Categories
гадаад мэдээ

Умард Солонгос хоёр долоо хоногийн хугацаанд долоо дахь удаагаа пуужин туршив DNN.mn

Өнгөрсөн шөнө Умард Солонгосын дэглэм зүүн тэнгисийн ус руу богино тусгалын хоёр баллистик пуужин харвасныг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Пуужингуудыг тус улсын зүүн эргийн Мунчон хотоос харвасан байна. Пуужингууд 100 км-ийн өндөрт хүрч, 350 км-ийн алсад туссан тухай Японы батлан хамгаалах яам мэдээлжээ.

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида харвасан пуужингийн талаар мэдээлэл цуглуулж, шинжлэх ажлыг холбогдох албаныханд даалгаж, агаарын болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн байна.

Умард Солонгосын дэглэм сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд долоо дахь ээлжийн пуужингийн туршилтаа гүйцэтгэсэн нь энэ юм.

Бямба гарагт Өмнөд Солонгос, АНУ-ын арми Солонгосын хойгийн зүүн эрэгт зохион байгуулсан хамтарсан цэргийн сургуулилалтаа дуусгасан байна.

Уг ажиллагааны хүрээнд АНУ-ын цөмийн хөдөлгүүрт USS Ronald Reagan тээвэрлэгч хөлөг тэргүүтэй цохилтын бүлэг Солонгосын хойгийн орчимд ирж байрласан нь Пёньяны эрх баригчдын ширүүн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Мягмар гарагт тус улс Японы арлуудыг давуулан баллистик пуужин харвах аюултай туршилт гүйцэтгэсэн нь холбоотнуудыг ийм хариу арга хэмжээ авахад хүргэж байв.

Өчигдөр Умард Солонгосын батлан хамгаалах яам гаргасан мэдэгдэлдээ тээвэрлэгч хөлөг илгээсэн нь “бүс нутгийн аюулгүй байдалд асар том сөрөг нөлөө үзүүлж буй”-г анхааруулсан байна.

Уг мэдэгдэлдээ Пёньян сүүлийн үед гүйцэтгэсэн пуужингийн туршилтуудаа “дайсагнагч орнуудын өдөөн хатгалгын эсрэг авсан зохих ёсны арга хэмжээ” гэж тайлбарлажээ.

Умард Солонгосын зэвсгийн дараалсан туршилт нь тус улс АНУ-тай дипломат яриа хэлэлцээ явуулах сонирхолгүй, харин цөмийн зэвсэгтэй улсын статусаа хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байгааг харуулж байна.

Categories
гадаад мэдээ

В.Путин Крымийн гүүрний хамгаалалтыг чангатгах захирамжид гарын үсэг зуржээ DNN.mn

Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог авто болон төмөр замын гүүр өчигдөр болсон дэлбэрэлтийн улмаас гэмтээд байгаа.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ явдлын дараа Крымийн гүүр болон Крым рүү эрчим хүч дамжуулах шугам, хий дамжуулах хоолойн харуул хамгаалалтыг чангатгах захирамж гаргажээ.

Крымийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах ажлыг Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албанд даалгасан байна.

Бямба гарагийн орой гүүрний авто замын хэсгийн нэг урсгалыг суудлын автомашин, автобуснуудад нээжээ. Төмөр замаар галт тэрэг явуулах эхний туршилт амжилттай болсон ч хөдөлгөөнийг нээгээгүй байгааг бас мэдээлж байна.

Крымийн гүүрэнд гарсан ослын хэргийг шалгах ажлын хэсгийг ОХУ-ын засгийн газрын шадар сайд Марат Хуснуллин ахлахаар болжээ.

Эх сурвалж: ТАСС

Categories
гадаад мэдээ цаг-үе

Нобелийн энх тайвны шагналыг Орос, Украин, Беларусийн хүний эрхийг хамгаалагчид хүртэв DNN.mn

2022 оны Нобелийн энх тайвны шагналыг Орос, Украин, Беларусийн хүний эрхийг хамгаалагчид хүртсэн байна. Уг шагналыг Беларусийн хүний эрхийн “Весна” байгууллагыг үүсгэн байгуулагч Алесь Беляцкий, Оросын хүний эрхийн “Мемориал” /ОХУ-д гадны агентлаг хэмэн хориглосон/ байгууллага, Украины Иргэний эрх чөлөөний төвийг үүсгэн байгуулагч нар авахаар болжээ.Алесь Беляцкий одоогоор хоригдож байнаАлесь Беляцкий одоогоор хоригдож байна

Беляцкий “Весна” байгууллагыг 1996 онд байгуулжээ. 2011 онд тэрээр татвар төлөхөөс зугтсан хэргээр буруутгагдаж байсан ч олон улсын хүний эрхийн байгууллагууд үндэслэлгүй, улс төрийн нөлөөтэй байна хэмээж, 2014 онд суллажээ. 2020 оны сонгуулийн дараа болсон олон нийтийн жагсаал цуглаантай холбоотойгоор 2021 оны зун түүнийг дахин баривчилжээ. Тэрээр одоо хоригдсон хэвээр байгаа аж.Мемориал байгууллагынханМемориал байгууллагынхан

1987 онд үзэл санаа нэгтнүүд хамтарч зөвлөлтийн үеийн улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх “Мемориал” байгууллагыг байгуулжээ. Хөдөлгөөний гишүүд хэлмэгдэгсдэд зориулсан хөшөө, дурсгалын цогцолбор байгуулахаар гарын үсэг цуглуулж, төрийн терроризм сэдвээр жагсаал цуглаан, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний семинар зохион байгуулав. Академич, Нобелийн энх тайвны шагналт Андрей Сахаров “Мемориал”-ын Удирдах зөвлөлийн анхны дарга болж байжээ.

2022 оны өвөл ОХУ-ын Дээд шүүх Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлээр “Мемориал”-ыг татан буулгасан байна. Тус байгууллагыг эрх баригчдын нэр хүндийг гутааж, “ЗСБНХУ-ыг террорист улс хэмээсэн” гэж буруутгажээ.Украины эрх чөлөөний төвийнхөнУкраины эрх чөлөөний төвийнхөн

Украины Иргэний эрх чөлөөний төв нь Украинд хүний эрхийг хамгаалах, ардчиллыг дэмжих зорилгоор 2007 онд байгуулагдсан. Энэ байгууллага Украины иргэний нийгмийг бэхжүүлэх, Украиныг бүрэн ардчилсан орон болгохын тулд эрх баригчдад шахалт үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ.

ПУТИНЫ 70 НАСНЫ ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ МӨН ҮҮ?

Тус төвийн тэргүүн Олександра Матвейчук фэйсбүүк хуудастаа “Манай бүс нутагт хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дуу хоолойг сонсдоггүй байсан. НҮБ-ын Хүний эрхийн хороо биднийг сонсдог байсан байх, гэхдээ л эрх мэдэлтэй хүмүүсийн шийдвэр гаргадаг танхимд л биш. Бид хууль дээдлэх ёс биш цэргийн хүч илүү ихтэй хүмүүс дүрэм журмыг тогтоодог ертөнцөд амьдармааргүй байгаа бол тэр нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй” гэжээ.

Тэрээр “Миний удирддаг Иргэний эрх чөлөөний төв өнөөдөр Мемориал болон Веснагийн найз нөхөд, түншүүдийн хамт Нобелийн шагнал хүртсэнд баяртай байна” гэв.

Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-АндерсенНорвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен

Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейс-Андерсен ялагчдыг зарлахдаа, шагналтнууд Беларусь, Орос, Украинд “хүний эрх, ардчилал, энх тайвны төлөөх шилдэг тэмцэгчид” гэдгээ батлан харууллаа гэжээ.

Нобелийн хорооны шийдвэрийг баасан гарагт 70 насныхаа ойг тэмдэглэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөрт зориулсан нэгэн төрлийн бэлэг гэж үзэж болох уу гэсэн сэтгүүлчдийн асуултад Норвегийн хорооны төлөөлөгч Рейс-Андерсен энх тайвны шагнал Оросын Ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй гэжээ.

Эх сурвалж: ВВС

Categories
гадаад мэдээ

Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо DNN.mn

Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо | News.MN

Нобелийн утга зохиолын шагналтан өчигдөр /2022.10.06/ тодорлоо. Хүйс, хэл, ангиллын ялгааг 50 жилийн турш тууштай судалсан Францын зохиолч Анни Эрнау уг шагналыг хүртэв. Энэхүү нэр хүндтэй шагналыг Шведийн академиас олгодог бөгөөд 807 мянган фунт стерлинг олгодог. Түүний бичсэн “A Man’s Place”, “A Woman’s Story” зохиолууд Францын орчин үеийн сонгодог бүтээлд тооцогддог.

Эрнау нь утга зохиолын шагнал хүртсэн анхны франц эмэгтэй болж байна. “Энэ шагнал нь шударга бус байдлын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэх үүрэг хариуцлага боллоо. Уран зохиол нэн даруй нөлөө үзүүлэхгүй ч гэсэн эмэгтэйчүүд ба хэлмэгдэгсдийн эрхийн төлөөх тэмцлийг үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэж тэр хэллээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнд баяр хүргэж, түүний дуу хоолойг “эмэгтэйчүүдийн мартагдсан эрх чөлөө” гэж нэрлэжээ. Анни Эрнау нь феминист зохиолч юм. Феминист утга агуулгаас гадна ажилчин ангийн маш чухал зохиолч гэж түүний бүтээлийг хэвлэдэг хэвлэлийн газар тодорхойлжээ. Энэ хоёр сэдэв түүний бүтээлд маш тод томруун харагддаг.

Нобелийн шагналыг нийт зургаан төрөлд олгодог. Энэ нь анагаах ухаан, физик, хими, эдийн засгийн шинжлэх ухаан, уран зохиол, энх тайван гэсэн зургаан төрөл юм. Цар тахлын улмаас шагнал гардуулах үйл ажиллагаа 2020, 2021 онд тасалдаад байсан. Энэ жил шагналтнууд арванхоёрдугаар сард Шведийн Стокгольм хотноо шагналаа гардан авна.

Анагаах ухааны салбарын нобелийн шагналыг Шведийн генетикч доктор Сванте Паабо хүртсэн. Тэрбээр эртний хүний ДНХ хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судалсан. Физикийн салбарын нобелийн шагналыг энэ жил гурван хүн хүртсэн. Квант технологийн чиглэлээр хийсэн бүтээлээрээ Ален Аспект, Жон Ф.Клаузер, Антон Зейлингер нар шагнал хүртжээ. Химийн шагналыг мөн гурван хүн хүртлээ. 2000 оноос хойш функциональ молекулуудыг бүтээхээр ажилласаар ирсэн Каролин Р.Бертоззи Мортен Мелдал, К.Бэрри Шарплес нар энэ шагналыг авлаа.

Эх сурвалж: NY TIMES, BBC

Categories
гадаад мэдээ

Герхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна DNN.mn

Австрийн Инсбрукийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Герхард Манготт “Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх асуудалд маш нухацтай хандаж байна. Иймээс Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Орос улсын цөмийн галт тэрэгний хөдөлгөөн, тактикийн цөмийн бөмбөг бүхий нисгэгчгүй “Посейдон” пуужинг туршихаар К-329 “Белгород” цөмийн шумбагч онгоцыг Хойд туйлд илгээсэн тухай мэдээлэл нь Оросын ерөнхийлөгчийн илгээж буй “цөмийн мессэж”-ийн эхний шат юм” гэж Манготт хэлэв. “Хэрэв цөмийн зэвсэг ашиглах тодорхой заналхийлэл нь Украины сөрөг довтолгоог зогсооход хангалтгүй бол хоёр дахь шат нь эзгүй газар нутагт бөмбөг дэлбэлэх явдал болно. Хэрэв энэ нь бүтэлгүйтэж, Украины арми эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авсаар байвал Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэх бүрэн боломжтой гэж Австрийн шинжээч үзэж байна. Иймээс Герхард Манготт “Путины гол зорилго нь цөмийн зэвсгээр айлгаж байгаад Украины газар нутгаас авч энхийн гэрээ хийх явдал. Харин цөмийн бөмбөг хэрэглэсэн тохиолдолд цохилт хийх хамгийн их магадлалтай цэг нь Украины ар тал дахь хүн ам шигүү суурьшсан газар нутаг байх болно” гэв.

Цэргийн шинжээч, Бундесверийн хурандаа асан Ральф Тиеле, хэрэв Оросын цөмийн зэвсгийг эзгүй газар дэлбэлэх нь урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлэхгүй бол Оросын дараагийн хувилбар нь Украин дахь улс төр, эдийн засгийн объектуудад цохилт өгөх явдал байж магадгүй гэж үзэж байна. Тэрээр “Цөмийн дэлбэрэлт цахилгаан соронзон импульс үүсгэдэг бөгөөд энэ нь хэдэн зуун хавтгай дөрвөлжин километр талбайн бүх электрон төхөөрөмж, цахилгаан станцууд, компьютерийн системүүд, хиймэл дагуулууд, автомашинууд гээд дэлбэрэлтийн хүрээн дэх бүх электрон системийг устгах болно” гэж хэлэв.

Олон улсын ихэнх шинжээчид цөмийн зэвсэг хэрэглэсний үр дагавар Орост өөрт нь жинхэнэ аймшиг авчрах болно гэдэгтэй санал нэг байна. Герхард Манготт “Цөлийн бүсэд цөмийн зэвсэг дэлбэлсэн ч ОХУ олон улсад соёрхон баталсан “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ”-г бодитоор зөрчих тул барууны улсууд Оросын эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээгээ бараг тултал нь чангатгах болно. Энэ нь Оросын хувьд том аюул болно” гэж хэлжээ.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ цөмийн бөмбөг хэрэглэх гэвэл яг юу болохыг Кремльд “хамгийн дээд түвшинд шууд, нууцаар мэдэгдсэн”” бөгөөд “Бид энэ нь юунд хүргэхийг тодорхой бөгөөд тун ойлгомжтой тайлбарласан” гэж хэлэв. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус “Оросууд цөмийн бөмбөг хэрэглэх гэсэн тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд Украины нутаг дэвсгэрт байгаа Оросын армийг бүхэлд нь устгаж, Хар тэнгисийн флотыг бүрэн живүүлэхэд бэлэн байна” гэж олон нийтэд зориулан мэдэгдэв. Харин Манготт “Үүндээ барууны улсууд ердийн зэвсэг ашиглах болно” гэж тодруулан тайлбарлав. Тэгвэл цэргийн шинжээчид болох Украины бэлтгэл хурандаа Олег Жданов “Атомын галт тэрэг хоёр төрөл байдаг.Нэг нь бөмбөггүй зөвхөн цэргийн удирдлага байдаг.Нөгөө нь хэдэн мянган км хол тусах чадвартай стратегийн пуужинг, суудлын эсвэл ачааны галт тэрэг болгон хувиргасан байдаг. Иймээс ийм галт тэрэг Украин руу явах ямар ч шаардлагагүй болохоор энэ бол Кремлийн гаргасан худал ухуулга” гэсэн бол АНУ-ын Андрей Пионтковский “Путин өөрөө эхлээд сөнөх учраас атомын бөмбөг яасан ч хэрэглэхгүй” гэсэн байна.

“ОХУ цөмийн зэвсэг ашиглах гэсэн тохиолдолд юу болохыг ойлгуулсан АНУ, Англи болон НАТО-гийн арга хэмжээ нь нөхцөл байдлыг эрс хурцатгахгүй байж дайснаа ялах боломж олгох маш ухаалаг стратеги юм. Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл барууны улсууд яаралтай хариу арга хэмжээ авах бөгөөд Орос улс дэлхийд бүрэн тусгаарлагдаж, Энэтхэг, Хятад зэрэг улсууд ч Оросоос зайгаа авах болно” гэдгийг шинжээчид санал нэгтэй анхааруулсан байна.

Categories
гадаад мэдээ

Мьянмарт баривчлагдсан Японы сэтгүүлчид хорих ял оноожээ DNN.mn

Мьянмарт эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос мянга гаруй хүнийг баривчилжээ

Өнгөрсөн наймдугаар сард Янгон хотод болсон эсэргүүцлийн жагсаалын зургийг авч байхдаа саатуулагдсан Японы сэтгүүлч Күбота Торүд Мьянмарын цэргийн шүүхээс шоронд хорих ял оноожээ.

Эх сурвалжуудын мэдээллээс эш татан “NHK” телевизээр мэдээлснээр, Күботад мэдээлэл дамжуулахтай холбоотой хууль зөрчсөн хэргээр долоон жил, эмх замбараагүй байдалд турхирсан хэргээр гурван жилийн хорих ял оноожээ. Үүнтэй холбогдуулан Японы Элчин сайдын яамны ажилтнууд сэтгүүлчийг яаралтай суллуулах талаар ажиллаж байна гэж “NHK” онцолсон байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мьянмарт Японы сэтгүүлч Китазүми Юки худал мэдээлэл тараасан, тус улсад нэвтрэх хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр саатуулагдаж байсан билээ. Сар орчмын дараа түүнийг суллаж, Япон руу буцаасан юм.

Categories
гадаад мэдээ

Оросын иргэд Украинд байлдаж буй цэргүүддээ зориулан хандив цуглуулж эхэлжээ DNN.mn

Оросын Свердловск мужийн иргэд Вконтакте нийгмийн сүлжээнд “Помощь Солдатам” (Цэргүүдэд тусламж) нэртэй бүлэг үүсгэж, Украинд дайтаж буй цэргүүдэд тусламж үзүүлэх хөдөлгөөн эхлүүлжээ.

Хөдөлгөөнийг санаачлагч Евгения Кузеванова “Энэ бол бидний үүрэг, сайн дурын үйл хэрэг! Бидний эх оронч үзлийн илрэл” гэж тайлбарласан байна.

Тэд дулаан хувцас, эм тариа зэрэг цэргүүдэд нэн даруй шаардлагатай эд зүйлсийг худалдаж авахад хандивлагчдын мөнгийг зарцуулж байгаа гэнэ.

“Цэргийн дайчилгаанаас болоод бидний авахыг хүссэн эд зүйлсийн олдоц муу байна. Байгаа боломжоороо цуглуулж байна” гэж Кузеванова орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Цэргийн дайчилгаанд хамрагдсан иргэд хоол хүнсгүй, наад захын хангамжгүй фронтод явж байгаагаа гомдоллож байна.

ОХУ нь жилд ойролцоогоор $66 тэрбумыг батлан хамгаалах салбартаа төсөвлөдөг нь дэлхийн улс орнуудаас тавдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт гэдэг.

Гэвч авлига, өмч хөрөнгийн оновчгүй, буруу захиран зарцуулалт Оросын армийн хүчийг сулруулж, Украины дайныг долоон сар гаруй хугацаанд сунжруулахад хүргэж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Оросын армийн офицер дайчлагдаж ирсэн шинэ цэргүүдэд эм тариа, шархны боолтоо өөрсдөө худалдаж авахыг зөвлөж буйг харуулсан дүрс бичлэг өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээнд тарж байв.

Цэргийн дайчилгаанд хамрагдсан иргэд өөрийн мөнгөөр хангамжийн эд зүйлсийг худалдаж авах болсноос ийм төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна.

Тухайлбал Калашников автомат бууны сум нэвтэрдэггүй гэгддэг 6Б45 хуягласан хантаазны үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд онлайн зах дээр 40,000 рублийн ($700) үнэ хүрсэн тухай мэдээлжээ.

Аав, нөхөр, ах дүү, хүүгээ дайнаас амьд буцааж ирүүлэхийг хүссэн ар гэрийнхэн нь үүнд мөнгө харамлахгүй байна.

“Помощь Солдатам” хөдөлгөөнийхөн бас иргэдийн хандивласан үнэтэй эд барааг дуудлага худалдаагаар зарж, олсон мөнгөөрөө цэргүүдэд хэрэгцээт зүйлсийг нь илгээж байгаа ажээ.

Ийм дуудлага худалдааны эхний ээлжийн орлогоор биеийн халуун хэмжигч, эмнэлгийн анхны тусламжийн багц, шөнийн дуран зэргийг авч фронтод явуулснаа зохион байгуулагчид нь ярьжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Categories
гадаад мэдээ

Ираны оюутнууд хувьсгалын гол хүч болдог уламжлалтай DNN.mn

Махса Амини хэмээх 22 настай бүсгүй “Хижаб буруу өмссөн” хэргээр цагдаад баривчлагдан нас барсны дараа Иранд эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос өчигдрийн байдлаар 1500 орчим хүн баривчлагдаад байгаа бол нийт 133 хүн амь үрэгдээд байна гэж “Eu­ronews” мэдээлэв. Тэгвэл уг эсэргүүцлийн жагсаалд Тегеран хотын Шарифын технологийн их сургуулийн оюутнууд нэгдэж, цагдаа нар нулимс асгаруулагч хийн буугаар жагсаалыг тарааж, наад зах нь 30 оюутанг баривчилсан байна. Эсэргүүцлийн энэ жагсаал хичээлийн жилийн шинэ улирлын оюутнууд сургуульдаа ирсэн эхний өдөр оюутнууд “Эмэгтэй хүн амьдрал, эрх чөлөө!”, “Эрх чөлөөгүй байснаас үхсэн нь дээр!” гэсэн уриа барьж хижабаа тайлан шатааснаар эхэлсэн аж.

Цагдаа нар оюутны хотхонд ирж, нулимс асгаруулагч хий хэрэглэж, оюутнуудыг бороохойгоор зодож, үл мэдэгдэх чиглэлд авч явсан гэж Ираны “Mehr” мэдээллийн агентлаг мэдээлэв. Тус агентлаг олон арван хүнийг саатуулаад байгаагийн олонх нь нэгдүгээр курсийн оюутнууд байсан гэжээ. Их сургуулийн удирдлагууд хичээлийг түр зогсоож, онлайн горимд шилжүүлсэн талаар мэдээлсэн боловч баривчлагдсан оюутнуудыг бүгдийг нь суллахаас нааш хичээлдээ явахгүй гэдгээ оюутнууд мэдэгджээ.

Оюутнууд зөвхөн Тегеран төдийгүй Йазд, Керманшах, Сенендэж, Шираз, Машхад зэрэг бусад хотуудад жагсаал хийж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд болон идэвхтнүүд мэдээлж байна. Тэд эмэгтэйчүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлээд зогсохгүй, эрх чөлөө, ардчиллыг хүссэн улс төрийн шаардлага хашгирч байжээ. Чухамхүү Ираны оюутнууд 1979 онд “Манай шах гадныхантай нийлж бидний баялгийг тонож байна” гэсэн уриан дор боссон иргэдийн гол хүчийг бүрдүүлж АНУ, Английн хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж, лалын хувьсгал хийснээр эмэгтэйчүүд нь америк жийнсээ үндэсний хувцас болох хар хижабаар сольж байсан түүхтэй юм.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужин харважээ DNN.mn

БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ

БНАСАУ өнөө өглөө хоёр баллистик пуужин харвасан нь есдүгээр сарын сүүлээс хойших зургаа дахь туршилт нь боллоо гэж Японы Засгийн газар мэдээллээ.

“Пуужингуудын нислэгийн өндөр 50-100 орчим км байсан бөгөөд ойролцоогоор 350-800 км зайд нисэн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан” гэж Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ.

БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, БНАСАУ өнөө өглөөний 6:01-6:23 цагийн хооронд Пёньян хотын орчмоос ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан байна.

Пёньян БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулийн дараахан Японы бүлэг арлуудын дээгүүр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа баллистик пуужин харваснаас хойш хэдхэн хоногийн хугацаа өнгөрч байгаа юм.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ АНУ болон бусад орнууд мягмар гаргийн баллистик пуужингийн туршилтын талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хэлэлцэхээр оруулсныг “эрс зэмлэн буруушааж” буйгаа цохон тэмдэглэсэн байна.

Тус яам уг туршилтыг АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилалтын хариуд авч хэрэгжүүлсэн “хариу арга хэмжээ”-ний нэгээхэн хэсэг байсан гэж мэдээлснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ.

Японы Засгийн газар Пёньяны мягмар гаргийн туршилтын талаар мэдээлсний дараа Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, БНАСАУ богино хугацаанд удаа дараалан пуужин харвасныг “огт хүлээн зөвшөөршгүй” хэмээн шүүмжилсэн байна.

Япон улс Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд Японы нисэх онгоц болон хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй гэж Х.Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ.

БНАСАУ есдүгээр сарын сүүлээс хойш Япон тэнгис рүү удаа дараа баллистик пуужин харваад байгаа юм. Тэдгээрээс мягмар гарагт туршсан пуужин нь Пёньяны урьд өмнө нь харваж байсан пуужингуудаас хамгийн хол зайг туулсан байна.

Пүрэв гаргийн туршилтын хувьд АНУ-ын “Ronald Reagan” нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг цэргийн хамтарсан сургуульд оролцуулахаар БНСУ-ын зүүн эрэгт байршуулснаас нэг хоногийн дараа буюу есдүгээр сарын 25-наас хойших зургаа дахь туршилт болжээ.

Энэ он гарсаар БНАСАУ НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн баллистик пуужингийн 20 гаруй туршилт явуулсан байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын харвасан пуужин бааз дээрээ буцаад унажээ DNN.mn

АНУ, БНСУ БНАСАУ-ын эсрэг хүчин чадлаа харуулж, 8 пуужин харвалаа

БНСУ-ын Hyunmoo-2 пуужин харвасан даруйдаа буцаж унажээ. Уг пуужинг БНАСАУ пуужин туршсаны хариу болгож, АНУ-тай хамтран зохион байгуулсан цэргийн сургуулийн үеэр харвасан юм байна. Харамсалтай нь, харвасан даруйд жаахан хөөрчихөөд буцаад унасан аж.

Пуужин нь харвасан бааз дээрээ буцаж унасан гэх энэ мэдээллийг БНСУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалж баталсан байна.

Канвандо мужийн Каннын хотын оршин суугчид энэ сарын 5-ны 01.00 цагийн орчимд хурц гэрэлтэй зүйл тэнгэрт хөөрснөө буцаад унасан болохыг гэрчилсэн байна.