Categories
гадаад мэдээ

“Apple” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа DNN.mn

Hardveresen nem hoznak újítást az iPhone 14 modellek - GSMring

“Apple” компани “iPhone 14”, “iPhone 14 Plus”, “iPhone 14 Pro”, “iPhone Pro Max” шинэ ухаалаг гар утаснуудаа лхагва гарагт танилцууллаа.

“iPhone 14 Pro”, “iPhone 14 Pro Max” гар утаснууд нь 48 мегапикселийн камер, “Always-On” буюу дэлгэцэн дээр чухал мэдээллийг байнга харуулах горим, яаралтай тусламж шаардлагатай үед хиймэл дагуулын дохио ашиглан зурвас илгээх горимтойгоос гадна мэдэгдэл ирэх хэсгийг шинэчлэн сайжруулж “Dynamic Island” гэж нэрлэжээ.

Эдгээр гар утас нь 6.1, 6.7 инчийн хэмжээтэйгээр худалдаанд гарах бөгөөд “iPhone” загварын гар утаснуудаас анх удаа “Always-On” буюу дэлгэцэн дээр чухал мэдээллийг байнга харуулах горим бүхий шинэ “Super Retina XDR” дэлгэцтэй байна. Мөн яаралтай тусламж шаардлагатай үед хиймэл дагуулын дохион ашиглан зурвас илгээх, тээврийн хэрэгслийн ослыг таньж илрүүлэх горим зэргээр хэрэглэгчид яаралтай тусламж үзүүлэх аюулгүй байдлын шинэ боломжуудыг танилцуулжээ.

“Аюулгүй байдлыг хангахад туслах цоо шинэ боломжууд нь хэрэглэгчдэд илүү аюулгүй байдлыг бий болгож, хэрэгцээтэй үед нь тусламж үзүүлнэ. Гайхалтай хүчирхэг, үр ашигтай “A16 Bionic” чиптэй, бүтэн өдрийн турш цэнэгээ барих чадалтай эдгээр гар утас бол өнөөг хүртэлх хамгийн шилдэг “iPhone” юм” гэж “Apple”-ын олон улсын маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Грег Жосвяк хэлжээ.

“iPhone 14 Pro”, “iPhone 14 Pro Max” нь гүн нил ягаан, мөнгөлөг, алтан шаргал, хар өнгөтэйгээр худалдаанд гарах бөгөөд санах ойн хувьд 128GB, 256GB, 512GB, 1TB гэсэн сонголттой байна. “iPhone 14”, “14 Plus”-ын үнэ 799, 899 ам.доллороос, “iPhone 14 Pro”, “Pro Max”-ын үнэ 999, 1099 ам.доллороос эхэлнэ. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 9-нөөс эхэлж, 16-ны өдрөөс худалдаанд гарах ажээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хүн амын 99 хувь нь бохир агаараар амьсгалж байна DNN.mn

Дэлхийн хүн амын 99 хувь нь бохир агаараар амьсгалж байна

Өнөөдөр “Бидний амьсгалж буй агаар нэг юм” уриан дор “Цэнхэр тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдөр тохиож байна.

Энэ жил “Цэнхэр тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдрийг (WorldCleanAirDay), хил дамнан зах хязгааргүй тархах агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, хамтын хариуцлагатайгаар хамтарсан арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг онцолж TheAirWeShare/Бидний амьсгалж буй агаар нэг уриан дор нэгдэж байна.

ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Энэ нь манай гаригийн орчны эрүүл мэндийн хамгийн том аюул тулгарч байгааг илэрхийлж байгаа юм.

ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Жил бүр 7 сая орчим хүн цаг бусаар эндэж байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногддог.

Бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаар бохирдуулагч нь 3-4 хоногийн дотор тив дамнан туулан өнгөрөх боломжтой. Иймээс бид үүнийг бүс нутаг, хил дамнасан асуудал хэмээн хамтдаа оролцож, шийдвэрлэх хэрэгтэйг илтгэж байна.

Өнөөдөр таны машинаас ялгарч буй бохирдуулагч таны хүүхдүүд, хөршийнхөн, олон мянган бээрийн цаана амьдарч байгаа хамаатан саданд багтраа өвчин үүсгэх боломжтой. Иймд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, агаарын бохирдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлд UN Mongolia – Нэгдсэн Үндэстний Байгууллага, UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллаж байна.

Агаарын бохирдол нь бүх нийтэд хамаатай бөгөөд түүний нөлөөллөөс хэн ч ангид байх боломжгүй. Амьсгалж буй агаараа цэвэр байлгахын төлөө (#TheAirWeShare) БИД өнөөдрөөс хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Уг өдрийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болох “Тогтвортой хөгжил – 2022” нээлттэй өдөрлөгт урьж байна.

Categories
гадаад мэдээ

Л.Трасс Их Британийн эрх баригч намын даргаар сонгогдлоо DNN.mn

Лиз Трасс ерөнхий сайдад нэр дэвшинэ ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс эрх баригч Консерватив намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Борис Жонсоны халааг авч, Ерөнхий сайдын албыг хашихаар болж байна.

Б.Жонсон хэд хэдэн дуулиан шуугианд холбогдсоныхоо дараа долоодугаар сард огцорно гэдгээ мэдэгдэж, улмаар эрх баригч намын шинэ даргын өрсөлдөөн эхэлсэн юм. Орон даяарх намын гишүүд шуудан болон цахим хэлбэрээр саналаа өгчээ.

Ийнхүү Л.Трасс намын дотоод сонгуулийн сүүлийн шатанд 81 326 санал авснаар тэргүүлсэн бол Сангийн сайд асан Риши Сунак 60 399 саналаар удаалсан байна.

Өдгөө 47 настай Л.Трасс 2010 онд анх парламентад сонгогдож, түүнээс хойш байгаль орчин, хууль зүй тэргүүтэй сайдын албан тушаалыг хашжээ. Мөн Б.Жонсоны Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчийн хувиар 2020 онд Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан байна.

Өнгөрсөн оны есдүгээр сараас Гадаад хэргийн сайдын албыг хашиж эхэлсэн тэрбээр Оросын эсрэг тууштай зогсож, Украиныг дэмжиж, довтолгоо эхлэхээс өмнө Москвад хориг арга хэмжээ авчээ.

Л.Трасс инфляц түүхэн дээд түвшинд хүрээд байгаагаас гадна Орос, Украины дайн өрнөж буй энэ үед улс орноо удирдан залахад томоохон сорилтуудтай тулгарах төлөвтэй байна.

Тодруулбал, Их Британид инфляцын түвшин 10 хувиас даваад байгаа бөгөөд иргэд эрчим хүч, хүнсний үнийн өсөлттэй нүүр тулгарч, янз бүрийн салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлаж байна.

Л.Трасс Их Британийн Ерөнхий сайдын албыг мягмар гаргаас хашиж эхэлнэ. Тэрбээр Маргарет Тэтчер, Тереза Мэй нарын дараагаар энэ албан тушаалыг хашсан гурав дахь эмэгтэй болох юм.

Categories
гадаад мэдээ

1930 оноос хойш Швейцарийн мөсөн голууд талдаа ортол хайлжээ DNN.mn

1931-2016 оны хооронд Швейцарын мөсөн голууд 50 гаруй хувиар хайлж үгүй болсон гэсэн судалгааны шинэ дүн гарчээ. Дэлхийн дулаарал улам бүр санаа зовоох хэмжээнд хүрч байгаа сүүлийн жилүүдэд мөсөн голуудын хайлах эрчим бүр ч нэмэгдсэнийг тус судалгаа харуулсан байна. Швейцарын Цюрихт байдаг Холбооны Политехникийн “И-Ти-Эйч” их сургууль, Швейцарын Ой, цас, ландшафтын судалгааны хүрээлэнгийн судлаачид шинжлэх ухааны шинэ аргачлал ашиглаж энэ судалгааг хийсэн аж.

Тодруулбал, судлаачид энэ судалгааныхаа явцад мөсөн голуудын өндөр, овор хэмжээний түүхэн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулсан зураглал гаргах замаар 20-р зууны туршид хэдий хэмжээгээр хорогдсоныг нь тооцоолж гаргажээ. Фотограмметр хэмээх энэ аргын тусламжтайгаар компьютер загварчлал боловсруулснаар мөсөн голуудын цаашдын өөрчлөлтийг мөн илүү нарийвчлалтай тооцоолох боломжтой гэж судалгааны багийнхан үзсэн байна.

Ингэхдээ тэд 1916-1947 оны хооронд мөсөн голуудын дүрсийг буулгасан 21700 шахам гэрэл зургуудад дүн шинжилгээ хийжээ. Урьд өмнө хийгдэж байгаагүй энэ төрлийн шинэлэг гэж болох судалгааны дүнд, мөсөн голуудын эзлэхүүн өмнө тооцоолж байснаас даруй 20 гаруй хувиар илүү хорогдсон үзүүлэлт гарсныг И-Ти-Эйч Цюрих их сургуулийн профессор Дэниэль Фаринотти “Киодо ньюз”-д ярьсан байна.

Швейцарын мөсөн голын сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, тус улсын нутагт байдаг 1400 мөсөн гол 1000 шахам хавтгай дөрвөлжин км буюу Европын Альпийн нурууг бүрхдэг нийт мөстлөгийн тал орчим хувьтай тэнцэх эзэлдэг байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 2019 оны Засгийн газар дундын шинжээчдийн тайлан мэдээнд, дэлхий дээрх мөсөн голуудын эзлэхүүн 2100 он гэхэд 47 орчим хувиар буурч, Европ болон бусад бүс нутгууд дахь жижиг мөсөн голуудынх бүр 80 гаруй хувиар багасна гэдэг дүгнэлтийг гаргаж байсан байдаг байна.

Categories
гадаад мэдээ

Японы засгийн газар уян дискийг хэрэглээнээсээ гаргах зорилт тавьжээ DNN.mn

зураг

Хэдийгээр техник технологийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг боловч Япон улсын төрийн байгууллагууд уян дискийг идэвхтэй ашигласаар байдаг.

Саяхан засгийн газраас томилсон хорооны шалгалтаар төрийн байгууллагуудын 2,000 орчим үйл ажиллагаанд уян диск ашигладаг нь тогтоогдсон байна.

Японы дижитал сайд Таро Кано энэ байдлыг өөрчилж, орчин үеийн мэдээлэл хадгалах, дамжуулах онлайн системд шилжих зохицуулалтыг удахгүй нэвтрүүлэх гэж байгаагаа энэ долоо хоногт мэдэгджээ.

Уян дискийг 1971 онд IBM компани зохион бүтээж байв. 1980-аад оноос энэ төхөөрөмж мэдээлэл хадгалах, тараах, программ ажиллуулах гол хэрэгсэл болсон юм.

2000-аад оны үеэс CD буюу лазерын диск бий болсноор уян дискний эрин өндөрлөж байжээ. Сүүлдээ USB диск, онлайн диск хэрэглээнд өргөн нэвтэрсэн юм.

Дижитал технологийн тааруу мэдлэг, хуучинсаг үзэл, хүнд суртал Японы төр засгийн байгууллагууд уян диск хэрэглэсээр байгаагийн гол шалтгаан гэдэг.

“Би факсын машинаасаа татгалзах талаар бодож байна. Өнөөдөр уян диск худалдаж авдаг хэн байгаа юм бэ?” гэж Коно сайд хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Sony компани арав гаруй жилийн өмнө уян диск үйлдвэрлэхээ зогсоосон юм. Тэгвэл Японы засгийн газар хуучин зуршлаасаа салах талаар өнгөрсөн оноос л ярьж эхэлсэн байна.

Токио хотын захиргаа өнгөрсөн оноос эхлэн мэдээлэл дамжуулахдаа онлайн диск ашиглаж эхэлжээ.

Япон нь технологийн хоцрогдлоосоо салах талаар ярьж буй цорын ганц улс биш. Өнгөрсөн онд Герман улсын засгийн газар факс машинаас салах шийдвэрээ зарлаж байв.

Тус улсын холбооны засгийн газарт 900 гаруй факс машин ашиглагдаж байсныг тухайн үед илрүүлж байжээ.

Герман улсын эрүүл мэндийн систем гараар бичсэн мэдээ тайлангаа факс ашиглан хоорондоо дамжуулдаг нь цар тахлын үеэр ил болсон байна.

Эх сурвалж: Business Insider

Categories
гадаад мэдээ

АНУ: Тайваньд 1.1 тэрбум долларын зэвсэг худалдана DNN.mn

АНУ-ын Төрийн департмент Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг хэрэгсэл худалдахыг зөвшөөрчээ. Үүнд хөлөг онгоц эсэргүүцэх пуужин 60 ширхэг, агаар ангиллын пуужин 100 ширхэг зэрэг зэвсэг багтаж байна. Тодруулбал, эдгээр нь 85.6 сая ам.долларын үнэтэй газрын довтолгоонд ашиглаж болох “Sidewinder” пуужин, хөлөг онгоц эсэргүүцэгч Харпун пуужин юм. Түүнчлэн Тайванийн ажиглалтын радарын хөтөлбөрийг дэмжихэд 665.4 сая ам.доллар төсөвлөжээ. Энэхүү шийдвэрт Хятад улс дургүйцлээ илэрхийлж, эсрэг арга хэмжээ авна гэлээ.

Нэнси Пелосигийн айлчлалын дараа Хятад улс Тайванийг тойрч цэргийн сургуулилалт хийсэнтэй холбоотойгоор Пентагон уг зэвсгийн багцыг өчигдөр /2022.09.02/ зарлажээ.

“Энэ зэвсгийн худалдаа нь Хятад, АНУ-ын харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна” гэж Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю хэлэв. Гэвч энэхүү дэмжлэг нь бүс нутаг дахь цэргийн үндсэн тэнцвэрт байдлыг өөрчлөхгүй гэж Пентагоноос мэдэгдээд байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, энэ нь Тайванийн зэвсэгт хүчнийг шинэчлэх, найдвартай хамгаалалтын чадавхийг хадгалахад чиглэсэн ердийн тохиолдол аж.

АНУ-ын шийдвэрт Тайванийн Батлан хамгаалах яам талархлаа илэрхийлээд, зэвсгийн худалдаа нь Хятадын цэргийн дарамттай тулгарахад тус болно гэжээ.

Categories
гадаад мэдээ

“Их-7” Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтооно DNN.mn

“Их-7”-ийн бүлгийн Сангийн сайд нар өчигдөр /2022.09.02/ Германы Эльмау хотод дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ үеэрээ Оросоос гаралтай түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтоохоор төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Мэдээж энэ нь Оросыг дайнаас ашиг олохыг зогсоох гол зорилготой.

Ингэхдээ, анхны үнийн дээд хязгаарыг техникийн орц дээр үндэслэн тогтоох бөгөөд шаардлагатай бол дахин авч хэлэлцэх аж. “Бид үүнийг Европын холбооны зургаа дахь хориг арга хэмжээний багцын хүрээнд хэрэгжүүлэхийг зорьж байна. Цаашлаад энэ нь дэлхийн эрчим хүчний үнийг бууруулах зорилготой” гэж сайд нар мэдэгдэв. “Үнийн дээд хязгаарын хэлэлцээр нь Оросын санхүүд томоохон цохилт болж, Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд нь саад болно” гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэв.

Үнийн дээд хязгаар хэзээнээс эхэлж хэрэгжих нь тодорхойгүй байна. “Их-7”-ийн бүлэг бүх улс орныг дээд хязгаарын төсөлд санал оруулахыг урьж буй.

Түүнчлэн Оросоос гаралтай түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд далайгаар тээвэрлэхийг иж бүрэн хориглохоор хэлэлцэж байгааг Германы төлөөлөгч мэдэгдлээ. Гэхдээ “Их-7”-ийн тогтоосон үнээр Оросын нефтийг худалдаж авсан тохиолдолд энэ хоригт хамаарахгүй аж. Японы Сангийн сайд Шуничи Сүзүки ч бас үнийн дээд хязгаарыг сайшааж буйгаа илэрхийлжээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, “ОХУ нь Энэтхэг, Хятад зэрэг хямд газрын тосоор цангаж буй орнуудад зарсаар байх болно. Бид эвслээс тогтоосон үнийн дээд хязгаарыг баримталж буй орнуудтай зах зээлийн бус зарчмаар хамтран ажиллахгүй” гэв.

Categories
гадаад мэдээ

Европын эмийн агентлаг “омикрон”-ы вакцинуудад зөвшөөрөл олгожээ DNN.mn

Европын Эмийн агентлаг /EMA/ “BioNTech-Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн “омикрон” хувилбарын эсрэг үйлчлэх зориулалтаар гарган авсан вакцинуудад зөвшөөрөл олгосон талаараа пүрэв гарагт мэдээлжээ.

Эдгээр вакциныг анх “омикрон”-ы “BA.1” дэд хувилбараас гадна коронавирусний анхны омгийн эсрэг үр дүнтэй байх зорилгоор гарган авсан юм. Одоо Европын Комисс вакцинуудад эцсийн зөвшөөрлийг өгөх ёстой бөгөөд холбогдох шийдвэрийг шуурхай гаргах төлөвтэй байна.

Европын Эмийн агентлагийн мэдээлснээр, шинэ вакцинуудыг коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс нэмэлт тунгийн журмаар тариулах бөгөөд өмнөх тунд хамгийн багадаа гурван сарын өмнө хамрагдсан, 12 болон түүнээс дээш насны хүмүүс хийлгэх боломжтой байна.

Мөн эдгээр вакцины үр нөлөөний талаарх судалгаагаар “дархлааны хүчтэй хариу урвал үзүүлж байгааг тогтоосон” бөгөөд “ялангуяа “BA.1” дэд хувилбарын эсрэг дархлааны хариу урвалыг өдөөхөд анхны вакцинуудаас илүү үр дүнтэй болох нь харагдсан” болохыг Эмийн агентлаг уламжилжээ.

Categories
гадаад мэдээ

Суэцын сувагт дахин нэг хөлөг гацжээ DNN.mn

Португалиас Саудын Арабыг чиглэж явсан “Affinity V” хөлөг Лхагва гаригт Суэцын сувагт гацжээ. 252 метр урттай тус хөлөг өмнө нь “Ever Given”-ий гацаж байсан яг тэр хэсэгт буюу Египетийн сувгийн өмнө хэсэгт гацлаа. Сануулахад, 2021 оны гуравдугаар сард “Ever Given” хөлөг Суэцын сувагт долоо хоног гацаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг саатуулж байсан. Үүнээсээ болж “Ever Given”-ийн эзэд сувгийн захиргаанд 200 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр төлж байв.

Гэхдээ энэ удаад “Affinity V” хөлгийг хэдхэн цагийн дотор замаас зайлуулж чаджээ. Хөлөг орон нутгийн цагаар Лхагва гаригийн 19:15 орчимд гацаад, таван цагийн дараа гацаанаас гарсан гэж Суэцын сувгийн төлөөлөгч Жорж Сафват хэллээ. Хөлөг онгоцны жолоодлогын системд асуудал үүссэний улмаас хөлөг гацсан. “Affinity V” хөлөг 252 метр урт, 45 метр өргөнтэй, 110 мянга орчим тонн даацтай бол “Ever Given” нь 400 метр урттай байсан.

Дэлхийн худалдааны 12 орчим хувь нь Суэцын сувгаар дамждаг. Энэ нь Ази Европыг холбосон хамгийн чухал зам юм.

Categories
гадаад мэдээ

Пакистан улсын газар нутгийн гуравны нэг үерийн усанд автжээ DNN.mn

Зургадугаар сарын дундуур эхэлсэн борооны улирал Пакистан улсад урьд өмнө үзэгдээгүй том үерийн гамшиг авчраад байна.

Албаныхны мэдээлснээр энэ удаагийн үерт 1,136 хүн амиа алджээ.

“Үерт автсан газар нутгийг нэг том далай гэж харж болно. Усыг гадагшлуулах ямар ч хуурай газар алга. Шууд утгаараа Пакистаны гуравны нэг одоо усанд автаад байна. Энэ бол бидний урьд өмнө үзээгүй том гамшиг юм” гэж тус улсын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан сайд Шерри Рехман өчигдөр ярьсан байна.

Энэ зун Пакистанд сүүлийн арван жилд ороогүй их хур тунадас унасан юм.

Сүүлийн 24 цагийн дотор 75 хүн үерт амиа алдсан тухай Пакистаны эрх баригчид өчигдөр мэдээлжээ. Нийт амиа алдагсдын гуравны нэг нь хүүхдүүд байна.

Үерт амиа алдагсдын тоо цаашид өсөхөөр байгааг бас мэдээлжээ. Гамшигт нийтдээ 33 сая хүн өртсөн нь Пакистаны хүн амын долооны нэг болж байна.

“Тосгонууд ээлж ээлжээр усанд живж байна” гэж Ням гарагт нисдэг тэргээр гамшгийн бүс нутагтай танилцсан Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф мэдэгджээ.

Нүүлгэн шилжүүлсэн олон мянган хүн маш хүнд нөхцөлд амьдарч байгааг тэр бас хэлсэн байна.

2010 онд Пакистаны түүхэнд хамгийн их хор хохиролтой үер болоход 2,000 гаруй хүний амь үрэгдэж байжээ.

Энэ удаагийн үер дээрх гамшгаас хохирлын хэмжээгээр давж болзошгүй болоод байна.

Гамшгийн дараах сэргээн босголтын зардал $10 тэрбумаас давах төлөвтэй байгаа тул Пакистаны эрх баригчид дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас тусламж хүсэж эхэлжээ.

Пакистаны хөвөнгийн тариалангийн нийт талбайн тал нь үерт урссан байна. Мөн жимс, хүнсний ногоо, будааны тариалангийн асар их газар үерийн усанд сүйджээ.

Эх сурвалж: BBC