Саяхан АНУ-ын бэлтгэл дэслэгч генерал, цэргийн нэрт шинжээчБен Ходжес “ABC” телевизэд ярилцлага өгөхдөө “Хятадууд Оросууд гэрээгээр авчихаад өгөхгүйбайсан 1 сая 500 мянган ам.км газар нутгаасаа бүр цаашилж Сибирийгтэрчигтнь авах боломжтой болоод байна” гэж хэлсэн нь олон монголчуудыг “манай нутгийг хэлсэн юм биш үү” гэж нийтийн сүлжэээнд бичихэд хүргэжээ. Иймээс бид генерал Бен Ходжес ярилцлага өгөхдөө яг ямар нутгийг хэлснийг уншигчиддаа тодруулан хүргэж байна.
XIX зууны Манж Чин улс Европчуудад хаалттай баян чинээлэг улс байжээ. Энэ нь өөрсдөө иргэдийнхээ хэрэгцээт бүх зүйлийг үйлдвэрлэж гадны гарыг хардаггүй байсан гэсэн үг. Харин евопчууд энэ улсаас шаазан эдлэл, цай, торгоноос авахуулаад маш олон зүйлийг экспортлон авдаг байв. Энэ нь тэдэнд гадаад худалдааны алдагдлыг бий болголоо. Энэ үед мануфактур дээрээ уурын хөдөлгүүрийг инноваци болгон нэмж, аж үйлдвэрийнI хувьсгал хийн, эдийн засгийн шинэчлэл хийсэн Англи тэргүүтэй улс цэрэг, техникийн ололт амжилтандаа тулгуурлан нөлөөгөө тэлэхэд бэлэн болоод байв. Хүн ам нягт суурьшсан олон иргэдтэй Манж Чин улс Европын маш том зах зээл болох байлаа. Гэвч манжууд “цагаан луйварчдыг цухуйлгаж ч болохгүй” гэсэн хатуугийн хатуу, хаалттай бодлого баримталж байв.
XIX зууны дунд үед европын наймаачид зөвхөн Гуанжоу боомтод наймаа хийдэг бөгөөд тус боомтод байрлах газраас цааш ганц ч алхах эрхгүй байлаа. Европчуудтай худалдаа хийх эрхтэй манжийн 13-хан компани байсан учир дуртай цагтаа үгсэн хуйвалдаж үнээ нэмж байв. Энэ 13 компанийг улсаас хатуу хянаж улсынхаа тухай ямар нэгэн мэдээ европ худалдаачдад дамжуулах, хятад, манж хэл заахыг хатуу хориглож зөрчвөл бөндгөртэй нь ярьдаг байжээ. Эдгээр компаниуд бараагаа зөвхөн алт, мөнгөн зоос, гулдмайгаар зарж байсан тул европт үнэт металлын хомсдол үүсэж ялангуяа фунт стерлингийн ханш уналаа. Иймээс англичуудад худалдааны алдагдлаа засах, Хятадад маш их эрэлт үүсгэн завсаргүй зарагдах бараа олох хэрэгтэй болов. Үүнийгээ ч олов. Энэ нь хар тамхи.
XVIII зуунаас Энэтхэгийн худалдааг хариуцсан Английн ”Ост-Инд” компани Бенгалийн хар тамхийг худалдан авах монополь эрхтэй байжээ. Энэ компани XIX зууны эхээр хар тамхиа Хятадын зах зээлд амжилттай борлуулж эхэлсэн байна. 1834 оноос энэ компаниас гадна олон англичууд хар тамхины наймаа эрхлэх болж монополь эрх цуцлагдсанаар хятадад нийлүүлдэг хар тамхи хэдэн арав дахин нэмэгдэв. Үүнээс өмнө Манж Чин улс хар тамхийг маш бага хэмжээгээр, зөвхөн эмийн зориулалтаар хэрэглэдэг байжээ. Ийнхүү Манж Чин улсад хар тамхи тахал болон тархаж удалгүй жирийн иргэдээс гадна төрийн албан хаагчид, цэрэг армийнхан хүртэл хэрэглэдэг болов. Англичууд хар тамхийг зөвхөн цэвэр мөнгөөр зарж байсан нь гадаад худалдааны алдагдлыг арилган бүр ашигтай болгож үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтмол барих боломжтой болов. Манж Чин улсын хаан зүгээр байсангүй. Хар тамхийг хориглосон маш хатуу арга хэмжээ авч явууллаа. Ингээд түүхэнд “Хар тамхины” гэж нэрлэгдсэн дайн эхлэх боломж хоёр талаасаа бүрэн бүрдэх нь тэр.
1840 онд Манж Чин улсын усан хилд английн флот хүрч ирэв. Ингээд Манж Чин улсаас хурааж авсан хар тамхины үнийг төлөх, адил тэгш эрхтэйгээр худалдаа явуулах боломж олгохыг шаардав. Бээжин зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн боловч барууны зэвсгийн хөгжлийн өмнө хүчин мөхөсдөв. Англичууд чухал түшиц газруудыг ээлж дараалан эзлэн авч бүр Бээжинд тулж ирлээ. Ингээд удтал хэлэлцсэний эцэст 1842 оны наймдугаар сарын 26-нд Нанхийны энхийн хэлэлцээр байгуулагдаж Бээжин Лондонд олон сая мөнгөн зоос төлөх, Хонгонкийг Английн мэдэлд өгөх, далайн гол боомтуудаа Английн худалдаачдад нээх үүрэг хүлээжээ.
Нэг их удсангүй, Оросыг ялж Крымын дайныг амжилттай дуусгасан Англи Бээжинтэй дахин байлдах шалтаг хайж эхлэв. Ийм шалтаг ч олдлоо. Манж Чин улс Английн далбаатай Хонгонкийн “Эрроу” гэх худалдааны хөлгийг далайн дээрэм хийсэн хэмээн олзлон авсан нь дайн хийх сайхан шалтаг болов. Энэ удаа Манжийн эсрэг анличуудаас гадна холбоотон Франц ч хамтран довтлов. 1857 онд англичууд Гуанжоу боомтыг эзлэн авав. Гэтэл Энэтхэгт сипаечуудын зэвсэгт бослого гарсан нь байлдааныг цаашид өргөжүүлэх англичуудын боломжийг хаав. Ингээд 1858 онд энхийн хэлэлцээр эхэлжээ. Англи, Франц болон Манжийн хэлэлцээрт орос, америкчууд хүртэл оролцов. Оросууд сиймхийг ашиглан манжуудтай дангаар гэрээ хийж хүн амсаад байх юмгүй ч маш их баялагтай, далайд гарах чухал түшиц газар болох нэг сая ам.км газар нутгийг нь түр ашиглах гэрээ хийн салгаж амжив. Энэ үед Манж хаан гадны шахалтнаас гадна дотооддоо Манжуурт гарсан бослогыг яая гэж байсан учир англи, франц, америкийн бүх болзлыг хүлээн авсан байна. Ийнхүү Тяньжины гэх гэрээ байгуулагдав. Европчууд Манж Чин улсын бүх нутагт чөлөөтэй худалдаа эрхлэх эрхтэй болж хэд хэдэн далайн чухал боомтуудад нэмж эзэн суух болсон төдийгүй хятадад христийн шашин дэлгэрүүлэх эрхтэй болжээ. Гэхдээ энэ гэрээг Манжийн эзэн хаан баталж байж хэрэгжих байв. Иймээс хаан элдэв шалтаг заан гэрээг баталсангүй. Иймээс 1860 оны зун англи, францын шинэ довтолгоо эхлэв. Энэ удаа далайгаас гадна хуурай замаар довтолжээ. Харин манжууд тэдний эсрэг монгол цэргүүдийг татан авчирсан байлаа. Монголын Сэнгэринчин ноёноор удирдуулсан манжийн(тэр үед хятад иргэд цэрэг болох эрхгүй байв) 60 мянга орчим цэрэг 1860 оны есдүгээр сард англи, француудыг довтлон жижиг тулаанд амжилт үзүүлж байсан ч шийдвэрлэх тулалдаанд 3000 цэрэг 27 үхэр буугаа алдан ялагджээ. Бялтат буунд цахиур буу, нум сум, их буунд үхэр буу ялагдав. Ийнхүү торох саадгүй болсон европ цэргүүд ялалт байгуулсаар Бээжинд нэвтрэн орж эзэн хааны зуны ордныг тонон дээрэмдэв. Манжийн эзэн хаан Сяньфэн өөрийн нутгийн захад орших ордон руу зугатсан учир гэрээ байгуулах хүн байсангүй. Үүнийг оросууд овжноор ашиглан зуучлагч болов. Ингээд Бээжингийн гэрээ байгуулагдан манжаас бусад нь сэтгэл хангалуун үлдэв. Энэ гэрээнд АНУ, оросууд хүртэл оролцож өөрсдийн эрх ашгийг хангав. Манжууд газар нутгаасаа оросуудад нэмж алдан, англи, француудад дайны төлбөр төлөхөөс гадна бүр олон шинэ боомтуудад эзэн суух эрх найр тавин өгч “кули” гэх хямд ажиллах хүч болсон хятадуудыг европт гаргахыг зөвшөөрчээ. Ийнхүү манжууд европыг хямд бараа,түүхий эд болон ажиллах хүчээр хангадаг хагас колони байдалтай улс болон хувирав.
XVI зуунаас оросууд байгалийн баялаг ихтэй Алс Дорнодыг сонирхох болж 1587 оноос орос иргэдийг Байгаль нуур болон Амар мөрний орчим байгалийн хишиг ялангуяа үслэг ан олзворлуулан суурьшуулах болов. 1650 оноос эхлэн орос манжууд энэ нутгийг булаацалдан 40 жилийн турш байсхийгээд л зэвсэгт мөргөлдөөн хийсний эцэст 1689 онд Нерчинскийн гэрээ байгуулж Амар мөрний орчим нутаг манжийн мэдэлд үлджээ. Гэхдээ нарийн хил гэж байсангүй. 1858 онд Амар мөрний орчим нутаг, Камчатк, Уссурийн хязгаарыг нэгтгэсэн Примори муж байгуулагдав. Эцэст нь 1858 оны тавдугаар сарын 28-нд манжийн Айгунь хотод энхийн гэрээ байгуулагдлаа. Түүхэнд “Айгуний гэрээ” гэж нэрлэгдсэн энэхүү гэрээгээр хар тамхины хоёрдугаар дайнд ялагдаад байсныг нь далимдуулан Амар мөрний эргээр хил тогтоох гэсэн оросын саналыг хоёр фронт дээр тулалдахгүйн тулд манжууд хүлээж авахаас өөр арга байсангүй. Мөн Амар болон Уссур мөрнөөр зөвхөн манж, оросын хөлөг явах эрхтэй боллоо. Энэ нь тухайн нутагт барууны улсууд нэвтрэхийг хорьсон хаалт байв. Ингэснээр манжууд “Эзэн хааны ангийн дархан цаазат газар” хэмээн монгол цэргүүдээр мануулан хятадуудын хөлийг хорьж байсан нэг сая орчим ам.км газар нутгаа оросуудад түр алджээ. Удалгүй оросууд манжийн арга ядсан байдалд орсныг нь ашиглан зэвсгийн болон мөнгөн тусламж үзүүлэх болзолтойгоор 1860 оны Бээжингийн гэрээгээр Амар мөрний хилийг тэлж Уссурийн хязгаарын 500 мянга гаруй ам.км газрыг нэмж авчээ.
ОХУ өөрсдийгөө ЗХУ-ын, БНХАУ өөрсдийгөө Манжийн эзэнт гүрний үргэлжлэл гэдэг. Иймээс өнөөдөр манай хоёр хөршийн “хэрүүлийн алим” болох өндөр магадлалтай болчихоод байгаа, байгалийн асар их баялагтай, бараг хүн суудаггүй, далайн гарц бүхий 1 500 000 ам.км нутаг Манжаас Орост түр шилжсэн түүхийг товч дурдвал ийм ажгуу.
Г.Амарсанаа