Categories
гадаад мэдээ нийгэм

БНСУ-д 2023 оноос хий насыг тоолохгүй DNN.mn

Солонгосчууд 2023 оноос эхлэн нэгээс хоёр насаар залуужна DNN.mn

Өмнөд Солонгост 2023 оноос эхлэн өөрчлөгдөх хууль, дүрэм журмыг танилцуулж байна.

  1. БНСУ-ын иргэд ирэх оноос нэг нас залуужина. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 8-нд батлагдсан шинэ хуулийн дагуу хий насыг тоолохгүй. 2023 оны зургадугаар сараас эхлэн бүх албан ёсны баримт бичигт “олон улсын нас” гэсэн стандартыг ашиглана. Өөрөөр хэлбэл, эхийн хэвлийд байсан хугацааг тооцохгүй, бусад улсын жишгээр төрснөөс хойших насыг тоолох юм.
  2. Онлайн төлбөр тооцоог арваннэгдүгээр сарын 30-аас эхлэн “Apple Pay”-ээр хийж болох болсон. Харин энэ сарын сүүлээр офлайн төлбөр хийх боломжтой болно. Энэ үйлчилгээг “Starbucks”, “Costco” зэрэг хэд хэдэн сүлжээ дэлгүүрт ашиглахаар “Hyundai Card”-тай гэрээлжээ.
  3. Өмнөд Солонгос бол технологийн өндөр хөгжилтэй орнуудын нэг. Тус улсад “Internet Explorer” вэб хөтөч олон жилийн турш тэргүүн байр эзэлж байжээ. Энэ оны есдүгээр сараас хэд хэдэн төрийн байгууллага, институци “Internet Explorer”-оос татгалзаж эхэлсэн бол 2023 оноос эхлэн улс даяар хэрэглээнээс бүр мөсөн халж байна.
  4. Бүтээгдэхүүний хэрэглэх хугацааны шошгоны системийг өөрчлөнө. Тодруулбал, өнөөг хүртэл тус улсад “sell-by date” шошгыг ашигладаг байсан нь “use-by date” болж өөрчлөгдөж байна. Энэ нь Европын холбоо зэрэг олон улсын стандартын дагуу тухайн бүтээгдэхүүн дээр борлуулж дуусах огноог биш хэрэглэж дуусах огноог бичнэ гэсэн үг.
  5. Мотоциклыг “Хариуцлагын даатгал”-д заавал хамруулах ёстой болов. 2017 онд л гэхэд тус улсад 2.166 сая мотоцикл бүртгэгдсэн байснаас ердөө таван хувь нь даатгалд хамрагдсан байсан.
  6. БНСУ-ын жолооны үнэмлэх 1, 2 гэсэн зэрэглэлтэй байдаг. Тэгвэл ирэх оноос хоёрдугаар ангиллын үнэмлэхтэй жолооч 7 жил осол гаргаагүй бол нэгдүгээр ангиллаар үнэмлэхээ шинэчлэх боломжтой болно.
  7. “Байнгын аяллын тасалбар”-ыг 2023 оноос нэвтрүүлнэ. Ингэснээр автобус болон метро дамжин зорчиход 38 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

Зарим төсвийн өөрчлөлт:

  1. Цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9620 вон буюу таван хувиар нэмэгдэнэ. Үүнийг сарын цалинд хөрвүүлбэл 2.02 сая вон болно. Энэ тушаал зургадугаар сард гарсан ба ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.
  2. 65 ба түүнээс дээш насны ахмадуудад олгодог суурь тэтгэвэр 321950 вон болж нэмэгдэнэ. Өмнө нь 307500 вон байсан.
  3. Сөүл хотын захиргаа подвол, дээврийн өрөө зэрэгт амьдардаг эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бие дааж амьдрахаар бэлтгэж буй залуучуудад 400 мянган вонын дэмжлэг үзүүлэх болжээ.
  4. Улсын түрээсийн байраас нүүвэл хувийн түрээсийн байр руу нүүвэл 50 сая воноор дэмжинэ.

Эх сурвалж: NEWS SARANGBANG

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын дрон Сөүлд нисч очив DNN.mn

Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр Хойд Солонгосын дронуудхоёр улсын хилээр хэд хэдэн удаа нэвтэрчээ. Өмнөдийн Кёнги мужийн хилийн бүсээрХойд Солонгосын дронууд орон нутгийн цагаар 10:30-д Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчсөн гэж тус улсын штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв. Эдгээр дронуудын нэг нь Сөүлийн хойд дүүрэг дээгүүр ниссэн аж.

Өмнөд Солонгосын арми хэд хэдэн удаа анхааруулах буудлага хийж, дараа нь сөнөөгч онгоц, нисдэг тэрэгнүүдээ хөөргөсөн байна. Энэхүү хамгаалах ажиллагаанд оролцсон Өмнөд Солонгосын цэргийн нисэх онгоцны нэг болох “КА-1” гэх хөнгөн дайрагч онгоц осолдсон бөгөөд хоёр нисгэгч нь шүхрээр бууж амжсан аж.

Тус улсын Агаарын цэргийн хүчний албан мэдээгээр, Сөүл хотын хойд хэсэгт орших Хоенсонг суурин дээгүүр ниссэн дрон удалгүй газарт унасан байна.

Сүүлийн үед Пхеньян нэлээд олон пуужингийн туршилт хийсэн бөгөөд эдгээр дроны нислэг нь Солонгосын хойгийн хурцадмал байдал шинэ үе шатанд гарсны нотолгоо болж байна.

Өмнөд Солонгосын цэргийн өндөр албан тушаалтан “Манай арми Хойд Солонгосын энэхүү өдөөн хатгалгад хатуу хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн бөгөөд хамгийн сүүлд таван жилийн өмнө 2017 оны зургадугаар сард хоёр Солонгосынхурцадмал байдал дээд цэгтээ хүрэх үед Хойд Солонгосын дронӨмнөдийн хилээр нэвтэрч байсан гэж“BBC” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Путин хариу арга хэмжээ авав DNN.mn

Барууны орнууд Оросын нефтэд үнийн дээд хязгаар тогтоосны эсрэг хариу арга хэмжээ авах зарлигт Путин гарын үсэг зурлаа. Түүний зарлигаар үнийн дээд хязгаарыг шууд болон шууд бусаар даган мөрдөж байгаа бүх улс орон, компаниудад Оросын нефтийг борлуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Энэ сарын эхээр “Их 7”-гийн бүлгийн орнууд болон Европын Холбоо, Австрали улсууд Оросын экспортын газрын тосонд нэг баррель нь 60 ам.доллар байх үнийн дээд хязгаарыг тогтоох зөвшилцөлд хүрсэн нь энэ сарын 5-наас хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэр нефтийн борлуулалтын үнэ баррель нь 60 ам.долларыг давбал Оросын нефтийн тээвэрлэлтэд даатгал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоно гэж заасан юм.. Харин барууны энэ хоригт нэгдсэн орнуудад оросын нефтийг нийлүүлэхгүй байх Путины шийдвэр ирэх оны 2-р сарын 1-нээс 7-р сарын 1-нийг хүртэл таван сарын хугацаатай үргэлжлэх аж. Гэхдээ энэ хугацаанд хоригт хамрагдсан зарим улсуудад нийлүүлэлтийн “Тусгай зөвшөөрөл” өгч болно гэж Путины зарлигт тусгажээ.

Categories
гадаад мэдээ

“Вагнер” Оросын жанжин штаб руу “довтлов” DNN.mn

Украйны Бахмут хот руу довтолж буй “Вагнер”-ийн хөлсний цэргүүд Оросын жанжин штабын дарга Валерий Герасимов фронтын шугамд хангалттай хэмжээний сум нийлүүлэхгүй байгааг буруутгаж, доромжилсон бичлэгийг тэднийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин дэмжсэн байна. Хөлсний цэргүүд гэрээт цэргүүдээс илүү гэдгийг харуулах гэсэн ийм “мөргөлдөөн” гарах нь Путины эхлүүлсэн дайны 11 дэх сард энгийн үзэгдэл болоод байгааг “BBC” онцолжээ.

“Жанжин штабын дарга аа! Чи бол пидор!(Оросын ижил хүйстнийг доромжилсон нэр – BBC), хараал идсэн чөтгөр царайлсан******* (тааламжгүй үг)! Бидэнд сум байхгүй, тэнд залуус бидний төлөө үхэж байна, Бид тэдэнд тусалж чадахгүй энд сууж байна” гэж нүүрээ халхалсан хоёр хөлсний цэрэг гаубиц их буу, сумны хоосон хайрцаг, өнгөлөн далдлах тороор арын дэвсгэр хийсэн бичлэгээ “PMC Wagner”-тай холбоотой телеграм сувгуудаар тараагаадбайгаа аж.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

“Вагнер”-ийн дайчдын 80 хувь нь хоригдол DNN.mn

Сүүлийн долоо хоногт “Вагнер”-ийн1000 орчим хөлсний цэрэг Бахмутын ойролцоо нас барсан. Тэдний 80 хувь нь хоригдлууд байсан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби мэдэгдэв.”Украинд тулалдаж буй “Вагнер”-ийн дайчдын 80 орчим хувь нь энэ дайнд оролцохоор элсүүлсэн шоронгийн хоригдлууд байх магадлалтай.“Вагнер”-ийннийт50 мянга орчим дайчдын 40 мянга нь хоригдлууд бөгөөд тэдний заримынх нь эрүүл мэндийн ноцтой асуудал ноцтой болсон” гэж Кирби “CNN”-д ярьжээ. Жон Кирби, “Вагнер”-ийн эзэн Евгений Пригожин “Бахмут хотыг оросуудын цогцосоор дүүргэх гэж зорьж байгаа юм шиг харагдаж байна. Амь үрэгдэгсдийн 90 хувь нь хоригдлууд байсан гэж бид үзэж байна” гэжээ. Кирби мөн “Вагнер”-ийн эзэд Украины дайнд сард 100 сая ам. доллар зарцуулдаг болохыг илчилсэн аж. Мөн өнгөрсөн сард Хойд Солонгосоос пуужин, гранат харвах төхөөрөмжавсан нь Орос болон түүнийтүншүүд барууны хориг арга хэмжээ, экспортын хяналтыг тойрч гарах арга зам эрэлхийлсээр байгааг харуулж байна. Энэ нь Украин дахь байлдааны ажиллагааг дорвитой өөрчилнө гэдэгт АНУ итгэхгүй байгаа ч БНАСАУ Орост шинэ зэвсгийн нийлүүлэлт хийхээр төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэж “CNN” онцолсон байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Парис хотод курдууд эмх замбараагүй байдал үүсгэв DNN.mn

Өнгөрсөн баасан гарагт Парис хотод Курд гаралтай гурван хүн үндсэрхэх үзэлтний гарт амиа алдсанаас үүдэлтэй эмх замбараагүй байдал бий болов. Жагсагчид гудамжинд байсан автомашинуудыг хөмрөн, заримыг нь галдан шатааж, цагдаа нартай мөргөлджээ. Хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Франц дахь Курдын нийгэмлэгийн олон зуун төлөөлөгч арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн бямба гарагт Парисын төв талбайд жагссан. Тайван замаар эхэлсэн тус жагсаал удалгүй эмх замбараагүй байдал болон хувирчээ. Өнгөрсөн баасан гарагт Курдын соёлын төвийн ойролцоо курд үндэсний ресторанд гарсан зэвсэгт халдлагад нэг эмэгтэй, хоёр эрэгтэй амиа алдсан юм. Хохирогчид бүгд Курдууд байсан бөгөөд халдлага үйлдсэн 69 настай эрэгтэйг цагдаа нар хэргийн газарт баривчилсан аж. Дүрвэгсдийн төвд халдлага үйлдсэн хэргээр өмнө нь баривчлагдаж байсан уг этгээдцагаачдыг үзэн яддаг гэдгээ байцаалтын үеэр мэдүүлжээ. Түүний гарт амиа алдсан хохирогч эмэгтэй нь Курд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч байсан бол өөр нэг хохирогч эрэгтэй нь Францид улс төрийн орогнох эрх авсан зураач байсан байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Covid-19”-ийн тоо баримтыг зарлахгүй DNN.mn

Covid-19 өвчний талаар өдөр тутмын тоо баримтаа Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хороо зарлахаа зогсоов. Тус байгууллагаасгаргасан мэдэгдэлд “Цар тахалтай холбоотой мэдээллийг Хятадын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв цаашдаа нийтэлж байх болно” гэсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Хятад даяар коронавирусийн халдвар тархалт эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн тухай мэдээ ирж байгаа. Гэхдээ өвчлөлийн талаарх тоо баримт эргэлзээтэй хэвээр байна. Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хороо тоон мэдээлэл гаргахаа зогсоохоос өмнө дөрвөн өдөр дараалан Covid-19 өвчинтэй холбоотой нас баралтын тоогоо зарлаагүй юм. Үүнээс өмнө тус улсын эрх баригчид ямар тохиолдолд коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж үзэх шалгуураа өөрчилж байжээ.

Их Британийн эрүүл мэндийн өгөгдөл боловсруулдаг “Airfinity” компанийн тооцоогоор Хятадад өдөрт нэг сая гаруй халдварын тохиолдол, 5,000 гаруй нас баралт нэмэгдэж байх өндөр магадлалтай гэсэн байна. Циндао хотын албаны эх сурвалж тус хотод одоо өдөрт 490,000-530,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа мэдээ өнгөрсөн баасан гарагт нийтлэгдэж байжээ. Гэхдээ энэ мэдээлэл удалгүй устсан байна гэж “Reuters” мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Украинд олгож буй патриот агаарын довтолгооноос хамгаалах систем DNN.mn

Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-д айлчлах үеэр буюу энэ сарын 21-ний өдөр Украинд олгосон 1.8 тэрбум ам.долларын цэрэг, эдийн засгийн тусламжийн багцад агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт Патриот (Patriot) систем багтсан юм.

Патриот нь нисэх онгоц, далавчит пуужин, ойрын зайн баллистик пуужингийн эсрэг газар-агаар ангиллын залуурт пуужингийн систем бөгөөд 1980-аад оноос ашиглаж ирсэн. Тухайлбал, байг илрүүлж, мөрдөх радар; холбоо, харилцааны хэрэгсэл; удирдлага, хяналтын станц; пуужин харвах суурь гэсэн дөрвөн үндсэн багцаас бүрдэх харилцан уялдсан, аюулгүй, нэгдмэл, хөдөлгөөнт систем аж.

Тус системийн үндсэн зориулалт нь анх баллистик пуужингийн эсрэг байсан бөгөөд түүнд олон удаагийн хөгжүүлэлтийг хийж чадавхыг нь сайжруулсаар ирсэн. Үйлдвэрлэгч АНУ-ын Рэйтион (Raytheon) компани системийг 2048 он, түүнээс цааш зэвсэгт хүчнүүдэд ашиглагдах боломжтой гэж мэдэгдсэн. Одоогоор системийг НАТО-гийн зүүн хил болох Польш улс, түүнчлэн Герман, Япон, Израил зэрэг дэлхийн 17 улс худалдан авч ашиглаж байна.

Патриотын радар нь 150 орчим км-ийн цаана байх 50 гаруй агаарын байг нэгэн зэрэг хяналтад байлгаж, 70 гаруй км зайд пуужингаар байг устгана. Пуужин нь 5.2 метр урттай, 320 кг жинтэй,15-23 км-ийн өндөрт харвах чадвартай бөгөөд 5000 км цагийн хурдтай нисдэг. АНУ-ын хуурай замын хүчин уг системийг өргөн ашигладаг бөгөөд Патриот системийг цаг агаарын ямар ч нөхцөлд, агаарын ямар ч аюулыг таслан зогсоодог, практикт шалгарсан хамгийн дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах систем гэж үздэг. Одоо АНУ-ын хуурай замын хүчинд 16 Патриотын батальон байгаа гэж үздэг. Эдгээрт 50 батарей байна гэж үзвэл нийт 1600 пуужингийн систем байгаа юм байна.[1]

Үйлдвэрлэгч Рэйтион компани “Патриот нь 2015 оноос хойш 150 баллистик пуужинг амдан сөнөөсөн, ашигт үйлийн коэффициент 70-80 хувьтай” гэж мэдэгддэг.

АНУ-ын цэргийн шинжээч, бэлтгэл хошууч генерал Жэймс “Украинд одоо ашиглаж байгаа агаарын довтолгооноос хамгаалах системүүдээс[2] Патриотын тусгал улам цэцэн болж хөнөөл учруулах түвшин нэмэгдэнэ. Газар орон дээр ямар объектыг хамгаалахыг хүсэж байгаагаа тухайлан сонгох л шаардлагатай” гэсэн бол Стратеги, олон улс судлалын төвийн мэдээлэлд “’Патриотын системийн агаарын объектыг хянах, мөрдөх, устгах бүх үйл ажиллагаа нь нэг багц учраас бусад агаарын довтолгооноос хамгаалах системээс илүү. Ирж буй агаарын аюулд хариу цохилт өгөх үйл ажиллагаа нь үндсэндээ бүрэн автомат учраас ажиллуулж буй хүн зөвхөн пуужин харвах товчлуур дарахад л хангалттай” гэжээ.

Эх сурвалж: Патриот агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн харвалт (2022.12.25) https://www.raytheonmissilesanddefense.com/what-we-do/missile-defense/air-and-missile-defense-systems/global-patriot-solutions
Эх сурвалж: Словакийн Слиак онгоцны буудалд байрлаж буй Патриот систем 2022 оны тавдугаар сарын 6-ны өдөр (2022.12.14) https://www.reuters.com/world/europe/what-is-patriot-missile-defense-system-2022-12-21/

Орос-Украины дайн эхэлснээс хойш Украин АНУ-аас алсын тусгалтай, дэвшилтэд агаарын довтолгооноос хамгаалах систем авах хүсэлт гаргасаар ирсэн. АНУ-ын БХЯ сүүлийн үед ОХУ Украины томоохон хотуудын ус, дулаан, цахилгааны дэд бүтцэд өргөн хэмжээний пуужин, дроны цохилт өгч буй дайны өнөөгийн нөхцөл байдал энэхүү тусламжийг олгоход нөлөөлсөн гэж мэдэгдэв.

АНУ-аас Патриотын нэг батарей (харвагч тус бүр нь 4, нийт 32 пуужинтай, 8 харвагчтай) өгч байгаа бөгөөд нэг батарейг ажиллуулахад 90 цэрэг шаардлагатай байдаг. Уг систем дээр ажиллах америк цэргийг 1 жилийн хугацаанд сургалтад хамруулдаг байна. Украины уг систем ажиллуулах бүрэлдэхүүнийг Германы Графенвоер дахь АНУ-ын хуурай замын цэргийн баазад сургалтад хамруулах юм байна.

Патриот системийг Украинд өгч буй талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ сарын 15-ны өдөр “АНУ-ын зүгээс нөхцөл байдлыг хурцатгаж буй алхам бөгөөд Москвагийн зүгээс хариу арга хэмжээ авахад хүргэнэ”, В.Путин “Энэ бол манай С-300 систем шиг ажилладаггүй хуучин систем. Бид асуудлыг авч үзнэ. Хариу арга хэмжээ байнга л байдаг” гэж мэдэгдсэн байна.[3]

Стратеги, олон улс судлалын төвийн Пуужингийн хамгаалалтын төслийн ахлагч Том Карако “Патриот систем нь өнөөдөр байгаа хамгийн найдвартай, хамгийн өргөн ашиглагдаж байгаа агаарын довтолгооноос хамгаалах систем юм. Баллистик пуужингийн агаарын довтолгооноос хамгаалах чадавх нь Украиныг Иранаас нийлүүлэх баллистик пуужингаас хамгаалах боломжтой” гэж мэдэгдсэн.

Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Орос-Украины дайнд энэ системийн үр нөлөө хязгаарлагдмал бөгөөд дайны явцад зарчмын өөрчлөлт хийхгүй байх магадлалтай. Патриот системийн харвагч нь 10 сая ам.доллар, 1 багц буюу 4 пуужин нь 4 сая ам.долларын үнэтэй байна. Үүнээс үзэхэд 50 мянган ам.долларын үнэтэй дроныг 1 сая ам.долларын үнэтэй пуужингаар харвахад үр ашгийн асуудал гарах бөгөөд жижиг дроны эсрэг ашиглах боломжгүй юм.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Энгельс агаарын баазад дахин халдлага болов DNN.mn

Украины хилээс 600 км зайтай оршдог ОХУ-ын Энгельс агаарын баазад дахин дараалан дэлбэрэлт болсон тухайхоёр талын эх сурвалжууд мэдээлжээ. Агаарын баазад дараалсан хоёр дэлбэрэлт болсныг Украины хэвлэл мэдээлсэн бол хүчтэй дэлбэрэх чимээ гарч, агаарын түгшүүр зарласан тухай орон нутгийн иргэдийн мэдээлэлд үндэслэн Оросын “ Baza” болон “Кровавая барыня” сайт мэдээлжээ.

Саратов хотын ойролцоо оршдог Энгельс агаарын бааз нь ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн өмнө зүгт 730 км зайтай оршдог. Тус бааз энэ сарын эхээр мөн халдлагад өртөж байсан юм. Тухайн үед ОХУ-ын батлан хамгаалах яам Украины тал дроноор довтолсон гэж тайлбарлаж байжээ. Энгельс баазад Оросын стратегийн цөмийн зэвсэгт хүчний бөмбөгдөгч онгоцнууд байрладаг юм.

Украины арми өмнө нь Оросынгазар нутгийн гүнд цохилт өгөх чадвартайгаа харуулж байсан ч Энгельс баазад довтолсныг болоннаймдугаар сард Крымийн хойг дахь агаарын баазад өгсөн халдлага, есдүгээр сард Крымийн гүүрэнд болсон дэлбэрэлтийг үйлдсэ гэдгийг ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм гэж “Reuters” мэдээлэв.



Г.АМАРСАНАА

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирэх онд Сар луу судалгааны төхөөрөмжөө илгээх орнууд DNN.mn

2023 онд Орос, Энэтхэг, Европын Сансар судлалын агентлаг Сар луу, цаашлаад сансрын гүн рүү судалгааны төхөөрөмжүүдээ илгээхээр төлөвлөөд байна.

Саяхан АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ Саран дээр сансрын нисгэгчдийг дахин буулгах зорилгоор бүтээсэн сансрын хөлгөөр Сарыг тойрон автомат нислэг үйлдсэн юм.

Сар луу судалгааны төхөөрөмжөө илгээх орнууд

Энэтхэг Сарны гадаргууг судлах газардагч модуль, өөрөө явагч төхөөрөмж бүхий “Чандраян-3” аппаратаа 2023 оны зургаадугаар сард Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна. Энэтхэг 2008 оноос “Чандраян-1” аппаратынхаа тусламжтайгаар Сарыг судалж эхэлсэн юм.

ОХУ 2023 оны долоодугаар сард “Луна-25” аппаратаа Сар луу хөөргөж, өмнөд туйлаас нь дээж авчрах төхөөрөмжийг буулгахаар зорьж байна.

Европын Сансар судлалын агентлаг “Jupiter Icy Moon Explorer” судалгааны аппаратаа 2023 оны дөрөвдүгээр сард илгээхээр төлөвлөж байна. Энэхүү аппарат нь Бархасбадь гаргийн гурван дагуул болох Ганимед, Каллистро, Европагийн гадаргуу доор нь байдаг гэж үздэг мөсөн давхаргад амьдралын ул мөр хайна.

“SpaceX” компани Японы тэрбумтан Маэзава Юсакү тэргүүтэй есөн зорчигчийг “dearMoon” төслийн хүрээнд 2023 оны сүүлээр Сар луу аялуулахаар товлоод байна. Энэ нь 100 хүнийг тээвэрлэх чадалтай “Starship” хөлгийн анхны аялал болох юм.

АНУ-ын “NASA” агентлаг “Artemis” хөтөлбөрийнхөө хоёр дахь үе шатыг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр ниснэ. Улмаар “Artemis III”-ыг 2025 юм уу 2026 онд хэрэгжүүлж, Саран дээр анх удаагаа эмэгтэй хүн, мөн өнгөт арьстай хүнийг буулгахаар төлөвлөж байна.

Энэ нь “NASA” 1972 онд “Аполло” хөлгийг хөөргөснөөс хойш хүн төрөлхтөн Саран дээр хөл тавьсан анхны тохиолдол болно. “NASA” энэхүү хөтөлбөртөө “Space X” компанийн “Starship” хөлгийг ашиглахаа мэдэгдээд байгаа юм.

Хятад улс 2035 он гэхэд ОХУ-тай хамтран Саран дээр судалгааны бааз байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа ч төслийг хэрэгжүүлэх хугацааны талаар дэлгэрэнгүй танилцуулаагүй байна.