Германы онгоцыг санаатайгаар осолдуулсан хэрэгт туслах нисэгч Андриас Лубитзийг буруутгаж байгаа. Туслах нисэгчийн экс найз бүсгүй түүнийг онгоцны ослыг зохион байгуулах талаар ярьж байсан гэж зарим хэвлэл мэдээлсэн байна. Мария гэдэг нэрнээсээ өөр мэдээлэл өгөхийг хүсээгүй 26 настай бүсгүй онгоцны үйлчлэгч хийдэг байжээ. Өнгөрсөн жил Лубитзтэй хамт таван сарын турш нислэгт гарсан аж.
Мария Германы “Bild” сонинд “Лубитз би бүх системийг өөрчлөх ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөсөн. Ингэснээр хүн бүр миний нэрийг мэддэг болно хэмээн ярьсан” гэжээ. Тэрээр энэ үгээрээ онгоцны ослыг төлөвлөж байсан байх гэж хардаж байгаагаа онгоцны үйлчлэгч бүсгүй нуугаагүй байна. Онгоцны бүхээгний дуу хураагчаас олдсон мэдээлэлд үндэслэн түүнийг уг ослыг санаатайгаар зохион байгуулсан хэмээн үзэж байгаа билээ. Онгоцонд нислэгийн багийн зургаан гишүүнээс гадна 144 зорчигч явжээ. Тэдний 72 нь Германы, 51 нь Испанийн иргэд байж. Нийтдээ 18 орны иргэд осолдсон юм.
Category: гадаад
Германы авиа компани “Germanwings”-ийн 4U 9525 дугаарт нислэгийн онгоц Францын Альпийн нуруунд осолдож 150 хүн амиа алдсан. Одоогоор 78 хохирогчийн ДНК-г тодорхойлсон гэж шинжээчид мэдээлсэн байна. Онгоцыг санаатайгаар осолдуулсан гэх туслах нисэгч Андриас Лубитзийн цогцсын хэсэг олдоогүй гэж Германы хэвлэлүүд мэдээлж байна. Осол болсон газарт ард иргэд нь олноор үрэгдсэн үндэстнүүдийн төрийн тэргүүнд очсон. Мөн хохирогчдийн ар гэрийнхэн ч очсоор байна. Ослын газарт гадны олон машин, хүн нэвтэрч буй нь шинжилгээний багийнханд ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Ийм шалтгаанаар өнөөдрөөс ямар ч машин нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.
Онгоцны ослоор амиа алдагсдыг дурсах албан ёсны арга хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 17-нд Германы хамгийн алдартай сүм болох Кологн хотын сүмд болох аж. Энэхүү арга хэмжээнд Герман канцлер Ангела Меркель, ерөнхийлөгч Жоачим Гуак оролцоно.
Канадын “Air Canada” компанийн 138 хүнтэй “Airbus A320” онгоц Торонто хотноо газардах үедээ буух зурвасыг хэтэрч, осолджээ. Үүний дараа 23 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хоёр хүнд яаралтай тусламж үзүүлжээ. Торонто хотоос ирсэн “AC624” нислэг орон Халифакс олон улсын нисэх буудалд газардахдаа буух зурвасыг хэтэрч, цахилгааны шон мөргөсөн аж. Ослын улмаас Халифакс олон улсын нисэх буудлын гэрэл, цахилгаан тасарсныг Нова Скоша мужийн цахилгааг шугам сүлжээний төвөөс сэргээн засварлажээ. Онгоц газардах үед шуургатай, буух зурвасын орчим цастай байсан аж.
Узбекистанд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Тус улсын Сонгуулийн төв комиссоос мэдээлсэнээр 6.00 цагт санал хураах хэсгүүд нээгджээ. Энэ удаагийн сонгуулиар 20.8 сая хүн саналаа өгч, 43 орноос ирсэн гадаадын 300 ажиглагчид ажиглагчаар ажиллаж байгаа юм.
Узбекистаны төрийн тэргүүнд одоогийн Ерөнхийлөгч И.Каримов, Х.Кетмонов, А.Саидов, Н.Умаров нар нэр дэвшсэн. Сонгуулийн дүн маргааш гарах юм байна.
Йеменийн нийслэл Саны хотоос НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын ажилтнуудыг яаралтай гаргасан тухай мэдээллээ. Уржигдар Йемений арми дээр дурдсан байгууллагуудын ажилтнуудыг яаралтай явуулах гэсэн боловч нийслэлий эзлэн авчихаад байгаа хуситууд саад учруулжээ. Саудын Арав зэрэг орнууд оролцож буй өнгөрсөн пүрэв гаригийн шөнө Йеменд цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн билээ.
Ю.Дэлгэр
Дэлхийн дахинаа жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригт нэг цаг гэрлээ унтрааж эрчим хүчээ хэмнэснээр эх дэлхийгээ хайрлаж буйгаа илэрхийлдэг уламжлал тогтоод удаж байна. Харанхуйн 60 минутыг “Эх дэлхийн цаг” гэж нэрлэдэг. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш /III. 28/ 20.30-21.30 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриан дор болох аж.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ.
Хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн Австралийн Сидней хотноо 2007 онд нийт 2,2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байжээ. Үүний дараа 2008 оноос энэ уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 35 орон нэгдсэн байна. Үүний дараа 2009 онд “Эх дэлхийн цагт” 88 орны 4159 хот нэгдсэнээр тэрбум хүн үүнд хамрагджээ. Энэ үед зөвхөн АНУ-д л гэхэд найман мужийн 318 хотын 80 сая иргэн гэрлээ унтраасан аж. Улмаар 2010 онд дэлхийн 128 орны 4500 хотын нэг тэрбум 300 сая хүн “Эх дэлхийн цагт” хамрагдсан байна. АНУ-д энэхүү хөтөлбөрт нэгдсэн хүмүүсийн тоо 90 сая болж өссөн бөгөөд шөнө унтдаггүй гэх тодотголтой Лас Вегас хүртэл харанхуйд автав.
”Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 онд анх Австралийн Сидней хотноо хэрэгжүүлсэн.
Хөтөлбөр жил ирэх тусам хүрээгээ тэлсээр 2011 онд дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүн “Эх дэлхийн цагт” нэгджээ. Тухайн үед Улаанбаатар хотноо зөвхөн Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байна. Ийнхүү 2012 онд “Таны амлалт миний урам зориг” уриан дор “Эх дэлхийн цаг” дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож, “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн сүлжээний том компаниуд нэгдэн оролцсон байна. Харин 2013 онд Угандад анх удаа “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт нэгдэгсдийн анхаарлыг ой модод руу чиглүүлэх санаачлагыг өрнүүлжээ. Өнгөрсөн 2014 оны хувьд “Эх дэлхийн цагт” дэлхийн 162 орны 7000 гаруй хотын иргэд оролцсон байна.
“Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн үеэр гэрлээ унтрааж, лаа асаах нь онцгой утга санаатай. Энэ нь гэрлээ унтраасан үед гэрэлтүүлэг болохоос гадна “асаасан лаа” нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, өнгөрсөнд тохиолдсон бүхэнд харамсах сэтгэлдээ зул болгон өргөх зэрэг бэлэгдлийг агуулдаг байна. Түүнчлэн “60+” хэмээх бэлгэдэл нь дэлхийн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь нэг цагт ноогдох минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь оролцогчдын хүрээг нэмэн дэлгэрүүлэх утгыг агуулдаг аж.
Парис хот
Лондон хот
Ханжоу хот
Тайбей хот
Москва хот
Куала-Лумпур хот
Бээжин хот
Нью-Йорк хот
Дубай хот
Перу улсын засгийн газар Чосика хотод 60 хоногийн онц байдал тогтоожээ. Нийслэл Лима хотоос 50 хүрэхгүй км-ийн зайтай орших Чосикад хоёр цаг үргэлжилсэн аадар борооны дараа үер, хөрсний нуралт болсон аж. Хөрсний гулгалт, нурангийн үеэр автомашины хэмжээтэй бул чулуу уулнаас өнхөрч байшин барилгуудыг сүйтгэсэн байна. Хөрсний нурангид долоон хүн амь үрэгдэж, 65 байшин сууц сүйдсэн бөгөөд баруун, зүүнийг холбосон гол хурдны зам боогджээ. Онцгой байдлын албаныхны зүгээс гамшигт өртсөн бүс нутагт гэрэл цахилгаан, ундны усны хангамж хүргэж, цэвэрлэх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Өмнө нь 1967 онд Чосикад их хэмжээний хөрсний нуранги болж 64 хүн амь үрэгдэж байжээ.
Сингапурын иргэд улсынхаа анхны Ерөнхий сайд Ли Куан Ютай салах ёс гүйцэтгэхээр парламентын барилгын ойролцоо цугларчээ.
Сингапурыг “үндэслэгч эцэг”-тэй гуравдугаар сарын 28 хүртэл салах ёс гүйцэтгэх бөгөөд харин ням гарагт буюу гуравдугаар сарын 29-нд тус улсын Үндэсний их сургуулийн соёлын танхимд Ли Куан Юг оршуулах ёслолын албан ёсны хэсэг болно.
Ли Куан Югийн цогцсыг Истина Засгийн газрын ордноос парламентын байранд өнгөө өглөө хүргэсэн байна. Олон арван мянган сингапурчууд оршуулгын цувааг харахаар гудамжинд цуглажээ. Төрийн өндөр албан тушаалтнуудтай салах ёс гүйцэтгэх протоколын дагуу Зэвсэгт хүчний автомашинд бэхэлсэн үхэр бууны суурин дээр тавьсан Ли Куан Югийн цогцсыг Сингапурын төрийн далбаагаар бүтээсэн байна. Машин дотор хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчний тус тус хоёр офицер сууж явсан байна. Цугласан олон “Бидний өвөө Ли Куан Ю, бид танд хайртай!” хэмээн гашуудан хэлцгээн машиныг замын турш даган явжээ.
Сингапурыг “үндэслэгч-эцэг” гэгддэг Ли Куан Ю хоёрдугаар сарын 5-наас хойш эмнэлэгт хэвтэж байгаад гуравдугаар сарын 23-нд нас барсан билээ.
Америкийн алдарт жүжигчин Анжелина Жоли хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өндгөвч болон умайн гуурсан хоолойгоо авахуулжээ.
Өндгөвчний хорт хавдар үүсгэх 50 хувийн эрсдэлтэй генийн хувирал тээж байгаа учраас өнгөрсөн долоо хоногт өндгөвч авахуулах мэс засалд орсноо “New York Times” сонины мягмар гарагийн дугаарт өдгөө 39 настай Жоли бичсэн байна.
Энэ ген нь мөн хөхний хорт хавдар үүсгэх 87 хувийн эрсдэлтэй байдаг учраас жүжигчин бүсгүй хоёр жилийн өмнө хоёр хөхөө авахуулж байсан билээ.
Түүний энэ шийдвэр олон хүний анхаарлыг татлаа. Мөн генийн шинжилгээнд хамрагдаж байхын ач холбогдол болоод хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд тус болж байна.
Жоли “Олон эмчтэй уулзан зөвлөгөө авч, янз бүрийн хувилбарыг бодож үзэж үзсэний эцэст би сүүлийн шийдвэрийг гаргасан” гэжээ.
“Ийм шийдвэр гаргах амаргүй. Эмч нараас зөвлөгөө авч, өвчнийхөө талаар сайтар судлан, зөв сонголт хийх хэрэгтэй” гэж өөртэй нь адил асуудалтай байгаа хүмүүст Жоли зөвлөжээ.
Жолигийн ээж болон эмээ нь өндгөвчний хорт хавдраар нас барж байжээ. Мөн түүний авга эгч нь энэ өвчнөөр нас барсан аж.
“Хонгконгийн кино наадам” эхэллээ
Хонгконгийн олон улсын 39 дэх кино наадам Силвиа Чангийн сүүлийн бүтээл болох “Murmur of the Heart” киногоор нээлтээ хийлээ. Тус наадамд нийт 50 орны 264 кино, 360 гаруй дэлгэцийн уран бүтээл оролцжээ.
Сүүлийн шалгаруулалтад 14 кино нэр дэвшин өрсөлдөх бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хийгдсэн кинонууд оролцох гэнэ.
Анх 1976 онд анхныхаа наадмыг зохион байгуулж байсан ажээ. Хонгконгийн Засгийн газраас 2013 оноос эхлэн тус наадмын үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийт долоон сая Хонгконг долларыг зарцуулж эхэлжээ.