Categories
гадаад мэдээ

Истанбул хотын төвд дэлбэрэлт болов DNN.mn

Истанбул хотын төвд байрлах жуулчдад зориулсан Истиклал гудамжинд дэлбэрэлт болсны улмаас дор хаяж зургаан хүн нас барсан гэж Истанбул мужийн захирагч Али Йерликая твиттер хуудсандаа бичжээ. Үүнээс гадна 81 хүн шархадсан бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байна.

Дэлбэрэлт болсон газар цагдаа, гал сөнөөгч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна.Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай Истанбулд болсон дэлбэрэлтийг “террорист үйлдэл” гэж орой нь хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Үүний зэрэгцээ одоогоор дэлбэрэлтийг амиа золиослогч эмэгтэй үйлдсэн гэж таамаглаж байна.



Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Херсон хот чөлөөлөгджээ DNN.mn

Херсон хот нь Украины дайн эхэлснээс хойш Оросын цэрэгт эзлэгдсэн цорын ганц мужийн төв байсан юм. ОХУ-ын улстөрчид Херсонд үүрд үлдэнэ гэж мэдэгдэж, өнгөрсөн есдүгээр сард ерөнхийлөгч Владимир Путин эзлэгдсэн дөрвөн мужийг өөрийн улсын бүрэлдэхүүндээ нэгтгэх шийдвэр гаргасны нэг нь Херсон муж байв. Иймээс Херсоны ухралт нь Путинд улс төрийн хувьд бэлгэдлийн талаасаа томоохон ялагдал болж байна. Харин цэрэг, зэвсгийн хувьд Украины зэвсэгт хүчинд Крымийн хойг, Хар тэнгисийн зүүн хэсэг, Азовын тэнгисийн баруун хэсэгт хүрэх зам нээгдэж байна гэсэн үг юм.

Мөн Украины цэрэг холын тусгалтай их буу, тийрэлтэт сумнуудаар Днеприйн баруун эрэг төдийгүй Крымд байрласан орос цэргийн нисэх буудал зэрэг цэргийн байрлалыг чөлөөтэй буудах боломжтой болов.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд төв телевизээр цэргүүддээ Херсон хотыг орхин гарахыг зөвшөөрсөн нь энд байсан орос цэргүүд цэргийн техникээ олноор нь орхин өөрсдөө явган нүцгэн, яаран сандран дайжиж Днепр мөрнийг гатлахад хүргэсэн байна. Ингэснээр орос цэргүүд Украины зэвсэгт хүчнээс гадна өвөл хэмээх бас нэг хүчтэй дайсантай тулалдах болоод байгаа юм. Учир нь ялангуяа шинээр дайчлагдсан орос цэргүүдийн өвлийн хангамж бараг байхгүйтэй адил байгаа билээ. Иймээс орос цэргүүдийн эхнэрүүд шинээр дайчлагдсан цэргүүдэд ядаж шөнө дулаан хонох түлэх түлээ өгөхийг удирдлагаас нь шаардаж байна. Тэгвэл Украин цэргүүдэд Английн армиас өгсөн өвлийн хувцас хэрэгсэл дулаан хонох, хоол, цайгаа буцалгах хэрэгсэл, өдөр шөнийн дуран гээд нийт 40 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд үүн дээр нэмж цэрэг болгонд эмнэлгийн анхан шатны иж бүрдэл олгож байна.

Оросын арми ийнхүү Херсоноос ухарсан ч сарын хугацаанд бүх зүйлийг минижүүлж орхижээ. Тухайлбал, шүүгээнд мини хийж дотор нь амьд муур түгжсэн байна. Өлссөн муурыг авахаар хаалга онгойлгоход бөмбөг дэлбэрэх аж.

Ийнхүү В.Путинд Украинаас бүх цэргээ гарган, учруулсан хохирлоо төлөхөөр тохирч, өөрийн дэглэмийг татан буулгаж оронд нь өөрийгөө болон ойр тойрныхныгоо олон улсын шүүхээр оруулахгүй, хөрөнгөө аван Хятадад очих ганц зам үлдэв.Энэ боломжийг ашиглаж чадах эсэх нь зөвхөн өөрөөс нь шалтгаална.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Тэрбумтангууд яагаад цомхотгол яриад эхлэв DNN.mn

Дэлхийн тэргүүн тэрбумтан Илон Маск шинэ эзэн болж ажилдаа орсон өдрөөсөө л Твиттерийн захирлуудыг ээлж дараалан халж, захирлуудын зөвлөлийг татан буулгасан. Цаашлаад Твиттер компанийн ажилтнуудын тал орчим хувийг Илон Маск халахаар зэхэж байна гэж өөрсдийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Блүүмберг агентлаг 11 дүгээр сарын гуравны өдөр мэдээлсэн. Твиттер компанид ажилладаг 7.5 мянган хүний 3.7 мянгыг нь ажлаас хална, харин ажилдаа үлдсэн хүмүүсийг гэрээсээ ажиллахыг хориглохоор төлөвлөж байгаа гэсэн. Ингэснээр Илон Маск зардал хэмнэхээр тооцоолж байна гэж эх сурвалж мэдээлжээ. Тэгвэл Марк Цукерберг ажилчидтайгаа уулзах үеэрээ зардлаа бууруулж, тэргүүлэх чиглэлээ өөрчлөхийн тулд шинэ баг ажилд авахыг зогсоож, бүтцийн өөрчлөлт хийснээр корпораци 2023 он гэхэд хамаагүй жижиг болно гэж хэлсэн. Тус компани 2004 онд Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулснаас хойш анх удаа ийм арга хэмжээ авч байгаа юм. Шалтгаан нь бас л компанийн орлого буурсантай холбоотой аж. Гүйцэтгэх захирал Цукерберг “Эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа нь” ийм шийдвэр гаргах шалтгаан болсон гэж үзэн, ажилд авахыг түр зогсооно гэж мэдэгдэв.

Одоо Мета компанид 83.5 мянга гаруй ажилтан ажилладаг аж. Коронавирусийн тахлын үеэр Мета ажилчдынхаа тоог 62 хувиар нэмэгдүүлж, 2019 оны эцэст 48,000 байсан бол 77,800 гаруй ажилтантай болжээ. Метагийн 2022 оны I улирлын орлогын тайланд хүлээгдэж буй 28.2 тэрбум долларын орлогоос 27.91 тэрбум долларын орлого олжээ. Хоёр нийгмийн сүлжээ болон мессенжерийн цэвэр орлого нэгдүгээр улиралд 2021 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурч, 11,48 тэрбум ам.доллар болжээ. Хамгийн гол нь 2021 онд 2,96 тэрбум долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. Мета компаний хувьцааны үнэ 2022 онд 60 хувиар унасан аж. Энэ бүхэн дэлхийн эдийн засаг хумигдаж байгаа нь Илон Маск, Марк Цукерберг нарыг ч тойрохгүй дайрч, ажилчидаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүргэж байна гэсэн үг болж байна.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ цаг-үе

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ DNN.mn

АНУ-ын Техас мужид болсон агаарын шоуны үеэр Дэлхийн II дайны үеийн хоёр онгоц мөргөлджээ.

Осолдсон хоёр онгоцонд хэдэн хүн байсан, амьд үлсэн хүн байгаа эсэх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Дэлхийн II дайны үеийн онгоцнуудын анхны агаарын шоу гэж тодорхойлсон АНУ-ын “Wings Over Dallas Airshow”-ын үеэр гарсан уг ослыг Холбооны Нисэхийн Захиргаанаас мөрдөн шалгаж буй аж.

Мөргөлдсөн хоёр онгоцны нэг нь “Нисдэг цайз” хэмээн нэрлэгддэг Боинг В-17 байжээ. Ахмад дайчдын баярт хэмээн тодотгосон агаарын шоуг баасан гарагт 4000-6000 мянган хүн үзжээ. Гурван өдөр үргэлжлэх хөтөлбөртэй шоуны үеэр онгоц осолдсонд Даллас хотын дарга Эрик Жонсон эмгэнэл илэрхийлсэн байна.

Тэрбээр “Ослын бичлэгүүд зүрх шимшрүүлж байна. Олон гэр бүлд баяр баясал бэлэглэж, түүхийг танин мэдүүлэх зорилгоор тэнгэрт хөөрсөн тэдгээр эрхмүүдийн дурсгалд зориулж бүгд залбирцгаая” хэмээн твиттер хуудаснаа бичжээ.

В-17 бөмбөгдөгч онгоц дэлхийн II дайнд Германы эсрэг хийсэн агаарын дайнд ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байв. Харин хоёр дахь онгоц болох P-63 Kingcobra нь мөн дэлхийн II дайнд ашиглагдаж байсан сөнөөгч онгоц байжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ Украинд 400 сая ам.долларын шинэ багц цэргийн тусламж үзүүлнэ DNN.mn

АНУ Украинд 400 сая ам.долларын шинэ багц цэргийн тусламж үзүүлэхээр болсныг тус улсын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгджээ.

“Өнөөдөр Батлан хамгаалах яам аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт Украины хэрэгцээг хангах зорилгоор ерөнхийлөгчийн 400 сая ам.долларын аюулгүй байдлын багц тусламжийг хуваарилсныг зарлаж байна” гэж Пентагоны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Энэхүү багц тусламжийн хүрээнд “Hawk” агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан пуужин, түүнчлэн “Stinger” пуужингаар тоноглогдсон “Avenger” зенитийн пуужингийн дөрвөн цогцолбор, “HIMARS” пуужингийн системд зориулсан нэмэлт сум, 155 мм-ийн их бууны сум 21 мянгыг, өндөр нарийвчлалтай 155 мм-ийн их бууны сум 500-г, хүйтэн цаг агаарын хэрэгсэл болон бусад цэргийн техникийг Киевт илгээх юм.

Энэ нь 2021 оны наймдугаар сараас эхлэн АНУ-аас Украинд үзүүлж буй 25 дахь багц тусламж гэдгийг хэвлэлийн мэдээнд онцолжээ.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш АНУ Украинд нийтдээ 19.3 тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ.

Categories
гадаад мэдээ

АСЕАН: Мьянмарт энх тайван тогтоох тодорхой цаг хугацаа өгнө DNN.n

Камбож улс АСЕАН-ын дээд уулзалтыг нутагтаа хүлээн авч байна. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо АСЕАН Мьянмарын цэргийн дэглэмд таван зүйл бүхий энх тайван тогтоох төлөвлөгөө хэрэгжүүлэх тодорхой цаг хугацааг зааж өгөхөөр тохиролцлоо. Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд өнгөрсөн оны эхээр төрийн эргэлт хийснээс хойш ардчиллын төлөө тэмцэгчид, үндэсний цөөнхийн зэвсэгт босогчдыг хүчээр дарсаар байгаа юм.

АСЕАН өмнө нь ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхгүй байх зэрэг заалттай таван зүйлт зөвшилцлийн Мьянмарын эрх баригчдад санал болгосон ч цэргийнхэн уг зөвшилцлийг дагаж мөрдөхгүй байгаа юм. Иймээс сүүлийн гурван жилд анх удаа нүүр тулж уулзаж байгаа АСЕАН-ы эрх баригчдын дээд хэмжээний уулзалтаар Мьянмарын нөхцөл байдлыг нухацтай авч хэлэлцлээ. Зүүн өмнөд азийн улс орнуудын эрх баригчид Мьянмарын нөхцөл байдал хүнд хэвээр байгаагийн зэрэгцээ хүчирхийлэл улам бүр нэмэгдэж байгаа нь гол санаа зовоосон асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ингээд тус улсад энх тайван байдлыг тогтоох таван зүйлт зөвшилцлийг хэрэгжүүлэх тодорхой хугацааг зааж өгөхөөр шийдвэрлэжээ. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл АСЕАН-ын бүх түвшний уулзалтад Мьянмарын төлөөллийг байлгах эсэх асуудлыг авч үзэхээр болж байна.

Одоогоор Мьянмарын цэргийн хунтын дэглэмийн гишүүдийг АСЕАН-ын дээд хэмжээний уулзалт болон гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохыг хориглосон, зөвхөн улс төрийн бус төлөөллөө илгээхийг л зөвшөөрсөн байгаа юм. Хэрвээ энэ мэтээр хориг хэрэгжвэл Мьянмар бүс нутгийнхаа нөлөө бүхий эвслийн гадна үлдэж, олон улсын тавцанд ганцаардах, тусгаарлагдах чиглэл рүү орох эрсдэлтэй юм. Өнгөрсөн оны 2-р сарын 1-нд Мьянмарын төрийн эрхийг хүчээр авсан цэргийн хунтын дэглэм АСЕАН-ын энх тайван тогтоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх товлосон хугацааг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Зүүн өмнөд азийн 10 улсыг эгнээндээ нэгтгэсэн АСЕАН яриа хэлэлцээний түнш орнуудаа дээд уулзалтад урьдаг уламжлалтай. Тухайлбал Хятад, Япон, өмнөд Солонгос, АНУ, Украин зэрэг улс орнуудын эрх баригчид Камбожийн нийслэл Пномпень хотноо АСЕАН-ын дээд уулзалтад оролцож, олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, худалдааны саад тотгорыг арилгах зэрэг өргөн хүрээний сэдвийг хэлэлцэж байна.

Categories
гадаад мэдээ

Европын холбоо ирэх онд Украинд 18 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ DNN.mn

Европын холбоо ирэх онд Украинд 18 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө танилцууллаа. Уг тусламжийг дайнд нэрвэгдсэн Украин улс эрчим хүч, эрүүл мэндийн байгууллагуудаа хэвийн ажиллуулах, цалин тэтгэврээ тавихад нь дэмжлэг болгох зорилгоор нэн хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөх аж. 2023 онд Украинд сар бүр 3-4 тэрбум америк долларын санхүүжилт хэрэгтэй гэж Олон улсын валютын сан тооцоолж байна.

Европын холбооны гүйцэтгэх байгууллага Европын комиссын мэдээлснээр санхүүгийн тусламж ирэх оны 1 дүгээр сараас эхлэн сар бүр 1,5 тэрбум еврогийн дүнтэй, маш таатай нөхцөлтэй зээл хэлбэрээр олгогдох юм байна.

Ингэхдээ Украин улс ойрын 10 жилдээ уг санхүүжилтийг эргэн төлөх шаардлагагүй, Европын холбооны гишүүн орнууд зээлийн хугацаанд хүүг төлөх юм. Украинд ирэх оноос эхлэн сар бүр шаардлагатай 3-4 тэрбум америк долларын 1,5 тэрбумыг нь Европын холбоо нэн таатай нөхцөлтэй зээл хэлбэрээр өгөх бол зөрүүг нь АНУ болон санхүүгийн байгууллагууд, бусад хандивлагчид нөхөн төлөх юм байна.

Европын комисс Украинд илүү таатай нөхцөлөөр санхүүгийн тусламж үзүүлэхийн тулд гишүүн 27 орны жин нөлөөг ашиглан хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор төлөвлөж байгаа юм байна. Тус комисс ирэх оны 1 дүгээр сараас эхлэн эхний зээлийг гаргахын тулд он дуусахаас өмнө энэхүү тусламжийн төлөвлөгөөг батлахыг Европын холбооны гишүүн орнууд болон Европарламентад уриалжээ.

Европын холбоо өнгөрсөн 2 дугаар сард Орос Украинд дайн эхлүүлснээс хойш Киевт өгөхөөр 19 тэрбум евро төсөвлөсөн ч санхүүжилт өгөхдөө хэтэрхий удаан байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Орос Иранд 140 сая евро бэлнээр өгсөн DNN.mn

Украины чухал дэд бүтцэд халдлага хийхэд Оросын цэргүүд ашигласан камикадзе нисгэгчгүй онгоцнуудын үнэнд Орос улс Иранд 140 сая евро бэлнээр өгөөд зогсохгүй дайнд олзлогдсон барууны зэвсгийн хэд хэдэн дроныг хүлээлгэн өгнө гэж Их Британийн телевизийн “Sky News” суваг мэдээлжээ.

“Sky News”-ийн мэдээлснээр, ОХУ-аас Иранд Британийн танк эсэргүүцэгч “NLAW” пуужин, Америкийн танк эсэргүүцэгч “Жавелин” пуужин, зенитийн “Стингер” пуужинг шилжүүлсэн юм байна. Тус суваг 2022 оны 8-р сарын 20-нд Тегеран хотод Оросын Ил-76 онгоц буусныг харуулсан байна. Мөнгө, барууны зэвсгийг энэ онгоцоорхүргэсэн гэж таамаглаж байна. Үүний хариуд Иран улс 160 камиказе нисгэгчгүй онгоц буюу 100 “Шахед-136”, 60 “Шахед-131”, мөн бөмбөг хаях чадвартай зургаан “Мохажер-6” дроныг Оросуудад өгсөн байна. Үүнээс гадна Иран, Орос улс 200 сая еврогийн үнэ бүхий дронуудыг цаашид нийлүүлэхээр тохиролцсон аж.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Итэвон дахь зочид буудлын даргыг мөрдөн байцаалтад шилжүүлжээ DNN.mn

Сөүлийн Итэвон дүүрэгт сүнсний баяраар болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор мөрдлөг шалгалт үргэлжилж байна. Олон хүн цугларсан тус гудамж дахь хууль бус өргөтгөлүүдээс болж зай талбай улам нарийссан гэдгийг тусгай мөрдөн байцаах баг өчигдөр /2022.11.09/ тогтоожээ.

Тодруулбал, Мөрдөн байцаалтын баг 14 мөрдөн байцаагчийг Хамилтон зочид буудал руу ажиллуулахаар илгээжээ. Хамилтон зочид буудал үндсэн барилгынхаа хойд талын 17.2 м/кв талбайг хууль бусаар сунгаж, өргөтгөл барьсан нь шалгалтаар тодорхой болжээ.

Зочид буудлын даргыг барилгын болон замын хууль зөрчсөн хэргээр мөрдөн байцаалтад шилжүүлэв. Мөн Хамилтон зочид буудлын лицензийн бичиг баримтыг хурааж авахаар болсон.

Categories
гадаад мэдээ

Украины ээлжилт том ялалт DNN.mn

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Украин дахь цэргийн нэгдсэн бүлгийн командлагч Сергей Суровикин Оросын армийн амжилтын тухай “тусгай ажиллагаа”-ны бүс бүхэлдээ “тогтворжсон”, дайчлагдсан болон сайн дурынхны ачаар Оросын бүлгийн байлдааны чадвар нэмэгдсэн, Оросын цэргүүд тодорхой бүс нутагт давшилтын ажиллагаагаа сэргээсэн гэж мэдэгдээдүүний зэрэгцээ Херсоны чиглэлд хамгаалалт тогтвортой байгаа ч “өөрийн онцлог” болох мужийн төв болон зэргэлдээх суурин газруудыг бүрэн хамгаалахад хүндрэлтэй байгаа учир иргэдийн амь насанд аюул заналхийлж байна гээд генерал Херсон хотоос Оросын цэргийг Днепр мөрний зүүн эрэг рүү татах хүсэлтэй байгаагаа илтгэв.

Хариуд нь “Би зөвшөөрч байна” гэж Шойгу хэлээд “Цэргээ татах ажлыг эхлүүл. Цэргийн бие бүрэлдэхүүн, зэвсэг, техникээ Днепр мөрний дээгүүр аюулгүй дамжуулах бүх арга хэмжээг ав” гэж Суровикинд тушаажээ. Тэдний энэхүү уулзалтыг “Россия-24” суваг шууд дамжуулав.

Оросын цэргүүд Украинд довтолсон эхний өдрүүдэд Херсон хотыг эзэлсэн нь тэднийэзлэн авсан ганц мужийн төв болсон бөгөөдоросын улс төрчид “Орос энд үүрд үлдэнэ” гэж мэдэгдэж байсан юм. “Украины Харьков мужид хийсэн амжилттай довтолгооны дараа Днепр мөрний баруун эргийг өөрсдөө орхин гарч байгаа нь Орост хүн хүч дутмаг байгааг харуулсан явдал болж байна. Генерал Суровикин Украин дахь Оросын армийг командалсан үеэсээийм алхам хийхийг хүсч байсан нь тодорхой” гэж Америкийн Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч Роб Ли мэдэгдсэн байна.

Энэ бол яах аргагүй өөрсдийн цэргийн хүчээ хэмнэж, барууны оновчтой хүнд зэвсгээр нэг өдөрт л дайсны хэдэн зуун цэргийг устган туйлдуулж чадсан Украины армийн том ялалт юм.

Г.Амарсанаа