Categories
гадаад мэдээ

Путины айлчлал DNN.mn

Орос болон Хойд солонгосын удирдагчдын уулзалтыг Хойд Солонгосын мэдээллийн агентлагууд “Пхеньянд Путин, Дээд удирдагч Ким Чен Ун нарын сүрлэг уулзалт болж, дотоод бодол санаагаа ний нуугүй хуваалцсан бөгөөд үүний дараа тэд хоноглох газартаа хүрэлцэн ирлээ…Нөхөр Путиныг дагалдан яваа нөхөр Ким Жон Ун түүнтэй үргэлжлүүлэн чин сэтгэлээсээ ярилцаж байв” гэж мэдээлжээ. Энэ айлчлалын гол үр дүн нь ямар нэг улс халдлага үйлдсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэх тухай заалт бүхий гэрээнд гарын үсэг зурсан явдал болов. Путин “Бидний байгуулсан “Иж бүрэн түншлэлийн гэрээ”-нд гэрээний аль нэг тал руу түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэх тухай заасан” гэв.

Тэгвэл өнгөрсөн даваа гаригт “Bloomberg” агентлаг Өмнөд Солонгосын албаны хүний хэлснийг эш татан “АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд БНАСАУ-ын цөмийн аюулын эсрэг гурван талт аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна” гэж мэдээлсэн. Мөн “Financial Times” есөн жилийн дараа анх удаа энэ долоо хоногт Хятад, Өмнөд Солонгос аюулгүй байдлын маш чухал яриа хэлэлцээ хийгдсэн гээд ингэснээр АНУ-ын эсрэг сүртэй үг хэллэг хэрэглэдэг Бээжин цаг дээрээ баруунд ад үзэгдэх болсон Орос, Хойд Солонгостой холбоотон улс биш гэдгээ дахин нотлон харууллаа” гэж мэдээлэв. Владимир Путин Ким Чен Унтай уулзсаныхаа дараа “Украинд довтолсон явдлыг дэмжсэн БНАСАУ-ын байр суурь нь Пхеньяны “жинхэнэ бие даасан” бодлогын тод баталгаа юм” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байдены цагаачлалын тухай шинэ бодлого DNN.mn

Ерөнхийлөгч Жо Байден хүүхэд байхдаа АНУ-д ирсэн 530 мянга гаруй цагаачдыг албадан гаргахаас хамгаалсан тогтоол батлагдсаны 12 жилийн ойг тохиолдуулан цагаачлалыг эсэргүүцэгчдийн шүүмжлэлийг үл харгалзан, АНУ-ын цагаачлалын тогтолцоог илүү шударга болгох шийдвэр гаргаж буйгаа зарлав. Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д хууль бусаар амьдарч байгаа, албан ёсоор албадан гаргах ёстой ч, АНУ-ын иргэдтэй гэрлэсэн олон зуун мянган эхнэр, нөхөрт өршөөл үзүүлэх шийдвэр гаргаж буйгаа зарласан юм.

Олон нийтийн саналын судалгааны Америкийн Гэллап хүрээлэнгээс нийтэлсэн тайланд “Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 90 гаруй хувь нь хууль бус цагаачлалыг Америкийн үнэт зүйлс, амьдралын хэв маягт аюул учруулж буй томоохон заналхийлэл” гэж үзэж байгааг дурдсан байдаг. Үүнийг нам бус сонгогчдын 54 хувь, Ардчилсан намынхны 29 хувь нь дэмжиж байгааг ч бас дурдсан. Иймээс өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Жо Байден АНУ-Мексикийн хилээр орж ирж буй цагаачдын урсгалыг хязгаарлах зорилготой захирамж гаргаж, Цагаачлалын албаныханд орогнол хүссэн хүмүүсийн өргөдлийг хүлээж авалгүйгээр тус улсаас хөөх эрх олгосон билээ. Тэгвэл одоо Цагаан ордон тус улсад 10-аас доошгүй жил оршин суусан АНУ-ын иргэдтэй гэрлэсэн цагаачдын асуудлыг хөнгөвчлөх шийдвэр гаргаж, АНУ-ын Засаг захиргааны мэдээгээр 500 мянга гаруй хүн шинэ журмын давуу талыг ашиглах боломжтой болохоор болжээ. Мөн энэхүү шинэ бодлого нь эцэг эхийн нэг нь хууль бус цагаач боловч АНУ-ын иргэнтэй гэрлэсэн 21 нас хүрээгүй 50 мянган залуугийн нөхцөл байдлыг сайжруулна гэж тус улсын засаг захиргаа үзэж байна. Ерөнхийлөгчийн энэхүү санаачилга нь Барак Обамагийн гаргаж байсан бодлогоос хойш тус улсад байгаа бичиг баримтгүй цагаачдад туслах хамгийн том хөтөлбөр болж байгаа бөгөөд энэхүү шинэ хөтөлбөр нь тус улсад 10-аас доошгүй жил амьдарсан, энэ оны зургадугаар сарын 17-ноос өмнө гэрлэсэн АНУ-ын иргэдийн эхнэр, нөхөрт хамаарна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдэгдэв. Энэ нөхцөлийг хангасан хүмүүс гурван жилийн хугацаанд ажиллах зөвшөөрөл авч, энэ хугацаанд байнгын оршин суух хүсэлт гаргах боломжтой юм. Тэгвэл цагаачлалын хяналтыг чангатгахыг дэмжигч төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Жеймс Масса “Түүхэн дэх хамгийн аймшигтай хилийн хямралыг зогсоохын оронд Ерөнхийлөгч Байден гүйцэтгэх эрх мэдлээ хэтрүүлж, АНУ-д хууль бусаар нэвтэрч буй хүмүүст ч өршөөл үзүүлэх боломжтой гэсэн мессеж илгээж байна” гэж мэдэгджээ. Тэрээр мөн “Америкийн Иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) Байдены засаг захиргааг АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчиж байна гэж үзэн шүүхэд өгсөн” гэж мэдэгдэв. Харин Охайо дахь Кейс Вестерн Резервийн Их Сургуулийн цагаачлалын хуульч, профессор Алекс Квик “Шинэ журам харьцангуй цөөн тооны хүмүүст хамаарч байгаа ч энэ нь албаны хүмүүсийг цагаач бүхий гэр бүлийг хүчээр салгах шаардлагагүй болгож, АНУ-ын иргэний статусаа хэвийн болгоход бэрхшээлтэй байдаг цагаачдын асуудлыг зөв шийдэх эхний алхам болж байна” гэж хэлжээ. Тэгвэл ерөнхийлөгчийн засаг захиргаа “АНУ-д их дээд сургууль төгсөж диплом, зэрэг авсан, эсвэл гадаад улсаас урилгаар ирж, мэргэжлээрээ ажиллаж байгаа өндөр ур чадвар бүхий цагаач иргэдэд тус улсын иргэншил олгох үйл явцыг хялбарчилж, хурдасгахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Буутай хүн

Эхлээд АНУ, дараа өдөр нь Их Британи эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авснаар Оросын хөрөнгийн бирж дээр доллар, еврогийн арилжаа зогсон 24 цагийн дотор рублийн доллар, евротай харьцах ханш хоёр дахин унаж шуугиан дэгдээв.

Хэдийгээр ОХУ-ын Төв банкнаас энэ сарын 14-ний байдлаар ам.долларын албан ханш 88.2 рубль, евро 94.8 рубль байна гэж зарласан ч бодит амьдрал дээр нэг ам.доллар 200 рубль хүрч, мөнгө солих цэгүүдэд уртын урт дараалал үүсэв.

Оросын Төв банк “Өнөөдрөөс эхлэн рублийн ханшийг ам.доллар, евротой бус юанийн ханштай уяж зарлаж байх болно” гэж мэдэгдэв. Гэтэл юань нь мөн л ам.доллартай уягдан ханш нь тогтоогдож байдаг бөгөөд Хятадад дефляци гэх инфляциас дутахгүй аюул нүүрлээд байгаа билээ.

ОХУ бол цэвэр импортлогч улс. Энэ нь Оросууд үр тариа экспортлогч мөн ч техник, сэлбэг, шавьжны эсрэг хор, зарим бордооноос эхлээд тариа тарихад хэрэгтэй бүхнээ гаднаас авдаг гэсэн үг. Иймээс ам.доллар, евро гэх дэлхийн голлох валютын хомсдолд орсон Оросын бүх бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж инфляцийг хөөрөгдөх нь гарцаагүй зүйл болов.

Ядаж байхад “Их долоо” хуралдаж “Орос болон Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах болно” гэдгээ ил тод зарлав. Энэ бүхэн рубль цаас болох замдаа шулуудсаныг батлан харуулж байна. Гэхдээ Оросын рублийн ханш унаснаар Путины дэглэмд учрах хамгийн том аюул нь фронтод очсон гэрээт цэргийн цалин цаас болох явдал юм.

Дэлхийн I дайнд яг ийм үйл явдал болж хөлсний цэргүүд цаас болсон мөнгөө нөхөж авахаар фронтын шугамаа орхин нийслэлд ирцгээж, улмаар хувьсгал дэгдэж, хаантан суудлаасаа бууж, улс нь задарсан. Одоо Орост яг энэ явдал давтагдах гэж байна.

Мэдээжийн хэрэг үнэн мөн чанарыг нь гуйвуулсан ч, цалин нь цаас болсон гэрээт цэргийг оросууд өөрийн уран зохиолдоо “Буутай хүн” гэж бичиж үлдээсэн байдаг.

Categories
гадаад мэдээ

Дээд хэмжээний чуулган өндөрлөв DNN.mn

Швейцарьт Энх тайвны дээд хэмжээний уулзалт хоёр хоног үргэлжлэн өндөрлөж, оролцогчид мэдэгдэлд гарын үсэг зурсан даруйд Украин дахь дайн дуусна хэмээн хүлээж байсан хүмүүсийн урмыг хугалав. Харин Орос бүх талаар саад болохыг хичээсэн ч Владимир Зеленскийн санаачилсан энэхүү дээд хэмжээний уулзалтад Украин хангалттай олон улс, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг цуглуулж чадсан бөгөөд үр дүнг нь Украины төлөөлөгчид өөрсдийн ялалт гэж үзэж байна.

Чуулганы төгсгөлийн мэдэгдэлд Украины шаардсан “Болж буй энэ дайн бол “Украины зөрчилдөөн” биш харин Оросоос Украины эсрэг өдөөсөн түрэмгий дайн мөн;Запорожье АЦС-ыг Украины мэдэлд шилжүүлэх шаардлагатай; Украинаас хууль бусаар зөөсөн бүх хүүхдийг эх орондоо буцаан өгөхийг шаардаж байна” гэсэн заалтууд орсон байна. Одоо эдгээр заалтыг дэлхийн дийлэнх улсууд албан ёсоор дэмжсэн нэгдсэн байр суурьтай болов. Швейцарийн Гадаад хэргийн сайд Игнацио Кассис “Энх тайвны дээд хэмжээний уулзалтаас баталж гарын үсэг зурсан энэхүү нэгдсэн мэдэгдлийг удахгүй Москвад албан ёсоор хүргүүлнэ” гэж мэдэгдэв. Харин Швейцарийн ерөнхийлөгч Виола Амхерд “Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл харгалзан Путин Швейцарьт болох дараагийн Энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцох боломжтой” гэж зарлав.

Өнөөдөр дэлхийн 90 гаруй улс орон дэмжиж байгаа энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурах улсын тоо цаашид эрчимтэй нэмэгдэнэ гэдэгт уг дээд хэмжээний уулзалтад оролцогчид итгэл дүүрэн байна. Учир нь энэхүү дээд хэмжээний уулзалтын өмнөхөн хэлсэн Путины “Энхийн саналууд” нь үндсэндээ Украиныг газар нутгаа надад өг гэсэн тулган шаардалт байсан нь Кремлийн удирдагчийг хэн бэ гэдгийг дэлхий нийтэд батлан харуулсан явдал болсон. Владимир Путин дайныг зогсоох нөхцөлөө зарлаж “Украины цэргийг өөрсдийгөө тунхаглан зарласан ДНР, ЛНР, Запорожье, Херсон мужаас гаргах, Украин НАТО-д элсэхээс татгалзах явдал” гэсэн бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Путин Киевт тулган шаардлага тавьж, хөрш орны газар нутгийг булаан авна гэж мэдэгдэж буй нь нацистуудын удирдагч Адольф Гитлертэй адил байна” гэж мэдэгдсэн билээ. Мөн Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Киев улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар ямар ч буулт хийхгүй гэж мэдэгдсэн. Харин олон улсын нэр хүнд бүхий улс төр судлаачид Путины энэхүү мэдэгдлийг “Энэ бол гадаад улсуудад нэр хүнд нь сэргэхгүйгээр унасан удирдагчийн дотооддоо нэр хүндээ авч үлдэх гэсэн арга ядсан оролдлого” гэж санал нэгтэй дүгнэсэн. Мөн болж буй дайнд Оросын цэрэг давшиж байгаа ч хүч нь сульдаж, барууны улам олон зэвсгээр Украины тал давуу байдалтай болж дайсандаа учруулах хохирол өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Энэ нь Путины нэр хүндийг олон улсад төдийгүй дотоодод нь унагах бас нэг гол шалтгаан болох магадлал маш өндөр болсон гэсэн үг юм. Энэ бүхэн олон улсад ирээдүйд итгэх илүү өөдрөг үзэл төрүүлэх үндсэн шалтгаан болж байна.

Швейцарийн Бюргеншток хотод болсон Энх тайвны дээд хэмжээний уулзалтад 92 улс,олон улсын найман байгууллагын төлөөлөл болсон 57 улсын төр, засгийн тэргүүн зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Швейцарийн олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдлаа DNN.mn

Швейцарьт Украины талаас зохион байгуулж буй Олон улсын дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр улс орнуудын нэгдсэн байр суурь боловсруулахад зориулагдав. Төлөөлөгчдийн мэдээлснээр, хамтарсан мэдэгдлийг хэлэлцэж байгаа бөгөөд Швейцарийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй улс орнууд саналаа нэгтгэхэд нээлттэй байгаа ажээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Оростой ярилцах цаг ирэх болно гэдгийг бид маш сайн ойлгож байна. Гэхдээ бидний байр суурь маш тодорхой байна.Оросууд одоо ярьж байгаа шигээ ямарваа тулган шаардалт тавихыг бид огт зөвшөөрөхгүй” гэжээ. Энэхүү хамтарсан баримт бичигт “Запорожье атомын цахилгаан станцыг Украины мэдэлд шилжүүлэхийг уриалж, Украины эсрэг дайнд атомын зэвсэг ашиглах аюулыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдэн, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Азовболон Хар тэнгисээр чөлөөтэй нэвтрүүлэхийг Орост уриалж, худалдааны хөлөг онгоцууд руу халдаж, тэднийг гадны улсын боомтод орох боломжийг хааж байгааг буруушаан, дайны бүх олзлогдогсдыг солилцож, хууль бусаар зөөвөрлөгдсөн хүүхэд болон бусад энгийн иргэдийг Украинд буцааж өгөхийг уриалсан байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Их долоо”-гийн чуулган мэдэгдэл гаргав DNN.mn

Европын комиссын тэргүүн Урусула фон дерЛейен “Италид болсон дээд хэмжээний уулзалтын үеэр “Их 7”-ын орнууд Оросын царцаасан хөрөнгийг Украинд тусламж үзүүлэхэд ашиглах механизмын талаар тохиролцсон” гэж мэдэгдэв. Фон дер Лейен “Киев 50 орчим тэрбум доллар авах бөгөөд үүнийг Оросын хөрөнгийн ирээдүйн хүүгээс төлөх болно.Энэ бол Оросын царцсан хөрөнгөний ашгийг Украины батлан хамгаалах, сэргээн босголтод чиглүүлж байгаа Европын Холбооны бодлогын үргэлжлэл юм” гэж хэлжээ. Италид болж буй дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони “Энэ бол ОХУ-ын хөрөнгийг хурааж байгаа явдал биш” гээд “Бид эдгээр хөрөнгийг хураах тухай биш, харин цаг хугацааны явцад хуримтлагдсан хүүгийн тухай ярьж байна.Украинд ийм байдлаар туслах саналыг АНУын Ерөнхийлөгчийн засаг захиргаа анхлан дэвшүүлсэн” гэж онцлон тэмдэглэв. Европын холбооноос битүүмжилсэн Оросын хөрөнгийн ynam хэмжээ 325 тэрбум долларт хүрээд байгаа юм. Их долоогийн орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ нь Орос хөрш улсдаа түрэмгийлснээс хойш Украйны санхүүгийн болон цэргийн хамгийн чухал дэмжигчид байсаар ирсэн билээ. Иймээс Барууны ардчилсан долоон чинээлэг улс Европын холбооны удирдлагуудын оролцоотойгоор Оросын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах хэлбэрийг хэдэн жилийн турш хэлэлцсэний эцэст энэхүү шийдвэрт хүрэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд “Дэлхийн банкны тооцоогоор, Оросын түрэмгий дайны уршгаар Украин 486 тэрбум гаруй ам.долларын хохирол амссан” гэж мэдэгдсэн байна. Энэ уулзалтын үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Америкийн удирдагч Жо Байден нар 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын өмнө АНУ-ын тэргүүн энэ гэрээг “Одоо болон ирээдүйд Украиныг дэмжиж байгаагийн хүчтэй дохио” гэж мэдэгдэв. АНУ Украинтай ийм гэрээ байгуулсан G7-ын сүүлчийн улс, 17 дахь орон боллоо. Үүний дараа Зеленский Японтой мөн ийм гэрээ байгуулснаа зарлав. Тэрээр “2024 онд Япон улс Украинд 4.5 тэрбум долларын тусламж үзүүлж, гэрээ хэрэгжих 10 жилийн хугацаанд биднийг дэмжих болно” гэж мэдэгдэв. Ингэснээр энэхүү гэрээ байгуулсан улсууд олон шат дамжлагатай НАТО-гийн “хүнд суртал”-гүйгээр шууд Украинд туслах, тэр ч байтугай Оросын эсрэг цэргээ оруулах боломжтой болж байгаа билээ. “Их долоо”-гийн удирдагчид Италид болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэл гаргаж “Украинд бүрэн хэмжээний түрэмгийллийн улмаас учирсан хохирлыг Орос улс нөхөн төлөх ёстой” гэж мэдэгдэв. Тэд мөн ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаанд туслан худалдаа наймаагаа үргэлжлүүлсээр байгаа улс, байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээ авна” гэж анхааруулсан байна. “Их 7”-ын орнуудын уулзалтаар тусгай мэдэгдэл гаргаж “Орос Украинд учруулсан хохирлоо Олон улсын хууль тогтоомжийн дагуу төлөх үүрэгтэй гэдэг нь ойлгомжтой зүйл. Тиймээс бид Оросыг эдгээр үүргээ биелүүлэхийг албадах хууль эрх зүйн бүх арга замыг үргэлжлүүлэн хэлэлцэх болно”, “Тус байгууллагын гишүүд Оросын дайны машин, түүний дотор санхүүгийн байгууллагуудад материаллаг дэмжлэг үзүүлж буй Хятад болон бусад улс орнуудын байгууллагуудын эсрэг арга хэмжээ авахаа амлаж байна”, “ G7 мөн ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг тойрон гарахад тусалсан байгууллага болон хувь хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авах бодолтой байна. Иймээс бид санхүүгийн байгууллагуудыг Оросын дайны машиныг дэмжих, ашиг олохоос татгалзахыг уриалж байна. Бид ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, сааруулах арга хэмжээ авах болно”, “G7-ийн орнууд Оросын түрэмгийллийн эсрэг “шаардлагатай үед” Украинд цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байх болно”, “Украин улс газар нутгаа хууль бус халдлагаас хамгаалж байгаа тул Орос тэдний эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Оросын хариуцлагагүй, заналхийлсэн цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриа, стратегийн айлган сүрдүүлэх бодлого, тэр дундаа Беларусь улсад цөмийн зэвсэг байршуулах тухай мэдэгдлийг бид хатуу зэмлэн буруушааж байна”,”Их долоо”-гийнхон Оросын эрчим хүчний нөөцийн борлуулалтаас олж буй орлогын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх болно. Үүний зэрэгцээ нефтийн үнийн дээд хязгаарын үр нөлөөг нэмэгдүүлж, Москвагийн хориг арга хэмжээг тойрч гарах оролдлого болох “сүүдрийн флот” болон байгалийн гаралтай түүхий эд гадаадад улсад нийлүүлдэг Кремлийн бусад замуудыг таслан зогсоох арга хэмжээ авахад бэлэн байна” гэж онцлон дурджээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ-аас 14, Беларусаас 11 тамирчин олимпод оролцоно DNN.mn

Олон улсын олимпын хороо (ОУОХ) Парист болох зуны Олимпын наадамд ОХУ-ын 14, Беларусийн 11 тамирчныг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрчээ. Энэ тухай ОУОХ бямба гарагт мэдээлсэн байна.

Эдгээр тамирчныг 2024 оны гуравдугаар сард байгуулагдсан тусгай комисс шалгажээ. Төвийг сахисан статустай өрсөлдөх тамирчдын эхний жагсаалтад Оросын арван бөх, гурван дугуйчин, батут дээр үсрэгч нэг тамирчны нэр багтжээ. Беларусь улсаас зургаан бөх, хоёр батутчин, хүнд атлетикийн хоёр тамирчин, нэг дугуйчин олимпод оролцоно.

Оросын 40 орчим тамирчин 2024 оны зуны Олимпын наадамд бие даасан статустай өрсөлдөж магадгүй гэж ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жон Коутс өмнө нь мэдэгдэж байв.

2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Украины дайнтай холбогдуулан Орос, Беларусийн тамирчдыг Олимпод оролцох боломжийг ОУХО-ноос хязгаарласан юм. 2023 оны 12 дугаар сард тус хороо Орос, Беларусийн тамирчдыг зөвхөн спортын ганцаарчилсан төрлүүдэд /өөрийн улсын болон бусад улсын далбаан дор бус/ оролцохыг зөвшөөрсөн бол Орос, Беларусийн зэвсэгт хүчин, аюулгүй байдлын байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой, дайныг дэмжиж буй тамирчдыг Олимпын тоглолтод оролцохыг хоригложээ.

Парисын Олимпын наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд тус тус болно.

Categories
гадаад мэдээ

Европын парламентын сонгууль өндөрлөв DNN.mn

Судлаачдын урьдчилан хэлж байснаар баруун төвийн намуудын холбоо буюу Европын комиссын одоогийн тэргүүн Урсула фон дер Лейены Европын Ардын Нам (EPP) Европын парламентын сонгуульд олон суудал авсан байна. Европын парламентын 720 суудлаас 189-ийг нь энэ нам авах дүн гарчээ. Хэт баруун жигүүрийн популист намууд, тэр дундаа Германы альтернатив нам 2019 онтой харьцуулахад амжилт нь сайжирсан ч Брюсселийн хүчтэй бодлогыг дэмжигчдийн эвсэл хамгийн олон суудал авах нь ойлгомжтой болов. Учир нь DPA агентлагийн тооцоолсноор, Европын парламентад орж ирсэн бүх баруун жигүүрийн намууд нэгдсэн ч тэдний төлөөлөгчид нийт 200-гаас илүүгүй л мандат авах боломжтой аж. Европын парламентад олонх болохын тулд 361 суудал авах шаардлагатай. Сонгуулийн урьдчилсан дүнгээр хоёрдугаарт социал ардчилсан хүчнийхэн оржээ. Тэд дөрвөн суудлаа алдаж 135 мандат авахаар болжээ. Гурав дахь байранд 19 суудал алдсан “Европыг шинэчлэх” либерал фракц 83 суудал авахаар болжээ. Харин Ногоонууд болон Европын чөлөөт холбоо томоохон ялагдал хүлээв. Тэд өнөөг хүртэл Европын парламентад 72 суудалтай байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн албан ёсны урьдчилсан дүнгээр тэд ердөө 53 мандатыг авч үлдэхээр болжээ. Мөн “Европын консерваторууд ба шинэчлэлтүүд” (EKR) 72 суудал, баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтэй “Идентификатор ба ардчилал” фракц-58, Европын нэгдсэн зүүн/хойд зүүн-Ногоон (EOL/LZS) -35 суудал авах болов. Харин 95 суудлыг бие даан нэр дэвшсэн депутатууд эзлэхээр болжээ.

Урьдчилсан мэдээллээс харахад Европын Холбооны нийт сонгуулийн ирц 51 хувьтай байна. Таван жилийн өмнө энэ үзүүлэлт 50.66 хувьтай байсан бол Германы Христийн ардчилсан холбооноос (CDU) нэр дэвшсэн Европын комиссын одоогийн тэргүүн Урсула фон дер Лейен өөрийн байр сууриа хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Тэрээр “Тийм ээ, би итгэлтэй байна, гэхдээ мэдээжийн хэрэг, намайг маш их шаргуу ажил хүлээж байгааг би мэдэж байна. Гэхдээ би хоёр дахь удаа өөрийн суудалд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлээд фон дер Лейен Украиныг дэмжиж буй хүчинтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа онцолжээ.

Энэ долоо хоногийн турш Европын парламентын сонгууль гишүүн улсуудад өөр өөр өдрүүдэд болж өнгөрсөн. Сонгогчдын санал хураалтын эхний үр дүн Франц, Герман зэрэг олон улсад хэт барууны намууд амжилт олсныг харуулав.

Францын санал хураалтаар Марин Ле Пенийн Үндэсний ралли нам 30 хувь, харин Эммануэль Макроны баруун төвийн сэргэн мандалтын нам 15,2 хувийн санал авч эхний байруудад оржээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын парламентын сонгуульд Марин Ле Пенийн хэт барууны нам илт ялалт байгуулсны дараахан тус улсын парламент болох Үндэсний ассамблейг тарааж, энэ сарын 30, ирэх сарын 7-нд шинэ сонгууль явуулах шийдвэр гаргав. Тэгвэл ХБНГУ-д баруун төвийн консерватив АОХН болон түүний ах дүү Христийн нийгмийн холбоо (CSU) намуудын нэгдэл 30.5 хувийн санал авсан бол Олаф Шольцын эрх баригч социал демократууд хэт бага буюу 14 хувь, Ногоонтнууд 12 хувь, Чөлөөт ардчилагчид ердөө 5 хувийн санал авчээ. Мөн Австри, Испани, Итали улсуудад хэт барууны намууд сонгуульд ялалт байгуулсан байна.

Барууны улсуудын төрөлт асуудал болоод байгаа бол харин цагаачид олон хүүхэд төрүүлж нийгмийн халамжаас янз бүрийн шалтгаанаар мөнгө авч байгаа билээ. Мөн барууны цэвэр цэмцгэр байсан гудамж үндсэн иргэдийг нь устгах ёстой гэдэг исламын шашинт цагаач иргэдийн хог хаягдлаар бохирдож энд үндсэн иргэд нь амар амгалан, айдасгүй явдаг байсан цаг өнгөрсөн. Ядаж л барууны эмийн сангуудад бөөсний эсрэг эмийн гүйлгээ эрс нэмэгдсэн. Ийм байхад цагаачдын эсрэг барууны намуудын суудал олшроход буруудах зүйл юу байх билээ. Мөн Украиныг дэмжигчид Европын парламентад хэт олонх хэвээр үлдэж байхад Орос давардаг гэж бас юу байх билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Байден анх удаа тэргүүлжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт тангарагтны шүүгчид ерөнхийлөгч асан Дональд Трампыг гэмт хэрэгтэн гэж зарласны дараа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Байден санал асуулгаар анх удаа 46 хувийн дэмжлэг авч гол өрсөлдөгчөө ардаа орхисон байна. Харин Трамп 44 хувийн санал авчээ. Ya­hoo News/YouGov-ийн шинэ санал асуулгын дагуу 2023 оны аравдугаар сараас хойш Трамп Байденыг сонгогчдын санал асуулгаар тэргүүлсээр ирсэн юм байна. Байдены одоогийн дэмжлэгийн түвшин 46 хувь байгаа нь 2023 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ сонгогчдын есөн хувь нь “бусад нэр дэвшигч”-ийг сонгосон бөгөөд бие  даасан бага Роберт Кеннеди (дөрвөн хувь), бие даасан Корнел Уэст, либертарист Чейс Оливер, Жилл Стайн тус бүр нэг хувийн дэмжлэг авсан байна.

Ерөнхийлөгч Жо Байден Францад хийж буй төрийн айлчлалаа үргэлжлүүлж Парист Францын удирдагч Эммануэль Макронтой уулзахдаа Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд Украиныг Вашингтон дэмжинэ гэж дахин мэдэгдэв. Тэрээр “Путин Украинд зогсохгүй цаашилна. Ийм аюул Европыг хамарч байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. АНУ Украинтай мөр зэрэгцэн зогсож байна. Би бид эндээс хаашаа ч явахгүй гэдгийг дахин хэлмээр байна” гэжээ.

Ерөнхийлөгч Владимир Зеленский “Оросын арми Харьковын ажиллагааг хэрэгжүүлж чадсангүй. Энэ бол Украины армийн хийсэн чухал үр дүн. Би өнгөрсөн бямба гаригт Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырскийтэй фронт дахь нөхцөл байдлын талаар ярилцсан. Оросын арми Харьковын ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй нь Украины хувьд маш чухал үр дүн юм. Одоо бид тэднийг аль болох саатуулж, манай газар нутаг руу нэвтэрч, Харьков мужийг айлган сүрдүүлж буй Оросын анги нэгтгэлүүдийг устгаж байна. Энэ чиглэлд бид нэмэлт цэрэг илгээсэн. Энэ нь цаашид улам хүчирхэгжих болно” гэж хэлжээ.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Олон улсын шүүхэд хандав DNN.mn

Олон улсын хүний эрхийн холбоо (FIDH)-ны хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэн ядалтыг өдөөсөн Оросын суртал ухуулагчдын эсрэг Олон улсын Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Тэд “Оросын “нэрт” суртал ухуулагчид болох Владимир Соловьев, Дмитрий Киселев, Маргарита Симонян, Дмитрий Медведев, Сергей Мардан нарыг энэхүү шүүхээс баривчлах тушаал гаргана гэж тэд найдаж байна” гэж мэдэгдэв. Олон улсын Эрүүгийн хэргийн шүүх Украины хүүхдүүдийг 2023 онд ОХУ-д албадан гаргасан ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Хүүхдийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргаж байжээ.

Ромын дүрмийн дагуу үзэн ядсан үг хэллэгийг гэмт хэрэг гэж тооцдоггүй ч Руанда, Югославт болсон хэргийн эрүүгийн шүүхийн практикт тулгуурлан хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэн ядсан үг хэллэгийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрч болно гэсэн хуулийн үндэслэл, жишиг бий болгохыг оролдож байгаа юм байна.Хэвлэлийн бага хурал дээр FIDH-ийн гишүүд болон мэргэжилтнүүд үзэн ядсан үг хэллэг нь дайныг өдөөж, зөвтгөхөд томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон байна. Тухайлбал, 2014 оноос хойш Оросын суртал ухуулга тасралтгүй давтсаар ирсэн “Киев дэх нацистууд” гэсэн худал ухуулга нь Оросын зах хязгаарын олон тооны хүмүүсийг нацистууд үнэхээр Украины удирдаж байна гэж үзэхэд хүргэж, одоогийн дайныг Аугаа эх орны дайнтай адилтгахад хүргээд байгааг анхааруулсан байна. Мэргэжилтнүүд мөн Оросын суртал ухуулагчдын нийгэмдээ тулгаж буй өөр нэг тууштай санаа бол Украин гэж улс байхгүй, Украин үндэстний түүхэн газар бол “том ах”-ын хажуугаас явсан өөрсдийгөө Украин гэж нэрлэсэн “бяцхан оросууд” юм гэсэн худал ухуулга юм. Учир нь түүхэнд Киевийн орос гэж байснаас бус Москвитын орос гэж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын ачаар хүчирхэгжсэн Москвагийнхан түүхэн үндэстэн болох гэж Киевээс орос гэдэг үгийг нь булааж өөрсдийгөө нэрлэсэн гэсэн үг юм.