“Эйндховен” энэ жил Европын багуудын дотроос хамгийн түрүүнд улсынхаа аварга болж байна. Тэд өнгөрөгч амралтын өдөр “Херенвэн”-ийг 4:1-ээр хожиж 79 оноотой болсон бөгөөд ингэснээр Нидерландын аварга шалгаруулах тэмцээн дуусахаас гурван тойргийн өмнө хоёрдугаар байрт байгаа “Аякс”-аас оноогоор тасарч барианд орлоо. Ийнхүү Эйндховен хотын ПСВ “Эйндховен” баг 22 дахь удаагаа улсынхаа аварга болж дараа жилийн Аваргуудын Лигийн тэмцээний үндсэн хэсэгт багтах эрхээ халааслалаа.
Category: гадаад
Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг буюу НБА-гийн улирлын тоглолтууд дуусч плей-оффын гал маналзсан тоглолтууд эхэллээ. Одоогийн байдлаар хасагдах шатанд шалгарсан 16 баг өөр хоорондоо тус бүр нэг нэг тоглоод байгаагаас зөвхөн ганц нь буюу Торонто Рэпторс л нутагтаа хожигдож бусад нь өөрийн талбайгаа “цэвэр” үлдээж чадлаа.
Өрнөд конференци
Лос-Анжелес Клипперс – Сан-Антонио Спэрс 107:92
Мэмфис Гриззлиз – Портленд Трэйл Блэйзерс 100:86
Хьюстон Рокетс – Даллас Маверикс 118:108
Голден Стэйт Уорриорз – Нью-Орлеан Пеликанс 106:99
Дорнод конференци
Атланта Хоукс – Бруклин Нэтс99:92
Кливленд Кавальерс – Бостон Селтикс 113:100
Чикаго Буллз – Милуоки Бакс 103:91
Торонто Рэпторс – Вашингтон Уизардс 86:93
Гэрэл зурагчдын “Оскар” гэгддэг энэ оны Пулитцерын шагналын эзнээр АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын “The St Louis Post-Dispatch” сонины сэтгүүлч Даниел Берехулок тодорлоо. Фергюсон хотын цагдаагийн ажилтан Даррен Уилсоны бууны суманд амиа алдсан 18 настай Майкл Брауны араас дурсгалын лаа асааж буй хоёр залуугийн зураг шилдгээр шалгарчээ. Энэ зургийг арьс өнгөний ялгааг харуулсан, тухайн үеийн агшинг тусгасан хэмээн шүүгчид дүгнэжээ. Уг үйлд явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.
АНУ-ын Нью-Йорк мужид синтетик марихуан хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирэх өвчтөний тоо огцом нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан Нью-Йорк мужийн захиргаанаас эрүүл мэндийн онц байдал зарлалаа. Өнгөрсөн баасан гариг гэхэд ес хоногийн хугацаанд “Спайс” буюу “КэйТү” гэдэг синтетик мансууруулах бодисоос харшилсан 160 гаруй хүн эмнэлэгт яаралтай хүргэгдэж ирсэн хэмээн мужийн захирагч Андрей Куомо баасан гарагт мэдэгджээ.
Мужийн захиргаанаас мэдэгдсэнээр, “Спайс” ба түүнтэй төстэй бусад синтетик мансууруулах бодисуудыг ургамлын гаралтай материал гэсэн ангилалд хамааруулдаг учир зах зээл дээр хууль ёсоор борлогддог юм байна. Энэхүү бодис нь марихуантай төстэй үйлчилдэг бөгөөд дотроо олон төрөл байдаг аж. “Синтетик каннабинойдод агуулагддаг нэгдэл нь байнга өөрчлөгддөг учир хэрэглэгчид биедээ яг юу оруулж байгаагаа мэдэхэд төвөгтэй” гэж Нью-Йорк мужийн Эрүүл мэндийн комиссар, доктор Ховард Зукер мэдэгджээ.
Синтетик марихуанаас харшилсан өвчтөнүүдэд ухаан самуурах, зүүрмэглэх, толгой өвдөх, зүрхний цохилт түргэсэх, ухаан алдах, багтрах зэрэг шинж тэмдэг илэрч байна гэж Нью-Йорк мужийн эрүүл мэндийн хэлтсийн цахим хуудсанд бичжээ. Түүнчлэн өсвөр насны хүүхэд, залуусын дунд синтетик марихуаны хэрэглээ өндөр байгаа аж.
NASA сансар огторгуйн судлалдаа зориулж хажуугаараа явах чадвартай шинэ машин бүтээсэн бөгөөд өөрийгөө удирдах чадвартай автомат удирдлагатай юм байна. 69км/цаг хурдлах чадвартай ба нэг батерейгаараа 99 км туулах боломжтой аж.
Бие биенээсээ хамааралгүй ажилладаг, 180 градус эргэх чадвартай 4 дугуйтай бөгөөд энэ дугуйнуудынхаа тусламжтайгаар дороо эргэлдэх, хажуугаараа явах гэх мэт бусад машинуудын үйлдлүүдийг хийж чаддаг болжээ. НАСА үүнийг одоогоор зөвхөн сансрын машины технологид зориулаад байгаа ч аж. NASA дан ганц сансрын машин бүтээгээд зогсохгүй олон зүйлийг үйлдвэрлэж худалдаанд гаргасан юм. Тухайлбал гутлын улавч, цанын гутал, компьютерийн хулгана, усан филтер, нарны эрчим хүчний үүсгүүр, алсын зайн харилцаа холбоо, гар утасны камер гэх мэт. NASA удахгүй сансрын машинаа туршиж үзэх бөгөөд одоогоор цөөн тоогоор үйлдвэрлээд байгаа аж.
700 гаруй хүн тээвэрлэж явсан загас агнуурын усан онгоц газар дундын тэнгист осолдож, одоогоор ердөө 28 хан хүн л аврагдаад буй тухай BBC мэдээллээ.
Тус онгоц нь 20 метрын урттай байсан ба зорчин явсан нийт зорчигчид Ливи улсаас Европын орнуудыг зорьж байсан цагаачид байсан гэжээ. Ядуурал, дайн зэрэг хүнд нөхцөл байдлаас зугтан Европыг зорьж байсан Ливийн тэдгээр иргэдийн тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссын мэдээлж буйгаар ойролцоогоор 50 орчим хүн усан онгоцон дээр үлдсэн байх магадлалтай гэжээ.
Мальтийн Ерөнхий сайд Жозеф Мускат аврах ажиллагаа одоо ч үргэлж байгааг мэдэгдээд усан дээр хөвж буй нас барагсдын цогцос дундаас амьд хүмүүсийг эрэн хайх ажиллагааг хийж байгаа гэжээ.
Баруун Африкийн Нигери улсад нүд бүрэлзэх, толгой өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг нэгэн нууцлаг өвчин гарсан гэнэ. Уг өвчний халдвар авсан хүн 24 цагийн дотор амиа алдаж байгаа бөгөөд одоогоор 18 хүн нас барсан аж. Өвчний тархалт Нигерийн Ондо мужийн Оде-Иреле хотоос эхэлсэн бөгөөд тун хурдацтай тархаж байгааг албаныхан мэдэгдсэн байна. Өвчний оношийг тогтоохоор ДЭМБ-ын мэргэжилтнүүд халдварын голомтод очсон гэнэ. Төв мэдрэлийн системийг гэмтээж байгаа энэ халдварын талаарх лабораторийн шинжилгээгээр эбола болон өөр ямар нэгэн вирусийн гаралтай өвчин биш гэдгийг тогтоосон бололтой. Дөрөвдүгээр сарын 13-15-ны орчмоос энэ өвчний шинж тэмдэг мэдэгдэж эхэлсэн аж.
Одоогоос нэг жилийн өмнө БНСУ-д “Sewol” гатлага онгоц осолдож, олон хүн амь үрэгдэж байв. Амь үрэгдсэн 300 агруй хүний 250 нь дунд сургуулийн сурагчид байсан юм. Тэдний дурсгалыг хүндэтгэх ёслол өнгөрсөн өдрүүдэд болж, тэр үеэр хэргийг шалгах ажилд анхаарах хэрэгтэйг иргэдийн зүгээс гаргаж байсан юм. Осолтой холбогдуулан өчигдөр Сөүл хотод Ерөнхийлөгчийн ордон руу чиглэсэн эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсаалд оролцсон арван мянга гаруй хүн онгоцны ослын хэрэг дээр хараат бус мөрдлөг явуулахыг шаарджээ. Гэвч тэдний энэхүү жагсаал цагдаа нарын хүчтэй мөргөлдсөний улмаас нэлээд хэдэн хүн бэртэл гэмтэл авч, 100 гаруй хүн баривчлагдсан байна. Тэдгээр баривчлагдсан хүмүүсийн дунд хохирогчдын ар гэрийнхнээс 90 орчим хүн байгаа гэж цагдаа нар мэдээлсэн байна.
Цагдаа нар Ерөнхийлөгчийн ордныг чиглэсэн жагсагчдыг зогсоохын тулд автобусаар хаалт хийн, даралттай усаар шүршиж, нулимс асгаруулагч хий цацжээ.
АНУ-ын Калифорни муж улсын Фресно хотын нэгэн дүүрэгт барилгын ажил гүйцэтгэж байсан ажилчид санаандгүй хийн хоолойг гэмтэсний улмаас 30 сантиметрийн диаметртэй хийн хоолой дэлбэрсэн байна.
Байгалийн хий шатаж, дамжуулах хоолойнд саатал гарсны улмаас тус 15 хүн хүнд болон хөнгөн гэмтэл авсан. Тэдгээрийн нэгийг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хэвтүүлсэн ба одоогийн байдлаар биеийн байдал хүндхэн байна.
Энэхүү золгүй явдлаас үүдэн автомашины хөдөлгөөнийг түр зогсоосон ба галт тэрэгний хөдөлгөөнийг ч мөн зогсоосон байна.
Хурдны төмөр зам, онгоц угсралтаараа улсдаа тэргүүлэгч Францын Alstom компани Иракт өндөр хурдны төмөр зам тавих тохиролцоонд хүрчээ. Францын Тээврийн яамны орлогч сайд Тьерри Мариани Ле Бурже салонд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар олон нийтэд мэдээлсэн байна. Хурдны галт тэрэгний замаар эхлээд Багдад Басра хотуудыг холбох аж.
Энэ замаар явах галт тэрэг цагт 220 км хурдлах боломжтой юм байна. Хоёр тал энэ гэрээг хийхийн тулд жилийн хугацаа зарцуулсан гэж байна. Гэхдээ санхүүгийн талаар тоо баримтууд одоогоор зарлагдаагүй байна.
Магадгүй, бараа солилцоогоор хийж байж ч болох юм. Тьерри Мариани энэ оны ес юм уу, аравдугаар сард гэрээг үзэглэхээр Багдадад хүрэлцэн очих юм байна. Alstom мөн газар дэгүүрх метро барьж өгөх санамж бичигт гарын үсэг зурсан. Ирээдүйд баригдах метро нь цагт 30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай байх гэнэ.