Categories
гадаад мэдээ

“Боко Харам”-д хулгайлагдсан охидыг аварчээ

Нигерийн армийнхан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 200 гаруй охин, 93 эмэгтэйг чөлөөлжээ. Гэхдээ чөлөөлөгдсөн охидын дунд Борно мужийн Чибок тосгоноос хулгайлагдсан сурагч охид байгаагүй аж.Армийнхан “Боко Харам” бүлэглэлийн дөрвөн хуаран байрлах Самбиса ойд гэнэтийн ажиллагаа явуулж, 300 хүнийг чөлөөлсөн байна. Мөн хэт даврагчдын зэвсгийн агуулахыг бүсэлжээ. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Мухаммеду Бухари “Боко Харам” бүлэглэлийг өөрсдийн хүчээр устгахаа амлаж, цэргийн ажиллагаа явуулахыг үүрэгдээд байсан юм. Сураггүй байгаа сурагч охидын хэд хэдэн байршлыг тагнуулыхан тогтоосон байна. Ирэх долоо хоногт тусгай ажиллагаа явуулна хэмээн Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ. Тус бүлэглэлийн гарт өнөөдрийн байдлаар 15500 хүн амиа алджээ.

Categories
гадаад мэдээ спорт

Жон Жонсон аваргын бүсээ хураалгаж магадгүй

“UFC” тулааны хагас хүнд жингийн аварга “яс” хочит Жон Жонсон энэ амралтын өдөр согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, осол гаргасан. Ослын улмаас бэртсэн жирэмсэн эхийн биеийн байдал тун муу байгаа бөгөөд 10 гаруй машин эвдэрсэн юм. Мөн түүний машинаас нь хар тамхи олжээ.

Жон Жонсон осол хийснийхээ дараа ослын газраас зугтааж, удалгүй баригдсан юм. Түүний шүүх хурал өнөөдөр АНУ-ын Нью Мексик мужийн Берналилло хотын шүүхэд эхэлсэн тухай “www.espn.go.com” мэдээллээ. Шүүх хурлын үеэр осол гарах үеийн хяналтын бичлэгийг үзүүлжээ.

Шүүх хуралтай холбоотойгоор “UFC”-ын удирдлагууд ямар нэгэн тайлбар хийгээгүй ч дотоод дүрмийг нь зөрчиж, хар тамхи хэрэглэсэн Жон Жонсоны аваргын бүсийг нь хураан авахаар болсон гэж албаны эх сурвалж мэдээлжээ. Одоогоор энэ талаар “UFC” албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Жонсон аваргын бүсээ хамгаалахаар ирэх сарын 23-нд Лас Вегас хотын “Grand Garden Arena” цэнгэлдэхэд тулаанч Антино Жонсонтой тулалдах байсан юм. Тулаан болох эсэх талаар “UFC” тайлбар хийхээс татгалзжээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын Сангийн яам бондод баталгаа гаргахгүй гэв

БНХАУ-ын орон нутгийн өрийн хэмжээ эрх баригчдын анхаарлын төвд ороод байна. Учир нь орон нутгийн төлөх шаардлагатай бие даасан бондын хэмжээ 2015 онд 558.7 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарчээ. Тус улсын Сангийн яамнаас орон нутгийн бондод баталгаа гаргаж өгөхгүй гэдгээ аравдугаар сард мэдэгдсэн аж. Энэ мэдэгдлээрээ бондын эргүүлэн төлөлтөд Засгийн газар хариуцлага хүлээхгүй гэдгийг нотолжээ.Үүний үр дүнд 12 дугаар сарын бондын арилжаа 125.8 тэрбум юань буюу 2014 оны доод хэмжээндээ хүрсэн байна. Хөрөнгө оруулагчид Засгийн газрын баталгаагүй бонд худалдан авахаас зайлсхийж эхэлсэг учраас ингэж урууджээ.

Categories
гадаад мэдээ

“FORD MOTOR”-ийн ашиг 6.6 хувиар буурчээ

АНУ-ын автомашины тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг “Ford Motor” компанийн ашиг 6.6 хувиар буурч, 924 сая ам.доллар болжээ. “Ford Motor”-ийн алдарт “F-150” тэвштэй тэрэгний үйлдвэрлэл буурсан нь ашиг буурахад нөлөөлсөн байна. Энэ онд “F-150” автомашины үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх гэнэ. Ингэснээр татварын өмнөх ашиг нь 51 хувиар өснө гэж тооцоолжээ. “F-150” загвар нь сүүлийн 33 жилийн турш АНУ-д борлуулалтаараа тэргүүлсэн аж. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн “Ford Motor” компани уг автомашины эх биеийг хөнгөн цагаанаар хийх болсонтой холбоотойгоор үйлдвэрүүдээ шинэчилж, үйлдвэрлэл нь буурсан юм байна. “F-150” загварыг хөнгөн цагаанаар хийснээр жин нь 15 хувиар буурч, түлш зарцуулалт нь 30 орчим хувиар багассан байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс буурчээ

“Conference Board” судалгааны байгууллагаас танилцуулдаг АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс 95.2 нэгж болж огцом буурчээ. Судалгаанд оролцогчдоос харахад америкчууд эдийн засгийн хэтийн төлөвтөө төдийлөн эерэг хүлээлтгүй байгаа нь ажиглагджээ. Тиймээс үүнийг дагаад хэрэглээний зарцуулалт, эрэлт буурах хандлагатай байгааг “Conference Board” байгууллага онцолж байна.

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтөд 5000 хүнээ алдсан Балбад гашуудал зарлажээ

Балба улсын нийслэл Катманду болон Похаро хотноо энэ амралтын өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтөөр 5000 хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Рам Баран Ядав орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ. Балбын Онцгой байдлын дарга Бан Диа Ган амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч болзошгүй хэмээн мэдэгдсэн аж. Катманду хотын 4188 барилга, байгууламж нурсан байна. Гамшгийн бүсэд олон улсаас илгээсэн 2500 гаруй аврагч, 100 гаруй үнэрч нохой ажиллаж, иргэдийг хайж эхэлжээ.Газар хөдлөлтийн үеэр Балбад 20 мянга гаруй жуулчин байсан тухай Аялал жуучлалын яамнаас мэдэгдсэн байна. Тус улсад Хятадын 5000, Энэтхэгийн 4000, Индонез, Украин, АНУ, Их Британи, Канад, Өмнөд Солонгосын 2000 гаруй жуулчин байсан ба одоогоор 250 гаруй жуулчнаас холбоо тасарчээ. Хятадын 4, Энэтхэгийн 10, Индонезийн 2, АНУ-ын 4, Их Британийн 7 иргэн амиа алдаад байгааг Онцгой байдлын яамнаас нь мэдээлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Өвчтнүүд аппликейшнд мэдээллээ хадгалуулж зөвлөгөө авдаг болжээ

“Apple”-ийн “HealthKit” эрүүл мэндийн аппликейшн Лос-Анжелесийн “Cedars-Sinai” эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хадгалж эхэлсэн байна. Тус аппликейшнд 80 мянга гаруй өвчтөний мэдээлэл хадгалагддаг байгаа аж. “Cedars-Sinai”-ийн өвчтөнүүд энэхүү аппликейшнийг ашиглаж эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой гэнэ. Анагаах ухаан болон дасгал хөдөлгөөний төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл түгээдэг уг аппликейшнийг өнгөрсөн онд “Apple” компани танилцуулсан билээ. “Healthkit” аппликейшн нь “Apple Watch” ухаалаг бугуйн цагтай төгс хослон ажилладаг байна. Гэхдээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал технологийн салбарынхныг эргэлзээнд оруулж байгаа аж. “iCloud”-д хадгалагдсан хэрэглэгчийн мэдээлэлд хакерууд нэвтрэх магадлалтай гэсэн болгоомжлол байгаа юм. Гэхдээ “Healthkit” аппликейшнд хадгалагдаж байгаа мэдээлэл “iCloud” руу шилжихэд шифрлэх буюу давхар нууцлал үүсдэг учраас эрсдэл багатайд тооцогддог юм байна.

Categories
гадаад мэдээ

“Komatsu”-ийн цэвэр ашиг, борлуулалт буурлаа

Японы техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Komatsu” компанийн ашиг санхүүгийн IV улиралд 15 хувиар буурчээ. Энэ нь тус компанийн голлох зах зээлийн нэг болох БНХАУ-ын барилгын салбар удааширсантай холбоотой аж.“Komatsu”-ийн цэвэр ашиг 37.5 тэрбум иен болж буурсан бол борлуулалт нь 3.9 хувиар буурсан байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт саарснаар уул уурхай болон барилгын тоног, төхөөрөмжийн эрэлт ч огцом буурчээ. Энэ онд “Komatsu”-ийн ашиг 10 хувиар буурч, 138 тэрбум иенд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Хойд Америкаас бусад бүс нутагт борлуулалт буурах төлөвтэй гэж “Komatsu”-ийн мэргэжилтнүүд тооцоолоод байгаа юм

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос улс хойд хөршдөө бордооны тусламж үзүүлнэ

Даваа гаригт Өмнөд Солонгос улсын зүгээс Пхеньянд бордоогоор хангах тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь сүүлийн таван жилд Өмнөд Солонгос улс хойд хөршдөө тусламжийн бараа өгч буй анхны тохиолдол юм. Энэхүү мэдээллийг Өмнөд Солонгос, АНУ маргаантай байгаа хилийн бүст уламжлал ёсоор цэргийн хамтарсан сургуулилт хийх гэж байгаа талаараа зарласны дараа мэдэгдсэн байна. Өмнөдийн Нэгтгэлийн сайд мэдэгдэхдээ, Өмнөд Солонгосын Ace Gyeongnam тусламжийн байгууллага нь Хойд Солонгос дахь хүлэмжийн төсөлд зориулан нийт 15 тонн бордогч бүхий аж ахуйн түүхий эд хүргэх ажлыг хариуцаж байгааг хэлсэн юм.

2008 оны эхээр консервативчууд төрийн эрхийг атгаснаас хойш Сөүлийн зүгээс Умард Солонгост хүргэх засгийн газрын тусламжийг бүрэн зогсоогоод байсан билээ. Түүнчлэн 2010 онд Чеонан гэх нэртэй Өмнөд Солонгосын усан онгоц далайд осолдсоноос хойш хүний эрхийн болон тусламжийн байгууллагуудад мөн хориг тавьж байсан юм.

Э.Номин

Categories
гадаад мэдээ

“Севол”-ын ахмадад бүх насаар нь хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын Куанжү хотын дээд шүүх өнөөдөр /IV.28/ “Севол” гатлага онгоцны хэргийг хэлэлцжээ. Шүүхээс ахмадад оноосон ялыг хүндрүүлж, ерөнхий инженерийнхийг хөнгөрүүлсэн байна. Шүүх хөлгийн ахмад И Жун-Сукийг хүн амины хэрэгт буруутган бүх насаар нь шоронд хорих ял оноолоо. Өмнө нь доод шатны шүүхээс ахмад И Жун-Сукт ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэрэгт 36 жил шоронд хорих ял оноосныг хүчингүй болгожээ. Өмнөд Солонгосын прокурорууд өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон шүүх хурлаас ахмад И Жун-Сукт оноосон ялыг эсэргүүцэн Куанжү хотын дээд шүүхэд давж заалдсан аж.

Харин хөлгийн ерөнхий инженерийг хүн амины хэрэгт буруутган 30 жил шоронд хорих ял оноосныг хүчингүй болгож, ялыг хөнгөрүүлжээ. Шүүхээс ерөнхий инженерийг ажил үүрэгтээ хайнга хандсан хэрэгт буруутган 20 жил шоронд хорих ял оноолоо. Мөн хөлгийн багийн 14 гишүүний ялын хугацааг багасгаж, 18 сараас 12 жил болгон бууруулжээ.

476 зорчигчтой “Севол” гатлага онгоцны ослоос ердөө 172 хүн эсэн мэнд аврагдсан юм. Үүнд хөлгийн ахмадын буруу зааварчилгаа, өөр бусад хүчин зүйл нөлөөлжээ. Ослоор амь үрэгдсэн 304 зорчигчийн 250 нь ахлах сургуулийн сурагчид юм.