Categories
гадаад мэдээ

Либери улс эболагаас салсан баяраа тэмдэглэв

“Эбола” вирусийн тархалтыг бүрэн дарж чадсанаа Либери улс албан ёсоор тэмдэглэлээ. Либери “Эбола”-гийн тархалтыг зогсоож чадсаныг тус улсын Засгийн газар болон ДЭМБ өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт мэдэгдсэн юм. Учир нь тус улсад Эбола”-гийн нууц үеийн хамгийн дээд хугацаа болох 21 хоногийг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хугацаанд буюу 42 хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж.

Нэг жил үргэлжилсэн тархалтын хугацаанд Либерид хамгийн олон хүн буюу 4700 хүн нас баржээ. Өнгөрсөн даваа гарагийг тус улс бүх нийтийн амралтын өдөр болгосноор сурагчид болон ажилчид “Эбола”-г дарж чадсаныг тэмдэглэсэн байна. Тус улсын хөрш Гвиней болон Сьерра-Леон “Эбола”-гийн тархалтыг өнөө хэр нь дарж чадаагүй байна. Либеричүүд “Бид бэрхшээлийг хэзээд даван туулна”, “Бид бол ялагчид” гэх мэт бичигтэй уриа лоозон барин гудамжинд баяраа тэмдэглэжээ. Тэд мөн бүжиглэж, бөмбөр тоглож, төрийн далбаагаа мандуулж байв. 2014 оны гуравдугаар сард Баруун Африкт “Эбола”-гийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 1976 онд уг вирусийг илрүүлснээс хойших хамгийн олон хүний аминд хүрсэн тархалт юм. Либери, Гвиней, Сьерра-Леон, Нигери, Мали болон АНУ-д 26720 хүн “Эбола”-гийн халдвар авсны 11079 нь нас барсан байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын цэргүүд Хятад улсын ялалтын парадад оролцоно

gadaad

ОХУ-д болсон Ялалтын баярын парадын дараа Хятад улсын төрийн тэргүүн Си Зинпинь, В.Путин нар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төслүүдэд гарын үсэг зуралцсан юм. Ирэх 9-р сарын 3-нд Бээжинд болох Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны Ялалтын парадад ОХУ-ын цэрэг, зэвсэгт хүчнийг оролцохыг урьсан байна. Хятадын Батлан хамгаалахын сайдын энэхүү урилгыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу баяртай хүлээн авч байгаагаа илэрхийлжээ.

gadaad

Мөн Хятадын Төв цэргийн зөвлөлийн орлогч дарга Фань Чанлун Оросын сайдтай хэлэлцээ хийхдээ “Бидний бүх талын харилцаа, стратегийн хамтын ажиллагаа хөгжлийнхөө шинэ шатанд орлоо” гэдгийг онцолжээ.1945 оны есдүгээр сарын 2-нд Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр Япон үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байдаг билээ. БНХАУ энэ өдрийг Японы цэргүүдийг дарж авч, дайнд ялсан өдөр хэмээн тэмдэглэн Ялалтын парад хийхээр болсон байна.

Categories
гадаад мэдээ

Порошенко Донцект айлчилна

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко энэ амралтын өдөр зүүн хязгаарын Донецк мужид айлчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон тухай “TACC” агентлаг мэдээллээ. Тэрбээр мөн Донецкийг хамгаалж буй армийн цэргүүдтэй уулзаж, талархал илэрхийлэхээр болсон хэмээн Порошенкогийн хэвлэлийн төлөөлөгч Чуркин мэдэгдэв.

Ерөнхийлөгч “Армийнханд талархаж байна. Та бүхэн улс орноо хамгаалахын тулд амиа үл хайрлаж буйд баярлалаа. Украины зүрх бол армийнхан. Зөрчилдөөний бүс гэгдээд буй Донецкт нөхцөл тайван байгаа ч иргэд аюултай нөхцөлд амьдарсаар байна” гэж хэлжээ. Тэрбээр Батлан хамгаалах сайд болон албаны хүмүүсийн хамтаар энэ ням гаригт Донецкт ажиллахаар болжээ.

Порошенко өнгөрсөн оны аравдугаар сард Донецкт айлчилсан билээ. Тэрбээр Донецкт айлчилсныхаа дараа “Нормандын дөрвөл”-ийг дахин цуглуулах эсэхээ шийдвэрлэх гэнэ. Ерөнхийлөгч “Үнэхээр зүүн хязгаарт Минскийн гэрээний дагуу гал зогссон эсэхийг би тодруулах болно” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Лавров, Керри нар уулзав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Москва хотноо Украины хямралын асуудлаар хуралдаж буй тухай “Новости” агентлаг мэдээллээ. Тус уулзалт ширүүн уур амьсгалтай өрнөж буй тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Керри “Украины хямрал даамжирч байгаа нь Оростой шууд хамааралтай” хэмээн мэдэгджээ. Тус мэдэгдлийн Лавров “Орос, Украинд туслах туйлын сонирхолтой байгаа. Харамсалтай олон улс Оросыг буруутгаж байна. Бидний чин сэтгэлийг ойлгохгүй байна” гэж хариу мэдэгджээ.

Гурав хоногийн хугацаатай айлчилж буй Керри маргааш албаны хүмүүсийн хамтаар Сочи хотноо амрахаар болжээ. Тэрбээр айлчлалынхаа төгсгөлд Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болсон байна.

“Минск 2” гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнө зүүн хязгаарт 6020 хүн амиа алдсан хэмээн НҮБ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Эбола”-гийн халдварын дэгдэлт зогсжээ

Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор зарлажээ.

Энэ сарын зургааны байдлаар Эбола өвчний вируст халдварын 26 мянга 694 тохиолдол бүртгэгдээд байсан юм.

Энэхүү өвчний халдвар авсан 11 мянга 69 хүн нас баржээ. Одоо өвчний тархалттай байгаа Гвинейд ес, Сьерра-Леонд мөн есөн тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Харин өвчин дэгдээд байсан Либерит өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Тиймээс ДЭМБ-аас Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг энэ сарын есны өдөр албан ёсоор зарлажээ.

Categories
гадаад мэдээ

Польшид Ерөнхийлөгчийн сонгууль боллоо

Польшид Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Санал хураас хэсгүүд 8.00 цагт нээгдэж 22.00 цаг хүртэл ажиллах юм. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд 11 хүн нэр дэвшжээ. Өдгөө Ерөнхийлөгчийн албыг хашиж буй Б.Коморовский хоёр дахь удаагаа өрсөлдөж байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд тус улсын 30 сая иргэн саналаа өгөх бөгөөд орон даяар 27 мянган санал хураах хэсэг ажиллаж байгаа тухай мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Бан Ги Мун В.Путинтэй уулзав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Москва хотноо Ялалтын баярын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон билээ. Тэрээр Орост байхдаа тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж Украины хямралын асуудлыг хэлэлцсэн байна. НҮБ-аас мэдээлсэнээр тэд Украины асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцжээ. Минскийн гэрээг хэрэгжүүлэх нь хямралаас гарах хамгийн зөв арга гэдэг дээр Бан Ги Мун, В.Путин нар санал нийллээ хэмээн НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдэгдэв. Түүнээс гадна Сирийн улс төрийн байдал, энхийг сахиулах ажиллагаанд ОХУ-ыг оролцуулах мн дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн талаар ярилцсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Progress M-27M” маргааш дэлхийд унана

Удирдлагагүй болсон Оросын сансарын хөлөг маргааш /V.7/ Москвагийн цагаар 01:23-11:55 цагийн хооронд дэлхийд унана гэж “Роскосмос” мэдээлэв. Дэлхий рүү аажмаар дөхсөөр буй сансрын хөлөг агаар мандалд орж ирмэгцээ дэлбэрч, хэдэн хэсэг болж хуваагдах юм байна. “Progress M-27M” сансрын хөлгийн хэсгүүд газарт бус далайд унаж байж хор хөнөөл багатай байх аж. ОХУ-ын нисгэгчгүй “Progress M-27M” сансрын хөлөг олон улсын сансрын станцад ажиллаж буй хүмүүст хүнс болон бусад хангамжийг хүргэхээр өнгөрсөн долоо хоногт хөөрсөн билээ. Сансрын хөлөг Казахстанаас өнгөрсөн мягмар гаригт /IV.28/ хөөрсөн байна. Сансрын хөлөгт хоол хүнс, шатахуун, хүчилтөрөгч, сэлбэг хэрэгсэл, шинжлэх ухааны туршилт хийх тоног төхөөрөмж зэрэг гурван тонн гаруй ачаа байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Францын төлөөлөгч ялалтын парад үзэхгүй гэв

Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус ялалтын баярын арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцохоор хүрэлцэн ирэх аж. Тэрээр Ялалтын 70 жилийн арга хэмжээнд оролцох юм байна. Гэхдээ цэргийн парад дээр байхгүй гэнэ. Гадаад хэргийн сайд“Би цэргийн парад дээр очихгүй. Харин цэцэг өргөх ёслолд оролцоод дараа нь Кремльд очно. Франц Украины хэрэг явдлыг зохицуулахад чухал үүрэгтэй байхыг эрмэлзэж байгаа учраас баярын арга хэмжээнд оролцох нь Оростой харилцаагаа сайжруулахад тустай” хэмээн сайд тэмдэглэв.Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Кубад айлчлахаар төлөвлөсөн учраас Москвад ирэхгүй юм байна.

Categories
гадаад мэдээ

“Эбола”-ын халдвараар 10 мянга гаруй хүн нас баржээ

Дэлхийн улс орнуудад дэгдэлт хэлбэрээр гарч буй халдварт өвчний талаарх сүүлийн үеийн мэдээллийн талаар ХӨСҮТ-ээс танилцууллаа.

Эбола 2015 оны 04-р сарын 26-ны байдлаар гурван тивийн 10 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 26378 тохиолдол, 10948 нас баралт бүртгэгдсэн байна. Одоогоор Африк тивийн Гвиней, Либери, Сьерра Леонд Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдсэн хэвээр байгаа ч буурах хандлагатай байгаа аж. Сүүлийн 2 долоо хонгийн турш эрүүл мэндийн ажилчин шинээр халдвар авсан тухай мэдээлээгүй ба одоогоор Эбола вируст халдварт нийт 864 эрүүл мэндийн ажилчид өртөж, 503 хүн нас баралттай байна.

Харин Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн халдварын хувьд БНХАУ-ын Хубай мужид шувууны томуугийн H7N9 лабораториор батлагдсан хүний өвчлөл бүртгэгдсэн байна. Энэ тохиолдол нь Хубай мужид бүртгэгдсэн анхны тохиолдол юм. Одоогоор шувууны аж ахуйг хаах, өвчтэй шувууг устгах, эмнэлгийн хяналтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 2013 онд Хятад улсад шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний өвчлөл 634 тохиолдол бүртгэгдсэн бол 2014 оны 11 сараас хойш нийт 194 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.