй АНУ-ын цэрэг зэвсгийн үйлдвэрлэлийг цоо шинэ шатанд гаргаж
ажилгүйдэл, инфляцыг арилгах шинэ хөтөлбөрөө танилцуулан сөрөг Бүгд
Найрамдах намын улс төрчдийг санхүүжүүлэгч баруунтнуудын дэмжлэгийг
авснаар энэ сонгуульд ялна. Харин Крымын хойг оросуудын мэдэлд үлдэж
англи-саксончууд болон Герман, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улсуудын арми
шинэ технологийн зэвсэгтэй болтол үе үе уугин пижигнэж оросын армийг
сулруулан сульдуулсаар байх биз ээ.
ОХУ-ыг өнөөдөр бүрэн бүслээд буй НАТО нь үнэндээ цэргийн эвсэл
гэхээсээ улс төрийн эвсэл. Өнөөдөр ч энэ л янзаараа байна. Иймээс ирэх сарын
5-нд Англи улсын ерөнхий сайдаар Лиз Трасс тодорсны дараа тусгаар тогтнол
болон эдийн засагт нь ОХУ шууд аюул учруулж буй АНУ, Англи, Польш, Украин,
Латви, Литва, Эстони, Финлянд, Швед бас Япон гэх мэт улсууд нэгдэн оросын
эсрэг жинхэнэ цэргийн эвсэл байгуулах байх. Лиз Трассын өрсөлдөгч энэтхэг
гаралтай Риши Сунакын хадам эцэг Нагавара Рамарао Нараяна Мурти нь
Энэтхэгийн “IT” компанийн тэрбумтан төдийгүй В.Путины сайн найз гэсэн яриа
газар авч байгаа учраас энэ хүн Консерватив намын дарга болж чадахгүй. Учир нь
Консерватив нам гэдэг чинь консервативчууд л гэсэн үг.
Урд хөршийн хувьд тэдний сонингууд наймдугаар сарын эхний өдөр Хятад
улсын армийн ойн өдөр тохиож байхад улсыг нь доромжилж байгаа Нэнси
Пелосигийн онгоцыг харваж унагахыг Ардын армидаа уриалсан. Харин энэхүү
хатуу сануулгыг огт тоолгүй АНУ-ын Конгрессийн танхимын тэргүүн Нэнси Пелоси
Азид хийх айлчлалаа Өмнөд Солонгосоос эхлүүлж Тайваны аралд албан ёсоор
айлчлахаар мордов. Хятадын төр, засаг Украинаас худалдан авсан, хуучирсан
онгоц тээвэрлэгч “Киев”-ыг сайжруулан засаж “Ляо Линь” нэр өгсөн нисэх онгоц
тээвэрлэгчийг дагалдагч байлдааны онгоцнуудын хамт Тайваны арал руу явуулж,
уг аралд хамгийн ойр орших Футь Зяаны эрэгт цэргийн хүчээ нэмэгдүүлэв. Харин
АНУ нисэх онгоц тээвэрлэгч “Теодор Рузвельт” тэргүүтэй цохилтын хүчийг энэ
бүхний эсрэг илгээв.
АНУ-ын армийн хүч тэнгисийн цэрэгтээ байдаг.
Ядаж цөмийн шумбагч
онгоцуудад нь ойртон оччихоор зүйл хятадуудад байтугай оросуудад байхгүй.
Хоёр хөршийн шумбагчууд тоогоор ч, зэвсгийн хүчээр ч АНУ-аас хол хоцорчихсон.
Ядаж байхад АНУ-ын цөмийн шумбагч онгоцууд шиг хол бас гүнд шумбах
чадваргүй. Иймээс хятадууд Тайванд довтолбол зүгээр л арчуулна гэсэн үг. Ядаж
л дайн эхлэвэл газар, агаар, далайд хятадын радарыг шууд мэдэрч автоматаар
очиж устгадаг хиймэл оюун ухаан бүхий америкийн пуужингууд богино хугацаанд
хятадын армийг “сохолно”. “Сохор” армитай байлдана гэж юу байх билээ. Мэдээж

Хятадын эсрэг саяхан байгуулагдсан цэвэр англо-саксончуудын АНУ, Англи,
Австрали, Шинэ Зеландын цэргийн эвсэл энэ дайнд орно. Бас Япон, Энэтхэг,
Өмнөд Солонгос ч зүгээр суухгүйгээс гадна Хятадаас газар нутгаа буцаан авах
гэсэн Азийн бүх улсууд татагдан орно. Мөн хятадуудад өгөх ёстой эргэн төлөх
боломжгүй болсон өрөө хүчингүй болгох гэж энэ улсад өртэй бүх улсууд Хятадыг
Төвд, Шинжаан-Уйгур, Өвөр Монгол, хэлээ ойлголцдоггүй бас хөгжлөөрөө эрс
ялгаатай урд, хойд гэсэн тусдаа бие даасан улсууд болгон салгахын тулд урд
хөршийн эсрэг хүчнийг бүх талаар дэмжин туслах болно. Энэ бүхний эцэст урд
хөрш яг л хойд хөрш шиг ганцаардан эцэст нь бут үсэрч бусад улсуудад “гай
болох”-оо нэг мөсөн болино.

Хэрэг явдал ийм байгаа ч хятадууд Тайванд довтлохыг огт үгүйсгэж
болохгүй. Учир нь оросууд Укрианд довтолбол ОХУ, ЗХУ-ын түүхийг давтаж бут
үсрэн засаг, төрийнхөн төдийгүй дайнд турхирсан болгон олон улсын шүүхийн
өмнө яллуулах болно гэдгийг эрүүл ухаантай болгон бичиж анхааруулж байсан.
Гэтэл юу болов?! Энэ нь аль ч улсын төрд гарсан дарангуйлагч-авилгачдаас
ухаантангууд нь зайлан холдож, тэднийг зөвхөн “бөгс долоогчид” л тойрон
хүрээлдгээс ийм алдаа гарч мөхлийн замдаа шуудардаг гэсэн үг. Гэхдээ хятадууд
бол Иран, Орос хоёрын аль нь ч биш. Ядаж л авлигатай үнэхээр хатуу тэмцдэг.
Энэ бол том шалтгаан.
Ираны хувьд энэ улсын эсрэг “I2U2” буюу Израиль, Энэтхэг, Арабын
нэгдсэн Эмират, АНУ гэсэн цэргийн шинэ эвсэл байгуулагдаад удаагүй байхад
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израиль улсад айлчлан лазерийн шинэ
зэвсгийнх нь туршилтыг өөрийн биеэр үзэж танилцав. Энэхүү лазерийн зэвсэг нь
онгоц, нисдэг тэрэг, пуужин, дроныг гурваас доошгүй лазерын туяагаар зэрэг
устгадгаар онцлог аж. Израиль улс энэ шинэ зэвсгээ дэлхийд өөр ямар ч армид
байхгүй, агаарын довтолгооноос хамгаалах өөрийн “Төмөр бүрхүүл”-дээ нэмж
оруулж байгаа юм байна. Ингэснээр Израилийн “Төмөр бүрхүүл” ямар ч нисдэг
биетүүдээс 100% бүрэн хамгаалах чадвартай болж байна гэсэн үг аж.
Үүний
дараа ерөнхийлөгч Жо Байден Саудын Араб улсад айлчилж энэ улсын Жидда
хотод Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл(GCC)-ийн улсуудыг
оролцуулсан цахим хурал хийн АНУ, Израиль болон Саудын Араб, Кувейт,
Катар, Оман, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Египет, Иордан, Ирак улсууд
хамтран Ираны эсрэг цэргийн шинэ эвсэл байгуулснаа зарлав. Израиль эдгээр
эвслийн улсуудыг өөрийн “Төмөр бүрхүүл”-ээр бүрэн хамгаалах болсноо олон
нийтэд зарласан төдийгүй ОХУ-д нийлүүлж магадгүй байсан Ираны дроны
үйлдвэрийг өөрийн дронуудаар навс бөмбөгдөж энэхүү шинэ эвслийн хүчийг
дэлхийд нотлон харуулав. Иран таг дуугүй өнгөрөв. Энэ нь Израиль улс лазерийн
шинэ зэвсгээр сэлбэсэн агаарын довтолгооноос хамгаалах өөрийн “Төмөр
бүрхүүл”-д бүрэн найдаж байна гэсэн үг төдийгүй ерөөс “Дарангуйллын гурван
голомт”-оос Иран улсын төр, засгийнхан эхлэн сүйрэх магадлал өндөр байна гэж
болно. Учир нь Иран улс нефтийн 160,12 тэрбум баррель, байгалийн хийн 33,33
их наяд кубометр нөөцтэй. Хэрэв Ираны одоогийн төр засаг унавал Ираны
төдийгүй Сирийн 2.5 тэрбум баррель нефть болон байгалийн хийн 300 тэрбум
кубометр нөөц барууны улсуудад нийлүүлэгдэнэ гэсэн үг. Бас хятадуудын мэдэлд
орчихсон байгаа Афганистаны нефть суларч ирнэ. Афганистаны Балхом болон
Жаужан гэсэн хоёрхон муж л гэхэд 1,8 тэрбум баррель нефтийн нөөцтэй. Дээрээс

нь эдгээр улсын байгалийн ховор элементүүдийн нөөцийг нэмчихвэл асуудал илүү
ойлгомжтой бас тодорхой харагдана.

Г.АМАРСАНАА