Италид томууны вакцин тариулсан 11 хүн амиа алджээ. “Новартис” компанийн үйлдвэрлэсэн ФЛАУД хэмээх нэртэй урьдчилан сэргийлэх тарилгыг тарьсан нь ийнхүү хүний аминд хүрчээ. Энэ талаар Италийн эм зүйн судлалын агентлаг баасан гаригийн орой мэдэгдэл хийсэн байна. Амиа алдагсад бүгд насанд хүрсэн хүмүүс аж. Уг хэрэг гарсантай холбогдуулан вакцин үйлдвэрлэсэн компани урьдчилан сэргийлэх үүднээс зарим вакцинаа эгүүлэн татжээ.
Category: гадаад
Хонконгт ням гаригт шилжих шөнө жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Үймээний үеэр арав гаруй хүн бэртэл авсны найм нь цагдаагийн ажилтан аж. Мөн цагдаа нар радикал үзэлтэн 28 хүнийг саатуулжээ. Сүүлийнхоёр сарын хугацаанд оюутнууд ардчилсан сонгууль явуулахыг шаардан жагсаал зохион байгуулсан. Тэд хотын төв талбайд майхан босгож, хаалт бэхэлгээ барьсан байв. Гурван өдрийн өмнө жагсагчдын барьсан хаалт бэхэлгээг цагдаа нар нураасны дараа хот нэг хэсэгтээ намжмал байдалтай байж, төрийн байгууллагууд хэвийн горимын дагуу ажиллах болсон. Гэвч оюутнууд ийнхүү дахин эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Радикаль үзэлтэй бүлэг залуусыг тараах үүднээс цагдаа нар резинен бороохой, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Мөн хэв журам сахиулагчид Монгкок дүүрэгт хяналтаа чангатгаад байна. Хамгийн сүүлийн мэдээгээр эсэргүүцлийн цуглаан анх гарснаас хойш одоогоор 169 идэвхтэн хоригдож байгаа юм байна.
Британийн загвар өмсөгч Наоми Кэмпбелл эбола вирустэй тэмцэхэд зориулж дэлгүүр нээжээ. Тус дэлгүүр нэг долоо хоногийн турш ажиллах бөгөөд тэндээс олсон орлогыг эбола тахалтай тэмцэхэд зориулах юм байна. Дэлгүүрийн бараан дунд даашинз, гутал гэх мэт алдартай загвар зохион бүтээгчдийн бүтээлүүд тавигдахаас гадна загвар өмсөгчийн өөрийн хувцаснууд байгаа аж. Мөн загвар өмсөгч Кейт Мосс, загвар өмсөгч Стелла Маккартни нар хувцас хандивласан байна.
“Эбола тахал болон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замын тухай хүмүүсийн ойлголт мэдэгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүмүүс тодорхой ойлголттой болсноор энэхүү аюултай вирусыг тархахаас урьдчилан сэргийлж чадна” хэмээн Наоми Кэмпбелл дэлгүүрээ нээхийн өмнө мэдэгджээ.
Дэлхийн шатрын хаан титмээ хадгалсан Норвегийн залуу их мастер Магнус Карлсены шагналыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гардуулав. Өнгөрөгч лхагва гаригт(11.26) Сочи хотноо болсон энэхүү шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ноён Кирсан Николаевич Илюмжинов нарын хүндэт зочид байлцсан юм.
Өдгөө 23 настай гроссмейстер өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард өмнөх аварга Анандыг 6.5-3.5 онооны харьцаагаар хожин дэлхийн аварга болсон билээ. Энэ жилийн гуравдугаар сард цол горилогчдын тэмцээнд 44 настай Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд хожин дэлхийн аваргатай өрсөлдөх эрхээ авсан юм.
Дэлхийн аваргын цолны төлөөх шигшээ тоглолтод өнгөрөгч даваа гаригт(11.24) өндөрлөсөн. Хэдийгээр 12 өрөгт өрсөлдөхөөр журамд заасан ч Карлсен 11 дэх өрөгт хожил авснаар 6.5 оноо авснаар дэлхийн аварга цолоо хамгаалж чадсан юм. 100 сая еврогийн шагналын сантай тус тэмцээний ялагч нь 600 мянган еврог, ялагдагч нь 400 мянган еврог хүртсэн юм.
Карлсен энэхүү өрсөлдөөнд ороход тусалсан олон шатарчныг нэрийг дурдаад тэр дундаа Гарри Каспаровыг онцгойлон магтсан байна.
БНХАУ гэр бүлийн хүчирхийллийг хориглох тухай анхны хуулийн төслийг боловсруулжээ. Гэр бүлийн хүчирхийллийн талаархи асуудал тус улсын хувьд олон жилийн турш орхигдож ирсэн бөгөөд холбогдох албаны хүмүүс энэ шинэ хуулийн төслийг нааштай хүлээн авч байгаа аж. Гэхдээ батлагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Шинэ хуульд анх удаагаа албан ёсоор гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтыг тодорхой тусгасан байна.
Ингэхдээ таслан зогсооход чиглэсэн дүрэм журмыг хялбаршуулах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгууллагуудын урт удаан хугацааны турш шаардаж ирсэн саналуудыг хуулийн агуулгад тусган өгөх аж. Бээжингийн эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвийн захирал Хоу Зимин “Эцсийн эцэст энэ хууль журам руу чиглэсэн хөдөлгөөн эхэллээ” хэмээн дүгнэн хэлсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн хууль тогтоомжийн асуудал эрхлэх алба хуулийн төслийн агуулгад зарим нэг учир дутагдалтай заалт байгааг олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэсэн юм.
Хятад улс арваад жилийн өмнө хүртэл бие махбодийн хүчирхийллийг салах шалтгаан гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Харин 2001 онд шинэчлэн баталсан гэр бүлийн тухай хуульд анх удаагаа гэр бүлийн хүчирхийллийг хориглох заалт оруулж байжээ. Гэхдээ уг хууль нь гэр бүл хүчирхийллийн хууль эрх зүйн тодорхойлолт байхгүй байсан учир хохирогчдын олонхи нь шүүхэд ханддаг ч, цагдаагийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага болон орон нутгийн байгуулагад хэргийг нь шилжүүлдэг байж.
Учир нь хохирогч ноцтой гэмтэл аваагүй л бол олон нийтийн байгууллагууд гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй байна. Хятадад 2005 онд явуулсан судалгаагаар нийт гэр бүлийн бараг 30 хувьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэсэн дүн гарчээ.
Тэдний бараг 70 хувь нь нөхөр нь эхнэрээ дарамталдаг байсан бол үлдсэн 30 хувь нь эсрэгээрээ эхнэр нь нөхрөө дарамталдаг болох нь тодорхой болсон байна. Мөн үүсэх шалтгааныг хөдөө тосгонд нөхрөө ямагт дээдлэх ёстой гэсэн уламжлалт ойлголттой холбоотой гэж үздэг аж. Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амиа хорлох хамгийн том шалтгаан болдог байна.
Баруун Африкт хурдацтайгаар тархаж буй эбола цусархаг халууралт өвчнөөр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр, /арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар/ дэлхийн найман оронд уг өвчний халдвар авч нас барсан хүний тоо 5689 болж нэмэгджээ. Харин энэ онд Гвиней улсад эбола вирус дэгдсэнээс хойш 15935 хүн үхлийн аюултай вирусын халдвар авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт “Эбола”-гийн халдвар авсан 600 шинэ тохиолдол бүртгэгджээ. Статистикийн мэдээллээс үзвэл, хамгийн олон хүн нас барсан болон халдвар авсан тохиолдол Либерид бүртгэгдсэн байна. Тус улсад 3016 хүн нас барж, 7168 хүн халдвар авчээ. Харин Либери улсын дараа Сьерра-Леон /1398,6599/ Гвиней /1260,2134/ улс орж байгаа юм. Гвиней улсын нөхцөл байдал “тогтвортой” гэж ДЭМБ дүгнэж байна. Нөгөөтэйгүүр, Сьерра-Леонд халдвар авах хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа аж.
“Elle” сэтгүүлээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй эмэгтэйчүүдээс хамгийн гоё, ганган гутал өмсдөг олны танил 10 эмэгтэйг нэрлэхийг хүсч, фэйсбүүкийн тусламжтай санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулгыг Их Британийн “Spice girls” хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм тэргүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Санал асуулгад оролцсон 20 мянган хүний 87 хувь нь “Викториа Бекхэм үргэлж хамгийн гоё, ганган, стильтэй гутал өмсдөг. Дэлхийн ихэнх эмэгтэй түүнд атаархдаг” гэж хариулжээ.
Викториа Бекхэмийн хувьд намхан ултай гутал тэр бүр өмсдөггүй бөгөөд ихэвчлэн өндөр өсгийтэй гутал өмсдөг билээ. Тэрбээр “Elle”сэтгүүлд “Би өндөр өсгийт өмсөөгүй үедээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Өндөр өсгийт өдөржингөө өмсөхөөр хөл их өвддөг. Үнэнийг хэлэхэд золиос, өвдөлтгүйгээр сайхан харагдах боломжгүй” гэж хэлжээ. Санал асуулгын дараагийн байрт дуучин Женнифер Лoпec, гүнж Кейт Миддлтон, дуучин Гвен Стефани, загвар өмсөгч Миранда Керр нар орсон байна.
Викториа дээрх санал асуулгаас гадна Их Британийн нөлөө бүхий 100 эрхмийн 11-т жагссан бол нөхөр Дэвид Бекхэм нь гуравдугаар байрт жагсчээ.
Африк гаралтай америк хүмүүс зонхилон амьдардаг Фергюсон хотын иргэд алуурчин цагдаад шийтгэл оноохыг шаардаж байна. Гэсэн ч дээд шүүхийн 9 цагаан арьстан, 3 өнгөт арьстай гишүүн түүнд ял шийтгэл оноохгүй гэсэн шийдвэр гаргасан юм.Сэйнт Луис хотын гудамжинд хурцадмал байдал үүсч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр дөрөв хоног өнгөрлөө. Лхагва гарагийн өглөө эрт Сэйнт Луис хотын шүүхийн гадна 200 гаруй иргэн жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Тэднийг хүч хэрэглэж мод чулуу шидэж эхлэхэд цагдаа нар өөдөөс нь нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Лхагва гарагийн орой Фергюсоны цагдаагийн хэлтсийн гадна цөөхөн эсэргүүцэгч жагсаж байлаа. Түүнчлэн АНУ-ын Филадельпи, Нью-Йорк, Kливлэнд, Лос Анжелос, Бостон зэргийн 12 хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Гэсэн ч Талархлын баярын өмнөх орой цас орсноос шалтгаалж, эсэргүүцлийн хөдөлгөөн саарах тийшээ ханджээ. Харин Фергюсон хотод жагсаал хөдөлгөөн үргэлжилсэн хэвээр байлаа. Калифорнийн Оклэнд хотод анхандаа тайван замаар өрнөсөн жагсаал аажимдаа улам хурцдаж гудамж талбайд гал авалцан шатаж эхэлжээ. Түүнчлэн Лос Анжелес хотод цагдаа нар 130 хүнийг баривчилсан байна. Энэ үеэр Америкийн зарим одод талархлын баярын маргааш хар баасан гарагийн эсэргүүцэл хийхийг уриалж байлаа.
АНУ-д Талархлын өдрийг арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн Талархлын баярын өдрөөр Ерөнхийлөгч Барак Обама уламжлал ёсоор хоёр цацагт хяруулд “өршөөл” үзүүлсэн тухай Цагаан ордны вэб сайтад мэдээлжээ.
Мак, Чийз гэх хоолны нэрээр нэрлэгдсэн эдгээр цацагт хяруулыг Виржиниа мужаас авчирсан байна. Их Британийн амьтны эрхийг хамгаалах байгууллагаас тооцоолсноор жил бүрийн “Талархлын баяр”-аар ойролцоогоор 50-60 сая цацагт хяруул баярын ширээний зоог болдог гэжээ.
Амьтан хамгаалах байгууллагууд энэхүү уламжлалыг зогсоохыг уриалдаг бөгөөд 1989 онд экс Ерөнхийлөгч эцэг Буш Цагаан ордонд анх удаагаа цацагт хяруулд өршөөл үзүүлжээ.
Хятадын Ляонин муж дахь нүүрсний уурхайд осол гарсны улмаас 24 уурхайчин амиа алдаж, 52 хүн бэртжээ.
Уурхайн эзний мэдэгдэж буйгаар, 1.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа уурхайд нуралт болж, гал гарчээ. Энэ үеэр уурхайн гүнд 89 хүн ажиллаж байсан аж. Аврах ажиллагаа дуусч, гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргээд байна.
Жилд хэдэн мянган уурхайчин амиа алддаг Хятадын уурхай дэлхийд хамгийн аюултайд тооцогддог. Үүний өмнө аравдугаар сарын 25-нд Урумч хотын ойролцоох нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 16 хүн амь насаа алдсан байна.