Categories
гадаад мэдээ

“Apple” компанийн орлого 40 хувиар нэмэгджээ

“Аррle” компанийн орлого өнгөрсөн улиралд 40 хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн тайлангаас үзэхэд цэвэр орлого нь 13.6 тэрбум ам.долларт хүрчээ. Сүүлийн саруудад ашигнэмэгдсэн нь юуны түрүүн iPhone, Mac-ийн борлуулалт маш сайн байсантай холбон тайлбарласан юм. “Аррle”-ийн тэргүүн Тим Кукийн ярьснаар борлуулалт нэмэгдсэн нь iPhone-ийг хэрэглэж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Тиймээс энэ амжилтаа ахиулахын тулд ирэх зургадугаар сараас эхлэн шинэ бүтээгдэхүүн болох Apple Watch худалдаанд гарах гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Ж.Байден Киев хотын даргыг хүлээн авч уулзав

Украины нийслэл Киев хотын дарга В.Кличког АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден Вашингтон хотноо хүлээн авч уулзсан байна. В.Кличко сүүлийн үед Украйны нийслэлийн засаг захиргаа ямар асуудлуудад илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар ярьжээ. Ингэхдээ хууль дүрмийг улам боловсронгуй болгох, хээл хахуультай тэмцэх зэрэг ажлуудад нэлээд анхаарал хандуулж байгаа гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

Өнгөрөгч бямба гаригт Балбын төв хэсэгт 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлж олон хүн амиа алдсан харамсалтай явдал болоод байна. Одоогийн байдлаар аврах албаныхан нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа зохион байгуулаад байгаа юм. Гэсэн ч амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр 2500 хүрээд байна. Газар хөдлөлтийн улмаас 5000 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ. Газар хөдлөлтийн голомт Катманду болон Похара хотын хооронд байсан учир хор хохирол их хэмжээгээр амссан байна.

Хүчтэй газар хөдлөлтийн үеэр нийслэл Катмандуд 6.7 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Дахин газар хөдөлж болзошгүй хэмээн албаныхан үзэж байгаа учир иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлэжээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эверест ууланд нуранги үүсч, 17 уулчин амь үрэгдэж, 61 хүн гэмтэж бэртсэн байна. Балбын хөрш орнуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, Энэтхэгт 44, Түвдэд 17 хүн амь үрэгджээ. Энэхүү газар хөдлөлт нь “Сүүлийн 80 жилд болоогүй гамшиг учрууллаа” хэмээн нутгийнхан ярьж байва. Газар хөдлөлтийн улмаас сүйдсэн хотуудад тусламжийн цувааг хөрш орнуудаас явуулж эхэлжээ. Тухайлбал, Пакистан улс дөрвөн ширхэг “C-130” нисэх онгоцоор 30 эмнэлгийн орыг, эмч, мэргэжилтэн, үнэрч нохой болон хоол хүнс, майхан зэрэг тусламжийн хэрэгслүүдийн хамт Балба руу илгээсэн талаар BBC агентлаг онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Өнөөдөр Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж байна. Тус улсын Сонгуулийн төв комиссын дарга Б.Мелдешовын мэдэгдсэнээр санал хураах хэсгүүд 7 цагаас ажиллаж эхэлсэн байна. Санал хураалтын үеэр ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй хэмээн үдээс өмнө мэдээлэв. Энэ удаагийн ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуульд 27 хүн өрсөлдөж байгаа юм. Төрийн тэргүүний албыг хашиж буй Н.Назарбаев 81 дүгээр саналын хэсэг дээр саналаа өгсөн тухай мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Балбад хүчтэй газар хөдөлж мянгаад хүн амиа алдав

Балба байгалийн гамшигт нэрвэгдээд байна. Уржигдар тус улсад Рихтерийн шаталбараар 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд төв нь нийслэл Катмандаа хотоос 77 км-ийн зайтай байжээ. Балбын Цагдаагийн газраас мэдээлсэнээр байгалийн гамшигийн улмас100 гаруй хүн амь үрэгдэв. Тус улсын эрх баригчдын тооцоолсноор 1340 хүн амиа алдсан бөгөөд энэ бол зөвхөн урьдчилсан тоо гэнэ. Нас барагсдын тоо нэмэгдэх нь гарцаагүй аж. Учир аврах ажиллагаа үргэлжилж нуранги доороос хүмүүсийг гаргаж авсаар байгаа гэнэ. Газар хөдлөлт хөрш зэргэлдээ орших Энэтхэгт мэдрэгдсэн бөгөөд тэнд 20 хүн амиа алджээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Дэлхийн мисс арьс өнгөөр ялгаварласан рекламд тогложээ

Болливүдийн алдарт од Айшвария Рай Баччаны тоглосон үнэт эдлэлийн реклам тус улсад томоохон маргаан дэгдээлээ. Энэтхэгийн ард түмэн түүний тоглосон рекламыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон хүүхдүүн хөдөлмөрийг мөлжих үзлийг түгээн дэлгэрүүлсэн хэмээн буруутгасан байна.

Ийнхүү томоохон шүүмжлэл өрнөсний дараа уг бүтээлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахыг хоригложээ.
Зар сурталчилгаанд үзэсгэлэнт бүсгүй Айшвария Рай Баччан үндэснийхээ өмсгөл дээр үнэт эдлэлийг өмсөөд сууж буйгаар дүрсэлжээ. Гэвч түүний нарны халхавчийг хүүхэд барьж зогссон нь олон хүнд таалагдаагүй байна. Түүнчлэн зарц нь гэж харагдахаар өгүүлэмж бүхий уг зурагт хуудаст хар арьст хүүг тоглуулсан нь нийгмийг эмзэглүүлжээ.

Кино одын хэвлэлийн төлөөлөгч “Тэр зөвхөн рекламанд л тоглосон. Сүүлийн дүр зургийг зар сурталчилгааны компани хариуцсан” хэмээх тайлбарыг өгчээ.

Дэлхийн миссээр өргөмжлөгдөж байсан 41 настай жүжигчний тоглосон зурагт хуудас өнгөрсөн долоо хоногт анх өдөр тутмын сонингуудад хэвлэгдэж эхэлсэн юм.

Хүний эрхийг хөндсөн асуудал ноцтойгоор шүүмжлэгдсэн тул реклам гүйцэтгэгч компани олон нийтээс уучлал хүссэн байна.
Өмнө нь үүнтэй ижил төрлийн олон зар сурталчилгааны хуудас арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэлгэрүүлсэн хэмээн шүүмжлүүлж байсныг хүргэе.

Categories
гадаад мэдээ

Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаагаа хийх гэнэ

Шинжлэх ухааны түүхэнд анх удаагаа хүний толгой шилжүүлэн суулгах мэс заслыг Италийн эмч Сержио Канаверо хийхээр зэхэж байна. Тэрбээр анх 2013 онд хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм. Тухайн үед түүнийг ихэнх хүмүүс галзуурсан хэмээн үзэж байжээ. Гэвч тэрээр нуруу нугас, булчингийн өвчин, хорт хавдрын улмаас саажсан хүмүүст шинэ амьдрал бэлэглэхийн тулд толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр зориг шулууджээ.

Түүний анхны үйлчлүүлэгч нь генетикийн ховор өвчтэй Валерий Спиридонов гэх өвчтөн аж. Өдгөө 30 настай Валерий өдрөөс өдөрт биеийнх нь байдал улам муудсаар байгаа тул өндөр эрсдлийг үүрэхээр зориг шулууджээ.

Сержио Канаверо мэс заслыг Хятадад гүйцэтгэхээр төлөвлөжээ. Учир нь энэ төрлийн мэс засал АНУ, Европын холбоо, ОХУ зэрэг орнуудад хориотой аж. Түүний мэдээлснээр мэс заслын зардал 15 сая ам.доллар болох гэнэ. Өдгөө Сержио Канаверо мэс засалдаа бэлтгэн Турин хотын ойролцоох лабораторидоо усан гахай дээр туршилтаа үргэлжлүүлж байгаа эж.

Толгой шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн чухал асуудал бол донор биеийн дархлааны систем эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлэх, нугасыг залгах аж. Толгойг донорын биед шилжүүлэн суулгахын тулд Цельсийн 10-15 хэмд хөргөх бөгөөд мэс заслын дараа зохиомлоор нэг сарын хугацаанд комад оруулах гэнэ. Толгойг шилжүүлэн суулгаснаас 15 минутын дараа тархинд цусны эргэлт явагдах ажээ. Гэхдээ мэс засал хэтэрхий удвал хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархи үхжих эрсдэлтэй хэмээн мэдэгджээ.

Бусад мэргэжилтнүүд мэс засал ойролцоогоор 36 цаг үргэлжилнэ гэж үзэж байгаа бол Сержио Канаверо тэрнээс хурдан хугацаанд гүйцэтгэх итгэлтэй байна. Энэ мэс заслыг гүйцэтгэхэд олон орны сайн дурын эмч нар түүнтэй хамтарч ажиллах гэнэ. Барагцаалбал 150 нарийн мэргэшсэн эмч нарын баг толгой шилжүүлэн суулгах анхны мэс засалд ажиллах аж. Үүний зэрэгцээ маш олон тооны бизнесменүүд Сержио эмчийн мэс заслыг санхүүжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.

Э.Номин

Categories
гадаад мэдээ спорт

Аваргуудын лигийн хагас шигшээгийн хосууд тодорлоо

Швейцарийн Ньон хотод зохиогдсон Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалаа хөлбөмбөгийн балиашигуудад асар их сонирхол татахуйц хоёр хос тоглолтыг “бэлэглэлээ”.

Тавдугаар сарын 6, 7-нд эхний тоглолтоо хийх эдгээр хосууд нь “Барселон”-“Бавари”, “Ювэнтүүс”- “Реал” Мадрид хэмээн сугалааны шоонд буулаа. Өнгөрөгч жилийн долдугаар сард гараанаасаа хөдлөхдөө Европын хөлбөмбөгийн холбооны 53 улсын 77 багийг багтаан эхэлж байсан 23 дахь удаагийн Аваргуудын лигийн тэмцээн ийнхүү хэн нь хэн бэ гэдгээ харуулах хариуцлагатай шатандаа тулж ирлээ. Яах аргагүй энэ цаг үеийн дөрвөн “хүчтэн” шалгарчихсан байхад тэр нь энэнээсээ илүү хэмээн “их мэдэх” илүүц тул зөвхөн үзүүштэй, харууштай, урамтай сайхан тоглолт үзэх бизээ хэмээн хүлээн суух л үлдэж байх шиг. Эдгээр хосуудын тоглолтуудаас “Барселон”- “Бавари” Мюнхен гэсэн хослол арай л илүү анхаарал татаж байна. Хоорондоо аль нэгнийгээ хольж сольж “цус холилдсон” энэ хоёр баг сүүлийн хэдэн жил хөлбөмбөгийн ертөнцөд моод тогтоогчид нь болоод удаж байгаа. “Барселон” хоёр жилийн өмнө Германы багт яг энэ шатанд нийлбэр дүнгээрээ 7:0-ээр хожигдож арчуулж байсан гашуун дурсамж бий. Тэр үеийн ба өнөө цагийн “Барса”-гийн хооронд тоглолтын бүрэлдэхүүн, тоглох тактикийн хувьд нэг их өөрчлөлт ороогүй ч гэлээ нэгэн том дэвшил бий. Тэдэнд сүүлийн үед багийн хамт олныхоо салшгүй нэг хэсэг болтлоо уусч чадсан Суарес, Неймар хэмээх хоёр том шинэ хүч бий. Гэхдээ нөгөө талд нь“Барса”-г бүхнээс илүү мэдэх Гвардиола, дэлхийн аварга болоод үзчихсэн баахан залуус нэмэх нь Левандовски, Гетце гэсэн бас л “аймаар” баг зогсож байгаа .“Реал”-“Ювэнтүүс”-ийн тоглолт гэлээ өөрийн гэсэн онцлогтой. Энд шилдэг хамгаалалтын эсрэг шилдэг довтолгоо тоглох гэж байна. Эцэст нь тавдугаар сарын 14-нд ямар хоёр баг нь финалд үлдэх бол гэдгийг үзэх үлдлээ.

Д.Бат-Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Пакистаны 10 мянган цэрэг хятад ажилчдыг хамгаална

Пакистаны арми хятад ажилчдыг хамгаалахын тулд тусгай хүчин байгуулах болсноо зарлалаа. Бээжингийн дэглэм Пакистанд эдийн засаг, хөгжлийн шинэ төслүүд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд их хэмжээний ажиллах хүч нийлүүлэхээр болсон юм. Хятадын лидер Си Зиньпин Исламабадад албаны айлчлал хийж Пакистаны Ерөнхийлөгч Мамнун Хуссейнтэй уулзсаны дараа ийм тохиролцоонд хүрлээ хэмээн Пакистаны “Dawn” сонин мэдээлэв.

Хятад, Пакистаны удирдагчид эдийн засгийн томоохон төслүүдэд гарын үсэг зурсныг хэв­лэлүүд онцолж байна. Бээжингийн тал хоёр улсын хоорондох эдийн засгийн төсөлд 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ төслийн хүрээнд 28 тэрбумын өртөгтэй дэд бүтэц байгуулах 51 гэрээ, тохиролцоонд гарын үсэг зураад байна. Исламабад үүний хариуд Пакистанд ажиллах хятад ажилчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангана хэмээн амлав. Тус улс дахь хятад ажилчид лалын радикал бүлгийнхний довтолгоонд нэг бус удаа өртөж байсан билээ.

Пакистаны арми 10 мянган цэргээс бүрдсэн тусгай хүчнийг байгуулж хятад ажилчдыг хамгаална хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Энэ тусгай хүчин нь аюулгүй байдлаар мэргэшсэн хэд хэдэн батальоноос бүрдэх аж. Пакистаны зарим улстөрч, тоймчид энэ мэдээг таагүй хүлээж авчээ. Учир нь сүүлийн үед радикал бүлгүүд Пакистаны үндэсний цөөнх рүү довтлох нь нэмэгдэж байгаа ч эрх баригчид үүний эсрэг олигтой арга хэмжээ авч чадахгүй байгаа аж. Өнгөрсөн сард Лахоре хотын хамгийн ядуу дүүргийн нэгд байдаг хоёр христос сүмд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн юм. Үндэстний, шашны цөөнхөө хамгаалж чадахгүй байж гадаадын ажилчдыг хамгаалахаар олон зуун саяын зардал гаргаж байна хэмээн тэд Засгийн газраа шүүмжилж байна. Пакистанд үндэстний цөөнх, лал бус шашинтай иргэдийг хамгаалах ажил ихээхэн доголдолтой байдаг. Дээр нь тэдний эсрэг аллага үйлдсэн хүмүүс ямар ч ял шийтгэлгүй хоцрох нь жирийн үзэгдэл болсон ажээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг залуугийн гэдэснээс 140 зоос, 150 зүү гарчээ

Энэтхэгийн эмч нар нэгэн тариачин залуугийн гэдэснээс 140 ширхэг зоос, 150 ширхэг зүү, соронз зэрэг олон төрлийн металл гаргаж авчээ. “Бид түүний гэдэснээс маш олон тооны метал болон хурц үзүүртэй зүйл гаргаж аваад үнэхээр шоконд орсон” гэж Батинда хотын эмнэлгийн дотрын эмч Гагандийп Гоял ярьсан байна.

34 настай тариачин залуу өөрөө ч гайхаж орхижээ. Ражпал Синг гэр бүлд нь ямар нэгэн асуудал гарах бүрт металл залгидаг байсан гэнэ. Тэрээр сэтгэлээр унасан үедээ зоос, зүү зэрэг металл эдлэлийг ундаа, сүүгээр даруулан залгидаг байжээ. Энэ нь түүний сэтгэлийг тайвшруулж байгаа мэт санагддаг байсан бөгөөд сүүлдээ зуршил болсон байна.

Ингээд тэрээр гэдсэн дэх төмөр металлаас салахын тулд Пужаб мужийн олон эмнэлгээр явсан ч эмч нар түүнд тусалж чадаагүй байна. Эцэст нь гастроэнтерологийн эмч Гоял есөн цаг үргэлжилсэн хагалгааны үр дүнд 240 гаруй төмөр эдлэлийг тариачин залуугийн гэдэснээс гаргаж авчээ. Өвчтөн долоо хоног амарсны дараа хоёр дахь хагалгаанд орж үлдсэн металлуудаа гаргуулах гэнэ.