АНУ-ын төрийн болон цэргийн өндөр албан тушаал хашиж байсан 20 хүн гарын үсгээ зурж Цагаан ордонд илгээсэн нээлттэй захидалд “Орос Украины дайн бол зөвхөн энэ хоёр улсын хооронд болж буй дайн бус АНУ-ын эрх ашгийг хөндөн, дарангуйлал ялах уу,ардчилсан тогтолцоо ялах уу гэдгийг шийдэж байгаа дайн! Иймээс Цагаан ордон өөрсдийн гаргаж буй хулчганасан, шалчиганасан шийдвэрээ Украиныг шууд дэмжсэн эрс шийдэмгий шийдвэрүүдээр цаг алдалгүй,яаралтай солихгүй аваас украинчуудын гарт орж ирсэн ялалт Путинд шилжих магадлалтай болоод байна” гэж анхааруулав.
Орос, Францын ерөнхийлөгч Владимир Путинболон Эммануэль Макрон нар утсаар ярьж Запорожийн АЦС-ын асуудлыг хэлэлцэж уг АЦС-д Олон улсын МАГАТЭ-н төлөөлөгчдийг Украины газар нутгаар дамжуулан оруулахад Оросын тал бэлэн байгааг мэдэгдэв.
Ерөнхийлөгч асан Д.Трампын харшаас хураасан 20 хайрцаг материал дотор нэрийг нь ч хэлж болохгүй олон нууц материал байгаа бөгөөд хэлж болох зах зухаас нь дурдахад В.Путин, В.Зеленскийтэй хийсэн Д.Трампын ярианы бүрэн эх, АНУ–ын цахим тагнуулын сүлжээний бүрэн эх материал байсан нь Хууль зүйн яам нууцын материалын хууль зөрчсөн, эх орныхоо эрх ашигт аюул учруулсан хэргээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэх өндөр магадлалтай болоод буйг тус улсын нэр хүнд бүхий мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.
Украины сайн дурынхан өөрийн цэргийнхэнд зориулан Байрактар дрон худалдан авахаар 17 сая ам.доллар цуглуулаад байтал Туркийн үйлдвэр уг дроныг украинчуудад үнэгүй бэлэглэсэн тул уг мөнгөөр ямар ч цаг агаарын нөхцөлд газар дор болон байшинд буй зүйлсийг нэвт хардаг Америкийн хиймэл дагуулыг нэг жилийн хугацаатай түрээслэн өөрийн армид бэлэглэв.
АНУ–аас Украинд ээлжит 775 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэж нийт тусламжий н хэмжээ 10.6 тэрбум ам.доллар болов.
Украинд байлдаж буй оросын 200 орчим цэрэг хоолны хордлого болж Крымын хойгийн эмнэлэгт хүргэгдэв.
Хайрч буй хоол наалддаггүй хайруулын таваг, ус нэвтрүүлдэггүй даавуу, гал унтраагч хөөс зэрэг олон бүтээгдэхүүнд ашиглагдаж байгаа “PFAS” хэмээх химийн бодис агаар, хөрс, усыг бохирдуулж, бага хэмжээгээр хүний биед ороход элэг гэмтээх, холестеролын хэмжээг нэмэгдүүлэх, дархлааны системийг сулруулах, хэд хэдэн хорт хавдар үүсгэх зэрэг олон эрсдэл үүсгэн хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учир Америк, Хятадын эрдэмтдийн хамтарсан баг цельсийн 80–120 хэмийн температурт халааж, энгийн уусгагч ашиглан урвалд оруулах замаар уг бодисыг амархан задалдаг аргыг нээсэн байна.
Г.АМАРСАНАА