Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн: Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байна DNN.mn

НҮБ Украинд энх тайвныг тогтоохын төлөө зогсолтгүй хүчин чармайлт гаргана гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдээд, Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын тэргүүн АНУ-ын Нью-Йорк хотноо даваа гарагт болсон жилийн эцсийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, “Дэлхий дахин 2022 онд олон сорилт шалгууртай нүүр туллаа. Геополитикийн хуваагдал дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улам хүнд, зарим үед боломжгүй болгож хувиргалаа” гэв.

Тэрбээр Украины нөхцөл байдлын тухайд хэлэхдээ, ойрын ирээдүйд үр дүнтэй энхийн хэлэлцээ хийнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаагаа илэрхийлсэн байна. Харин НҮБ дэлхий дахинд хүнсний хямрал нүүрлэхээс сэргийлэхийн тулд Украин, Оросоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлохыг үргэлжлүүлэн дэмжинэ гэж хэллээ.

“Украины нөхцөл байдлыг цэргийн замаар шийдвэрлэнэ гэж байхгүй, харин улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын дүрмийн дагуу шийдэх хэрэгтэй” гэдгийг НҮБ-ын тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийн тухайд тэрбээр, дэлхийн улс орнуудын удирдагчдад илүү их хүчин чармайлт гаргахыг уриалаад, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодитой арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг 2023 оны есдүгээр сард зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байдены сонгуулийн бэлтгэл эхлэв DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Жо Байдены сонгуулийн кампанийг явуулах бэлтгэлээ эхлүүлсэн тухай “The Wall Street Journal” мэдээллээ. Тухайлбал, түүний зөвлөхүүд сонгуулийн штаб байгуулах байр сонгох ажлыг эхлүүлсэн байна. Тэд Филадельфи хот эсвэл ерөнхийлөгчийн төрсөн хот Делавэр мужийн Уилмингтон гэсэн хувилбаруудыг авч үзэж байгаа гэнэ. Мөн тэд ерөнхийлөгч асан Барак Обаматай сонгуулийн талаар зөвлөлдсөн байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер ерөнхийлөгч өөрийн гэр бүлтэй зөвлөлдсөний дараа сонгуульд оролцох эсэхээ шийднэ гэж хэлсэн юм. Одоогийн байдлаар Байден сонгуульд оролцох асуудал хэвээр байгааг Жан-Пьер тэмдэглэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Оргодол шимпанзе буудуулав DNN.mn

Шведийн Фурувик хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд торноос зугтан гарсан гурван шимпанзег буудан хөнөөсөн байна. Бас нэг шимпанзе шархдсан бөгөөд өөр гурван сармагчинолдоогүй байгаа аж. Тэд энэ сарын 14-ний лхагва гарагт үд дундын орчимд хашаанаас гарч хэсэг хугацаанд амьтны хүрээлэнгийн эргэн тойронд чөлөөтэй тэнүүчилжээ. Тэд яг яаж, ямар шалтгаанаар зугтсан нь одоогоор тодорхойгүй байна. Өвлийн улирал хэмээн амьтны хүрээлэн хаалттай байсан тул иргэд байсангүй. Гэвч амьтны хүрээлэнгийн мэдээлснээр оргосон шимпанзе нар ажилчдыг заналхийлсэн гэнэ.

Амьтны хүрээлэнгийнхэн фэйсбүүк хуудсандаа “Олон хүн шимпанзег тайван амьтад гэж боддог ч үнэндээ тэд маш аюултай. Тэд хурдан хөдөлдөг, маш хүчтэй, ихэвчлэн юунаас ч айдаггүй” гэж мэдэгджээ. Амьтны хүрээлэнгийнхэн сармагчинг зөвхөн ойрын зайнаас нойрны эмээр буудажболох тул устгах ёстой гэж үзсэн байна. Гэвчшимпанзенуудын үхэлШведэд олон хүнийг бухимдуулж, эгдүүцүүлжээ. Тэднийг хэдэн жилийн өмнөөс мэддэг байсан эрдэмтэн Маттиас Осват “Хэрэв би тэдэнтэй цэцэрлэгт хүрээлэнд таарвал мэдээж бага зэрэг сандрах байсан. Гэхдээ тэд надад аюул учруулахгүй байсан. Энэ бол эмгэнэл” гэж“ВВС”-д ярьжээ. Мөн Амьтны хүрээлэнгийн ажилтан асан Инг-Мари Перссон шимпанзетэй 30 жил ажилласан бөгөөд тэднийг буудсан хүмүүсийг мэргэжлийн бус ажилласан гэж буруутгажээ. “Тэд сандарсан гэж би бодож байна” гэж тэр хэлэв.

Шимпанзетэй холбоотой хэрэг явдлын дараа Лундын их сургуулийн амьтан судлаачид уг амьтны хүрээлэн амьтадтай хэрцгий харьцаж байгаа тул цаашид уг байгууллагатай хамтран ажиллахгүй болсон гэдгээ мэдэгдсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Далайн түвшин нэмэгджээ DNN.mn

БНСУ-ын далайн түвшин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өнгөрсөн 33 жилийн хугацаанд 10 орчим см-ээр нэмэгджээ.

Солонгосын Далай тэнгис судлалын газрын мэдээлснээр, эргийн дундаж өндөр 1989-2021 оны хооронд 9.9 см-ээр буюу жилд дунджаар 3.01 мм-ээр нэмэгдсэн байна. Тодруулбал, Зүүн тэнгист хамгийн их өсөлт ажиглагдаж, жилд дунджаар 3.53 мм-ээр нэмэгдсэн бол түүний араас Шар тэнгис /3.08 мм/, өмнөд тэнгисийн орчим /2.55 мм/ бичигджээ.

Тус улсын далайн эрэг орчмын 21 ажиглалтын цэгээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн энэхүү дүнг гаргасан байна. Баруун өмнөд нутгийн Мокпо хотын эрэгт, хамгийн олон жилийн өмнө байгуулсан цэгийн мэдээгээр, далайн түвшин сүүлийн 62 жилд 15.4 см-ээр буюу жилд 2.49 мм-ээр нэмэгджээ гэж “Yonhap” мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Орос-Беларусийн төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт боллоо DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр буюу 12 дугаар сарын 19-нд Минскийн нисэх онгоцны буудалд газардахад Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко өөрийн биеэр талх, давс барин угтаж, дараа нь Минск хотын Тусгаар тогтнолын ордонд хоёр Ерөнхийлөгч Орос-Беларусийн дээд түвшний хэлэлцээрийг хийлээ.

Хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нар багтаж, холбоотны эдийн засгийн интеграцчлал болон батлан хамгаалах, аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг бүхэлд нь нарийвчлан хэлэлцэж тохиролцлоо. Төгсгөлд нь тэргүүн нар цаг гаруй хугацаанд ганцаарчилсан яриа хэлэлцээг үргэлжлүүлж, айлчлалын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уулзалтын эхэнд өмнө нь батлагдсан холбоотны 28 хөтөлбөрийн хэрэгжилт, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, атомын болон эрчим хүчний салбарын асуудал, ялангуяа байгалийн хийн үнийн асуудал, импортыг орлохыг чухалчилсан хамтарсан төслүүдийн талаар өргөтгөсөн хүрээнд ярилцлаа.

Дараа нь аюулгүй байдлын асуудал, бүс нутаг болон дэлхийн нөхцөл байдлын талаар санал солилцож, шинээр гарч ирж буй сорилтод хариу арга хэмжээ авах хамтарсан арга хэмжээний талаар ганцаарчлан уулзалтыг хийжээ. Мөн хоёр орны цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа.

Холбоотны 28 хөтөлбөрийн биелэлт 60 хувьтай байгаа бөгөөд худалдааны эргэлт 30 хувиар өсөж энэ онд 38 тэрбум ам.долларт хүрч, газрын тос, байгалийн хийг “маш таатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр” нийлүүлж байгаа зэрэг нь найдвартай холбоотны найрсаг харилцааны үр дүн гэж хоёр тал үзэж байна.

Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн системийг бий болгож, Оросоос шилжүүлсэн С-400, Искандер цогцолборууд Беларусийн нутаг дэвсгэрт байлдааны үүрэг гүйцэтгэж, хамтарсан цэргийн бүлэглэлийн бэлэн байдал жигдэрч, шинэ цэргийн зэвсэглэл техник хамтран бүтээж, Беларусийн байлдааны нисэх онгоцны багийнхныг “тусгай цэнэгт хошуутай агаараас хөөргөх пуужин ашиглах” ажиллагаанд сурган, Беларусийн сансрын нисгэгчийг удахгүй сансарт хөөргөх гэж байгаа зэрэг батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны талаар хоёр тал мэдэгдлээ.

В.Путин А.Лукашенкод шахалт үзүүлэн Украин дахь байлдааны ажиллагаанд Беларусийг татан оролцуулах асуудлыг шийдвэрлэхээр Минск рүү явж байна гэсэн мэдээллийг “тэнэг бөгөөд үндэслэлгүй” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

Япон улс Үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчиллээ DNN.mn

Японы Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс боловсруулсан шинэ “Үндэсний Аюулгүй байдлын стратеги”-ийг тус улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан байна. Энэхүү шинэ ҮАБС-ийн дагуу “Үндэсний Батлан хамгаалах стратеги” болон “Батлан хамгаалах бүтээн байгуулалтын хөтөлбөр”-ийг тус тус гаргасан байна.

Дэлхийн II дайнаас хойш өөрийгөө хамгаалах аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг баримталж ирсэн тус улс эрс өөрчлөлтийг хийж, батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх, пуужингийн хариу цохилт өгөх болон бусад цэргийн чадавхаа дээшлүүлэхээр шийдвэрлэжээ.

Япон ҮАБС-иа өөрчлөх болсон нөхцөл байдал

Японы ҮАБС нь тус улсын ирэх арван жилийн хугацаанд дипломат, батлан хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдал, технологи, кибер болон тагнуулын талаар баримтлах чиглэлийг тодорхойлсон үндэсний хамгийн дээд түвшний стратегийн баримт бичиг юм. ҮАБС-ийг анх 2013 онд батлан гаргаснаас хойш анх удаа шинэчилж байгаа бөгөөд тус улсын аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, ҮАБ-ын зорилго, зорилтуудын үндсэн зарчим, аюулгүй байдлын орчин, үндэсний аюулгүй байдалд нь учирч буй сорилтууд, авч хэрэгжүүлэх стратегийн зорилтуудыг тодорхойлсон байна.

Харин ҮБХС нь тус улсын батлан хамгаалах ерөнхий бодлого, ирээдүйн чиглэлийг тодорхойлж байгаа бол БХББХ нь батлан хамгаалах төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө юм.

Дэлхийн II дайнаас хойш аюулгүй байдлын стратегийн орчин нь хамгийн тааламжгүй байдалд орсон байна гэж Япон улс үзэж байна. Энэ нь өмнө ч байсаар ирсэн Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн хүчин чадал; улам бүр хурцдаж буй Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюулын асуудалтай холбоотой бөгөөд ҮАБС-д эрс өөрчлөлт оруулсан нэг гол шалтгаан бол ОХУ-аас Украинд халдан довтолсон асуудал гэжээ.

Өмнөх 2013 оны ҮАБС-д “Хятадтай стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан харилцан ашигтай харилцааг сайжруулах” тухай дурдсан байдаг бол шинэ стратегид Хятадыг “Японы хувьд тулгарч буй хамгийн том стратегийн сорилт”, БНАСАУ-ыг “урьд өмнөхөөс илүү ноцтой, бодит аюул”, ОХУ-ыг “аюулгүй байдлын ноцтой анхаарал хандуулах асуудал” хэмээн тус тус тодорхойлжээ.

Японы шинэ ҮАБС-д орсон гол өөрчлөлт

Япон улс 1970 оноос хойш олон жилийн хугацаанд батлан хамгаалахын зардлаа ДНБ-нийхээ 1 хувьд барьж ирсэн бол одоо үе шаттайгаар 2027 он гэхэд 2 хувьд хүргэхээр боллоо. Энэ нь НАТО-гийн орнуудын стандартад хүрч буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн жилийн 50 орчим тэрбум ам долларын батлан хамгаалахын төсөв нь 100 тэрбум ам доллар болох юм. Ирэх 5 жилийн хугацаанд нийт 315 тэрбум ам долларын зарцуулалтын төлөвлөгөө гарсан байна.

Эх сурвалж: Япон батлан хамгаалах бодлогын эрс өөрчлөлт хийв. (2022.12.16)

Япон улс зөвхөн өөрийгөө хамгаалах биш гадаад улс дахь сөрөг талын цэргийн бааз болон удирдлагын байрлалд хариу цохилт өгөх чадавхтай байх ёстой гэж үзсэн. Энэ нь дайсагнагч улсын нутагт алсын тусгалтай пуужингийн хариу цохилт өгөх чадавхын асуудал бөгөөд үүнд АНУ-ын 1600 км тусгалтай Томахоок (Tomahawk) худалдан авах болон өөрийн дотоодод үйлдвэрлэж буй Type-12 пуужингийн тусгалыг нэмэгдүүлэх юм. Энэ алхам нь зөвхөн эдгээр пуужингаар хязгаарлагдахгүй цаашид илрүүлэх, замналыг нь мөрдөх, устгах чадавх бүхий цогц үүрэгтэй агаар, пуужингийн нэгдсэн хамгаалалтын системийн нэг элемент байдлаар явах нь тодорхой байна. Японы Ерөнхий сайд Ф.Кишида “Япон улс энхийг сахисан, өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын бодлоготой улс хэвээр байх болно. Гэхдээ БНХАУ болон БНАСАУ-ын зүгээс учруулах аюул бодитой байгаа учраас алсын зайн пуужингийн хариу цохилт өгөх чадвартай байх нь Японы зүгээс тогтоон барих чадавхад нь чухал ач холбогдолтой байх болно” гэжээ.

Хариу цохилт өгөх чадавхаас гадна кибер, сансар, хүнгүй системүүдийг улам бүр хөгжүүлэх, батлан хамгаалах зориулалтын техник технологийн экспортод хяналтыг нэмэгдүүлэх асуудал тусгагдсан. Үүнд идэвхтэй кибер хамгаалалтын бодлогод шилжих, кибер хүчнийг одоогийн 890 хүнээс 2027 оны гэхэд 4000 болгох, БХЯ болон Кибер хамгаалалтын хүчин нийлээд нийт 20 мянган хүнтэй болох зорилт тавьсан байна. Мөн АНУ-тай холбоотны харилцаагаа, бусад улстай аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.

Үүний зэрэгцээ Япон улс нь 2023 онд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдон ажиллахаас гадна Их Долоогийн уулзалтыг эх орондоо зохион байгуулах юм.

Ажиглагчид пуужингийн хариу цохилт өгөх чадавх, түүний тусгалыг нь нэмэгдүүлж байгаа нь Японы өөрийгөө хамгаалах батлан хамгаалах бодлоготой нь зөрчилдөхгүй, харин үүний нэг үргэлжлэл нь гэсэн бол Хятадын түрэмгий байдал улам бүр илэрч, алсын тусгалтай зэвсэглэлийн нөөц энэ бүс нутагт ихээр нэмэгдэж буй энэ үед өөрийгөө алсын зайнаас хамгаалах чадавхтай байх нь хууль ёсны хэрэг гэсэн байна. Шинжээч С.Маслов энэ стратеги нь Японы тогтоон барих, хариу өгөх чадавхыг сайжруулах, АНУ-тай холбоотны харилцаанд Японы үүргийг нэмэгдүүлэх үндсэн хоёр агуулгад чиглэж байна гэж үзэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

“Газпром Германиа” компанийг улсын болгохыг зөвшөөрөв DNN.mn

Монополийн эсрэг хуулиар Европын Комисс Германы засгийн газраас “Securing Energy for Europe GmbH (Sefe)” холдинг буюу “Газпром Германиа” гэж нэрлэж байсан ОХУ-ын “Газпром”-ын хуучин “охин” компанийг улсын болгохыг зөвшөөрөв. Энэ тухай “dpa” агентлагмэдээлжээ.

Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросын “Газпром” Германы “Газпром Германиа” компанийг эзэмшихээ больсон гэдгээ зарлаж,үл мэдэгдэх компанид хөрөнгөө шилжүүлээд байсан юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Япон улс байлдах чадвартай болно DNN.mn

Японы засгийн газар тус улсын үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн төлөвлөгөөг баталжээ. Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаа батлан хамгаалахын зардлаа хоёр дахин нэмэгдүүлэх, цэргийн хүчээ үлэмж нэмэгдүүлэх болж олон улсын улсад зөвхөн энх тайвныг дэмжинэ гэсэн зарчмаасаа шууд татгалзахаар болсон байна. Энэхүү зарчмын эргэлт нь тус улсын хамгийн ойрын хөршүүд болох Хятад, Хойд Солонгосоос ирж буй аюул заналхийлэл хурдацтай нэмэгдэжбайгаагаас үүдэлтэй юм. Япон улс цэргийн хүчээ нэмэх төлөвлөгөөг 320 тэрбум ам.доллараар зарласан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Ингэснээр Япон улс цэргийн зардлаар АНУ, БНХАУ-ын дараа орох гурав дахь улс болж байна.

Ерөнхий сайд Фумио Кишида ард түмэндээ хандан, тус улсын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын стратеги (ҮАБС), Үндэсний батлан хамгаалах стратеги, Батлан хамгаалах хүчний хөгжлийн төлөвлөгөө зэрэг холбогдох гурван баримт бичгийг нэг дор баталсан гэж мэдэгдэв. Ерөнхий сайдын тайлбарласнаар, гол шинэчлэлийн нэг нь “онц байдлын үед болон тодорхой нөхцөлд өөр улсын нутаг дэвсгэрт цэргийн цохилт өгөх боломжтой” гэсэн заалт аж.

Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчний бэлтгэл генерал Тошимичи Нагаява “Украйны дайн бидэнд тулалдах чадвартай байх шаардлагатайг сануулсан. Энэ бол Япон улсад огт байгаагүй зүйл. Япон юм болгонд их оройтдог. Бид 400 метрийн гүйлтийн уралдаанд 200 метр хоцрогдон гарч байгаа юм шиг санагдаж байна” гэж халаглан, орон нутгийн хэвлэлд ярилцлага өгчээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“AquaDom” аварга том аквариум хагарав DNN.mn

Германы нийслэлийн “Radisson Blu” зочид буудалд 1.5 мянга орчим загастай, нэг сая литрийн багтаамжтай “AquaDom” аварга том аквариум хагарсны буруутанг хайхгүй гэж Берлиний Цагдаагийн газраас мэдэгдэв.

“AquaDom” нь дэлхийн хамгийн том цилиндр хэлбэртэй аквариум гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд бичигдэж байжээ. Энэхүү аквариум нь зочид буудлын төвд байрладаг бөгөөд Берлин хотын гол үзмэрүүдийн нэг байв. Аварга том давстай устай савны голоор цахилгаан шат явдаг байсан бөгөөд зарим өрөө түүн дээр байрлаж байв. Тэгвэл энэ аквариум хагарсны дараа олон нийтийн сүлжээгээр хууль сахиулах байгууллагын нэрийн өмнөөс нийтэлсэн хуурамч жиргээ, хэрэг үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжлахад туслахыг иргэдэд уриалсан юм байна. Гэвч цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр энэ үйл явдал хэн нэгний хорлонтой санаанаас болсон гэх нотлох баримт олдоогүй гэв.

Аквариум хагарсны дараа зочид буудал үерт автаж, хөрш зэргэлдээх гудамжуудыг усаар дүүргэсэн байна. Мөн хагарсан шилний хэлтэрхий унахдаа хоёр хүнийг бэртээжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Орос, Украины дайны нөхцөл байдал DNN.mn

Оросын арми Донецкийн баруун хэсэгт хүчээ зузаатгаж байгаа нь шинэ давшилт хийж магадгүй гэдгийг нотолж байна гэж Америкийн дайн судлалын хүрээлэн(ISW)-гийн шинжээчид мэдэгджээ.

Херсон мужийн баруун эргээс татан авсан Оросын байлдааны ангиудыг Донбассын янз бүрийн бүс нутагт шилжүүлж, оросууд байлдаж буй цэргийнхээ хүчийг бэхжүүлээд байгаа билээ. Оросын цэргүүд амжилт олж чадна гэдгээ өөрийн иргэдэд батлан харуулахын тулд Донецк мужийн баруун хэсэгт тасралтгүй довтолгоо хийж байна гэж Дайны судалгааны хүрээлэн(ISW) бичжээ. Уг хүрээлэнгийн судлаачдын үзэж байгаагаар Оросын цэргүүд Луганск мужийн ар талын бүсээс хүнд техникээ фронтын шугам руу шилжүүлж эхэлсэн гэнэ. Хүйтэн өвөл эхэлж газар хөлдсөн тул Украины Луганск, Донецк мужуудын фронтын бүх шугамын дагуу Оросын армийн хөдөлгөөн мэдэгдэхүйц идэвхжсэн аж.

Бахмут хотыг эзлэх гэсэн Оросын довтолгоо тавдугаар сараас өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Өнөөдөр энд Донецкийн хойд болон баруун хэсэгт орших Украины хяналтад байгаа Авдийвка, Маринка суурингийн төлөөх тулалдаан ид өрнөж байна. Оросын анги нэгтгэлүүд мөн Луганск мужийн Сватово, Кременная сууринг эзлэхээр оролдож сөрөг довтолгоо хийсээр байна. “Тэд 30-аад хүнтэй хэсгүүдээр ар араасаа өдөр, шөнөгүй тасралтгүй довтолж биднийг шахаж гаргахыг оролдож байна. Ингэж халз довтолж цэргүүд нь олноороо амиа алдах нь тэдэнд огт хамаагүй. Тэд биднийг тал бүрээс довтлохыг хичээдэг. Тэд яг л кинон дээр гардаг, саадыг тоохгүй урагш зүтгэдэг зомбинууд шиг авирлаж байна” гэж Бахмутыг хамгаалж буй Украины Зэвсэгт хүчний байлдагч хэлсэн байна. Мөн хөлсний цэргийн “Вагнер ЧВК”-ийн удирдагч Евгений Пригожин Бахмутын ойролцоо цуст тулаан болж байгааг батлан “Дайсан бидэнд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна. Магадгүй ийм хүчтэй эсэргүүцэл өнгөрсөн зууны түүхэнд ч гарч байгаагүй байх” гэж хэлсэн байна. Түүнээс “Правда.ру”-гийн сурвалжлагч “Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бахмутын ойролцоох Опытное тосгоныг та нарыг эзэлсэн гэж олон дахин мэдээлж байгааг та баталж чадах уу?” гэж асуухад Пригожин: “Чи асуудлын дээгүүр харайгаад гарчихлаа. “Вагнер”-ийн дүрэмд ямар нэг газрыг эзэлснээ хоёр өдөр хэнд ч битгий хэл. Дайсан сөрөг довтолгоо хийхгүй болсны дараа л тугаа мандуулж, энэ тухай бусдад мэдэгд” гэж заасан байдаг гэж хариулсан байна. Оросын анги нэгтгэлүүдийн Донецк мужид давших, Луганск мужид сөрөг довтолгоо хийх оролдлогын эрчимжилт сар орчим үргэлжилж байгаа юм. Гэхдээ шинэ довтолгоо явуулах боломж байгаа ч Оросын цэргүүдийн үр дүнгүй байлдаан хэвээр байгаа бөгөөд тэд ойрын саруудад стратегийн ач холбогдолтой газар нутгийг эзлэн авах боломжгүй гэж “ISW”-ийн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Их Британийн Батлан хамгаалахын штабын дарга адмирал Энтони Радакин Хатан хааны батлан хамгаалах нэгдсэн судалгааны хүрээлэн(RUSI)-д үг хэлэхдээ “Генералууд нь армийнхаа байлдах чадварыг хадгалахын тулд эзэлсэн газар нутгаа буцаан өгөх шаардлагатай болсныг тайлбарлан Путинд загнуулж байсан. Одоо тэд Путинтэй үүнээсээ ч илүү, хэцүү яриа өрнүүлэх ёстой болсон” гэж хэлсэн байна. Радакин мөн “Путинд генералууд болон сайд нар нь юм хэлэхээс эмээж байгааг онцлон хэлье. Оросын армид их бууны сумны хомсдол нүүрлээд байна. Энэ нь Оросын армийн хуурай замын довтолгоо амжилттай явуулах чадвар хурдацтай буурч байна гэсэн үг” гэж хэлжээ. “Үүнд ямар ч нууцлаг зүйл байхгүй. Путин 30 хоногийн дайн хийхээр төлөвлөж байсан ч Оросын их буунууд бараг 300 хоног буудаж байна. Түүний нөөц хадгалдаг шүүгээ хоосон болсон байна. Ёс суртахуун, үзэл баримтлал, бие бялдрын хувьд Путины армийн хүч шавхагдаж байна” гэж тэр нэмж онцолсон байна. Оросын арми их буугаар дайснаа юу ч үгүй болтол буудаж, цэргүүдээ халз дайруулж их хохирол амсаж, дайснаа ялдаг уламжлалтай. Иймээс тэдний их буу сумгүй болох аваас ямар ч олон цэрэгтэй байсан оросууд ялах ямар ч боломжгүй болно гэсэн үг юм.

Энэ дайнд хэд дараалан хүнд цохилт амссан Орос улс цаг хугацаа хожиж, цэргийн хүчээ цуглуулах шаардлагатай байгаа нь ойлгомжтой. Боксчин хүнд цохилт авсны дараа тэр түүнд ямар ч муу зүйл тохиолдоогүй гэдгийг өрсөлдөгчдөө харуулахыг хичээн улам дайрдаг. Оросын арми яг ийм байдалд орчихоод байна.

Украины Зэвсэгт хүчний командлагч, генерал Валерий Залужный “The Economist” сэтгүүлд “Оросууд тодорхой хэсэгт зогсолтгүй довтолж, биднийг дахин дайрахыг болиулах гэж чадах бүхнээ хийж байна. Тэд өдөр шөнө ялгалгүй, тасралтгүй довтолж байгаа нь мэдээж бидэнд маш муу зүйл. Гэхдээ энэ нь тэдэнд стратегийн ялалт авчирах гарц биш. Энэ нь зүгээр л тэнд байгаа Украины цэргүүдийг туйлдуулж буй түр зуурын явдал” гэж хэлсэн байна. Залужный Донбасс мужид Оросын арми стратегийн ялалт хийж чадахгүй гэж үзэж байгаа ч Украины бусад нутаг дэвсгэр, тэр дундаа Киевийг булаан авах төлөвлөгөөгөө орхиогүй, тэд ингэх гэж шинэ нөөц бэлдэж байна гэдэгт эргэлзэхгүй байна гэж мэдэгдсэн. Тэрээр “Путин маршал Жуков шиг “цэргийн цогцос шидлэх”-ийн тулд дахин нэг сая хүнийг элсүүлсэн ч хүссэн үр дүндээ хүрэхгүй. Тиймээс бидний асуудал бол юуны түрүүнд эзлэн авсан шугамаа барьж, илүү газар нутгаа алдахгүй байх явдал. Энэ бол гол зүйл. Яагаад гэвэл газар нутгаа чөлөөлөх нь эзлэгдэхээс 10-15 дахин хэцүү” гэж хэлсэн байна. Үүнийг олон улсад “хүчтэйгээ нуун хүчгүй харагдах тактик” гэдэг бөгөөд генерал Залужный Оросын армийн удирдлагыг төөрөгдөлд оруулж, барууны ардчилсан улсуудын улстөрчдийн Украинд цохилтын зэвсэг нийлүүлэх ажлын замыг засч байна гэж ойлгох нь илүү үнэнд ойртоно. Учир нь өнөөдөр үүсээд буй Оросуудын сул тал гэвэл юуны өмнө тэд дайсны байрлал руу довтлохдоо хамгаалж буй талаас хэт илүү, их хохирол амсаж буй явдал. Өнөөдөр Оросууд халз довтолж өдөрт дунджаар нэг батальон буюу 1200 цэргийн хохирол амсаж байна. Энэ нь Кремлийн суртал ухуулагчид өөрөөр итгүүлэхийг оролдож байгааг үл харгалзан амь үрэгдэж буй Украин, Орос цэргийн харьцаа 1:5, 1:10 ба түүнээс дээш байна гэсэн үг. Мөн ялангуяа өвлийн улиралд дайрагч талаас тулалдааны талбарт шарх, гэмтэл авсан цэргийн амьд үлдэх магадлал эрс буурдаг. Иймээс Украины арми шархадсан хүмүүсээ зөөх чадвартай маш хурдтай, хөдөлгөөнт бүлгүүдээр довтлон амжилтад хүрч байсан. Харин ийм боломж Оросын армид байхгүй.

Бас украинчууд оросуудыг дандаа гэнэдүүлэн довтолсон нь тэдэнд амжилт авчирсан. Харин өнөөдөр оросууд хаагуур ямар хүчээр довтлох гэж байгааг украинчууд алган дээрээ тавьсан юм шиг харж байна. Энэ нь довтлох талын ялах гол хүчин зүйлийн нэг дайснаа гэнэдүүлэх хүчин зүйл оросуудын хувьд байхгүй болсон гэсэн үг. Бас тэдний довтолгоог өөрсдөөс нь хамаагүй илүү зэвсэг, хэрэгслээр хангагдсан, эх орон, гэр орон, аав ээж, эхнэр, хүүхдээ хамгаалж, чөлөөлөх гэсэн чин хүсэл эрмэлзлэл дүүрэн, барууны сургалтыг давж бүрэн зэвсэглэсэн дайсан нь тулалдахад бэлэн хүлээж байна. Донбасс дахь Оросын байлдааны ажиллагаа эрчимжсэн нь Херсоноос суларсан, цэргийн ангиудыг энд татан авчирсантай холбоотой. Гэтэл Херсоноос Украины Зэвсэгт хүчний цөөнгүй анги, нэгтгэл бас суларсан. Тэд одоо хаана байгааг оросууд байтугай Украины иргэд ч нээлттэй эх сурвалжаас мэдээлэл авч мэдэх боломж алга байна. Энэ нь тэд хаана ч гэнэт гараад ирж болно гэсэн үг.

Барууны болон Оросын цэргийн шинжээчдийн онцолж буй өөр нэг хүчин зүйл бол Орос нийгэм өөрсдийн цэргийн алдагдлыг огт тоодоггүй явдал. Оросын армийн командлалын хувьд энэ нь магадгүй сайн тал болох байх. Орос иргэд цэрэг эрсийн үхлийг бус дайн яагаад үр дүнгүй явагдаад байгааг л юун түрүүнд асуудаг түүхэн уламжлалтай. Энэ нь Украины их буу, пулемёт руу халз довтлон амь үрэгдэгсдийн ар гэрийнхний хувьд мэдээж эсрэгээр ойлгогдох байх хэмээн найдахаас өөр арга байхгүй гэсэн үг. Юу болохыг цаг хугацаа бидэнд харуулна.

Эцэст нь сануулахад, өнөөдрийн Бахмут хот орчмын тулалдааныг барууны шинжээчид Сталинградын тулаантай адилтгаж байна. Үнэндээ бол энд Курскийн цүлхэний тулаантай адил зүйл болж байгаа билээ. Курскийн тулаанаар яг үнэндээ оросууд Германы армийг ялаагүй тэнцсэн юм. Учир нь тэнд оросууд хэтэрхий гэмээр их хохирол амссан. Харин бага хохирол амссан Германы арми дахиж том довтолгоон хийх цэрэг, техникийн нөөцгүй болж дайнд эргэлт гарсан билээ. Тэгвэл энэхүү дайралтын дараа Оросын цэрэг дахин том довтолгоон хийх зэвсэг хэрэгсэл, техникийн хувьд ямар ч боломжгүй болох нь нэгэнт тодорхой болчихоод байна.


Г.АМАРСАНАА