Categories
гадаад мэдээ

Саутпорт хотод үймээн дэгдэв DNN.mn

Английн Ливерпүүлийн ойролцоох Саутпорт хотод өнгөрсөн даваа гаригт Хүүхдийн бүжгийн клубт гурван охин хутгалуулж, хэд хэдэн хүүхэд шархадсаны улмаас Исламын шашны эсрэг үймээн самуун тус хотод дэгджээ.Английн радикал үндсэрхэг үзэлтэй хэдэн зуун хүн орон нутгийн исламын сүм хийд болон тэднийг зогсоохыг оролдсон цагдаа нар руу чулуу, шил болон бусад эд зүйл шидэж, улмаар цагдаагийн микро автобус болон хогийн савыг шатаасан байна.Орон нутгийн түргэн тусламжийн алба “Эхний удаа 22 цагдаа гэмтэж бэртэж, 11-ийг нь эмнэлэгт хүргэсэн.Цагдаа нараас ес нь ясны хугарал,тархины доргилт зэрэг ноцтой гэмтэл авсан” гэж мэдэгджээ.

Цагдаа нар уг хэргийг үйлдсэн 17 настай хүүгийн нэрийг нууцлан, исламын шашин, мусульманчуудтай холбоотой эсэхийг дурдахаас зайлсхийсэн боловч бүс нутгийн Исламын байгууллагын мэдэгдэл болон бусад нөхцөл байдлаас үүдэн, хүн амины хэргээр баривчлагдсан залууг лалын шашинтан, радикал исламист гэж үзсэн хүмүүс ийнхүү үймээн самуун дэгдээсэн байна.Тэд олон нийтийн сүлжээгээр тарсан мессэжүүдэд үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн гэжээ. Харин цагдаагийнхан эдгээр мэдээлэлд итгэж болохгүй гэж сануулан Цагдаагийн Ерөнхий газрын даргын туслах Алекс Госс “Цагдаагийн газарт хоригдож байгаа 17 настай хүүгийн талаар олон янзын таамаг, тарсан бөгөөд зарим хүмүүс үүнийг манай гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд ашиглаж байна. Баривчлагдсан хүн Их Британид төрсөн бөгөөд одоо ийм буруу таамаглал хэнд ч тус болохгүй” гэж мэдэгдэв.Цагдаа нарын мэдээлснээр баривчлагдсан залуу Уэльсийн нийслэл Кардифф хотод төрсөн бөгөөд Саутпортын ойролцоох Банкс тосгонд амьдарч байжээ. Мөн Ливерпүүлийн бүс нутгийн исламын сүм хийдийн холбоо олон нийтийн “X” сүлжээгээр дамжуулан “Нутгийн лалын шашинтнууд Саутпорт дахь хүүхдүүдийн аллагад ямар ч холбоогүй” гэж мэдэгдэв. Исламын сүм хийдийн холбоо мэдэгдэлдээ “Цөөн тооны хүмүүс энэхүү хүмүүнлэг бус үйлдэл лалын шашинтнуудтай холбоотой мэтээр харуулахыг оролдож байна. Үгүй ээ, бид үүнд ямар ч холбоогүй.Биднийг хагалан бутаргаж, үзэн ядалт үүсгэхийг хүссэн хүмүүст бууж өгөхгүй байхыг бид уриалж байна” гэж дурджээ.

Саутпорт хотод үймээн дэгдээсэн хүмүүсийг Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Дотоод хэргийн сайд Иветте Купер нар эрс буруушаав.Стармер “Хохирогчдыг дуугүй байх мөчийг далимдуулан хүчирхийлэл, дээрмийн үйлдэл хийсэн хүмүүс уй гашууд автсан олон нийтийг доромжиллоо” гэж Стармер Network “X” дээр бичиж, үймээн дэгдээгчид “хуулийн бүрэн хүчийг мэдрэх болно” гэж амлав.

Саутпорт бол Ливерпүүлээс хойд зүгт 27 км зайд орших далайн эргийн амралтын хот юм. Тэнд 94.5 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний мянга гаруй нь л лалын шашинтнууд юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

ПАРИС-2024: Монгол Улсын баг 28 дугаар байрт жагсаж байна DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн наадам олимпын наадмын өрсөлдөөн дөрөв дэх өдрөө өрнөж байна. Тус наадамд 206 орны 10.500 тамирчин хурд, хүчээ сорьж байгаа бол манай улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин оролцож буй билээ.

Энэ наадмын медалийн хүснэгтийг одоогоор Япон улсын баг (7 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль) тэргүүлж байгаа бол БНХАУ-ын баг (6 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль), Австрали улсын баг (6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль) удаалж байна.

Харин Монгол Улсын баг нэг мөнгө, нэг шагналт байрт орсон амжилтаар 206 орноос 28 дугаар байрт жагсаж байна. Өнөөдрийн байдлаар жүдо болон боксын спортын төрлөөр долоон тамирчин өрсөлдөөнөө өндөрлүүлсэн (жүдо зургаа, бокс нэг) юм. Тэгвэл үлдэж буй өдрүүдэд Монголын 25 тамирчин есөн төрөлд өрсөлдөнө.

Categories
гадаад мэдээ

Украинд зориулсан тусламжийн шинэ багцууд DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд тусламжийн хоёр багц илгээсэн тухай тус яамны цахим хуудсанд мэдээлэв. Эхний 200 сая ам.долларын багцад агаарын довтолгооноос хамгаалах систем, HIMARS-ын пуужин, миномётын сум, танк эсэргүүцэх “Жавелин” багтсан байна. Энэхүү багцын зэвсгийг Америкийн армийн агуулахаас шууд Украин руу илгээж эхэлжээ. Харин Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI)-ын хүрээнд хийгдэж буй 1.5 тэрбум долларын хоёр дахь том багцыг илгээхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү хөтөлбөр нь зэвсгийг шууд агуулахаас Украин руу илгээх бус, харин АНУ-ын аж ахуйн нэгжүүдтэй зэвсэг үйлдвэрлэх, худалдан авах гэрээ байгуулна гэсэн үг юм. Энэ хүрээнд Киев бусад шаардлагатай байгаа зэвсгээс гадна агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд, HIMARS болон NASAMS системүүдийн пуужин, электрон байлдааны хэрэгсэл, өндөр нарийвчлалтай нисэх онгоцны пуужин, бөмбөг зэргийг авахаар болжээ. Энэ хоёр багц тусламж нь 2021 оны наймдугаар сараас хойш Жо Байдены засаг захиргаанаас Украинд нийлүүлж буй АНУ-ын цэргийн техник хэрэгслийн 62 дахь хэсэг буюу АНУ-ын 20 дахь тусламжийн багц болж байна. Пентагон эдгээр тусламжийн багцтай холбогдуулан “АНУ 50 холбоотон улсын хамтаар Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд шаардлагатай тусламжийг Украинд үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно” гэж мэдэгджээ. Мөн Германы засгийн газар энэ сарын 29-ний даваа гаригт Киевт нийлүүлэх зэвсгийн жагсаалтаа шинэчилсэн байна. Тухайлбал, Дани улстай хамтарсан төслийн хүрээнд дахин найман “Leop­ard 1A5” танк, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг Украин руу шилжүүлсэн байна. Мөн Украины Зэвсэгт хүчин Германы Gepard өөрөө явагч зенитийн бууны 21 мянган сум, 10 усны дрон, “Бергепанзер-2” хуягласан засвар, үйлчилгээний машин 2 ш, 10 радарын станц, хээрийн эмнэлэг, цэргийн албан хаагчдад зориулсан хувцас хэрэгслийг Германаас хүлээн авсан байна. Өмнө нь Герман Украинд үзүүлэх цэргийн тусламжийн жагсаалтыг энэ сарын 8-нд шинэчилж Герман гурав дахь Патриот зенитийн пуужингийн систем, Gepard өөрөө явагч бууны 9 мянган сум, 155 мм калибрын 55 мянган их бууны сум Украинд өгсөн нь тодорхой болж байсан билээ.

Барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгөний ашгийг Киев ирэх наймдугаар сараас ашиглаж эхэлнэ гэж Берлин хүлээж байгаа аж. Энэ схемийн дагуу “G7” Украинд мөн адил хөрөнгөөр барьцаалан 50 тэрбум ам.долларын зээл олгох болсон бөгөөд эхний ээлжинд Украин 1.4 тэрбум евро авч байгаа юм байна. Ингэснээр Киев Герман төдийгүй барууны улсуудаас дуртай зэвсгээ худалдан авах боломжтой болж байгаа аж.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Оросын “Африкийн корпус”-ын цэргүүд бут цохигдов DNN.mn

Оросын “Вагнер”-ийн хөлсний цэргүүдээс бүрдсэн Оросын “Африкийн корпус” Мали-Алжирын хил дээр нэг дор хэдэн арван дайчдаа алджээ. Азавад хэмээх тусгаар улс байгуулахыг хүсдэг туарегууд элсэн шуурганаас болж зогссон Орос, Малийн цэргийн албан хаагчдыг отолтонд оруулж устгасан байна. Ийнхүү Мали улсын хойд хэсгийн Алжиртай хиллэдэг хилийн ойролцоо байлдааны ажиллагаа сэргэснээс долоо хоногийн дараа буюу энэ сарын 27-28-нд шилжих шөнө Оросын хөлсний 82 цэрэг амиа алдаж 15 цэрэг босогчдод олзлогдсон нь тодорхой болжээ.

Оросын мэдээллийн Z-сувгууд энэ сарын 20-ноос эхлэн хэд хоног дараалан “Өнгөрсөн 12 жилийн турш Мали улсын хойд хэсгийг хяналтандаа байлгаж 2012 онд тусдаа муж болсон туарегчууд гэх салан тусгаарлагчдыг нэг мөсөн устгана” гэж мэдээлж байсан билээ. Үнэхээр ч эхний өдрүүдэд “Вагнер PMC”-ийн үлдэгдэл дээр бий болсон Оросын “Африкийн Корпус”-тай хамтарсан Малийн армийн ажиллагаа амжилттай явагдаж, долоо хоногийн өмнө тэд Алжиртай хиллэдэг Ин-Афарак тосгоныг хяналтандаа авсан билээ. Ингээд энэ сарын 25-26-нд шилжих шөнө Оросын хөлсний цэргүүдийн цуваа Алжирийн нутаг болох Тин-Заватин хотын чиглэлд урагшилж эхэлсэн байна. Цэргийнхэн Мали-Алжирын хилээс хоёр километрийн зайд очих үед элсэн шуурганд дайрагдсан тул давшилтаа зогсоогоод байсан гэж Оросын хөлсний цэргүүдтэй холбоотой телеграм сувгууд мэдээлжээ.

Байгалийн энэхүү төрөлх нөхцөл байдлыг далимдуулан нутгийн босогчид хуучин Вагнерчуудыг бүслэн довтолсон нь ийнхүү амжилттай болсон байна. Малийн босогчид дор хаяж Оросын нэг “Ми-24” нисдэг тэргийг устгаж чадсан бөгөөд нас барсан орос хүмүүсийн дунд “Белый” нэршилтэй, телеграм сувгийн алдартай хөтлөгч Никита Федянин байжээ. Түүнийг нас барсан тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна. Тэрээр Евгений Пригожины үед “Вагнер PMC”-ийн тухай бичдэг хамгийн алдартай сувгуудын нэгийг хөтөлдөг байсан бөгөөд түүнийг 500 мянга гаруй хүн дагадаг байжээ. Никита Федянин Оросын хөлсний цэргүүдийн устгасан Украины дайчид, бүр энгийн иргэдийг ч бахархал болгон сурталддаг нэгэн байсан ажээ. Мөн Оросын янз бүрийн Z-сувгууд “Вагнер”-ийн хамгийн алдартай командлагчдын нэг Антон Елизаров уг отолтонд өртсөн гэж мэдээлж байна.

Оросын хөлсний цэргүүдийн энэ хохирол нь Украины дайныг тооцохгүйгээр харийн нутагт амсаж буй хоёр дахь том хохирол нь юм. Сирийн Дейр эз-Зор мужийн Хашам хотын орчим 2018 оны хоёрдугаар сарын 7-8-нд болсон тулалдаанд Сирийн засгийн газрын цэргүүдийг толгойлж явсан Оросын хөлсний цэргийн цувааг Америкийн довтолгооны нисдэг тэрэгнүүд довтолж бүрэн устгасан юм. Энэ нь Орос Америкийн цэргүүд шууд тулалдсан анхны тохиолдол болсон бөгөөд одоо хүртэл энэ тулааны талаарх тодорхой мэдээлэл огт гардаггүй билээ. Ямар ч байсан энэ тулалдааны дараа “Вагнерчууд ялагдашгүй” гэдэг цуурхал бүрэн намжсан юм. Энэ удаагийн тулалдаан ч орон нутгийханд Оросын “Африкийн корпус”-ын нэр хүндийг шороотой хутгаж орхив. Учир нь Туарегчуудын салан тусгаарлах CSP-DPA эвслийн төлөөлөгч Мохамед Элмаулоуд Рамадан “Бямба гаригт манай хүчин дайсны цэргийн том цувааг бут цохиж, их хэмжээний техник, зэвсэг олзолсон” гэж мэдээлсэн байна.

Төрийн эрхэнд гарахад нь тусалсан Оросын “Вагнер PMC”-ийн хөлсний цэргүүд Мали улсын засгийн эрхэнд гарсан хурандаа Ассими Гоитын урилгаар 2021 оны 5 дугаар сард тус улсад албан ёсоор орж ирсэн юм. Товчоор Оросын хөлсний цэргүүд Африкийн улсуудын цэргийнхэнд засгийн эрх авахад нь тусалж оронд нь байгалийн баялгаас нь хувь хүртдэг бөгөөд энэ нь маш их тоотой мөнгө юм. Оросын “Вагнер PMC”-ийн бүх удирдлагууд Евгений Пригожинтой хамт нэг дор амиа алдах болсон гол шалтгаан нь ч энэ мөнгө байсан билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Дмитрий Кулебагийн албан айлчлал DNN.mn

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Хятадад айлчилж, Оростой хийж буй дайнд “шударга энх тайван” тогтоох арга замын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй гурван цаг гаруй ярилцсан байна. Сайд Дмитрий Кулеба 2022 онд Орос улс бүрэн хэмжэний дайн дэгдээснээс хойш Хятадад айлчилсан Украины хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм.
Хэлэлцээний дараа Украины төлөөлөгчид Ройтерс агентлагт “Хэлэлцээ дууссан. Нийтдээ тэд төлөвлөснөөс илүү гурван цаг гаруй уулзсан. Энэ бол маш гүн гүнзгий бас тодорхой яриа болсон” гэж мэдээлжээ. Харин Украины ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, хэлэлцээний гол сэдэв нь Оросын түрэмгийллийг зогсоох арга зам, Украинд “тогтвортой, шударга энх тайван” тогтооход Хятад улсын гүйцэтгэх үүрэг байсан гэж дурджээ. Хэлэлцээний үеэр сайд Кулеба “Украинд шударгаар энх тайвныг тогтоох нь Хятадын ашиг сонирхолд нийцнэ. Ялангуяа Европтой хийх Хятадын худалдаанд дэмжлэг болно. Украин Европын Холбоонд гишүүнээр элсэх нь тодорхой болсон учир Бээжин, Киев хоёр харилцаагаа хөгжүүлэх нь зүйтэй. Оросын түрэмгийлэл зөвхөн Украины хөгжлийн замд бус олон улсын тогтвортой байдал, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа Хятад, Европын худалдааны хөгжилд саад учруулж байна” гэж онцлон тэмдэглэсэн байна. Украины Гадаад хэргийн сайд мөн “Киев Хятад, Бразилийн хамтарсан байлдааны газар нутгийг тэлэхийг зогсоох, дайсагналцах, өдөөн хатгах үйлдлээс татгалзах гэсэн гурван зарчмыг баримталсан энхийн хэлэлцээ хийх байр суурийг судалсан” гэж мэдэгдсэн байна. Харин “Ройтерс” болон Украины хэвлэлүүд “Кулеба Хятадын ГХЯ-ны тэргүүн Ван И-д Киев Оростой “тодорхой үе шатанд” хэлэлцээ хийхэд бэлэн байна. Иймээс Москва шударга хэлэлцээнд бэлэн байх ёстой гэж хэлсэн” хэмээн мэдээлжээ.
Орос Украинд халдсаны дараа барууны орнууд Орост олон бараа нийлүүлэхийг хориглосон бөгөөд уг хориг арга хэмжээнд нэгдээгүй Хятадыг Москвад зэвсэг үйлдвэрлэхэд тустай бүтээгдэхүүнээр хангаж байна гэж буруутгаж байгаа билээ. Тэгвэл Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд “Украин, Хятад хоёр бол стратегийн хамтын ажиллагааны харилцаатай найрсаг улс юм. Тэд бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжиж байна. Ван И дарга хэлэлцээний үеэр, Хятад улс “Украины хямралыг” улс төрийн аргаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн. Сүүлийн үед нөхцөл, цаг нь хараахан бүрдээгүй байгаа ч Украин, Оросын аль аль нь хэлэлцээрт бэлэн байна гэсэн янз бүрийн дохиог илгээж байгаа бөгөөд бид энхийн хэлэлцээг сэргээж энх тайвныг дэмжих бүх хүчин чармайлтыг дэмжиж, гал зогсооход бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэж дурдаад сайд Кулеба Ван И даргад “Украин Оростой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Мэдээжийн хэрэг, зөвшилцөл нь шударга бөгөөд тогтвортой энх тайванд хүрэхэд чиглэсэн үндэслэлтэй, бодитой байх ёстой” гэж хэлснийг онцолсон байна.
Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Хятадад болсон хэлэлцээний талаар сэтгүүлчдийн асуултад “Энэ мессэж нь бидний байр суурьтай нийцэж байна гэж хэлж болно, Оросын тал хэзээ ч хэлэлцээрээс татгалзаж байгаагүй, хэлэлцээрийн үйл явцад нээлттэй байсаар ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудалд “нарийвчилсан мэдээлэл чухал” бөгөөд Оросын эрх баригчид үүнийг хараахан мэдэхгүй байгаа тул нэмэлт тодруулга хүлээж байна” гэж хариулжээ.

Categories
гадаад мэдээ

Оросын хөрөнгийг хэрхэн царцаах талаар санал авч эхлэв DNN.mn

Европын Холбоо ОХУ-ын Төв банкны хөрөнгийг илүү урт хугацаагаар царцаах хоёр хувилбарыг гишүүн орнууддаа санал болгов. Bloomberg агентлаг энэ тухай “АНУ Европын Холбооноос уг хувилбарыг боловсруулахыг хүсээд байсан юм” гэж мэдээлжээ.

Эхнийх нь ОХУ-ын Төв банкны хөрөнгийг тодорхойгүй хугацаагаар нэгмөсөн царцаан тогтмол хянаж байх хувилбар юм. Хоёр дахь нь 18, 24, 36 сар тутамд Оросын хөрөнгийг царцаах тухай хориг арга хэмжээг сунгаж байх явдал аж. Одоо Европын Холбоо тогтмол зургаан сар тутамд нэг удаа уг хоригийг сунгаж байгаа бөгөөд өнгөрсөн сард болсон “Их 7”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тэд Украинд жилийн эцэс гэхэд Оросын хөрөнгөнөөс нийт 50 тэрбум долларын (46 тэрбум евро) хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцсон аж.

Барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийн орлогын ихэнх нь буюу 260 тэрбум еврогийн 191 тэрбум орчим нь Европын хадгаламжийн сан болох Euroclear-д хадгалагдаж байгаа бөгөөд 2023 онд энэ хөрөнгөний хүү 4.4 тэрбум евро болжээ. Чухамхүү энэхүү жил болгоны Оросын ашгаар Киевт олгосон зээлийг буцаан төлөх юм байна. Гэвч Вашингтон энэ уулзалтаар Европын Холбооны гишүүд бүгд санал нэгдэж байж, зургаан сар тутамд ОХУ-ын хөрөнгийг царцаах хугацааг сунгах шаардлагатай байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Учир нь Унгар улс Европын Холбооны санаачилгыг удаа дараа хааж байсан юм. Тиймээс Вашингтон Брюссельд хандан ОХУ-ын Төв банкны хөрөнгийг царцаах баталгаатай үргэлжилж байх хувилбар боловсруулахыг

хүссэн юм байна. АНУ, Их Британи “илүү зоримог сонголт” хийхийг шаардсан ч “Их 7” Оросын өмчөөс олох ашгийг ашиглахаар тохиролцож, харин хөрөнгийг нь хураан авахгүй байхаар тохиролцсон гэж Bloomberg мэдээлжээ.

Энэ сарын 9-нд буюу “Их 7”-гийн дээд чуулган эхлэх өдөр Саудын Араб “Оросын хөрөнгийг хураан авахгүй байхыг анхааруулж, ингэсэн тохиолдолд Европын улсуудын өөрийн худалдан авсан бондуудыг зарж эхэлнэ” гэж сүрдүүлсэн билээ. Эр-Рияд хэдэн арван тэрбум еврогийн үнэ бүхий Франц болон Европын бусад улсын бондуудыг эзэмшдэг бөгөөд тэдгээрийг худалдах нь Европын санхүүгийн зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй юм. Гэхдээ гол аюул нь бусад улс Саудын Арабын жишээг дагаж магадгүйд байгаа билээ. Иймээс Европын Холбоо Оросын хөрөнгийг хэрхэн баталгаатай царцаах талаар гишүүн улсуудаасаа хоёр хувилбараар санал авч эхэлсэн нь энэ юм байна

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай албан ёсны уулзалт хийв DNN.mn

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд “ардчиллын баян бүрд” Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалаас хойш Вашингтон хотноо ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, англи хэлний монгол багш нарыг бэлтгэх, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Ташрамд тэмдэглэхэд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Туркт Сири цагаачдын эсрэг жагсаал болж 7 хүн амь үрэгджээ DNN.mn

Турк иргэд болон тус улсад амьдарч буй Сири цагаачдын хооронд хурцадмал байдал үүсээд байна.

Тус улсад Сири цагаачдын эсрэг жагсаал болж үүний улмаас 7 хүн амь үрэгдэн, 470 гаруй хүн баривчлагджээ.

Сири болон Турк цэргүүд мөргөлдөж, нөхцөл байдал хурцадсан тул Турк гол боомтоо хаасан байна.

Ням гарагт /2027.06.30/ Кайсери хотод Сири цагаач эр бага насны охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл цахим сүлжээгээр тарсны дараа тус хотод үймээн самуун дэгджээ.

Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая уг хэргийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн юм.

Жагсагчид дан ганц Сири цагаачдын эсрэг бус тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Сири улсын бодлогыг шүүмжилж байгаа юм.

Тэд Эрдоганы Сири иргэдэд хилээ нээж буй бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцэж буй.

2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш Турк руу 3.5 сая гаруй хүн дүрвэсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Японы эзэн хааны төрийн айлчлал DNN.mn

Японы эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар Их Британид төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал манай улсын хувьд өндөр ач холбогдолтой айлчлал юм. Учир нь Монгол, Япон нь стратегийн түнш улсууд бол монголчууд удахгүй англичуудтай ийм гэрээ хийх гэж байгаа билээ. Тэгээд ч хүн төрөлхтөний түүхэнд Их Британи болон Их Монгол Улс л эрс зоримог шийдвэр гаргаж хэрэгжүүлж байсан байдаг.

Японы эзэн хаан, хатан хааныг нисэх буудал дээр хүндэтгэл төгөлдөр угтан авч Кларижийн тансаг зочид буудалд буулгав. Ер нь ийм хүндэт зочдыг төрийн айлчлалын үеэр Букингемийн ордонд байрлуулдаг ч ордон одоогоор засвартай байгаа юм байна. Айлчлалынхаа эхэнд Японы эзэн хааны гэр бүлийн гишүүд хүлээн авагч Их Британийн хаанд хар лакан хайрцагтай зүйл, хатанд гар цүнх болон өөрсдийн гэрэл зургийг гардуулав. Үүний дараа эрхэм зочдыг хүндэтгэлийн задгай сүйх тэргэнд суулган Лондон хотын ёслолын төв гудамж болох The Mall-ын дагуу явж Букингемийн ордонд аваачжээ. Сүйхэнд хаан эзэн хаантай, хатан нь хатантай хамт явав. Харин хатан хаан Масако морины үсэнд харшилтай учир тусгай маск зүүсэн байна. Букингемийн ордонд хүндэт зочдод хааны цуглуулганд байгаа япон эдлэлүүдийг үзүүлэв. Төрийн айлчлал бүрийн өмнө хааны цуглуулгын мэргэжилтнүүд тухайн зочдын сонирхолд нийцэх тусгай үзмэрүүд бүхий үзэсгэлэн гаргадаг нь ердийн зүйл болсон юм байна. Хүндэт зочид мөн Вестминстерийн сүмд зочилж, үл таних цэргийн булшинд цэцэг өргөсөн байна.

Төрийн айлчлалын гол арга хэмжээ нь Букингемийн ордонд болох гала хүлээн авалт болох бөгөөд энэ үеэр хаан, эзэн хаан хоёр мэндчилгээ дэвшүүлэх юм. Тэд мөн Кью цэцэрлэгт хүрээлэн болон Хатан хааны хөгжмийн коллежид зочилж, Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүм дэх II Елизаветагийн булшинд цэцэг өргөх бөгөөд баасан гаригт эзэн хаан, хатан хаан өөрсдийн сурч байсан Оксфордын их сургуульд зочлуулах болно. Эзэн хаан, хатан хааны төрийн айлчлал нь Их Британи, Японы цэрэг, шинжлэх ухаан, соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Путин ба ардчилал DNN.mn

Бүх иргэдийнхээ олонхын саналаар асуудлаа шийддэг Грекийн хот улсуудын анхан шатны ардчилал иргэдээс сонгогддог байнгын парламент буюу “Лордын танхим”-тай болж шат ахин Ромд ирэв. Ромын үе өнгөрсний дараа ардчилал дахин нэг шат ахин хэний ч санаанд ороогүй Төв Азид шилжив. “Их хуралдай” гэх байнгын бус “Лордын танхим”-д асуудлаа олонхын ил саналаар шийддэг, хаан нь энэ танхимаар орж байж сонгогдох эрхээ авдаг, хаан болсон хэн ч байсан бусадтайгаа адил “Их засаг” Үндсэн хуулиа дагаж мөрддөг гүрэн яав ч ганц хүний засаглалтай Эзэнт гүрэн биш билээ. Энэхүү ардчилсан тогтолцоо нь Их Монгол Улсыг олон зуун жил оршин тогтнох улс төрийн том, гол багана болсон юм. Иймээс Их Монгол улс өөрийн голомтыг тойрсон Юань, Алтан орд, Ил хаад гэсэн муж улсуудаас гадна Энэтхэг, Вьетнам, Солонгос гэх мэт вассалуудаас бүрдэж байжээ.

Энэ том хуурай газрыг Өгөөдэй хааны үед “Чингисийн зам” гэх тив дамжсан дэлхийн анхны хурдны замаар холбож “Монголын хууль, зарлиг батлагдангуут гурав хоногт энэ том улсын бүх газарт очиж чаддаг” гэсэн хэлц үг бий болов. Хожим нь нийтийн эрх ашиг бус хэсэг бүлэг хүний, бүр гадны эрх ашгийг хамгаалсан хууль, зарлиг гарах болж “Монголчуудын “За” хууль буй за” гэсэн хэллэг алдагдан энэ хэлц үг “Монголын хууль гурав хоноод хүчингүй болдог” гэсэн хэлц үгээр солигдох болно. Гэхдээ дэлхийн тив дамнасан анхны хурдны замын гол үүрэг нь олон улсын худалдааг аюулгүй байлган, маш бага татвараар улсын санг хангалттай бүрдүүлэх явдал байв. Энэ нь Их Монгол Улсыг олон зуун жил оршин тогтнох эдийн засгийн гол том багана нь болж чадсан билээ. Хожим оросууд энэ замыг хэргээр “Чингисийн далан” гэж нэрлэж монголчууд ч үүнийг дагах болно. Бас оросууд монголчуудын анх гаргасан бүрэн эрхт төлөөлөгч гэсэн “Амбан сайд” гэсэн үгийг “Элчин сайд” гэсэн үгээр сольж энэ балай үгийг тусгаар тогтнолоо баталгаажуулсан 193 улсаас зөвхөн Орос, Монгол хоёр л хэрэглэж, Кремлийнхэн “Ха, ха. Нийслэл нь Улаан … бүр Улаан шүү…Хи хи…”Улаанбаатарын дүнхүүнүүд” гэж инээлдэх болно.

Хубилай Чингис хааны үлдээсэн гол захиасыг зөрчин “Их хуралдай”-г алгасан төрийн эргэлт хийж хаан болсноор Их Монгол Улс Эзэнт гүрэн болж бүтэн нэг том шатаар доош буун их улсын задрал эхэлж, улс гэж яг юу гээч юм байдгийг мэдэж авсан хүмүүс Их Монгол Улсын муж улсуудын суурин дээр Оросын эзэнт гүрэн, Оттамын эзэнт гүрэн, Манжийн эзэнт гүрэнг байгуулах болно. Монголчуудын бий болгосон худалдааны замаар Европт тарваган тахал очиж тархан гурван хүний нэгийнх нь амийг авч одох “Хар үхэл”-ийн он жилүүд үргэлжилнэ. Үүний дараа Их Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг бүрдүүлж байсан Ил хаадын улсын номын сангуудын бүтээлүүд Европ руу зөөгдөн араб хэлнээс Европын улсуудын хэл рүү орчуулагдан энэ тивийн сэргэн мандалтын үндсийг тавина. Ийнхүү Европ тивд анх удаа шашин, шинжлэх ухаан хоёр өрх тусгаарлаж их, дээд сургуулиуд бий болно. Мөн Европын сэргэн мандалт Аж үйлдвэрийн хувьсгалууд гарах нөхцөл бий болгоно. Мөн ардчилал дахин нэг шат ахиж Лордуудын танхимаас гадна ард олноос сонгогдон хууль баталдаг бас нэг танхим бүхий сонгодог парламентын засаглал энэ тивд бий болно. Бас Аж үйлдвэрийн хувьсгалууд дэлхийн дайнууд гарах гол шалтгаан болно. Гэхдээ Аж үйлдвэрийн хувьсгал Оюуны өмч гэх цоо шинэ хувийн өмч бий болгож эдгээр нь инноваци болж амьдралд хэрэгжин өнөөдрийн хөгжил цэцэглэлт, хамгийн гол нь орчин үеийн хүний эрхийг хангах гэсэн ардчилсан тогтолцоог бий болгоно.

Өнөөдөр барууны ардчилал Их Монгол Улсын муж улсуудын суурин дээр бий болсон Эзэнт гүрнүүдийн голомт болох Иран, Орос, Хятадын дарангуйллын тогтолцоотой халз тулаад байна. Монголчууд Киевийн оросын удирдлагыг өөрийн нутагт ойртуулж Мушгиа голын эрэг дээр байсан жижиг суурингийн оронд хэрэм бүхий хот байгуулав. Хожим энэ хот Москва гэгдэх болж хэрэм нь Кремль болно. Дөнгөж XIII зуунд шинээр бий болж, XV зуунаас бие даасан Кремлийн удирдлага түүхэн үндэстэн болох гэж Киевийн орос гэсэн үгийг хүчээр булаан авч өөрсдийн болгоно. Ийнхүү Москвитын Оросууд украинчуудын хэл, бичиг, соёлыг өөрийн болгохын тулд “Киевын орос гэж байгаагүй, украин гэж үндэстэн ч байхгүй” гэсэн худал онол бий болгон сурталдаж энэ нь даамжран барууны ардчилалд тэмүүлсэн, тусгаар тогтносон Украин улсад довтлон сунжирч, бүрэн хэмжээний дайн болж өргөжив. Үүнээс үүдэн ОХУ-д үүсээд буй өнөөдрийн нөхцөл байдлыг товч дурдвал:

-Арчаатай хүмүүс нь гадаадад зугтан гарч, тэдний сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг нь баруунд олон удаа чуулсны эцэст “ОХУ-ын үндэстнүүд хэл соёлоороо салж тусгаар улсууд болж байж л Орос Европын улсуудтай адил хөгжилд хүрэх юм байна” гэсэн шийдэлд хүрснээ дэлхийд зарласнаас хойш бараг жил болж байгаа ч дахин чуулсангүй. Энэ бол ОХУ-н цаашдын хувь заяаг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон явдал болов.

-ОХУ-ын Холбооны улсуудын иргэд баруунд гарч нэгдэл, холбоо байгуулж Оросууд тэднийг яаж дорд үзэж, үндэстнийх нь хэл, соёлыг яаж устгаж байсан бодит үнэнийг нийтийн сүлжээгээр дамжуулан тасралтгүй сурталчилж эхлэв.

-Олон улсын томоохон шинжээчид “стан” улсууд ялангуяа Татарстан, Кавказын нуруунаас ОХУ-ын задрал эхэлнэ гэдэг. Гэтэл Орос бүр дундад зууны үеэс зүүн талаасаа байгалийн бэлэн баялгийг баруунд гаргаж Петербург, Москва болон таранзит хийдэг баруун хэсгийн иргэд нь байгалийн баялаг бүхий зүүн талаасаа илүү сайхан амьдарч ирсэн. Гэтэл Путин барууны улсуудтай холбоогоо бүрэн тасалснаас болж зүүн талаас байгалийн баялаг шууд тэндээсээ гадагшаа гардаг болов. Өөрөөр хэлбэл, олон зуун жил баялгаа цөлмүүлж Москва Петербургт угаасаа дургүй болсон ОХУ-ын зүүн талд баруун тал нь огт хэрэггүй, тэднээс салах нь эдийн засгийн маш том ашгийг тэдэнд авчрах нөхцөл бүрдэв. Энэ бол Кремлийн дэглэмийн хувьд маш том аюул билээ.

-ОХУ яг социализмын үе шиг Төв банк нь ам.доллар Европын ханшийг хэт доогуур зарлаж бас үүндээ ойртуулан мөнгөний ханшийг хүчээр барих гэж оролдож эхэлсэн ч хар зах дээр вальют өндөр үнээр зарагдаж рубль цаас болох зам руугаа эргэлт буцалтгүй оров. Энэ бол Кремлийн дэглэмийн хувьд бүр ч том аюул билээ. Эцэст нь Путин Хойд Солонгост очин “Иж бүрэн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсныг Зөвлөлтийн үеийг мэдэх олон улсын ажиглагчид “Путины Хойд Солонгост хийсэн айлчлал Зөвлөлтийн телевизийн хуучны бичлэгүүдийг шууд санагдуулж байв. Хоёр удирдагчийн аварга хөрөг, цэргүүд, туг далбаа мандуулсан хүүхдүүдийн жагсаал, түүнчлэн Ким Чен Ун, Путин нарын илтгэл дэх Америкийн империализмын тухай тосгоны авгай, хүүхнүүдийн хов жив шиг үг хэллэг нь яах аргагүй өнгөрч одсон социализмыг санагдуулав. Ким Чен Ун, Путин нарын энэхүү уулзалт нь зөвхөн дотооддоо зориулсан суртал ухуулга юм” гэж дүгнэв. Энэ үеэр “Bloomberg” агентлаг Өмнөд Солонгосын албаны хүний хэлснийг иш татан “АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд БНАСАУ-ын цөмийн аюулын эсрэг гурван талт аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна” гэж мэдээлэв. Мөн “Financial Times” анх удаа Хятад, Өмнөд Солонгосын хооронд аюулгүй байдлын маш чухал яриа хэлэлцээ хийгдсэн гээд “Ингэснээр АНУ-ын эсрэг сүртэй үг хэллэг хэрэглэдэг Бээжин цаг дээрээ баруунд ад үзэгдэх болсон Орос, Хойд Солонгостой холбоотон улс биш гэдгээ дахин нотлон харууллаа” гэж мэдээлэв. Энэ нь Путины дэглэмийн хувь заяаг Бээжин АНУ болон барууны улсуудтай аль хэдийнэ тохирчихсон гэсэн үг. Энэ бол Оросын хувь заяаг шийдэх гадаад гол нөхцөл. Харин Оросын дотоод гол нөхцөлийн нэг нь Путин өөрийнхөө өмнөөс золигт гаргахад бэлдэж, Батлан Хамгаалах болон Холбооны Аюулаас хамгаалах албаны удирдлагуудыг нэгэн зэрэг сольж дайн хийж байгаа ямар ч улсын түүхэнд гарч байгаагүй үйлдэл хийсэн явдал байв. Тиймээс тэр өнөөдөр Москвад хонохоосоо айж, сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, аль болох гадаадад “айлчлах” болсон. И.Сталин өөрийн доорх удирдлагуудыг үе үе яг ингэж зайлуулж, цэвэрлэгээ хийдэг байв. Харин түүний сүүлийн ээлжит цэвэрлэгээ эхлэхийн өмнө Улс төрийн товчооны дөрвөн гол гишүүн зуслан дээр нь Сталинтай уулзаж “ний нуугүй” ярилцаж, шөнөжин архидсан байдаг. Маргааш нь бие хамгаалагчид нь их удирдагчаа унтдаг буйдангаасаа унаж, шээстэйгээ хутгалдан талийгаач болчихсон байхыг олсон билээ. Өнөөдөр ОХУ-ын хүчний байгууллагын огцорсон, шинээр томилогдсон сайд нарын хэн нь ч Путинд итгэх аргагүй болсон. Энэ бол Путины хувьд маш том дотоод аюул юм. Мөн олон улсын цэргийн нэр хүндтэй шинжээчид “Оросын армид нэр хүндээ авч явах дөрвөн долоо хоног л үлдлээ” гэж ний нуугүй бичиж байна. Энэ бүхэн Путин манай улсад Халх голын тулааны “ялалт”-аар ирэх магадлал бага болж байна гэсэн үг. Үнэндээ бид Япончуудад ЗХУ хэд дахин олон цэрэг, техникээ устгуулж, Монгол Улс газар нутгаасаа алдсан хилийн маргааны тулааныг “дайн” гэж бас болоогүй “ялалт байгуулсан” хэмээн Оросыг дагаж түүх гуйвуулахаа болих цаг болсон.

Владимир Путин БНАСАУ-д айлчилж Ким Чен Унтай хамтын ажиллагаа, тэр дундаа цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсны дараа Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чан Хо Жин “Сөүл Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг эргэн харах болно” гэж мэдэгдсэн тухай “Yon­hap” агентлаг мэдээлэв. Мөн Европын холбооны улсууд Украины эсрэг дайны улмаас ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцсон тухай Европын Холбооны зөвлөл энэ сарын 20-ны пүрэв гаригт Брюссельд зарлав. Авсан шинэ хориг арга хэмжээ нь юуны түрүүнд ОХУ-д одоо байгаа хязгаарлалтыг тойрч гарахаас урьдчилан сэргийлэх зорилго тавьж, үр дүнд нь Оросын цэргийн үйлдвэр Украины эсрэг дайныг үргэлжлүүлэх боломжийг хязгаарлана гэж үзэж байгаа юм байна. Мөн Оросын шингэрүүлсэн байгалийн хийн олон тэрбум ам.долларын гүйлгээний эсрэг хориг арга хэмжээг анх удаагаа чангатгахаар болж, Оросын хийг гуравдагч орнууд руу тээвэрлэдэг Бельгийн “Зеебругге” зэрэг боомтуудыг хаахаар болжээ. Ингэснээр тээврийн чадавхгүйн улмаас Орос улс шингэрүүлсэн хий бага зарж, улмаар Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд төвөг учирна гэж найдаж байна гэжээ. Тэгвэл Японы ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч энэ сарын 21-ний баасан гаригт “Токио Оросын хийж буй Украины эсрэг дайнтай холбон Оросын хувь хүн, байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлж байна” гэж зарлав. Уг хориг арга хэмжээний жагсаалтад Оросын Тактикийн пуужингийн ерөнхий захирал Борис Обносов, “Уралвагонзавод” компанийн ерөнхий захирал Александр Потапов, Союз АМНТК-ийн ерөнхий дизайнер Мкритич Окроян, Запорожье мужийн Боловсролын яамны тэргүүн Елена Шапурова, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Наталья Бударина, Сонгуулийн төв комиссын гишүүд Эльмира Хаймурзина, Александр Курдюмов, Антон Лопатин нарын хөрөнгийг царцаахаар болжээ. Харин хоригт хамрагдсан компаниудын тоонд “Алроса” ХК, Крымын “Патриотцентр”, түүнчлэн “Уралтрасмаш” ХК, “НПО Курганприбор” ХК, “ЧТЗ-Уралтрак” ХХК, “Нижний Новгородын 70 жилийн ойн үйлдвэр” ХК, “Ялалтын” ХК, “Дегтяревын нэрэмжит үйлдвэр”, “Device Consult­ing” ХХК, “Оборонлогистикс” ХХК, “Компел” ХК, “Орелметалполимер” ХХК, “ВНИИР-Прогресс” ХК зэрэг ОХУ-ын батлан хамгаалахын үйлдвэрүүд болон Хятад, Энэтхэг, Казахстан, АНЭУ, Узбекистан зэрэг гадаадын 11 компанид хязгаарлалт тавьж, уг хар жагсаалтад оруулсан байна. Энэ бүхэн энэ хоёр хүний байтугай тэдний улсын хувь заяаг Бээжин, Вашингтон, Лондон, Брюсель, Токио, Сөүлийн хооронд хийх тохиролцоо буюу нууц хэлэлцээрүүд шийдэх болно гэсэн үг юм. Үнэн гэвэл ийм л байна.

Г.АМАРСАНАА