Categories
гадаад мэдээ

Нормандын эрэгт холбоотны цэрэг буусны 80 жилийн ой DNN.mn

Нормандын эрэгт холбоотны цэрэг буусны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 1944 онд амь үрэгдсэн дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэх үеэрээ дэлхийн хоёрдугаар дайныг Оросуудын Украинд хийсэн довтолгоонтой адилтган зүйрлэж “Өнөөдөр орчин үеийн Европт ардчиллыг хамгаалах тулаан явагдаж байна” гэж хэлжээ.

Мөн Байден 80 жилийн өмнө Нормандид Холбоотны цэргийн довтолгоон явагдсан Пуэнте ду Хок хотод үг хэлэхдээ “Өнөөдөр Европт болж буй Путины түрэмгийллийн эсрэг зогсож буй Украиныг Америк дэмжинэ гэдэгт хэн нэгэн эргэлзэж байна уу?” гээд “Тэд биднээс өөрийн ажлаа хийхийг шаардаж байна. Тэд эрх чөлөөгөө цаг тухайд нь хамгаалах, ардчиллыг хамгаалах, гадаад, дотоод түрэмгийллийг зогсоохыг хүсэж байна” гэж хэлжээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Байдены энд хэлсэн үгийг АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганы 1984 онд Нормандад 40 жилийн ойн үеэр хэлсэн үгтэй харьцуулсан байна. Хүйтэн дайн ид үргэлжилж, ЗХУ-тай сөргөлдөж байсан тэр үед Рейган “АНУ бусдаас тусдаа байх байр суурь баримтлах ёсгүй, харин дэлхий даяар дарангуйллыг идэвхтэй эсэргүүцэх үйлсийг тэргүүлэх ёстой” гэж хэлж байжээ.

Байден Парист мөн Нормандын 80 жилийн ойн баярт оролцсон Владимир Зеленскийтэй уулзаж “Вашингтон Украинд нийт 225 сая ам.долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилж байна. Энэ бүхнийг АНУ-ын цэргийн агуулахаас шууд та бүхэнд шилжүүлнэ” гэж мэдэгдэв. Энэхүү шинэ багцад HAWK агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан пуужин, зенитийн Stinger пуужин, HI­MARS пуужингийн системд зориулсан сум, мөн 155 мм-ийн гаубиц их буу болон сум зэрэг багтаж байгаа юм байна. Үүнээс өмнө зургаан сар орчим хугацаанд нийлүүлэлт хийгдээгүй байсан нь Украины Зэвсэгт хүчинд их хэмжээний зэвсэг нийлүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд Цагаан ордны тэргүүн Америкийн тусламж хойшилсонд албан ёсоор уучлалт гуйсан байна.Тэрээр “Олон долоо хоног санхүүжилт батлах талаар будлиантай байсандаа хүлцэл өчье, учир нь манай зарим хуучинсаг үзэлтэй гишүүдээс болж эдгээр сангийн хуулийн төслийг батлахад асуудал гарсан ч бид үүнийг эцсийн эцэст хийж чадсан” гэж хэлсэн байна.

Харин Зеленский Францын парламентад үг хэлэхдээ “Орос улс өөрийн хөрш рүү дайрсны үр дүнд харамсалтай нь Европ энх тайван тив байхаа больсон” гэж хэлжээ. Мөн Украины Швейцарьт зохион байгуулж буй энх тайвны дээд хэмжээний уулзалт дайныг зогсооход тусална гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Владимир Зеленский Парист болсон хэвлэлийн бага хурал дээр “Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хууль ёсны эсэхэд эргэлздэг. Нөхөр Путины хууль ёсны байдлыг зөвхөн нөхөр Путин л хүлээн зөвшөөрдөг. Манай ард түмэн эрх чөлөөтэй. Харин миний хууль ёсны байдлыг Путин бус Украины ард түмэн хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгдэв. В.Путин болон Оросын бусад албаны хүмүүс Зеленскийг албан тушаалдаа орсноос хойш таван жил өнгөрсний дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Путин Зеленскийг хууль ёсны ерөнхийлөгч биш гэдгийг удаа дараа хэлж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт тэрээр дахин “Украины эрх мэдлийг булаан тэр авсан.

Гэхдээ Орос улс хэлэлцээр хийх хэн нэгнийг хайхад бэлэн байна” гэж хэлсэн юм. Гэтэл Украины хуульд дайн тулааны үед сонгууль явуулахыг тусгайлан хориглосон байдаг. Мөн тус улсын Үндсэн хуульд одоогийн ерөнхийлөгч дараагийн төрийн тэргүүнийг ажлаа авах хүртэл бүрэн эрхээ хадгална гэж заасан байдаг билээ.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Мираж-2000-5 сөнөөгч онгоцыг Украинд шилжүүлж, Украины нисгэгчдийг сургах болно. Тэд Украинд газар нутаг, агаарын орон зайг нь хамгаалах боломжийг олгоно. Франц мөн Украины 4500 цэргийг сургах хөтөлбөрт хамруулна” гэж мэдэгджээ. Mirage 2000-5 F бол 1980-аад оны сөнөөгч онгоцны гүн гүнзгий шинэчлэл буюу сайжруулсан радар, шинэ авионик, дижитал дэлгэц бүхий бүхээгтэй, мөн зэвсэг тээх есөн цэгтэй бөгөөд нийт 6.3 тонн ачаа даах чадвартай онгоц юм.

Францын ерөнхийлөгч Елисейн ордонд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн хэлэлцээний дараа хэвлэлийн бага хурал дээр “Бид ойрын өдрүүдэд Украины шаардлагад нийцсэн хамгийн том эвслийг байгуулж дуусгах болно. Бид эвсэл байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд манай хэд хэдэн түншүүд аль хэдийнэ зөвшөөрлөө өгсөн. Энэ бол Украинд цэргийн сургагч илгээх эвсэл юм” гэж хэлжээ. Харин түүний энэхүү мэдэгдлийн дараа Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Макрон Киевийн дэглэмийг тууштай дэмжиж байгаагаа харуулж, Бүгд Найрамдах Франц улс цэргийн мөргөлдөөнд шууд оролцоход бэлэн гэж мэдэгдлээ. Бид эдгээр мэдэгдлийг хэт өдөөн хатгасан, тив дэх хурцадмал байдлыг нэмэгдүүлж, эерэг зүйл авчрахгүй зүйл гэж үзэж байна” гэж мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Турк улс Хятадад үйлдвэрлэсэн машинуудад нэмэлт татвар ногдуулна DNN.mn

Турк улс Хятадад үйлдвэрлэсэн дотоод шаталтын хөдөлгүүртэй болон хос хөдөлгүүртэй автомашинуудад нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа бямба гарагт зарлажээ.

Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын тулд Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад 40 хувийн татварын ногдуулах бөгөөд татварын хэмжээ хамгийн багадаа 7000 ам.доллар байна гэж Туркийн Худалдааны яамнаас мэдэгдлээ.

Мөн Турк улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй, Европын Холбооны гишүүн бус орнуудаас импортолж буй зарим бараанд татвар ногдуулна гэж уг мэдэгдэлд дурджээ. Эдийн засаг, худалдааны хөгжил, салбарын эрэлт хэрэгцээг харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан гэж тус яам мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

“Чанъэ-6” амжилттай газарджээ DNN.mn

Хятадын сансар судлалын үндэсний газар “Чанъэ-6” төхөөрөмж сарны ар талд амжилттай газардсаныг зарлалаа. Тус хөлөг энэ сарын 2-ны ням гаригт Бээжингийн цагаар 6:23 цагт Өмнөд туйл болох Айткены сав газрын урьдчилан төлөвлөсөн газарт буусан гэж тус газрын мэдэгдлийг иш татан Ройтерс агентлаг мэдээлжээ. Энэ төхөөрөмж гурав хоногт 2 кг хүртэлх сарны хөрсний дээж цуглуулж, дараа нь сарны гадаргуугаас хөөрөх төхөөрөмжид ачаалах аж. Уг дээж эргээд сарны тойрог замд буй хөлөгтэй холбогдож, дараа нь дэлхий рүү буцах болно. Тавдугаар сарын 3-нд эхэлсэн энэ аялал нийтдээ 53 хоног үргэлжилнэ.

Хамгийн хэцүү зүйл нь сарны ар тал дэлхийгээс хэзээ ч харагдахгүй учир шууд радио холбоо тогтоох боломжгүй байгаа явдал юм. Гэсэн хэдий ч Хятад улс өнгөрсөн хугацаанд сарны алслагдсан хэсгээс төхөөрөмжөө буцаан авчрах даалгаврыг аль хэдийнэ хэрэгжүүлээд байгаа билээ.
Хятадын сарны хөтөлбөр нь дэлхийн дагуул дээр амьдрах боломжтой баазыг бий болгох зорилгоор сарыг өргөн цар хүрээтэй судлах явдал юм. “Чанъэ-6” хөлгөөр ирэх дээжүүд нь дэлхийн дагуул сар хэрхэн үүссэнийг ойлгоход тус болно. “Сарны уралдаан”-д Хятадын өрсөлдөгч нь Энэтхэг бөгөөд түүний “Чандраян-3” модуль 2023 оны наймдугаар сард сарны өмнөд туйлын ойролцоо амжилттай газардсан. Үүний зэрэгцээ АНУ, Орос хоёр сарыг судлах шинэ оролдлогууд хийж эхлээд байна. 2023 онд Роскосмосын “Луна-25” аппарат саран дээр буух оролдлого бүтэлгүйтсэн нь Оросын анхны сарны нислэгийн бүтэлгүйтэл болсон. Харин энэ онд АНУ сар руу нэг амжилттай, нэг амжилтгүй төхөөрөмж илгээсэн бөгөөд түүхэндээ анх удаа хувийн компани энэ ажилд оролцсон нь онцлог байв.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Япон: Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд болзооны апп нэвтрүүлэв DNN.mn

Японы засгийн газар залуучуудыг гэр бүл зохиоход нь дэмжлэг үзүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа ч олон жилийн турш уналттай байсан төрөлтийн түвшин улам буурав. 123.9 сая хүн амтай тус улсад өнгөрсөн онд ердөө 727,277 төрөлт бүртгэгджээ.

Эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин 1.26-аас 1.20 болж буурсан байна. Энэ нь япон эмэгтэй хүний амьдралынхаа туршид төрүүлэх нийт хүүхдийн тоог дундажласан үзүүлэлт юм. Гэтэл хүн ам тогтвортой байхын тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай. Японд төрөлтийн түвшин хагас зуун жилийн турш 2.1 гэсэн тогтвортой үзүүлэлтээс асар доогуур байжээ.

Сүүлийн жилүүдэд тус улсад нас баралтын тоо төрөлтийг гүйцэж түрүүлснээр хүн амын тоо буурсаар байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2023 онд тус улсад 1.57 сая хүн нас барсан нь төрөлтөөс хоёр дахин их байна. Энэ нь Японы ажиллах хүч, эдийн засаг, нийгмийн халамжийн тогтолцоо, нийгмийн бүтцэд асар их сөрөг үр дагавартай.

Цаашилбал, гэрлэлтийн тоо буурч, салалтын тоо өссөн үзүүлэлт ажиглагдаж байна. Өнгөрсөн жил гэрлэлтийн тоо 30 мянгаар буурчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бууралт дор хаяж хэдэн арван жил үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Төрөлтийн түвшин яг одоо нэмэгдлээ ч залуучууд болон ахмад настнуудын хоорондын зөрүү тэнцвэржих хүртэл хүн амын тоо буурсаар байх юм.

Гэсэн хэдий ч засгийн газар үүний эсрэг тууштай тэмцсээр байна. Засгийн газрын холбогдох агентлагууд хүүхдийн асрамжийн газруудыг өргөжүүлэх, эцэг эхчүүдэд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, зарим хотод хүүхэдтэй болохоор төлөвлөсөн хосуудад тэтгэмж олгох зэрэг санаачлага гаргажээ.

Мөн нийслэл Токио хотод засгийн газрын дэмжлэгтэйгээр болзооны аппликейшнийг ажиллуулж эхлэх болжээ. Тус аппликейшн одоогоор туршилтын эхний шатандаа байгаа бөгөөд энэ оны сүүлээр бүрэн ашиглалтад орно. “Гэр бүлтэй болохын тулд энэ аппликейшнийг эхний алхам болгон ашиглаарай” гэж програмын албан ёсны цахим хуудсанд бичжээ.

Энэхүү програм нь тэрбумтан Элон Маскийн анхаарлыг хүртэл татсан байна. Тэрбээр өмнө нь Япон улс ямар нэг арга хэмжээ авахгүй бол удахгүй устаж алга болно гэж анхааруулж байсан юм. Тиймээс энэ асуудлын ач холбогдлыг Япон улс хүлээн зөвшөөрсөнд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Categories
гадаад мэдээ

Оросын нутагт анхны “С-400” устгагдав DNN.mn

АНУ Оросын нутагт өөрсдийн зэвсгийг ашиглахыг зөвшөөрснөөс хойш нэг хоногийн дараа ОХУ-ын цэргийн Белгород муж дахь агаараас хамгаалах “S-400” батерейг Украины арми устгасан байна. Белгород мужаас Украин руу пуужин харваж байсан “Триумф” нэртэй, 625 сая ам.долларын үнэтэй агаараас хамгаалах “S-400” устгагдсаныг Оросын Z-блогчид хүртэл аль хэдийнэ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт устгагдсан анхны зенитийн пуужингийн батарей биш ч Украинчууд АНУ-ын зөвшөөрлөөс өмнө зөвхөн эзлэгдсэн Крым, эсвэл Донецк муж дахь Оросын зенитийн пуужингийн системд цохилт өгч байсан гэдгээрээ онцлог юм. Энэхүү цохилтын үр дүнд Оросын Z-блогчид мэдээлж буйгаар “S-400” батерейгаас гурван машин, хоёр хөөргөгч, нэг трактор устгагдсан аж. Украинчууд ОХУ-ын Белгород муж дахь байг буудах эрхтэй болсноор ойрын ирээдүйд ийм цохилтууд хийх шинэ тохиолдол гарч болзошгүй байгаа бөгөөд энэ нь Оросын армийн хилийн бүс нутагт явуулж буй ажиллагаанд нөлөөлөх нь дамжиггүй гэж цэргийн шинжээчид дүгнэжээ. Украины Зэвсэгт хүчин 2022 оны зунаас хойш ашиглаж байгаа GMLRS-ээр
Оросын зэвсгийн агуулахууд болон бусад цэргийн чухал байнд байнгын цохилт өгснөөр Оросын арын албаны хүмүүсийг логистикийн схемээ бүрэн өөрчлөхөд хүргэх болно. Энэ нь Оросын бүс нутгууд шинэ дүрмээр амьдрах ёстой болж байна гэсэн үг бөгөөд Украинчуудын эсрэг үйл ажиллагаа явуулах цэргийн ү йл ажиллагааг улам хүндрүүлж, Америкийн
пуужингийн цохилтод цэргүүд төдийгүй удирдлага нь өртөх өндөр эрсдэлтэй болоод байна. АНУ Украины Зэвсэгт хүчинд 300 км- ийн тусгалтай ATACMS пуужингуудыг Оросын нутагт ашиглахыг зөвшөөрдөггүй
ч GMLRS-ийн нисч чадах 80-90 км зайд цохилт өгөх чадвартай пуужингууд аль хэдийнэ Оросын армийн маш ноцтой аюул болоод байгааг цэргийн шинжээчид онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Жо.Байден: Украинд амар амгалан тогтоно гэдэг нь Украин НАТО-д элсэнэ гэсэн үг биш DNN.mn

Ерөнхийлөгч Жо.Байден Цагаан ордны Зууван танхимд “Time” сэтгүүлийн Вашингтон дахь товчооны дарга Массимо Калабреси, ерөнхий редактор Сэм Жейкобс нарт ярилцлага өгсөн юм байна.

Тэгвэл “Тайм” сэтгүүл АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдентай хийсэн ярилцлагаа нийтэлжээ. Ярилцлагын үеэр Байден Хятад, Тайвань,Украин, Израилийг багтаасан гадаад бодлогынхоо талаар дэлгэрэнгүй ярьж, улиран сонгогдох гэж байгаа өндөр
насандаа санаа зовж байна гэжээ. Трампын үйлдэл, мэдэгдлээс болж дэлхий Америкт итгэх итгэлээ алдсан гэж Жо.Байден энэхүү ярилцлагадаа онцлон дурджээ. Ерөнхийлөгч өөрийн хүч чадал, чадвартаа илүү итгэлтэй байж чадахгүй байгаа бөгөөд алдаатай ярьж, бүдэрч бас амархан ядарч байсан ч шинэ хугацааг даван туулж чадна гэж мэдэгджээ. Ярилцлагын үеэр түүнээс “Украин дахь дайны төгсгөл гэж юу вэ, дэлхий үүнийг хэрхэн харж байна вэ?” гэж асуухад Байден “Энх тайван гэж Орос Украиныг хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч (дөрвөн удаа давтан хэлэв) эзлэн авахгүй гэсэн баталгаа бий болохыг хэлнэ. Дэлхий ийм л байдлыг хүлээж байна. Энэ нь Украин НАТО-гийн нэг хэсэг болно гэсэн үг биш юм. Энэ нь бид бусад улстай адил тэдэнтэй харилцаж, өөрсдийгөө хамгаалах зэвсэг нийлүүлсээр байх болно гэсэн үг.

Иймээс би Украиныг НАТО-д элсэхийг дэмжихэд бэлэн биш байна гэж хэлсэн” гэж хариулжээ. Украин НАТО-д гишүүнээр элсэхийг эртнээс эрмэлзсээр ирсэн ч энэ асуудал эвслийн зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн зун Вильнюс хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины удирдлагуудын урам хугалсан мэдэгдэл гарч, “Украины ирээдүй НАТО мөн. Гэхдээ бид цаг нь ирэхээр Украиныг НАТО-д нэгдэх урилга илгээх байр суурьтай байна. Гишүүн улсууд ч болзол хангагдсан тохиолдолд энэ асуудлаар зөвшилцөх болно” гэж мэдэгдсэн юм. Мөн Орос улс 2021 оны 12 дугаар сард АНУ болон НАТО-д Украин, Гүржийг хэзээ ч НАТО-гийн гишүүн болгохгүй гэсэн баталгаа шаардаж үүнийгээ хожим дайн хийсэн нэг шалтгаан болгож байсан юм. Оросын эрх баригчид энэ шаардлагаасаа өнөөдөр ч татгалзаагүй байна. Энэхүү ярилцлагын үеэр ерөнхийлөгч Байден “Хятад улс АНУ-ын сонгуульдхөндлөнгөөс оролцож байгааг нотлох баримт бидэнд бий” гэж хэлсэн нь судлаачдын анхаарлыг гойд татаж, тэдний хэлэлцүүлгийн шинэ сэдэв болоод байна.

Categories
гадаад мэдээ

“Сибирийн хүч -2” хийн хоолойн хувь заяа DNN.mn

Москватай худалдаж авах байгалийн хийн хэмжээ болон үнийн асуудлаар санал зөрөлдөөнөөс болж “Сибирийн хүч- 2” хийн хоолой барих асуудлаар Хятадтай гэрээ байгуулах Оросын оролдлого зогсонги байдалд оржээ.Энэ тухай “Financial Times” сонин уг хэлэлцээний явцтай танилцсан гурван эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Хятад улс “Сибирийн хүч-2”хоолойгоор нийлүүлсэн хийн төлбөрийг ОХУ-ын дотоодын үнэтэй ойролцоо үнээр авах бодолтой байгаа аж. Үүнээс гадна Бээжин хийн хоолойн нийт хүчин чадлын багахан хэсгийг л худалдаж авахыг хүсч байгаа юм байна. Иймд “Газпром” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Хятадад хийсэн айлчлалын үеэр дагаж яваагүй нь уг санал зөрөлдөөнтэй холбоотой байсан юм байна.

Дамжуулах хоолойн хэлэлцээр бол Путин Хятадын удирдагч Си Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа үеэр хэлэлцсэн гурван гол сэдвийн нэг байсан гэж “Financial Times” сонин мэдээлжээ. Мөн энэ асуудлаас гадна Оросын Холбооны Улс Хятадын банкуудын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, Бээжинг энэ сарын дундуур Швейцарьт болох Украины энхийн бага хуралд оролцохгүй байхыг хүссэн гэж уг сонин мэдээлжээ.

Колумбын их сургуулийн дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн судлаач Татьяна Митрова “Fi­nancial Times”-д өгсөн ярилцлагадаа “Газпром”-ын Алексей Миллер ийм чухал айлчлалд оролцоогүй нь “маш ноцтой шинж тэмдэг” гэжээ. Үүний зэрэгцээ “Сибирийн хүч-2”-ын талаар Бээжин хатуу байр суурь баримталж байгаа явдал нь Орос Украиныг эзлэн түрэмгийлснээр Путин эдийн засгийн хувьд Бээжингээс улам бүр хамааралтай болгож байгааг батлан харуулж байна гэж тус сонин онцолжээ.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

ISW: Украин Оросын хилийндотор байгаа цэргийн бүх объектуудад цохилт өгөх ёстой DNN.mn

АНУ-ын Дайны судалгааны хүрээлэн/ISW/-гийн өдөр тутам гаргадаг тоймдоо “Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн объект руу довтлоход Украинд АНУ-аас өгсөн зэвсгийг ашиглах хязгаарлалтын тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа нь Украины хойд хэсэгт Оросын цаашдын довтолгоог зогсоох боломжгүй болгож байна” гэсэн байна. Харин “Politico” сонин Украины ерөнхийлөгчийн засаг захиргаанд ойр хоёр хүнээс эш татан “Украины зэвсэгт хүчин АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг ашиглахдаа зөвхөн Харьковын бүсээр хязгаарлагдаж байгаад Украины эрх баригчид дургүйцэж байна” гэж мэдээлжээ. Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Европын асуудал эрхэлсэн захирал Майкл Карпентер “Америкийн дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Байден Украинд өгсөн манай зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрөх өнөөгийн шаардлагыг өөрчлөхийг тушаасан” гэж мэдэгджээ.

ISW-ийн шинжээчид “Карпентерийн тайлбар болон “Politico”-ийн мэдээ нийлээд АНУ эдгээр цохилтыг яг хаана өгөхийг зөвшөөрсөн талаар төөрөгдөл байгааг харуулж байна. Мөн хэрэв Оросын арми Харьковын чиглэлээс өөр газар давшилтын ажиллагаа явуулбал АНУ энэхүү зөвшөөрлөө өргөтгөж бусад бүс нутгийг хамруулахад бэлэн байгааг харуулж байна” гэж онцолжээ. ISW-ийн шинжээчдийн тэмдэглэснээр, Кремль хэрэв Украины цохилт нь хилийн бүс нутаг дахь өөрийн цэргийн төвлөрөлд аюул учруулахгүй гэж үзвэл Харьков мужаас гадна Украины хилийн янз бүрийн бүс нутагт шинэ довтолгоон явуулах шийдвэр гаргаж магадгүй юм. Энэ нь Оросын цэргүүд фронтын янз бүрийн салбар дахь бусад ажиллагаа явуулах магадлалыг нэмэгдүүлж, Украины Зэвсэгт хүчинд хүчээ дахин хуваарилахыг шаардах бөгөөд энэ нь Оросын талд ашигтай байх болно” гэжээ. ISW мөн барууны засгийн газруудын амласан F-16 сөнөөгч онгоцыг Украин цаашид ашиглах талаар харилцан адилгүй бодлого баримталж байгааг тэмдэглэжээ. Тодруулбал, Украин улсаас нийлүүлсэн сөнөөгч онгоцуудаа Украин зөвхөн өөрийн агаарын орон зайдаа ашиглах боломжтой гэж Бельги мэдэгдэв. Нидерланд улс F-16 онгоцуудаа ашиглахад ямар нэгэн хязгаарлалт тавиагүй бөгөөд Украинд НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйл болон олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх цорын ганц нөхцөл шаардсан байна.Эдгээр зөрчилдөөн нь Украин ямар онгоцыг агаарын довтолгоонд ашиглаж болох, ашиглах боломжгүйг дагаж мөрдөхийг Киевээс шаардаж, энэ нь эцэстээ Украины F-16-г ашиглан ажиллагаа болон байлдааны даалгавар төлөвлөх, явуулах чадварыг улам хүндрүүлэх болно” гэжээ.

Үүссэн нөхцөл байдлыг шүүмжлэгч шинжээчид эцэст нь “ISW АНУ Украинд Оросын хилийн дотор байгаа бүх хууль ёсны цэргийн объектуудад АНУ-аас өгсөн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрөх ёстой гэж үзэж байна” гэж мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Чихрийн шижин өвчинг эмчилжээ DNN.mn

Хятадын “South Chi­na Morning Post” хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчилсэн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай бичжээ.Хятадын эрдэмтэд үүдэл эсийг тархи, булчин, бөөр, тэр ч байтугай нойр булчирхайн эд эс болгон хувиргах чадвартай шинэ химийн коктейлийг туршсан байна. Ингэхэд нойр булчирхайн үүдэл эсүүд нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг инсулиныг бий болгож байжээ.

Иймээс эрдэмтэд 2021 онд 59 настай эрэгтэйн нойр булчирхайд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбар хийжээ.Үүний дараа өвчтөн цусан дахь сахарын хэмжээг хянах эм хэрэглэхээ больж, инсулины хэрэгцээ аажмаар буурч байжээ. Эхний үр дүн гарахад 11 долоо хоног зарцуулагдсан бөгөөд 48 долоо хоногтоо чихрийн шижингийн эсрэг эм уухаа больсон байна.Үр дүнд нь хэдэн жилийн дараа комд орохгүйн тулд өдөрт хэд хэдэн удаа инсулин тариулдаг, 25 жил сахарын өвчтэй байсан хүн бүрэн эдгэрчээ.

Categories
гадаад мэдээ

Канцлер Олаф Шольц: Буруу шийдвэр гаргуулах гэж надад дарамт шахалт үзүүлэхийг зөвшөөрөхгүй DNN.mn

Канцлер Олаф Шольц Германы “Antenne Bayern” радиод ярилцлага өгөхдөө “Киевт Германы зэвсгийг ашиглах эрхийг олгох шийдвэрийг Германы “найз нөхөд, холбоотон”-уудтай хамтран сайтар бодож байж гаргасан.

Украин Германаас нийлүүлсэн зэвсгээр Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн объектуудад цохилт өгөх боломж нээгдсэн нь хурцадмал байдалд хүргэхгүй. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр бид зөвхөн Харьков гэх мэт томоохон хотыг хамгаалах чадварын тухай л ярьж байгаа хэрэг. Иймээс Германы иргэдэд хандаж уриалахад буруу, цаг үеэ олоогүй шийдвэр гаргуулах гэж надад дарамт шахалт үзүүлэхийг би хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулмаар байна” гэж мэдэгджээ.

Тавдугаар сарын 31-нд Германы засгийн газар Украинд Германаас нийлүүлсэн зэвсгээр Оросын нутаг дахь объектуудад цохилт өгөхийг зөвшөөрсөн юм. Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебстрейт мэдэгдэлдээ Берлиний энэ асуудлаарх байр суурь өөрчлөгдсөнийг Оросын арми Украины хилийг давж Харьков мужид довтолж эхэлсэнтэй холбон тайлбарласан. Хебестрейт “Украин олон улсын хууль тогтоомжийн дагуу гадны халдлагаас өөрийгөө хамгаалах эрхтэй” гэж мэдэгдсэн юм. Үүнтэй ижил эрхийг АНУ болон барууны 12 улс Киевт олгоод байгаа билээ. Харин ОХУ-ын ГХЯ энэ сарын 3-нд Украинд өгсөн Америкийн зэвсгийг ашиглах тухай шийдвэр нь “үхлийн үр дагаварт хүргэж болзошгүй” гэж сүрдүүлсэн юм.

 

Г.АМАРСАНАА