Categories
гадаад мэдээ

Хүмүүс хэдэн зуун мянган жилийн өмнө гал ашиглаж байжээ DNN.mn

Хүмүүс урьд өмнө бодож байснаас хэдэн зуун мянган жилийн өмнө галыг хоол хийхдээ ашиглаж эхэлсэн. Ийм дүгнэлтэд Израилийн мэргэжилтнүүдээр ахлуулсан олон улсын судлаачид 780 мянган жилийн өмнө идэж байсан загасны үлдэгдлийг Израилийн хойд нутгаас илрүүлсэн байна.

Өнөөг хүртэл түүхчдэд олдсон баримтаас үзэхэд хүмүүс МЭӨ 170,000-аас эхлэн гал дээр хоол хийж эхэлсэн гэдэг. Гэсэн хэдий ч шинэ олдворууд нь эртний хүмүүсийн амьдралын талаархи ойлголтыг эрс өөрчилж байна.

Тибериас нуураас 14 км-ийн зайд (Израильд үүнийг Киннерет нуур гэж нэрлэдэг) Иордан голын эргээс археологийн малтлага хийх явцад хоёр метр мөрөг шиг загасны үлдэгдэл олдсон байна. Загасны шүд нь маш сайн хадгалагдсан бөгөөд эрдэмтэд паалан дээрх талстаас нь харахад галд шууд өртөөгүй, харин бага температурт чанаж болгосон болохыг тогтоожээ. Хүн төрөлхтөн түүхий хоол идэхээс чанаж болгосон хоолонд шилжих нь түүний хөгжлийн хамгийн чухал үе шатуудын нэг гэж эрдэмтэд итгэлтэй байна. Малтлагыг удирдаж байсан Иерусалимын Еврей их сургуулийн Наама Горен-Инбар хэлэхдээ “Хоол хийх ур чадвар эзэмшсэн нь хүн төрөлхтөн хүнсний нөөцөө оновчтой ашиглах нэмэлт арга замыг олж авснаар хувьслын томоохон үсрэлт болсон байна” гэж хэлэв. Уг экспедицид Их Британи, Германы археологичид мөн оролцож байна. “Түүгээр ч барахгүй хоол хийхдээ зөвхөн загасаар зогсохгүй төрөл бүрийн амьтан, ургамлыг хийсэн байж магадгүй” гэж тэр хэлэв. Эртүеийн малтлага хийсэн газар нь Хула нуур байсан бөгөөд тэнд загас ихтэй байжээ. Хүмүүс 1950-иад онд хумхаа үүсгэгч шумуулын эсрэг тэмцэл хийснээр уг нуур шумуул ч үгүй загас ч үгүй болсон байна.

Тухайн газраас олдсон бусад археологийн баримтууд нь нуурын эрэгт хэдэн арван мянган жилийн турш анчиновог аймгууд нутаглаж байсныг харуулж байна. Судлаачид Хула болон бусад цэнгэг усны усан сангуудын байршлыг үндэслэн анхдагч хүмүүсийн Африк тивээс Левант болон түүнээс цааш нүүдэллэх маршрутыг гаргах боломжтой гэж үзэж байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Түүний туслахууд сонгуульд оролцох хүсэлтийг нь албан ёсоор гаргасан бол экс ерөнхийлөгч өөрөө Флорида дахь өргөөндөө цугларсан дэмжигчиддээ хандан үг хэлжээ. “Америкийн эргэн ирэлт одоо эхэлж байна!” хэмээн Трамп зарлав.

Тэрээр Цагаан ордонд өнгөрүүлсэн дөрвөн жилээ бахархалтайгаар өгүүлэв. “Тэр богино дөрвөн жилд хүн бүр маш сайн ажилласан” гэж тэр хэлээд “Хүн бүр урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр цэцэглэн хөгжсөн”, түүнийг албан тушаалаа орхих үед коронавирусын тахлын улмаас үүссэн уналтаас эдийн засаг хурдан сэргэж байна гэж мэдэгдэв.

Трамп мөн АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийг Украины мөргөлдөөнийг даван туулах чадваргүйн улмаас улс орныг цөмийн дайны ирмэгт хүргэсэн гэж шүүмжилсэн байна. Тэрээр “Америкийг дахин аугаа, алдар суут болгохын тулд өнөөдөр би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэж мэдэгдэв. Харин олон улс судлаачид түүнийг энэ удаагийн сонгуульд намаасаа гарч чадахгүй гэж дүгнэсэн байна.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Польшид унасан пуужинг НАТО хянаж байжээ DNN.mn

Польшийн нутагт унасан пуужингийн чиглэлийг НАТО-гийн онгоц хянаж байсан тухай “CNN” мэдээлжээ. Оросын тусгай ажиллагаа эхэлснээс хойш тус эвслийн онгоц Украины нутаг дэвсгэрийг байнга хянаж байгаа юм. Шалгалтын явцад пуужингуудыг Украины агаараас хамгаалах системээс харвасан гэж дүгнэжээ. Энэ сарын 15-нд Польшийн “ZET” радио Украины хил орчмын тосгонд хоёр пуужин унаж хоёр хүн амь үрэгдсэн болохыг мэдээлсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яам дээрх пуужингууд Оросынх гэх мэдээллийг үгүйсгэж пуужингийн хэсгийн зургууд нь Украины зенитийн С-300 цогцолборын хэсэг елемент гэдгийг баталж байна хэмээн мэдэгдэж байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч Польшийн нутагт унасан пуужингуудыг Оросын нутгаас харвасан гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Дараагийн өдөр нь тэр Их долоо болон НАТО-гийн холбоотнууддаа пуужин унасан нь Украины Агаараас хамгаалах хүчний үйл ажиллагааны уршиг гэж мэдэгдсэн байв. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда дахин ийм явдал давтагдах ёсгүй гээд азгүй тохиолдол гэж нэрлэжээ.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Словен анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болов DNN.mn

Өнгөрсөн ням гаригт Словенийн сонгогчид бие даан нэр дэвшигч Наташа Пирц Мусарыг улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгожээ. Н.Мусар одоогийн Ерөнхийлөгч Борут Пахорын бүрэн эрхийн хугацаа дуусах үед буюу ирэх 12 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөнө.

Саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаарх урьдчилсан дүнгээр, Н.Мусар 54 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан, сөрөг хүчний Словенийн Ардчилсан намын гишүүн Анзе Логар 46 хувийн санал авчээ. Өдгөө 54 настай Н.Мусар нь өмгөөлөгч, сэтгүүлч бөгөөд улсын мэдээллийн комиссарын алба хашиж байжээ. Тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувиар өрсөлдсөн ч хоёрдугаар шатанд түүнийг Ерөнхий сайд Роберт Голобын зүүний төвч үзэлт “Эрх чөлөөний хөдөлгөөн” болон түүний эвслийн түншүүдийн нэг “Социал Демократ” нам дэмжжээ.

Categories
гадаад мэдээ

Иений ханш өсөв DNN.mn

Японы мөнгөн тэмдэгт хэдэн арван жилийн турш байгаагүй түүхэн доод хэмжээндээ хүрч нэг доллар150 иен болоод байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ханшийн томоохон өөрчлөлт гарч, иений нэг америк доллартой харьцах ханш 138-д хүрсэн байна. Үүнд АНУ-ын пүрэв гарагт гаргасан инфляцын мэдээлэл нөлөөлсөн гэж “NHK мэдээлжээ.

“Sony Financial Group”-ийн шинжээч Огава Маки “АНУ-ын инфляц цаашид хараахан буурах төлөвгүй байна гэж үзэж байгаагаас гадна, иений ханш хэт өссөн байгааг онцолжээ. Долларын иентэй харьцах ханшийн өсөлт дунд болон урт хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй гэдгийг дурдсан байна. Тэрээр нэмж хэлэхдээ, доллартой харьцах иений ханш зөвхөн сүүлд гарсан хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт дээр үндэслэн буурна гэж хэлэхэд эрт байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Morgan Stanley MUFG Securities-ийн Сугисаки Коичи-гийн хэлснээр, иений ханш ирэх жил өсөх магадлал өндөр байгаа бөгөөд зах зээлийн арилжаачид АНУ-ын ханшийн өсөлт удааширч, эсвэл бүр зогсоно гэж таамаглаж байгаа юм.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Гуанжоуд хөл хорио тогтоов DNN.mn

“Covid-19” халдварын бүртгэгдсэн тохиолдол огцом нэмэгдсэнээр Хятадын өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн төв Гуанжоуг хөл хорионд оруулжээ. Ингэснээр олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг огцом удаашруулсан санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Бараг таван сая хүн амтай дүүргийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг тушааж, гэр бүлийн нэг л гишүүн өдөрт нэг удаа гарч хэрэгцээт зүйлсээ худалдаж авахыг зөвшөөрсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. 13 сая хүн ам шигүү суурьшсан хотод сүүлийн 24 цагийн дотор 2,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа уг тушаал гарчээ.

Гуанжоу хотын ихэнх хэсэгт нийтийн тээврийг түр зогсоож, сургуулиудыг хааж, Бээжин болон бусад томоохон хот руу хийх нислэгийг цуцалсан гэж төрийн хэвлэл мэдээллээ.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Бен Хожес: ОХУ задрах гэж байна DNN.mn

АНУ-ын бэлтгэл дэслэгч генерал, цэргийн нэрт шинжээч Бен Хожес “ABC” телевизэд ярилцлага өгөхдөө барууны улсуудыг ОХУ-ын задралд бэлэн байх ёстой болсныг анхааруулсан байна. Тэрээр ОХУ яагаад задрах гэж байгааг гурван шалтгаанаар тойлбарлажээ. Хамгийн гол буюу нэгдүгээр шалтгаан нь Оросын арми Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөснөөр арми нь хэрхэн ялзарч авилгажин, сул дорой болсон нь дэлхий нийтэд ил тод болсон. ОХУ-ын том газар нутгийг арми нь л тогтоон барьдаг байсан. Херсон чөлөөлөгдсөн нь Оросын зэвсэгт хүчний арчаагүй үнэн төрхийг бүрэн нотоллоо. Энэ нь Кавзакаас эхлэн зах хязгаараасаа ОХУ задрах гол нөхцөл боллоо. Хоёрдугаарт, ОХУ-ын эдийн засгийн сүйрэл. В.Путин байгалийн хийг зэвсэг болгож ашиглахдаа хэт яаран энэ гол зэвсгээ ямар ч ашиггүй зүйл болгосон. Одоо ямар ч улс эдийн засгийн хоригоос зайлсхийж Оросын нефть, хийг худалдан авахгүй болсон. Экспортынх нь гол орлогын нэг болдог байсан Оросын зэвсгийг бас хэн ч авах гэж сонирхохгүй боллоо. Гуравдугаарт, Хятадууд Оросууд гэрээгээр авчихаад өгөхгүй байсан 1 500 мянган ам.км газар нутгаасаа бүр цаашилж Сибирийг тэр чигт нь авах боломжтой болоод байна. Иймээс барууны улсууд ОХУ-ын задралд бэлэн байх нь урьд урьдаас чухал асуудал болоод байна гэж хэлсэн байна.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрэв DNN.mn

Дэлхийн хүн ам энэ сарын 15-нд буюу өнөөдөр 8-н тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ-аас гаргасан “Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2022” тайланд дурджээ. Ирэх онд Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно. Дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбумд хүрэх бол 2050 онд 9.7 тэрбум болно. Шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн оршин суугчдын тоо 2080-аад онд 10.4 тэрбум болж оргилдоо хүрэх бөгөөд 2100 он хүртэл энэ түвшинд байх аж.

XXI зууны дунд үе гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь ердөө найман улсад төвлөрнө. Эдгээр нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин болон Танзани улс юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“KFC” уучлал хүсэв DNN.mn

KFC түргэн хоолны сүлжээ ресторан “Болор шөнө” буюу Кристаллнахтийг тусгай бяслагтай тахианы махтай тэмдэглэхийг уриалсан зурвас илгээснийхээ төлөө Германы хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлал гуйжээ.

Түүхнээ “Болор шөнө” гэж тэмдэглэгдсэн 1938 оны арваннэгдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нацистууд еврейчүүдийн дэлгүүр хоршоог галдан шатааж, орон гэрийг нь түйвээж, 90 гаруй еврейн амийг хөнөөж, 30 мянга гаруй хүнийг баривчилж байсан. Энэ шөнө еврейчүүдийг хоморголон устгах холокостийн эхлэл тавигдсан гэж зарим түүхчид үздэг. Тэгвэл түүхэнд хар мөр үлдээсэн энэ өдрийг тэмдэглэхийг уриалж KFC-гийн Герман дахь салбар “Өнөөдөр Болор шөнийг дурсах өдөр. Нэмэлт зөөлөн бяслагтай шаржигнуур тахиагаар өөрсдийгөө дайлаарай” гэсэн зурвасыг иргэдийн гар утас руу илгээжээ. Үүнийхээ дараа удалгүй уучлал гуйсан шинэ зурвасыг илгээсэн байна. “Бид маш их харамсаж байна. Ийм алдаа дахин гаргахгуйн тулд дотоод хяналтдаа шалгалт хийх болно. Бидний алдааг уучлаарай” гэжээ. Их Британийн еврей төлөөлөгчдийн зөвлөлийн дарга Даниэл Шугарман KFC-гийн зурвасыг байж боломгүй, жигшмээр явдал гэжээ.

“KFC”-ийн албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар автомат мэдээллийн өгөгдлийн хуанлид нь Германы баярууд болон тэмдэглэлт өдрүүд бүртгэгдсэн байдаг учир автоматаар ийм зурвас илгээгдсэн гэжээ.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Истанбул хотын төвд дэлбэрэлт болов DNN.mn

Истанбул хотын төвд байрлах жуулчдад зориулсан Истиклал гудамжинд дэлбэрэлт болсны улмаас дор хаяж зургаан хүн нас барсан гэж Истанбул мужийн захирагч Али Йерликая твиттер хуудсандаа бичжээ. Үүнээс гадна 81 хүн шархадсан бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байна.

Дэлбэрэлт болсон газар цагдаа, гал сөнөөгч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна.Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай Истанбулд болсон дэлбэрэлтийг “террорист үйлдэл” гэж орой нь хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Үүний зэрэгцээ одоогоор дэлбэрэлтийг амиа золиослогч эмэгтэй үйлдсэн гэж таамаглаж байна.



Г.Амарсанаа