Монгол –Хятадын Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн уулзалт, үзэсгэлэн БНХАУ-ын Бээжин дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд болж байгаа аж.
Тус уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, ХХАА-н Дэд сайд Б.Батзориг, БНХАУ-ын ХААЯ-ны төлөөлөгчид, Монголын махны холбоо, Монголоос Хятад руу мах нийлүүлэх аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудын төлөөлөл болох “Монгол Эко Мах” ХХК тус тус оролцож байна. Энэ үеэр мах махан бүтээгдэхүүний амталгаат үзэсгэлэн, хоёр удсын аж ахуйн нэгжүүдийн бизнес уулзалтууд болох юм байна.
40 гаруй сая малтай манай улс мах, махан бүтээгдэхүүндээ нэмүү өртэг шингээн экспортод гаргахын тулд хоёр хөрш болоод Япон улсад хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан аж. Манай улс өнгөрсөн онд БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсэн байна.
БНХАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ нь 2002 онд 2,47 кг, 2010 онд 3,01 кг, 2015 онд 3,23 кг болсон байна. Хонины махны импорт нь 2011 онд 82,7 мян.тн, 2012 онд 123,7 мян.тн, 2013 онд 254,0 мян.тн болж өсч байгаа аж.
Тиймээс манай улсаас илгээсэн хүсэлтийн дагуу 2014 онд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.
Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан, өнгөрсөн сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн. Үүний дагуу Хятадын Гэрчилгээ бүртгэлжүүлэлтийн газраас доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал,
- Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-ууд,
- Үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” гэсэн дөрвөн компанид олгосон ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах
- Адууны махны боловсруулах үйлдвэрийн хувьд “Хаан хүнс” ХХК-ийн адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох,
- Адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” ХХК-ууд адууны хөлдүү гулууз махыг экспортлох зөвшөөрлийг тус тус авсан юм байна.