Categories
гадаад мэдээ

Олны анхааралд өртсөн уриалга DNN.mn

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Хойд Атлантын эвслийн орнуудыг Киевт өгсөн зэвсгээр ОХУ-ын нутаг дахь цэргийн объект руу довтлохыг зөвшөөрөхийг уриалжээ.

Тэрээр “Харьков мужид эхлүүлсэн Оросын довтолгоо нь Украинд барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг Оросын нутаг дэвсгэр дэх хууль ёсны цэргийн бай руу дайрах зөвшөөрөлгүй байгаатай холбоотой нь тодорхой байгаа учир холбоотон орнууд үүнийг анхаарч үзэх цаг болсон” гэж хэлжээ. Тэрээр уриалгадаа ямар нэгэн улс орныг нэрлээгүй ч “The Economist” сэтгүүлд бичсэнээр Столтенберг Украинд гол хандивлагчдын нэг АНУ-д хандаж байгаа юм байна. Учир нь АНУ-ын Конгресс дээр АНУ-аас өгсөн зэвсгээр Украин Оросын нутагт цохилт өгөхийг зөвшөөрөх тухай маргаан ойрын өдрүүдэд ид өрнөж байгаа юм. Мөн Йенс Столтенберг НАТО-гийн гишүүн Европын орнуудыг “Украинд Европын холбоотнууд нь нэг сая их бууны сум амласан. Гэтэл энэ амлалт биелэхгүй байгааг бид харж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Үүний зэрэгцээ, Столтенберг Умард Атлантын холбоо Орос Украины дайныг хурцатгах, Европт Орос, НАТО хоёрын хоорондох бүрэн хэмжээний дайн болж хувирахыг эрмэлзээгүй гэдгийг дахин нотлоод НАТО-гийн хуурай замын цэргийн хүчийг Украин руу илгээх боломжийг үгүйсгэж “Энэ бол бидний төлөвлөгөө биш” гэж хэлжээ

Categories
гадаад мэдээ

Михаил Ходорковский шуугиан тарив DNN.mn

Өнгөрсөн амралын өдрүүдийн гол шуугиан Оросын бизнесмэн, сөрөг хүчний удирдагч Михаил Ходорковский Берлинд болсон олон улсын бага хурал дээр “Украин дайнд бараг ялагдсан” гэж мэдэгдсэн явдал болов. Тэрээр үүнийгээ “Ерөнхийлөгч Путин зэвсэгээ барууны орнуудаас хамаагүй бага зардалтай үйлдвэрлэж байгаа нь Орос барууны орнуудаас хамаагүй их мөнгө зарцуулж байна гэсэн үг. Үүнийг энгийн тоогоор илэрхийлбэл, В.Путин дайнд жилд 120 тэрбум доллар зарцуулдаг бөгөөд энэ нь ДНБ-ний 5.4 хувь болж байна. Харин Оросын 152 мм-ийн их бууны нэг сум 500 ам.доллар бол барууны 155 мм-ийн их бууны нэг сум 5000-8000 ам.доллар. Европ Украинд үзүүлсэн тусламж дайны хоёр жилд 88 тэрбум доллар болсон нь ДНБ-ний 0,25 хувь юм. Энэ янзаараа украинчууд Харьковыг энд онд, ирэх онд Одессыг алдах болно” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл цэргийн шинжээч, Австрийн армийн жанжин штабын офицер Маркус Райснер “Өнөөдөр туйлдуулах дайн явагдаж байна. Харин барууны улсууд энэ юу гэсэн үг болохыг ойлгохыг огт хүсэхгүй байна. Туйлдуулах дайнд цэрэг зэвсгийн нөөц бүх асуудлыг шийддэг болохоос ямар нэг газар нутаг эзлэх, алдах явдал гол зүйл биш. Энэ нь дайтаж буй талуудын аль нэг нь нөөцгүй болж ялагддаг гэсэн үг. Бид 800 гаруй хоног үргэлжилж буй дайнаас Орос улс нөөцөө улам бүр нэмэгдүүлж,Путин давуу байдал олж авч байгааг харж байна. Энэ нь Украиныг дайнд ялагдахгүйн тулд барууны орнууд илүү их зэвсэг нийлүүлэх шаардлагатай байна гэсэн үг” гэж хэлжээ.

Мөн нэрт эдийн засагч, ОХУ-ын Сангийн дэд сайд асан Сергей Алексашенко ч Украины талаарх Ходорковскийн туйлын гутранги үнэлгээтэй санал нэг байна. Тэрээр “Путин ямар нэгэн хязгаар, саадгүйгээр мөнгөө Украины дайныг дэмжихэд зарцуулж байна. Харин барууны улсууд Украинд амласан мөнгөө л өгч байна. Энэ дайн бол тулж буй талуудын боломжийн халз тулаан юм. Ялангуяа Украинд болж буй зовлонтой удаан үргэлжилж буй дайнд энэ маш чухал хүчин зүйл. Энэ онд Одесс унана, унахгүй гэж мөрийцөж болно. Гэтэл хэргийн учир нь Украины армид ядаж тулааны санаачлалгыг авах ямар ч нөөц боломж өнөөдөр алга байна” гэжээ.

Харин Зүүн Европ судлаач, Инсбрукийн их сургуулийн профессор Герхардт Манготт “Нэг талаасаа Ходорковскийн тооцоо зөв. Учир нь Барууны улсууд болон Оросын дайнд зарцуулж буй мөнгөний зөрүү хэт их байна. Гэхдээ би түүний гунигтай таамаглалтай санал нийлэхгүй. Учир нь Барууны дэмжлэг энэ хэвээр үргэлжилсэн ч гэсэн Орост барууны дэмжлэгийн эсрэг Харьков, Одесс мужийг эзлэх материаллаг, нөөц хүч чадал байхгүй” гэжээ. Мөн профессор Герхардт Манготт “Ходорковскийн шүүмжлэлийг үндэслэлтэй, зөв зүйл гэж би үзэж байна, Учир нь Ходорковскийн саяхны хэлсэн үгийн зорилго нь барууны засгийн газруудад шахалт үзүүлж, Украинд илүү ихийг өгөх шаардлагатай байгааг сануулсан явдал” гэж онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Дахиад л “Ковид-19” DNN.mn

“Ковид-19”-ийн шинэ омгууд тархсан хэвээр байна. Мутацилагдсан “FLiRT” хувилбар нь энэ жил хамгийн их тархацтай байгаа учир Их Британи, АНУ-ын эрдэмтэд зуны улиралд ч амны хаалттай явах зөвлөмж гаргажээ.

“FLiRT” хувилбар нь өмнө давамгайлж байсан “JN.1” хувилбарын удам бөгөөд омикроны нэгж юм. Жон Хопкинсийн Нийгмийн Эрүүл мэндийн их сургуулийн мэдээлснээр шинэ омгууд илүү хүнд гэх мэдээлэл бага байгаа ч анхаарах сэдэв болсон гэж мэдэгджээ.

Мөн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага энэ сарын эхээр гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр бүх улс оронд халдварын хувилбарууд дархлаа сул үед өвчлөх магадлал хамгийн өндөр байна. Мөн зуны цагт тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна гэжээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Хошууч генерал баривчлагдав DNN.mn

ОХУ-ын хошууч генерал Иван Попов хоёр сарын хугацаатай баривчлагдаж, мөрдөн байцаалт өгөхөөр болов. Түүний өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч 49 настай Попов бүх хэргийг үгүйсгэж, гэм буруугүй гэж мэдэгдсэн. Тэрбээр Оросын цэргүүд Украинд их бууны дэмжлэггүйгээр үй олноороо амь үрэгдэж, шархдаж байгаа талаар зарласны дараа 2023 онд 58 дугаар армийн командлагчийн албан тушаалаас халагдсан” гэж мэдэгджээ.

Москва хотын шүүх тавдугаар сарын 17-нд гаргасан шийдвэрийн дагуу Поповийг цагдан хорьсон юм байна. Путины урт хугацааны холбоотон байсан “цаатан” хочит Шойгу саяхан албан тушаалаа эдийн засагч Андрей Белоусовт шилжүүлсэн. Батлан хамгаалах туршлагагүй Белоусовт цэргийн мэдлийг шилжүүлсэн нь авлигад автагдсан цэргийн салбарын чиг хандлагыг өөрчлөх зорилготой байж магадгүй юм. Зөвхөн сайд асан Шойгу л гэхэд 17 сая ам.долларын эдлэнд амьдардаг. Харин түүнийг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Шойгугийн орлогч нарын нэг Тимур Ивановыг, өнгөрсөн долоо хоногт Юрий Кузнецовийг авлигын хэргээр тус тус баривчлаад байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Хоёр хөршийн тэргүүн дахин уулзана DNN.mn

Хятадын тэргүүн Си Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долдугаар сард Казахстанд уулзах төлөвтэй байна. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ мэдэгджээ.

Энэ нь Путины саяхны айлчлалыг оруулаад хоёр хөршийн удирдагчид хоёр сарын хугацаанд хоёр удаа уулзана гэсэн үг юм. Сергей Лавров ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралдааны үеэр Ван Ид “Бидний харилцааны хуваарь маш их эрчимтэй байна.

Эрхэм сайд аа, эрхэм найз аа, сар хүрэхгүй хугацааны дараа Нижний Новгород хотноо болох Бриксийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулганд таныг угтаж авна гэдгээ тэсэн ядан хүлээж байна. Харин хоёр орны удирдагчид долдугаар сард Астанад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дахин уулзах болно” гэжээ.

Харин Ван И “ШХАБ нь зөвхөн гишүүн орнуудын нийтлэг ашиг сонирхол төдийгүй дэлхийн олон талт чиг хандлагыг дагаж мөрддөг” гэж хэлсэн байна

Categories
гадаад мэдээ

Оросын бензиний хориг түр цуцлагджээ DNN.mn

Барууны улсууд ОХУ-ын засгийн газрын бензиний экспортод тогтоосон хоригийг түр хугацаанд цуцлах шийдвэр гаргав.Түр хоригийн үйлчлэлийг энэ оны 6 дугаар сарын 30 хүртэл зогсоож байгаа аж. Холбогдох тогтоолд Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зурсан бөгөөд уг тогтоол нийтлэгдсэн өдрөөс хэрэгжиж эхлэх аж.

ОХУ-ын Эрчим хүчний яам нефть боловсруулах үйлдвэрүүд, нефть хадгалах баазуудад 2.1 сая орчим тонн автобензин, 250 мянган тонн дизель түлшний нөөц хуримтлагдаад байгаа нь дотоод зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх юм байна. Харин зарим судлаачид энэ явдлыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бензин болон барааны үнийг нэмэхгүй байх гэсэн арга гэж бичиж байна.

Categories
гадаад мэдээ

Дээд шүүх Жулиан Ассанжийн талд шийдвэр гаргав DNN.mn

Их Британийн нийслэл Лондон хотын Дээд шүүх “Викиликс” цахим хуудсыг үүсгэгч Жулиан Ассанжийн талд шийдвэр гаргаж, АНУ-д түүнийг шилжүүлэн өгөхийг эсэргүүцэн давж заалдахыг зөвшөөрчээ.

Уг шүүх хурлын үеэр шүүгчид “АНУ-д шилжүүлсний дараа Ассанжид цаазаар авах ял оноохгүй, үг хэлэх эрх чөлөөг нь зөрчихгүй, Америкийн иргэн биш ч гэсэн шударга шүүнэ гэдэгт найдаж болно” гэсэн Америкийн талын баталгааг хянан хэлэлцсэн юм байна. Одоо Белмаршийн шоронд хоригдож буй Ассанжийн хувьд давж заалдах хүсэлтээ гаргахад хэдэн сарын хугацаа шаардагдах гэнэ. Шүүхийн энэхүү шийдвэр гарсны дараа Ассанжийн өмгөөлөгчид шүүх хурлын танхимд бие биендээ баяр хүргэн тэврэлджээ.

Өмгөөлөгчдийн үзэж байгаагаар, “Викиликс” сайтыг үүсгэн байгуулагчийг АНУ-ын эрх баригчид эхлээд засгийн газрын компьютеруудыг хакердсан хэрэгт оролцсон гэж буруутгаж, дараа нь тагнуулын тухай хуулийг зөрчсөн хэргээр 17 зүйл ангиар нэмж буруутгасан юм байна.

Ассанж нууц баримт бичгүүдийг ил болгосноороо олон зуун хүнийг эрсдэлд оруулсан гэж АНУ-ын тал мэдэгдэж байгаа юм. Хэрэв түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгсний дараа дээрх бүх хэрэгт буруутай нь тогтоогдвол түүнд 175 жилийн хорих ял оноож магадгүй байна.

Categories
гадаад мэдээ

Иран АНУ-ыг буруутгаагүй байна DNN.mn

Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдуллахян нар нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн билээ. Энэхүү ослын дараа Ираны эрх баригчид АНУ-аас техникийн тусламж хүссэн ч тэд татгалзсан хариу авсан байна. АНУ, Израилийг дайснаа гэж үздэг Иран улс ийм ховор хүсэлт ирүүлснийг Төрийн департамент тодорхой шалтгааны улмаас энэ удаа тусламж үзүүлэх боломжгүй байгааг мэдэгдсэн гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Ираны ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд, нисгэгчид, бусад зургаан хүний оршуулах ёслолыг лхагва гаригт Тегеран хотод зохион байгуулахаар болсныг Ираны засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. Мөн Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени таван өдрийн гашуудал зарлаад байгаа юм. Одоогоор Тегераны эрх баригчид АНУ-д үйлдвэрлэгдсэн Bell-212 нисдэг тэрэг ямар шалтгаанаар Азербайжаны хилийн ойролцоох уулархаг нутагт осолдсон талаар огт ам нээхгүй байна. Уг осолд АНУ-ыг буруутгахаас болгоомжилж байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад батлан хамгаалахын сайд Ллоид Остин “Нэгдсэн Улс энэхүү осолд ямар ч хамаагүй. Ослын шалтгаан юу байж болох талаар надад ямар ч таамаг алга” гэж хариулжээ.

Ерөнхийлөгч Райсигийн үхэл Ойрхи Дорнодын аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх талаар асуухад Остин “Одоохондоо энэ үйл явдал бүс нутгийн аюулгүй байдалд өргөн хүрээтэй нөлөө үзүүлэхгүй гэж би бодож байна” хэмээн хариулжээ. Ираны үндсэн хуулийн дагуу 50 өдрийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох ёстой байдаг. Энэхүү шилжилтийн үед аюулгүй байдлаа эрсдэлд оруулахгүй байх нь Тегераны эрх баригчдын гол зорилт болж байна.

Categories
гадаад мэдээ

Их Британийн шинэ багц DNN.mn

Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс энэ сарын 19-ний ням гаригт Украинд цэргийн тусламж үзүүлэх шинэ багцыг зарлав. Үүнд нэг сая сум, агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан 80 пуужин, 20 “BvS-10” хуягт тээвэрлэгч багтсан бөгөөд тэрээр “Украинд Путиныг ялахад шаардлагатай бүх зүйл дэлхийд байгаа. Өнөөдөр Их Британи үүнийг эхлүүлж байна” гэж мэдэгджээ.

Британийн талын мэдээлснээр, Орос Украинд цэргийн бүрэн хэмжээний цөмрөн довтолж эхэлснээс хойш Их Британи Киевт 4.6 тэрбум фунт стерлинг (5.4 тэрбум евро орчим) хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс хойш Украины 52 мянган цэргийн албан хаагч Их Британид сургагдсан байна.

Categories
гадаад мэдээ

Ираны ерөнхийлөгч осолджээ DNN.mn

Энэ сарын 19-ний ням гаригт Ираны ерөнхийлөгч Эбрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэг Азербайжан улсын хилийн ойролцоо “хатуу газардсан”. Энэ тухай хамгийн түрүүнд Ираны хэвлэлүүд мэдээлжээ. Дараа нь уг хэргийн талаарх мэдээллийг тус улсын Дотоод хэргийн яамны сайд Ахмад Вахиди албан ёсоор баталгаажуулж “Ираны ерөнхийлөгч Ибрахим Раиси болон Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян нар уг нисдэг тэрэгний ослоор амиа алдсаныг албан ёсоор зарласан байна. Ингээд Ираны сайд нарын танхим даваа гаригийн өглөө яаралтай хуралдаж, нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэн ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн талийгаач ерөнхийлөгчийн хичээл зүтгэлд хүндэтгэл үзүүлж, “Ерөнхийлөгч Раиси бүхий л амьдралаа иран үндэстний төлөө зориуллаа” хэмээн сайд нарын албан мэдэгдэлд дурджээ.

Ираны ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан хүмүүс Азербайжан, Ираны хилийн ойролцоо далан нээх ёслолд оролцсоны дараа Ираны баруун хойд нутаг дахь Зүүн Азербайжан мужийн Хода Афарин бүсээс буцаж явах үеэр энэхүү эмгэнэлт осол болсон байна. Уг ослын улмаас ерөнхийлөгч Раиси, Гадаад хэргийн сайд Амир Абдоллахиан, Табриз хотын баасан гаригийн мөргөлийн удирдагч Аятолла Мохаммад Али Аль-е-Хашем, Зүүн Азербайжаны захирагч Малек Рахмати болон ерөнхийлөгчийн хамгаалалтын баг, нисэх багийн бүх гишүүд амь үрэгджээ. Осолдсон нисдэг тэрэгний шатсан үлдэгдэл хэсгийг аврах багийнхан даваа гаригийн үүрээр олсон байна.

Ираны Үндсэн хуулийн дагуу шинэ ерөнхийлөгчийг сонгохоос өмнө дээд удирдагч, шашны тэргүүн Аятолла Сейед Али Хаменеигийн саналын дагуу Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер сайд нарын танхимыг даргалах аж.