Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын Фергюсон хотод цагдаагийн хоёр албан хаагчийг буудаж шархдуулсан ноцтой хэрэг гарсан. Гэмт этгээдийг цагдаагийн байгууллага олж баривчилсан байна. Тэрээр африк гаралтай, АНУ-ын иргэн, 20 настай Жеффри МакУильямс аж. Шүүхээс түүнийг Фергюсон хотод хоёр цагдааг буудаж шархдуулсан, галт зэвсэг хулгайлсан, хууль бусаар хадгалж байсан хэрэгт буруутай болохыг тогтоожээ.
Сент Луис Каунти тойргийн прокурор Роберт МакКулоч “Сэжигтэн Жеффри Л.Уильямсыг маш тодорхой нотлох баримтад үндэслэн баривчилсан” гэж мэдээлсэн байна. Түүний хэлснээр Ж.Макуильямс Фергюсон хотын гудамжинд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр цагдааг буудсанаа мөрдөн байцаалтын явцад хүлээжээ.
Тэрээр машин дотроосоо 0.40 калибрын сумаар галласан бөгөөд 41 настай эрэгтэй нуруундаа, 32 настай эмэгтэй нүүрэндээ шарх авсан байна. Гэмт этгээд байцаалт өгч байхдаа “Цагдааг оноё гэж бодоогүй” гэж мэдүүлжээ. Түүнд хүний амь насанд халдсан, галт зэвсэг хулгайлсан, хууль бусаар хадгалж байсан гэсэн үндэслэлээр ял оноохоор төлөвлөж буй юм байна.