Хятадууд цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд дуунаас найман дахин өндөр хурдтай буюу цагт 12300 км хурдлах чадалтай байлдааны онгоцыг гурав дахь удаагаа туршиж байгаа аж. Ву-14 хэмээх дуунаас хурдан онгоцны туршилтын нислэгийг АНУ-ын Тагнуулын албаныхан хянажээ. Иймэрхүү дэвшилтэт технологийг пуужингийн хамгаалах системд нэвтрүүлэх гэж байгаа нь ноцтой заналхийлэл гэж Пентагоны Стратегийн хүчний мэргэжилтэн асан Марк Шнайдер ярьсан байна. Сүүлийн үед Америк, Хятад хоёр улс дуунаас хурдан зэвсэг, техникүүдийг туршиж өрсөлдөж байгаа билээ. Мөн Орос, Энэтхэгчүүд ийм хэрэгслүүдийг 2020 оноос өмнө турших төлөвлөгөөтэй байгаа аж.
Category: гадаад
Швейцарийн Холбооны Улсын Базель хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр уулзалтад Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцов.
Тус байгууллагын гишүүн 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 улсаас гадна НҮБ, Европын Холбоо, НАТО зэрэг олон улсын болон бүс нутгийн 10 гаруй байгууллага чуулж буй энэхүү уулзалтын бүгд хуралдаанд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг үг хэлж, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер, ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Михаэл Георг Линк, Серби, Австрийн төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас гадна хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Евроазийн бүс нутгийн тогтвортой байдалд занал учруулж буй уламжлалт бус аюул хийгээд олон улсын терроризмын асуудлыг тусгайлан хэлэлцэж байгаа энэ удаагийн уулзалтаар зэвсэг хураах, хүнийг тарчлааж, хүнлэг бусаар залхаахыг хориглох, гамшгийн эрсдэлийг бууруулах, авилгатай тэмцэх, Хельсинки+40 үйл явцыг үргэлжлүүлэх, Украйныг тойрсон хямралыг шийдвэрлэх, жендерийн тэгш байдлыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны 2004 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах зэрэг олон асуудлыг хэлэлцэн төгсгөлийн баримт бичгүүдийг батлахаар төлөвлөж байна.
ЕАБХАБ-ыг 2014 онд даргалж буй Швейцарийн Холбооны Улсын халааг 2015 онд Бүгд Найрамдах Серби Улс, 2016 онд ХБНГУ, 2017 онд Бүгд Найрамдах Австри Улс авах аж.
Монгол Улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш улсаар 2004 онд, 2012 онд 57 дахь гишүүн буюу оролцогч орноор нэгдэн орсон болно.
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльзийн гэргий байсан гүнж Дианагийн амьд ахуйдаа өмсч байсан таван даашинзыг дуудлага худалдаагаар заржээ. Дуудлага худалдаа Парист зохион байгуулагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Зохион байгуулагчдын хэлснээр гүнжийн даашинзууд нийтдээ 500 мянган ам.долларын үнэд хүрсэн гэв. Хамгийн өндөр үнээр зарагдсан нь 1984 онд ханхүү Харриг төрүүлснийхээ дараа, Букингэмийн ордонд зохион байгуулагдсан цайллагын үеэр өмссөн дизайнер Занда Рохадесийн “Цагаан хун” даашинз аж. Энэхүү даашинз 289 мянган ам.доллароор зарагджээ.
Лондон хотноо 1993 онд зохион байгуулагдсан НҮБ-ын чуулга уулзалтад гүнжтэн урилгаар оролцсон юм. Тэрээр дээрх уулзалтад дизайнер Катрена Уалкерийн 60 мянган ам.долларын үнэ бүхий ногоон өнгийн даашинзыг өмссөн билээ. Энэ даашинз 122 мянган ам.доллароор зарагдсан байна. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг Баруун Африкт тархаад буй эболагийн эсрэг хандивлахаар болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх долоо хоногт Энэтхэг улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр болжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны эх сурвалжийн мэдээлснээр айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд 15-20 гэрээнд гарын үсэг зурагдах гэнэ. Түүнчлэн эдгээр хэлэлцээрүүд батлан хамгаалах, цөмийн эрчим хүч, гааль, банкны салбарыг хамаарна гэж Засгийн газрын эх сурвалжууд мэдээлсэн байна.
Мөн Арванхоёрдугаар сарын 10-нд Энэтхэг улсад Энэтхэг ОХУ-ын хамтарсан дээд хэмжээний 15 дахь удаагийн уулзалт болох аж. Үүний зэрэгцээ байгалийн хий дамжуулах хоолой, Куданкуламын атомын цахилгаан станцын гурав, дөрөвдүгээр нэгжийг барих асуудал хөндөгдөхөөр болжээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Энэтхэгт хэрэглэдэг цэргийн тоног төхөөрөмжийн 60-70 хувийг Оросоос нийлүүлдэг бөгөөд тус улсын хувьд Москва цаашид ч батлан хамгаалахын томоохон түнш хэвээр үлдэх төлөвтэй байгаа юм. Тиймээс энэ удаагийн айлчлалаар хоёр улсын батлан хамгаалахын салбар хамтран тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөр гарын үсэг зурахаар болсон байна.
Филиппин улсын Таклобан хотыг чиглэн Хагупит хэмээх хүчтэй хар салхи ирж буй бөгөөд салхины хурд 192 км/цаг гэнэ. Тиймээс нийслэл Манилла болон хар салхинд өртөж магадгүй бусад хотуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акино хэлэхдээ “Руби хар салхи бидэнд хүнд сорилт болоогүй. Харин Ёлонда хар салхины үеэр хэцүү байсан гэж би бодож байна. Тиймээс өчигдөр хийх байсан зүйлсээ яг одоо хийж, бэлтгэлээ бүрэн хангахыг иргэддээ уриалж байна” гэжээ. Хагипут хар салхи 44 мужаар дайран өнгөрч магадгүй бөгөөд энэ чиглэлд 35 сая гаруй хүн амьдардаг аж. Таклобан хот жил гаруйн өмнө Хаяан хар салхины улмаас нөхөж баршгүй гарз хохирол амссан бөгөөд гамшгийн улмаас 7000 гаруй хүн амиа алдаж байсан юм. Хагупит хар салхи нь Хаяан салхитай ижил чиглэлээр дайран өнгөрч магадгүй гэж цаг уурчид таамаглажээ.
Өнөөдрийг болтол тус улс нь АНУ болон барууны иргэдэд арабын орнуудын дундаас хамгийн аюулгүй оронд тооцогдож байсан. Гэтэл саяхан Абу Даби хотын өндөр зэрэглэлийн худалдааны төвд Америкийн иргэний амь насанд халдсан хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
АНУ-ын иргэн 47 настай хоёр ихэр хүүхдийн ээж, багш мэргэжилтэй Ибола Райн хэмээх эмэгтэйн аминд хүрсэн хүн бурка өмссөн этгээд байсан гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн байна. Гэмт этгээд өдрийн 13:12 цагийн үед Боурик Молл дэлгүүр рүү орж шатаар дээш өгсөн тэнд байгаа аюулгүйн албаны хүнтэй ярилцсаны дараа ариун цэврийн өрөө рүү шууд орж хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу 14:44 цагт өрөөнөөс гарахдаа ямар нэгэн аймшигт юм харсан дүр эсгэж арагшаа харж байсан үнэмшил муутайхан бичлэгийг олон улсын хэвлэл мэдээллийн агенталгууд тавьжээ.
Түүнийг ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа худалдааны төвд үймээн гарч эхэлжээ. Цагдаа нар ариун цэврийн өрөөнд цэнхэр иштэй хутгаар америк эмэгтэйг хутгалсан болохыг тогтоосон байна. Бурка өмссөн эрэгтэй эмэгтэй нь үл мэдэгдэх гэмт этгээд бүх биеэ халхалж, гартаа бээлий өмссөн байжээ. Тэрээр дэлгүүрээс юу ч болоогүй мэт гарч машиндаа суусан бичлэгийг хяналтын камераас харагдах аж.
Америкийн иргэн эмэгтэйг тэр доор нь эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан гэж албаныхан мэдээлсэн байна. Гэмт хэрэгтэн зөвхөн америк эмэгтэйн аминд хүрээд зогсохгүй бас нэгэн эмчийн гэрийн үүдэнд бөмбөг тавьсан тухай Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Харин Аюулгүйн албаныхан энэ хэргийг эрт мэдсэний ачаар ямар нэгэн аюул учраагүй өнгөрчээ.
Сүүлийн үед хэт даврагсдын өшөө авах зорилготой халдлага АНУ-ын иргэд рүү ихээхэн чиглэх болсон тухай мэргэжилтнүүд ярьж байгаа аж. Энэ халдлагын талаар бараг сарын өмнө жихадистуудын вэб сайтад үл таних этгээд анхааруулж, америк сургуулийн багш нарын дунд халдлага үйлдэх талаар мэдэгдэж байжээ. Гэвч Арабын Нэгдсэн Эмират Улсын Аюулгүйн албаныхан үүнийг хуурамч сүрдүүлэг гэж үзэн тоомжиргүй хандсаны улмаас халдлага гарсан байна.
Уг үйл явдлын дараа тус улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас ард иргэддээ хандан аюулгүй байдлыг хангах үүднээс хүн олон цугларсан газар аль болох явахгүй байхыг анхааруулсан мэдэгдэл хийжээ. Түүнчлэн гар утсандаа байнга Аюулгүйн албаны дугаарыг хадгалж явахыг сануулсан байна.
Өмнөд Солонгосын реппер Psy-гийн дуулсан “Gangnam Style” дуу энэ долоо хоногт бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн клип гэсэн Гиннесийн амжилтаа шинэчлэн тогтоолоо. Энэхүү өвөрмөц уран бүтээлийг дэлхий даяар хоёр тэрбум 157 мянган хүн үзэж дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ. Үүний зэрэгцээ “Gangnam Style”-ийг шүүмжлэгчид ч багагүй байдаг аж. “Youtube”-д л гэхэд нэг сая гаруй хүн дислайк дарсан байх юм. Psy энэхүү дуугаа 2012 оны долоодугаар сард олны хүртээл болгож байсан билээ.
Тэгвэл саяхан уг дуутай холбоотой бас нэгэн сонирхолтой тооцоо гарчээ. Дөрвөн минут 12 секунд үргэлжилдэг клипийг үзсэн хүмүүсийн тоогоор үржүүлвэл нийтдээ 140 сая цаг буюу 16 мянган жилтэй тэнцэх гэнэ.
Хамгийн сонирхолтой нь 16 мянган жилийг хүн цагт шилжүүлэн тооцвол бид энэхүү бичлэгийг үзсэн хугацаанд хэдэн ширхэг барилга байгууламж барьж дуусгах байсныг гаргасан байна. Уг тооцоогоор хүн төрөлхтөн Нью-Йорк дахь аварга том байгууламж болох “Empire State Building”-ийг 20 ширхэг, Бурж Халифаг зургаан ширхэг гэх мэтээр сонирхолтой дүгнэлт гарах аж.
Тайландын хаан Пхумипон Адульядетийнтөрсөн өдөр өчигдөр тохиосон байна. Тэрээр 87 нас хүрчээ. Уламжлалт ёсоор энэ өдөр баярын арга хэмжээ зохион байгуулдаг. Гэвч хаан эрүүл мэндий байдлын улмаас хойшлуулсан байна. Энэ өдөр хаан эмчлүүлжбуй эмнэлгийн гадаа цугларсан хүмүүс түүнд баяр хүргэж “Хаан мандтугай” хэмээн хашгирсан байна.
Ю.Дэлгэр
Цагаан ордны өмнө Зул сард зориулан заасан сүлд модны чийдэнг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гэр бүлийнхээ хамт асаалаа. Сүлд модны чийдэнг асаах ёслолыг нээж дуучин Патти ЛаБелль ая дуугаа өргөсөн байна. Харин ёслолын ажиллагааг нэрт жүжигчин Оскарын шагналт Том Хэнкс эхнэр, дуучин Рит Уилсоны хамт хөтөлжээ.
Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамт тайзан дээр гарч ирээд “Тав, дөрөв, гурав хоёр нэг” хэмээн тоолоход улаан, ногоон өнгийн чийдэнгүүд ассан байна.
Ю.Дэлгэр
БНСУ-ын энгийн нэгэн дуучин залуугийн этгээд хөгжилтэй бүжигтэй “Gangnam Style” гэх дуу гарсан даруйдаа дэлхий нийтээр тарж, давалгаа үүсгэж байсан билээ.
Нэг тэрбум хүн үзсэн видео болж, Гиннесийн дээд амжилтын эзэн болж байсан уг уран бүтээл амжилтаа дахин эвдэж, хоёр тэрбум гаруй удаа үзсэн байна. Тиймээс “Gangnam Style” дууг “YouTube”-ээр үзсэн тоо хамгийн дээд хэмжээнээс давснаар тус вэб хуудас системээ шинэчлэхэд хүрчээ.
“YouTube” уг вадеоны талаар “Нэг дүрс бичлэгийг 2 тэрбум 147сая 483 мянган 647-гоос илүү олон удаа үзнэ гэж бид төсөөлж байсангүй. Гэхдээ “Psy”-ийн “Gangnam Style” ингэж чадлаа” гэж дүрс бичлэг доорх сэтгэгдэл бичих хэсэгт бичжээ.
2012 оны долдугаар сарын 15-нд “Gangnam Style”-ийг “YouTube”-д тавьснаас 52 хоногийн дараа гэхэд хэдийн 100 сая гаруй удаа үзсэн байсан бол, 161 дэх хоногт нэг тэрбум удаа үзсэн байсан юм. Харин энэ оны тавдугаар сард “Gangnam Style” нь хоёр тэрбум гаруй удаа үзсэн “YouTube”-ийн анхны дүрс бичлэг болсон юм.
Өнөөдрийн байдлаар, “Gangnam Style”-ийг хоёр тэрбум 156 сая 705 мянга гаруй удаа үзжээ.