Categories
гадаад мэдээ

Шилдэг брэндийн жагсаалтыг ”Apple” компани тэргүүллээ

Олон улсын “Interbrand” судалгааны байгууллагаас жил бүр танилцуулдаг шилдэг брэндийн жагсаалтыг “Apple” компани тэргүүллээ. Судалгаанд дөрвөн тэрбум ам.доллараас дээш үнэлгээ бүхий 100 брэндийг хамруулсан байна.
Энэ удаад “Mercedes-Benz” болон “BMW” брэнд дээгүүрт жагссан хэвээр байжээ.
Харин автомашин үйлдвэрлэгчдээс бусад брэндийн жагсаалтыг “Louis Vuitton” тэргүүлж байна. “Louis Vuitton” брэндийн үнэлгээ 2014 онд 22.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Үүнээс гадна хамгийн хурдацтай өссөн тансаг зэрэглэлийн брэндээр “Hermes”-ийг нэрлэжээ.

Categories
гадаад мэдээ

“AirAsia” компанийн гүйцэтгэх захирал мэдэгдэл хийлээ

Олон улсын хамтарсан эрлийн баг сураггүй болсон “Airbus A320” онгоцыг хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн ням гарагт 162 хүн тээвэрлэж явсан Малайзын “AirAsia” компанийн онгоц Ява тэнгисийн дээгүүр нисч байхдаа гэнэт холбоо тасарсан юм. Онгоцны нисгэгч шуургатай байгаа учир нислэгийн төлөвлөгөөг өөрчлөхийг удирдлагаас хүсчээ.

“AirAsia” компаниас мэдэгдсэнээр, QZ8501 нислэгээр Индонезийн 148 иргэн, Өмнөд Солонгосын гурван иргэн, Сингапур, Малайз, Их Британи, Франц улсын тус бүр нэг иргэн явсан гэж мэдэгджээ. Франц улсын иргэн нь онгоцны хоёрдугаар нисгэгч байсан аж.

Зорчигчдын гэр бүлийн олон зуун хүн Сингапурын Чанги, Индонезийн Сурабаяа нисэх онгоцны буудал дээр цугларч, мэдээ хүлээж байгаа юм. Сураггүй болсон онгоц нь Малайз улсын “AirAsia” авиа компанид харьяалагддаг билээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Тони Фернандезийн мэдэгдсэнээр, тэдэнд хэвлэл мэдээллээр цацагдсанаас илүү мэдээлэл байхгүй байгаа гэнэ. Тэрээр мөн ахмад Ирянто 20 мянган цаг нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч гээд хоёрдугаар нисгэгч нь Франц улсын иргэн Реми Эммануэль Плезел байсныг хэлжээ. Куала-Лумпурт төвтэй “AirAsia” компани нь дотоодын болон 21 улсын 100 орчим чиглэлд нислэг үйлддэг юм байна. Мөн салбар авиа компаниуд нь Тайланд, Индонез, Филиппин, Энэтхэг улсуудад байдаг бөгөөд хамгийн хямд төдийгүй найдвартай үйлчилгээгээрээ нэр хүндтэй байжээ. Өмөн нь “AirAsia”-гийн түүхэнд хүн амь насаа алдсан осол, эндэгдэл гарч байгаагүй билээ.

Categories
гадаад мэдээ

Зорчигчдын гэр бүл найдлага тавьсаар байна

-Жуандагийн нисэх онгоцны буудалд залбирал үйлдэн хүлээж буй зорчигдын ар гэрийнхэн-

Сурабаяа хотоос Сингапурыг зорин ниссэн “AirAsia” компанийн нисэх онгоц тэнгисийн ёроолд байх магадлал өндөр байна гэж Индонезийн Онцгой байдлын агентлагаас даваа гарагт мэдэгдсэн билээ. “Бидэнд өгөгдсөн координат болон дүгнэлтээр онгоц тэнгист осолдсон байна. Бид онгоцыг тэнгисийн ёроолд байгаа гэж таамаглаж байна. Гэхдээ энэ бол анхан шатны таамаглал юм. Бид хайгуулын ажил дээр үндэслэж дүгнэлтээ баталгаажуулах болно” гэж тус агентлагийн дарга Бамбан Соелистя сэтгүүлчдэд ярьжээ.

Түүний ярьсанаар, Индонез улсад онгоцыг далайн гүнээс татан гаргах шумбагч төхөөрөмж байхгүй юм байна. Гэхдээ тийм тоног төхөөрөмжтэй бусад улсаас тусламж хүссэн гэжээ. “Бидний технологи хангалтгүй байгаа учраас манай гадаад хэргийн яам бусад улсаас шаардлагатай тоног төхөөрөмжийг түр авахаар болсон. Одоогийн байдлаар, Их Британи, Франц, АНУ бидэнд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн” гэж Соелистя хэлжээ.

Сингапурыг чиглэн явсан “Airbus A320-200” онгоцнНям гаригт Индонезийн Ява тэнгисийн орчимд холбоо тасраад улмаар сураггүй болжээ. Холбоо тасрахаас өмнө онгоцны нисгэгчид шуургатай байгаа учраас нислэгийн чиглэлийг өөрчлөхийг удирдах төвөөс хүссэн байна. Энэ бол 2014 онд Малайз улсын нисэх онгоцтой холбоотой үүссэн гурав дахь ноцтой хэрэг юм. Онгоцонд дөрвөн улсын 162 иргэн зорчиж явсан бөгөөд ихэнх нь Индонез улсын иргэд байжээ.

А.Дэлгэрмаа

-Охины хамаатнууд онгоцонд зорчиж байжээ-

-Индонезийн албаны хүмүүс-

-Сингапурын аврах албаны албан хаагч-

-Онгоц тэнгисийн ёроолд байх магадлалтай гэж үзэж байна-

-Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна-

-Бүсгүйн сүйт залуу онгоцонд зорчиж явсан аж-

Categories
гадаад мэдээ

Шотландад эбола вирусын халдвар илэрчээ

Саяхан Баруун Африкт ажиллаж байгаад ирсэн эрүүл мэндийн албан хаагч эбола вирусын халдвар авсан нь тогтоогдсон тухай Шотландын албаны хүмүүс мэдэгджээ. “BBC” агентлагийн мэдээлснээр Сьерра Леонд ажиллаж байсан эмэгтэй ажилтан ням гарагийн орой Шотландад эргэн ирсэн бөгөөд халдвар авсан нь тогтоогдсоны дараа Глазго хотын эмнэлэгт тусгаарлан, эмчилж байгаа гэжээ.

Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Жереми Хант өвчтнийг аль болох хурдан хугацаанд Лондон руу шилжүүлнэ гээд аюулгүй байдлыг хангах үүднээс боломжит бүх арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-аас хамгийн сүүлд гаргасан тайланд эбола вирусын халдвар авсан хүний тоо 19695, амиа алдсан хүний тоо 7693-т хүрээд байна гэжээ.

Categories
гадаад мэдээ

Хятад “Gmail”-ийг блокложээ

Гүүгл компанийн и-мэйл үйлчилгээ болох “Gmail” рүү Хятадаас хандах эрхийг хаасан тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн Гүүглийн вэб хуудсаар дамжуулан “Gmail”-ийг ашиглах боломж хэсэг хугацаанд тасалдаад байгаа гэнэ.

Харин компанийн удирдлагуудын зүгээс техник, хангамжтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд хандах эрх хаагдсан шалтгааныг шалгаж байна гэж мэдэгджээ. Хятадын Засгийн газар одоогоор ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй хэмээн мэдэгдэж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байгаа юм. Интернетийн хяналт шалгалт, цензуртай холбоотойгоор Хятадын эрх баригчид 2010 онд Гүүгл компанийн үйл ажиллагааг Хятадад хааж байсан билээ.

Categories
гадаад мэдээ

Эйрбас 320-200 онгоцны хувь заяа хаашаа эргэсэн нь тодорхойгүй байна

Малайзын AirAsia компанийн 8501 нислэгийн онгоц өчигдөр өглөө Индонезийн Сурабаяа хотоос хөөрснийхөө дараа төв радараас холбоо тасарсан байна. Эрлийн ажиллагааг даруй явуулж эхэлсэн бөгөөд одоогоор онгоцны хувь заяа хаашаа эргэсэн талаар баттай мэдээлэл гараагүй байна.
Малайзын агаарын тээврийн QZ8501 нислэгийн Эйрбас 320-200 онгоц ням гарагийн өглөө орон нутгийн цагаар 05 цаг 35 минутад Сурабаяа хотоос хөөрсөн бөгөөд Сингапурт орон нутгийн цагаар 08 цаг 30 минутад газардах ёстой байжээ. Энэ онгоц хөөрснөөсөө хойш хамгийн сүүлд орон нутгийн цагаар 06 цаг 24 минутад төв радартай холбогдсон байна. Тухайн үед онгоцыг холбоо тасарсан газарт ширүүн салхитай, үүлэрхэг байсан гэж албаныхан хэлж байна. Нислэгийн замд хэтэрхий үүлэрхэг байсан тул нисгэгч 11000 метрийн өндөрт нисэх зөвшөөрөл хүссэн байна. Индонезийн албаны хүмүүс энэ хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж хэлсэн ч нисэгчид хариу хүлээн авахаас өмнө радарын холбоо тасарчээ. Индонезийн тээврийн яам болон AirAsia авиа компани, “Тус онгоц холбоо тасрахаас өмнө Жава арлын дээгүүр нисэх үедээ цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан өндөрт нисэх хүсэлт гаргасан. Гэхдээ ямар ч түгшүүртэй байдал ажиглагдаагүй” гэж хэлсэн байна. Тус онгоцонд зорчигчид болоод хөлгийн багийн нийтдээ 162 хүн байсан бөгөөд тэдгээрийн дунд насанд хүрээгүй 17 хүүхэд, нэг нярай хүүхэд байжээ. Онгоцонд байсан 162 хүний 155 нь Индонезийн иргэд байсан бөгөөд Өмнөд Солонгосын гурван иргэн, Сингафур, Малайз, Их Британи, Франц улсуудын тус бүр нэг нэг зорчигч байсан гэнэ. Тэдний хамаатан садан, ойр дотныхон нь энэхүү онгоц хаана байгаа, онгоцонд чухам юу тохиолдсон талаар мэдээ сонсохоор хүлээж байна. Онгоцны ахмад Ириянто 20500 гаруй цагийн нислэг хийсэн туршлагатай бөгөөд үүний 7000-ыг AirAsia компанитай хийсэн гэж албаны хүн хэллээ. Энэ компани урьд нь нисэх онгоцтой холбоотой ямар нэгэн осолд холбогдож байгаагүй. AirAsia компани 2001 онд байгуулагдсан. 15000 гаруй ажилтантай, 8 салбар төвтэй, 15 орны 100 гаруй нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Categories
гадаад мэдээ

​Таван хүн амь үрэгдэж бусад нь аврагдлаа

Грек улсын эрэг хавьцаа осолдсон Италийн зорчигч тээврийн усан онгоцны хүмүүсийг аврах ажиллагаа дууслаа хэмээн Италийн Ерөнхий сайд Маттео Ренци мэдэгдэв. Өчигдөр орой энэхүү зорчигч тээврийн усан онгоцны агуулахад гал гарсны улмаас хөдөлгүүр зогсож онгоцонд зорчиж явсан 478 хүний амь нас аюултай байдалд ороод байсан билээ. Ширүүн давалгаа, хүчтэй салхитай байсан цаг агаарын хүнд нөхцөлд Итали, Грек, Албаны аврагчид хамтран ажиллаж харьцангуй бага хохиролтойгоор аврах ажиллагааг дуусгасан хэмээн мэдээлж байна. Одоогийн байдлаар усанд унаж хөлдсөн, утаанд угаардсан гэх зэргээр таван хүн амиа алдсан гэж Грекийн аврах албаныхан тэмдэглэжээ.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

Италийн 478 зорчигчтой хөлөг онгоц осолджээ

Италийн 478 зорчигчтой онгоц Грекийн арлын ойролцоо шатаж, хөмрөгдсөн байна. Аврах багийнхан шуурхай ажилласны үр дүнд 221 зорчигчийг далайн уснаас гаргаж авсан ч нэг хүн амиа алдаж, хэдэн арван зорчигч гэмтэж, бэртсэн болохыг Италийн Тэнгисийн цэргийн алба баталжээ. Амь үрэгдэгсдийн тоо өсөх магадлалтай гэж Эргийн хамгаалалтын алба мэдээлэв. Итали, Албанийн тэнгисийн цэргийн хүчнийхэн аврах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орж, салхины хурд цагт 100 км хүрсэн нь багийн ажилд саад учруулж байгаа ажээ. Осолдсон хөлөг онгоцыг ANEK нэртэй Грекийн компани эзэмшдэг байжээ. Зорчигчдын 278 нь Грекийн иргэн, үлдсэн нь Герман, Австри, Турк, Франц, Нидерландчууд байсан гэж Ройтерс уламжлав.
B57g_lGCQAAl0ga

Categories
булангууд гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Дахиад л Малайзын онгоц осолдлоо

Ням гаригийн өглөө нутгийн цагаар 05.36-д Индонезийн Сурабай хотоос ниссэн Малайзын AirAsia авиа компанийн Airbus320-200 онгоц тэнгэрт хөөрснөөсөө хойш нэг цаг орчмын дараа, цаг агаар муудсан тул чиглэлээ өөрчлөх зөвшөөрөл хүсээд хэсэг хугацааны дараа холбоо тасарчээ. Индонезиэс Сингапур хүртэлх маршрутаар нисч байсан энэ онгоцонд 149 индонези, гурван солонгос, нэг сингапур, малайз, англи хүн сууж явсан гэх бөгөөд нисэгч, үйлчлэгч нартайгаа нийлээд 162 хүний амь нас хувь заяа бүрхэг болоод нэг өдөр өнгөрлөө. Энэ онгоцны алга болсон хугацааг нь тооцоод Яван тэнгисийн хавьцаа унасан байх магадлалтай гэж үзэж байгаа тухай Индонезийн хэвлэлүүдэд бичиж байна. Тийм учраас тэр хавийн далай тэнгист арав орчим хөлөг онгоц, тэнгэрт нь зургаан нисдэг тэрэг болон хайгуулын зориулалттай онгоц эрлийг үргэлжлүүлж байгаа бол Малайз, Сингапур, Австралиас ч эрлийн онгоцнууд туслахаар ирж байгаа сурагтай. Одоогийн байдлаар онгоц сүйрсэн байх гол шалтгааныг цаг агаартай холбож байгаа ч шатахуун дууссан, хорлон сүйтгэх ажиллагаа гэх өөр чиглэлүүдийг ч давхар судалж байгаа гэв. Учир нь уг онгоцонд 162 зорчигч сууснаас гадна 23 хүн ямар нэгэн шалтгаанаар суулгүй үлдсэн нь дээрх таамаглалыг дэвшүүлэх шалтгаан болжээ. Гэхдээ нэг гэр бүлийн арван хүн яах аргагүй нислэгийн цагийн хуваарийг буруу бичсэнээс болж золгүй онгоцноос золоор хоцорсон нь тогтоогдсон. Тэд уг нь Сингапур явж амрахаар төлөвлөж байсан ч нислэгийн пүүсийнхний хариуцлагагүй үйлдлээс хамааран хоцорч энэ талаар маргаж байх үедээ онгоц сүйрснийг сонсож санамсаргүй тохиолдлоор зул сарын “хамгийн том бэлгээ” авснаа мэдэцгээжээ.

Азтай гэр бүл

Reuters агентлагийн мэдээлснээр Малайзын АirAsia пүүсийн QZ8501 дугаартай AirBus320-200 онгоц нь ашиглагдаад зургаан жил болж байгаа харьцангуй шинэ хөлөг юм байна. Ер нь энэ жил Малайзын нисэх хүчний хувьд тун чиг бараан жил болж байна даа. Гуравдугаар сарын 7-нд Куала-Лумпураас Бээжин хот руу нисч байсан 227 зорчигчтой Малайзын онгоц Өмнөд хятадын тэнгист унаж ор сураггүй алга болсон бол долоон сарын 17-нд Амстердамаас ниссэн бас л Малайзын МН-17 онгоц Украйны тэнгэрт осолдож одоо хүртэл шалтгааныг нь тодруулж чадахгүй маргалдсан хэвээр л байна.

Б.ХУЛАН

Categories
гадаад мэдээ

162 зорчигчтой онгоц сураггүй болжээ

Индонез улсаас Сингапурыг чиглэж явсан “Air Asia” компанийн “QZ8501” дугаартай онгоц сураггүй алга болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус онгоц өчигдөр 6.15 цагт Жакартагаас хөөрч, удалгүй холбоо тасарсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар “QZ8501” онгоцонд 162 зорчигч болон багийн 13 гишүүн байжээ.

Нисэх буудлын удирдлагын хэсэг зорчигчдын мэдээллийг хянаж, гэмт хэрэгтэн байж болзошгүй хүмүүсийн мэдээллийг шүүж эхэлсэн гэв. Индонезийн Тээврийн яамны мэргэжилтэн Хади Мустофагийн хэлснээр “Онгоцтой холбоо тогтоохоор ажиллаж байна. Муу зүйл бүү тохиолдоосой хэмээн залбирч сууна” гэсэн байна.