Categories
гадаад мэдээ

ОХУ-д цэргийн дайчилгаа зарласны дараа 38 хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа тус улсын 30 гаруй хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна.

Тухайлбал, өмнөх жилүүдийн жагсаал цуглаантай харьцуулахад энэ удаагийн жагсаалд харьцангуй цөөн хүн оролцсон байна. Гэсэн хэдий ч гадаадын агентлагууд “22:45 цагийн байдлаар 38 хотод 1314 хүнийг саатуулаад байна” гэж мэдээлжээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэхээс өмнө Москвагийн прокурорын газраас зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ. Хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж, түүнд оролцсон бол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Categories
гадаад мэдээ цаг-үе

Буриадаар дамжин Монгол руу гарах гэсэн оросуудын урт цуваа үүсчээ DNN.mn

ШУУРХАЙ: ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монголд орж ирэх бөөгнөрөл үүссэн талаар мэдээлжээ

Өчигдөр /2022.09.21/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарласны дараа эх орноосоо гарах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Нэн ялангуяа хөрш зэргэлдээ Казахстан, Гүрж, Турк, Армен, Азербайжан болон бусад визгүй улс руу хамгийн ойрын шууд нислэгийн бүх тасалбар зарагдсан байна. Тэгвэл ОХУ-ын хэвлэлээр Оросын иргэд Буриадаар дамжин Монгол руу гарах бөөгнөрөл үүссэн тухай мэдээлжээ.

Тодруулбал, Хиагт дахь Орос-Монголын хил дээр автомашины урт цуваа үүсэн бөгөөд автомашин, галт тэрэг, онгоцоор визгүй зорчих боломжтой хамгийн ойр гадаад улс бол Монгол юм гэжээ.

Түүнчлэн “ОХУ-аас Монгол руу орж ирэх иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд ихээр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Ингэхдээ зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар мөн орж ирж байгаа аж.

ОХУ-ын Буриадын Монгол Улстай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомт буюу Хиагт дээр ОХУ-аас манай улсыг зорьсон иргэд нэлээд урт дараалал үүсгэсэн нь үнэн гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн байна.

.

Categories
гадаад мэдээ цаг-үе эдийн-засаг

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар нэмэгдүүлжээ DNN.mn

Ө.Ганзориг: Бодлогын хүүг 9 хувь болгосноор барилгын үнэ, худалдаа хийдэг  бүх хүний зээл өснө – updown.mn

АНУ-д ирэх 11 дүгээр сард завсрын сонгууль болох гэж буй энэ үед Холбооны нөөцийн сан /ХНС/ инфляцын өсөлтийг тогтоон барихын тулд бодлогын хүүг дахин нэмэгдүүлж байгаагаа лхагва гаригт мэдэгдлээ.

Ийнхүү бодлогын хүүг 0.75 нэгж хувиар нэмэгдүүлснээр 3-3.25 хувьд хүрч байгаа нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. ХНС-гийн мэдэгдэлд зорилтот хүүг цаашид нэмэгдүүлэх нь “зохистой” болохыг дурдаад, тодорхой хугацаанд 4 хувиас өндөр байлгахыг үгүйсгээгүй байна.

Гэхдээ ХНС-гийн инфляцыг тогтоон барих бодлого нь бодлого боловсруулагчдын найдаж байсанчлан үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Тодруулбал, наймдугаар сард жилийн инфляц 8.3 хувьд хүрсэн нь долоодугаар сарынхаас үл ялиг буурсан үзүүлэлт болсон бөгөөд ХНС-гийн зорилтод түвшнээс /2 хувь/ дөрөв дахин өндөр гарчээ.

ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, инфляцыг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь эдийн засгийн өсөлт саарах явцыг уртасгаж, ажилгүйдлийн түвшнийг нэмэгдүүлэх магадлалтай ч ХНС инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах үүрэг хүлээсэн гэдгийг онцолсон байна.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Бен Ходжес: Орос ямар ч маргаангүй террорист улс DNN.mn

“Youtube” дээр энэ сарын 19-нд тавигдсан “Rashkin Re­port” сайтын “Катастрофа для российских войск”: Большое интервью Бена Ходжеса Юрию Рашкину” буюу Европ дахь АНУ-ын цэргийг удирдаж байсан, “Ирээдүйн дайн ба Европын батлан хамгаалалт” номын зохиогч, НАТО-гийн ложистикийн ахлах зөвлөх, АНУ-ын бэлтгэл дэслэгч генерал, цэргийн нэрт шинжээч Бен Ходжестой Юрий Рашкины хийсэн 45 минутын ярилцлагыг товчлон хүргэж байна.


Би ОХУ-ыг задлах хэрэгтэй гэж уриалж байгаа юм биш. Бид 30 жилийн өмнө ЗХУ задрахад бэлэн бус байсан шиг юм бүү болоосой гэж байгаа юм. ОХУ-ын ард иргэд гурав, дөрөв, таван жилийн дараа гэхэд эрх чөлөөтэй, сайн сайхан амьдрах эрхтэй. Мянгаар тоологдох атомын бөмбөг маш их хэмжээний зэр зэвсгийн хуримтлалтай ОХУ задарвал аль болох цус урсгахгүй, эмх замбараагүй байдал, хүчирхийлэл гарахгүй байхад бид анхаарах ёстой. Иймээс барууны ертөнц ОХУ-ын задралд бэлэн байх ёстой. ОХУ-ын ард түмэн, үндэстний сайн дурын үндсэн дээр тэд ямар улсууд болон тусгаар тогтнохоо өөрсдөө шийдэх эрхтэй.

Бид хэрэв ОХУ 2008 онд Гүржид, 2014 онд Крымд довтолсон үед, эсвэл Сирид химийн зэвсэг хэрэглэх үед нь Оросуудад “улаан шугам” татаж чадсан бол ОХУ Украинд довтлохгүй байсан нь ойлгомжтой зүйл. Кремль Украинд довтлохдоо стратегийн дөрвөн том алдаа гаргасан. Нэгдүгээрт, өөрсдийнхөө хүчийг хэт үнэлэн хүйтэн дайны үед Будапешт, Прагад болсон шиг зүйл Украинд болно гэж үзсэн. Би хүртэл Оросыг ийм сул армитай гэж огт бодоогүй. Хоёрдугаарт, Украиныг барууны улсуудаас бүрэн тусгаарлаж чадна гэж эндүүрч, Европ Оросын хийг авсаар байх болно гэж андуурсан. Гуравдугаарт, НАТО-гийн гишүүн улсуудыг атгасан гар шиг нэгдэж чадахгүй гэж бодсон. Эцэст нь, биднийг нэгдэж ОХУ-д санхүүгийн хориг тавьж чадна гэж итгээгүй. Энэ дөрвөн шалтгааны дор хаяж хоёр нь бидний явуулж байсан шийдэмгий бус арга хэмжээнээс болж гарсан. Өнөөдөр ч бид Украинд хэрэгтэй тусламжийг нь үзүүлж чадахгүй шийдэмгий бус шийдвэр гаргасаар байна. АНУ дайнд оролцохгүй л юм байгаа биз. Ерөнхийлөгч Байден “АНУ-ын нэг ч цэргийн гутлын мөр Украины дайны хөрсөнд гарахгүй” гэж жижгэрч байх ямар хэрэгтэй юм бэ! Өнөөдөр барууны улсууд Украинд тэдэн тэрбум ам.долларын тусламж үзүүллээ гэж байхын оронд Украинд хэрэгтэй нийт тусламжийн тэдэн хувийг нийлүүллээ гэж асуудалд ойлгомжтой, тодорхой хандмаар байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкенд амьд дээр нь хөшөө босгож өгөх хэрэгтэй. Энэ хүн бусад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга шиг холбоотнуудтай зөвхөн ярих биш, харин зөвлөлдөж нэгдсэн шийдвэр гаргаж байна.Энэ бол маш том дэвшил.

Бид сүүлийн зургаан сард 20 жилд Афганистан, Иракт хэрэглэснээс илүү их зэвсгийг Украины дайнд өглөө. Хангалтгүй зэвсгийн нөөцтэй болохоо мэдэж бидний нүд нээгдлээ.Иймээс бид яаралтай зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх хэрэгтэй болоод байна. Чухамхүү ингэж биднийг сэрээсэн явдалд Бээжин

Путинд маш их дургүй байгаа юм. Гэхдээ Хятад Москвагаас болж хоригт орохгүйн тулд тэдэнд ямар ч тусламж үзүүлэхгүй нь тодорхой. Магадгүй Орос суларвал энэ улсад алдсан газар нутаг(1 сая 500 мянган км.кв)-аа эргүүлэн авна гэж Бээжин найдаж байж магадгүй. Си дарга өөрийн цэргийнхэнд 2027 онд Тайванийг эзлэх чадвартай болох тушаал өгснийг ТЕГ мэдээлсэн. Бид үүнээс сэргийлэхийн тулд орчин үеийн зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх ёстой.

Орос олон улсын дүрэм, журмаас төрөл бүрээр халин гарсан харгис, харгис үйлдлүүд хийсэн учир ямар ч маргаангүй террорист улс мөн.

ОХУ-ын удирдлага мянга мянган атомын бөмбөгтэй. Хэрэв бид Оросын тактикийн атомын бөмбөгнөөс айвал Хятад, Иран, Хойд Солонгос яаж толгойгоо сөхөх нь тодорхой.Иймээс ерөнхийлөгч Байден тактикийн атомын бөмбөг хэрэглэх гэвэл юу болох талаар Путинд тодорхой ойлголт өгсөн. Пентагон энэ талаар ямар

хэмжээ авах талаар янз бүрийн хувилбараар нарийн төлөвлөгөө гаргасан гэдэгт би хувьдаа бүрэн итгэлтэй байна. Путин хэнийг ч хайрлахгүй харгис хүн мөн. Гэхдээ галзуу хүн биш. Иймээс би түүнийг атомын бөмбөг хэрэглэхгүй гэж бодож байна.

Өнөөдөр Оросын арми надтай нас чацуу танкаар байлдаж байна. Олзлогдсон орос цэргүүдийн байж байгааг хар. Тэднийг үнэхээр муу удирдаж байна шүү дээ. Оросын өндөр цэцтэй “Искандер” пуужин гэхэд л 85 хувь гадны үйлдвэрт үйлдвэрлэсэн зүйлсээс бүтдэг нь тодорхой болоод байна. Би өнөөдөр Оросын армийг авлигад автуулж мөхөлд хүргэсэн Шойгу,Герасимов нар албан тушаалдаа байгааг үнэхээр гайхаж байна.

Бид өнөөдөр сүүлчийн орос цэрэг Крымээс гарсны дараа Украинтай яаж хамтран ажиллахаа төлөвлөх ёстой. Би шийддэг бол өнөөдөр ч гэсэн Украиныг НАТО-д элсүүлмээр байна. Учир нь украинчууд НАТО-ийн хамгийн шилдэг цэргүүдийн нэг нь байх нь болно.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

АНУ-д шатахууны үнэ буурчээ DNN.mn

Европт шатахууны үнэ хамгийн өндөр байна ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Есдүгээр сард АНУ-д шатахууны үнэ энэ оны гуравдугаар сарын үзүүлэлтэд хүрч буурсныг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден твиттер хуудсандаа мэдээлжээ.

“Бензиний үнэ одоо гуравдугаар сарын эхэнд байсан түвшиндээ эргэн ирлээ. Энэ нь Украинд Оросын дайн эхэлснээс хойших бүх өсөлт үндсэндээ буурсан гэсэн үг юм” гэж тэрбээр бичсэн байна.

АНУ-д шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн өвлийн сүүлчээс хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор тогтмол нэмэгдсэн юм. Зургаадугаар сард АНУ-д шатахууны үнэ дээд цэгтээ хүрсэн бөгөөд нэг галлон бензиний дундаж өртөг 5.016 ам.доллар байв. Зуны саруудад АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа үндэсний нөөцөөсөө газрын тос гаргах замаар бензиний үнийг эрс бууруулж чаджээ. Шатахууны үнэ нэг галлон (3.785 литр) тутамд 4 ам.доллароос доошилж, 15 гаруй хувиар буурсан байна.

Мягмар гарагт WTI маркийн газрын тосны 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс үнэ 1.98 хувиар буурч, нэг торх нь 83.67 ам.доллар болжээ.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хатан хаан бурхадтай хамт залрах болтугай! DNN.mn

Английн Хатан хаан II Елизавета хүмүүн бидний бүхэл бүтэн, хэдэн үеийг элээн хаан ширээнд сууж, хатан хаан гэж ямар хүн байдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан их хүн байсан билээ. Иймээс Англи даяар Хатан хаантайгаа салах ёс хийх ёслол хэдэн хоног үргэлжилж иргэд нь хэдэн арван цаг дугаарлан зогсож түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Хатан хааны хүндэтгэлийн оршуулганд 2000 гаран дэлхийн нэр хүндтэй хүмүүс болон 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар урилгаар оролцов. Тэдний дунд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, түүний гэргий Жил Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Австралийн ерөнхий сайд Энтони Альбанезе, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий, Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Ирландын ерөнхийлөгч Майкл Хиггинс, Украины ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская зэрэг өндөр албан тушаалтан байв. Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бол Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу төлөөлсөн байна. Мөн Японы эзэн хаан Нарүхито, Бельгийн хаан Филипп, хатан хаан Матильд, түүнчлэн Нидерландын хаан Виллем-Александр эхнэр хатан хаан Максима, хатан хаан Беатрикс, Испанийн хаан Филипп, түүний гэргий Летисиа, Норвеги, Дани, Швед, Монакогийн хааны гэр бүлийн төлөөлөгчид болон хаан Чарльзийг төрийн тэргүүнээр залсан Хамтын нөхөрлөлийн нийт 14 улсын засгийн тэргүүн нар уг хүндэтгэлийн ёслолд оролцсон байна. Мөн Их Британийн ерөнхий сайд асан хүмүүс ч уг ёслолд оролцсон юм. Хатан хааныг оршуулах ёслолд Иран улсыг тус улсад суугаа элчин сайд нь төлөөлсөн бол урилгад хамрагдаагүй ОХУ, Беларусь, Сири, Венесуэл, Афганистан, Мьянмар зэрэг улсын төлөөлөгчид оролцоогүй юм. Салах ёслолын дараа Их Британи даяар бүх хүмүүс хоёр минут дуугүй зогсон, хатан хаанд хүндэтгэл үзүүлсэн байна.

Улс орноо 70 жил удирдсан Их Британийн хатан хаан II Элизабет энэ сарын 8-нд 96 насандаа таалал төгссөн билээ.Тус улсын шинэ хаанаар түүний том хүү хунтайж Чарльз өргөмжлөгдсөн бөгөөд одооноос түүнийг III Чарльз гэж нэрлэх юм. Хатан хаан II Элизабетын хаанчлах үед 1874 онд төрсөн Уинстон Черчиллиэс эхлээд одоогийн Засгийн газрын тэргүүн Лиз Трассыг оруулаад нийт 15 ерөнхий сайд солигджээ.

Нийслэл Лондон хотын алдарт “Биг Бен” цагны хонх дуугаран цаг болсныг зарласны дараа Англи уламжлалын дагуу, торгон цэргүүдээр хамгаалуулсан, буулгатай морьд бүхий үхэр буу чирсэн тэргэн дээр шарилыг нь хүндэтгэн тавьж, Хатан хааны титэм болон хаан бэлгэдлийг дээр нь залж, төрийн далбаагаар бүрхсэн байв. Түүний шарилыг дөрөв хоногийн турш хатан хаантай олон нийт салах ёс гүйцэтгэх ёслол болсон Вестминстерийн ордноос гудамжны голоор аажим хөдөлгөн явсаар Вестминстерийн сүмд хүргэсэн юм. Их Британийн хатан хааныг оршуулах ёслолд зөвхөн түүний ойрын төрөл төрөгсөд оролцож, хэвлэлийнхэнд хаалттай болсон. Лондонгийн Вестминстерийн сүмд болсон оршуулах ёслолд хатан хааны хүүхдүүд болох Их Британийн хаан III Чарьлз, гүнж Анна, хунтайж Эндрю, хунтайж Эдвард түүнчлэн хааны гэргий хатан хаан Камилла, Уэльсийн хунтайж Уильям болон түүний гэргий Уэльсийн гүнж Кейт, Суссексийн бэйс, хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл болон хатан хааны гэр бүлийн бусад гишүүд оролцсон байна. Ийнхүү Их Британийн хатан хаан II Элизабетыг Виндзорын шилтгээний нутаг дэвсгэрт орших ҮI Георг хааны дурсгалын сүмд түүний нөхөр Эдинбургийн бэйс Филипийн дэргэд оршуулсан билээ.

Гүнж Элизабет Александр Мэри 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний шөнийн 02:40 цагт Лондонгийн Майфэйрт Брютон гудамжинд байрлах Гүн Стратморын ордонд төржээ. Элизабет болон түүний 1930 онд төрсөн эгч Маргарет Роуз нар хайраар дүүрэн гэр бүлд өсч, гэрийн боловсрол эзэмшсэн аж. Элизабет аавтайгаа болон өвөө Ү Жорж хаантай маш дотно байсан гэдэг. Зургаан настайдаа Элизабет асрагчдаа “Нохой, морь ихтэй” хөдөөгийн эдлэнд амьдрах хүсэлтэй байгаагаа хэлж байжээ. Ерөнхий сайд Уинстон Черчиллийн тэр үед хэлсэнчлэн тэрээр гайхалтай эрх мэдэлтэй байсан ч бусдын хүндэтгэл хүлээсэн нэр төртэй охин байжээ. Элизабет сургуульд сураагүй ч гадаад хэлний өндөр чадвартай, Британийн хууль, төрийн түүхийг сайтар судалсан нэгэн юм. Элизабет үе тэнгийнхэнтэйгээ харилцахын тулд Букингемийн ордны нэгдүгээр баг нэртэй скаутын охидын нийгэмлэг байгуулан ажилд нь идэвхтэй оролцдог байв.

Гүнж Элизабет ба хунтайж Филипп Маунтбаттен нарын хурим дайны дараах хүнд хэцүү үеийн нэгэн онцлох, гэрэл гэгээтэй үйл явдал болсон юм. Элизабет 1945 онд эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах корпуст (Британийн армийн хэлтэс) алба хааж, ачааны машин жолоодож сурсан байна. 1945 оны тавдугаар сарын 8-нд нацист Германыг ялсны баярыг Европ даяар тэмдэглэх үеэр тэрээр цэргийн дүрэмт хувцастай Букингемийн ордноос гарч, хэнд ч танигдаагүй хэвээр тус улсын жирийн нэгэн оршин суугчтай адил энэ үйл явдлыг бүх хүмүүстэй тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. “Би эцэг эхээсээ гадаа гарч болох уу гэж асуусан. Намайг хүмүүс таних вий гэж айж байсныг санаж байна. Лондонгийн төв дэх Уайтхолл гудамжаар аз жаргал, тайвшрал давлагаалж олон танихгүй хүмүүс баяр хөөр болон хөтлөлцөн алхаж байсныг санаж байна гэж Элизабет хожим дурссан байдаг.

Дайны дараа ирээдүйн хатан Филиптэй гэрлэх нь тийм ч амар байгаагүй юм. Английн Хаан шүтэн биширдэг, хайртай охиноо алдахыг хүсээгүй бөгөөд Филип ханхүүг харийн гаралтай, гэр бүлийнхэн нь нацистуудтай холбоотой байсан хэмээн дургүйцэж байсан юм. Гэвч залуу хосуудын гэрлэх хүсэл нь давамгайлж, 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд тэдний хурим Вестминстерийн сүмд болжээ. Эдинбургийн гүн цол хүртсэн хунтайж Филипп тэнгисийн цэргийн флотод цэргийн албаа үргэлжлүүлэв. Тэдний анхны хүүхэд Чарльз 1948 онд төрсөн бол түүний дүү Анна 1950 онд мэндэлжээ.

Дайны хүнд он жилүүдийн асар их бэрхшээлийг туулсан хаан эдгэршгүй өвчтэй болжээ. Тэрээр маш их тамхи татдаг байсан бөгөөд уушгины хорт хавдраар өвчилсөн аж. 1952 оны 1 дүгээр сард 25 настай Элизабет, Филип нар гадаадад аялахаар явахад Хаан эмч нарын эсэргүүцлийг тоолгүй залуу хосыг үдэн гаргахаар нисэх онгоцны буудал руу явжээ. Ийнхүү Элизабет эцгийгээ сүүлчийн удаа харсан нь тэр байв. Хаан нас барсан тухай тэрээр Кени улсад сафарид аялаж байхдаа мэдсэн бөгөөд тэрээр тэр даруй Лондонд буцаж ирэв. Гэхдээ тэрээр аль хэдийнэ хатан хаан болчихсон байжээ. Тэр энэ мөчийг хожим дурсан, нэг ёсондоо надад дадлага хийх цаг байсангүй. Аав маань маш залуудаа нас барж бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн тул би өөртөө “Чи нэн даруй үүрэгт ажилдаа орж, аль болох сайн хийх хэрэгтэй” гэж хэлэхээс өөр арга үлдээгүй гэсэн байдаг. Ийнхүү 1953 оны 6 дугаар сард болсон Элизабетийн хаан ширээнд залах ёслолыг Ерөнхий сайд Уинстон Черчиллийн эсэргүүцлийг үл харгалзан телевизээр шууд дамжуулав. Хатан хаан II Елизавета хэрхэн төрийн тэргүүний тангараг өргөж байгааг харахаар олон сая үзэгчид дэлгэцийн өмнө цугларсан бөгөөд тэдний олонх нь амьдралдаа анх удаагаа Хатан хаанаа харсан юм.

Дэлхийн II дайн Британийн эзэнт гүрнийг задруулсан тул хатан хаан 1953 оны 11 дүгээр сард Британийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн орнуудаар урт удаан аялалд гарах үед Энэтхэг зэрэг хуучин колони байсан олон улс аль хэдийнэ тусгаар тогтнолоо олж авчихсан байв. Элизабет Австрали, Шинэ Зеландад айлчилсан анхны хаан болов. Зарим тооцоогоор тус улсын оршин суугчдын дөрөвний гурав нь хатан хааныг өөрийн нүдээр харахаар Австралийн гудамжинд гарч байжээ. 1957 онд II Елизаветагийн АНУ-д хийсэн айлчлал нь Хатан хааны гадаадад хийсэн анхны томоохон айлчлалуудын нэг байв. Хожим 1991 онд Персийн булангийн дайны дараа II Элизабет АНУ-ын Конгрессын хоёр танхимын нэгдсэн хуралдаанд үг хэлсэн Британийн анхны хаан болов. Ерөнхийлөгч Буш дараа нь “Бидний ой санамжинд тэр үргэлж эрх чөлөөний найз байсаар ирсэн” хэмээн хэлж байсан билээ. Гэвч жилийн дараа хааны гэр бүлд дуулиан шуугиан, золгүй явдал эхэлсэн. Хатан хааны хоёр дахь хүү Йоркийн гүн эхнэр Сарагаасаа тусдаа амьдарч эхэлсэн бол Анне гүнж Марк Филлипстэй гэрлэлтээ цуцлуулжээ. Дараа нь хунтайж Чарльз, Диана гүнж нар гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур байгаа нь тогтоогдон, хожим нь тэд хоёр тийшээ болсон юм. 2006 оны дөрөвдүгээр сард Хатан хааны 80 насны ойг тэмдэглэхээр Виндзор хотын гудамжинд олон мянган хүн цугларчээ. Хатан хаан тэдэнд баяр хүргэн үг хэлэв. 2007 оны арваннэгдүгээр сард Хатан хаан, хунтайж Филипп нар алмаазан хуримын ойгоо тэмдэглэв. Вестминстерийн сүмд болсон ёслолд хоёр мянган хүн оролцсон байна. 2011 оны 4 дүгээр сард хатан хааны хувьд өөр нэг баяр баясгалантай үйл явдал болов. Хатан хаан өөрийн ач хүү, Кембрижийн гүн Уильям, Кейт Миддлтон нарын хуриманд оролцжээ. Тэр оны тавдугаар сард хатан хаан Ирландад албан ёсны айлчлал хийсэн Британийн анхны хаан болсон нь хоёр улсын хувьд түүхэн үйл явдал болсон юм. Ирланд хэлээр эхэлсэн илтгэлдээ Хатан хаан талуудад эелдэг зөөлөн хандаж, эвлэрэхийг уриалж, “Бид юм болгоныг өөрөөр хийхийг хүсдэг, эсвэл огт хийхгүй байхыг хүсдэг” гэж хэлжээ. Жилийн дараа тэрээр Очир эрдэнийн ойгоо тэмдэглэхээр Умард Ирландад айлчлах үеэрээ Английг эсэргүүцэн тэмцэгч “IRA”-гийн байлдагч асан Мартин Мак Гиннесстэй гар барьж найрамдлыг баталгаажуулав. Учир нь түүний хамаатан, түүний маш их хайртай хүмүүсийн нэг, нөхрийнх нь авга ах Лорд Луис Маунтбаттен 1979 онд “IRA”-ийн тавьсан тэсрэх бөмбөгөнд өртөж амь үрэгдсэнийг бүгд мэдэж байсан юм. Үүний дараа Лондонд болж өндөрлөсөн Хатан хааны очир эрдэнийн ойн арга хэмжээнд олон зуун мянган хүн оролцов. 2014 онд болсон Шотландын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга Хатан хаан II Елизаветагийн хувьд хүнд сорилт байсан юм. Бүх нийтийн санал асуулгын дүн гарсны дараа Хатан хаан “Бид бүхэн олон янзын үзэл бодолтой байгаа ч Шотландын ирээдүйн төлөө гэсэн урт удаан үргэлжлэх, хүчтэй хайр биднийг нэгтгэж байгаа гэдгий мартаж болохгүй” гэж тэр хэлсэн юм. 2016 оны 4 дүгээр сард II Элизабет 90 насныхаа ойг тэмдэглэв. Хэдийгээр II Елизаветагийн хаанчлалын төгсгөлд хаант засаглал түүний хаанчлалын эхэн үеийнх шиг хүчтэй байхаа больсон ч ерөөс бүх Британичууд төрийн тэргүүнээ хүндэтгэж, хайрласаар байсан билээ. Энэ нь II Элизабет Хатан хаан гэж ямар хүн байх ёстойг 70 жилийн турш хүн төрөлхтөнд батлан харуулж чадсан гэсэн үг юм. Хатан хаан бурхадын оронд, тэдэнтэй хамт залрах болтугай!

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский анх удаа сөрөг довтолгооны талаар ярилцлага өгөв DNN.mn

Украины цэргүүд Харьковын чиглэлд том чөлөөлөх давшилт хийсний дараа Владимир Зеленский анх удаа сөрөг довтолгооны нарийн ширийн зүйлийн талаар “Reu­ters” агентлагт ярилцлага өгч Крымийн хойгийг эргүүлэн авах асуудлыг хөндөж, Украины чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт оросууд украин иргэдийг хэрхэн яргалж, устгасан тухай илрээд буй баримтуудыг дэлгэжээ. В.Зеленский Украины эрх баригчид фронтод болж буй үйл явдлын талаар тайлбар өгөхгүй, яагаад ийм тайван хандсаныг тайлбарлан “Мэдээллийн чимээгүй байдал үүсгэсэн. Энэ чимээгүй байдал бидэнд ялалт авчирсан. Учир нь энэ чимээгүй байдал манай дайсны тулалдаанд зохих ёсоор бэлтгэх боломжийг тасалдуулж, тэдэнд тун ч таагүй, гэнэтийн бэлэг барих боломжийг бидэнд олгосон” гэсэн байна. Үүний зэрэгцээ Украины цэргүүдийн сөрөг довтолгоо амжилттай болсон ч энэ нь дайн дуусах дөхсөн тухай яриа гарах үндэслэл биш гэж Владимир Зеленский хэлжээ. “Өнөөдөр энэ дайн хэзээ дуусах нь бидэнд барууны улсуудаас өгөх зэвсгийн нийлүүлэлтээс шууд шалтгаална. Бидний ялалт зөвхөн үүнээс шалтгаална” гэж тэр нэмж хэлсэн байна. Украины ерөнхийлөгч мөн “Турк, Өмнөд Солонгос, Арабын ертөнц”-өөс өөрийн улсад илүү их тусламж үзүүлэхийг хүсч байгаагаа дурдсан байна. В.Зеленский ярилцлагадаа сөрөг довтолгооны үйл ажиллагааг төлөвлөх нарийн ширийн зүйлийн талаар болон Украины Зэвсэгт хүчний ирээдүйн төлөвлөгөөний талаар тодорхой зүйл огт яриагүй байна. В.Зеленскийн “Энэ сөрөг довтолгооны ажиллагаа бидний хүлээж байсан хугацаанд бүрэн хийгдсэн” гэсэн үг нь бараг долоон сарын турш Москвагаас сонсогдсон “цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна” гэсэн мэдэгдэлтэй тун төстэй байсан байна. Гэхдээ үнэн гэдгээрээ л Москвагийн мэдэгдлээс ялгаатай байгаа аж.

Өнгөрсөн баасан гаригт Узбекистан улсын Самарканд хотод сэтгүүлчид В.Путинээс “Украины талаас амжилттай явуулсан сөрөг довтолгооны талаар юу бодож байгааг нь асуухад “Киев сөрөг ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан. Энэ нь хэрхэн явагдаж, яаж дуусахыг харцгаая” гэж хэлсэн юм. Мөн тэрээр “Бид Украины чухал дэд бүтцэд хоёр цохилт өгсөн. Энэ нь тэдэнд өгч буй анхааруулга” гэж хэлсэн билээ. Тэгвэл олон улсын зарим цэргийн шинжээчид үүнийг “В.Путин байлдааны талаар ямар ч зөв мэдээлэл авдаггүй нь тодорхой боллоо” гэж байгаа бол зарим нь “ЗХУ-ын бахархал байсан, Москва хотыг хамгаалах зориулалттай алдарт Кантемировын танкийн дивизийн суурин дээр байгуулагдсан танкийн I арми болон НАТО-той байлдах зориулалттай хэмээн дэлхий нийтэд зарлан сайрхаж байсан 12 дугаар армиа үндсэнд нь устгуулж, Днепр мөрөнд шахуулан “уутанд орсон” 20-25 мянган цэргээс өөр байлдах чадвартай цэрэггүй болчихсон, цэргийн тусгай ажиллагаагаа “дайн” хэмээн зарлаж, бүх нийтийн цэрэг татлага явуулна гэхээр голдуу ганц хүүхэдтэй байдаг Оросын том хотуудын иргэд бослого гаргах нь ойлгомжтой, цөмийн зэвсэг хэрэглэх гэхээр өөрөө түрүүлж цохилтод өртчих гээд байгаа хэд хэдэн “хайчинд орчихсон” В.Путин өөр юу гэх вэ дээ” гэх нь ч байна. Харин Украины хотын цэвэр усны даланг дэлбэлж энгийн иргэдийн орон сууц, сургууль, цэцэрлэг, албан газрыг усанд живүүлж, цахилгаан станцыг нь пуужингаар буудаж гэрэл цахилгаангүй болгон энгийн иргэдийн эсрэг террорист үйл ажиллагаа явуулсан гэдгээ В.Путин өөрөө хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд зарлан, мэдэгдсэн учир олон улсын Гаагийн шүүхээс ял авах нь баталгаатай боллоо гэдэг дээр бол бүгд санал нэг байна.

ОХУ-ын Иранаас худалдаж авсан “Шахед-136” камиказе дронууд Харьковын зүүн хойд хэсэгт орших Украины цэргүүдэд ноцтой хохирол учруулсан гэж Америкийн “The Wall Street Journal” бичжээ. Украины 92 дугаар мотобуудлагын дивизийн их бууны командлагч, хурандаа Родион Кулагин “Ираны камиказе дронууд манай 152 мм-ийн хоёр өөрөө явагч гаубиц, 122 мм-ийн хоёр өөрөө явагч гаубиц, хоёр хуягт тээвэрлэгчийг устгасан гэж” мэдээлэв. Түүнчлэн “Шахед-136” нь харьцангуй жижиг хэмжээтэй, маш нам өндөрт нисдэг тул Украины агаарын довтолгооноос хамгаалах систем илрүүлэхэд хүндрэлтэй байна гэж Кулагин нэмж хэлэв. Тэрээр АНУ болон түүний холбоотнууд Киевийг нисгэгчгүй онгоцноос хамгаалах илүү сайн зэвсгээр хангах, эсвэл Ираны камиказе дронуудыг Орос руу тээвэрлэхийг тасалдуулахад хөндлөнгөөс оролцож чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв гэсэн байна. Үнэндээ ОХУ-д камиказе дронууд нийлүүлсэн нь хөдөлшгүй баримтаар батлагдвал АНУ төдийгүй Израилийг оролцуулсан Арабын улсуудын Ираны эсрэг цэргийн эвсэл болон Турк, Азарбайжаны арми Ираны эсрэг цэргийн довтолгоо явуулах маш том шалтаг болж магадгүй юм.

Энэ сарын 10-нд Херсон хотод ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн техник байрлаж байсан “Алкосервис” ХХК-ийн барилгад Украин цохилт өгсний улмаас Оросын 180 цэргийн албан хаагч амиа алдсан нь нотлогдоод байна. Оросын Росгвардийн болон ФСБ-ын ангиуд таван өдрийн турш нурангийг цэвэрлэж, нас барагсдын цогцсыг гаргасан бөгөөд алдагдлаа нуухын тулд энэ талаар мэдээлэл алдахгүй байхыг хичээж байгаа аж.

Зөвлөлт Холбоот Улсын поп хөгжмийн хатан хаан гэгддэг Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин “гадаадын төлөөлөл”-ийн жагсаалтад нэр нь саяхан бичигдсэн юм. Тэгвэл “Эх орноо энх тайванч, эрх чөлөөтэй улс болгож, утга учиргүй дайнд залуусын амь насыг үрэхийг зогсоохын төлөө тэмцэгч нөхөртэйгөө би үзэл бодол нэг, Оросын ард түмний аж амьдралыг сүйтгэж, улс орныг минь дэлхийн тавцанд ганцаардуулж байгаа түрэмгий явдлыг эсэргүүцэж байгаа тул намайг ч бас “гадаадын төлөөлөл” ангилалд оруулж өгөхийг хүсч байна” гэж Пугачева “Инстаграм” хуудсаараа ОХУ-ын Хууль зүйн яаманд хандан мэдэгдсэн нь олон зуун мянган хүний дэмжлэг авсан байна .

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Владимир Путин, Си Жиньпин нарын уулзалт юу илэрхийлэв DNN.mn

Орос, Хятадын удирдагч Владимир Путин, Си Жиньпин нар Украинд дайн эхэлснээс хойш хийсэн анхны уулзалтынхаа үеэр ойр дотно байдлаа харууллаа гэж “Dpa”, “Reuters” агентлагууд дүгнэн мэдээлэв. Манай хөрш улсын удирдагчид ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон, Узбекистан улсын томоороо эхний дөрөвт ордог, эртний Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны пүрэв гаригт уулзсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Украины хямралтай холбогдуулан хятад найз нөхдийн баримталж буй тэнцвэртэй байр суурийг бид өндөр үнэлж байна” гэж хэлсэн байна. Мөн Путин “Москва, Бээжин хоёр ямар нэгэн улсын тулгаж буй дүрэмд бус олон улсын хууль дүрэм, НҮБ-ын журамд суурилсан олон туйлт дэлхийн дэг журам байгуулахыг хамтдаа зорьж байна” гэж хэлсэн.Владимир Путин мөн “Нэг Хятад” зарчмыг Москва хатуу баримталж байгаа бөгөөд Тайванийн хоолойд “АНУ болон түүний хамсаатнуудын хийж буй өдөөн хатгалгыг эрс буруушааж байна” гэж Си Жиньпинд мэдэгдэв.

Бас энэ оны эхний долоон сарын байдлаар Орос, Хятадын худалдааны хэмжээ 25 хувиар өссөнд Кремль таатай байгааг онцолсон байна. Ойрын ирээдүйд жилийн худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ гэж тэрээр цохон тэмдэглэв. Хариуд нь Си Жиньпин хоёр улсын үр дүнтэй стратегийн холбоо харилцаа хадгалагдаж байгааг тэмдэглэсэн байна. Мөн “Бид Орос улстай хамтран дэлхийн хариуцлагатай гүрний үлгэр жишээг үзүүлж, хэт хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийг тогтвортой, эерэг хөгжлийн замд оруулахад манлайлах үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэж Си Жиньпин мэдэгджээ. Хятад улс Оросын эсрэг Барууны улсуудын хориг арга хэмжээг буруушааж, Украин дахь Путины үйл ажиллагааг ойлгож буйгаа харууллаа гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Путиныг “хуучны анд найз” хэмээн нэрлээд, Хятад улс ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлнэ гэжээ.

Хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр Путин “Украины хямралын асуудлаарх Хятад улсын тэнцвэртэй байр суурьт талархаж байгаагаа” илэрхийлсэн бөгөөд хариуд нь Си Жиньпин дарга “Хятад улс тус тусын язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаар харилцан бие биедээ хүчтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж хэлсэн тухай “Шиньхуа” агентлаг мэдээлэв. Энэхүү уулзалтын өмнө ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Олон улсын өнөөгийн нөхцөл байдлын онцлогийг харгалзан үзэх энэхүү уулзалт нь онцгой ач холбогдолтой” гэж мэдэгдэж байсан юм. Учир нь Си Жиньпин тахал өвчин эхэлснээс хойших анхны гадаад айлчлалаа Казахстанд хийсний дараа Узбекистанд ирсэн билээ. Бээжинд олон жил ЗХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байсан Казахстаны ерөнхийлөгч КасымЖомарт Токаев хятад хэлээр Си даргатай ярилцсан бөгөөд Си Жиньпин “Хятад улс Казахстан улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямар ч эргэлзээ, тээнэгэлзэлгүйгээр шууд хамгаална” хэмээн мэдэгдэж газар дээр нь хоёр улсын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Украины газар нутагт бий болсон ЛНР, ДНР гэх хуурамч улсыг Казахстан хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев албан ёсоор мэдэгдсэний дараа ОХУын улс төрчид Казахстанд довтлохыг уриалж эхэлсэн бөгөөд ОХУын ерөнхийлөгч асан Д.Медведев бүр ямар ямар газар нутгийг Оросууд Казахстанаас салгаж авах ёстойг нэр заан дурдаж байсан юм. Иймээс Казахстанд айлчлахдаа хийсэн Си Жиньпиний энэхүү мэдэгдэл, хамтарсан гэрээ нь үнэндээ В.Путиныг улаан нүүрэн дундуур нь алгадаад авснаас ялгаагүй зүйл болсон билээ. Цагтаа ЗХУын КГБын тагнуул явсан, АНУын нэрт улс төрийн тоймч Ю.Швец “Си Жиньпиний энэхүү мэдэгдэл нь Төв Ази зөвхөн Хятадын сонирхлын бүс нутаг болсон гэдгийг В.Путинд хатуу ойлгуулж, жинхэнэ “улаан шугам” татсан явдал. Хариуд нь хятад зөөлөн бодлогын дагуу, В.Путиныг тэртэй тэргүй мөнгөгүй болсныг нь мэдэж байгаа Си Жиньпин Монголын удирдагчтай хамтран Монголын нутгаар дайруулан Оросоос Хятад руу хийн хоолой татах асуудлыг хэлэлцлээ” хэмээн дүгнэн мэдэгдэв. Үнэхээр энэ бол Орост өгсөн том цохилт гэхээсээ Хятадын геополитикийн том ялалт юм. Чухамхүү Си Жиньпиний энэхүү мэдэгдэл, гарын үсэг зурсан гэрээнээс болж хоёр удирдагчийн уулзалтын эхэнд В.Путин Си Жиньпинд хандан “Украины дайнаас болж Бээжинд санаа зовох зүйл гарч байгааг бид ойлгож байна” хэмээн буруугаа хүлээн “доош орсон” билээ.

Хоёр улсын удирдагчид хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард Бээжингийн өвлийн олимпийн үеэр уулзаж, дараа нь “Хоёр орны найрамдал хил хязгааргүй” гэсэн хамтарсан мэдэгдэл гаргаж байсан юм. Харин хэдхэн хоногийн дараа Орос Украин руу довтолсон билээ. Украиныг түрэмгийлсний дараа барууны улсуудаас тусгаарлагдсан тул Си Жиньпин шиг дэлхийн нөлөө бүхий удирдагчтай уулзах нь мэдээж Путинд ашигтай. Украины дайнаас болж урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээний давлагаа үүссэн тул Хятадын хөрөнгө оруулалт, технологи, хоёр талын худалдаа ОХУд маш их ач холбогдолтой байгаа нь бас ойлгомжой. Барууны компаниуд Оросын зах зээлээс татагдсаны дараа тэдний байрыг Хятадын пүүсүүд эзлэх нь Путинд мэдээж чухал. Гэвч бодит байдал дээр ОХУ-аас Хятад руу экспортлох хэмжээ илүү хурдацтай өсч байгаа бол Хятадын тус улс руу хийх экспорт эсрэгээрээ удааширсаар байгаа юм. ОХУ нь өнгөрсөн таваас долдугаар сарын хооронд Хятадад түүхий нефть нийлүүлэгч гол орон болсон билээ. Хятадын түүхий нефтийн импортын 19 хувийг Орос дангаар эзэлж байна. Мөн Хятадын энэ оны эхний долоон сарын байдлаар Оросоос импортолсон шингэрүүлсэн хийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн байна. Өнгөрсөн долдугаар сард Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрчээ. Хятад нь Оросоос илүү хямд нефть авснаар дөрвөөс долдугаар сарын хооронд гурван тэрбум орчим ам.доллар хэмнэжээ. “Reuters” агентлагийн тооцоолсноор Хятад нь Оросоос авч буй түүхий нефтийн тонн тутамд 708 ам.доллар төлж байгаа бол Москва нь бусад улсуудад 816 ам.доллараар зарж байгаа аж. Түүгээр ч барахгүй барууны улсууд Оросын газрын тос, байгалийн хийн хараат байдлаа эрс багасгаж байгаа учир Москва зүүн тийш, тэр дундаа Хятад руу нийлүүлэх гэж оролдож байна. Мөн Москва Украины дайныг үргэлжлүүлэхийн тулд зэвсэг авахыг маш их хүсч байгаа ч өрөвдсөн үг хэллэг хэрэглэхээс бусдаар Хятад улс Орост үзүүлэх цэргийн тусламжийн талаар маш болгоомжтой хандаж байгаа юм.“Хятад нь АНУ болон барууны улсуудтай худалдааны хэт хамааралтай учраас цар тахлын дараа эдийн засгаа сэргээхэд аюул учруулж мэдэх эрсдэлтэй алхам хийхгүй” гэж Торонтогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Сева Гуницкий дүгнэсэн юм. Түүний тайлбарласнаар Хятад нь Путиныг дэмжиж буйгаа амаараа л илэрхийлэхээс биш ашиг сонирхолдоо харшлах зүйл хийхгүй. ОХУ дайнд таагүй үр дүн үзүүлж буй энэ үед Путинд туслахын тулд ямар нэгэн эрсдэл гаргах цаг биш” гэж Сева Гуницкий дүгнэжээ.

Сарын дараа буюу аравдугаар сарын 16нд Хятад улсын Коммунист намын 20 дугаар их хурал хуралдах учир Узбекистанд айлчлах, Путинтэй уулзах нь Си Жиньпиний хувьд ч бас ихээхэн чухал ач холбогдолтой явдал юм. Тайвань болон Хонконгийн хэвлэл мэдээлэл “Си Жиньпин ШХАБын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа нь тэрээр намаа ч, улсаа ч бүрэн удирдаж байгаа гэдгээ дэлхий нийтэд харуулж, Хятад улс дэлхийн тавцанд байр сууриа хадгалах бодолтой байгаагаа АНУд ойлгуулахыг хүсч буй явдал” хэмээн бичиж байгаа нь хоосон зүйл биш юм.

Си, Путин нарын уулзалт Украины цэргүүд өргөн хэмжээний сөрөг довтолгоо хийж байгаа үед болсон бөгөөд Бээжин Украины дайнтай холбоотой “төвийг сахисан байр суурь”аа хадгалахыг хичээж байгаа нь ойлгомжтой болов. Энэ нь нэг талаас Хятадын эрх баригчид АНУ, НАТО-г буруутгаж байгаа ч нөгөө талаас ОХУд дорвитой дэмжлэг үзүүлэхгүй нь тодорхой байна гэсэн үг юм. Иймээс ч Оросын цэргийн бүтэлгүйтэл нь Си Жиньпинд Путинтэй хэлэлцээ хийхэд давуу тал олгож байна гэж улс төрийн шинжээчид дүгнэн бичиж байна. Үүний зэрэгцээ энэ явдал нь хоёр улсын хамтын ажиллагааны ерөнхий чиглэлд нөлөөлөхгүй бөгөөд тэд барууныхныг эсэргүүцэх стратегийн ашиг сонирхол дээр нэгдмэл байр суурьтай байгаа билээ.

Эцэст нь АНУын “Stimson Center” судалгааны төвийн Хятад судлалын захирал Юн Сонг “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Украинд Орос ялсан ч, ялагдсан ч Хятад улс цаашид Оростой харилцах харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл өөрчлөгдөхгүй. Орос ялбал Хятад хүчирхэг холбоотонтой болно. Харин ялагдвал Орос Хятадын вассал улс болох магадлалтай” гэж хэлснийг дурдах нь зөв биз ээ. Учир нь ОХУын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын удирдагч Си Жиньпиний дараа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитай уулзахдаа “Би хэлэлцээ хийх гэсэн боловч Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бэлэн бус гээд уулзахгүй байна” хэмээн гомдоллосон бөгөөд Моди хариуд нь “Чи наад дайнаа яаралтай зогсоо!” хэмээн Путинд шулуухан тулгасан юм. Мөн ШХАБын дээд хэмжээний энэхүү уулзалтын үеэр цагтаа хатан хаан II Елизавета агсныг 14 минут, Ромын Пап ламыг хоёр цаг хүлээлгэн томорч байсан В.Путин Тажикстантай буудалцаж эхэлсэн Киргизийн ерөнхий сайд, дараа нь Турк, Азербайжаны ерөнхийлөгч болон Энэтхэгийн ерөнхий сайдыг хүлээн жижгирч байгаа бичлэг дэлхий нийтэд тарсан билээ. Бас ОХУ гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас Азербайжантай байлдан ялагдаж байгаа Армены ерөнхий сайд ШХАБ-ын энэ хуралд ирсэнгүй. Ийм хамтын ажиллагаа гэж байх уу?! Барууны зарим судлаачид “В.Путины оролцсон юм бүхэн ялзран доройтож, мөхөл рүүгээ явдаг” гээд байгаа нь оргүй ч зүйл биш бололтой.

Энэ бүхэн олон улсад “Алагдах баавгайн арьс”-ыг аль хэдийнэ хуваагаад эхэлсэн гэдгийг батлан харуулж байна.



Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстан улс нийслэл хотынхоо нэрийг Астана болголоо DNN.mn

Л.Баттулга: Казахстаны баялгийн сан 90 тэрбум ам.долларын хуримтлалтай  болоод байна

Бямба гаригт Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл хотынхоо өмнөх нэрийг сэргээн хэрэглэх хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Бас тус улсын ерөнхийлөгчөөр хоёр дараалан таван жилээр сонгогдож ажиллах хязгаарыг нэг удаа долоон жилээр хязгаарлах болгож өөрчлөх хуулийг баталсан байна.

Ингэснээр Казахстан улсын нийслэл Нур-Султан одоо Астана нэртэй болж байна.

Парламентын хэсэг гишүүд Астана нэрийг сэргээх уриалга гаргасны дараа Токаев хуулийн төслийг өргөн барьж байжээ.

Токаев өөрөө 2019 онд анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг залгамжлахдаа нийслэл хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилж байсан юм.

Гэвч энэ оны эхээр Казахстанд гарсан иргэдийн бослого үймээний дараа тэр өмнөх ерөнхийлөгчөөс зай барих болсон байна.

Казахстан улсыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласнаас хойш 30 орчим жил удирдсан Назарбаев 2019 онд өөрийн санаачилгаар огцорсон ч эрх мэдлээ хадгалсан хэвээр байв.

Энэ оны зургаадугаар сард Токаевын санаачилсан бүх нийтийн санал асуулгаар Назарбаевын нэрийг үндсэн хуулиас хасаж, елбасы буюу үндэсний эцэг цолыг нь цуцалсан юм. Мөн өмнөх ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд, ойрын хүрээнийхнийг Казахстаны төрийн өндөр албан тушаалуудаас ээлж дараалан зайлуулаад байгаа.

Гэхдээ шүүмжлэгчид нь Токаевын шинэчлэлийг дарангуйлагч дэглэмийн өнгө зүсийг өөрчлөх төдий үйлдэл гэж дүгнэж байна.

Эх сурвалж: Radio Free Europe

Categories
гадаад мэдээ

“China telecom”-ын түймэрт одоогоор амиа алдсан иргэн байхгүй DNN.mn

БНХАУ-ын Чанша хотод орших “China telecom” компанийн 42 давхар барилгад гал гарсан талаар мэдээлсэн. 10 дугаар давхраас эхэлсэн гал 20 минутын дотор дээд давхруудад бүрэн халдаж шатсан гэж тухайн үед хэвлэлүүд онцолж байсан.

Тэгвэл түймрээр хүний амь нас үрэгдсэн тохиолдол одоогоор гараагүй байна.

Албаны эх сурвалжууд өнөө өглөө “Галыг цагийн дотор бүрэн унтраасан. Гэхдээ барилга дотор утаатай байсан учраас эрэн хайх ажиллагаа явуулахад бага зэрэг хүндрэл учирч байгаа. Одоогийн байдлаар хүн нас барсан тохиолдол гараагүй байна” гэх мэдээллийг өгчээ.