Сансар огторгуйн бас нэгэн тэнүүлч болох BL86 2004 хэмээх солир ирэх долоо хоногт буюу 2015 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт манай гарагаас ойролцоогоор 745.000 миль зайтайгаар өнгөрөх гэнэ. Дэлхийд нэн ойрхон өнгөрөх энэхүү 0.5 км-ийн диаметртэй бяцхан “зочин” дараагийн удаа 2027 онд л манай гарагийн дэргэдүүр өнгөрөх учир одоо тохиох таатай боломжийг ашиглан тэрхүү солирын талаар илүү их мэдээллийг цуглуулахыг NASSA-аас одон орон судлаачдад уриалсан байна.
Category: гадаад
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Обама жил бүр Конгрессын өмнө үг хэлдэг уламжлалтай. Энэ удаагийнх мягмар гаригт буюу өнөөдөр болох юм. Тэрбээр чинээлэг иргэд болон банк санхүүгийн байгууллагынхны татварыг нэмж, дундаж давхаргынханд илүү хөнгөлөлт эдлүүлэх тухай асуудлыг хөндөх талаар “The Wall Street Jornal”-д өчигдөр мэдээлэв. Саяхан америкчуудын дунд явуулсан санал асуулгаар саналд оролцогчдын 56 хувь нь “Баячууд баяжиж, ядуучууд ядуурсаар байна” гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлжээ. Мөн тэд эрх баригчдын хөрөнгө хэт өсч буй. Нийгмийн аль ч давхаргынхны дунд ядуурал, ажилгүйдэл өндөр байгаа нь үүнийг илтгэж байна гэв. Саналд оролцогчдын 25 хувь нь энэ жил АНУ-д эдийн засагт ахиц гарна гэж үзэж байна.
Парист халдлагад оролцсон гэх хэрэгт сэжиглэгдэж буйХаят Бумедьен бүсгүйг интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ. Алан хядагчдын нэг Амеди Кулибали эхнэр гэх түүнийг Сирийн хилээр аюулгүй давуулахын тулд “Лалын улс” бүлэглэл Туркийн мафийнханд чамгүй мөнгө төлсөн бололтой. Энэ талаар “The Mirror” сонинд мэдээлсэн байна. Туркийн мафийн хоёр хүн Хаят Бумедьеныг Станбулын нисэх буудал дээр угтан авсан аж. Дараа нь Турк-Сирийн хил дээр орших Шанлыурф хот, үүний дараа Эль-Абьяд хотод хүргэсэн байна. Харин уг хотоос бүсгүй явганаар хил давсан тухай мэдээлэл байгаа аж. Хаят Бумедьян дэлгүүрт кассчинаар ажиллаж байгаад халагдсан юм. Арав хоногийн өмнө Парист болсон халдлагад 17 хүн нас барсан. Уг хэргийг дөрвөн алан хядагч үйлдсэн бөгөөд Францын тусгай албаныхан гурвыг нь устгасан юм.
Бэлтгэсэн
Д.ЦЭРЭНДОЛГОР
Өнгөрсөн ням гаригт АНУ-ындэд Ерөнхийлөгч Жо Байдены өргөө рүү машинтай этгээд хэд хэдэн удаа гал нээжээ. “Ассошиэйтэд Пресс” агентлагийн мэдээлснээр хэрэг гарах үед Жо Байден гэргийн хамт өөр газар байсан гэнэ. Буудалцааны үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй байна. Цагдаа нар хэрэг гарснаас хагас цагийн дараа сэжигтнийг барьжээ. Түүнийг саатуулах үеэр тэрээр эсэргүүцэл үзүүлсэн гэнэ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч амралтын өдрүүдээр тус өргөөндөө амрахаар ирсэн байж. Хэрэг гарсантай холбогдуулан АНУ-ын тусгай албаныхан шалгаж эхэлсэн байна. Мөн энэ талаар Жо Байдены гэр бүлийнхэнд болон АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нарт дуулгасан аж.
Нигери дэх лалын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл хөрш зэргэлдээх Камерун улс руу халджээ. Тэд довтолгооноо үүрээр эхлүүлсэн агаад тус улсын хойд нутаг болох Маки, Мада хэмээх хоёр тосгонд халдан 80 хүн хулгайлсан байна. Тэдний 50 нь 10-15 насныхан юм хэмээн Камеруны Мэдээллийн сайд Исса Тхирома Бакари батлав. Хэт даврагчдыгхалдах үеэр Камеруны арми эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд буудалцаан хоёр цаг үргэлжилжээ.Боко Харам бүлэглэлийнхэнд барьцаалагдсан өөр дөрвөн хүний цогцос олдсон талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээлэв. Дээрх хэрэг гарсны дараа Камерунтай хиллэдэг Чад улсын цэргийн арми Боко Харам бүлэглэлийн эсрэг тэмцэхээр Камерунд очсон байна. Үүний зэрэгцээ Африкийн холбоо хэт даврагчидтай тэмцэх зорилгоор шинэ эвсэл байгуулахаа мэдэгдлээ.Харин Боко Харам бүлэглэлийн удирдагч Абу Бакр Камерунд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээ мэдэгдэв. Сүүлийн таван жилийн дотор “Боко Харам” бүлэглэлийн халдлагад 13 мянган хүн амиа алджээ.
Сицилийн эргээр дамжин Итали руу хууль бусаар цагаачлах явдал ихэсчээ. Жил бүр Сомали, Эритрей улсуудаас хэдэн мянган иргэн Итали, Испаниар дамжин Европ руу цагаачилдаг аж. Сүүлийн үед иргэний дайны гал асч буй Сири улсаас ирэгсдийн тоо нэмэгдэх болсон байна. Европын хил хамгаалагчид өнгөрсөн онд Итали руу хил нэвтрэхээр завдсан 20 мянган хүнийг бүртгэн авчээ. Энэ нь нийт Европын хууль бус цагаачдын тал хувийг эзэлж байна. Эдгээр цагаачид хамгийн аюултай замыг сонгож, амь насаа дэнчинд тавьсаар байгаа юм.
БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ жилийн дүнгээрээ 2009 оноос хойш анх удаа бууралттай гарсан байна. Нүүрсний үнийн уналт энэ бууралтын нэг шалтгаан болжээ. Өөр нэг шалтгаан нь өнгөрсөн оны сүүлээс тус улсын Засгийн газар дотоодын олборлогчдоо дэмжих бодлого баримталж эхэлснийх аж. Өнгөрсөн онд тус улсын нүүрсний импортын хэмжээ 10.9 хувиар буурсан байна. Тодруулж хэлбэл тус улс 291 сая тонн нүүрс импортолжээ. Үнийн дүнгээрээ бол 22.3 тэрбум ам.долларын нүүрс импортолсон байна. Энэ нь 2013 оныхоос 23.5 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
Дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг “Goldman Sachs”-ийн орлого өнгөрсөн оны сүүлийн улиралд буурсан дүнтэй гарсан байна. Тус банкны ашиг 7.1 хувиар буурч, хоёр тэрбум ам.доллар давжээ. Нийт орлого нь 7.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Банкны хамгийн ашигтай нэгж болох түүхий эд болон валютын арилжааны орлого сүүлийн улиралд 29 хувиар буурч, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн статистик гарчээ. Энэ нь тус компанийн орлого буурахад мэдрэгдэхүйц нөлөө үзүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын банкны салбараас гадна бондын арилжаа бууралттай байсан нь тодорхойнөлөө үзүүлжээ. АНУ-ын томоохон банкуудын ашиг орлого буурсаар байгаа аж. “JPMorgan” банкны орлого 14 хувь, “Citigroup”-ийнх 16 хувиар буураад байгаа юм байна.
Шведийн найруулагч Ruben Östlund гэдэг хүний бүтээсэн “The Guitar Mongoloid” баримтат кино Нью-Йоркийн Линкольний төв театрт гарч эхэллээ. Гудамжинд гитар тоглон өдрийг өнгөрөөдөг, Дауны синдромтой Erik Rutstrom гэх хүүгийн талаар кинонд өгүүлдэг байна.
Кинонд 1965 онд ДЭМБ-аас хэрэглээнээс хасахыг баталсан “Монголоид” гэдэг үгийг ашигласан нь шүүмжлэл дагуулж байна.
“Монголоид” хэмээх үгийг анагаах ухааны хэллэгээс хассан ч энэ хэллэг ямар учиртайг мэдэхгүй хүмүүс зарим оронд буруугаар хэрэглэсээр байгаагийн жишээ нь дээрх кино юм.
Үүнтэй холбогдуулан Нью-Йорк дахь Монголчуудын холбоо, Их Британи дахь Монгол нийгэмлэг, “Цахим өртөө холбоо” ТББ-аас найруулагч Ruben Östlund-дад хандан захиа бичжээ.
Оюуны хомсдолтой, бие эрхтэний гажигтай төрдөг нэгэн эмгэгийг 1866 онд Английн удамзүйч (генетикч) Жон Лангдон Даун оюуны хомсдолын бусад эмгэгээс ялган авч, бие даасан тусдаа өвчин гэдгийг баталж судалгаа хийж эхэлжээ. Анх Дауны синдромыг “Монголоид” гэж нэрлэдэг байв. Учир нь энэ өвчний илрэх байдал нь Алтайн нуруугаар нутагладаг монголчуудын нүүрний хэв шинжтэй төстэй байснаас Блуменбахын хүний хэв шинж, гарал үүслийн судалгааг үндэслэн “Монголоид” гэж нэрлэх болжээ. Хожим нь энэ өвчний судалгааг анхлан хийсэн Дауны нэрээр өвчнийг нэрлэх болсон гэдэг.
Найруулагч Ruben Östlund
Хятадад шувууны томуугийн вирусын халдвар авсан хоёр хүн нас барсан тухай Reuters агентлаг мэдээлэв. Фузянь мужид шувууны томуугийн H7N9 өсвөрөөр өвчилсөн дээрх хоёр хүн нас барснаас гадна 15 хүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа аж.
Түүнчлэн Египетэд шувууны томуугаар халдварласан долоон хүн нас барсан тухай мэдээлэл байна. Мөн Японы Окаяма мужид шувууны томууны улмаас 200 мянган тахианд устгал хийж эхэлсэн аж. Мужийн захиргааны мэдээлснээр, нэгэн шувууны аж ахуйн тахианаас Н5 төрлийн шувууны томууны вирус илэрсэн ажээ.
Окаяма мужид вирусийн тархалтын эсрэг үйл ажиллагаа явуулах комисс байгуулсан бөгөөд тус комиссоос уг аж ахуйн бүх тахиаг устгах шийдвэр гаргаж, вирусын голомтоос шувууны мах, өндөг зөөхөд хориг тавьж, гурван км-ийн хүрээтэй хорио цээрийн бүс байгуулжээ.