Categories
гадаад мэдээ

Жастин Биберийг дээрмийн хэрэгт сэрдэв

Канадын нэрт дуучин Жастин Биберийг тойрсон дуулиан дахин дэгджээ. Энэ удаад Лос-Анжелес хотын цагдаагийн хэлтэст нэгэн эмэгтэй хандаж түүнийг утсыг нь дээрэмдэхийг завдсан гэв. Энэ талаар хотын цагдаагийн газрын төлөөлөгч Розарио Эррер мэдэгдэхдээ дээрмийн хэрэгт буруутган Ж.Биберийн эсрэг хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн гэнэ. Хохирогчийн ярьснаар Ж.Бибер нэгэн зугаан цэнгээний төвд мини гольф тоглож байхдаа бусдын эдэд халдсан гэжээ. Тухайн үед бүсгүй 13 настай охиныхоо хамт дуучинтай мэндлэхээр ойртох үедээ цүнхнээсээ гар утсаа гаргасан аж. Гэхдээ дуучны зургийг авахыг бодоогүй гэнэ. Гэтэл гар утсыг нь харсан дуучин утсаа өг гээд зургаа арилгахыг шаардсан гэнэ. Харин эмэгтэй татгалзсан хариу хэлэхэд Ж.Бибер цүнхийг нь шүүрэн авчээ. Хатагтай утсаа авахыг оролдсон ч тэрээр гараас нь мултлаад авчээ.  Эмэгтэйн утас блоклогдсон байсан гэнэ. Харин уурандаа бахардсан дуучин түүнийг элдэв үгээр доромжилсон аж.  Уг хэрэг охиных нь нүдэн дээр болсон тул айж балмагдсан охин нь уйлсан гэнэ.  Харин дуучин охин руу эргэн харж, ойр тойрны хүмүүс рүү хашгичиж эхэлсэн ч хамгаалагчид нь тайвшруулахыг оролдсон байна.
Он гарсаар тэрээр нэг бус удаа хуулийнхтай орооцолдох болсон билээ. Тухайлбал, хөршийнхөө байшин руу бөмбөг шидэж танхайрсан хэргийнхээ төлөө тэрээр 20 мянган ам.долларын төлбөрт унасан гэдэг. Мөн Флорида мужид согтуу байдалтайгаар жолоо барьж байгаад баригдсан. Цагдаа нар түүнийг зогсоох үед тэрээр бичиг баримтгүй байсны сацуу эсэргүүцэл үзүүлсэн гэх. Канадын дуучинг мөн төрөлх хотод нь лимузины жолооч руу халдсан гэх хэргээр бас буруутгаж байгаа юм байна.  

Categories
гадаад мэдээ

Каннын кино наадам эхэллээ

Өнөөдөр орой Каннын олон улсын кино наадам эхэлж албан ёсоор нээлтээ хийх юм. 67 дахь удаагаа болж буй уг наадам нь 12 хоног үргэлжлэх бөгөөд нээлтээ Францын найруулагч Оливье Даанагийн  “Монакогийн гүнж” киноогоор хийх гэнэ.  Уг бүтээлийг Оскарын шагналт нэрт жүжигчин, Монакогийн гүнтэй гэр бүл болсон Грейс Келлигийн амьдралаар сэдэвлэн хийжээ. Гол шагналын  төлөө дэлхийн 11 орноос ирүүлсэн 18 кино өрсөлдөх юм. Энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд Францын жүжигчин Кароль Буке, Америкийн жүжигчин Уиллем Дефо, Мексикийн жүжигчин Гаэль Гарсиа Берналь, Өмнөд Солонгосын жүжигчин Чон До Ен нар оржээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Норвегийн эрх баригчид Далай ламыг хүлээн авч уулзаагүйгээ тайлбарлав

Далай ламыг Норвеги улсад зочлоход тус улсын Засгийн газрын төлөөлөгчид хүлээн авч уулзаагүй талаар Ерөнхий сайд нь тайлбар хийв.
 Ерөнхий сайд Эрна Солберг энэ сарын 9-ний өдөр орон нутгийн “NRK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Бид өнгөрсөн дөрвөн жилийн турш Хятад улстай улс төрийн ямар нэг харилцаагүй байж ирсэн. Улмаар байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний эрхийн зэрэг асуудлаар тус улстай яриа хэлцээ хийх боломжгүй байна” гэж хэлэв. Тиймээс Хятадтай харилцах, ярилцах асуудал чухал байгааг тус улсад харуулахын тулд зайлшгүй золиос гаргах хэрэгтэй байсан гэж тэрээр тайлбарлав. Далай лам энэ сарын 7-9-ний өдрүүдэд Норвеги улсад зочлох үед түүнтэй тус улсын улс төрийн ямар ч төлөөлөгч уулзаагүй аж. Далай ламыг өмнө нь 2000 онд Норвеги улсад айлчлахад тус улсын эзэн хаан, ерөнхий сайд нар хүлээн авч уулзаж байсан ба 2005 онд мөн Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байсан юм. Харин Хятад улс 2010 онд хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобог Нобелийн шагналд нэр дэвшүүлснээс хойш Норвеги улстай улс төрийн дээд хэмжээний харилцаагаа зогсоож, Норвегиос загас импортлохоо зогсоох зэрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. Түүнчлэн Хятад улс хоёр улсын харилцааг сэргээхийн тулд тус улсын дотоод тогтолцооны эсрэг хүмүүст Нобелийн шагнал өгөхгүй байхыг шаардаад байсан билээ. Нобелийн шагналын комисс нь хэдийгээр улс төрөөс хамааралгүй байгууллага боловч комиссын таван гишүүнийг Норвегийн парламентаас томилдог байна.

Categories
гадаад мэдээ

Испанийн улс төрчийн амийг хороожээ

Испанийн хойд хэсэгт орших Леон мужийн Засгийн газрын тэргүүн, Ардын намын гишүүн Изабел Карроског олон нийтийн газар буудан хороосон хэрэгт хоёр эмэгтэйг сэжиглэн баривчилжээ. Баривчлагдсан эмэгтэйчүүд нь гэрийн эзэгтэй нар аж.  Нэг нь орон нутгийн цагдаагийн газрын даргын охин гэж хэвлэлээр мэдээлж байна. Даргын охин саяхан орон нутгийн зөвлөлийн шийдвэрээс ажлаасаа халагджээ. Амиа алдсан улс төрч Изабел Карраско  намынхаа уулзалтад очихоор явж байх үедээ буудуулсан аж.  Түүнийг Бернесгагийн гүүрийг давж байхад буудсан гэнэ. Испанийн дотоод яам энэ хэргийг хувийн өш хонзонгоос үүдэлтэй хэмээн мэдэгдээд байна.

Categories
гадаад мэдээ

Хулгайлагдсан охидуудын тухай мэдээлэл авсан гэнэ

Нигер дахь “Боко Харам” хэмээх лалын бүлгийнхэн 200 охидыг хулгайлсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд гарсан билээ. Тэднийг хаана барьцаалсан тухай тодорхой мэдээлэл одоо болтол байхгүй байгаа. Нигерийн Борно мужийн захирагч охидуудын байгаа талаар мэдээлэл авсан хэмээн ВВС-д мэдээлжээ. Тиймээс үүнийг шалгуулахаар цэргийнхэнд мэдэгдсэн байна. Ямар ч байсан барьцаалагсад нь Нигерт байгаа гэдэг нь тодорхой аж. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Донецк, Луганск мужуудад олон нийтийн санал хураалт боллоо

Украины Донецк, Луганск мужуудад тус бүс нутаг нь цаашид бүгд найрамдах улс болох эсэх талаар өчигдөр бүх нийтийн санал асуулга явуулсан байна. Донецк мужийн Сонгуулийн төв хорооны тэргүүний мэдэгдсэнээр саналын хуудсыг харьцангуй тоолсон аж. Санал хураалтанд оролцогсдын 89.7 хувь нь тусгаар улс байгуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Харин Луганск мужид болсон санал хураалтын дүнг өнөөдөр тус мужийн нийслэлд болох цуглаан дээр зарлах гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

БНАСАУ цөмийн ээлжит туршилт хийхэд бэлэн

Улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах зорилгоор дөрөв дэх цөмийн туршилтаа хийхэд бэлэн байна гэдгээ Пхеньян мэдэгдсэн байна.
Үүний өмнөхөн БНАСАУ-ын зүгээс тусгаар тогтнолоо  хамгаалах үүднээс цөмийн ба пуужингийн туршилтыг жил бүр явуулна хэмээн мэдэгдсэн юм.  Харин Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бен Се НҮБ-д хандан цөмийн ээлжит туршилтаа явуулбал ноцтой үр дагавартай гэдгийг БНАСАУ-д сануулж өгөхийг хүсчээ.

Categories
гадаад мэдээ

Тэйлор Свифт охидын брэнд гаргахаа мэдээлжээ

Кантри дуучин Тэйлор Свифт “Teen Vogue” сэтгүүлд 15-21 насны охидад зориулсан хувцасны шинэ брэнд гаргахаар болсон тухайгаа ярьжээ. Дуучин бүсгүй ярилцлагынхаа үеэр Леди Гага, Кейти Перри, Рианна болон Майли Сайрусын хувцаслалтыг өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж, хэтэрхий задгай хувцсыг сурталчилж байна хэмээн буруутгасан тухай “Hollywood.com” мэдээллээ.

Тэрбээр “Охид цэцэг шиг үзэсгэлэнтэй харагдах учиртай. Охид солонго шиг нууцлаг байх хэрэгтэй. Харин өсвөр үеийхэнд үлгэр дуурайлал үзүүлж, даган баясуулдаг дуучид, жүжигчид өөртөө хяналттай хандахыг уриалж байна. Тэр тусмаа өсвөрийн од Майли Сайрус” гэжээ.

Тэйлор өөрийнхөө хувцаслалтыг охидад үлгэр жишээ болохуйц гэдгийг мэдэгдээд, цоо шинэ чиг хандлагатай, хамгийн гол нь өөрийгөө хүндэлсэн брэнд гаргахаар болсон гэв. Мөн Селена Гомезийг гайхалтай хувцасладаг хэмээжээ.

Categories
гадаад мэдээ

Б.Обама В.Путинтэй уулзахгүй гэв

Ирэх зургадугаар сарын 6-нд холбоотны цэргүүд Францын Нормандад буусны 70 жилийн ой тохионо. Дэлхийн II дайны үеэр баруун фронтыг нээж, баруун Европыг фашист Германаас чөлөөлөх тулаан болсон энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Түүхэн ойн арга хэмжээнд олон орны төр засгийн тэргүүнүүдийг урьж оролцуулдаг. Сүүлийн үед Украины асуудлаас АНУ болон барууныхан ОХУ-тай түнжин хагараад буй. Харин дээрх арга хэмжээ нь уг харилцаанд нааштай хандлагыг оруулах бололтой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Францын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авсан талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Мөн тус арга хэмжээнд  АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама оролцохоо мэдэгдсэн ч Оросын төрийн тэргүүнтэй тусгайлан уулзахгүй гэдгээ онцолжээ. Ямартай ч Оросын хувьд Украины асуудлаас хойш барууны түншүүдтэйгээ нүүр тулах анхны уулзалт болох юм. Крымийг Орост нэгтгэх тухай санал асуулгаар нутгийн оршин суугчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Украины зүүн нутагт байдал тогтворгүй байгаа бөгөөд Оросыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Мөн  АНУ болон Европын холбооны зүгээс  ОХУ-ын зарим хариуцлагатай ажилтныг хар жагсаалтад оруулан гадаад дахь дансыг нь хаасан юм. Түүхийг сөхвөл 1944 оны зургадугаар сарын 6-нд АНУ, Их Британи, Канадын 156 мянган цэрэг генерал Д.Эйзенхауэрийн удирдлага дор Францын баруун хойд хэсэгт орших Нормандад буусан нь түүхэндээ хамгийн олон цэргийг ийн буулгасан  хэмээн тэмдэглэн үлджээ. 

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр бүсгүй хуримлана

Манай дэлхийн хамгийн
өндөр бүсгүй гэгддэг Бразилийн загвар өмсөгч Элисани да Круз Сильва удахгүй
хуримлах гэнэ. Ирээдүйн нөхөр нь өөрөөс нь хоёр толгой намхан гэнэ. Загвар
өмсөгч маань 2.06 метр, харин сүйт залуу нь 1.62 метр өндөр юм байна.  Залуу хосууд үерхээд нэг жил болж байгаа
бөгөөд ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөжээ.

Элисани да Круз Сильва
нь өнчин тархины хавдрын улмаас бөгөдөө гэнэт өссөн аж.  Тэрээр 14 настайдаа  2 метр өндөр болж 15 настайдаа мэс засал
хийлгэж хавдараа авхуулсанаас хойш өсөлт нь зогссон байна. 

 

Ю.Дэлгэр