Categories
гадаад мэдээ

200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Японд Гони хэмээн нэрлэсэн хар салхи нүүрлэсэн тул 200 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Байгалийн гамшгийн улмаас 75 хүн гэмтэж бэртжээ. “The Japan Times” сонинд бичсэнээр 230 нислэг цуцлагдсанаас хойш хурдны галт тэргүүд ч яваагүй гэнэ.

Ю.Дэлгэр


Categories
гадаад мэдээ

Олег Белозеров “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн болов

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн пүрэв гаригт “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якуниныг ажлаас нь чөлөөлөх тушаалд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл түүний оронд Олег Белозеровыг томилсон байна. Олег Белозеров уг албан тушаалд томилогдохоосоо өмнө ОХУ-ын Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байжээ.

Ерөнхий сайд Дмитрий Медведев Олег Белозеровыг хүлээн авч уулзахдаа “Таныг “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр томилсондоо таатай байна. Мөн таныг ОХУ-ын тээврийн яамны нэгдүгээр орлогч сайдын албанаас чөлөөлж байна. Та ажилдаа шууд орох болно. Маргааш гэхэд бүх ажлаа хүлээж аваарай” гэжээ.

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Белозеров гэж хэн бэ. Тэрээр 45 настай. Санкт-Петербург хотын Санхүү, эдийн засгийн их сургуулийг 1992 онд төгссөн. 1998-2000 онд “Ленэнерго” компанийн орлогч захирал, 2000-2002 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Санкт-Петербург хотын “Ломо” компанийн орлогч захирал, 2004 оноос “Оросын түлш” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв. 2004 онд ОХУ-ын Холбооны замын агентлагын даргын орлогчоор томилогдож, арваннэгдүгээр сараас даргаар нь дэвшжээ. Харин 2009 онд Тээврийн яамны орлогч сайдаар томилогдож, 2015 оноос нэгдүгээр орлогч сайдаар ажиллах болжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин ажлаа сайн дураараа өгч буйгаа мэдэгдсэн юм. Энэ жил 67 настай В.Якунин “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийг 10 жил удирдсан. 2005 оны долдугаар сарын 14-нд “Оросын төмөр зам”-ын даргаар сонгогдохоосоо өмнө тус нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Тээврийн яамны дэд сайдын албыг хашиж байв. Владимир Якунин Калининград мужаас Холбооны зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлэхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгос зөвшилцөлд хүрчээ

Хоёр Солонгосын төлөөлөгчид олон өдөр хэлэлцсэний үр дүнд хойгт үүссэн хурцадмал нөхцөл байдлыг намжаах зөвшилцөлд хүрснийг өнөө өглөө /VIII.25/ мэдээллээ. Өмнөд Солонгосын хоёр цэрэг энэ наймдугаар сарын эхээр газрын тэсрэх бөмбөгт өртөн шархатсан хэрэгт Пхеньяний тал уучлал хүсч, харамсаж буйгаа илэрхийлсэн нь талууд зөвшилцөлд хүрэхэд том түлхэц болсон байна.

Хоёр Солонгосын албаныхны уулзалт хилийн зэвсэггүй бүсэд өнгөрсөн бямба гаригт /VIII.25/ эхэлсэн юм. Түүнчлэн хэлэлцээний үеэр хоёр Солонгосын албаныхан 70 жилийн өмнөх хойгийн дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг энэ намар болон цаашид уулзуулахаар ярилцаж, тохирчээ.

Өмнөд Солонгосын цэргүүд шархатсан хэрэг явдлаас болж Сөүлийн албаныхан Умардын хил дээр чанга яригчуудыг байрлуулан Пхеньяний эсрэг суртал ухуулга цацаж эхэлсэн билээ. Улмаар үүнд эгдүүцсэн Умардын тал Өмнөд Солонгос руу гал нээснээр талууд харилцан буудалсан юм. Үүний дараа Хойд Солонгос хилийн дагуух их бууны тоог нэмж, шумбагчуудаа бэлэн байдалд оруулсан нь хойгийн нөхцөл байдлыг түгшүүртэй болгож байв.

Өмнө нь 2010 онд Өмнөд Солонгосын байлдааны хөлөг живж, 46 хүн амь үрэгдсэнээр хоёр Солонгосын харилцаа тасарч, яриа хэлцэлүүд зогссон юм.

Categories
гадаад мэдээ

“Apple” компани Австралийн зах зээлээс 2.25 тэрбум австрали долларын санхүүжилт татлаа

Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Apple” компани Австралийн зах
зээлээс 2.25 тэрбум австрали долларын санхүүжилт татлаа. Тодруулбал
“Apple”-ээс 7 жилийн хугацаатай 1.1 хувийн хүү бүхий 1.15 тэрбум
австрали долларын өрийн бичиг, 0.65 хувийн хүүтэй 4 жилийн хугацаатай
1.1 тэрбум австрали долларын үнэт цаасыг
тус тус арилжсан байна. Зөвхөн ам.доллараар нэрлэсэн үнэт цаас гаргадаг
байсан “Apple” компани өнгөрсөн 11 дүгээр сараас евро, иен, швейцарь
франк, фунт стерлинг болон австрали доллараар нэрлэсэн үнэт цаас арилжих
болжээ. “Nikko Asset Management”-ийн зээлийн мэргэжилтэн хэлэхдээ “Зах
зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг бодолцож үзвэл тун амжилттай хэлэлцээ
болсон. Үнэт цаас гаргахад тохиромжтой үе биш байна” гэдгийг онцолсон
байна. Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар агшихтай
зэрэгцэн хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгүүдээ арилжиж эхэлсэн юм.
“Merrill Lynch”-ийн индексээс харахад олон улсын зээлийн эрсдлийн түвшин
2012 оноос хойших дээд хэмжээндээ хүрээд байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Тэрбумтнуудын хөрөнгө 182 тэрбум ам.доллараар буурав

Олон улсын хөрөнгийн зах зээл хямарснаар дэлхийн хамгийн чинээлэг 400
хүний хөрөнгө өнгөрсөн долоо хоногт 182 тэрбум ам.доллараар буурсан
байна.Тухайлбал баасан гарагт л гэхэд АНУ-ын “S&P 500” индекс 2011
оноос хойших доод түвшинд бууснаар тэрбумтнуудын нийт хөрөнгө 76 тэрбум
ам.доллараар буурчээ. Ингэснээр тэргүүн баячуудын нийт хөрөнгө 3.98 их
наяд ам.доллараар үнэлэгдэж байна. Түүнчлэн
“Berkshire Hathaway”-ийн хувьцааны ханш таван хувиар суларснаар нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа АНУ-ын тэрбумтан Уоррен
Баффетт 3.6 тэрбум ам.доллар буюу хамгийн өндөр алдагдлыг хүлээжээ.
Ингэснээр түүний хөрөнгө 63.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Categories
гадаад мэдээ

Америкийн цэргийн баазад дэлбэрэлт болжээ

Японы Сагамихара хотын ойролцоо орших АНУ-ын цэргийн бааз дээр хүчтэй дэлбэрэлт болсон тухай NHK мэдээллээ.Гэрчүүдийн ярьснаар дэлбэрэлт 10-15 минут үргэлжилсэн бөгөөд үүний дараа тэнгэрт хөх утаа татсан байна. Гал сөнөөгчид тэр даруй хэргийн газар очиж түймрийг унтраажээ. Азаар хүний амь эрсдээгүй аж. Сагамихара хотод Америкийн цэргийн баазын агуулах нь байрладаг бөгөөд сум, зэвсэг байдаг юм байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

В.Путин Бээжинд болох баярын парадыг үзнэ

Удахгүй Бээжин хотноо дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад болно. Баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцох юм байна. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров энэ тухай “Российская газета” сонинд бичжээ. Ийнхүү хоёр улс Ялалтын баярыг хамтран тэмдэглэж байгаа нь Орос, Хятадын найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлээд зогсохгүй дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалахад чухал үүрэгтэй юм. Ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Бээжин хотын Тянь Ан Миний талбайд болох цэргийн парадад 12000 цэрэг, 200 онгоц оролцох юм байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ

Өмнөд Солонгос БНАСАУ хоёрын хооронд хурцадмал байдлыг намжаах үүднээс бямба гаригт эхэлсэн хэлэлцээ 10 цаг үргэлжлээд зогслоо. Хэлэлцээ өнөөдөр үргэлжлэх бөгөөд Улаанбаатарын цагаар 15.00 цагаас эхлэх аж.

Хэлэлцээний явцад ямар үр дүн гарсан талаар мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Хван Чин, Хоёр орны нэгдлийн хэргийн сайд Хон Ен Пе нар төлөөлж байна. Хойд Солонгосын төлөөлөгчөөр Өмнөд Солонгосын асуудал хариуцсан өндөр тушаалтан Ким Ян Гон, Умардын ардын армийн улс төрийн газрын захирал Хван Бен Со нар иржээ.

Эхлээд Пхеньян хоёр орны хил дээрх чанга яригч төхөөрөмжүүдийг зогсоон сурталчилгаа явуулахаа болихыг шаардсан юм. Өмнөд Солонгос тэр шаардлагыг нь хүлээн авалгүй радио нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ гэсэн байна. Үүний улмаас хоёр тал их буугаар буудалцаад амжсан.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд орлоо

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун уржигдар зэвсэгт хүчнээ довтолгоонд бэлэн байлгах зорилгоор байлдааны бэлэн байдалд оруулжээ. Тус улсын Коммунист намын Төв хорооны Цэргийн төв хороо хуралдаж дээрх шийдвэрийг гаргасны дараа Ким Жөн Ун тушаал өгсөн байна.

Өмнөд Солонгосын талын мэдэгдсэнээр Хойд Солонгосын талаас гал нээж хилийн дагуу байрлуулсан чанга яригчийг устгахыг оролджээ. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэл гаргаж нөхцөл байдал хурцдах юм бол хариуд нь хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Эквадорт галт уул дэлбэрчээ

Эквадор улсын нутаг дэвсгэрт байрладаг Котопакси галт уул дэлбэрчээ. Галт уулын тогооноос таван км өндөр утаа суунаглаж байна. Галт уул дөрвөн удаа дэлбэрсэн ч, дэлбэрэлт гадагшаа хальж гараагүй тогоон дотроо болсон гэжээ. Үүний дараа Котопакси галт уул халуун үнс нурмаа цацаж төв замууд, айлын байшин барилгууд, автомашинууд үнсэнд дарагдсан байна. Холбогдох хүмүүс галт уулын ойр орчим дахь цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаажээ. Мөн ууланд авирагчид, аялагч жуулчдын хөл хөдөлгөөнийг хорьжээ. Котопакси галт уул Андын нуруунд оршдог, дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулнуудын нэгд тооцогддог, 5,987 метр өндөр цаст уул юм. Эквадорын нийслэл Кито хотоос ердөө 50 км зайд байдаг галт уул 1877 онд асар хүчтэй дэлбэрч байсан байна. Харин энэ оны дөрөвдүгээр сараас идэвхжиж эхэлжээ.